Монгол Улсын Ерөнхийлөгч ээлжит зар­лигаа гаргаж шагналын хур буул­гаад хоёр гуравхан хонож байна. Гэвч хүмүүс баярлахаасаа илүү бухимдсан нь сонин. Интернет сайтуудын хэрэг­лэгчид тэр чигээрээ эсэргүүцэн харааж зүхсэн бол,  гудамжаар явж байгаа эн­гийн иргэд мөн л  “арай ч дээ” гэсэн дүг­нэлттэй толгой сэгсэрч байх. Сүүл­дээ нэг зүйл ойлгогдохоо болив. Шаг­насан, шаг­нуул­сан хоёрын аль нь бу­руу­­тай болох нь тодорхойгүй болж хуви­рав. Нээрээ хэн нь буруутай юм бол.
Энэ удаа төрийн дээд одон ме­даль хүртсэн хүмүүс дотор нийтээрээ хүлээн зөвшөөрч, өмнөөс нь өөрөө шагнуулсан юм шиг баярлан хүлээж авч байгаа, олны ярьдгаар эзнээ олсон гэх үнэлгээг авч буй олон хүн байгааг ч хэлэх ёстой байх. Тухайл­бал, төгөлдөр хуурч Т.Цолмон, жүжиг­чин Г.Мягмарнаран, уул уурхайн сал­барын цорын ганц эмэгтэй захирал Ц.Гарам­жав, эмч, багш нар, телеви­зийн уран бүтээлчид, цэрэг армийн зүтгэлт­нүүдийг энгэрээ мялаалгасанд олон хүн талархаж байна. Харин ний­тийн дууны ханхүү, хатан хаан хэмээн өргөмж­лөгддөг дуучин С.Жавхлан, Т.Баясгалан, мөн дуучин Ч.Бат-Эрдэнэ нар шүүмжлэлийн хар сал­хиар хайр найргүй балбуулж байх юм. Төр шагналаа. Тэд мэхийн гардаж авлаа. Үүний төлөө тэдгээр залуусыг хэдэн өдрийн турш амтай болгон харааж зүхэв. Сүүлийн өдрүүдийн энэхүү аяг ааш нэг талаас манайхны бү­дүүлэг, тамын тогооны атгаг сэт­гэлийг инээд хүрмээр тод илтгэн харуулав. Хэн нэгний амьдралд баяртай үйл явдал тохиолдоход хөндлөнгөөс шүүрч аван цусны даралтаа ихэстэл уурсч бухимддаг улсууд дэлхийд манайхаас өөр хаа ч байдаггүй байж мэднэ. Нэг талаас энэ бол хоцрогдол. Дулмаа шагнуулах нь Дорж бид хоёрт ёстой падлий ч байхгүй явдал биз дээ. Гэвч манайд байдал тийм биш байдаг нь хачин. Үгүй ер, тэрийг шагначихаад манийг алгасаад байхдаа яадаг юм. Нэгий­гээ үзнээ гээд л гараад гүйдэг. Аягүй бол бас баахан бичиг цаас үйлдэж Ерөнхийлөгчийн Тамгын газар луу илгээнэ. Энэ жишгээр бол одоо Ерөнхийлөгчийн Тамгын газрыг шагнуулахыг горилогсдын тодорхой­лолт багтаах шингээх газаргүй болтол дарж байгаа байх. Зарим хүний үзэж байгаагаар тэр хавиар ийм ажилд гаршсан, одонгийн ченжүүд ч олшир­сон  гэх. Энэ ч бас нэг ээлжит хардлага байж болно. Гэхдээ нэгэнт буруу үзэгдэл газар авсан л бол тэр зүгт хаягласан хардлага сэрдлэг хавтгай­рах нь зүйн хэрэг. Одоо олны ам хазаарлагдахгүй. 
Нөгөө талаас яг мэргэжлийн тавцан дээр эзэлж байгаа жин бангаар нь аваад үзэхэд шүүмжлэхээс өөр аргагүй шалтгаан бас байдаг. Атаач, нэгийгээ дээшээ гарч, сайн явахад ясны дургүй мон­гол зангийн нөгөө талд дээрх мэргэжлийн ертөнцөд нь үйлчлэх ёстой зарчмын гэж болохуйц шалт­гаанаар хориг тавьж бас болох юм. 
Хүн баярлуулна, хэн нэгнийг ял цаазаас өршөөн хэлтрүүлнэ гэдэг асар том буянт үйл байх. Ерөн­хийлөг­чийг энэ хэлбэрийн буяныг байн байн, бараг шалтгаангүй шахам өдрүүдэд л зарлиг гаргаад хавтгайруулан үйлдэж байна гэж шүүмжлэх хэсэг байдаг. Харин шашинтныхаа хувьд тэр энэ зэргийн шүүмжлэлийг авч хэлэлц­дэггүй юм шиг. Учир нь нэг их засар­сан, нягт нямбай хандлага төдийлөн илэрдэггүй. Иргэдээ шагнаснаас болж идүүлж суух бараг яамай санагддаг байхыг хэн мэдлээ. Юутай ч энэ үзэгдлийн эхлэлийг хальт мөшгиж үзье. 

ГАВЬЯАТЫГ ГАЙД ГАРГАХЫН ЭХЛЭЛИЙГ П.ОЧИРБАТ ТАВЬСАН
Шагналаас болж өмнөх хоёр Ерөнхийлөгч ч хатуу үг дуулж байсан. Мэдээж анхных нь хээгүй хэмээх П.Очирбат. Түүний үед гавьяа шагнал олгох төрийн цензурт салхи орж, илүү нээлттэй болсон. Ардчилсан Монгол орны анхны ерөнхийлөгч шүү дээ. Алдаа ч бий, оноо ч бий байх.
 Эдүгээ эрийн цээнд хүрсэн гавь­яатуут болох Г.Эрдэнэбат, Ц.Түвшин­төгс, Д.Сосорбарам нар түүний үед нэг дор Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртэж байлаа. Нэрт жүжигчин Д.Сосорбарам театр кинонд хэн болохоо зарлачихсан, нөгөө хоёр нь дуурийн театрт гоцолж байсан үе шүү дээ. Гэвч тэр үеийн олон нийт шүүм­жилж л байсан. Нэг хэсэгтээ л энэ асуудал амны зугаа болж байлаа. 
Оожгоо Ерөнхийлөгч ийм харам­гүй загнаж чадсан атлаа алдарт П.Адарсүрэнгээ Баянхошууны авто­бу­санд дуулж явахад дуудаж авчраад тэр тэмдгээ зүүгээд өгчихөөгүй л юм даа. Завханыхан түүнд зөвхөн үүнээс нь болоод уурладаг ч байж мэдэх юм. 
Үүнийг бичигч би вээр П.Адарсүрэн агсантай ч, эстрад урлагийн шанг таталцаж, анхны түүчээ тогоруу нь болж явсан алдарт Баянмонголын Б.Оюунчимэгтэй ч, Нандинцэцэгтэй ч уулзаж, сэтгэлийн мухрыг нь уудалж явсан. Бас л гашуун гомдол тээж яваа нь мэдрэгдэж, сэтгэл хачин болж байж билээ. 
Шагналыг огт ойшоож үздэггүй хүмүүс байдаг ч энэ зүйлээс сэтгэл­дээ шарх аван, тэрнээсээ болон гуньж гутарсаар хорвоог хэтэрхий харам­салтай орхидог хүмүүс ч цөөнгүй байдаг. Төр ийм асуудалд өндөр мэдрэмжтэй л хандах ёстой юм билээ. 
Хээгүй, илэн далангүйгээрээ цуутай  П.Очирбат Ерөнхийлөгчид нэрт нийтлэлч Баабар тухайн үед “Уучлаарай, Очирбат гуай. Би танаас нэг л юм гуйя. Би зохиолч Д.Уриан­хай,Ц.Доржготов нарыг ихэд хүндэт­гэж явдаг юм аа. Та тэр хоёрыг л шагнаж баллав даа” гэсэн битүү хатуу үг унагаж байсан домог шиг яриа чих дэлсч байсан. Хошного улайлгасан хоржоон гэхээс өөр үүнийг юу ч гэмээр юм бэ дээ.   

УДААХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАГАБАНДИ БҮҮР ЦАДИГИЙГ НЬ  АЛДУУЛСАН
Шагналын асуудал дээр хамгийн их шүүмжлэлд өртсөн Ерөнхийлөгч Н.Багабанди. Өмнөх Ерөнхийлөгчийн хүмүүст ойрхон, хээ шаагүй гэх Монголд зохисон цагаахан имижийг хийгүй Ерөнхийлөгч гэсэн товчхон PR-аар цөм цохиж байсан Н.Багабанди буухдаа мөн л шагнал бөөндөж баахан хэл ам дэгдээж байлаа. Төрсөн дүү, төрөл садангийн аль нь болох тодорхойгүй “Эрэл”-ийн Б.Эрдэнэ­батынхаа “Эрэл” компанийнхныг хавтгайд нь шагнаад зогсохгүй эхнэрт нь гавьяатын тэмдэг зүүж өгөөд зогсч байсан ичмээр дүр төрх нь эдүгээ ч мартагддаггүй. Мөн зохиолын дууны ертөнцдөө л дундуур жагсдаг хэд хэдэн дуучинд Монгол Улсын гавьяат жүжигчин (МУГЖ)хэмээх мөнөөх цолыг бөөндчихсөн. Нэг удаагийн ийм ёслолыг нь сурвалжилж байснаа санаж байна. Улсын гавьяат жүжигчин Д.Энхзулд гавьяат цол зүүж өгөхдөө мань хүн доош нь хийж байгаа, дээш нь татаж байгаа хоёрын алин болох нь тодорхойгүй хачин үг хэлж байсан нь санаанаас гардаггүй. Хөдөөгийн жаран ес унадаг жолооч нарын кабинд Д.Энхзулын л дуу явж байдаг гэнэ. Нэг үгээр кабины бор болчихсон дуучин юм байна гэсэн хачирхалтай ишлэл хийснийг нь тухайн үед ерөөсөө ойлгоогүй. 
Замбуулин хорвоогийн наран доор
Захгүй их хөвөрсөн дур­лалаа… гэсэн ганцхан дууг У.Далантайтай дамжлан байж цангинуулдаг байсан дуучин С.Эрдэнэцэцэгт мөн л гавьяатын тэмдэг зүүж өгч шуугиан тарьж байв. Энэ үед Амрагийн дууны Төмөр авхай гэхэд энгэртээ гялтайх юмгүй л байж байсан гээд бод доо. Зэрэгцүүлж бодоход жишимгүй дуучид шүү дээ. Ийм жишээ ишилбэл тоо томшгүй олон цуваа гардаг юм. 

Н.ЭНХБАЯР ЭНЭ ШҮҮМЖЛЭЛИЙГ ТОЙРСОНГҮЙ
Хэдхэн хоногийн өмнө энгэрээ цоолсон шинэхэн гавьяатууд маань сэтгүүлчдийн өмнө тун хачин байдалтай байсныг олон хүн анзаарчээ. Бүгд л ярьж байна.  
Дуучин Г.Хонгорзул гэхэд өөрийн хийсэн уран бүтээлүүддээ итгэлтэй биш байгаагаа сэтгэгдэл дундаа илэрхийлжээ. Ч.Бат-Эрдэнэ ч “Мэдэх­гүй ээ, миний цаашид хийх уран бү­тээлд л олгосон байх” гэж хариулав. Энэ үүднээс нь харвал манай Ерөн­хийлөгч өөрийн хийсэндээ өөрөө ч итгэлгүй байдаг баахан залууст төрийн өндөр дээд шагнал олгочихсон юм шиг.
Дуучин Г.Хонгорзулыг нөгөө гур­ваа­саа тасарчихсан дуучин мэтээр манай зарим сонсогч андуурдаг. Нэг өнцгөөс тэд ялгаагүй л урлагийн сургуульд нэг ангид мөр зэрэгцээд номын дуу сонсч явсан “хүүхдүүд” байх юм. Яахав уртын дуу сонгож дуулж байгаагаар нь илүүд үздэг байж болох. Үнэн хэрэгтээ Г.Хонгорзул одоо ч өөрийн техникээ олоогүй яваа нь мэдрэгддэг. Дээр нь уртын дууны айзам тунгалаг, яруу тансаг хэл, амьсгалын хуваарилалт, агуулгынх нь гүн гүнзгий  шинжийг үл огоорон хүчээр бярдаж, энд тэнд нь техникийн асар олон алдаа гаргаж дуулдаг дуучин. Хичээллэж, алхам алхмаар урагшилж байж л агуу их Н.Норов­банзадын босгосон сүмбэр уулын бэлд хүрнэ шүү дээ. Шагнуулаад баярлаж хөөрсөн, аз жаргалтай үед нь хатуу үг шидэж байна гэж бүү ойлгоосой. Дуулаачийн сургууль гэдэг юманд дуучин хүн насаараа суралцдаг юм байна гэдгийг олон агуу дуучинтай уулзаж учирч явсан сэтгүүлчийн хувьд ойлгож авснаа л дамжуулахыг зорьсон юм. Хийсэн гэх уран бү­тээлүүд нь ч, өөрөө ч хар нялхаараа залуу дуучид шагнал авч гарч ирээд, камерын өмнө хэзээ язааны насжсан хөгшчүүл шиг зохиогүй үгсийг айлдах нь улсуудын эгдүүг тун их хүргэж байсныг орхи­мооргүй байна. Залуу нас залуугаараа л гоё. Тэрэн дээр элдэв хэтэрсэн маяг болгон тэнэг харагддаг. 
Зохиолын дууны ханхүү гэгддэг С.Жавхлан Монгол төрийг хүндэтгэж өөрт нь ахадсан ч гэсэн итгэж олгосон шагналыг гардаж авсангүй. Ч.Бат-Эрдэнэ, Т.Баясгалан хоёртой зэрэг авлаа гэж багтрах шахаж байгаа тухай  шар мэдээллүүд чих дэлсч байна. Тэрэндээ тулбал тэдний хэн нь ч Дуурийн театрын эрэгтэй гоцлол дүрийг хориод жил нуруун дээрээ үүрч ирсэн, Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлооч Болд шиг дуучин биш шүү дээ. Ичих хэрэгтэй. 
С.Жавхлан нэгэнтэй “Би яаж ч ядарсан Ч.Бат-эрдэнэ шиг дуулахгүй” гэсэн ярилцлага өгч байсан удаатай. Тэд нэг л гараанаас эхэлсэн, адилхан л олонд танигдсан, өөр өөрийнхөөрөө л нийтийн дуу дуулж яваа залуучууд. Хэн нь ч хэнээсээ илүүсээд байх юм байхгүй. Өгч л байгаа юм чинь хамтад нь өгсөн нь буруу биш. Жишээ нь дуучин Болормааг Т.Баясгалан шиг хөдөлмөрлөөгүйг бүгд хэлнэ. Юун 140 их бага хэмжээний тоглолт тавих, ганц сайн концерт бие даагаад хийчихээгүй. (Дашрамд гавъяа шагнал олгоход нутгийн зөвлөл гэдэг байгууллага их хөшүүрэг болдог гэнэ. Мэргэжлийн байгууллагынхны үнэлэлт дүгнэлт, олон түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн байх гэсэн ганц хоёрхон хэмжүүр л үйлчлэх болохоос элдэв манайхны зохиосон балай юмнуудыг ерөнхийлөгч тас цохих хэрэгтэй. Адаглаад цаасанд хэмнэлт болно. Дээр нь аймаг болгоны театр гавъяаттай байх ёстой, чуулга болгоноос гавъяат төрж байх ёстой гэсэн бас нэг бичигдээгүй хууль үйлчилдэг. Манайхан өрсөлдөөд гарцаагүй тодорч, ялж, тэрүүгээрээ үнэлэгдэж сурмаар байна. Аймагтаа, чуулгадаа арай дөмөг нь, одоо ээлж нь ирсэн юм гэх мэт өрөвдөлтэй хэмжүүрээр гавъяат зүүх, Дуурийн театрт Б.Жавзандуламын тоосонд дарагдаж, туслах дүрд дуулж яваад гавъяат авах хоёр ялгаатай ойлголт шүү. )
Одоо “Эрдэнэтунгалаг, Дэлгэрмаа, Оюумаа, Хишигбаяр өөр хэн хэн ч билээ, бүгдэд нь өгчих хэрэгтэй” гэсэн хорлонтой үгс ташуур өгөн гадуур хийсч эхэлжээ. Зохиолын дууны оронд зохьсон ч хоржоон юм шиг.   
Гавьяат жүжигчин хэмээх алдрыг зүүж амьдарснаасаа хойш мэр­гэжлийн тавцан дээрээ ахиж цаашаа нэг ч алхаагүй дуучинд ардын жүжиг­чин зүүгээд өгч байгаа нь үнэхээр ойлгомжгүй явдал болж байна. Зарим айл бүр гэр бүлээрээ алдар суугийн эзэд байх ёстой юм шиг энэ төрд эрхэлж байдаг болсон дүр төрх ажиглагдаж байна. Дуучин А.Нэргүй олны ярьдгаар ёстой дүүрэн гавьяат. Ардын жүжигчин зүүгээд өгчихөөр Б.Жавзан­дулам, А.Долгорын зиндаа­ны л дуучин баймаар болоод явчихаж байх юм. Одоо чуулгад байгаа гавь­яатууд бүгд л ардын болох гэж зүт­гэнэ. Аргагүй шүү дээ. Жишгийг ийм түвшинд авааччихаж байгаа юм чинь.  
Таван жил хүрэхтэй үгүйтэй дуулаад, нийтийн таашаалыг хүртэнэ гэдэг энэ төрлийн урлагт хүчээ сорьж байгаа залуу дуучдын хувьд амжилт мөн. Гэхдээ тэд социализмын үед улсын төлөвлөгөөт орлогыг хийх гээд Монгол орны бригад болгонд ачигдан очиж, машины тэвшин дээр зогсоод царайгаа харштал дуулж явсан П.Адар­сүрэн шиг, Д.Түмэндэмбэрэл шиг хөдөл­мөрлөсөн гэж үү. Тэд улсдаа мөнгө хийж өгөөд буцсан бол эд өөртөө мөнгө хийж аваад шагнуулж суугаа, болоо ч үгүй том үгтэй, сэхүүн санаатай шинэ үеийн цамаан хүүхдүүд л биз дээ. 
Нарийн яривал чуулгын акул хэдэн дуучин цаана чинь байгааг мартаж болохгүй. Элдэв электрон хөгжим, өсгөгчгүй, фонаграммгүй гарч ирээд дуулахад өнөөдрийн энэ хэдийг нам цохиод унагаах зиндааны цартай чадалтай дуучин хэд хэдээрээ шар нь гозолзоод сууж байна. Рок попын ертөнцөд боловсролтой, чадалтай, гарч ирээд орилбол зохиолын дууныхныг нураагаад хаячих дуучид хэд хэдээрээ зогсч байна. Жаазыг ингэж дуулдаг юм. Блюзыг ингэж дуулдаг юм. Попыг ингэж дуулнаа хө…гээд хүүхдүүдийг арагш нь нам суулгах аатай дуучид олон шүү. Тэгэхээр би ч тэрнээс илүү, энэ ч надаас дутуу, эдэнтэй хамт шагнал авахгүй энэ тэр гэж пэд пэд хийж, олон түмний дургүйг хүргэх хэрэггүй. Дуугүй байсан нь өлзийтэй. Тэртээ тэргүй маргааш гавьяат жүжигчин С.Жавхлан, гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ, Болормаа л гэж зарлана. Арын хаалганы дуучин тэр гэж зарлахгүй шүү дээ. Нөгөө начин хийчихсэн бөхчүүдийг найрааны начин гэж наадмын талбайд цолло­доггүйтэй адилхан. Монголын ард түмэн бол дээд зэргийн цагаан цайлган сэтгэлтэй, ууч түмэн. 
Алдарт Сүххуяг, Цагааны Цэг­мэдийн хүү Төмөрхуяг, Равсал панз Б.Магсаржав, хөх чонын Дамдин, Эрдэнэтогтох, Долгорсүрэн гээд луухгар амьтад урлагт нэрээ, мөрөө сийлчихээд, энгэртээ одонгүй дув дуугүй л амьдарч яваа гэдгийг бодох хэрэгтэй. Тэдний дэргэд та нар хэн ч биш гэх эхүүн үгийг өнөөдөр хэн ч хэлж амжаагүй байгаа байх. Уучлаарай, энгүй авьяастан Сэдээ агаа хүртэл энгэр хоосон элж одсон болохоор би ингэж хэлж байгаа юм шүү. Гэхдээ урлагийн заяа түшсэн азтай дүү нарт амжилт хүсье. Илүү их хөдөлмөрлөж, хэн болохоо заавал харуулаарай. Гарцаагүй хүлээн зөвшөөрөгдөхөөр хөдөлмөрлөсөн, гарцаагүй хийдгээ хийчихсэн байх нүүр бардам амьдрал л юу юунаас илүү үнэтэй шүү дээ. 
Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав