Сар шинэ баярт зориулсан “Талх, чихэр ХХК”-ний нэрэмжит “Хэвийн боовны баяр”-т зориулсан аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдааныг жил бүр тогтмол зохион байгуулдаг билээ.
Уг барилдаанд түрүүлсэн бөхчүүд ихэнхдээ “улсын цол” хүртдэг тул үзэгчид энэхүү барилдаанд ихээхэн ач холбогдол өгдөг юм. Тэгвэл энэ жилийн тус барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат “Алдар” спорт хороо, “Алсын жим”, “Алтаргана” ХХК, “Увс нуур” дэвжээний бөх, аймгийн арслан Л. Энхсаруул түрүүллээ.
Тэрбээр хүүхэд байхаасаа үндэсний бөхөөр барилдаж, амжилт үзүүлсэн бөгөөд 2015 онд Баян-Өлгий аймгийн баяр наадамд зодоглож аймгийн начин цолыг хүртжээ. Аймгийн начин цолтой байхдаа бөхийн өргөөнд зүүн барууныг магнайлж барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва, улсын арслан П.Бүрэнтөгсийг давж үзэгчдийг шуугиулж байв. Ийнхүү улсын аварга, арслангуудад оноолтоор таардаг чангахан “учраа” байсан юм. Аймгийн начин цолтойдоо бөхийн өргөөний барилдаанд хэдэнтээ шөвгөрчээ.
Харин аймгийн арслан цолыг “Налайх” дүүргийн наадамд түрүүлэн хүртсэн билээ. Үзэгчид түүнийг улсын цолонд ойрхон гэж бөх хэмээн өндрөөр үнэлдэг. Энэхүү түрүү нь түүний бөхийн өргөөнд түрүүлсэн анхны түрүү юм.
Мөн тус барилдаанд “Чойрын богд” дэвжээний бөх, аймгийн арслан Э.Мөнхбаатар үзүүрлэлээ. Харин барилдааны шөвгийн дөрөвт “Хан Хэнтий” аварга дэвжээний бөх Д.Алтанцоож, Увс аймгийн Давст сумын харьяат “Увс нуур” дэвжээний бөх, аймгийн харцага Э.Лхамхүү нар шалгарав.
Харин шөвгийн наймд Дархан-Уул аймгийн хурц арслан С.Очирбат, аймгийн арслан И.Мандах, аймгийн арслан М.Эрхэмбаяр, аймгийн арслан Э.Дашдэмбэрэл нар шөвгөрлөө.