“Coca-Cola” компани хлорат хэмээх химийн бодис зохих хэмжээнээс илүү ихээр агуулагдаж байгаа шалтгаанаар Европын зарим оронд худалдаалагдаж буй бүтээгдэхүүнээ эргүүлэн татжээ.
Компанийн мэдэгдэлд өгүүлснээр Бельги, Люксембург, Нидерланд зэрэг улсуудаас “Coca-Cola”, “Fanta”, “Sprite”, “Tropico”, “Minute Maid” зэрэг брэндийн бүтээгдэхүүнийг эргүүлэн татаж байгаа аж. Хлорт суурилсан ариутгагч бодисыг ус цэвэршүүлэх болон хүнсний үйлдвэрлэлд хэрэглэх үед хлорат үүсэж болдог байна. Гэсэн ч “Бие даасан шинжээчдийн дүгнэлтээр хэрэглэгчдэд учирч болох эрсдэл маш бага гарсан” гэж компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
328 GE-338 GE хүртэлх үйлдвэрлэлийн код бүхий “Appletiser”, “Coca-Cola Original Taste”, “Coca-Cola Zero Sugar”, “Diet Coke”, “Sprite Zero” зэрэг “маш цөөн тооны импортын бүтээгдэхүүнд” энэ асуудал үүссэн болохыг тус компани нэмж хэлэв. Зохих хэмжээнээс өндөр хлоратад өртөх нь ялангуяа хүүхэд, нярай хүүхдэд бамбай булчирхайн өвчин зэрэг эрүүл мэндийн асуудал үүсгэх эрсдэлтэй юм.