Охин минь алсын Наран улсаас иржминий нар мандав. Ойрын хэдэн сар инээгүйгээр мишээж, зөвхөн энэ л өдөр ээж гэдгээ мэдрэх шиг болов. Үрээ харж хагартлаа баярлах минь энэ. Би чинь гурван хүүхэд төрүүлсний ууган нь ийнхүү жил хэрийн хугацаагаар  арлын япон явчихаад ирсэн нь энэ л дээ. Хоёр дүү нь  сургуульдаа гүйгээд, тусад орж ус түлээ залгаж өгөөд би гэдэг хүн энэ хугацаанд “Юунд хамгийн том охиндоо ийн сэтгэл догдолж, тэртээ 22 жилийн өмнө төрүүлсэн үедээ эргэж буун байгаа билээ”. Хүүхдүүд цувраад сургууль эрдмийн мөр хөөж үүрээ орхин далавчаа дэвэн нисэхэд яах билээ дээ. 

Ижий минь ийм л нулимс ойр, уяхан сэтгэлийн туйл гэмээр, нугарашгүй хатан нуруу байж билээ. Ижийгээ дуурайж байгаа юм байх даа гэж өөрийгөө бодох ч шиг. Гэвч би ээж шигээ 11 хүүхэд төрүүлж, 11 удаа их сургуульд мордуулж, 11 төрлийн дээд мэргэжлийг хүүхдүүд дээ эзэмшүүлж чадаж байгаа бил үү.


Билүүтэй  уулынхаа овоондоо
Чулуу ганцыг нэмлүү дээ
Биеэ хувааж төрүүлсэн
Ээжийнхээ ачыг яалаа даа хэмээн Төрийн соёрхолт  зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуай бичсэн байдаг. Энэ бол энэрэл хайраар дүүрэн байдаг эх хүний гайхамшигт хайрыг илэрхийлсэн хэрэг.  

Ээж хүн гэдэг бол энэ хорвоогийн хамгийн агуу хайрыг зөвхөн үрдээ зориулж чаддаг хүнийг хэлнэ. Тэгвэл энэ орчлонгийн олон сайхан ээжүүдийн дотроос нэгэн ачлалт ээжийн тухай бичих гэж байна. 

Хорвоогийн мөнх бусыг үзээд олон намар болсон хэдий ч хонгор үрсийнхэн сэтгэлд ээжийнхэн  халуун дулаан хайр, үг сургааль нь өнөөдрийг хүртэл мартагдаагүй байна. 11 хүүхэд төрүүлэн өсгөж түүгээр зогсохгүй  бүх хүүхдүүдээ их дээд сургууль төгсгөн дээд боловсрол эзэмшүүлжээ.  Энэхүү ачлалт ээжийг Зэвгийн Цэдэвсүрэн гэдэг. Төв аймгийн Баян-Өнжүүлд төрж өсөн хүүхэд насаа өнгөрөөсөн тэрээр  хорин хэдэн насандаа бүсгүй хүний жамын дагуу хадамын босго алхаж Хэнтий аймгийн бэр болон очжээ.  


Нөхөр Манлай нь жолооч хүн байсан бол харин Цэдэвсүрэн гуай тогооч хүн байжээ. Тэд гал голомтоо бадраан 11  хүүхдийн ээж аав өнөр өтгөн амьдарчээ. Нөхөр нь жолооч хийхийн хажуугаар үхэр тэрэг хийж зардаг. Мөн монголын радиогийн “Москвагаас ярьж байна” нэвтрүүлэгт  оролцож, тухайн нэвтрүүлгээсээ  шагнал хүртэл хүртсэн оюунлаг нэгэн  байжээ. 

Залуу хосууд аз жаргалтай үрсээ тойруулан амьдарсан ч тэдний амьдралд хагацалын сүүдэр унаж хайрт  нөхөр нь хорвоогийн мөнх бусыг цэл залуухнаараа үзүүлжээ. Дөнгөж дөчин есхөн настай залуухан эмэгтэй ийнхүү бэлэвсэрч үлджээ. Том эгч, том хүү хоёр нь өрх толгойлж тусдаа гарч, дараах дүү  нь дөнгөж цэргээс ирсэн байж. Удаах охин нь оюутан, түүний дүү охин нь аравдугаар анги төгсөж их сургуульдаа орох конкурсаа ганцаараа явж өгөөд Монгол Улсын Их сургуулийн хуваарь авч байсан тухайгаа дурсаж байв. Үүнээс гадна дүү нар нь арван тав, арван хоёр, ес, долоо, дөрвөн настай хүүхдүүд үлдэж байжээ. Энэ бол 1985 он.  

 

Залуухан эмэгтэй хэдэн хүүхэдтэйгээ ийнхүү хорвоогийн хатуу нугачаанд хайрт ханиасаа хагацсан ч амьдралыг өөрийн гараар босгож үрсээ хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэжээ. 

Тухайлбал, том охин М.Наранцэцэг нь МУБИС-ын орос хэлний багш, хүү М.Гантөмөр нь Политекникийн дээд сургуулийн авто инженер,  М.Ганболд  Дархан хотын политекникум- цахилгаанчин, М.Оюунцэцэг орос  хэлний багш, М.Алтанцэцэг МУИС-ийн “Бараа судлал”, мөн Их Засаг Олон улсын Их сургуулийн эрхзүйч, нотариатч, М.Ганхуяг АУДС-ийн мэс заслын их эмч, М.Мөнхцэцэг ХААИС, “Цэцээ гүн” төрийн захиргаа менежмент, М.Ган-Эрдэнэ ШУТИС авто замын инженер, М.Эрдэнэцэцэг МУБИС, М.Гантогтох ХААИС, “Газар зохион байгуулагч”,савто замын салбарт ажиллаж байна. 

Хүүхдүүд нь  ээжийнхээ  тухай дурсахдаа “Ээж минь энэ амьдралын төлөө нугаршгүй зүтгэсэн хүн. Одоо бодоход олон хүүхдийг өсгөхөд бэрх байсан нь мэдээж. Ээж их эртэч өглөө сэрэхэд л гэр дулаахан, өглөөний цай бэлэн байдаг байлаа. Биднийг жагсааж байгаад нийтийн  халуун усанд оруулдаг сан. Ийм олон хүүхэдтэй хэрнээ ээж минь их цэвэрч, цэмцгэр байсан. “Цэвэрч нямбай өрх” хүртэл болж байлаа. Биднийг бүгдийг нь л их дээд сургууль төгсгөсөн. Сурсан эрдэмээрээ л амьдралаа авч яваарай гэсэн нь сургаалийг бид ч мөн л дагасан. Ээж минь биднийг унтуулчихаад ганцаараа их уйлдаг байсан” гэдэг.  Ямар их ганцаардаж, шаналж байсан бол доо гэж бодохоор өрөвддөг” хэмээн ярьж байлаа.  


Энэ хорвоод эмэгтэй хүн болж төрөх, тэр тусмаа ээж болно гэдэг юутай сайхан. Төрүүлсэн үрсээ хүний дайтай өсгөнө гэдэг  ээж хүний эгнэшгүй их ухаан билээ.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
А.Доржханд

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав