Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Батлан хамгаалахын сэргэлт” салбарын удирдах бүрэлдэхүүний зөвлөгөөнд оролцож, үг хэллээ. Тэрбээр “Сөрөн тэсвэрлэх чадавх-Батлан хамгаалах тогтолцоо”-г бэхжүүлэх зорилт Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссаныг онцлоод салбарын алба хаагчдын нийгмийн асуудлыг дэмжих тал дээр Засгийн газар тодорхой бодлого гарган ажиллаж байгааг тэмдэглэв. Тухайлбал, зэвсэгт хүчний алба хаагчдын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 25 хувь болгон нэмэгдүүлжээ. Тус салбарынхны 20 жил хүлээсэн энэ шийдвэр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.

Ерөнхий сайд үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх-батлан хамгаалах салбарын бодлого, стратеги, техник, технологийг шинэчлэх шаардлага бий. Тиймээс салбарын шинэчлэлийн бодлогоо тодорхойлж, УИХ-ын хаврын чуулганаас өмнө Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг салбарын сайдад үүрэг болголоо.

Үүний зэрэгцээ хүн бүрд эх оронч үзэл төлөвшүүлэхэд энэ салбараас төсөв харамлахгүй. Тиймээс ирээдүйд, иргэдийн хандлагад, зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хүний эрхийг дээдлэхэд анхаарал хандуулаарай гэлээ.

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Хүний хөгжлийн бодлого” нь хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн цөм байхаар тодорхойлсон. Энэ хүрээнд хүний эрхийг дээдэлсэн бодлого, зорилтыг өөрийн салбарт анхлан хэрэгжүүлэхээр зорьж, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээс ажлаа эхлүүлснээ Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт зөвлөгөөний үеэр хэллээ. Мөн “Батлан хамгаалахын сэргэлт”-ийг жинхэнэ утгаар нь авчрахад нэн түрүүнд хугацаат цэргийн албаны сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулах замаар цэргийн албаны нэр хүндийг өргөж, амьдрах орчныг сайжруулж, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд ажиллахаа тодотгов.
Зөвлөгөөнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрийн цэргийн командлал, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн удирдах бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагын дарга, захирагч, аймаг, нийслэл, дүүргийн Цэргийн штабын дарга, офицерууд оролцлоо.

ЦЭРГИЙН ДЭГЭЭС БОЛЖ ЦЭРЭГ ТАТЛАГЫГ ЖИЛД НЭГ УДАА ЗОХИОН БАЙГУУЛДАГ БОЛСОН

Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ)-ын дарга хошууч, генерал с.Ганбямба "Зэвсэгт хүчний хувьд хугацаат цэргийн албаны татлагыг жилд нэг удаа зохион байгуулж байгаа. Хилийн болон дотоодын цэрэг, улсын онцгой объектуудыг хамгаалах цэргүүдийг жилд хоёр удаа татна. Зэвсэгт хүчин 2022 оноос жилд нэг удаа цэрэг татлага зохион байгуулдаг болсон. Энэ нь нийгэмд үүсээд буй Зэвсэгт хүчинтэй холбоотой асуудлуудаас болсон. Тодруулбал цэрэгт дэг байдаг гэх асуудлаас шалтгаалж байгаа.

Жилд хоёр удаа цэрэг татлага зохион байгуулдаг байхад зургаан сар тутам шинэ цэрэг ирдэг байсан. Тэгэхээр зургаан сарын өмнө ирсэн нь ах болоод уламжлалт оны ялгаа гэх зүйл гардаг.

Өөрөөр хэлбэл хугацаат цэргийн алба хаагчид дунд харилцааны зөрчил үүсдэг. Тиймээс хугацаат цэргийн алба хаагчдыг жилд нэг удаа буюу намар татдаг болсон. Хаврын татлага зөвхөн хилийн болон дотоодын цэргийн хүрээнд зохион байгуулагдана. Тийм учраас хаврын цэрэг татлагын тухай тэдгээр байгууллагуудаас тодруулах нь зүйтэй. Цэрэг татлага гэдэг бол орон нутгийн захиргааны байгууллага зохион байгуулдаг ажил гэв.

Хугацаат цэргийн алба хаагчдыг жолооны үнэмлэхтэй, англи хэлний анхан шатны мэдлэгтэй болгох чиглэлээр ажиллаж байгаа тухай Батлан хамгаалах яамны сайд С.Бямбацогт мэдээлсэн.

Тодруулбал хугацаат цэргийн албан хаагчдад англи хэл, компьютерийн мэдлэг олгох, жолооны В ангиллын үнэмлэхтэй болгох, хугацаан цэргийн алба хаах хугацаандаа цэргийн эрдэмд сургахаас гадна өөрсдийн хүсэлтээр эрэлттэй мэргэжлийн сургалт, дадлагад хамруулна гэж мэдэгдсэн юм. Уг ажил 2025 оны хоёрдугаар улирлаас хэрэгжиж эхлэх юм.

Батлан хамгаалах яамны сайд с.Бямбацогт "Хугацаат цэргийн алба хаагчдыг англи хэл, компьютерын мэдлэгтэй болгох, жолооны сургалтад хамруулах зэрэг нь цэрэг бага татагдаад байгаа учраас авч хэрэгжүүлж буй бодлого биш. Энэ бол ердөө орчин цагтай уялдсан шийдвэр. Цэргийн алба хаагаад халагдахдаа яагаад амьдралдаа хэрэгтэй зүйлд суралцаж болохгүй гэж. Ганцхан цэргийн эрдэмд суралцах албагүй. Гадаадын улс орнуудыг харвал тухайн улсын цэргийн насны бүх хүн цэрэгт татагддаг. Монгол Улсад цэргийн насны бүх хүн цэрэгт татагдаж чадахгүй байгаа. Бүгдийг нь татах боломж ч хомс. Болж өгвөл бүгдийг нь татаж байж тухайн орны Батлан хамгаалах салбарын нэр хүнд өсч байдаг. Жишээ нь Солонгос улс төрийн албаны тухай хуульдаа заавал цэргийн алба хаасан байх шаардлагыг хатуу барьдаг. Монгол Улсад ч мөн адил үйлчилдэг. Гэхдээ оюутан цэрэг, дүйцүүлэх алба зэргээр зохицуулалт хийдэг. Дүйцүүлэх албаны босгыг өндөрсгөх чиглэлд ажиллах шаардлагатай байгаа" гэв.

 ОЛОН УЛСЫН ЖИШГЭЭР ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧ ЭРТ ТЭТГЭВЭРТ ГАРДАГ

ЗХЖШ-ын дарга хошууч, генерал С.Ганбямба "Цэргийн тэтгэврийн нас 47 болон нэмэгдэж байгаа. Харин цэргийн тэтгэвэр өвлөгдөх тал дээр хууль хэрэгжиж эхлээгүй байна. Цэргийн алба хаагч яагаад богино жил алба хаагаад тэтгэвэрт гардаг вэ гэвэл цэргийн алба өөрөө эрсдэлтэй алба. Цэргийн алба хаагчийн сургалт бэлтгэлдээ болон өдөр тутамдаа ашиглаж байгаа хэрэглэгдэхүүн нь өөрөө эрсдэл дагуулж байдаг. Жишээ нь байлдааны сумтай буу ашигладаг. Дээр нь өдөр шөнө өвөл зун гэхгүй 24 цагаар хээрийн дадлага сургуулилт хийж байдаг. Тиймээс тухайн цэргийн албан хаагчийн сэтгэл зүй болон бие бялдрын нөхцөл байдлыг харгалзан үзэх хэрэгтэй. Мөн нийгмийн харилцаанд орох асуудал нь энгийн мэргэжилтэй хүнээс ялгаатай, нээлттэй бус байдаг. Аль ч улсын зэвсэгт хүчин энгийн хүний тэтгэвэрт гарах наснаас бага байдаг. Энэ бол олон улсын жишиг.

Цэргийн алба хаагч эрэгтэй 25 жил, эмэгтэй алба хаагчид 20 жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарах эрх нээгддэг.

Эдгээр алба хаагчид цаашдын алба амьдралаа авч явахад хүндрэлтэй залуугаараа тэтгэвэрт гарч байна гэж ярьдаг. Гэхдээ хуулиараа бол насны дээд хязгаар гэж бий. Жишээ нь офицерууд 52 нас хүртлээ алба хаах эрх зүйн зохицуулалттай. Ахлагчдын хувьд 47 нас, мөн ажил мэргэжлийн хувьд нэн шаардлагатай ажил мэргэжил эрхэлж байгаа офицер, ахлагчийн алба хаах хугацааг таван жил хүртэл нэмэгдүүлэх боломж бий" гэх байр суурийг илэрхийллээ.

 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
О.Нинж
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
О.Нинж
А.Даваадулам
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав