Уншигч таны хамгийн хайртай, дотны амьтан гэнэт алга болчихвол яах вэ? Түүнийгээ маш ихээр санаж, магадгүй хаана, юу хийж явааг нь төсөөлөн бодож ч мэдэх юм. Зарим үед хэрхэн өлсөж, даарч байгаа бол гэж бодохоос ч зүрхшээх нь бий. Харин тийм үед Баддигаа алдсан нэгэн охины түүх танд туслах болно.

Номоор дамжуулан хүнд урам зориг өгч, ганцаардалд хүртэл хань болох нь бий. Гэхдээ түүнийг ямар аргаар илэрхийлж, бусдад зөв, эерэгээр ойлгуулах вэ гэдэг чухал. Харин эл номд алга болсон нохойгоо хэрхэн, юу хийж явааг төсөөлөн, түүгээр дамжуулан хамтдаа байх үеийн дурсамжийг ахин бүтээж, юунд дуртай, ямар нохой байсныг нь уншигчдад давхар таниулж өгч байна.

Нөгөө талаас дүрийн хөгжүүлэлт дээр уран сайхны хэтрүүлгэ бий болгож Бадди хэмээх нохойг хүнчилж, олон дүрд хувиргасан нь уншихад зугаатай байхаас гадна дүрийн агуулгыг олон талаас баяжуулж өгчээ.

Энэхүү бүтээлийг зураач, зохиолч Б.Энх-Оюун өөрийн хайртай нохой Баддид зориулан бүтээсэн агаад “Гэрэн” хүүхдийн номын редакциас эрхлэн хэвлүүлжээ.

БАДДИ ЮУ ХИЙЖ БАЙГАА ВЭ?

 

Хайртай нохой Баддигаа алдсан жаахан охин түүнийгээ олох гэж чадах бүхнээ хийжээ. Гэхдээ нохой нь олдсонгүй. Заримдаа тэр Бадди минь юу хийж яваа бол? хэмээн бодно. Ингэснээр нохойныхоо зан чанар, дуртай зүйлсийг нь хүртэл нэхэн санаж, дурсамж дотроо хайртай амьтнаа амилуулж байна.

Ийнхүү дүрийн бодлоор дамжуулан бид уг зурагт номын гол эзэнтэй танилцах юм. Төрөл бүрийн амттанд дуртай учраас Бадди тогооч болсон уу, ухаантай нохой болохоор шидэт эм гаргаж авахаар ажиллаж байгаа юу, гунигтай хөгжимчин болсон уу, баяраар зайрмаг зарж, орой нь циркт үзүүлбэр үзүүлж байна уу? Ийнхүү охины төсөөлөл бүхний биелэл болсон Баддигийн олон дүр төрх, хуудсаас хуудас дамжин амилна.

Тэр нээрээ юу байгаа вэ? Уншигч та бүхэн ч бас хариулах гээд оролдож болно шүү дээ.

АСУУЛТААС УРГАСАН ДҮР

 

Тус зурагт номын зохиолын онцлог нь тухайлсан төсөөллөөс дараагийн асуултууд урган гарна. Жишээ нь Бадди насан туршийн хайраа олж, хөөрхөн гөлөгнүүдтэй болсон байж мэднэ хэмээн нохойгоо алдсан охин бодох боловч энэ эцсийн хариулт биш. Учир нь Бадди хэтэрхий залуухан тул ажилд л орсон байх гэх мэтээр үргэлжилнэ.

Эсвээс бид Баддид хоолноосоо өгдөггүй байсан учир гомдоод, гунигтай дуу зохиодог хөгжимчин болсон юм болов уу гэх буюу гунигтай хөгжмийг нь хэн ч тоохгүй байсаар буруу замаар ороод муу нохой болчихсон юм биш биз дээ хэмээн зовних жишээтэй.

Үүнээс үзэхэд тус зохиолын хөгжүүлэлт нь дундаа огт тасалдаж, дүрийн хувьд эрс үсрэлт хийгээгүй цуг бүхэллэг текстийн чанартай. Тиймээс ч зүгээр нэг зурагт ном бус нарийн анхаарал шаардах бүтээл ч байх талтай.

Эцэст нь Бадди хаана, юу хийж яваагаас үл шалтгаалан “намайг санадаг л байгаасай” гэх эзний бодол гол зангилаа болж дуусна. Учир нь зохиолч нохойгоо маш их санаж, дурсаж буй сэтгэлээ бяцхан охины түүхээр харуулж буй юм шүү дээ.

ХАМТЫН АЯЛАЛ

Өөр нэг онцлог бол уншигчид Баддитай хамт аялалд гарах юм. Зургийн хувьд улаан, шаргал гээд илүүтэй дулаан өнгөнүүд зонхилжээ. Харин Бадди эзнийхээ төсөөлснөөр тун чиг ухаантай нохой учраас усан дор шумбаж, бүр сансарт хүртэл аялана. Энэ нь зурагт номоор дамжуулан өөр өөр газарт очиж үзэх цоо шинэ аялалд уншигчийг хөтөлнө.

Баддитай хамт нохойнуудад зайрмаг зарж, циркт үзүүлбэр үзүүлж, лабраторид шидэт эм гаргаж авахыг оролдоно. Магадгүй түүнийг эзэнтэй нь уулзуулахыг хүсэх юм бол өөрсдийн шинэ адал явдлыг Баддитай хамтран зохиож болох юм.

Ном бол уншигчийн төсөөллийн хязгаарыг тэлж, хэзээ ч аваагүй мэдрэмжүүдэд хөтөлж байдаг. Гэхдээ энэ нь тухайн бүтээлийн гол үүрэг биш. Ямар нэгэн үүрэг ноогдуулалгүйгээр бүтээсэн ийм чөлөөтэй сэтгэхүй, үйл явдлын үнэн л бяцхан уншигчдад шинэ ертөнцийг бэлэглэж чадна.

“Бадди юу хийж яваа бол?” зурагт номын гол утга, үнэ цэн товчхондоо энэ билээ. Цааш ямар гүнзгий агуулга, өөр содон учир шалтгааныг тээсэн бүтээл болохыг хүн бүр өөр өөрөөр тайлж, ойлгож тунгаах биз. Тэрхүү эрх чөлөөг уншигчдадаа үлдээе.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав