Өнөөдөр “Амьдрахуй” драмын жүжгийг Эрдэнэт хотын Уурхайчдын соёлын ордны тайзнаа 19:00 цагаас ганцхан удаа тоглох гэж байна.
Энгийн болоод жаргалтай амьдрал үргэлжид зөв үйлдлээр хязгаарлагддаг уу? Ерөөс хүний оршихуйн үр үндэс, гол мөн чанар нь юу вэ? Аж төрөхүй хялбархан байгаа нь чи аз жаргалтай оршиж байна гэсэн утга огт биш гэсэн санаа Үй Хуагийн “Амьдрахуй” туужийн өгүүлбэр бүрт агуулагддаг. Энэ бол хувь тавилан бидэнд аз жаргал, зовлон зүдгүүрийн аль алийг нь өгдөг гэх санаа юм. Харин түүн дотроос бид өөрсдийн оршихуйн үнэт чанар, тулах цэгээ олж авах нь юу юунаас эрхэм болохыг Үй Хуа тус зохиолоор харуулжээ.
Тэгвэл Орфей театрын хамт олон хүний амьдралын тухай олон эргэцүүлэлд хөтөлдөг намрын өдрүүдэд уг бүтээлээс сэдэвлэсэн “Амьдрахуй” драмын жүжгийг Эрдэнэт хотын Уурхайчдын Соёлын ордны тайзнаа тоглож, үзэгчдэд хүргэж буй билээ. Тус жүжгийн найруулагчаар Мягмарнарангийн Батболд, продюсераар Төмөрсүхийн Ариунчимэг ажиллах юм. Харин жүжгийн зохиолчоор “Тагтаа” хэвлэлийн газрын орчуулагч, яруу найрагч Мөнхцолын Батбаяр ажилласан юм.
Жүжгийн гол дүрүүдэд МУГЖ Д.Баттөмөр, Д.Ганцэцэг, залуу жүжигчин Г.Отгонбат, Б.Должинсүрэн, дүрүүдэд , АЖ Г.Мягмарнаран, МУГЖ Ц.Төмөрбаатар, Б.Нармандах, мөн М.Мөнхбат, Б.Оюунбаатар, Б.Одгэрэл, Ө.Мөнгөнтулга, Д.Мөнхтөмөр нарын шилдгүүд тоглож байгаа юм.