Дайн дажны улмаас хагацаж салсан иргэдээ хоёр талын төрийн бодлогын дэмжлэгтэйгээр хооронд нь уулзуулж учруулан найрсч байсан хоёр Солонгос гэнэт түнжин хагарлаа. Хагас зуун жилийн өмнө салан тусгаарласан тэдний сүүлийн үеийн энэ мэт эерүү харилцаа Солонгосын хойгийн үе үе хавиралдаж байдаг сэрүүн уур амьсгалыг намжмал болгосон байсан юм. Зарим ажиглагчид бүр хоёр Солонгосыг нэгдэнэ гэж хүртэл таамаглал дэвшүүлж байсан гээч. Гэвч энэ удаа тэдний дунд дэндүү том асуудал үүслээ. Нөхцөл байдал ийнхүү гэнэт эсрэгээрээ эргэж ахиад л солонгосуудын дунд дайн дэгдэх нь, аягүй бол дэлхийн гуравдугаар дайн ч үүгээр эхэлж магад гэцгээн дэлхийн улс төрийн ажиглагчид дуу дуугаа авалцаж байна.
Солонгосын хойгт үүссэн энэ удаагийн нөхцөл байдлаас болж Пхеньяныг АНУ, Европийн холбоо, НҮБ, Япон, Орос, Их Британи зэрэг дэлхийн олон орон буруутгалаа. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама энэ асуудлаар анх удаа байр сууриа илэрхийлэхдээ “АНУ Өмнөд Солонгосыг Ази, Номхон далай дахь хамтрагчаа гэж үздэг учраас Вашингтон Сөүлийг ямагт хамгаална” хэмээн чангаар дуугарсан нь бусад улс орнуудын ар араасаа хөвөрсөн мэдэгдлүүдийг эхлүүлэв.
Хэрэг явдлыг өдөөсөн хээрийн сургуулилт гэж юу вэ
Өмнөд Солонгос арваннэгдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн умардын зүгээс хийж болзошгүй дайралтаас хамгаалах тэнгисийн цэргийн тактикийн сургуулийг ес хоног хийх болсноо мэдэгдсэн юм байна. Уг сургуулийг АНУ-тай хамтран зохиохоор ярилцаж байсан боловч АНУ тодорхой бус шалтгаанаар оролцохоос татгалзсан аж. Энэхүү товлосон хээрийн сургуулилт нь 1996 оноос эхлэсэн “Тим спирит” гэх хамтарсан хээрийн сургуулилтын ээлжит үргэлжлэл юм байна. Гэхдээ энэхүү хамтарсан сургуулилтын зорилгыг томъёолсон нэр нь үнэхээр сүржин. “Hoguk” буюу коммунист орны эсрэг батлан хамгаалах чадавхиа бэхжүүлэх гэсэн. Уг сургуулилт нь байлдааны таван удаагийн буудлагатай. Энэхүү суруулилтаа Банён болон Енпен арлын ойролцоо бүст эхлүүлснээс уг мөргөлдөөн эхэлсэн байна. Умардын тал уг сургуулилтыг өөрийн усан хилд халдсан гэж үзэж өглөөний 8.30 цагт зогсоохыг анхааруулж мэдэгдэл хийгээд улмаар өдрийн 14.34-14.55 цагийн хооронд, мөн 15.10-15.42 цагийн хооронд Умард Солонгосын Гэмори болон Мудо бааз дахь уулын агуйд далдлан байрлуулсан эргийн артиллерийн их буугаар 170 удаа БНСУ-ын чигт буудсан байна. Үүний 80 сум нь Енпен арлыг онож, 90 нь усанд тусчээ. Үүний улмаас Өмнөд Солонгосын хоёр цэрэг, хоёр энгийн иргэн амь насаа алдаж, 18 хүн шархдаж, 30 орон сууц, цэргийн байгууламж өртөж, хоёр миллиард вонын хохирол учирсан байна.
Өмнөд Солонгосын тал К-9 өөрөө явагч их буугаар 2.50 цагт хариу буудлага хийсэн. 50 мм-ийн 80 сумаар (40 км-ийн тусгалтай, 50x50 метр радиусын хөнөөлтэй) Умардын эргийн артиллерийн хоёр бааз руу мөн буудсан. Өнөөдрийн байдлаар хойд Солонгост учирсан хохирлын хэмжээний мэдээ цацагдаагүй байна. Хэдийгээр үе үе мөргөлдөөн болдог ч энэ удаагийн буудалцааныг 1953 оноос хойш буюу хоёр улсын хоорондын дайн зогссоны дараа байгуулагдсан энхийн гэрээнээс хойш бүс нутагт гарсан хамгийн анхны их буу оролцуулсан зэвсэгт сөргөлдөөн гэж мэдээлж байгаа юм.
Хоёр Солонгосын хооронд 1999, 2002 онуудад тэнгисийн мөргөлдөөн болж байсныг бид мэднэ. 2002 онд болсон буудалцаанаар Умардын 13, Өмнөдийн таван усан цэрэг амиа алдсан юм. Тэдний мөргөлдөөний хамгийн сүүлийнх нь энэ онд болсон. 2010 оны тавдугаар сард болсон уг мөргөлдөөнөөр умардын зүгээс БНСУ-ын эргийн харуулын Чхөнан байлдааны хөлгийг торпедоор буудаж, 46 усан цэргийн амь насыг хөнөөсөн учир ерөнхийдөө хоёр улсын харилцаа ширүүссэн байлаа. Шинжээчид энэ бүхэн дээр тулгуурлан Умардын талыг зэвсэгт өдөөн хатгалгыг алхам алхмаар ихэсгэж ирсэн гэж үзэж байгаа юм. Одоогийн байдлаар БНСУ зэвсэгт хүчний байлдааны бэлэн байдлыг дайны өмнөх өндөржүүлсэн буюу хамгийн дээд төвшинд (тавдугаар зэрэгт) зарлан тогтоогоод байна.
Енпен арлын тухай
Хоёр Солонгосын хооронд одоог хүртэл хилийн маргаан үргэлжилдэг. Шар тэнгис дэхь Хойд хязгаарын шугамд орших Енпен арал нь БНСУ-ын нутаг дэвсгэрт тооцогддог бөгөөд Умард Солонгосын эргээс 12 км-т байршилтай юм байна. Арлыг хүрээлсэн тэнгисийн ус загасны нөөцөөр дээгүүрт ордог. Тэнд ажиллаж байгаа манай улсын хоёр иргэн гэхэд загасны аж ахуйд ажилладаг байх жишээтэй. Энэ арал дээр тэнгисийн цэргийн байнгын артиллерийн батарей, цэргийн барилга байгууламж, иргэний 930 орчим барилга, орон сууцны байшин байдаг. Мөн 1700 орчим энгийн иргэд, цэргийн албан хаагчид оршин суудаг юм байна.
Умардынхан нь урьдаас бэлтгэж байсан уу
Одоогийн байдлаар баруун эргийн бүст 30000 тэнгисийн цэргийн бие бүрэлдэхүүн байгаа гэсэн мэдээ байна. БНСУ-ын Нампо, Сагот болон Чодо дахь баруун эргийн тэнгисийн цэргийн гурван баазад усан дор явагч завь, десантын сэнст ховер хөлөг онгоц зэрэг 560 байлдааны онгоц байрлаж байгаа. Хэдийгээр байлдааны хөлөг онгоцны тоогоор давуу боловч алсын зайд байлдааны үүрэг гүйцэтгэх чадвартай 500 тн-оос дээш багтаамжтай хоёрхон хөлөг онгоцтой байгаагаа сул тал гэж мэргэжилтнүүд нь үзэж байгаа аж.
Умардын Гемори болон Мудо бааз дахь цэргийн хүчний тооцоонууд ч гарч байна. Жишээ нь тэдний 1000 нэгж артиллерийн зэвсгийн ихэнхийг агуй, хонгилд байрлуулсан гэж хэвлэлүүд мэдээлж байгаа. 23-ны өдрийн буудлаганд умардын зүгээс их буунаас гадна 122 мм-ийн бөөнөөр галлах зэвсэг ашиглагдсан гэнэ. Уг зэвсгийг оросын алдарт катюша маягийн зэвсэг гэж тайлбарлажээ. Их бууны буудлага эхлэх үед ойролцоох агаарын цэргийн баазад Умард Солонгосын таван МиГ-23 байлдааны ажиллагаанд оролцоход бэлэн байсан аж. Мөн тэнгисийн цэргийн пуужин болон хөлөг онгоцнууд байлдааны тушаал хүлээж байсан байна. Эдгээрээс үүдэн Умард Солонгосын талаас хийсэн энэ удаагийн зэвсэгт халдлагыг урьдаас төлөвлөгдсөн, нягт бэлтгэгдсэн байсан байна гэж шинжээчид үзэж байгаа бололтой. Хоёр талын цэргийн хүчний хувьд авч үзвэл сөргөлдөгч талуудыг шар тэнгисийн энэхүү орон зайд байлдааны ажиллагааг шатлан өргөжүүлэх боломжтой гэж шинжээчид тайлбарлаж байна.
Парламентын шийдвэр, намуудын байр суурь
БНСУ-ын Үндэсний Ассамблей арваннэгдүгээр сарын 25-ны пүрэв гаригт уг мөргөлдөөнтэй холбогдуулан нэгэн тогтоолыг баталлаа. Умард Солонгосын талыг хатуу буруушаасан уг тогтоолыг 261 хүний саналаар баталсан ч татгалзсан нэг, түдгэлзсэн есөн хүн байжээ. Тус улсын Үндэсний Ассамблей уг үйл явдлыг зэвсэгт өдөөн хатгалга гэж тодорхойлсон бөгөөд Солонгос хооронд үйлчилж байсан энхийн гэрээ болон НҮБ-ын дүрмийг зөрчсөн явдал хэмээн цохон тэмдэглэлээ. Уг тогтоолд, “Хэрэв дахин өдөөн хатгалга үйлдвэл Умардын эсрэг нэн даруй шийдвэртэй арга хэмжээ авахыг Засгийн газартаа уриалж, их буугаар буудаж довтолсных нь хариуцлагыг дипломат хүчний чармайлт гарган “хөөцөлдөхийг” Засгийн газартаа үүрэг болгосон байна. Үндэсний Ассамблейн гишүүд зэвсэгт халдлагад бэлтгэлгүй, хариу арга хэмжээг цаг алдаж авсан хэмээн бухимдаж байгаа юм байна. Хэт барууны үзэлтэй гишүүдийн зүгээс Ерөнхийлөгч Ли Мен Бакийг дэндүү зөөлөн байр суурьтай байна хэмээн шүүмжилж, Чонан хөлгийг живүүлэхэд хариу арга хэмжээ аваагүй, одоо газар нутаг руу нь довтолж байхад ч гараа хумхин сууж байна гэсэн ширүүн шүүмжлэлээр бөмбөгдөхөө мартсангүй. Ийнхүү шахалтад орсон Ерөнхийлөгч өчигдөр анх удаа ард түмэндээ хандаж байр сууриа илэрхийллээ. Хэдийгээр баруун тэнгист орших таван арал дээр тэнгисийн цэргийнхээ тоог 5000 хүртэл нэмэгдүүлэхийг Засгийн газраас мэдэгдээд байгаа ч Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод амьдрал урьдийнхаараа амар амгалан үргэлжилж байна. Зовлон туулж хатуужсан ард түмэн болоод тэр үү тэдний зүгээс элдэв санаа сэтгэлийн түгшүүр, савалгаа давалгаа төдийлөн ажиглагдахгүй аж. Эндэхийн монголчууд ч тэдний адил тайван байна. Уулзсан хүмүүс Монголоос ар гэрийнхэн нь айж сандралдан утасдсаныг гайхан ярьцгааж байх юм. Мөргөлдөөн болсон арал дээр ажиллаж байсан хоёр монгол залуу ч өөр тийшээ шийлжээгүй, тэндээ байгаа гэсэн мэдээг тэд өгч байлаа.
Сөүлд ирсэн үдэш маань зөөлөн сэвсгэр цас тэнгэрээс бужигнан бууж, охид нь догдлон алхалдаж байсан бол урд шөнө тэнгэр дуугаран бороо оров. Намрын төгсгөл, өвлийнх нь эхлэл ирж байгаа бололтой.
Үргэлжлэл бий