Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат, ард олонд "Мээтэн" хэмээн алдаршсан Монгол Улсын арслан Ономжавын Аюурын нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болж өнгөрлөө.
Энэхүү барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, “Аврагч” спорт хороо, “Од” групп, Зорчигч тээврийн нэгтгэл, “Эм Жи Өү транс” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга О.Хангай түрүүлллээ. Ийнхүү улсын аварга О.Хангай Монгол бөхийн өргөөнд болсон барилдаанд нийт 36 дахь удаагаа түрүүлсэн амжилтыг үзүүллээ. Харин үзүүр бөхөөр Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Эвт Чулуу” ХХК, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н. Өсөхбаяр шалгарав.
Харин шөвгийн дөрөвт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, "Хүч" спорт хороо, "Мөнхийн үсэг" групп, "Нэгдэл" клуб, "Бадрах өглөө" ХХК, "Их Богд" дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Нуман сүлд” ХХК, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх улсын өсөх идэр начин Ч.Батчулуун нар тус бүр шалгарлаа.
Мөн шөвгийн наймд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан М.Лхагвагэрэл, улсын харцага Б.Цэдэнсодном, улсын начин Д.Амарсайхан нар үлдэв.
Уг барилдааны түрүү бөх 5 сая, үзүүр бөх 3 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 1,5 сая төгрөг гардлаа.
Үүнээс гадна тус барилдааныг зохион байгуулагчдын зүгээс сугалаагаар азтан тодруулсан юм. Ийнхүү барилдсан бөхчүүд болон ажилласан жаяг дэгийн багийн гишүүдээс хагас саятан хоёр, хүндэт зочдоос хагас саятан гурав, тасалбар худалдан авсан үзэгчдээс хагас саятан дөрөв, нийт есөн азтан тодруулсан юм.
Өнөөдрийн барилдааны онцлох үйл явдал нь ОХУ-ын Тува улсын 2023 оны баяр наадамд тав даван шөвгөрсөн улсын харцага Н.Золбоод Тува улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “начин” цол олгосон юм. Уг “начин” цолыг Тува улсын Спортын сайд болон, "Бөхийн холбоо"-ны төлөөлөл хүрэлцэн ирж гардууллаа.