Монгол, Америк хоёр улсын хооронд тогтсон хамгийн чухал харилцаа бол дипломат харилцаа. 24 жилийн өмнө бид АНУ-тай дипломат харилцаагаа тогтоо­сон. Ирэх оны дөрөвдүгээр сард энэхүү түүхэн харилцаа тогтоосны 25 жилийн ой болох юм.

Энэ хооронд монголчууд бид юу хийж, юу бүтээж амжуулав аа гэсэн асуулт энэхүү ойн үеэр онцгойлон тавигдах нь ойлгомжтой. 

Мэдээж олон хариу өгөгдөж таарна. Тэдэн дотроос хамгийн том нь Ардчил­сан, зах зээлийн гэж томъёологддог  тэр­хүү өөрчлөлтийг хийж чадсан маань байж таарна. Энэ өөрчлөлтийг бид өөрсдийн­хөө төлөө хийсэн. Өмчөө өөрсдөө эзэмш­­д­эг, үгээ чөлөөтэй хэлдэг, тив дэлхийд ардын даргын хүүхэд гэж ял­галгүйгээр чөлөөтэй зорчдог болсон гээд бидний олсон бүх ололт  Америкийн ард түмний олсон ололттой ижилхэн байдаг. Тийм учраас бидний үнэт зүйл ижил гэж ярьдаг. Нөгөө талаар бид энэ үнэт зүйлээ хамтарч хамгаалж байгаа. Үүгээрээ бас бидний харилцаа онцгой.

 

Энэ дээр нэг нэмэгдэж байгаа зүйл бол энэ үнэт зүйлийг хамгаалах гол суурь болсон эдийн засгийн цоо шинэ харил­цааг оруулж эхлэх гэж  ярьж хэлэлцэж эхэлж  байгаа маань сайхан байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчидтэй уулзахдаа ярьсан юм.

Ер нь саяны айлчлалын үеэр ажил хэрэгч хүмүүс, эдийн засгийн хүмүүс, банк, хэвлэл мэдээллийн  маш олон улсууд манай Ерөнхийлөгчтэй уулз­сан. Манай хоёр орны харилцаа шинэ шатанд, өргөн агуулгатайгаар гарч ирж байгаагаараа энэ удаагийн айлчлал онцлог болсон. Барак Обома манай  Ерөнхийлөгч хоёрын уулзалт ч их энгийн, найрсаг сайхан уулзалт болсныг өмнөх сурвалжлагадаа бичсэн. Тэд  цаас харж, дипломат мая­гийн ёс төдий уулзалтыг хийгээ­гүй.  Хоёр талаасаа шаардлагатай асууд­лаа ярилцсан, олон асуудлыг  хөндөж ярьсан. 


Ингээд Гадаад хэр­гийн сайд Г.ЗАНДАНШАТАРЫН айлч­лалын талаархи сэтгэгдлийг сонирх­соноо та бүхэнд хүргэе. 

Г.ЗАНДАНШАТАР: УЛС ТӨРИЙН ӨНДӨР АЧ ХОЛБОГДОЛТОЙ АЙЛЧЛАЛ

-Монгол Улсын төрийн тэр­гүүний АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын талаархи таны байр суурийг сонирхмоор байна? 

-Монголчууд бид хөрөнгө оруу­лалт, бизнесийн хамтын ажил­лагааны шинэ боломжийг өөрсдөдөө нээсэн айлчлал боллоо гэж бодож байна. Энэ айлчлалын үр дүнгээр Монгол Улсын  АНУ-тай тогтоосон улс төрийн харил­цаа бэхжиж, шинэ хуудас нээгдсэн нь  гарцаагүй.  Энэ жил дипломат албаны 100 жилийн ой тохиож байна. Энэхүү ойн жилд Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-д албан ёсны айлчлалаа хийж байгаа нь бас санамсаргүй хэрэг биш юм. товчхон хэлэхэд айлчлалын улс төрийн ач холбогдол бол өндөр. АНУ-ын сенатаас Монгол Улсын дипламат албаны 100 жилийн ойд зориулж тогтоол гаргалаа. Энэ дотроо Монгол Улсын Ардчилал зах зээлийн нийгмээ хөгжүүлэхэд гаргасан үр дүн, амжилт Монгол Улсын олон улсын тавцанд гадаад бодлогын хэмжээнд гаргасан ололт амжилт бүгдийг нь дурдаж онцлон хэлсэн. Цаашдын хамтын ажил­лагаагаа ч бататгаж хэлсэн гэж болно. 

-Хэвлэлийнхэн бид мэдээ­гүй нэг үйл явдал болсон. Ерөн­хий­лөгчид Азийн нийгэм­лэгээс “Тө­рийн гарамгай зүтгэл­тэн” гэх том шагналыг олгосон ?

-Азийн нийгэмлэгийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа тодор­хой хэмжээнд хаалттай болсон уч­раас хэвлэлийнхэнд оролцох болол­цоо тэр бүр олдоогүй байх.  Азийн нийгэмлэг бол Ази тив, Азийн улс орнуудыг дэлхийд сурталчлан таниу­лахад гол үүрэг гүйцэтгэж байгаа, АНУ-гаас Ази тив рүү чиглэсэн бодло­гыг тодорхойлдог дэлхийд нэр хүнд­тэй байгууллага.  Шагнал гардуу­лах ёслолын ажиллагаа нь ч дэлхийн улс төрийн хүрээнийхний анхаарлын төвд болдог. Бүх хүндтэй төрийн зүтгэлтэн, судлаач, эрдэмтэд, дипло­матчид гээд нөлөө бүхий хүмүүс оролцдог. 

 -Обаматай хийсэн уулзалтад та оролцсон. Та хэвлэлд гараагүй үлд­сэн  мэдээллүүдээс  өгөх бо­ломж байна уу?

-Энэ арга хэмжээний үед Худал­дааны сайдтай уулзсан. Худалдааны сайдтай хэлэлцээр хийсэн. Монгол, Америкийн худалдааны харилцааг хөгжүүлэх талаар тодорхой асуудал хөндөж тавьсан. Тухайлбал, Мон­голын иргэдийг визнээс чөлөөлөх тухай  асуудал байна. Монголын за­луу­­чууд, оюутнуудыг сургах, сур­галтын тоо,тэтгэлгийн тоог нэмэг­дүүлэх асуудал, визийн асуудлыг хөнгөвчлөх асуудлыг тавьсан. Цаашдаа ил тод байдлын хэлэлцээр байгуулсны үндсэн дээр чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг нэмэгдүүлэхээр ярьсан. Товчхондоо ийм байна. Нэгд, улс төрийн өндөр ач холбогдолтой айлч­лал. Хоёрдугаарт, эдийн засгийн ач холбогдол өндөртэй айлчлал гэж би дүгнэж байна.

-Хэвлэлд гараагүй мэдээлэл гэж гуйсан шүү дээ, сайд аа?

-Харин их дэлгэрэнгүй ярилаа шүү дээ.  


Сайд дипломат зарчмаа ийн барьж байна. Одоо айлчлалын бүрэлдэхүүнд орж ажилласан УИХ-ын  цорын ганц гишүүн, парламент доторхи АН-ын бүлгийн дарга Ч.САЙХАНБИЛЭГИЙН яриаг хүргэе.

Ч.САЙХАНБИЛЭГ: МОНГОЛООС АМЕРИКИЙН ТӨРИЙН ТЭРГҮҮНД ХҮРЭХ БҮХ МЕССЕЖ БҮГД ХҮРСЭН ГЭЖ ОЙЛГОЖ БОЛНО

-Айлчлалын  бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн ганцхан хүн багтсан байгаа. Тэгэхээр таны байр суурийг сонсох нь зүйн хэрэг байх

-УИХ-ын гишүүн гэдгээсээ гадна бас Монгол-Америкийн бүлэг гэж УИХ-д байдаг. Энэ бүлгийн ахлагчаар ажиллаж байгаа. Тэр утгаараа  төлөө­лөгчдийн бүрэлдэхүүнд орж явлаа.  
АНУ-ын Ерөнхийлөгч байсан Буш Монгол Улсад айлчлал хийж, анх удаа Америкийн Ерөнхийлөгч хүн монгол улсын хөрсөн дээр хөл тавьж байсан нь саяхан. Энэ нь бол анхны түүхэн үйл явдал байсан. Дараа нь мэдээж  Америкийн шинэ сонгууль болоод шинэ засаг захиргаа гарч ирсэн. Шинэ Ерөнхийлөгч гарч ирсэн. Шинэ Ерөн­хий­лөгчтэй Монгол Улсын Ерөнхий­лөгч Олон Улсын арга хэмжээнүүд дээр, тухайлбал  НҮБ-ын чуулган эсвэл Давосын чуулган дээр товчхон маягаар уулзаж харилцах төдий байсан. Сая бол анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-д албан ёсны айлчлалаа хийлээ. Энэ нь өөрөө маш том ач холбогдолтой үйл явдал юм. Яагаад гэвэл шинэ засаг захир­гаатай Монгол Улс албан ёсоор харилцахаас гадна удирдагч нарын, төрийн тэргүүнүүдийн хооронд харил­цаа тогтоох чухал алхам хийгдлээ. Хувь лидерүүдийн харилцаа ч гэсэн  ойртож, дотносох талаараа илүү урагшилсан түүхэн айлчлал боллоо гэж үзэж байна. 

-Хоёр Ерөнхийлөгчийн уулзалт нэлээн удчих шиг болсон. Хугацаа сунгасан уу. Тэдний хооронд бол­сон сонин яриа хөөрөө юу байна?

-Уулзалт бол нэлээд удаан үргэл­жилсэн. Шууд ярьж байгаа болохоор бид нар ямар ч байсан ярья хүргэе гэсэн бүх юмаа бол хүргэж чадсан. Монголоос Америкийн төрийн тэр­гүүнд хүрэх бүх мессеж бүгд хүрсэн гэж ойлгож болно.  Обамагийн хувьд бол Америкийн Ерөнхийлөгч гэдэг утгаараа бол үнэхээр дэлхий даяараа л тийшээ цувж байгаа шүү дээ. Монгол гэдэг улс бас аль хавьд нь явдаг юм гэ­сэн асуулт  байсан байх. Энд тодор­хой хариулт бас гарч ирсэн байх тийм үү. Бид нарыг орохоос өмнө хуучин Монголтой холбоотой байсан бүх хүмүүс өөрийнх нь өрөөнд цугла­сан байсан. Нэг үгээр хэлбэл бэлтгэлээ нэлээд сайн базаасан нь бол хараг­даж байсан. Ерөнхийлөгчийн бэлтгэл ч гэсэн сайн байлаа. Ер нь хэлье гэсэн бүх зүйлүүдээ хэлсэн. Харин дараа нь тэр уулзалтанд орсон Америкийн талын хүмүүс орой нь бидний зохио­сон арга хэмжээн дээр дахиж ирээд “Манай Ерөнхийлөгч саяын уулзалтын дараа  эргэж бид нарыг цуглуулаад Монгол Улсын Ерөнхийлөгч ийм ийм асуудал хөнд­лөө. Одоо ийм ийм асуудал дээр ажилла, энийг нь яам департамент руугаа асуудлыг тавь гэж үүрэг өглөө гээд ярьж байсан. Эндээс  Обама Ерөн­хийлөгч өөрөө тэр уулзалтад асар их ач холбогдол өгсөн, ер нь Монголыг их сонирхсон гэдэг нь мэдэгдэж байна. Та нар их сайн байсан шүү. Ерөнхий­лөгчийн анхаа­рлыг үнэхээр  татлаа. Уулзалт их сайхан боллоо гэдэг үгийг бараг хүн бүр л хэлж байна лээ. 

-Манай хоёр орны уламжлалт харилцаа болбоос...гээд л уйтгар­тай юм яриад явчихвал тэр чинээ­гээрээ л хуучин, төдийлөн анхаа­ралд нь өртөхгүй бэлгэдлийн арга хэмжээ болоод өнгөрнө биз дээ?

-Тийм. Таны түрүүний хэлдэг шиг нөгөө сандарч байгаа ч юм шиг гадны хүнд бол сонин харагдаж байна гэдэг шиг.  Магадгүй тэр сонин харагдсан чигээрээ дуусаад тэгээд л явчихна ш дээ. Араас нь, тэр даруй ингэж асуудлуудаа тавиад үүрэг чиглэлээ өгөөд ажиллаж байна гэдэг бол энэ айлчлалын үр дүн өөрөөр хэмжигдэнэ гэсэн үг.

-Их л өндөр хүн шиг санагддаг байсан. Яг харахаар тэгж бодог­доогүй?

 -Би хэвлэл мэдээллээр байнга харж байсан ч гэсэн Ерөнхийлөгч Обамаг нүүр тулж харж байгаагүй. Их өндөр юм шиг харагддаг. Өндрөөрөө бол бид хоёр ойролцоо юм шиг байна лээ. (инээв) Яриа өрнүүлэхэд их сайхан энгийн, ер нь л бол барууны удирдагч нар тийм л байдаг ш дээ. Мэдээж одоо бол ачаалал ихтэй ажиллаж байгаа. Тухайн өдрүүдэд конгрессынхээ тэргүүнтэй гадаад бодлогынхоо чиглэлээр нэлээд хэл шуугиан гарчихсан хоорондоо үзэл­цээд байх шиг байсан. Гэхдээ бид нарыг  уулзалт хийсний маргааш нь тэр хоёр гольф тоглож байна лээ. Маргаантай байсан асуудлуудаа янзалж цэгцэлж чадсан байх. Айлч­лалтай холбогдуулаад ерөнхий төрсөн сэтгэгдэл гэхээр нэгдүгээрт, бид шинэ засаг захиргаатай хэл амаа ололцох дээрээ том урагшаагаа явлаа. Хоёр хөршийн хувьд бол ойлгомжтой ш дээ. Оросын хувьд 20-оод жил бид нарыг мартчихсан байж байгаад сүүлийн хэдэн жилээс бүх өндөрлөгүүд нь ээлжилж хүрч ирээд, нэгдүгээр зэрэглэлийн компаниуд нь Монголыг сонирхож ирээд л, хөрөнгө оруулалтаа хийгээд л, тэр нь засаг захиргаанынх нь бодлого болж гарч ирээд ингээд явж байна. Яг энэ процессын араас Америк жагсч байна л даа. Хуучин бид нарыг хаа байсан Монгол, Азид хөөрхий ардчиллыг хийх гээд явж байгаа нэг ийм хөөрхий юмнууд байдаг юм. Мөрөөрөө л явж байгаа. Эд нарыг нэг дэмжээд улс төрийн нэг тогтоол гаргаад өгчихье, ардчиллыг нь нэг дэмжчихье гэдэг сэтгэлгээнд төдий байсан бол өнөөдөр бол бүх төвшиндөө асуудлыг ярьж байна. Америкийн хөрөнгө оруулалт, худалдааны гэрээ хэлэлцээрүүд, Батлан хамгаалах чиглэлээр гээд асуудлууд яригдахаар нэгдүгээр зэрэглэлийн Орос, Хятадтай адилхан болж ирж байна л гэсэн үг.

-Гавьяа байгуулсан  хоёр байл­дагчийг дагуулж очсон байгаа. Тэрийг мэдэж байна уу?

-Тэр хоёр байлдагч бол үнэхээр моданд орсон л доо. Үнэхээр манай баатрууд ирсэн  гэхэд Америкийн манайхаар бол бүх цэргийн жанжин штаб байна ш дээ. Тэрний дарга өөрөө очиж  нөгөө хоёрт баяр хүргэж байх жишээтэй. Бас Ерөнхийлөгчийн нэг зөв алхам их анхаарлыг нь татсан л даа. Юу вэ гэхээр Арленгтоны хө­шөөнд хүндэтгэл үзүүлсэн явдал. Бүх дэлхий даяараа явуулж байгаа энхийг сахиулах  үйлс, энд тэнд болж байгаа дайн мөргөлдөөнд амь үрэгд­сэн Америк дайчдыг оршуулсан газар байдаг. За яахав бусад улсын төрийн тэргүүнүүд хүмүүс нь очиж хүндэтгэл үзүүлчихээд тэгээд болчихдог. Бид нарт бол хүндэтгэл үзүүлсэн. Үнэхээр нэгдүгээр зэргийн хүндэтгэл үзүүлсэн л дээ. Цэрэг хүндэтгэлийн тэр салаа нь  жагсчихсан байсан. Тэр ёслолын арга хэмжээ нь их сүртэй. Тэгээд гараад шууд Волтер Рийдийн цэргийн эмчилгээний төвд очсон. Очоод хөл гараа тайруулчихсан тэр цэрэг эрс дээр очоод Ерөнхийлөгчийн өөрийнх нь асрамжийн төвийн хүүхдүүдийн “Хурдан эдгээрэй Америк цэрэг ах аа” гэсэн өөрсдийнхөө гараар бичсэн, өөрсдийнхөө гараар зурсан гоё зураг­нуудыг Ерөнхийлөгч өөрөө гарын үсгээ зураад бэлэглэсэн. Тиймэрхүү сэтгэлийн юм хүмүүст  их хүрдэг юм шиг байна л даа. Тэгдэг төрийн тэргүүнүүд бас ховор юм шиг байгаа юм. Бид цэргийн палатуудаар нь ороод шархадсан цэргүүдтэй, маргааш өглөө тайруулах гэж байгаа цэрэгтэй хүртэл уулзаад санаа сэтгэлийн дэм өгөөд гарцгаасан. Тэгээд төвөөр нь нөгөө шархадсан цэргүүдийг эргэж жирийн хүмүүсийн амьдралд нь оруулдаг тэр бүх дамжлага төвөөр нь явж үзсэн. Үнэхээр мөнгө зарж их юм хийдэг улс гэдэг нь харагдаж байна лээ.

-Ерөнхийлөгчийн өөрийнх нь санал байсан уу?

-Ерөнхийлөгчийн санал. Иймэр­хүү жижиг зүйлүүд нь хүртэл  Обама Ерөнхийлөгчтэй уулзахад  яригдаж л байгаа байхгүй юу.   Америк, Монгол хоёр хүний хоорондын ойлголцлыг ойртуулахад их зөв алхмууд хийгдсэн болов уу . Ерөнхийлөгчийн айлчлалыг залгуулаад Америкийн дэд ерөнхий­лөгч удахгүй найм, есдүгээр сард айлчлах гэж байна. Оны эцэст АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клин­тон айлчлах гэж байна. Ерөнхийлөгч бас Барак Обамаг 2013 онд сонгуульдаа ялалт байгуулсныхаа дараа Монголд очоорой гэж урьсан. Энэ нь бас өөрт нь их урам өгөх шиг болсон. Өөрөө бол их баярлаж байна лээ. Заавал Монголд очно гэдгээ амлаж байсан. Нэг үгээр хэлбэл Монгол хуучин Америкийн төрийн нарийн бичгийн даргын ирэх хэм­жээний нутаг оронд харъяалагддаг байсан бол өнөөдөр төрийн тэргүү­нийнх нь хэмжээнд орж гардаг улс боллоо. Айлчлалын үр дүнд үнэхээр сэтгэл ханамжтай байна. 

-Тавантолгой дээр бас нэг жаахан тиймэрхүү амбиц цухал­зуулсан тал байна уу?

-Амбиц үзүүлэхийн хувьд бол үнэхээр хамгийн сүүлийн жагсаал­тад үлдсэн бүх улс амбиц үзүүлж байна ш дээ. Орос, Хятад хоёр ямар их амбиц үзүүлж байна. Яг тэрэнтэй адилхан. Оросын, Хятадын том компа­н­иудтай дэлхийд адилхан үздэг АНУ-ын нэгдүгээр эгнээнийх нь том компани орж ирчихсэн юм чинь. Мэдээж  Америкийн засаг захиргааны зүгээс ч гэсэн манай энэ хөрөнгө оруулалтын компани Монголд ороо­сой, хөрөнгө оруулалтаа хийгээсэй гэдэг энэ хандлага гарах нь байх ёстой эрүүл үзэгдэл гэж үзэж байна. Тэртэй тэргүй Монгол Улс өөрийн  хуулийнхаа дагуу нээлттэй тендерээр хэн хамгийн сайн нөхцөл санал болгосон нь  шийдэгдээд л явах учраас энэ дээр бол Ерөнхийлөгч ч гэсэн өөрөө байр сууриа тайлбарлаад л явж байсан. Тэгээд ерөнхийдөө Ардчилал олон жил хөгжчихсөн орон юм чинь бас бидний байр суурийг бол хүндэтгэж хүлээж авч харьцаж  байгаа юм л даа.     

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (1)

kelvin Medlin
kelvin Medlin
24 September 2024 07:51
Hello, My name is Kelvin from united states marketing company. why not increase your Instagram Tiktok Youtube and Facebook influence with our targeted followers and automatic likes for every post? crafted to build trust for your brand. https://unitedstatesmarketing.company.site ensure your content gets the attention and reach it deserves. https://unitedstatesmarketing.company.site Do not reply this email. call/text/whatsapp me on +1 9296522206 or email me on kelvin@unitedstatesmarketing.org On standby for your response. Kelvin https://unitedstatesmarketing.org/
Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав