Гуравхан цаг гаруйн өмнө онгоцны цонхоор тольдогдож асан намрын гандмал шаргал тал, нүүдэлчдийн ганц, хоёроор цөмцийх цагаан гэрүүд үгүй болж усан суваг, агаарын цэнхэр униар нэвтлэн цэнхэрлэх их далайн мандал цэлийн дунд нь үлгэрийн номд гардаг шиг шидтэний сууц адил бөмбөгөр ногоон арлууд үзэгдэж, түүнээс холгүйхэн хөвж яваа усан онгоцнуудын бараа, агаарын хамгийн доод давхрагын мандал цаана хөвөх хэсэг бусаг үүслийг нэвт сүндэрлэн ярайх өндөр шилэн барилгууд, Хан мөрнийг олон хэсэг тасалсан нүсэр том гүүрнүүд харагдана. Эх газрын чийглэг уур амьсгалтай, Дорнод Азийн өмнөд хэсэгт оршдог БНСУ-ын нутаг дэвсгэрийг тэнгэрийн тэнэгэрээс анх удаа мэлмийдэж буй минь тэр. Гэвч сэтгэлд үзээгүйгээ үзэхийн баяр, хараагүйгээ харахын догдлол төрсөнгүй. “За, ийм байдаг байж ээ” хэмээн дотроо шивнэв. Техник технологи хөгжсөн XXI дүгээр зуун, хүн төрөлхтний ололт, соёлын үсрэнгүй дэвшил нь бидний амьдралаас гадна ухамсарт ч гүн гүнзгийгээр нөлөөлсний нэгээхэн том жишиг энэ. Бүхнийг алганыхаа зураасыг шинжих мэт цахимаас олоод үзчихдэг нь нөлөөлсөн болов уу гэж санана. 

Бид Сөүл хотын Мёондунд байрлалтай “Лотте Сити” зочид буудалд бууцгаав. Өглөөний цайгаа хорин таван давхрын өндөрлөгт зооглоно. Сөүл хотод бүх зүйл цаг хугацааны эрхээр өрнөдөг бололтой. Хүмүүс энд цагийн дүрэмд захирагдан ажиллаж, амьдрал тэрхүү шидэт зүүний эрхээр хөвөрнө. Бүх юм цаг, минутаар хэмжигдэнэ. Тэд цагаасаа хождохгүй ажлаа амжуулах гэж цаг хугацаатай уралдан, амьдралтай бус мөнөөх аварга том цагийн зүүтэй тэмцэлдэн аж төрөх авай. Харин тэрхүү уйтгартай урт цаг хугацааг идэрхэн зоримог алхаагаар инээмсэглээд эсвээс цэгц шударга хөдөлмөрийнхөө үр шимийг үнэ цэнтэйгээр өөртөө зориулж байх шиг ази хүмүүс гудамжаар дүүрэн. Утсаар ярьсан, тамхи татсан, хоолны ширээний ард тухалсан, сандал сууж сэтгүүл барьсан, метроны буудал руу яарсан, шүхрээ эвхсэн, шүхэр дэлгэсэн, түргэн хоол барьсан, хүүхэд, нохой хөтөлсөн, автобусанд суусан тэр олон ази хүмүүсийн дийлэнх инээмсэглэж байх нь үзэгдэнэ. Өнөө цагийн үсрэнгүй хөгжлийг нь илэрхийлэх шилэн өндөр барилгуудынхаа сүүдрээр л алхдаг атал иргэншлийн соёлд нэгэнтээ дадчихсан олны инээмсэглэлд хотынх нь гэрэлтэй, сайхан бүхэн нуугдах шиг. Ингээд буудалдаа тухалж авсны хойно ойр орчмыг газруудыг нэлээдгүй сонирхож сонжлоо. Олон зуун давхар өндөр барилгуудын дотроос яагаад ч юм хөгшин европын соёл иргэншлийг хадгалсан “гот” хэлбэрийн барилга үзмэгц хуучны танилтайгаа уулзсан адил мэдрэмж төрнө. Тэдгээр барилга, сүм хийдийн орчмын газрыг олон нийтэд зориулан тохижуулсан агаад цэмцгэр гэж жигтэйхэн. 

Тун удалгүй Чонгэ голыг гатлын ууш зуушны газрууд руу ороод явчихлаа. Уг нь би олон хүн бужигнасан газруудаар худалдааны төвүүд байж мэднэ хэмээн санаж, тэдгээрээс номын дэлгүүр л хайж явсан хэрэг. 

САНААНДГҮЙ ЗОЧЛОЛ

Энд нэгэн франц гэр бүлтэй дайралдав. Тэд гэрээсээ гараад дөрвөн сар болжээ. Дахо, Истанбул, Бээжин, Токио зэрэг хотуудын нийслэлээр аялаж яваа гэнэ. Энэ удаад бид Сөүлд дайралдсан агаад намайг монгол хүн гэж танилцуулахад дор бүрнээ уулга алдаж, ярианы аяс нь нэлээдгүй нааштай болж ирэв. Тэд хамт хооллохыг санал болгож, “Бид дараагийн нислэгээр танай орны нийслэл Улаанбаатар хотод очиж үзнэ. Тэгээд нутаг буцна даа” гэв. Тэд монгол орны нийслэлийг дэлхийн хотуудтай адилхан боловч улс төрийн үйл ажиллагаанд иргэдийнх нь сэтгэл дундуур байдаг. Алс хязгаар нь харагдахгүй тал нутагтай, асар олон морьтой гээд чамгүй зүйлийг судалснаа хуучлав. 

Бид Чонгэ голын хойд талын өргөн чөлөөнд байрлах, салаалсан олон гудам бүр нь ууш зуушны газруудаар дүүрэн хорооллын дунд “Shakes Beer” нэртэй шар айрагны мухлагт санаандгүй учралаа үргэлжлүүлэв. Өглөөхөн гарахад нэгэн буудлын урд талд А.С.Пушкины хөшөө барьчихсан байсныг саналаа. Тэрхүү хөшөөг үзээд “Амьдрал, дурлал, нулимсыг үзэв” гэх шүлгийн мөр нь сэрхийтэл орж ирсэн билээ. Одоо бас тэдгээрийн нэгэн адил амьдралын нэгээхэн чөлөөнд Сөүлийн нэгэн шар айрагны мухлагт франц хосуудтай хамт суугаа минь мөнөөх л амьдралыг үзэж, мэдэрч яваагийн нэгэн эд эс нь болов уу гэж бодно.

Уулзалт яах вэ, тэд үргэлжлүүлэн захиалга өгч, харин би талархснаа илэрхийлээд буудлынхаа зүг алхсан. Ямартаа ч Сөүл хотод ирсэн анхны өдрөө л Монголыг зорин яваа, эх оронд минь хайртай эх дэлхийн иргэдтэй уулзсан санаандгүй учрал, Шэкспир нэртэй шар айрагны мухлагт тухалсан нь ч тэр нэн дотно, уужим сэтгэлийн ийм орон зай дэлхийн нэгээхэн цээжийг бетонон ширэнгэ болгочихсон шугуйд олдоно гэдэг ховор завшаан тул тэмдэглэн авахыг хичээсэн минь энэ. Аан тийм, санаандгүй учралын маань эздийг Деннис, Амели гэдэг. Амели надад “Манай хүн эмэгтэй нэртэй. Деннис гэдэг нэрийг францчууд ихэвчлэн охиддоо өгдөг” гэснийг там тумхан санаж байна. Эсвэл би өөрөө ч тэгж бодсон бил үү. Ямартаа ч ахин ийм учралууд ирнэ. Болоод л өнгөрнө. Ахин магадгүй Сөүл хотод ирнэ. Буцаад л харина шүү дээ.

