Байгаль дэлхий цавгаа хуу татан хаяж, хөнгөн нимгэн хорвоог цэнхэртүүлэн, хаврын ариухан сайхан өдрүүдийг бидний амьдралд бэлэглэж байна.

Цагийн сайхан хавар ийнхүү сэтгэл зүрхийг нялхруулан эзэмдэж, удаан удаан амьдрах уужим хүслэнг авчрана. Хүн малын зоо тэнийн тайтгарч, ирэх цагийн сайхныг гэгэлзэн угтдаг ийм яруухан үеийг энэ л өнгө аясаар нь байлгамаар… Гэвч энэ удаад лав мөнөөх гайтай улс төр бас л булаах шинж ороод явчихлаа. Уг нь хаврыг хавар чигээр нь л авмаар байна.

Удахгүй болох ерөнхийлөгчийн сонгууль угтсан улс төржилт урьхан, сайхан хаврыг ийнхүү  гутааж эхэллээ. Уг нь ядруу зутруу хүндхэн цаг үеийг туулж яваа бидэнд ирэх цагийн гэрэл гэгээг тээж ирсэн юм шиг, итгэл найдварын ийм сайхан хаврыг алдмааргүй байх юм.

Нийгэм маань улайстал улс төрждөг утгагүй байдлаасаа залхаж эхэлсний л шинж энэ байх даа. Аргагүй дээ улс төр зуныг, намрыг, наадмыг, ер нь байгаа болгоныг минь биднээс булаасаар байна бус уу. Булааж байгаагаа мэддэггүй. Өгөөд л байна гэж боддогт хамаг учир нь байгаа юм шиг. Улстөрчдийн амнаас өгсөн тухай л өр шир дагуулсан үг унаж ирээд байна. Одоо улам идэвхжих байх. Хүүхдийн мөнгө өглөө л гэнэ. Шинээр гэрлэгсдэд  бас өгчихсөн л гэнэ. Тэтгэвэр нэмсэн ч гэнэ, төрийн албан хаагчдын цалинг өсгөсөн л гэнэ. Өгсөн…өгсөн..өгсөн.

Авсан тухай яриа харин байхгүй. Цагаан цайлган ард түмнийхээ итгэл сэтгэлийг авч гарч ирснээ бол дурьдахгүй. Ийм л нэг сонин харьцаа ажиглагдах болсоор удаж байна.

Энэ хорвоод хамгийн үнэтэй юм ер нь юу юм бэ. Итгэл, сэтгэл хоёр биш гэж үү. Гэвч явсаар энэ хоёр шиг үнэгүй юм алга болж хувирчээ.

Монголчууд төрийнхөө сонгуулийг баяр наадам шиг хүлээж авдаг, хамгийн гоё дээлээ өмсөөд, хамгийн сайхан морио унаж очдог байсан цаг саяхан. Гэвч одоо тэр хүндэтгэл бидний амьдралаас хаашаа ч юм хийсэн алга болжээ. Улайстал улс төржсөөр байгаад, улаантан цагаантан болж талцсаар байгаад, хэрэлдэж уралцсаар байгаад залхаж, алжаасан нь тэр. Сонгууль хийж байгаа нь гэж улс орноо хэрүүл хараалын бузар шингэтэл туйлдуулж хаясан нь энэ. Явсаар амьдралын яруу сайхан болгонд сэвээ тусгасаар, улирлын сайхныг ч уусган авч оддог болжээ.

Хөдөөгүүр хүмүүс ярьж байна. Бага л хэрэлдээсэй гэж. Сонгуулиас болж монголд хэрүүлийн бузар шингэчихээд өөдлөхгүй байна гэж. Нэг нэгийгээ өөдийн бараа харуулахгүй хараар будаж, хараал зүхлээр халуурдгаа болиосой. Тайван, санаа сэтгэлдээ элдэв буруу дэвгүй амьдрахсан гэж шулуухан хэлцгээж байна. Хүмүүс улс төржихөөс залхаж байгаагаа ийнхүү илэрхийлж байна.

Маргааш намууд хурлуудаа хийж өөр өөрийн нэр дэвшигчээ тодруулна. Нөгөөдрөөс хар PR-ийн ширүүн давалгаа эхлэнэ. Хаашаа оръё доо гэж сонгогчид ярьж байна. Улс төр ингэтэл олон түмнийг залхаажээ.

Тэгэхээр энэ удаагийн сонгуулийг ёс суртахуунтай, аядуу, зөөлөн уур амьсгалтай хийвэл яасан юм. Тэдэнд шийдвэрээ гаргах бололцоог нь олгож, бодох, тунгаах эрхийг нь өгч, сэтгэл зүйн хувьд амар тайван байдлаар хангавал ямар вэ.

Тэгж байж олон түмэн маань төрийн нурууг төвшитгөсөн, ултай, нуруутай сонголт хийх бус уу. Хөөсруулж, уухируулж, санаа сэтгэлийн тэнцвэрийг нь салам алдагдуулж байгаад эцэст нь буруу сонголт хийлгэчихвэл хэн хохирох вэ. Ерөөсөө л монгол өөрөө хохирно шүү дээ. Монголоо монголоор нь авч үлдэх, монгол төрийн ноён нурууг ийш тийш годгонуулалгүй төвшин сайхан авч явах, хүнийхээ хувьд хөнгөн шингэн биш, элдэв буруу үйлд хутгалдаагүй, хэн болохоо таниулан нотолж чадсан, улс төрийн хатуу бэрх амьдралд хат сууж тэгширсэн тийм л нэгэн лидерийг бид сонгох ёстой. Тэгж чадвал л монгол төрийн голомт батжина.

Намуудын үзэл суртал хариуцсан багуудийн нэн тэргүүнд анхаарах зүйл хавтгайрсан үзэн ядалт, үгүйсгэл, гүжир гүтгэлэг, эз дийлж мөнгөөр зодсон аархуу байдал аль алиныг гаргуулахгүй байхад анхаарч ажиллах явдал юм. Ард түмний сэтгэлд өнгөрсөн долоон сарын нэгнээс гагцхүү айдас хүйдэс л үлдсэн гэдгийг хаа хаанаа бодолцох ёстой. Сэтгэл зүйн ийм эмзэг байдал дээр нь савалгаатуулсан бохир өрсөлдөөнөөр булаад эхлэвэл ахиад ямар ч эвгүй байдал үүсэхийг үгүйсгэх аргагүй. Монголчууд төв талбай дээрээ хөдсөн дах нөмөрч хэвчихээд, өлсөж цангаж, жагсаж цуглаж байж хуучин нийгмийг халсан алдарт ерэн оны хувьсгалаар ч нэг нэгнийхээ нармайг нээгээгүй гайхам түүхтэй. Гэтэл өнгөрсөн зуны сонгуулиар буун дуу гарч, таван иргэнээ буудан хороож, хэдэн арваар нь шархдуулж, хотынхоо хоймрыг галдан шатааж, хөгшид нь уйлж хүүхэд нь айж, залуус нь орон шоронгийн үүд татахдаа хүрсэн аймшигт явдлыг үзсэн. Ахиад дотроо алалдах эрх байхгүй. Амаа ангайгаад бишдээд ирвэл залгихад бэлэн анаж суугаа хоёр том барын дунд айж ичихээ мэдэхгүй ингэж дотроо ноцолдож байдгаа болимоор байна.

Аргаа бараад эдийн засгийн хямралтай, элдэв хэл үгтэй, тарчигхан аж төрж байгаа ч угтаж сурсан, үдэж сурсан урьхан сайхан хавраа харамлан гуйж  байхав дээ… Хаврыг хавраар нь л авмаар байна. Хавраар нь гэж.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав