“Ярилцъя” та бүхэнтэй Иргэний хөдөлгөөний ерөнхий зохицулагч, АН-ын гишүүн О.МАГНАЙГ уулзуулахаар урилаа.
-Магнай, Батзандан тэргүүтэй жагсагчид гудамжиндаа гарч ирэх нь, хаврын синдром нь хөдөллөө, мөнгөгүй болчихсон бололтой гэх мэт шүүмжлэлүүд чих дэлсч байна. Мэдээж энэ мэтээр хүмүүс янз янзаар хүлээж авч байгаа байх. Ингээд бид энэ хаврын анхны жагсаалыг яг гардан зохион байгуулж байгаа хүнийх нь албан ёсны байр суурийг уншигчиддаа хүргэхээр таныг урьсан юм?
-Жагсаалын талаар сонирхож байна гэж ойлголоо. Шүүмжлэлийн тухайд гадуур нэг их яваагүй байх аа. Харин өнгөрсөн жил хагасын хугацаанд иргэний хөдөлгөөнийхөн чимээгүй байсантай холбоотой болов уу. Яах аргагүй шүүх цагдаагийн хаалгыг татаж, жил гаруй явлаа. Ерөнхийдөө сүүлийн гурав дөрвөн сар л эрх чөлөөт иргэний амьдралаар амьдарч байх шив дээ.
-Өршөөгдсөнөөс хойш уу?
-Уулчлагдсанаас хойш. Энэ хугацаанд нийгмийн байдлыг харахад ер нь сайжирсан гэхээсээ илүү муудсан зүйл нь илүү олон байна. Энэ байдал хүн болгонд харагдаж байгаа байх. Ийм үед магадгүй нийгмийн сөрөг хүчний, иргэний эрхийг хамгаалдаг хэсгийнхний дуу хоолой үгүйлэгдэж байгаа. Та ч гэсэн үүнийг жирийн иргэнийхээ үүднээс харж л байгаа байх. Хэдэн нөхдүүд дээрээ засаглаж байгаа нэртэй сандайлаад суучихсан, доороо ард иргэдийн үгийг сонсдоггүй. Ард түмний юу хүсч байгааг мэдэрдэггүй. Ийм л хэсэг бүлэг хүмүүс дээр суучихаад удаж байна. Ард түмний амьдрал ядуураад л байдаг. Нэг хартал 80 хувь нь ядуурчихсан. Ийм л нийгэмтэй болчихсон байна шүү дээ. Тэгэхээр яах аргагүй иргэдийн дуу хоолой, иргэдийн идэвх сэргэх шаардлага зайлшгүй хэрэгтэй байна. Би ч гэсэн жагсаал цуглааныг зөвхөн Батзандан, Магнай хоёр зохион байгуулдаг байгаасай гэж хүсдэггүй л дээ. Уг нь жагсаал цуглаан бол ардчилсан нийгэмд иргэдийн үзэл бодлоо илэрхийлдэг л нэг хэлбэр. Уг нь энэ нийгмийн иргэн бүр идэвхтэй, иргэн бүр жагсдаг, иргэн бүр эрхээ шаарддаг байвал заавал бид жагсч цуглаад байх шаардлагагүй л дээ.
-Манай сэтгүүлчид ялангуяа их ярьдаг болсон нэг ойлголт дээр дөрөөлж асууя л даа. Энэ бол мэдээж хардах эрх. Та бүхнийг мөнгөөр дуудсан жагсаал хийнэ. Мөнгөгүй болчихоод жагсах гэж байна гэж бид хардаж байгаа. Бид мушгиж гуйвуулаад байна уу. Жагсаал цуглааны эргэн тойрон үнэхээр ийм зүйл байдаг юм уу?
-Хэвлэл мэдээллийнхэн гэж би нэлэнхүйд нь бодохгүй байна. Зарим нэг эрх баригчийн гаргаж байгаа сонин хэвлэлээр мушгин гуйвуулах гэж оролдож байна гэж хувьдаа ойлгож байгаа. Тэгээд тэр хийж байгаа зүйлийг нь сэтгүүлчийн байр суурь гэхээсээ илүү цаагуураа хэн нэгэн улстөрчийн байр суурь илэрч байна гэж л харсан. Ер нь аль ч улс оронд мөнгөөр жагсана гэж байдаггүй юм аа. Жагсаал цуглаан гэдгийг хэн дуртай нь ч хийдэггүй юм. Мөнгө өгье гэж хүмүүсийг дуудаж ирээд жагс гэдэг ойлголт байдаггүй байхгүй юу. Жагсаал цуглаан гэдэг асар их итгэл үнэмшил, асар их эрсдэл байдаг юм. Бид амархан болохоор нь жагсах гээд жагсаад байгаа юм биш. Хэцүү болохоор нь, цаашлаад биднээс өөр жагсах хүн байхгүй болохоор нь, энэ нийгэмд тэмцэх шаардлага зайлшгүй байгаа болохоор нь жагсдаг. Би зүгээр нэг юмыг ойлгодог юм. Батзандан, Магнай гэдэг улсууд бол нийгмийн үзэгдэл юм. Энэ хүмүүс одоо юу гэдэг юм, шоронд ороод тэр чигээрээ дуусах юм бол энэ нийгэмд дахиж жагсах, дахиж тэмцэх, дахиж үнэний дуу хоолой болох залуучууд гарч ирэхгүй. Өнөөдөр гашуун боловч үнэн юм бол хэн луйвардаж, хэн хулгайлж байгаа нь Монголд од шиг гялалзан тэр дээр амьдарч байна шүү дээ. Энэ чинь хойч үедээ ямар үлгэр дуурайлал үзүүлж байна вэ гэвэл ерөнхийдөө ингэж явбал тэнд хүрдэг юм байна гэсэн үлгэр болоод байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ залуучуудад яах аргагүй жишиг болох тэмцэл, жишиг болох үлгэр дуурайлал болох хэрэгтэй гэж бид ойлгодог. Тийм учраас бид амжилтад хүрэх ёстой. Бид амжилтад хүрэх юм бол монголчуудын бүлээн цус бага ч гэсэн хална гэж ойлгодог. Ер нь тэмцсэний үр дүнд заавал нэг юманд хүрч байх ёстой. Энийг бид өөрсөд дээрээ үзүүлнэ гэж ойлгодог. Энэ бүх үүргийг ухамсарлаад жагсч байгаа болохоос биш ямар нэгэн мөнгө төгрөгийн асуудал байхгүй. Та мэдэж байгаа 2004, 2005 оны үед биднийг жагсч байхад ард нь Л.Гүндалай байна, М.Энхсайхан байна, Б.Эрдэнэбат байна, Ц.Элбэгдорж байна гэж ямар их хардсан билээ. Тийм биз дээ.
-Одоо бас Н.Энхбаяр байна гээд л хардаж эхэлсэн?
-Хардаад л эхэлнэ. Иргэний нийгэм дэх иргэний идэвх дэндүү сул байгаа тохиолдолд энэ нь эргээд хардалтыг бий болгодог юм болов уу. Гэхдээ дөрвөн жилийн өмнөх Магнай, гурван жилийн өмнөх Магнай, таван жилийн өмнөх Магнайг харьцуулахад одоогийн Магнай тодорхой хүрээллийг бий болгочихсон хүн гэж би өөрийгөө харж байна. Гэхдээ өнөөдрийн энэ хардалт нэг сонины бичлэгээр дуусах байх аа гэж би бодож байна.
-Та бүхэн жагсч, тэмцэж явж юм хийгээгүй биш хийсэн. Хийсэн зүйлийг тань барьчихсан байшин шиг харж, үнэлж байсан нийгмийн тодорхой хэсгийнхэн байгаа. Гэхдээ сүүлдээ нэг л биш болчихсон, өөр зүйл рүү явчихсан гэх шүүмжлэл байдаг. Энэ тухайд та юу хэлэх вэ. Өөрсдөө ч тарж бутарсан, байгуулсан намаа ч орхицгоосон шүү дээ?
-Магадгүй бид алдсан бол гаргасан бүх алдааныхаа өмнөөс уучлал гуйж чадна. Гэхдээ бидний гаргасан алдаанаас болж Монголд ядуурсан хүн, зогссон ажил байхгүй гэдэгтэй би 100 хувь санал нийлдэг. Эцсийн эцэст хэдэн луйварчин улсын толгой дээр гарчихсан, ард түмнийх нь 80 хувийг ядууруулчихсан. Өөрсдийн дарангуйллыг бий болгочихсон. Хэдэн залуу гарч тэмцээд, амь амьдралаараа хохирч үлдээд, эцэст нь нөгөөдүүл нь байрандаа үлдээд, залуучууд нь адгийн шаар болоод дуусна гэж би л лав итгэхгүй байна. Тийм юм байх ёсгүй. Тэгэхээр манай иргэд ч гэсэн асуудлыг их зөв өнцгөөс харж байх хэрэгтэй. Заавал нэг хардалтын, заавал нэг мөнгө төгрөгтэй холбосон хар сэрээр харах ёсгүй шүү дээ. Гэхдээ бас нэг талаас аргагүй дээ. Энэ нийгэм чинь ядуу байна. Ер нь нийгэм ядуурах тусмаа асуудалд их хартай ханддаг, юм бүхнийг мөнгөтэй холбож хардаг. Сонгуульд хүртэл сая таван зуун мянган төгрөг амлаад ялчихаж байна гэдэг нь энэ нийгэм ямар их мөнгөнд дуртай, асуудлыг ямар их зоосны нүхээр харах дуртайгийн шинж мөн биз дээ. Тэгэхээр иргэд илүү их өөрийнхөө амьдрал дээр асуудлыг тусгаж хараасай. Магнайгийн ярьж байгаа юмыг сайн тунгаагаасай. Ялангуяа хэний төлөө яриад байгаа юм бэ гэдэг дээр тогтож сонсоосой. Түүнээс биш зүгээр нэг захиалгатай нийтлэлийн мөрөөр гүехэн бодож битгий хараасай. Өөрөөр хэлбэл нөгөө “соотон халтар дүйвээнээр” гэдэг шиг асуудалд битгий хандаасай гэж би хүсдэг юм.
-Долоон сарын 1-нд бас л та жагссан. Хэрвээ жагссан гэж хэлж байгаа нь хариуцлагагүй сонсогдвол уучлаарай. Та сонгуульд өрсөлдсөн. Ялагдсан. Мэдээж таныг дэмжигчдэд бухимдал байсан байх. Үүнтэй долоон сарын 1-ний үйл явдлыг зөндөө холбосон. Олон түмний бухимдал мэдээж байсан. Гэхдээ та нөхдийг эргээд үйл явцыг хумьж дийлээгүй гэж тайлбарладаг. Тантай тэр явдлаас хойш уулзаагүй болохоор асууж байна л даа?
-Үнэн. Долдугаар сарын 1-ний үйл явдалд хамгийн ойр байсан хүн нь бол би л дээ. Гэхдээ долдугаар сарын 1-ний үйл явдалд оролцсон олонхи нь хүүхэд, залуучууд байсан. Ялангуяа 1990 оноос хойш төлөвшсөн шинэ үеийнхний төлөөлөл байсан. Бид зүгээр нэг юмыг л ойлгох ёстой юм байна лээ. Ер нь бол нөгөө хонь шиг ноомой, загас шиг дуугүй монголчуудын үе өнгөрч байгаа юм байна гэдгийг. 1990 оноос хойш эрх чөлөөний мэдрэмжийг амсчихсан цоо шинэ үе гарч ирж байгаа юм байна аа гэдгийг хүн хүнээс түрүүлж юуны өмнө эрх баригчид ойлгох ёстой. Иргэний хөдөлгөөнүүдээс өнгөрсөн хугацаанд олон шаардлага тавьж байсан. Тэр шаардлагаас харамсалтай нь маш цөөхөн асуудлыг хүлээж авч ажил хэрэг болгосон. Тийм болохоор нь тавьсан шаардлагаа дотор нь орж ажил хэрэг болгоё гээд парламентад нэр дэвшсэн. Сонгуулийг нь луйвардчихсан. Та сая намайг сонгуульд ялагдсан гэж байна. Би өөрийгөө ялагдсан гэж боддоггүй. Өнөөдөр 6000 хүний санал авсан Ц.Нямдорж парламентад сууж байхад, би 30000 хүний санал авсан атлаа луйвардуулчихаад өнөөдөр энд тантай яриад сууж байна шүү дээ. Иргэний хөдөлгөөнүүдийн төлөөлөгчдөд 2008 оны сонгуулиар нийтдээ 200-гаад мянган хүн дэмжиж саналаа өгсөн.
-Таны ялсан гэж үзэж байгаа энэ үзүүлэлтийг ямар нэг систем булааж авсан юм уу, аль нэг улс төрийн хүчин луйвардчихсан юм уу?
-Би өөрт чинь харин процессыг ярих гээд байна шүү дээ. Ерөнхийдөө Магнайгийн сонгуулийг луйвардсан нь тодорхой болоод, луйвардсан нөхөр нь уучлал гуйж өөрөө телевизээр уйлаад зөндөө юм болсон ш дээ. Асуудлыг тойргийн хороонд тавихад тойргийн хороо сонгуулийн ерөнхий хороо мэднэ ээ гэж байгаа юм. СЕХ-нд нь тавихаар биччихээд аваад ир гээд буцааж байх жишээтэй. Дарга нь Баттулга гэж нөхөр байсан та санаж байгаа байх. Одоо Эрдэнэт үйлдвэрт дарга хийж байна уу даа. Тэгээд өргөдлөө бичгээр аваад хандах гэтэл хаалгаа түгжээд зугтаачихсан. Одоо хаана асуудлаа тавих вэ, хүлээгээд байвал сонгуулийн дүн гарах гээд байна тийм ээ, сонгуулийн дүн нэг л гарах юм бол дахиж ухраах ямар ч боломжгүйг та бид хоёр хоёулаа мэднэ. Ингээд МАХН-д хандах нь хамгийн зүйтэй гэж үзээд хандсан. Тэнд очиход зохион байгуулалттайгаар үймээн тарих асуудлыг ч гэсэн цаад нөхдийн зүгээс бас хийсэн юм шүү дээ. Энэ дээр би итгэлтэй байгаа. Мэдээж иргэд бухимдалтай байсан. Яах аргагүй юмаа хулгайд алдсан хүмүүс чинь ууртай байлгүй яахав. Би тэрийг зөвшөөрнө. Тэр тусмаа сонгуулиа хулгайд алдсан иргэд бол ууртай байсан. Дээрээс нь иргэдийг дутуу үнэлсэн. Түрүүний миний хэлдэг нөгөө л нэг хонь шиг номхон, загас шиг дуугүй хүмүүсийг бороохойгоор номхруулчихна гэж ойлгосон байхгүй юу. Гэтэл тэгээгүй, энэ бүгдийн үр дүнд долдугаар сарын 1-ний үйл явдал болсон. Тэгэхээр долдугаар сарын 1-нийг хар өдөр, хар дурсамж гэхээсээ илүү... Гэхдээ энэ дээр тодруулга хийхэд, уучлаарай тухайн өдөр амь насаа алдсан хүмүүс, тэдний ар гэрийнхэнд бол яах аргагүй хар өдөр. Үүнийг би хүлээн зөвшөөрнө. Энэ хүмүүст эмгэнэл илэрхийлэх ёстой. Гэхдээ Монгол Улсын түүхэнд энэ үйл явдал бол хараар бичигдэх ёсгүй. Хамгийн нэгдүгээрт энэ үйл явдлаас сонгууль луйвардаж болохгүй юм байна гэдэг сургамжийг аль аль нь авсан болов уу. Хоёрдугаарт, нэг хүндэтгэлтэй хандах ёстой юм байна. Иргэдийн жагсаал цуглааныг цагдаагийн хүчээр тарааж болдоггүй юм байна гэдгийг ойлгох ёстой. Гуравдугаарт, иргэдээс тавьж ирж байгаа асуудлыг тухай бүрт нь шийдээд яваад байвал бухимдал өдий зэрэгт хүртлээ дэврэхгүй гэдгийг эрх баригчид ойлгоосой гэдэг ийм л сургамжууд үлдлээ гэж би ойлгож байгаа. Цагдаа нарын хувьд ч гэсэн ялгаагүй. Иргэдийг буудаж болохгүй юм байна. Монголын цагдаа тушаал биелүүллээ гэж ярих дуртай. Тэгвэл тушаал биелүүллээ гэж ярих чинь та нарыг аврахгүй юм байна аа, дарга нар чинь цагаа тулахаар та нарыг өмөөрөхгүй юм байна, асуудал болохоор та нарыг урдаа бамбай шиг тавьчихаад, дараа нь яг асуудал шийдэгдэх үед нөгөө дарга нар чинь өөрсдийнхөө л арьсыг хамгаалаад явах юм байна гэдгийг Монголын цагдаа ч гэсэн ойлгосон болов уу. “Түүхийн сайн нь ч миний багш, муу нь ч миний багш” гэж Орост буудуулсан манай Ерөнхий сайд Амар гуай хэлсэн. Яг тэрэнтэй адил долдугаар сарын 1-ний түүх нь сайн ч бай, муу ч бай бидний багш болж үлдэж байгаа юм. Тийм учраас энэ сургамжийг аль аль тал нь өөрийнхөөрөө хүлээж аваасай, зөвөөр хүлээж аваасай.
-Таныг шоронд хорьсон. Хэр удлаа?
-60 хоносон.
-Тэр олон хоног хоригдож шалгагдах явцад хүнийхээ хувьд бас ойртож харилцана биз дээ. Ингэхэд манай цагдаа өөрсдийгөө хэн гэж боддог нөхдүүд байх шиг байна вэ. Өөрсдийгөө ойлгох ойлголтон дээр нь алдаад байх шиг санагддаг юм?
-Битгий гомдоорой гээд хэлчихье. Тушаал биелүүлдэг компьютер шиг л болчихсон хүмүүс байдаг юм байна лээ. Би ний нуугүй л хэлнэ. Дээрээс нь энэ хүнийг яллах ёстой л гэвэл ялладаг, яллах ёсгүй гэвэл хэнийг ч юунаас ч цэвэрхэн гаргадаг. Миний нүдэн дээр юу юу болсон гэж бодно. Би өөртэйгөө нүүр тулахаас өмнө Монголын шүүх, цагдаа, прокурорыг арай ч ийм түвшинд очсон гэж бодоогүй. Бас арай ч үгүй байлгүй дээ гэсэн бодол хүнд байдаг даа. Тийм бодол надад ч гэсэн байсан. Гэтэл зөвхөн Магнайгийн жолооч болсныхоо төлөө, Магнайгийн хамгаалагч болсныхоо төлөө, Магнайгийн сонгуулийн менежер хийснийхээ төлөө, Магнайгийн сонгуулийн сурталчилгаанд явж байсныхаа төлөө 10-аад хүн ял авсан гээд бод доо.
-Сурталчилгаанд тань ажилласан хүмүүсээс сэтгүүлчдээс бусад нь бараг яллуулсан байх аа?
-Сэтгүүлчдээс бусад нь ял авсан. Зүгээр хүний машиныг барьсны төлөө гурван жилийн ял авна гэдэг бол байж боломгүй зүйл байхгүй юу. Тэнд байгаа цагдаагийн нөхдүүд ч гэсэн энэ хүмүүс хэлмэгдэж байна гэдгийг дотроо мэдэж байсан ч гэсэн дээрээс даалгавартай гэдэг нь хөдөлгөөнгүй. Яг махны машин шиг ажиллаж байсан байхгүй юу. Тэгээд ч Монголын цагдаа дэндүү аймхай хулчгар, албан тушаалынхаа боол болсон нөхдүүд байдаг. Даргынхаа өөдөөс үг ч хэлж чадахгүй. Ажилгүй байхад л дарга нь суугаад бай гэвэл бүх өрөө нь онгорхой, өрөөндөө өдөржин суудаг. Хагас бүтэн сайнгүй суулгадаг. Ядаж илүү цагийнхаа ажлын мөнгийг авчихъя гэж даргынхаа өөдөөс хэлчихэж чадахгүй. Тийм зүрхтэй зоригтой аавын хүү байдаггүй юм билээ.
-Тэд нарт чинь хувийн амьдрал гэж угаасаа “байдаггүй” шүү дээ?
-Байх ёстой. Тэр чинь бас хүн шүү дээ. Цагдаа болно гэдэг чинь амьдралаа золиослохоос илүү бас л нэг ажил хийж цалин авахын төлөө явж байгаа иргэн хүний амьдрал байхгүй юу. Гэтэл тэрийгээ өөрсдөө ойлгодоггүй. Даргаасаа л айж амьдарсаар насыг бардаг.
-Тэгсэн хэрнээ өөрсдийгөө төрийн цагдаа гэж ярьдаг. Төрийг иргэн гэдэг хар хүчнээс хамгаалдаг улсууд гээд ч ойлгочихсон юм шиг?
-Яг үнэн. Ерөнхийдөө сэтгэлгээнийх нь асуудал үнэхээр өрөвдмөөр. Та долоон сарын 1-нд ажигласан бол ерөнхийдөө манай цагдаа нар байшин дотор байгаа нь манайх, байшингаас гадаахь нь дайсных гээд л яг цэргүүд шиг хооронд нь хуваагаад байлдсан шүү дээ. Гэтэл тэр гадаа жагссан иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд тэр нөхөд цалин аваад ажиллаж байгаа гэдэг ухамсар ерөөсөө байхгүй байгаа байхгүй юу. Цагдаа нар хууль сахиулах л үүрэгтэй. Түүнээс биш хэн нэгэн даргын тушаалыг биелүүлдэг, хэн нэгэн даргыг хамгаалдаг, хэн нэгэн даргын тушаалаар хүнд эрүүгийн хэрэг үүсгэж барьж хорьдог байж болохгүй.
-Та хоригдож гарч ирээд хүчнийхний харгислалын тухай тодорхой мэдэгдэл хийж байсан. Дарамт гэж үнэхээр аймшигтай юм байх юм уу?
-Манай хавтаст хэрэг 18000 орчим хуудастай хэрэг болсон л доо. Урьд нь хадгаламж зээлийн хоршооны хэрэг л арван хэдэн мянган хуудастай гарч байсан. 18000 гэдэг бол ер нь Монголын эрүүгийн түүхэнд хамгийн олон хуудас материал цугларсан ийм хэрэг гэх юм уу даа. Алхам тутамд хууль зөрчигдөж байсан. Хэрэгтэй танилц гээд өглөө есөн цагаас шөнийн 22 цаг хүртэл суулгадаг байсан. Ингээд яриад байвал өдий төдий юм бий.
-Би тэр үед танаас ярилцлага авъя гэж олон удаа утасдсан. Болоогүй байна, болохгүй гэсэн, хориглосон гэх хариу л өгдөг байсан. Ярилцлага өгөхийг хүртэл нэг хэсэг хориглосон байх аа?
-Хориглож байсан. Бид бас нэг ярилцлага өгч үзсэн л дээ. Дуудаад л буцаагаад Ганцхудагт хийнэ шүү. Дахиж сонин хэвлэлд хандахгүй шүү гэж хэлж байсан. Сонин хэвлэлд хандчихаараа ч яадаг юм. Манай цагдаа нар бас өөрсдөө улс төр их сайн хийдэг юм билээ. Ямар мэдээллээ алдаж сонин дээр гаргах вэ гэдгээ ч сайн ухамсарладаг улс.
-”Ганц худаг”-аас гарч ирээд та мэдэгдэл хийсэн. Үнэхээр аймаар юм үзлээ гэж хэлсэн. Үүнийг та биемахбодь дээрээ суурилж хэлсэн үү, сэтгэлзүйн хувьд хэлсэн үү?
-Сэтгэл зүйн хувьд л даа. Би гэхдээ тав хоног өлсгөлөн зарласан шүү дээ. Тав хоног ус уугаагүй. Их л хэцүү болдог юм байна лээ. Тав хоног ус уухгүй байх гэдэг. Цагдаа нар бол тоглосон байхгүй юу. За, байж бай. Чуулган хуралдаадхаг гээд л. Дэндүү увайгүй юм их болсон доо.
-Иргэний хөдөлгөөний намаа яагаад татаад унагачихсан бэ?
-Иргэний хөдөлгөөний нам татан буугдаагүй шүү дээ. Өнөөдрийг хүртэл байгаа.
-Лидергүй, шошго төдий нам уу?
-Байдгаараа л байгаа.
-Дарга нь одоо яг ямар хүн байдаг вэ?
-Анод банкны ерөнхийлөгч байсан Даваа гуай ажиллаж байгаа. Бас л хэлмэгдсэн хүн.
-Хатагтай Ичинноровын тухай сүүлийн үед их ярьж байна. Та энэ тухайд юу гэж бодож байна. МАХН-ыг хамгийн их эсэргүүцдэг байсан хүн биз дээ?
-Би одоо Ичинноровын сонголтон дээр тайлбар хийгээд яахав. Надад ёстой тайлбар хийх юм алга. Юу болсон юм нарийн учрыг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан МАХН-д орлоо гэдгийг нь харсан, харамсч байна.
-Гэхдээ энэ чинь төрөл арилжсан юм шиг шийдвэр биз дээ. Эсвэл би буруу бодоод байна уу?
-Би бас тантай яг санал нэг байна. Яагаад гэвэл та бид хоёр яг адилхан мэдээлэлтэй байх шиг байна л даа.
-Ардчилсан намд орж ирснээрээ тодорхой хэмжээгээр рейтинг тань буурсан гэдгийг хүлээн зөвшөөрөх үү?
-Үргэлж рейтинг дээшээ байна гэж байхгүй шүү дээ. Зарим хүн муу хэлүүлэхээс айдаг. Бидний хувьд тийм юм байдаггүй юм аа. Хангалттай муу хэлүүлсэн. Та бүхэн мэдэж байгаа даа. Өнгөрсөн 20 жилд ингэж муу хэлүүлсэн хүмүүс байхгүй байх аа. Шүүх, прокурор, цагдаагийнхан бол айхтар гүтгэдэг юм билээ шүү. Та санаж байгаа бол ялангуяа долдугаар сарын нэгний үеэр цагдаагийн хэвлэл мэдээллийн алба бол бараг намын хэвлэл мэдээллийн алба шиг ажилласан байхгүй юу. Сая төгрөг хүмүүст өгч байшин шатаасан, за тэгээд л тэр чулуунуудыг бүгдийг нь голоос зөөсөн, шатдаг тэсэрдэг бодис савлаад тараасан гээд л. Бүгдээрээ нотлогдоогүй. Хурандаа цол гэдэг бол цагдаагийн хамгийн дээд цол нь болов уу гэж би ойлгож байгаа. Ийм цолтой хүмүүс дэндүү хариуцлагагүй, увайгүй мэдэгдэл хийж нийгмийн сэтгэлзүйг эхнээсээ буруу бэлтгэсэн. Дараа нь нийгмийн сэтгэлгээ нэгэнт хэлбэлзчихсэн үед хэн ч буруугүй байна аа гээд тавьчих юм бол өөрсдөө эргээд асуудалд унах учраас ямар ч байсан хүмүүсийг шоронд хийх ёстой гэдэг ойлголтоор 200, 300-аар нь шоронд хийсэн ш дээ. Эхнээсээ мөрдөн байцаалтаа зөв хийгээд асуудал ийм болсон юм байна, иргэд зүгээр бухимдсан юм байна, зохион байгуулалт байгаагүй юм байна гэдгийг ойлгосон бол юм арай өөрөөр явах ёстой байсан.
-Ардчилсан намд орсноор байгаа бүхнээ золиослож тэмцсэн үнэ цэн тань юу болж хувирсан бэ. Энэ нам чинь бас орж ирсэн болгон гараад ирдэггүй нам шүү дээ. Юуг алдсан, юуг олсон юм бэ гэвэл?
-Өнгөрсөн сонгуулиар би нэг л юм харсан. Би сонгуульд бол ялж чадах юм байна. Гэхдээ АН, МАХН хоёрын аль нэгээс нэр дэвшиж байж л ялах юм байна гэдгийг. Тэгээд бас сонгууль гэдэг өөрөө тохироо юм байна гэдэг нь харагдсан л даа. Бас залуу хүмүүс дэндүү гэгээн цагаанаар асуудлыг боддог юм байна лээ. Муу санаа нь багаддаг юм байна лээ. Гэхдээ хүмүүс нэг юмыг ойлгох хэрэгтэй. АН-ын лидерүүд бол яах аргагүй өөрсдөө хувьсгал хийж гарч ирсэн улсууд. МАХН-ынхнаас дэндүү ялгаатай шүү дээ. МАХН-ынхан бол шат шатаараа, дараа дараагийн үе үеэрээ гардаг бол АН-ынхан тэмцэж байж гарч ирсэн хүмүүс. АН-ын залуучуудад ч гэсэн намын ахмадуудын хэлдэг үг бол үзэж байгаад гараад ирээрэй залуучуудаа л гэдэг. Би ч гэсэн үүнийг их зөв үг гэж хүлээж авдаг. Ялангуяа улс төр гэдэг бол өөрөө уриалгагүй л салбар. Чиний ээлж боллоо гэж хэн ч хэлэхгүй, чи л өөрөө ээлжээ болсноо мэдүүлэхгүй бол хэн ч чамайг нэрээр чинь дуудахгүй шүү дээ. Тэгэхээр хувь хүний идэвх чармайлт, өөрийнх нь манлайлах чадвар гэдэг илүү чухал гэж би хардаг.
-Намын гишүүн хүн, тэр тусмаа эрх барилцаж байгаа намын гишүүн ийм айхтар дур зоргоороо жагсана, цуглана гэж аашилж болж байгаа юм уу. Нам тань яаж хүлээж авах бол?
-АН бол нэг хувь хүний ч юм уу нэг хэсэг бүлэг хүмүүсийн нам биш. АН бол энэ Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөний өмнө үүрэг хариуцлага хүлээдэг нам гэж би ойлгодог л доо. Үнэндээ АН, МАХН-тай ингэж нэг дороо удаан байх юм бол АН-д л ашиггүй. Энийг бол хүн болгон харж байгаа. Тэгэхээр энэ намыг урт хугацаанд байлгая, урт хугацаанд Монголын цаашдын улс төрийг тодорхойлуулъя гэж байгаа бол өнөөдөр энэ хамтарсан Засгийн газраас гаргах л ёстой гэж би ойлгодог. Гэхдээ энэ бол миний хувийн байр суурь.
-Танай нам дотор ийм байр сурьтай хүн олон байгаа юу?
-Маш олон байгаа. Ард түмэн хэнийг сонгосон тэр нь олонхи болдог. Сонгогдоогүй нь цөөнх болж эрх баригчдынхаа бодлого шийдвэрийг хянадаг. Ер нь стандарт бус энэ тэр гэж зарим нэг нүдний шилтэй хүний яриад байдаг юм бол яах аргагүй манай нийгэмд сайнаасаа илүү муу юмыг бий болгож байна. Нэг хэсэг стандарт бус шийдвэр гаргадаг гээд нөхдүүд хөөрөөд бие биеэ магтаад байсан, одоо стандарт бус шийдвэр нь яваандаа бүтцээ, нийгмийнхээ үндэс суурийг байхгүй болгож байна. Цаашдаа юугаар ч нөхөхгүй том алдаа гарна л гэж би хардаг юм. Гэхдээ үүнийг засч залруулах хэрэгтэй. Ямар ч үед боломж байдаг. Засч залруулах үүрэг хариуцлага нь магадгүй энийг зөвөөр харж байгаа хүмүүст илүү байгаа болов уу.
-Одоо 1.5 саяа өгч чадахгүй нь ойлгомжтой боллоо гэж хүмүүс ярьцгааж байна?
-Анхнаасаа сая таван зуун мянган төгрөг өгөх боломжгүй л байсан байхгүй юү. Эдийн засагт маань энэ амлалтыг нь даах чадал байхгүй шүү дээ. Амлалт бол хатуу зүйл байдаг. Амлалтыг нэхэх нь нөгөө талаас ард түмний эрхийн асуудал. МАХН сонгуульд ялсан. Сая таван зуун мянган төгрөг өгнө гэж илүү амлалт өгч ялсан. Тэгэхээр МАХН-ын хүлээж байгаа үүрэг нь. МАХН парламентад 46 суудалтай нам. Тэгэхээр МАХН-аас амлалтыг нь нэхэх ёстой. Хувьсгалт нам ардчилсан намд хайртайдаа засагт оруулаагүй. Айсандаа л оруулсан шүү дээ. АН өөрсдөө нөхцөл тавьж орсон болохоос гуйж засагт ороогүй. Энийг бол манай засагт орсон нөхдүүд цаг ямагт ойлгож байх хэрэгтэй. Тэгэхгүй хүний хөнжилд өөрөө гүйгээд орчихсон юм шиг л үргэлж муу хэлүүлээд, үргэлж л загнуулчихсан, айлын хатавчинд сууж байгаа хүүхэд шиг байх шаардлагагүй.
-Н.Алтанхуяг дарга нэг ярилцлагадаа Магнай нарын тэр нөхдийг манай нам хүнд үед нь авсан. Одоо тэгээд юу хийгээд явааг нь ойлгохгүй л байна гэсэн утгатай битүү үг чулуудсан байсан?
-МАХН бол зүгээр л нэг нам. АН-ын хувьд бол энэ эх орон, энэ Монгол Улсад хүний эрх, эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлсийг бий болгож байгаа, бэхжүүлж байгаа нийгэмд тэр үүргийг хүлээж явдаг намын хувьд АН-ын лидер өөрөө жинхэнэ лидер байх ёстой. Түүнээс биш энгийн нэг хулчгар нөхөр АН-ын олон зуун гишүүнийг төлөөлөөд тэнд сууж байна гэдэг өөрөө бас ичгэвтэр зүйл. Яах аргагүй намын дарга гэдэг бол намын нүүр царай. Би бол АН-ын даргыг хувьдаа тэмцэгч чанартай, иргэнлэг байр суурьтай, зарчимдаа хатуу, тэр дундаа МАХН-тай зарим нэг зүйл дээр огт тохирдоггүй тийм хүн байх ёстой гэж ойлгодог. МАХН-ыг үзэн яддаггүй юмаа гэхэд зарчмын хувьд МАХН-ын зарим зүйлийг хүлээн зөвшөөрдөггүй хүн АН-ын дарга байх ёстой. Үнэндээ АН-ын дарга МАХН-д дуудагдаж очдог сул фигур баймааргүй байна. Тэгээд ч хувьсгалт намтай бүх юмаараа адилхан дарга байвал ардчилсан нам, хувьсгалт нам хоёрын ялгаа ч гарч ирэхгүй. Одоо бол нөгөө хар үгээр хэлэх юм бол унтаж хэвтэх боломжтой болгон нь хоорондоо унтаад хэвтчихсэн ийм л нийгэм болчихлоо ш дээ.
-Та бас ардчилсан хүчний холбоонд орсон. Ардчилсан хүчний холбоог сүүлийн үед нэлээд хардаж байгаа. АН-ын өнөөдрийн удирдлагыг халах солих гэсэн зорилготой байдаг л нэг хуйвалдааны бүлэглэл гээд л. З.Энхболд гишүүн рүү жишээ нь дайраад эхэлсэн. Яагаад ардчилсан хүчний холбоог чиглэсэн хардлага яваад байна вэ. Хүчиндээ байна уу?
-Яах аргагүй хүчтэй хүмүүс нэг дор цугларсанд л байгаа болов уу гэж би харж байна. Ардчилсан хүчний холбоо бол зүгээр нэг намын даргыг солих хэмжээний тийм жижиг зорилготой бүтэц биш ээ.
-З.Энхболдыг намын даргад зүтгүүлэхээр нэгдсэн фракц гэх маягийн ойлголт явж байх шиг байна лээ?
-З.Энхболд бол яах аргагүй хүчтэй лидер. Би АН-ын даргыг яг З.Энхболд шиг хүн байгаасай гэж хүсдэг. Тэгэхээр энэ үүднээс л гаднаас дайралт ирж байгаа юм байлгүй дээ. Ер нь бөмбөгтэй тоглогч руу л хүмүүс очдог юм ш дээ. Тэгэхээр ардчилсан хүчний холбоонд бөмбөг байгаа юм байлгүй.
-Танд сүүлийн асуултыг үлдээе?
-Би нэг л юманд итгэдэг. Юу вэ гэхээр тэмцэгч ард түмэн хэзээ ч алддаггүй гэдэгт. Би Францын ард түмэн, Солонгосын ард түмнээр жишээ татаж ярих дуртай. Иргэд гэдэг чинь өөрсдөө иргэний идэвхтэй, өөрийнхөө амьдралд эзэн болдог, өөрийнхөө ядуурал, амьдралын болж бүтэхгүй байгаа бүх юмыг зөвхөн өөрийн буруу гэж харахаас илүү бас дарга нараасаа хайдаг байх хэрэгтэй. Аль ч нийгэмд гурваас таван хувийн ядуурал байхад энгийн үзэгдэл. Харин ядуурал 80 хувьд хүрнэ гэдэг бол яах аргагүй төрийн буруу бодлого л гэж ойлгох хэрэгтэй. Ард түмэн өөрсдийнхөө нийгмийн идэвхийг сэргээж, амь амьдралынхаа төлөө тэмцэх цаг болсон. Тэмцэх хэрэгтэй, ер нь иргэд тэмцсэний эцэст л жаргадаг. Тэмцэгч, халуун цустай ард түмэн бол алддаггүй юм аа.