Манай улс төрийн хоёр голлох хүчин хамтарч засаг бариад явж байна. Эрх баригч МАХН-ыг нэг хэсэг нь АН-тай биш Алтангадастай дэр нэгтгэсэн гэж ширэв татдаг ч албан ёсны баримтаар бол яах аргагүй ах намууд хамтраад явж байгаа нь үнэн билээ. Механик нэгдэл, намтай биш нэг бүлэглэлтэй л нийлээд төрийн хоймор түр заларч байна гэх маягийн явган хэрүүл одоо сонин биш болжээ. Хэдий болтол бид иймэрхүү хорон хэл үгээр хоол хийж явах билээ.
Гэвч сүрхий эв түнжинтэй аж төрж байсан хоёр айлын дунд нийслэлийн АН-ын дарга С.Эрдэнийг анхан шатны шүүхээс “ялласан” явдал тогоо шанагаа тачигнуулсан явган хэрүүл тарьчихлаа. Шинэхэн дэд сайд Д.Нямхүү нэг бичиг хийгээд өгчихсөн нь МАХН-ын хатагтайгаар удирдуулж байгаа яамных нь бодлоготой харгалдсан гэсэн үндэслэлээр донго авч, сандал ширээ нь доргихоос айхдаа гүйж очоод нөгөө бичгээ буцаагаад татсан ч гэх шиг. Тийм бичиг том толгойлон хийж өгснөөсөө болж хоёр намын даргаас банга хүртсэн ч гэх шиг. Нэг талаасаа аврах санаатай ч гүйсэн юм шиг, нөгөө талаасаа алах ч юм хийчихсэн юм шиг. Ийм нэг холион бантанг тарьж орхисон дээр цаадуул нь хөөрхөн дөрөөлөөд нэгийг нь хойшоо аччихжээ.
Айлуудын эв ингэж хагарав. АН хамтарснаасаа хойш амандаа чихэр үмхсэн мэт аятай, нийцтэй байж ирсэн ч арга буюу сая мэдэгдэл гаргаж чулуудлаа. Алтанхуяг наашаа харж уурсаж, цаашаа харж аргадаж үйлээ л үзэж байх шиг байна. Намын даргын хувьд үүргээ биелүүлэхээс өөр аргагүй шахаанд намыхан нь түүнийг оруулжээ. Угаасаа хамтарсан засгийн бялуунаас хүртэж чадаагүй үлдсэн ууртай хэсгийнхэн ийм гал асаад ирж байхад юунд тос шидэхгүй орхих билээ.
Харин МАХН-ныхан үл тоосон байртай, сүрхий ихэмсэг загнаж харагдана. Уг нь энэ авир буруу. Ингээд завсар орчихсон сэтгэлийг эргээд загасны цавуугаар наах гэж илүү төвөгтэй зовлон үүсч байгааг тооцох ёстой. Ийм түнжин хагарсан айлын тооноор захын партизан чулуу шидэж таарна. Түрүүчээсээ Д.Нямхүүгийн толгойг хагална гээд ханцуйндаа чулуутай отож байгаа сураг ч чих дэлсэж байна. Байдал ийн хурцадлаа.
Эрдэнийг тойрсон энэ асуудлын хаана нь ч эрүүгийн хуулийн гажгийг хөндсөн ултай дүгнэлт үзэгдэхгүй байна
Улс төрийн гэх малгайтай хэргүүдээр шүүхийнхний сейф дүүрч, улс төрийн захиалгат хэргээр ял хүлээсэн хүмүүс “Ганц худаг”-т өдрөөс өдөрт нэмэгдэж байна. С.Эрдэнэд үүсгэсэн эрүүгийн хэрэг гэгч үнэнийг хэлэхэд ямар ч нотлох баримтгүй хэрэг. Энэ хэрэгт нь тухайн үед НДЕГ-ыг удирдаж байсан С.Эрдэнийн гарын үсэгтэй ямар нэгэн даалгавар, ямар нэгэн тушаал шийдвэр байдаггүй. Зөвхөн ганц хоёр хүний аман мэдүүлэг, хардагчдын матаас, түүнийг УИХ-д хөл тавиулахгүй гэсэн улс төрийн захиалга гурав дээр түшиглэсэн үйл ажиллагаа байдаг. С.Эрдэнэ энэ хэрэгт холбогдолгүй гэсэн баримт бичгүүдийг шат шатны байгууллагуудыг төлөөлсөн албан хаагчид гаргаж өгсөн байхыг хамгийн сүүлд түүнтэй ярилцлага хийх үеэрээ уншиж танилцаж байсан. Гэхдээ түүний гэм буруугүй болохыг нотлосон тэдгээр баримтуудыг шүүх нотлох баримтаар тооцож аваагүй.
Хуулийнх нь зүйлчлэл өөрөө буруу зүйлчлэл байсан талаар ч хуульчид ярьж байна. Ер нь манай эрүүгийн хууль араасаа үй түмэн гажуудлыг дагуулж байна. Эрүүгийн хууль, эрүүгийн байцаан шийтгэх хуулийг өөрчлөхгүйгээр энэ улс орны уур амьсгал нааштай сайхнаар эргэхгүй гэдэг нь улам тодорхой харагдах боллоо. Гэвч хуулийг “хийсэн” улсууд нь бүгд энэн шиг сайн хууль байхгүй гэж тас хамгаалсаар байна. Энэ хуулийг хийсэн улсууд өөрсдөө ч эргээд нэгэн цагт энэндээ орогдоод унана гэдгээ эрхбиш харж баймаар юм
Манай нөхдүүд ёстой аймаар гоё шинэчилчихсэн, төгс төгөлдөр хуультай болчихсон л гээд гөрдөж хамгаалаад байдаг. Үнэн хэрэгтээ социалист системийн үеийн хууль нь бараг хэвээрээ, цаасан дээрээ л соц гэдэг толгойг нь л аваад хаячихсан байхгүй юу гэж улайн цайм хэлэх хуульчид олон байна.
За яахав, ингээд яваад байя гэж бодъё. Алга ташаад л нэг нэгийгээ шоронд хийгээд байя. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг цээжээрээ хамгаалдаг улсууд шүүх хурлуудын процессыг ажиглаж л байдаг байх. С.Эрдэнийг ялласан шүүх хурал дээр шүүгчид урьдаас бэлдчихсэн тогтоол барьж орж ирээд хээв нэг уншчихаж байхыг хараа болов уу. Хүн бүхэн хэлж байсан. Энгийн ухамсрын төвшинд тооцоод үзсэн ч шүүх бүрэлдэхүүн тэр хэмжээний дүгнэлт бүхий тогтоолыг ямар хугацаанд бэлтгэх вэ. Гэтэл манай нөхдүүд гарч орж ирээд л уншчихсан. Энэ бүхэн урьдаас бэлтгэчихсэн тогтоол гэдгийг нь хэлээд байна шүү дээ. Олон хэрэг дээр энэ байдал ажиглагддаг. Шүүх дээр хуулийн дагуух стандарт үйл ажиллагаа явагдахаа болиод удлаа. Уг нь прокурор, өмгөөлөгч нарын мэтгэлцээн дундаас шүүгч хууль ёсны дагуу дүгнэлтээ хийж эцсийн шийдвэрийг гаргах ёстой. Гэтэл тэнд мэтгэлцээн амьд шинжээрээ бараг явагддаггүй. Дээр нь өмгөөллийнх нөлөөлөл гэж огт байхгүй болсон.
Гаднаасаа шүүх, прокурор, өмгөөлөл гэсэн гурван том тулгуур субьект хүний хувь заяатай холбоотой асуудлуудыг цэгцэлж байдаг шиг. Гэтэл манайд өнөөдрийн байдлаар өмгөөллийнх нь үүрэг байхгүй болчихоод байна. Тэр талынхан ердөө тайлбар гаргадаг, хүсэлт тавьдаг субьект болж хувирсан. Өмгөөллийн ажиллагаа нөгөө алдарт хуулийн маань л золиос болчихсон гэсэн үг. Өмгөөлөгчдийг сонсдог, хүндэтгэдэг, тэдний эрхийг эдлүүлдэг систем албан бусаар өнөө цагийн улс төржсөн шүүхийн үйл ажиллагаанаас арчигдаад байна. Явсаар энэ эрүүгийн байцаан шийтгэх хууль Монгол гэдэг улсад тохирсон эд биш гэдэг нь улам батлагдаад байгаа байх шиг.
Хүмүүсийн хувь заяанд хэтэрхий хайнга хандаж байна
С.Эрдэнийг ингээд улс төрийн даалгавраар яллачихдаг юм байж. Дагалдуулж бусад хүмүүсийг яллаж байгааг хүмүүс үнэхээр ойлгохгүй байна. Угаасаа ч ойлгогдохын аргагүй үйл явдал болчихлоо. Энгийн үгээр хэлэхэд тэд чинь ажил л хийсэн улсууд шүү дээ. С.Эрдэнийг сонгуульд ялахад тусалсан байна гэсэн хийсвэр дүгнэлтээр тэр хүмүүсийг хоморголон яллаж болно гэж үү. Сонгуульд ялсан хүнийг нь ялагдсан хүнийх нь гомдлоор шоронд хийгээд байвал ардчилсан монгол ямар монгол болж хувирах юм бэ. Хэн нэгнийг ял өгөөд, ах дүү амраг саданг нь уйлуулан хайлуулан шорон руу ачих амархан болов. Тэр амархан ажиллагааг харсаар байгаад нийгмийн нүд дасч, сэтгэл хөрч байна. Алхаа тогшин дуугаа өндөрсгөж байгаа шүүгчийн гарт хүний амьдрал, хувь тавилангийн асуудал үнгэгдэн унаж байгааг бодохоос аймшигтай. Алх тогшин төрийн нэрээр зандарч, толгойтныг гудайлгах амархан. Хүний амьдралд хувь тавилангаа өгсөж уруудан байж олж авах, барьж байгуулах хичнээн үнэ цэнэтэй, хичнээн хэцүү бэрх билээ. Гэтэл нэгхэн хормын дотор тэрийг нь базаад шидчих амархан болж. Дээд хүмүүс хүссэн л бол гүйцээ. Үнэхээр бүх зүйл амархан болжээ.
Улс төрийн захиалгаар ажиллаж, тэдний захиалсан шийдвэрийг гаргахын тулд л манай улсад шүүх засаглал оршдог гэж үзэхэд буруудах юмгүй болсон байна. Хар хүчний зэвүүн салхи монгол орныг ийнхүү нөмөрч байна. Хэзээ урь унаж, хэзээ энэ муухай мөсөн давхарга хайлан алга болох бол.
Эрдэнийг бодохоор элэг эмтэрч байна. Энэ хүний амьдрал одоо л нэг сэтгэлээр бол тавирч байсан юмсан. Хал үзэж, халуун чулуу долоож, унаж босч явсан түүнийг дараагийн шатны шүүх цагаатгах биз ээ хэмээн найднам.