Парис-2024 олимпын наадам өндөрлөхөд ердөө хоёрхон хоног үлджээ. Монголын тамирчид тус наадмаас жүдо бөхийн төрөлд мөнгө медаль хүртээд байгаа билээ. Тэгвэл өнөөдөр манай тамирчид чөлөөт бөх, марафон, хүндийг өргөлтийн төрөлд өрсөлдөх юм.
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд П.Орхон эхний тойрогт Украйны бөх Ирина Колиаденкотой таарч, 7:8 харьцаатайгаар буюу ганцхан онооны зөрүүтэй ялагдсан билээ.
Харин Ирина Колианденко шөвгийн дөрвийн барилдаанд Киргизийн бөх Тыныбекова Айсулууг ялснаар манай тамирчин дагаж барилдах эрхтэй боллоо. Тэрээр энэ удаад Болгарын бөх ДАШТ-ийн алт, мөнгөн медальт Биляна Дудоватай дагах барилдаан хийнэ. Тус барилдаан 17:00 цагаас эхэлнэ.
Мөн эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд Э.Даваанасан Нигерийн бөх Ханна Амучечи Руебэнтэй учраа таарсан бол эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Т.Тулга Кубын бөх Алехандро Энрике Валдес Тобиертэй барилдахаар болжээ.
Өнөөдөр мөн монголын хөнгөн атлетикийн тамирчдын тэмцээн эхэлж байна. Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од 14:00 цагаас гараандаа гарна. Тэрээр зургаа дахь олимдоо ийнхүү оролцож байгаа юм.
Монгол түмний хамгийн их хүлээж, итгэл найдвар өгч байгаа тэмцээний нэг бол хүндийн өргөлт. Орой 22:00 цагаас “Алтан охин” М.Анцэцэг олимпын наадмаа эхлүүлж хүндийг өргөлтийн 81 кг-ын жинд өрсөлдөх билээ.