ЧОНГЭ ГОЛЫН НОМЫН ХУДАЛДАА БА ГУАНХУАМҮН ТАЛБАЙ

Маргааш нь Сөүл хотод хорь гаруй жил аж төрөн суугаа Болороо эгчтэй уулзаж, Солонгос улсын номын соёл, тэр дундаа хуучин номын худалдааны захтай танилцахаар болов. Намайг товлосон цагтаа буудлын арван давхраас буухад шинэхэн танил маань хэдийнэ ирчихсэн нэг давхрын “Angel” хэмээх кафед хүлээж суулаа. Бид хоорондоо танилцсаны хойно надаас “Ямар кофе уух вэ” гэхэд нь эелдэгхэн татгалзаад зорьсон газар лугаа шуудхан явах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Метронд суугаад гуравхан минутын дотор хүрчхэж болох хэдий ч алхахад арваас хорин минут хэртэй газарт хуучин номын худалдаа байрладаг гэнэ. Хотын нэгээхэн хэсэгтэй танилцах завшааныг ашиглан Чонгэ голын эрэг даган алхахаар болов. Урьд нь эл гол манай нийслэлийн дундуур урсдаг Сэлбэ голын адил хог шороо, хүмүүсийн хаягдал, зэрлэг ургамалд дарагдаж, ус урсахтай үгүй болоод загас нь үхэж, эргийнх нь дагуу амьдардаг шувууд ч нисэн одсон газар байжээ. Гэтэл шинээр томилогдсон ерөнхийлөгч Юн Сок Ёол эргийнх нь дагуу худалдаа наймаа, бизнес эрхэлдэг томоохон газруудаас хандив босгож өдгөө Сөүл хотын иргэдийн амарч суудаг ая тавтай орчин бүрдсэн газар болгосноос гадна жуулчдын сонирхлыг татах зүсэн зүйлийн загас, шувууд их хотын хөл хөдөлгөөнийг үл ажран гол дагуу нутагшсан байна. Манайхан ч бас амьсгал татаж буй Сэлбэ голоо ийнхүү тохижуулаад авбал хэчнээн сайхан билээ гэх бодол эрхгүй төрнө. 

Гол даган уруудаж явсаар бид Чонгэ голын эрэг дагуу байрлалтай хуучин номын худалдааны зах дээр ирэв. Энд солонгос болон англи, япон хэл дээрх олон ном, загвар, арт сэтгүүлүүдийг худалдаална. Хүн амын тооноос хамаардаг байж болох ч ёстой л төрөл бүрийн ховор нандин, олон арван сая номууд хорин хэдэн лангууны турш байрлажээ. Сонгодог бүтээлүүдийг нэгэн боодол багц болгон хямдралтай үнээр өгдөг байна. Харин арт болон загварын зарим сэтгүүл нь сонгодог бүтээлүүдээсээ илүү үнэтэй аж. Зарим худалдаачид нь манайд гэхэд 400 мянган төгрөг хүрэхээр Луврын музейн бүрэн тайлбар бүхий зурагт номыг голынх нь ганц хуудас норсноос болоод гучин мянган төгрөгөөр худалдаалж байх жишээтэй. Гол нь тэд номоо зарах гэж төдийлөн дайрч, өндөр үнэ дуугараад байхгүй. Хуучин, ховор номууд нь ямар гэмтэлтэйг хэлж, аливаад номд тогтсон үнэ нь нийтээр нэг л хэм хэмжээнд байгаа нь тун их таалагдав. Би тэндээс Эрмитаж музейн бүрэн лавлах зурагт толь, Япон артистуудын бүтээлийн эмхэтгэл, Эдгар Аллан Погийн солонгос хэл дээрх бүрэн түүврийг авсны дараа Сөүл хотын төв талбайг зорин алхав.

Надад газарчилж явсан Болороо эгч энд хорь гаруй жил сурч, ажиллан амьдарч буй. Ном уран зохиолд элэгтэйн дээр, яруу найраг сонирхдог бөгөөд тун удалгүй Харуки Муракамигийн гарын үсэгтэй номын худалдаа зохион байгуулагдах гэж буйг ч дуулгаад амжив. Харин их зохиолч өөрөө ирэхгүй, гарын үсэг, дардас бүхий номынх нь худалдаа аж.

Бид мөн л хотын үзэмж, өнгө төрхтэй танилцан алхсаар метроны буудал хүрч, цахим машинаас метронд суух тасалбараа авлаа. Энд бүх юм цахим. Англи хэлгүй бол ганцаараа яваа хүнд гишгэх газар хомс гэчхэд хилсдэх зүйлгүй. Хүмүүсийнх нь зан араншин ч түүнээ дагаад зарим үед хоорондоо төдийлөн ярилцалгүйгээр дор бүрнээ асуудлаа шийдээд явчихдаг шиг санагдана.

Ийнхүү Сөүл хотын хоёр том талбайн нэг болох Гуанхуамүнд ирэв. Метроны буудлаас гарав уу үгүй нэгэн хааны том хөшөө байх агаад урдхан талд нь мөн баатар эрийн хөшөө залаастай харагдана. Энд мөн томоохон худалдааны төвүүд талбай тойрон байрласнаас гадна дуурийн театр бий аж. Талбайн хажууханд хүмүүс шатан дээр суугаад ном уншиж байх агаад урдуур нь өрсөн цаасан хайрцагнуудад сурах бичих, уран зохиол, хувь хүний хөгжил, бизнесийн гээд олон төрлийн номууд хийж тавьжээ. Тус хүмүүсийн тухлан суугаад ном уншиж буй сандал, газрыг улсаас олгосон гэнэ. Хүмүүс ном хулгайлдаггүй, номууд тэндээ байж байх бөгөөд хэн дуртай нь уншиж, хэрэгтэй мэдээллээ авч болно. Мөн өөрт хэрэгтэй номыг авч оронд нь өөр ном ч үлдээдэг гэнэ. Гэтэл манайд  цахимд олон дагагчтай эрхтэн дархтан төв талбайд жилд хоёрхон болдог номыг худалдааг эрс шүүмжлэхдээ “Нийслэл хотын төв талбайгаа номын зах болголоо” хэмээн сүржигнэж байж билээ. Улс үндэстний урагшлах хөгжил иргэдийнх нь боловсролоос шалтгаалдаг. Боловсролыг уншиж байж л олж авдаг гэдгийн тод жишээ эндээс харагдана.

Гуанхуамүн талбай, энд ч мөн шинэ үеийн хувьсгал өрнөж, түүний цаад мөн чанарыг үл ухсан нь Пак Гынь Хег өрөвдөж, харин тэд өөрсдийн эрх чөлөөг олж авчээ. Харин талбайд буй хөшөө бол солонгосын анхны үсгийг зохиосон бичгийн их мэргэн, одон орны шинжлэх ухаан судлаач Сэжунг хаан юм. Учир нь тэдэнд өөрийн бичиг үсэг байгаагүй тул хятад ханзыг өөрсдийн хэлний дуудлагатай ижилсүүлэн шууд авч хэрэглэдэг байв. Харин Сэжунг хаан ард түмнийхээ хэлэнд тохирсон өгүүлбэрийн бүтэцтэй, хэрэглэхэд хялбараас гадна үе болгон нь бичихэд тохиромжтой, 28 үсэг зохиосон нь Солонгос буюу Ханьгыл үсэг юм. Өдгөө солонгос улсад англи хэл түлхүү хэрэглэгдэх болсон бөгөөд иргэдийнх нь 15-аас дээш насныхны 98 хувь нь бичиг, үсэг тайлагджээ. 
Хөшөөний урд байх цагираган хэлбэртэй зууван дүрс доторх бөмбөлөгүүд, сансар огторгуйн тойрог зам шиг дүрслэлүүд хааны одон орон судлаач байсныг давхар илтгэх агаад талбайгаас хойд зүгт өвч битүү моддоор хүрээлэгдсэн нэгэн уул дүнхийж харагдана.

Болороо эгч бид хөшөөний урд зураг татуулаад буцан эргэж метроны буудлын дор байх хамгийн том номын сүлжээ дэлгүүрүүдийн нэг болох “Kyobo” -г зорилоо. Метроны буудал нь бараг газар дор байрлах хотын гудамжууд аятай сэтгэгдэл төрүүлнэ. Тэнд хананд нь  солонгосын яруу найрагчдын шүлгүүдийг нэг ижил формат бүхий том хулдаасанд хэвлэн өлгөсөн байх жишээтэй. Харин номын дэлгүүрийн үүдэнд бидний сайн таних Тонни Моррисон, Гарсиа Маркес, Пабло Неруда, Франц Кафка, Эрнест Хемингуэй тэргүүтэй зохиолчдын зургийг ханыг нь цааш түрсэн гоёмсог хийцтэй шилэн хавтан дотор байршуулжээ.

НОМЫН ДЭЛГҮҮР ДЭХ УУЛЗАЛТ

Энэ том хотод хэн нэгэнтэй уулзах, магадгүй тэр хүн нь зориод ирэх, тэгэхдээ зөвхөн миний л сонирхож, хүсэн тэмүүлж хүрэх тэр газарт хүрч ирээд тэврэлдэн учрах тохиол тун цөөхөн. Тэгвэл би Сөүлийн гол талбайн чанх урдах метроны буудлын доорх, манайханд бол “Аз хур” номын их дэлгүүрийн төв салбартай дүйцүүлж болох баялаг номын дэлгүүрт урьдын танил, уран бүтээлийн замд дөрөө харшуулагч Э.Булгантай уулзсан билээ. Тэр зориод иржээ, би тосоод тэвэрлээ. Ингээд Болороо эгчтэй нийлэн гурвуул болж аваад “Kyobo” номын дэлгүүрийн англи тасагт тухалцгаав.

Тэнд орчин цагийн уран зохиолын хамгийн дуулиантай эр Салман Рушдигаас авахуулаад ёстой л эрээд олддоггүй эрдэнэ, сураад олддоггүй сувд олон. Бүр хориотой номын тавиур хүртэл байна. Уг тавиурт Салман Рушдигийн “Чөтгөрийн шүлгүүд”, манайд хэдийнэ орчуулагдсан Ма Жианы “Хэлээ гарга” тэргүүтэй номууд байх аж. Тус номуудыг унших хориотой бус ч олон хөлийн жуулчид заавал ороод гардаг тус номын дэлгүүрт зорчих харийн хүмүүст болгоомж болгон бусдаас нь ийн тусгаарлаж тавьжээ. Учир нь хилээр гарахдаа ил барих аваас ном хураагдах, Исмалын шашинт хүмүүсийн халдлагад өртөх зэрэг эндэл гарч магадгүйг анхааруулсан байна.

Дэлгүүрт хүн ихтэй. Хааш л харна сандалд тухалсан, зогсоороо номоо уншаад бусдыг эс анхаарах залуучууд дүүрэн. Мөн тасаг бүрт гурав, дөрвөөр нь байрлуулсан цахим сангаас хэрэгтэй номоо аль байрлалд, ямар нэртэй тавиур дээр байгааг хүн бүр шүүрдээд л олчихно. Тэгэхгүй бол энэ том дэлгүүрээс хайсан номоо эрж олох бэрхтэй.

Ингээд Э.Булган бид хоёр энд өнгөрүүлсэн өдөр хоногуудын тухай яриа дэлгэхээс урьтаад зөвхөн ном, уран зохиолын тухай ярилцан гурван цаг гаруй англи номын тасагт буй ном бүрийг шалгаж, үзэж эрсэн номоо олж авсны дараа сая нэг юм Болороо эгчийг дагуулан “касс”-ны зүг эргэж билээ.

Би Булганаас “За тэгээд эндхийн амьдрал хэр байна” гэж асуухад “Өө яахав дээ, ажлаа хийгээд байж л байна. Номын дэлгүүр ч орох зав гарсангүй. Харин та байн, байн ирэх биш. Тэгээд ч өнөөдөр амралтын өдөр таараад гоё газраар орчихлоо. Метрод унших номоо хүртэл сонгоод авлаа” гэв. Түүний гарт Эрнест Хемингуэйн “Климанжарогийн цас” өгүүллэгийн түүвэр үзэгдэнэ. 

БАЯРТАЙ БАС ГУНИГТАЙ

Саяхан Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын Үндэсний ассамблейд зохион байгуулагдсан Солонгост ажиллаж, амьдарч буй гадаад иргэдийн хүүхдийн эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдвэрлэх хэлэлцүүлэгт оролцсон юм. Тус хэлэлцүүлгийг БНСУ-ын Үндэсний ассамблейн тэргүүн Ким Ён Жүгийн санаачлагаар зохион байгуулсан агаад хэлэлцүүлгээс гаргасан тодорхой саналын дагуу хууль тогтоомжид өөрчлөлт оруулах чиглэлээр ажиллах зорилготой байв. Сөүл ч гэлтгүй тус улсад амьдарч буй гадаадын иргэдийн өмнө тулгамддаг чухал асуудал бол нэн тэргүүнд эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ авч чадахгүй байгаа явдал гэнэ. Ялангуяа эцэг, эх нь зөвшөөрөлгүй оршин суудаг хүүхдүүдийн хувьд боловсролын асуудал орхигдож, ялгаварлан гадуурхалт, нийгмийн халамж зэрэгт хамрагдаж чадахгүй зэрэг олон хүндрэлтэй нөхцөл байдал тулгамддаг ажээ. Энэ оны өнгөрсөн долоодугаар сарын 31-ны байдлаар Монгол Улсын 55,956 иргэн БНСУ-д ажиллаж, амьдарч байна гэсэн тоо судалгаа бий. Үүний 18,740 нь хууль бусаар оршин сууж байгаа ажээ. Мэдээж уг тоог дагаад сурч боловсрол эрх нь хязгаарлагдмал хүүхдүүдийн тоо ч өснө. Тиймээс л энэ нь зайлшгүй анхаарал хандуулах, авч хэлэлцэх ёстой асуудлын нэг мөн. Ингээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа мөн тус уулзалтын төгсгөлд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 500 орчим сая воны төсөл хамтран хэрэгжүүлэх шийдвэр гарсныг дурдаж байлаа.

Эндээс нэг тоо чухал. 18,740 хууль бусаар оршин сууж буй монгол иргэд. Тэд хууль бусаар оршин сууж байгаагаа мэдэгдээд байхгүй тул уг барагцаалсан тоо хавьгүй доогуур дүн байж ч мэднэ. Энд уулзсан нэг эмэгтэй лав эх орноо хачин их үгүйлдэг шиг бодол төрүүлсэн. Харин үүнийгээ уудалж яриад, өөрөөсөө бус өрөөлөөс гомдол нэхээд суухааргүй зоримог, бардам зан дотор нь бий тул ил гаргахгүйг хичээж байна лээ. Ерөөс эд хөрөнгө, мөнгө зорилго нь болсон ч эс бөгөөс зүгээр л суурьшаад сурчихсан, өөр илүү өөдрөг амьдрал, эрх чөлөөг хүсэмжлэхээ бүр больчихсон гээд олон янзын ээдрээтэй түүхүүд энд суурьших харийн иргэдийн амнаас ам дамжин хөвөрнө. Тэр бүхнийг уудалж ярих, хүмүүсийн уруул угзарч суух нь нулимс хол хүний л ажил биз. Гэхдээ харласан, цагаачилсан ер ялгаагүй хүний л амьдрал. Тэд эх нутгийн хүйтэн жавар, сэнгэсэн агаарыг энэ чийглэг, бүгчим хотод хааяа уйлмаар их үгүйлдэг сэтгэл нь хэвээрээ байгаа гэж бодном.

Тэгээд л эцэст нь мөнөөх уйтан бодол төрнө. Гэрэл гэгээтэй ирээдүйн хүсэл, жаргалтай амьдралын төсөөлөлд умбасан олон хүмүүсийн сүүлчийн зогсоол болсон мөнгө. Хөдөлмөрөө үнэлүүлж чадаагүй, цалингаа тавьдаггүй хэдэн түнтгэр дарга нарын буруугаас үүдээд хэчнээн мянган монголчууд харьд зорчиж, тэндээ зарим нь насаа элээж буйг санахаас уйтай. Хэрэглээнийхээ талд ч хүрэхгүй хөдөлмөрийн хөлстэй атлаа хамгийн өндөр татварын тогтолцоотой, барааны үнэ нь тэнгэрт хадсан улс манайхаас өөр ер байна уу? Ядаад нэг дэлгүүр орж үзэхэд хослолын үнэ нь сарын цалингаас маань хол давсан байх. Гэтэл энд бол нэг өдрийн ажлынх нь хөлстэй дүйнэ. Мэдээж хүн ам, улс төрийн тогтолцоо, дотоодын үйлдвэрлэл гээд олон зүйлийн талаас нь бодож хөдөлмөрийн хөлсний хэмжээ харьцангуй байгаа жишгийг харгалдуулан дүгнэж болох ч гэлээ монгол төгрөг хилийн дээс алхаад зүгээр л цаас төдийхөн гэдэг нь хэнд ч ойлгомжтой үр дүн. Тэгээд л энд ч, тэнд ч монголчууд олон бөгөөд харин эх орондоо, эх орноо гэх сэтгэл илүүтэй цөөхөн болохыг ойлгож болмоор. Үнэхээр тийм, энд бид олуул, харин эх орондоо цөөхүүл ажээ.

Харин нэгэн цагт манай говь шиг их далай байсан газарт сүндэрлэсэн неон гэрлийн хаанчлал дунд амар амгалангийн жинхэнэ дүрийг олж харах мөрөөдөл, байгалиас хүртдэг нам гүмийг амтлах гэхдээ нүдээ анин төсөөлөх монголчууд тэдний дунд байж л байгаа. Тэд бидний нэг, эх орондоо хүлээж суугаа ээж, аав, эхнэр, нөхөр, үр хүүхдүүдийнхээ хувьд баатар шүү дээ. Тиймээс л эрүүл мэнд, нийгмийн адил тэгш хүртээмж, боловсрох эрхийн асуудал дээр нь бид ч бас найрсаг хамтын ажиллагаатай улсын хувьд анхаарах нь зүй ёсных.

GO DOWN, MOSES!

Буцахын өмнөх орой зочид буудлынхаа өрөөнд мэдээ мэдээлэл нягталж, заримдаа юуг ч үл бодон метрополис хотын өнгө төрхийг тольдон цонхоор ширтэж зогсох тэр л уйтан чөлөөнд утсанд мэссэж ирэв. “Би доор ирчихлээ. Та буугаад ирэх үү?”. Тэрхэн мөчид яг л Фолкнерийн нэгэн өгүүллэгийн нэр санаанд харвав. “Go down, Moses!”.

Төгсөх оюутан явах үеэсээ л мэнд мэдэлцэж танилцсан мөнөөх номын дүү Булган бас л зориод иржээ. Мөнөөхөн үгээ давтах нь “Та байн, байн нисэж ирээд хоёулаа уулзах биш дээ” гэнэ. Бид хоёр Сөүлийн Мёондуны үүдэнд уулзаж цаашлаад Самил Даеро, Жанг Гу орчмын жуулчдад зориулсан гудмуудаар есөн зүйлийн бараа таваар, эд хогшил зарах азийн худалдаачид, тэндхийн дэлгүүр хоршоогоор өдөр шөнийн алинд ч хүний хөл үл татраан холхих олон зүгийн харийн зочдын нэгэн бол уусан шингэв.

Булган энд амьдраад хэдэн сар болж буй. Удахгүй он гаргаад эх орондоо буцна. Түүний сэтгэлд буй орь ганцаардлыг чагнахуй эндхийн хүмүүс дунд өөртэй нь ижил ном уран зохиол ярьж, өдөр бүрийн амьдралд нь ямар ч зорилгогүй хутгалддаг найз нөхдийн эрс эрмэг дуун үгүйлэгдээд байх шиг санагдана. Яг л модон байшингийн хоёр давхраас бууж ирдэг Мосе, эсвээс тэр нэгэн Египет дууны дүр адил би ч бас удахгүй түүнийг мөнөөхөн ганцаардалтай нь хамт арван гаруй сая хүнтэй хотод үлдээгээд буцах гэж байна. Бид хоорондоо Сөүлийн сайхны тухай, эндхийн гудамж талбай нь иргэн бүрийнхээ төлөө зориулагдсан мэт, чөлөөтэй явган хүний замтай, их мөрөн дээгүүр хэдэн зуун удаа даавуулан барьсан зам, гүүр, зочид буудлын зарим барилга доош гуч гаруй давхар байдаг талаар, боловсролд хэрхэн анхаардаг, хүмүүс цагаа яаж барьдаг, тэр өөрөө анх ирээд зарим үед ганцаардаж уйлдаг, ажил хийж байхдаа гараа жаахан түлсэн нь сэтгэлд байдаг мөнөөх хөнгөн бухимдлыг өдөөж асар их хорсгодог болох, одоо бол ажилдаа дадаад арай дээрдэж буй, метроныхоо чиглэл, явдал суудлын учрыг олчихсон болохоор өөрт нь хэчнээн амар байдаг тухайд олныг ярилцсан билээ.

Онгоцны зууван цонхны цаана хэсэг бусагхан нимгэн үүлс хөвнө. Инчоны нисэх буудлаас хөдлөхөд хотын дээгүүр цэнхэр униар татаж, аагим бүгчим агаарын нэвтлэн цуучиж өндрөө авах онгоц нэг бол хормын дотор, нөгөө бол асар удаанаар ардаа үлдээх бүхнээс аажим хөндийрөх шиг санагдана. “Буугаад ирээч, Мосе” гэж дуудаад “Баяртай Мосе” хэмээн гар далласаар өчигдөр орой метроны буудлын шатаар уруудан далд орох нь өөртөө зориулж босгосон ганцаардлын буйдхан сууц руу яваад орчих шиг санагдсан Булган дүүгийнхээ дүр төрхийг санасаар Сөүлээс би буцаж явна. 

Үүлс улам ихээр өтгөрөн газар дэлхийн уул нурууд, Таньянжины усан боомтуудын огтлолцсон шугам нэгээхэн ч үзэгдэхээ болиод нэлмийсэн цагаан дайдад, аврага том хөвөн бөмбөлөг дундуур сэлж яваа адил мэдрэмж төрүүлэх мөчид эх орныхоо өвлийг урин дуудаад эхэлчихсэн улирлын араншинд ойртож яваагаа мэдэрнэ. Магадгүй Сөүлд ч харь хотын гоо сайхныг өөртөө цогцлоон нээхээс илүүтэй тэнд учрах хүмүүсийн ганцаардалтай танилцаж, бодолд үргэлж хүчирхэг амт нь мэдрэгдэх уран зохиолын бас нэг дүр, амьдралын үнэнтэй нүүр тулах гэж л очсон болохоо ухаарнам. Үүлс нэмэн нэмэн өтгөрсөөр... Аравдугаар сарын намрын налгар өдрүүд бус өвлийн цангисан жавар л эх орны минь саруул талд угтана гэдэгт улам улмаа итгүүлнэ. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав