Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд барилдсан олимпын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Абэ Үта хоёрдугаар тойрогт Узбекистаны Диёра Кельдиёровад цэвэр ялагдаж япон болон дэлхийн хэвлэлүүд энэ талаар шуугисан билээ. Харин түүний ах Абэ Хифуми олимпод орохоос өмнө "Түүний ахын хувьд надад алдах эрх байхгүй" хэмээн хэлж байв.
Мөн тэрээр Ханэда нисэх буудлаас Парисыг зорихоос өмнө сэтгүүлчийн асуултад “Энэ удаад үзэгчдийн өмнө огт өөр олимп болно. Миний сэтгэлд таалагдаж байгаа. Өрсөлдөгч талын фенүүдийн хашхирах чимээг ч өөртөө ашигтайгаар эргүүлэх болно. Тэнд очоод бэлтгэл хийх ч гэлээ үнэндээ японд бэлтгэл бүрэн хангагдсан. Би түрүүлэх болно” гэж байсан удаатай.
Ийнхүү тэрээр Парисын олимпын жүдо бөхийн эрэгтэй 66 кг-д алтан медаль хүртэл хоёр олимд дараалан аваргаллаа. 2019 оноос хойш өвдөг шороодоогүй түүнийг зогсоох бөх энэ удаад ч гарсангүй. Ялалтын хөөрлөө ч нэг их ил харуулаад байдаггүй Абэгийн сэтгэлзүйн байдлыг дэлхий даяар шагшин магтсаар байгаа билээ.
Энэ үеэс хойш Абэ Хифуми олимпын хошой, дэлхийн дөрвөн удаагийн аварга хэмээн цоллуулах болов. 26 настай тэрээр цаашид ч жүдогийн ертөнцөд анхаарлын төвөөс гадуур үлдэхгүй нь мэдээж. Учир нь алт л биш бол мөнгө, хүрэл медалийн тавцанг тэр муу үр дүн гэж үзнэ.
Харин ялагдал хүлээж, олимпын татамиг нулимстай орхиж буусан Абэ Ута дараагийн бэлтгэлдээ шаргуу орсон нь ойлгомжтой. Энэ олимп түүнд маш том сургамж үлдээсэн болов уу. Гэвч тэр бол аварга. Тиймдээ ч дараагийн зорилгынхоо төлөө хэдийн хичээгээд эхэлчихсэн гэж судлаачид таамаглаж байна.