Бид шударга үнэнг хүсэх мөртлөө түүнд дургүй, харин ч эсрэгээрээ хол байх дуртай. Үнэндээ бид ч биш байх магадлалтай шүү дээ. Үнэн өөрөө их хатуу агаад гашуун байдаг болохоор ч тэр биз. Харин тийм хатуу үнэний дуулал болсон Жорж Оруэлл зохиолчийн “1984” роман жүжиг болон бидэнд ирсэн нь театрын үзэгчдийн хувьд тансаглал хийгээд баярлууштай зүйл мөнөөс мөн. 

ЭХЭНД ӨГҮҮЛЭХ НЬ

Энэхүү улс төрийн дистоп роман болох "1984" зохиолыг та уншаагүй байж болно. Битгий ич, тэглээ ч заавал унших албагүй. Харин жүжгийг нь бол үзэх хэрэгтэй. Гэхдээ уншигч танд би тулгаагүй гэдгийг ойлгоно биз. Энэ бол жүжгийн тухай өгүүлэхийн эхэнд танд өгч буй нөхөрсөг зөвлөгөө юм шүү. Учир нь заавал зохиолыг уншсан байх шаардлагагүй гэдгийг хэлэх байна. Тэгээд ч зохиолыг уншиж байж л жүжгийг ойлгох бол “Орфей” театр романаас сэдэвлэн жүжиг болгосны хэрэг юу билээ. 

Дараа нь та уншиж ч болно, үгүй ч байж болно. Учир нь юу гэвэл эх зохиол маань жүжиг болгоход хүндрэлтэй, сэтгэл зүй, үзэл суртал, задлан шинжлэл ихтэй бөгөөд ийм зохиолын агуулга, амин сүнсийг тайзнаа буулгах ярвигтай. Гэвч жүжгийн зохиолч Я.Баяраа тун сайн дүрмийн дагуу тоглож, цэвэрхэн, ямар ч алдаа мадаггүй цэмцгэр зохиол дэвтэрлэжээ. 

Гэхдээ жүжгийн зохиолын хувьд эх романаас үйл явдлын хувьд хол зөрүүгүй байсан нь тийм ч таатай мэдрэмж төрүүлээгүй агаад гүйцэтгэл дутуу мэт санагдаж байлаа. 

Тухайн жүжгийн зохиолч Я.Баяраагийн өмнөх уран бүтээл болох Ф.М.Достоевскийн романаас сэдэвлэсэн “Гэм зэм” жүжгийн зохиол бол тун няхуур ажил бөгөөд зохиолын угсралт, драматург, дүрүүдийн монологийг онцгойлон гаргасан, цэвэр бүтээлийн шинжтэй ажил байсан юм. Тиймдээ ч тэр өөрийн ур чадвараа аль эрт баталсан гэсэн үг. Харин энэ удаа давсангүй. 

Мэдээж сонгодог зохиолуудаар монголын театрууд олон жүжиг тавьж буй нь сайн хэрэг. Гэвч романаас сэдэвлэсэн жүжгийн зохиолын онцлог, шинэ сэдэл санаа мэдрэгдсэнгүй. Ер нь “1984” роман яг эх зохиолынхоо агаараар л тайзан дээр өрөгдсөн мэт байв. Сонгодог зохиолын үйл явдлыг шат дараалан тайзан дээр өрөх нь тийм ч таатай санаа биш болов уу. 

Сонгодог зохиолууд ихэвчлэн асар өргөн утга санаа, үйл явдлыг хамардаг. Харин түүнийг тайзан дээр багтаан тавих нь өөрөө тэр чигээрээ эрсдэл юм.  Жишээлбэл “АннаКаренина”, “Инээмтгий хүн”, “Шадар гурван цэрэг” зэрэг томоохон даацтай бүтээлүүдийн бүхий л өрнөл, үйл явдал нэг бүрийг гурван цагт багтаан үзүүлж, үзэгчдийг театрын улаан сандалд хадах нь хор ч байж мэднэ. Магадгүй номыг нь уншсан, киног үзсэн үзэгчид хэдэн зуун мянган төгрөг төлж, цаг хугацаагаа зориулж байхад зүгээр л эх зохиолыг давтаж, хураангуйлж, тайзны загварт хүлчихээд үзэхгүй бол үзэгчдээ шүүмжилж, ойлгохгүй, хүлээж авахгүй байна хэмээх нь энэ цаг үед тийм ч зөв зүйл биш. Тэгэх аваас зохиолч, найруулагчийн ажил, харсан өнцөг, тэдний нийлбэр,  үзэгчдэд хүргэх гэсэн жүжгийн агуулга юу болж хувирах вэ? Харин “Гэм зэм” жүжиг бол тийм бус өөр бүтээл байсан.

ДУНД ӨГҮҮЛЭХ НЬ

“Орфей” театрын хамт олонд “1984” постдрамын жүжгийг бүтээсэнд халуун сэтгэлийн угаас талархаж байна. Зөвхөн тус жүжгийг хийх зориг зүрх гаргасных нь л төлөө шүү. 

Учир нь энэ бол эр зориг, урлагийн төлөөх чин сэтгэл, ард түмнээ сэрээн дуудах тод чиг хандлага юм. Мөн тайз, орчин, өөр мэдрэмжийг бол үнэндээ “Орфэй” театр болон М.Батболд найруулагч өгч чаддаг билээ. Цэвэр мэдрэмжийн нийлбэрүүдийг тунгаан цогцлуулснаа хангалттай үзэгчдэд бэлэг болгон өгч батлан харуулсан. 

Жүжгийн хөгжим ч зорилгодоо хүрсэн. Яг л нэг тархи түншээд байх шиг зовиур, түгшүүрийн харанга сэтгэлийн угаас гарахгүй байв. Мөн эргэлт, элдэв эмх замбараагүй байдал, эрээ цээр алдсан мунхаглалтай хамт нүргэлэх ч цаана нь нэг тийм содон уянга эгшиглэнэ. 

Ил бөгөөд далд санааг найруулагч маш сайн шигтгэсэн шиг санагдав. Бүх л хэлэмж дүүрэн байлаа. Харин бусад бүтээлүүдээсээ өөр байж чадсангүй,  ганцхан роман түүний үзэл санаа л харагдахаас бус бусад бүхий л зүйл хөндий, хоосон мэдрэмж төрүүлнэ. Эх зохиолыг уншсан хүмүүст нэг өөр, уншаагүй хүмүүст бүүр өөрийг өгч чадах тухайн нөхцөлийг М.Батболд найруулагч өөрийн эмзэглэлээрээ илэрхийлж чадаагүй нь хамгийн том алдаа.

Гэхдээ энэ тодорхойлолт бас эртэдсэн дүгнэлт байх талтай. Бүх зүйлд хоёр тал бий шүү дээ. Найруулагч хэтэрхий “монголжсон” уу, бидэнд уусаад байна уу гэмээр...Ер нь манай олон шинэ залуу уран бүтээлчид болоод ОХУ-д төгсөж ирсэн найруулагчид шинэ уур амьсгал, давлагаа, өнгө үнэр оруулан ирээдүйг гэрэлтэй болгож буй. Гэтэл тэдний жүжгүүдийг үзсэний дараа бол бид зүгээр л тэр холоос авчирсан шинэ хандлага, нэг л арга барил, гэрийн даалгавар, нэг л нөхцөлийг нь үзэн биширч байжээ гэж бодогдоно. Хэт аргацаасан маягийн зарим үзэгдлүүд, нүд хуурсан тоглолтууд энэ удаагийн жүжгээс харагдаж байсан нь харамсмаар боловч үнэн. 

Одоо та нар минь шалгалт, танилцуулга, гэрийн даалгавараа хийж дууссан бол өөрсдийгөө бидэнд бүрэн танилцуулаач. Ямар эрдэм сурсныг чинь харчихлаа, мэдэрчихлээ. Тиймээс та бүхэн өөрсдийн тамгыг тайзнаа дараач хэмээн хүсмээр байна. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ӨГҮҮЛЭХ НЬ

Тайзны бүтээлийн хамгийн шилдэг хослолуудын нэг болох МУГЖ С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг нар жүжгийг гайхалтай авч явсан, тэр нь ч дэндүү амттай байлаа. Тэд бол тайзан дээр амьдарч чаддаг хүмүүс юм. 

Сүүлийн үеийн бүх л кинонд нэгэн хэвийн уйтгартай, бүр сийлмэл мэт хувиршгүй арга барилд хүлэгдчихээд байсан, заримдаа бүр огт дүрдээ орохгүй, хуулбарлаад зөвхөн маркетингийн үүднээс киногоо чирч харагддаг жүжигчин С.Болд-Эрдэнэ энэ удаа дахин “Би энд байна” хэмээн тайзан дээрээс хашхирч, үзэгч болгоны зүрхэн дээр Уинстон Смитын дүрийг тамгалав.

Жүжгийн төгсгөлд түүнийг өрөвдөн шаналж, хувь тавиландаа гутарч, хоолой зангиран, зүгээр л босоод “Үгүй ээ би Том Ахад хайргүй, би Том Ахад хайргүй” хэмээн хажууд нь даган орилж, жагсаж, “давхарбодол” тээн, харанхуй руу уусан хамт ууршмаар болж байв.

Ялзарсан нийгмээ шүүмжилдэг ч илчилж чадаагүй Смитийг яаж, хэрхэн доголон болгов оо?Магад түүний хөл нь гэхээсээ илүү Океаны ард түмний ухамсар доголон байх шиг... Шийдэл бол супер. Гэхдээ ангасан, цангасан тайзны үзэгчийн хувиар хэлэхэд найруулагч М.Батболд жүжигчдийг улам их шахаж өгөх байсан болов уу гэж санагдана. Учир нь тэд ундарч, асгарч чадаагүй юм. Харин тэдний тоглолт амь байсан. “Дахиад намайг шахаад өгөөч, харуулмаар байна” гэх шиг дотоод дуу хоолой нь жүжиглэлт бүрээс нь мэдрэгдэнэ. Мөн найруулагч хэт их зохиолын дагуу, үзэл санаа, агуулга, хэлбэр хийцдээ шунахайрч, жүжигчдээр дамжин ирэх сэтгэл хөдлөл, мэдээлэл, мэдрэмж нь хаягдаж, ажлыг нь дутуу хийлгүүлсэн юм болов уу гэж санана. Магадгүй энэ нь өөрөө найруулагчийн онцлог болох хөдөлгөөнт дүрс, дуу хоолой, хүүрнэл нь жүжигчдийн шууд холбогдох тухайн холбоос дээр алдагдаж, тэнцвэрээ үе үе олохгүй байсантай холбоотой биз.

Жүжигчдийн сонголт бол гоц сайн. Өгүүлэхүйн уран мастер МУАЖ Г.Равдан болон МУГЖ Ц.Төмөрхуяг нар үүргээ дэндүү цэмцгэр гүйцэтгэж байлаа. Жүжгийн зарим үзэгдэлд “Би өөрөө Том Ах” мэт бүхнийг алган дээрээ ил харж, бусдын нууцыг ухан мэдэж, хажуугаас нь хэн нэгэн ховлон хүүрнэх мэт сэтгэгдэл төрүүлэх нь арзасхийм агаад нэн таатай. Гэвч Г.Равдангийн тоглосон Чаррингтоны дүр дэндүү гэмээр дутуу амилсан. Ерөөс бүтэн дүр болж чадаагүй. 

Хэдий жүжиг дууссан ч биднийг Том Ах харж байх шиг, бид зөвхөн зохиолын дагуу амьдарч буй мэт мэдрэмж хэсэгтээ л салахгүй зовоосон юм.Харин түүнийг ганц үргээж буй нь МУГЖ Д.Ганцэцэг байлаа. Таашгүй, шийдэмгий шүүлтүүрийн харц, бүхнийг цээрлүүлэгч байсан хүн хоромхон зуур л “давхарбодол” тээгч, сексийг зөвхөн үржил биш таашаал хэмээн эрээ цээргүй илэрхийлнэ. Бусдад гоо сайхныг таниулах, атгуулах чадвар түүнд л заяасан гэлтэй.

ТӨГСГӨЛД ӨГҮҮЛЭХ НЬ

Бусдаас илүү гарахыг хүсэж, хүнээс доогуур түвшинд байгаадаа бухимдаж өөр нийгмийг бүтээх, дурсамжаа эгэж чаддаггүй хүмүүсийн тэгш амьдрал энд бий. Ганц зорилгод дан бодол тээн зүтгэх нь юунд хүргэхийг, Төр буюу Том Ахад сэтгэхүйн эрх чөлөөгөө хориулснаар хэрхэн аймшигт нийгэм бүрэлдэж байгааг энэ жүжгээс харж чадна. 

Эндээс олон хүн өнгөрснийг харсан гэж буй бол, миний хувьд өнгөрсөн биш харин ч ямар ирээдүй тосож буй нь үзэгдсэн юм.Өвлийн хүйтнээс хаврын салхи хүртэл “Гэм зэм” жүжиг тавигдаж байхад залуу үе та бүхнийг оюуны сүхээ бариад гараасай, энэ бүхэнд цэг тавих, өөрчлөлт хийх, өөрсдөөсөө асуух асуулттай байгаасай гэж их хүссэн. Гэвч тийм зүйл болоогүй. Тэгвэл энэ удаад залуу үе маань их энэ жүжгийг илүүтэй үзэж оюун ухаандаа нэгийг тэврээд харих болтугай хэмээн хүснэ. 

Эрт цагт болон Францын хувьсгалын үед ч тэр тэмцэгч нарыг устгах, цаазлах явдал түгээмэл байсан агаад үүнийг нь ихэд дэмжиж, тэрхүү дэмжсэн оюун санааг үржүүлдэг байв. Харин сэтгэл болоод оюуныг нь мохоох, эмчилгээнд уусгах, бүгдийг ижил зүгт, нэг хэвийн байлгахад чиглүүлэх аваас тэд үндсээрээ бууж өгч, гутардаг гэдгийг энэ жүжгээс харж болно. Бид бүгд ялгаагүй Смиттэй хамт 101 дугаартай өрөөнөөс амьд мэнд гарч ирсэн хүмүүс. Тэмцэл дууссан, харин бид ялсан уу, ялагдсан уу? Энэ цаг үед бид бүхэн 101 дугаартай өрөөнөөс уван цуван гарч ирэх найз нөхөд, ах дүүсээ угтаж авч байна. 

Үргэлж л том айдас, том бодлого, том золиос амьдралд эргэлдэхэд, Том Ах нар ч солигдож байх жишээтэй. 

Тухайн жүжгийг нэгэн цаг үеийн Том Ах байсан хүн үзэж суугаа нь хүртэл дэндүү хоржоонтой. 

Энэ удаа та бүхэнд захиж “Том Ах харж байгаа ч, та өөрөө сэтгэж байгаа... Мартчих ваа..” хэмээн сануулъя. Бид өөрсдөө сэтгэж, бодож чаддаг, эрүүл саруул нийгмийн төлөө л зүтгэж байгаа шүү дээ. Бусдын шүтлэгийг үгүйсгэх гэсэнгүй. Гэвч эрх чөлөөтэй сэтгэх, эрүүл саруул ухамсараа дээдлэх нь бидний шүтэх ёстой хамгийн том шашин юм. ДАЙН бол ЭНХ ТАЙВАН! ЭРХ ЧӨЛӨӨ бол БООЛЧЛОЛ! ҮЛ МЭДЭХ бол ХҮЧ ЧАДАЛ!

Д.Урианхай судлалын академийн тэргүүн, хуульч Д.Гүнболд


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав