Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат нар Хэнтий аймагт ажиллаа. 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар энэ сарын 21-22-ны өдрүүдэд Хэнтий аймагт болсон “Эрдэнэт сүргийн эзэд” малчдын чуулганд тус аймгийн нийт 18 сумын 570 гаруй малчин оролцсон юм. Чуулганы үеэр мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал, цаашдын төлөв, малын гаралтай бүтээгдэхүүний ашиг шимийг сайжруулах санал санаачилга, бэлчээрийн хомсдол, цөлжилт, малчдын нийгмийн асуудал зэрэг сэдвээр бодлого тодорхойлогчид, эрдэмтэн судлаачид, олон нийтийн төлөөллийн хамт нээлттэй хэлэлцлээ. Энэ оны байдлаар Хэнтий аймгийн мал сүргийн тоо толгой 5.1 саяд хүрсэн бөгөөд малын таваарлаг чанар, үүлдэрлэг байдлыг нэмэгдүүлж, бүс нутагтаа эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, малын эрүүл мэндэд онцгой анхаарах зорилт дэвшүүлсэн гэдгийг аймгийн удирдлагууд хэлж байлаа. 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ, Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа энэ үед  ирэх оны төсвийн бодлого “Хот, хөдөөгийн сэргэлт”-д онцгой анхаарлаа хандуулж байгааг тодотгоод, мал аж ахуй бол эдийн засгийн тулгуур салбаруудын нэг учраас тогтолцооны зохион байгуулалтыг эхлүүлэх санаачилгыг дэвшүүлэв.

Тэрбээр, хүн амын тархалт, байршил, нутаг дэвсгэрийн хэмжээ, соёл, зан заншил, байгаль-эдийн засгийн нөхцөл, хүн амд үзүүлэх үйлчилгээ, зам харилцаа, үйлдвэрлэл бизнес, хүрээлэн буй орчны асуудлуудыг цогцоор шийдвэрлэх мал аж ахуйн цоо шинэ тогтолцоо бүрдүүлэх нь зайлшгүй чухал зорилт гэдгийг тэмдэглэн хэлсэн юм. Ийм тогтолцооны зохион байгуулалтын тохиромжтой хэлбэр нь Монголын түүхэн дэх Сум-нэгдлийн тогтолцооны ололттой туршлагад тулгуурлаж, дэлхийн улс орнуудын Хоршооллын дэвшилтэт туршлагыг шингээх явдал гарцаагүй мөн гэдгийг онцоллоо. 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, "Малчин өрхүүдийн нэгдсэн холбоо" байгуулснаар малчдад хөдөлмөрөө хорших, нийтлэг эрх ашгийнхаа төлөө хамтран нэгдэж ажиллах, мал аж ахуйн үйлдвэрлэлийг жинхэнэ үйлдвэрлэгч-борлуулагч-нэмүү өртөг бүтээгч-ашгаа өөрсдөө хүртэгч системд шилжүүлэх боломж бүрдэх юм гэдгийг дурдлаа. Монгол Улсын мал аж ахуйн салбарын нийт үйлдвэрлэлийн хэмжээ 8.9 их наяд төгрөг байгаа ч мал сүргийн ашиг шимийн бууралт, мөн боломжит нөөцийг ашиглаж чадахгүй байгаагаас шалтгаалж үүнийг 2.5-3 дахин нэмэгдүүлэх боломжоо алдаж байгааг судлаачид хэлдэг. 

Хоршооллын шилдэг туршлагыг хэрэгжүүлсэн БНСУ-ын хувьд 1960-аад оны эхээр хоршооллын хөдөлгөөнийг эхлүүлж, цагаан будаа, хүнсний ногоо, мал аж ахуй, хүн орхоодой, загас агнуур, жимс жимсгэнэ гэсэн үндсэн зургаан чиглэлээр хөдөө аж ахуйг түлхүү хөгжүүлж эхэлсэн байна. Банк, санхүүгийн байгууллагуудад түшиглэн богино хугацаанд бизнес, үйл ажиллагааны бүтцийг бий болгож хоршооллын байгууллагыг анхан шатны хоршоод, мужийн холбоод, үндэсний холбоо гэсэн 3 шатлал бүхий босоо тогтолцоотойгоор зохион байгуулсны үр дүнд, тус улсын хөдөө аж ахуйн хоршооллын хөдөлгөөн нь 2.2 сая гишүүнтэй 1,131 хоршоог эгнээндээ нэгтгэжээ.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат мал аж ахуйн салбарт төрөөс баримтлах бодлого, чиглэлд малчид, иргэдээс ирүүлсэн санал, санаачилгын хэрэгжилтээс танилцуулж, малын эрүүл мэнд, индексжүүлсэн даатгалын талаар дэвшилтэт туршлага, зөвлөмж мэдээллээс хуваалцлаа. Хэнтийн аймгийн тухайд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 онд 9 сая төгрөгт хүрсэн бөгөөд ирэх онд улсын төсвийн санхүүжилтээр нийт 42 төслийг хэрэгжүүлэхээр тусгаад байгаа юм. Түүнчлэн ХХААХҮ-ийн дэд сайд М.Батхүлэгийн мэдээлснээр, Монгол Улс энэ оны 9 сарын байдлаар нийт 52 000 тонн мах экспортлоод байгаа бөгөөд ирэх онд мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, үүнд чиглэсэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих нэгдсэн бодлогыг үргэлжлүүлнэ гэв. 

“Эрдэнэт сүргийн эзэд” чуулганаар мал аж ахуйн салбарт төрөөс баримталж буй бодлого чиглэл, зорилтот төсөл хөтөлбөрүүдийг танилцуулснаас гадна, ямааны ноолуурын чанарыг сайжруулж, дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэх боломж, байгальд ээлтэй мал аж ахуй, эрчимжсэн мал аж ахуйн жишиг шийдэл, малын индексжүүлсэн даатгал зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлэн, иргэд, олон нийтийн зүгээс асуулт тавьж, санал бодлоо илэрхийлсэн юм.

Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат нар төрийн албан хаагчдын төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд, иргэдийн засаглах эрхийг цахимаар хангах “D-Parliament” платформд ирүүлсэн саналууд, орон нутгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудаас танилцуулж, мэдээлэл солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав