Хэдэн жилийн өмнө Москвад хийсэн ярилцлагынхаа төгсгөл хэсгийг би хараахан нийтэлж амжаагүй байсан юм. Тэгээд энэ удаа түүнийг Улаанбаатарт ирэхэд нь ахин уулзаж яриагаа үргэлжлүүллээ. Үргэлжлүүлэх шалтгаан ч байлаа. Ингээд Монголын Төрийг 44 жил удирдсан Юмжаагийн Цэдэнбалын хүү Цэдэнбалын Зоригийн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна. 

Эцгийг нь цагаатгасан болохыг илтгэж гучин хэдэн жилийн дараа гар дээр нь ийнхүү ирсэн нимгэхэн цаасан үнэмлэхийг энгэрээсээ нандигнан гаргаж ирэх түүнийг хараад ямар урт удаан амьдрал, яасан хүнд хэцүү тавиланг туулан байж ирэв дээ гэсэн бодол төрж, сэтгэл өөрийн эрхгүй эмзэглэж байлаа. Энэ удаа миний асуултууд олон нийтийн цахим сүлжээгээр хөвөрч буй элдэв яриаг бүгдийг нь хөндөж, эцэслэж өөрөөс нь хариулт авахад чиглэлээ.  

-Та бид хоёрын хийсэн ярилцлагын эхний хэсэг манай сэтгүүлд гарсан. Сэтгүүлч хүний хувьд зарим зүйлийг асуулгүй үлдээсэн санагдсан учраас танд сэтгүүлээ гардуулангаа хэдхэн минут дахин ярилцахаар урьсан юм.

- Би бас тантай дахин ярилцах гэж буйдаа баяртай байна. Сайхан сэтгүүл болжээ. Баярлалаа. Би яагаад танаас дөрвөн ширхэг сэтгүүл авч ирэхийг хүссэн бэ гэвэл, нэгийг нь Москвад хувийн номын сандаа, хоёр дахийг нь Улаанбаатарын байрандаа, гурав дахийг нь охиндоо, дөрөв дэхийг нь цүнхэндээ авч явж байх юм.  

- Таны бичиж буй дурсамж номыг BCI гэж монголын хэвлэлийн компани их сонирхож байгаа. 

- Тийм үү. Сайхан мэдээ байна. Би номоо арай дуусгаагүй байгаад л асуудал байна. Уран бүтээл хийхэд онгод орох гэж байдаг даа. Хоёр долоо хоног юу ч бичихгүй байж байгаад маргааш нь гэнэт олон хуудас юм бичих тохиолдол байна. Тэр хэвлэлийн компанитай номоо дуусахаар холбогдоноо. Би их баяртай байна. Далай ламын зурган ном гаргамаар байна гэж танд бас ярьж байсан даа. Тэр номыг хэвлэхэд дэмжлэг үзүүлэх байгууллага байгаа болов уу. Байвал та олж өгч туслаарай. 

-Монголд таны аавын тухай кино хийгдэж байна. Тэр кинонд тоглож байгаа жүжигчдийг танд харуулах гэсэн юм. Маршалын дүрд А.Дашпэлжээ гуай тоглож байгаа. Их төстэй харагдаж байгаа биз ? 

- Х.Чойбалсан гуайг бодитоор нь харж байгаагүй болохоор мэдэхгүй байна. Зураг, дүрс бичлэгээр л харж байсан. 

-Энэ таны ээжийн дүрд тоглож байгаа эмэгтэй. Аавын тань дүрд жүжигчин Ц.Төмөрбаатар тоглож байгаа. Залуугийнх нь дүрд Г.Амгаланбаатар гэж жүжигчин тоглож байна. Энэ танд үзүүлж байгаа зургууд бол киноны зураг авалтын үер авсан зураг юм. Киноны зохиолч, продюсер , санаачлагчдаас тантай холбогдсон уу?

-Тэд надтай ер холбогдоогүй. Ямар ч холбоо байхгүй. Би жаахан гайхаж байгаа. 

- Тэд таныг киноныхоо нээлтэд уривал та очих уу? 

-Энэ үйл явдалд би хөндлөнгийн хүн биш шүү дээ. Киноны нээлтэд уривал цаг зав гаргаад мэдээж очно шүү дээ.

-Зураг авалт их шуурхай хийгдэж байна. Энд Москвад бас зураг авалт хийсэн гэсэн. 

-Би киноны зохиолч Ж.Мөнхбатыг танина. 2016 онд Улаанбаатарт уулзаж байсан юм. 

- Кино гэснээс таны ээж монголд сонгодог урлагийг хөгжүүлэхийн төлөө асар их ажилласан хүн. Ингэхэд танд урлагийн талын мэргэжилтэй болох бодол байсан уу. Тухайлбал, найруулагч, зураач ч юм уу. Та хүүхэд байхдаа ер нь урлаг сонирхдог байв уу ?

-Соёл урлагийн салбарт ажиллах сонирхол надад огт байсангүй. Би насаараа шинжлэх ухааны салбарт ажилласан. Хүүхэд байхдаа ч урлагтай холбоотой ямар нэг мэргэжил сонгох тухай бодол байгаагүй. 

-Шинэ үеийнхэн маань улс орныхоо түүхийг их сонирхох юм. Хоёулаа 1984 он буюу одоогоос 35 жилийн өмнөх тэр нэгэн хэсэг үеийн тухай арай гүн гүнзгий ярилцмаар байна. Таны аав Ю.Цэдэнбалыг оюуны доройтол, хөгшрөлт гэх шалтгаанаар тэтгэвэрт гаргасан байдаг. Яг тэр намар, 1984 оны 8 дугаар сарын тухай та ярьж өгөөч. Хамгийн анх аавыг тань нам төрийн удирдлагаас буулгаж буй шийдвэрийг хэн, ямар байдалтайгаар та бүхэнд мэдэгдсэн бэ?

-Та энэ тухай ярихдаа тэр үеийн улс төрийн гэмт хэрэгтнүүдийн хэрэглэж байсан үг хэллэг ашиглаж байна. Тэд бол зүгээр нэг хулгайч, алуурчин биш. Харин 1984 онд миний аавын эсрэг ажиллаж байсан улс төрийн гэмт хэрэгтнүүд шүү. Мэдээж тэднийг эндээс, Москвагаас удирдаж байсан. Харин тэдгээр монголчууд тэрхүү хуйвалдаанд оролцсон нь гунигт хэрэг. Бүх гэмт хэрэгтнүүдийн адил өөрсдийгөө зөвтгөх шалтаг хайж маш олон жилийн турш элдэв зохиомол зүйлсээр ард түмний тархийг угаасан. Аавынхаа бие болон сэтгэцийн эрүүл мэндийн тухайд хэлье. Миний эцгийн үед Төв хорооны нарийн бичгийн дарга байсан С.Жалан-Аажав гуай амьдралынхаа сүүлийн жилүүдэд манай академитай их нягт ажилладаг байсан. 

Тэр хүн хэлэхдээ аавыг тэр үеийн ЗХУ-ын удирдагчидтай харьцуулшгүй эрүүл хүн байсан гэж ярьж байсан. Тэр яг л олимпийн аварга мэт цоо эрүүл биетэй хүн байсан гэж С.Жалан-Аажав гуай ярьдаг байж билээ.  

-Тэр үед таны сэтгэлд болж байсан зүйлсийн талаар та нэг эргэн дурсаж болох уу. Бал дарга өөрөө яг юу гэж хэлж байв. Үнэндээ түүнийг  альцгеймераар өвдөөд удсан байсан гэж нэг биш ойрын эх сурвалж нотолдог шүү дээ. Гэвч яг ямар байсныг та л мэднэ.

-1984 оны 7-р сарын сүүлээр бид Москвад ирсэн. Тэр үед эмч нар түүнд эрүүл мэндийн үзлэгт орохыг санал болгосноос бүх зүйл эхэлсэн. Аав жил бүр эмчийн үзлэгт ордог байсан л даа. Евгений Иванович Чазов гэж тэр үеийн Кремлийн их эмч Цэдэнбалын эрүүл мэнд их муу байна гэж ярих болсон. Тэгээд эмч нарын зөвлөгөөн зарлахад нь манай ээж тэр зөвлөгөөнд орж сонсоно гэсэн байгаа юм. Чазов ч зөвшөөрч зөвлөгөөнд ээжийг оруулахаар болсон. Маргааш нь ээж бид хоёрыг очиход тэр зөвлөгөөн аль хэдийнээ болоод дуусчихсан байсан. Эмч нар Цэдэнбалын эрүүл мэнд муу байгааг баталчихсан гэж хэлээд Чазов тархины нэг зураг үзүүлсэн.  Тэр үед ЗХУ-д компьютер томографын зураг авдаг америкийн хоёр л аппарат байсан. Тэр зургийг би ойртож очоод анхааралтай хартал зургийн он сар аавын Москвад очсон хугацаанаас зөрж байсан. Чазов өөр өвчтөний зургийг үзүүлж байгаа нь ойлгомжтой байлаа. Намайг тэр он сарыг харсныг мэдээд Чазов миний гарнаас зуурч аваад түлхсэн. Тийм л юм болсон доо.


-Зүв зүгээр эрүүл саруул хүн Москва руу дуудагдаж очоод ийм харамсалтай юм болчихсон. Танд маш хэцүү байсан байх...

-Мэдээж маш хүнд байсан. Хэвийн байдлаар ойлгож, хүлээж авах боломж байгаагүй. Сэтгэл санааны хүнд дарамтад орсон. Тэгээд л хар дарсан өдөр хоногууд үргэлжилсэн, сарын дараа буюу 8 дугаар сард бол хэнийг ч гэрээс гаргахгүй хорьж байсан. Тэр үеийн Монголын Элчин сайд шинэ удирдагчийн тал руу урваж бидний паспортыг хураасан. Дараа нь харин гэрийнхээ ойролцоо гарч салхилж болдог болсон юм даг. Энэ бол төсөөлөхөд аймшигтай амьдрал шүү дээ. 

-Та Москвад гэрийн хорионд байсан үеүдийнхээ тухай “Сүүлчийн долоон жил” гэж ном бичсэн. Энэ номыг тань таны ээж уншсан уу. Яаж хүлээж авсан бэ. Аавдаа ном бичиж байгаагаа та хэлсэн үү. Тэр бас юу хэлсэн бол?

-Тийм ээ. Гэхдээ намайг бичиж байх явцад л ээж аав маань хэсэгчлэн уншиж байсан. Хэвлэлтийн дараа бол уншиж байгаагүй. Их уй гашууд автуулахаар ном учир хар бараан дурсамжийг нь сэргээхийг би хүсээгүй.  

- Паспортуудыг тань хурааж аваад шорон биш ч үнэн хэрэгтээ улс төрийн хоригдол болгоход хүмүүсийн харилцаа хэрхэн яаж хувирч байв. Монголчууд ойлгомжтой. Бүгд холбоогоо тасалсан. Харин оросууд яаж хандаж байсныг би сонирхмоор байна. 

- Бас л өөр өөр байсан даа. ЗХУ-ын Коммунист намын аавтай сайн харилцаатай байсан дарга нар түүнийг танихгүй мэт аашилдаг болсон. Энгийн хүмүүс бол сайхан харилцаатай хэвээрээ үлдсэн шүү. Таир Салахов гэж ЗХУ-ын алдарт зураачтай аав ээж хоёр маань их сайн нөхөрлөдөг байсан. Тэр долоон жилийн хугацаанд хуучин шигээ л дотно байсан. Энгийн хүмүүс аавтай сайхан харилцаатай хэвээрээ байсны нэг тод жишээ юм. Бидний амьдардаг байсан байранд Зөвлөлтийн нэг том генерал амьдардаг байсан юм. Бас л сайхан харилцаатай байж байгаад тэр үед лифтэнд таарахдаа хүртэл буруу хараад зогсдог болсон. 

- Лев Толстойн гудамжны 12-р байранд танайх амьдардаг байсан юм билээ. Слава та хоёрыг тэр байрныхан монголын удирдагч Ю.Цэдэнбалын хүүхдүүд гээд анддаггүй байсан гэсэн.

-Тийм ээ. Бүгд мэддэг байсан. Тэр байранд Зөвлөлтийн яамдын сайд нарын орлогч, Намын төв хорооны дарга нар, нэртэй сэтгүүлчид амьдардаг байсан.    

- Тэр байраа та яагаад зарах болсон юм бэ? Амьдрал хүндрээд зарсан юм уу, эсвэл хуучин дурсамжуудаасаа залхаад зарсан юм уу?

-Таны хэлсэн аль аль шалтгаан нөлөөлсөн дөө. Тэр байрны хана туурга надад тэр чигтэй таагүй дурсамжуудыг санагдуулдаг. Дараа нь бас мөнгөний ч хэрэг гарсан. 

- Та эхнэр охины хамт тэнд эцэг эхтэйгээ амьдарч байсан уу.  Ю.Цэдэнбал дарга тэр байранд ач охиноо эрхлүүлж байгаа нэг зургийг  үзэж байсан юм. 

- Миний дарсан тийм зураг их олон байдаг. Манай охины ээж бид хоёр албан ёсоор гэр бүл болоогүй юм. Охин маань ээжтэйгээ амьдардаг байсан. Ээж нь тогтмол бид нар дээр охиныг минь авчирдаг байлаа. Аав ээж бид хэд бөөн баяр болно. Тэгж л аав минь инээдэг байсан.

Дээрх яриа бидний Москвад уулзсан хоёр дахь уулзалт юм. Ингээд ярилцлагаа хэдхэн хоногийн өмнө монголд хийсэн хэвлэлийн хурлын маргааш Улаанбаатарт үргэлжлүүлэв. Дөрвөн жилийн дараа ...

-Та бид хоёр хэдэн жилийн өмнө Москвад уулзахад та гэр бүлийн гэрэл зургийн архиваа Л.Шинкареваас авахаар хөөцөлдөж байна гэж ярьж байсан. Тэр архивыг таны байгуулах гээд яваад байгаа музейд асар хэрэгтэй зүйл гэж боддог. Тэрийгээ та олж авч чадсан уу ?

-Олж авч чадаагүй. 

- Тийм үү. Мань хүн гадагшаа амьдрахаар явахдаа танай гэр бүлийн гэрэл зургийн архивыг авч яваагүй байх гэж бодож байна. Та бараг монголоос хайх ёстой байж мэдэх юм.

-Мэдэхгүй юм даа. Би түүнээс гэр бүлийн гэрэл зургийн архиваа эргүүлэн авахыг хүсэж байгаагаа олон удаа хэлж шаардаж байсан ч тэр өгөөгүй.

-Та Монголд ирээд удсан байна. Намрын сүүлээр ирэв үү. Монголын намрыг их санасан байв уу ?

-Энэ удаа эхнэр бид хоёр Москвагаас шууд Увс аймагт ирсэн. Улаангомд хэд хонолоо. Тэгээд аавынхаа төрсөн газар Давс суманд очиж хэд хоносон. Бүр хөдөө, монгол гэрт ёстой сайхан байсан. 

- Увсад аавын тань хамаатан садангуудаас байдаг уу ?

-Бий бий. Аавын маань садангийн улсуудаас байдаг. 

-Яг төрсөн гэвэл одоо ганц л хүн байгаа бил үү?

-Тийм ээ, аавын маань төрсөн дүү, миний авга эгч Жавзан л байдаг. 

-Эгчтэйгээ тухтайхан хамт байх цагийг та өөртөө гаргажээ. 

- Жавзан эгч маань одоо 97 настай. 

- Тантай уулзаад их баяртай байгаа байх даа. Та хоёрт тухтай хууч хөөрөх цаг гарч...

-Бид уулзалгүй яахав. Хэд хэдэн удаа уулзсан. Бид гэрээр нь зочилсон. Эгч маань бас манайд ирсэн. Аав маань эцэг эхээс 11-үүлээ төрсөн байдаг. Зарим нь багадаа өнгөрсөн. Жавзан эгч маань хамгийн бага нь. 

-Та нөгөө л хуучин гэртээ байгаа юм байна. Тийм үү ?

- Тийм. М.Энхболд хотын дарга байхдаа 2002 онд надад олгож байсан байрандаа амьдарч байгаа. Та мэднэ шүү дээ. 

- Би мэдээд байдаг. Гэхдээ цахим сүлжээнд өөр байдлаар шуугиад байна. Таныг монголын төрөөс дөрвөн байр авсан. Нэхэж аваад л зарчихаад явчихдаг хүн гэж бичиж байгаа. Сэтгүүлчийнхээ хувьд энэ бүхнийг танаас асуух ёстой учраас лавлаж байгаа юм шүү. Та намайг ойлгож байгаа байх. 

- Би үнэхээр ойлгохгүй байна. 

- Эрдэнэт үйлдвэр ч байр өгөөд л, бизнесменүүд ч өгөөд л, Төр ч өгөөд л байдаг гэж бичих юм. Харин та зарчихдаг. Тэгээд ахиад нэхээд ирдэг гэж олон жил таныг бичиж байна. 

-Тэгвэл тэр байрнууд хаана байна вэ. Хаана. Надад өгснийг нь би мэдэхгүй явж байгаа юм биш биз дээ. (инээв) Тэгээд тэр байрнуудад бүртгэл гэж байх ёстой. Мөн хэнд зарсан юм. Тэр авсан хүмүүс нь би худалдаж авсан юмаа гээд хэлээд өгмөөр байна. Бүртгэлийн газар бүх юм байж байх ёстой. Тэрийг гаргаж ирээд надад үзүүл л дээ. Энэ бол орчин цагт маш амархан нотлогдох зүйл шүү дээ. 

- Мэдээж өдий насанд тань ийм маягийн таагүй цуурхал, ташаа мэдээллүүд дэгдээж, зүй бусаар таныг буруутгаж байгаа нь харамсалтай явдал. Ю.Цэдэнбал даргыг хадгаламжиндаа тэр үед 1 сая 300 мянган төгрөгтэй байсан. Тэр мөнгийг Анастасия Ивановнагийн шаардлагаар 400.000 рубль болгон орос руу шилжүүлж байсан. Энэ нь тэр үед асар их мөнгө байсан. Түүнийг нь таны ах Владислов та хоёрыг үрэн таран хийсэн байх гэх бас нэг яриа байна. Олон жил энэ талаар ярьж бичиж байгаа. 

-Нэгдүгээрт, тэр байрнуудын талаар гүйцээгээд хэлэхэд ...хамаагүй ээ, намайг 120 ширхэг байр авсан ч гэж бичиж гүтгэж болно. Гэхдээ хамгийн гол нь баримттайгаар ярих ёстой Баримт нь хаана байна. Тэрийгээ гаргаж ирээд ярих ёстой. Ахин хэлэхэд 2002 онд Хотын захиргаанаас өгсөн тэр албан ёсны байрыг л өнөөдрийг хүртэл би эзэмшиж байгаа. Тэр мөнгөний тухай би бас сонссон. Хувь хүмүүсээс ч, засаг төрөөс ч аягүй их мөнгө авдаг, тэгээд үрэн таран хийчихдэг гэж бичсэн гэсэн. Хаана, хэн надад тийм их мөнгө өгсөн юм бэ. Эзэн байх ёстой шүү дээ. Өнөөдрийг хүртэл би хэнээс ч тийм овойж оцойсон их мөнгө авчихсан зүйл байхгүй. Маш их гайхаж байна. Би худал гүтгэлэг болгонд хариу өгөөд явсангүй. Худал юм тэртээ тэргүй өөрийн гэсэн богинохон настай гэж бодоод л хариу өгдөггүй. 

- Аавын тань хадгаламжинд байсан мөнгө гэж ярьж байгаа. 1 сая 300 мянган төгрөг гэж. Тэр мөнгийг нь үрчихээд одоо ядуу зүдүү амьдарч яваад нь монголын ард түмэн буруугүй ...гэж бичээд байгаа шүү дээ. Уучлаарай, 44 жил ажилласан түүний хувийн хадгаламжийн талаар өнөөдөр ингэж асуугаад сууж байх эвгүй байна. 

-Тавин жилийн өмнөх үеийн тухай бид ярьж байна. Тэр үед миний аавд хувийн хадгаламжийн данс монголд байсан. Гэхдээ би бол бүр яг нарийн сайн мэдэхгүй юм. Тэр үед ямар олон үйл явдал болж байлаа. Би бас залуу байсан. Гэхдээ одоо эцгийн минь тэр хувийн хадгаламжийн талаар ярьж бичиж байгаа хүмүүс хоёр 0 нэмсэн байна шүү гэдгийг хэлмээр байна. (хоёр ширхэг тэг нэмжээ ) Үүнийг бол би мэдэж байна. Миний аав өчүүхэн төдий ч хувийн шуналгүй хүн байсан. Түүнийг улс эх орныхоо төлөө ямар цаг үеийг туулж, яаж амьдарсныг монголын ард түмэн мэднэ. 

Үнэндээ би энэ удаа яагаад ирсэн бэ, яагаад бас “Цэдэнбалын академи”-ийг татан буулгах тухай мэдэгдсэн бэ гэхээр ийм яриа гарч байгааг олон удаа сонссон учраас асуудлыг цэгцлэх гэж ирсэн юм. Академийн нэр дээр, эсвэл миний нэрээр хүмүүс мөнгө хандив цуглуулсан талаар олон мэдээлэл ирдэг. Гэтэл академид ч, надад ч ямар нэгэн мөнгө төгрөг орж ирээгүй. Тийм учраас ямар ч байсан энэ академийг түр хугацаагаар татан буулгаж, үйл ажиллагааг нь зогсоох нь зөв гэж үзсэн. 

- “ Цэдэнбалын академи” яаж яваад нэг телевизийн захирал эмэгтэйн нэр дээр шилжчихсэн юм бэ. Энэ бол асар гайхалтай мэдээ юм. Юу болсныг та ярьж болох уу?

- Академи бол одоогоос 25 жилийн өмнө буюу 1999 онд байгуулагдаж байсан. “Цэдэнбалын академи”-ийнхаа тэргүүнээр би өнөөдрийг хүртэл байж байгаа. Одоогоос 2,5 жилийн өмнө “Соён гэгээрүүлэгч” телевизийн Ш.Хишигсүрэн манай академид орж ирсэн. Анх орж ирээд академийн нэрийн өмнөөс их зөв зүйтэй ажлуудыг хийж байсан. Бид нарт их тус болж байсан. Тэгээд удалгүй нэг хоёр өөр хүмүүстэй нийлээд академийн нэр дээр болон тэр байтугай миний нэрээр мөнгө хандив цуглуулсан гэж байгаа юм. Хүмүүсийн өгсөн тэр хандив хаачсан юм бүү мэд. Би юу ч мэдэхгүй байна. Саяхан бид Хууль зүйн яамнаас, Улсын бүртгэлийн газраас холбогдох баримт юмнуудаа авч үзлээ л дээ. Гэтэл дөнгөж 2,5 жилийн өмнө надтай танилцаад, манай академийн ажил руу орж ирж байсан хүн чинь 2010 онд энэ академийг өөрийнх нь нэр дээр болгочихсон баримт бичиг гарч ирлээ. Бүр 15 жилийн өмнө 2010 онд Ш.Хишигсүрэн гэдэг хүн энэ “Ю.Цэдэнбалын академи”-ийг өөрийнхөө нэр дээр авчихсан гэрчилгээг би өөр дээрээ одоо аваад харж байна л даа. Би өөрөө гайхаад ингээд сууж байна. 

-Зөндөө олон хүн нэгдэж анх академийг байгуулж байсныг санаж байна. Ц.Жамбалсүрэн гуай жишээ нь, юу хэлж байх юм. 

-Тэр өөрөө сая л мэдсэн. Академиа татан буулгах болоод тамга тэмдгээ хайгаад асуудал өрнөхөд л Бүртгэлийн газраас Ш.Хишигсүрэн нь  2010 онд манай академийн үүсгэн байгуулагч болсон гэсэн бүртгэлийн гэрчилгээ гараад ирсэн. Бид бүгдээрээ цочролд орсон. Тэгээд л хэвлэлийн бага хурал зарлаж байгаа байхгүй юу. 

- Юмжаагийн Цэдэнбалыг хэлмэгдүүлсэн байна гэж үзээд Улсын дээд шүүхээс цагаатгажээ. Энэ үйл явцтай л холбоотой өрнөж дээ гэж хардаж болохоор харагдаж байх юм. Танд цагаатгалын үнэмлэх нь байна уу. Би үзэж болох уу ?

- Та үзэж болно. Надад одоо байна. (үзүүлэв) 

- Юмжаа овогтой Цэдэнбалыг БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1990 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 97 дугаар тогтоолоор улс төрийн хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн нь тогтоогдсон тул түүнийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх-ийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01822 дугаар шийдвэрээр цагаатгав. 

Монгол Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг 

2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ... гэжээ. 

-Цагаатгах шийдвэр нь 2021 од гараад үнэмлэх нь 2022 онд олгогдсон юм байна. Тэгээд одоо юу олгогдсон юм бэ ?

- Одоо хөөцөлдөх ёстой гэсэн. Би Монголын төрөөс хоёр удаа мөнгө авсан. Эхнийх нь 2016 онд надад 15 сая төгрөг олгосон. Тэр тухай би танд Москвад өгсөн эхний ярилцлагадаа ярьсан. Сая наашаа ирэхэд Москвагаас Кизел рүү ирэх замын зардлыг өгсөн. Энэ хоёр дахь нь юм. Москва дахь Монголын Элчин сайдын яамнаас надад өгсөн. Монголын төрөөс өгч байна гэж би хүлээж авсан. 

-Москва дахь монголын элчин сайдын яам гэснээс үе үеийн элчин сайдын яамныхныг байнга загнаж дарамталж, юм нэхэж байдаг гэж таныг бас бичсэн байсан. 

-(инээв) Би элчин сайдын яаман дээр 2023 оны дөрөвдүгээр сард л хамгийн сүүлд очсон. Гэхдээ Ө.Энхтүвшин сайд ч намайг дуудсан юм биш, би ч өөрөө очсон юм биш. Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар европ яваад буцахдаа Москвад ирээд намайг уулзахаар дуудсан юм. Тэр үед Ө.Энхтүвшин сайд ч байж байсан. Элчингийн ажилтнууд ч сууж байсан. Тэгж л бид уулзалдсан. Тэр уулзалтын үеэр Ө.Энхтүвшин намайг манайхаар ирж байгаарай, би уринаа гэж хэлж байсан. Сая Москвагаас Кизел орох зардлыг өгөхдөө Ерөнхий консул надтай уулзаж өгсөн. Яагаад тэгж бичсэнийг би их гайхаж байна. Жишээ нь, сүүлийн үеийн элчин сайдуудаас Ш.Алтангэрэл сайдыг буцах гэж байх үед би нэг тааралдаж, бид уулзсан. Гурван цаг ярьж сууцгаасан. Б.Дэлгэрмаатай бол бид найрсаг сайхан харилцаатай байсан. 2016 онд аавын маань 100 жилийн ойтой холбоотой бичиг баримт бүрдүүлэх янз бүрийн асуудлуудаар уулздаг байсан. Элчин сайд ч шийдвэрлэж өгч, хамтран ажиллаж байсан. Сая ирэхдээ бол Ерөнхий консултай л уулзсан. Тэр үеэр харин манай элчин сайдын яамны мэдэлд байдаг нэг байрыг янз янзын газруудад түрээслүүлж явдаг байсныг болиулж яам авсан гэдгийг сонссон байсан учраас би санал тавьсан юм. Тэр байраа Монголын соёлын төв болговол сайхан юм даа. Жинхэнэ монголоо сурталчилж байдаг, байнгын ажиллагаатай гоё газар байгуулбал мөн ч хэрэгтэйсэн. Хэрэв тийм байгууллага байгуулбал миний охин Анастасия ч ази судлалаар төгссөн, миний эхнэр ч энэ талын мэргэжилтэй шүү, хоёулаа ажилгүй байнаа гэж би хэлж байлаа. Аль аль нь монголын төлөө гэсэн зүрх сэтгэлтэй хүмүүс юм чинь энэ хоёр маань ажиллахад бэлэн шүү гээд зүгээр л би яриад гарсан. Би хэзээ ч элчин сайдын яамаар очоод л тэднийг аашилж дарамталж байсан удаа байхгүй. 

-Таны охин Анастасия сайн байгаа юу. Монголчуудын мэдэж байгаагаар Юмжаагийн Цэдэнбалын үлдсэн цорын ганц хүү нь бол та, мөн цорын ганц ач нь Анастасия. Таныг ач охинтой болсон гэж дуулсан. Тэгэхээр Ю.Цэдэнбал даргын гуч охин мэндэлжээ гэсэн үг. Владислав та хоёроос өөр үр хүүхэд гэж таны аавд байхгүй биз дээ. Би ийм зүйлийн талаар асуулт тавьж байгаадаа танаас санаа зовж байна. Гэхдээ таныг хариулаасай гэж бодож байна.

-Би таныг яагаад ингэж асууж байгааг ойлгож байна. Хачин зүйл ярьсан нэг эмэгтэй хүн гарч ирсэн гэж дуулсан. Зүгээр л ДНК- шинжилгээгээ аваад ирэх ёстой. Би ингэж л хариулна. 

- Тийм дээ. 

- Гэснээс миний охин өөр нэртэй болсон гэж би танд хэлж байсан даа. 

- Нээрээ та тэгж хэлж байсан шүү дээ. Би мартжээ. Уучлаарай. 

- Анударь гэдэг. Монгол нэртэй болсон. Тэр одоо 40 настай. 

- Москвагийн Их Сургууль төгссөн бил үү?

- Тийм. МГУ-ын Ази -Африкийн факультетыг төгссөн. Одоогоор ажилгүй байна. Охин маань ээж болж , намайг өвөө болгосон. Ач охин маань одоо зургаан настай. Миний ач охин сая намайг наашаа гарахад “Та надад амьд монгол морь авчирч өгөөрэй” гэж гуйсан. (инээв) Миний охин, ач охин хоёр маань монголд маш их хайртай. 

- Таныг Ерөнхийлөгчийн өвлийн өргөөг авна гэж дайраад байна гээд хүмүүс ойлгочихжээ. Та надтай москвад уулзахдаа аавынхаа гэр музейг байгуулах мөрөөдлийнхөө талаар л ярьж байсан. Музей байгуулах байр олдчихвол сайхан аа, бараг монголын төрийн тавин жилийн түүх шүү дээ гэж л та ярьдаг. Тэр өвлийн ордон бол төрийн өмч. Гэхдээ аав маань амьдарч л байсан юм чинь тэр байрыг музей болгож болохгүй юм болов уу гэх утгаар хэлж байгаа. Гэвч буруугаар ойлгогдчихлоо. 

- Ерөөсөө миний юу ярьж байгааг ойлгохгүй байна. Буруугаар ойлгоод байна. Миний яриад байгаа энэ музей бол зөвхөн Ю.Цэдэнбалын музей биш ээ. Энэ музей бол монгол төрийн музей байх ёстой. Төрийн нэр дээр нь, төрийн өмчит байранд байгуулагдаад төрийн нэрийн өмнөөс үйлчилгээ үзүүлдэг бусад улс орнуудад байдаг тийм л музейг би ярьсан. Заавал Юмжаагийн Цэдэнбал биш юм гэхэд яагаад энэ Монгол Улсын төрийг бий болгосон тэр Д.Сүхбаатар, тэр Х.Чойбалсан бүгдийг хамарсан төрийн музей байж болохгүй гэж. Гэтэл үүнийг маань нэг хэсэг хүмүүс тэр байшинг би өөрийнхөө нэр дээр авах гээд байгаа юм шиг ойлгочихсон. Би ерөөсөө тийм зүйл хүсээгүй. Тэр байшин тохиромжтой юм даа л гэж бодлоо хэлж байгаа болохоос би хувьдаа авах гээд байгаа юм биш шүү дээ. Эрхбиш ухаантай хүмүүс ойлгож байгаа байх. Бүгдээрээ юмыг мушгин гуйвуулдаг, буруу ташаа ойлгодог болчихоогүй гэдэгт би итгэдэг. 

- Өөр нэг асуух зүйл байна. Таныг сая өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга авчирлаа. Тэр таныг хэвлэлийн хурал хийлгэж, төрийн өмчийн тэр байрыг авах гэж ийм зүйл явуулж байна гэж хэдэн өдөр ярьж бичлээ. Та Х.Баттулгыг таних уу ? 

-2016 онд аавынхаа 100 жилээр ирэхэд намайг Монголын Засгийн газар урьсан. Ерөнхийлөгч биш. 

- Сая таныг Х.Баттулга урьж авчирсан гэх цуурхал дэгдээд байна. Гэтэл та Кизелээр дамжиж элчингийнхний өгсөн зардлаар ирсэн байх юм.

-Би нэг ч удаа Х.Баттулгатай уулзаж үзээгүй. Нэг ч удаа. Яагаад ийм яриа гаргаж цацаж байгааг мэдэхгүй байна. Бүр ойлгохгүй байна. Олон зүйлийг гайхах юм даа. 

-Нээрээ та аавын тань 100 насны ойгоор хийгдсэн нөгөө киног үзсэн үү. “Түүх мартахгүй” гэж тэр киноны талаар сүүлд Москвад ярилцахдаа би асууж байсан даа?

-Үзсэн, их муухай кино болсон байна билээ. Төр тийм юманд мөнгө зарцуулсанд харамссан. Тэр кинонд мөнгө өгч байхаар хүүхдийн эмнэлэг барьчихгүй дээ. 

-Та одоо орост хэдэн рублийн тэтгэвэр авдаг вэ. Та монголын иргэн юм чинь монголоос тэтгэвэр авдаг уу?

- Монголоос би ямар нэгэн тэтгэмж авдаггүй. Орост 6000 рублийн тэтгэвэр авдаг.  

- 6000 - хан рубль үү?

- Тийм ээ. Анх тэтгэвэрт гарах үед хөдөлмөрийн дэвтэр дээр маань нэг тамга нь дутуу байх ч юм уу, эсвэл нэг газар нь татан буугдсан ч байдаг юм уу бэрхшээлтэй асуудлууд их байсан. Тэгээд хөөцөлдөөд явахаар бүтэл муутай. Тэгж яваад л тэр үед 6000 рублээр тогтоосон. Тэрүүгээрээ л одоо болтол явдаг.

-Таны ээжийг монголчуудад асар дургүй хүн байсан. Хоёр хүүгээ монгол хүүхдүүдтэй нийлүүлдэггүй. Бөөстэй гээд ойртуулдаггүй байсан гэж бичих юм. Үнэхээр тэгдэг байсан юм уу?

-Ээж маань бүр надад зориулж манай ангийнхныг бүгдийг нь гэртээ уриад шинэ жил тэмдэглэж өгдөг байсан. Бүгдэд нь бэлэг өгдөг байсан. Яагаад тэгж худал ярина вэ. Түүнийг хүүхдэд ямар хайртай, хүүхдүүдийн төлөө юу хийснийг монголын ард түмэн мэднэ шүү дээ. Миний эцэг эхийг түүх хангалттай шүүлээ. Одоо шүүгээд дуусч байх шиг байна. Бид гашуун хувь тавиланг тууллаа. Одоо тэднийг минь битгий гүтгэж гүжирдээсэй. Гэхдээ хэдхэн л хүний зүгээс ингэж байдаг гэдгийг бүгд мэднэ. Би таны ярилцлагаар дамжуулж нийт монголын ард түмэнд аавыг минь эрхэмлэн хайрлаж, үргэлж сайн сайхнаар дурсан санаж, түүний үйл хэргийг үргэлж санан дурсаж байдагт би маш их талархдаг. Үргэлж талархаж явдаг гэдгээ ахин хэлэхийг хүсэж байна. Одоо миний чин хүсэл бол энэ музейг байгуулах. Үүнийг минь ойлгож, дэмжиж өгөөсэй гэж би хүсэж байна.  

- Та ахиад хэзээ ирэх вэ ?

- Би Давст сумын 100 жилийн ойд ирнэ. Давстад очих надад үргэлж сайхан байдаг. Ярицлагынхаа төгсгөлд би аавын маань түүхэнд үргэлж хүндэтгэлтэй ханддаг, түүнийг хайрлан дурсаж, хамгаалж байдаг монголын эгэл ард түмэнд баярлан талархаж явдаг гэдгээ ахин хэлэхийг хүсэж байна. Мөн олон жил хамтран ажилласан, хамтран зүтгэсэн “Цэдэнбалын академи”-ийнхандаа маш их талархаж явдгаа дамжуулмаар байна.  


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (3)

Чук
Чук

Сайхан яриа өрнүүлжээ энэ яавч тийм шуналтай ховдог хүн бишээ

Зочин
Зочин

Би бас л юм бичдэг хүн.  Сэтгүүлч биш л дээ. Энэ ярилцлагыг уншаад  би сэтгүүлчийн авьяас билиг,  хүнлэг сэтгэл, үнэнийг хүн арддаа хүргэе гэсэн бүсгүй хүний  чин эрмэлзлэийг би мэдэрлээ. Жирийн сэхээтэн хүний хувьд  таны бичсэнийг тааралдвал л уншдаг байсан бол би одоо эрж сурж уншиж байх болно. Их баярлалаа. 

Эмээ хүн
Эмээ хүн

Бал даргыгаа хайрлан хүндэтгэж байна. Миний аавын дарга байсан. Хүүг нь, үр удмыг нь ч хайрлан хүндлэх болно.

Сайхан ярицлага болжээ, үнэнийг хэлж өгчээ.... Ганц таалагдаагүй зйүл бол....тэр "Далай ламын зурган ном гаргамаар байна " гэдэг таалагдсангүй. Далай ламаар Монгол дутахгүй, Тэр балай лам, ном нь ч огт хэрэггүй шүү...Бусдаар бол хайрлам сайхан гэр бүл шүү, Бал даргынх маань...

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав