Лев Николаевич Толстойн “Анна Каренина” хэмээх сонгодог романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгээр Улсын Драмын Эрдмийн театр хавар цагийн нээлтээ хийсэн юм. Тус жүжгийн гол дүр буюу Анна Каренинагийн дүрийг бүтээсэн жүжигчин О.Хонгорзултай уншигч та бүхнийг уулзуулж байна. 

-Анх эх зохиолоо уншихад Анна Каренинагийн дүрд танд яаж буусан бол. Ер нь уг дүрд тоглох саналыг сонсоод хэрхэн хүлээж авсан бэ? 

-Найруулагч уг дүрд тоглох болсныг дуулгахад маш их сүрдэж байсан. Өмнө нь жүжигчин Н.Баярмаа эгч маш олон удаа Аннагийн дүрийг тайзнаа урлачихсан шүү дээ. Тэгэхээр мэдээж үзэгчид хооронд нь харьцуулж таарна. Гэхдээ миний зүгээс, найруулагчийн зөвлөсний дагуу ажиллаад явж байгаа. Анна Каренина өөрөө дэлхийн уншигч, үзэгч болгон мэддэг зохиол, томоохон тайзнаас харчихсан дүр шүү дээ. Маш олон кино, жүжиг бий. Тиймээс ч одоо бидний тайзанд тоглож буй жүжгийг үзэгчид маань цоо шинэ жүжиг байна гэж мэдэрч, харж, зорьж үзээсэй гэж хүсэж байгаа. Хамгийн гол нь надад чадна гэсэн итгэл байсан. 

Анх зохиолыг нь уншихад нэлээдгүй хүнд туссан л даа. Гол нь ямар ч байсан сонгодог зохиолын том дүр дээр ажиллах боломж олдох л юм бол тэрхүү боломжийг алдахгүй дээ гэж боддог байсан. Надад боломж олдсон. Би түүнийгээ алдалгүй атгаж чадсан. 

-Найруулагч яагаад тун залуухан Анна сонгосон юм бол. Энэ талаар үзэгчид их сонирхож байгаа л даа...

-Насны хувьд бол зохиол дээр гардаг Аннатай уг нь ойролцоо шүү дээ. 18 насандаа хүүхэдтэй болоод Каренинтай суудаг шүү дээ. Уншигчийн цаг үед, зохиол доторх бодит хугацааг нь бодоод үзэхээр яг 27 настай байхгүй юу. Би бол 26-тай. Мэдээж Аннагийн хувьд ертөнцийг харах үзэл, амьдралд хандах хандлага нь бүр хижээл насны ч юм шиг, туршлагатай, боловсорсон эмэгтэй байдаг. 

Гэтэл миний миний хувьд тухайн дүртэйгээ насны хувьд ойролцоо ч амьдралд дээр үзсэн бодит туршлага нимгэн. Зохиол дээр миний үзэж туулаагүй олон зүйл гарч байгаа. Хайрыг мэдрэх, хүүхэдтэй болох, хэн ч биш болтлоо бусдад хэмлүүлэх зэрэг олон зүйлтэй тэр эмэгтэй учирдаг. Харин найруулагчийн хувьд бол намайг энэ дүрд тоглож чадна гэсэн итгэл л түүнд төрсөн болов уу. Багш надад итгэсэн байх.

-Та театрт ороод дөрвөн жил болж байгаа бил үү?

-Тийм. Их сургуулиа 2020 онд төгсөөд л шууд драмын театрт шалгалт өгч тэнцээд жүжигчнээр ажиллаж эхэлсэн. Театрт орсныхоо дараа тоглосон хамгийн анхны жүжиг маань л “Анна Каренина” байсан. 

-Анх ямар дүр дээр ажиллаж байсан бэ?

-Анх Кити Щербацкаяын дүрийн дублёр дээр ажилласан. Дараа нь Сорокина вангийн гүнж, асрагч эх, олны хэсэгт гээд уг уран бүтээлд тун олон дүр дээр ажиллаж байлаа шүү дээ. Тиймдээ ч бага зэргийн туршлага хуримтлуулсан, шат дараатайгаар хөгжиж явсан байх. Үүнээс болоод найруулагч намайг онцолж харсан байж магадгүй. Ийм учраас ч уг том дүрийг итгэл хүлээлгэж өгсөн байх. 

-Аннаг эмэгтэй хүн дахин дахин уншихад хүнд, сэтгэл зүйн хувьд дарамтад орох магадлалтай зохиол гэж зарим уншигчид дүгнэдэг. Мэдээж уран зохиолын үүднээс мэргэжлийн хүмүүс бол өөрөөр ярих байх. Таны хувьд тус дүрийг ахин дахин бүтээж байгаа нь сэтгэл зүйн хувьд хүнд тусдаг уу? 

-Ер нь сэтгэл зүйн хувьд нэлээд хүнд тусдаг шүү. Түүнийгээ бол нуухгүй ээ. Жүжгийн арван зургаан үзэгдлийн арван дөрөвт нь гардаг болохоор хувьд ч тэр амсхийх зав байдаггүй. Гэхдээ амсхийх чөлөөгүй болохоор сэтгэл зүйн хувьд шугамаа огт алдахгүй явж чаддаг. Бид заримдаа “Энэ үзэгдэл дээр жаахан ч гэсэн амардаг даа” гээд хоорондоо ярьдаг юм. Харин Аннагийн дүрийн хувьд тийм зүйл байхгүй. Тэгэхээр амархан үзэгдэл ч гэж байхгүй. Хувцсаа солиод, туфлиэ өмсөөд, парикаа зүүгээд л гардаг. 

-Сэтгэл зүйн хувьд дээшлэх, доошлох асуудалгүй, нэг шугамаа ерөөсөө алддаггүй гэсэн үг үү?

-Тийм, “тээшээ” алдахгүйгээр л дараагийн үзэгдэл рүүгээ орж байгаа юм. 

-Дүрээс гадуурх “зааг”-гийг хэр барьж чаддаг вэ. Дүрдээ орох, дүрээс гарах, яг уран бүтээлч Хонгорзул байх, Анна байх тэр шугам дээр гэсэн үг л дээ...

-Мэдээж сайн барина. Давхар “контрол”-той байх хэрэгтэй. Юу юугүй уйлаад ч юм уу, эсвээс үзэгчид, хамтран тоглогчоо мэдэхгүйгээр инээгээд яваад байж болохгүй шүү дээ. Ер нь драмын театрын тайзны уран бүтээлчид ямар ч тохиолдолд анхаарал алдахгүй, хариуцлагатай байх ёстой. Би жүжиг дээрээ ажиллаж байгаа энэ хугацаанд өдөр бүр л өөр өөр мэдрэмжийг авдаг. Яг л нөгөө сандрах, түгших, айх, сандрах, догдлох гэх мэтчилэн сэтгэл зүйн бүх мэдрэмжүүдийг өдөр бүр шинээр мэдэрдэг. 

-Өдөр бүр эдгээр мэдрэмжийг нэг дор хүртэх нь танд асар хэцүү байдаг уу? 

-Би чадна гээд л зориглосон. Тийм болохоор үгүй. Яг л найруулагчийнхаа зөвлөсний дагуу дүр дээрээ ажиллаад явж байгаа. Анна гэдэг дүрийг үзэгчдэд ойлгуулж хүргэхийг зорьж буй. Гол нь зарим жүжигчид олон удаа ажиллаад ирэхээрээ зүгшрэх ч гэх юм уу, тайвширдаг, хийж буй зүйл нь гарт ороод ирдэг. Харин би цаг ямагт л тайзан дээр улам илүү боловсорч, хөгжиж, суралцаж байсан.

-Өмнөх тоглолтыг, Н.Баярмаагийн бүтээсэн “Анна Каренина”-г үзэгчдийн суудлаас үзэж байсан уу? 

-Би харин өөрийгөө, жүжгээ үзэгчдийн суудлаас харах юм сан гэж боддог. Ганц ч удаа болов Аннаг тайзны урдаас харчихсан гэж хачин их хүсдэг. Жүжигт оролцож байсан болохоор өмнөх жүжгийг нь бас үзэгчдийн суудлаас харж байгаагүй.

-Үзэгчдээс ямар энерги мэдрэгдэж байна вэ?

-Надад яг ийм гурван үг бодогдож байна. Огшсон, амьд, халуун. Сонсоход авцалдаагүй юм шиг хэрнээ яг л энэ гурван үг жүжгийн явцад үзэгчдээс ирдэг энергийг бүрэн төлөөлж чадах болов уу. Огших нь мэдээж жүжгийн төгсгөлд илүүтэй мэдрэгддэг. Жүжиг тоглож дууслаа, даваагаа давчихлаа. Тэр үед үзэгчдээс ирэх алга ташилт бол хамгийн сайхан зүйл байдаг. Ер нь ёслох мэдрэмж бол үнэхээр гайхалтай.

-Найруулагч, ер нь театр яагаад “Анна Каренина”-гаар хавар цагийн нээлтээ хийж байгаа юм бол оо?

-Зохиол ч тэр, уг жүжгээс сэдэвлэсэн жүжиг ч тэр ямар ч цаг үед хуучирдаггүй. Мөнхийн бүтээл. Учир нь сонгодог уран бүтээл. 1873-аас 1877 оны үед бичигдсэн бүтээл шүү дээ. Гэтэл тухайн цаг үеэс өдгөө хүртэл хүмүүсийн хайр сэтгэл, зан араншин, нийгмийн анги давхарга, эрх мэдлийн ялгаа, гэр бүлийн асуудал зэрэг бүхий л агуулга нь орчин үеийн нийгэмд ч давхар байдаг, хөндөгддөг чухал сэдвүүд. Романд байгаа бүх дүрүүд нь тухайн нийгмийн төлөөллүүд. Нэг талаас нь харахад бүгд буруутай мэт боловч нөгөө талаас нь аваад үзэхээр хэн ч буруугүй юм шиг... Энэ бол өөрөө юмыг нэг талаас нь шүүж, аливаад туйлширч болохгүй гэдэг маш том ойлголтыг өгдөг. Ер нь сонгодог зохиол ямар ч цаг үед хуучирч элэгддэггүй, ямар ч цаг үед үзэгч, уншигчдад хүрсээр л байдаг. 

Анх би “Анна Каренина”-г 18 настайдаа уншаад их өөр мэдрэмжийг авсан. Анна, Кити, Доллигийн сэтгэл зүй бүгд тэс өөр байсан. Сүүлд дөрвөн жилийн өмнө Китигийн дүрд тоглох гээд шалгалт өгч байхдаа уншихад өмнөхөөс өөр мэдрэмж төрсөн. Сая Аннад тоглох болоод дахин уншихад бүр өөр, сэтгэл зүйд хачин хүнд туссан. Ингээд бодохоор сонгодог зохиол хэзээ ч хуучрахгүй, үргэлж шинэ байдаг юм байна. Нөгөөтээгүүр үзэгчдийн үзэх дуртай, хайртай жүжиг юм болов уу. Нэг үзсэн хүн дахин дахин үздэг. Дээр нь хавар өөрөө хайрын улирал. Тиймдээ ч уг жүжиг үзэгчдэд илүүтэй хүрдэг байх. 

-Дахин дахин үзээд байгаа нь тухайн зохиол эцсийн ганцхан хариултгүй, маш олон асуултыг үлдээдэгт учир байж мэдэх юм. Тийм үү?

-Тэгэлгүй яахав. Энэ зохиолд хайр, хагацал, үр хүүхэд, эрэмгий эх хүн, найз нөхөд гээд маш олон зүйл бий. Тэдгээрээс хүмүүс өөрт хэрэгтэй зүйлсийг олж авах, магадгүй гаргаж илэрхийлж чадахгүй байгаа юм аа нээх, дотоод руугаа өнгийх боломжийг олж хардаг болов уу. Тэгж бодож байна.

-Анна бол уран зохиолын шигтгээ болсон тун гайхалтай сэтгэл зүйн дүр. Танд ч мөн түүний хувь заяа нэлээд хүнд туссан гэсэн шүү дээ. Үүнийг сэтгэл зүйн хувьд даван туулахын тулд жүжигчин хүнд тэвчээр, эр зориг, дүрийн талаар хуримтлуулсан мэдлэг гурвын аль нь чухал вэ?

-За яг оноод хэлчихлээ. Ёстой бүгд хэрэгтэй. Цаана нь дахиад олон ч зүйл бий. 

-Өөр тэгвэл юу хэрэгтэй байж даван туулж байгаа вэ? 

-Би эхлээд дүрээ хүлээж авахдаа баярласан, дараа нь айсан. Яг ийм эсрэг тэсрэг хоёр мэдрэмж давхцаад л байсан. Хэдийгээр ингэж сүрдсэн боловч мөнөөх л давж чадна гэдэг итгэл дотор минь байсаар байсан. Яг энэ жүжгийн хувьд л даа. Магадгүй зохиолоо уншаагүй байсан бол уг жүжиг дээр ажиллах нэлээд хүнд байх байсан биз. Өмнө нь хэд хэдэн удаа уншчихсан байсан болохоор дахин уншиж, дүрээ ойлгоход нэлээд ахицтай байсан л даа. “Анна Каренина” бол миний ширээний ном л доо. Би уншихгүй байсан ч хэзээ ч хавтсыг нь хаадаггүй, урд нь цагаан лаа асаагаад тавьчихдаг. Тийм дуртай дүр, зохиол дээрээ ажиллаж байна. Өмнө нь зарим жүжигчид “Дүрээ бодоод унтаж чадахгүй байна” гээд ярихаар нь үгүй байлгүй дээ, ажил амьдралаа зохицуулах хэрэгтэй шүү дээ гэж боддог байсан. Гэтэл үгүй юм билээ. Яг өөрт тулаад ирэхээр л хүн мэддэг юм байна. Хэдийгээр хугацааны хувьд богинохон байсан ч би чадах болов уу, үгүй ээ, би л чадна гээд янз бүрийн юм бодогдоно. Ард нь ахмад уран бүтээлчид, найруулагч, театрын баг гээд маш олон хүмүүс бий. Энэ бүх хүний хүч хөдөлмөрийг би талаар өнгөрөөж болохгүй. 

Ер нь ч тэгээд бүгд л бие биедээ итгэсэн дээ. А.Дюма хэлсэн байдаг шүү дээ, “Итгэл найдвар хамгийн сүүлд мөхдөг” гэж. Хамтын ажиллагаа, итгэлцэл дээр энэ жүжиг бүтсэн, би ч даваад гарсан.

-Байнга л тоглож буй дүрийнхээ талаар боддог уу, дүрийнхээ оронд өөрийгөө тавьж үзсэн үү?

-Хэрвээ би Аннагийн оронд байсан бол гэж боддог. Дүрийнхээ оронд өөрийгөө л тавьж үзсэн. Хааяа төсөөлдөг л дөө. Анна амьд байсан, би уулзсан бол сууж байгаа байдал, харц, гарны үйл хөдлөл бүх юмыг нь харж, нарийн ажиглах байсан байх. Гэхдээ Анна бол ухаантай, зоримог, хайрынхаа төлөө тэмцэж чадсан эмэгтэй. Тэр хүн хайрынхаа төлөө тэмцсэн. Тэгэхээр би уг дүрийг хайрлаж өрөвдсөн байх. Өмнөөс нь их шаналсан. Энэ бүхнээс үзэхэд байнга л дүрээ боддог. Бодохгүй байна гэж үгүй. Тоглолт болоод дууссан ч Аннагийн тухай бодол дотор минь байсаар л байх биз. Сэтгэл зүйн хувьд хэзээ ч энэ дүрээс салахгүй. Миний хамгийн хайртай дүр. 

-Өөрийгөө заримдаа толинд харах үед Анна Каренина яг иймэрхүү л эмэгтэй байсан болов уу гэж боддог уу? 

-Төсөөлөгддөг. Нэг иймэрхүү эмэгтэй байсан байх гэж үнэхээр боддогдог. Гэхдээ бид хоёрын дотоод ертөнц өөр. Би чинь амьдрал дээр бол цоглог, дэврүүн хүн л дээ. Анна бол их буурьтай, эр хүнийг дурлуулах нэг тийм увидастай эмэгтэй байсан болов уу гэж санадаг. Нөгөө талаас дүрийн хувьд Аннаг өөрийгөө байна гээд төсөөлчихөөр яалт ч үгүй адилхан санагдаад байдаг. 

-Төгөлдөр хуур тоглодог байсан гэж сонссон юм байна. Ер нь жүжигчнээс өөр мэргэжил эзэмших боломж байсан уу?

-Хөгжмийг бол багаасаа өөрөө сурсан. Эрдэнэт хотод гэр бүлээрээ амьдарч байх үедээ ёочин хөгжмийн дугуйланд явдаг байж байгаад дараа нь төгөлдөр хуурын дугуйланд орсон. Анхан шатны мэдэгдэхүүнээ аваад л явж байтал манайх хот руу нүүх болоод үргэлжлүүлэн сурч чадаагүй. Дараа нь Хөгжимт театрын жүжигчний буюу мюзиклын анги төгссөн. Дуулна, бүжиглэнэ, төгөлдөр хуурын хичээл бас орно. Тэндээс уран бүтээлчийн үндсэн зүйлсээ олсон. 

Харин жүжигчний хувьд гэвэл эргэлзсэн, тээнэгэлзсэн юм байгаагүй. Багадаа нэвтрүүлэг хөтөлдөг байсан юм. Тэр үедээ сэтгүүлч болно гэж боддог байлаа. Ээж маань бас сэтгүүлчийн мэргэжлээр ажилладаг байсан л даа. Гэхдээ яагаад ч юм урлаг руу их тэмүүлдэг хүүхэд байсан. 

-Тэгэхээр мэдрэмж, зөн совингоо дагасан гэсэн үг үү?

-Энэ мэргэжлийг сонгох болсон нь, Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр орох зам бүгд зөвхөн миний л сонголт. Яг л мэдрэмжээ дагасан байх. Яагаад ч юм драмын театр луу, тайз руугаа тэмүүлдэг. Хэсэг завсарлаад холдох үед ямар нэг зүйлээс дутсан, нийгмээс тусгаарлагдчихсан юм шиг мэдрэмж төрдөг. Ажилдаа ирээд ширээнийхээ ард суухаар “Би байна, би амьд байна” гэж мэдэрдэг. Энэ нь өөрөө гайхалтай. Тэр ч утгаараа анх “Чи чадна, чадна шүү дээ” л гэж шийдээд жүжигчин мэргэжлийг сонгосон. 

-Дэлгэцийн урлагаас илүүтэй тайз руу татагдах болсон шалтгаан юу вэ?

-Театрт магадгүй илүү боловсордог, маш олон зүйлийг сурч авдаг. Өдөр болгон л хөгжиж байдаг. Жүжигчний хувьд өөрийгөө задлах, өсөж дэвжих нь илүү байдаг. Тайзнаас буугаад ямар ч ажил дээр гарсан хариуцлагатай байж сурдаг. Театрын үүдээр орж ирээд л мэндлэх, хүндлэх ёсноос авхуулаад цаг баримтлах зэрэг юм бүхэнд хариуцлагатай ханддаг. Жишээ нь, би тоглолтоос гурван цагийн өмнө ирж тоглолтдоо бэлддэг.

-“Хаадын хаад АНДГАЙ” жүжигт бас тоглож байсан байх...

-Хулан хатны дүрд тоглосон. Хааны хамгийн хайртай хатан. Мэдээж Аннагаас илүүтэй агуулга нь надад ойрхон л доо. Мэдээж дүрээ адилхан л судална. Анна бол дүрийн судалгаа хийхэд тохиромжтой. Учир нь маш олон кино, жүжгүүд бий. Харин Хулан хатны хувьд яг бүтээсэн, дэлгэцэд урласан дүр байхгүй. Тиймээс тэр эрэмгий, дайчин, эх орныхоо төлөө тэмцдэг дүрийг бичгийн судалгаа хийж байж эхнээс нь ажилласан. Мөн яг өөрийн орны түүхэн хүн болохоор Хулан хатны дүр илүү ойр байсан. 

-Театр өөрөө ямар мөн чанартай вэ? 

-“Ямар муухай жүжиг үзчихэв дээ” гээд театрын хаалгаар буцаж гардаг үзэгч байхгүй болов уу гэж боддог. Театр бол сэтгэл гэдэг эрхтнийг эмчилдэг. 

-Та Анна Каренинад, энэ дүрдээ юу гэж хэлмээр байна?

-Баярлалаа, Анна Каренина.  

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав