Монгол Улс Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойн баярын өдөр тохиогоод удаагүй байна. Эл өдөр монгол хүн бүрийн цээжинд баярын оч гэрэлтэж, туурга тусгаар, эрх чөлөөтэй байхын үнэ цэнийг илүүтэй ойлгох баярт үйл явдал болдог.

Тэдгээрийн дотроос онцлох нь уламжлалт ёсоор чансаа өндөр 128 бөхийн барилдаан болж,  түрүүлсэн бөх нь Ерөнхийлөгчийн цом хүртдэг гэдгийг уншигчид андахгүй. Үүний нэгэн адил 12 сарын 29-ны тус өдөр өндөр чансаатай 128 бөхийн барилдаанаа үзэж сонирхохоор бөхийн өргөө дүүрэн үзэгчид цугласан байв.

Энэхүү өдрийн барилдаанд багтсан бөхчүүдийг цухас дурьдвал сумын заануудын барилдаанд үзүүр түрүү, их шөвөгт шалгардаг таван сумын заан багтсан байлаа. Мөн  улс аймаг, аймаг цэргийн барилдаанд өнгөнд барилддаг аймгийн начин, заан, аймгийн  арслангууд ч иржээ.  

Нэгийн давааны барилдааны  оноолт л үзэгчдийг уулга алдуулж байлаа. Харин түрүү бөх Д.Амарсайхан нэгийн даваанд аймгийн заан Б.Тожилтой таарч барилдаанд зүүн наагаад  давав. Түүний дараагийн учраа нь аймгийн арслан Н.Дашдаваа байв. Арсланг мөн л төвөггүй давлаа. Харин гурвын даваанд улсын харцага Б. Цэдэнсодном, улсын начин Д.Амарсайхныг амлалаа. Амлуулж барилдсан Д.Амарсайхан начин  өөрөөсөө арал чацаар илүү Б.Цэдэнсодном харцагыг үндсэн дунгуйлдах мэхээрээ ганцхан татаад мөн л давчихав. Ингээд дөрвийн даваа болоход нэг ч аймгийн арслан цолтон үлдсэнгүй, аргагүй чансаатай барилдаан болж байгааг үүнээс тодхон харж болно.

Дөрвийн давааны оноолт ёсоор улсын аварга О.Хангайтай улсын начин Д.Амарсайхан таарав. Аварга, начин хоёр өмнө нь өргөөнд олон таарч барилдаж байсан боловч О.Хангай аварга ихэвчлэн давж байжээ. Тиймдээ ч Д.Амарсайхан начин нэгэн ярилцлагадаа “Барилдахад яагаад ч давж болдоггүй бөх гэж байдаг. Тэдгээрийг хэлвэл, улсын заан Б.Бат-Өлзий, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын аварга О.Хангай нар” хэмээн хэлж байв. Тэгтэл энэ удаа Д.Амарсайхан начин О.Хангай аваргыг сэнжигэн дээрээс нь ганцхан атгаад л дунгуйлдчихав.  Энэхүү барилдаан үзэгчдийг суудлаас нь босгож байлаа. Бөхийн өргөө дүүрэн үзэгчид начныг дэмжин уухайлж байв. Харин тавын даваанд улсын заан М.Лхагвагэрэл Д.Амарсайхныг амлав. 

Улсын заан М.Лхагвагэрэл бол чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, дэлхийн дэвжээнд Монгол Улсынхаа нэрийг гаргаж барилддаг бөх юм. Тиймээс улсын заан, улсын начин хоёрын барилдаан тун сонирхолтой болох нь дамжиггүй байх тэр таавраас зөрсөнгүй. Тэгтэл начин ахиад л сэнжигэн дээрээс ганцхан атгаад л мөн дунгуйлдаад татчихав.

Ингэж даваа өгссөөр зургаагийн даваанд Б.Пүрэвсайхан зааныг давж, долоогийн даваанд улсын заан Б.Бат-Өлзий зааныг давснаар энэхүү өдрийн барилдаанд түрүү бөхөөр шалгарав.

Д.Амарсайхан начин өмнө 2019 оны ерөнхийлөгчийн цомын барилдаанд шөвгийн дөрөвт үлдэж байсан юм. Үүгээр зогсохгүй төрийн наадамд дөрвөн удаа таван даваанд босон  барилдаж, бөхийн өргөөний барилдаанд зодоглох болгондоо их, дунд шөвөгт тогтмол шөвгөрдөг чансаатай цөөхөн бөхчүүдийн нэг билээ. Тэрбээр ээжийнхээ талаас бөхийн удамтай бөгөөд улсын заан Лувсанжамбаа гэдэг хүний удмын бөх юм. Мөн “Хүрээ цам” даншиг наадамд хоёр жил дараалан зодоглож тус бүрт нь тав давсан даншгийн өсөх идэр начин цолтой юм. Үүгээр зогсохгүй “Монгол туургатны” наадамд түрүүлэн аваргалж байсан удаатай.

Үзэгчид түмний хайртай, арга эв, ур чадварыг хослуулан барилддаг Дэлгэрсайхны Амарсайхан начин Тусгаар тогтнолоо тунхаглан зарласан өдөр ээлжит түрүүгээ хүртэж Ерөнхийлөгчийн цомыг ийнхүү хүртэв.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
А.Доржханд

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав