Франкфуртыг зорьсон шалтгаан тэр байв. Энд Германы суу билигт зохиолч Иоханн Вольфганг Гётегийн төрсөн газар, гэр музей, түүний алхаж явсан гудам, саруулхан тэнгэрийг ширтэж зогссон цонх, бичгийн ширээ, гайхамшигт уран зургийн цуглуулга, диваажин адил төсөөлөлд буух номын сан тэнд бий.

ТҮҮХИЙН ЭРЭГ ДЭЭР

Суут зохиолч тэртээ 1749 онд Франкфурт дахь Гроссер Хиршграбенд төржээ. Гётегийн эцэг эхээс өвлөгдсөн сууц нь ар талдаа хоёр жижигхэн цэцэрлэгтэй, хоорондоо нарийн урт холбоосуудаар бэхлэгдсэн хагас модон байшингаас бүрддэг байжээ. Таван давхар энэхүү сууцыг хожим нь түүний гэр музей болгоход хэдэн зууны туршид олон арван хүмүүс, байгууллагын хүч хөдөлмөр орсон агаад өнөөдрийн бидний харж буй түүхээс төрсөн эл музей ч өөрийн гэсэн энхэл донхолтой замыг туулсан юм.

Гётегийн эгч Элизабет Гёте аавыгаа нас барсны дараа гэр бүлийн санхүү, ахуй амьдралаа зохицуулахад нэн бэрх цаг үеийг туучиж байсан учир өвлөгдөн ирсэн байшин, эд хогшлоо бүгдийг нь зарж орхижээ. Тэр бол 1795 он байлаа. Тэгэхээр Гётегийн гэр бүлийнхэн тус он хүртэл уг байшинд аж төрдөг байжээ. Ийнхүү байшин нэлээд олон эрхмүүдийн мэдэлд шилжиж, цагийн эрхэнд нэгээс нөгөөгийн гарт дамжин он жилүүдийг элээсээр байв. Харин хувьдаа эзэмшиж асан сүүлчийн эзэн нь дээврийн хөндийд Гётегийн дурсгалд зориулсан жижигхэн өрөө тохинуулсан гэдэг. Энэ бол их зохиолчийн дурсгалыг хүндэтгэсэн бишрэлээс гадна ирээдүйд түүний суу билиг, бичгийн эрдмийг таниулан үлдээх соён гэгээрлийн үрийг зөөлөн хөрсөнд тарьсан явдал байв. 

1859 онд Отто Волгерын үүсгэн байгуулсан Шинжлэх ухааны иргэдийн нийгэмлэг болох “Чөлөөт бишопын сүм” тэрхүү байшинг мэдэлдээ оруулав. Тэд түүхэн сурвалж бичиг болоод Гётегийн “Яруу найраг хийгээд үнэн” хэмээх залуу насных нь намтар номд тулгуурлан уг байшинг аажмаар сэргээн босгож, их зохиолчийн дурсгалт өв болгон нийтэд танилцуулсан удаатай. 

Харин 1944 оны гуравдугаар сар буюу Гётег нас барснаас 112 жилийн хойно хэний ч төсөөлөөгүй дайны уршигт нэрвэгдсэн ард түмэнд амьд гарах хүслээс өөр юу ч байсангүй. Тэдэнд эд хогшлоос илүүтэй хоол хүнс чухал байлаа. Бас их удирдагчийнх нь дэлхийг эзлэх мөрөөдөл бүгдийн зүрхэнд итгэл найдварын гал болон асаж байсан биз. Гэвч энэ нь тухайн онд мөрөөдлөөс хэтийдсэн аймшигт сүйрлийг авчирсан юм. 1944 онд Франкфурт руу хийсэн агаарын дайралтын үеэр Гроссер Хиршграбений гудам тун ихээр сүйдэж, олон хүн гэр орноо алджээ. Ард түмнийхээ уй гашууг мөнөөх байшин ч цуг хуваалцав. Гётегийн байшин бөмбөгдөлтөд өртөж, кино бичлэг, зарим эд зүйлс бүр мөсөн үгүйрсэн байлаа. Гол нь доторх эд хөрөнгийн ихэнхийг нүүлгэн шилжүүлж амжсан тул түүх ахин сүндэрлэж эхлэв.

Гэвч тэрхүү бүтээн байгуулалтаас өмнө маргаан дэгдэв. Хот төлөвлөлтийн захирал, хэлтсийн дарга Варнер Хеббранд, хот төлөвлөлтийн ажилтан Евген Бланк, католик шашны сэтгүүлч Уолтер Диркс нар Гётегийн байшинг сэргээн засварлахыг эрс эсэргүүцэж байлаа. Тэдэнд хуучин түүх бус урагшлах хөгжилд түлхэц болохуйц шинэ үеийн барилга хэрэгтэй байв. Мөн тухайн үеийн "Baukunst und Werkform" хэмээх герман сэтгүүлд ижил агуулга бүхий нийтлэл гарч, “Устгасан өвийг түүхэн ач холбогдлын үүднээс сэргээж болохгүй. Зөвхөн шинэ хэлбэрээр бүтээн босгох шаардлагатай. Энэ ажил л боломжтой” гэж бичиж байв. 

Харин эсрэг талд нь гүн ухаантан Карл Жасперс, аж үйлдвэрийн шинэ үеийг эхлүүлсэн Ричард Мертон, Нобелийн шагналт зохиолч Херман Хэссэ нар зогсож байлаа. Тэд төвийг сахисан байдлаар үзэл бодлоо илэрхийлж, Гётегийн гэр музейг хуучин байсан хэлбэрээр нь сэргээн босгох ёстой гэж үзэж байв. Тэгж чадваас түүх түүхээрээ үлдэх болно. Азтай явдал болсон нь бөмбөгдөлтөд өртөхөөс өмнө байшингийн архитектурыг нарийн сайн зурагласан баримт бичгүүдийг үйлдсэн байсан нь устгагдаагүй учраас эх хувилбартай нь нийцүүлэн сэргээн босгох боломж гарч ирсэн юм. 

Германы нэрт архитекторч Тео Кэллнер 1947 онд дайны дараах сэргээн босгостын ажлыг эхүүлсэн юм. Тэрээр Гётегийн өвийг хэрхэн байршуулах, байшин өмнө нь ямаршуухан хэлбэр хийцтэй, хаана нь унтлагын өрөө, номын сан, бичгийн ширээ байх зэргийг судалгаанд суурилан нарийн сайн тогтоож гаргажээ. Мөн шатны гишгүүр, гадаах цэцэрлэгийн чулуун довжоонуудыг хүртэл түүхэн он цагаас огт гажуудуулсангүй. 1951 онд сэргээн босгох ажил бүрэн дуусжээ.

Ингээд дайны үед нүүлгэн шилжүүлсэн тавилга, өдөр тутмын эд зүйлс, номууд, уран зургийн цуглуулга, гар бичмэл, гэр бүлийн эрдэнэсүүд нь Гётегийн болоод түүний эцэг эхийн гэрт буцаж ирлээ. Бид ч бас суут зохиолчийн гэрт гурван зуугаад жилийн дараа зочилж хөл тавих боломжтой болов. 

ГЁТЕГИЙН ГЭР МУЗЕЙ

Frankfurter Goethe Haus” гэх бичигтэй зохиолчийн гэрийн гадна яг одоо зогсож байна. Элж үгүйрсэн он цагаас өнөөгийн зуунд авчирсан модон хүрээтэй, нарийн сийлбэрээс бүтсэн хар өнгийн төмөр хаалганы цаана Гётегийн гэр бий. Энэ хаалга шууд гудам руу гарах агаад харин арын цэцэрлэгийн хаалгаар Хиршграбений нөгөө талыг тольдох боломжтой. Уг музейн эргэн тойронд зохиолчийн нэртэй кафе, мөн залгаатай барилгад амьдарч асан зууных нь үед хамаарах сод туурвилчдын сонгодог уран зургийн галерей байрлана. 

“Берличинген”, “Залуу Вертерийн шаналан” зохиолуудаа тэр энд туурвисан. Ганцхан шөнийн дотор өөрийг нь музагийн титэмтэй болгосон бүтээлүүд. Манайд түүний дээр дурдсан “Залуу Вертерийн шаналан”, “Фауст” жүжиг, мөн нэлээдгүй шүлгүүд нь орчуулагдсан билээ. Гол хоёр зохиол нь эх хэл дээр минь зохист яруугаар буусан нь бидэнд эл суут бичээчийн дотоод ертөнц, гүн ухааны үнэ цэнийг хэдийн сайтар танилцуулчихсан юм. 

Үүднээс тасалбараа аваад орохуйд цэцэрлэгийн чулуун боржин тавцан, магадгүй цоорч хэврэгшээд салхинд бутархаар зэхэж буй нь хэчнээн олон зууны түүхийг өртөөлсөн нандин эрдэнэ хурууны өндөгөнд хүрэлцэж байх шиг мэдрэмжийг төрүүлнэ.

Байшин нь нийт таван давхараас бүтжээ. Хамгийн доод давхар буюу хаалгаар орох төдийд аварга том ил зуух, гал тогооны тавилга сэлт, ширээ сандал угтана. Хоолны эд хэрэгслийн хийц, нарийн урлал нь өөрийн эрхгүй нүд татаж, эд бол урлагийн хосгүй бүтээл гэх үгс дотор тэмтрэгдэнэ. 

Уг музейд зохиолчийн болоод түүний гэр бүлийнхний эдэлж хэрэглэж байсан 50.000 орчим эд зүйлсийн цуглуулга бий. Үүнээс үзэхэд хэчнээн арвин цуглуулгатай, музейн баялаг санг бий болгосныг мэдэж болно. Уг өргөн хүрээний цуглуулгад Гётегийн номууд, номын сан, гар бичмэл, захидал, гар урлал, эд өлгийн зүйлс, сийлбэрийн урлалууд ч багтддаг. 

Давхар бүрт үзмэрийн аюулгүй байдалд анхаарал тавих музейн ажилтнууд байх агаад тэд шатны хажууд модон сандал тавиад бусдыг чимээгүйхэн ажиглана. Хүмүүс энд зураг авч, гэмтээлгүйгээр эд өлгийн зүйлсэд хүрч, өрөөнүүдээр чөлөөтэй зорчиж, сандал дээр суугаад зургаа ч авхуулж болох ажээ. Харин музейн ажилтнууд хэнд ч саад болохгүй, үзмэрт хүрч, гараар мэдрэх үед ч хориглохгүй. Нэгэнт зорьж ирээд зохиолчийн байшинд хөл тавьсан хэн ч эрх чөлөөтэй. Гол нь эдгээр үнэтэй эд өлгийн зүйлсийг гэмтээх, мөн Гётегийн нандин өвийг сахин хамгаалах үүднээс музейн ажилчдыг давхар бүрд хяналт тавих зарчмын үүднээс ажиллуулдаг байна. Тэд суу билигт зохиолчдоо ингэж ханддаг ажээ. Бүтээлийг нь хүмүүст чөлөөтэй дэлгэн үзүүлэх эрх чөлөөг олгохоос гадна хэзээ ч ажлын байраа орхиж, анхаарлаа сулруулж болохгүйн үүднээс давхар хяналт тавьдаг нь үнэтэй эд хөрөнгийн хамгаалагч гэхээс илүүтэй их зохиолчоо хүндэтгэж, хайрладаг болохын шалтгаан болов уу.

Давхар бүр нь гэр бүлийн, найз нөхдийн, зөвхөн уран бүтээлийн туурвилын гээд өөрсдийн онцлог, түүхэн цаг үеийнхээ бодит төрхийг хадгалсан онцлогтой. Яагаад ч тэдгээр нүсэр, уран нарийн хийцтэй зүйлсийг харах бүрд “Фауст” санаанд бууна. Гётегийн далан жилийн турш бичсэн, хүн төрөлхтний түүхэнд эртний Грекээс хойш туурвисан сор бүтээлийн мөр, үг үсгийн шид тус байшингийн хана, туурга, шат, шал, цонхны хүрээ болгоноос амилах шиг сэтгэгдэл төрөхүйд өөрийн эрхгүй бишрэх сэтгэл төрөхийн зэрэгцээ яг энэ газарт хэдэн ч цагаар хамаагүй өвдөгөө нугалаад суучихмаар болно. Суу билиг гэдэг ийм ажээ. Домог гэдэг мөн тийм ажээ. Хэчнээн зууны хойно ч хэн нэгэн суу билигт өөрийн эрхгүй сөхрөх тийм гайхамшгийг нэгэн бие цогцлоож болдог байнам. 

Байшингийн арын цэцэрлэгт олон зүйлийн ургамал, жимсний мод, хананаас нь ус ундарсан, уран нарийн хийцтэй оргилуур бий. Гётегийн нарлан суудаг сандал, арын хана нь яг л тухайн зууны үеийн сонгодог уран зураг шиг харагдана. Тэр л саарал ханан дээр “Хэзээ ямагт мууг ёрловч, Хэзээ ямагт сайныг үйлдэгч нэгэн хүчний элтэс” хэмээх Мэфистофилийн үгс төсөөлөлд дурайж харагдана. 

Түүний амьдарч асан байшин, бичгийн ширээ, номын сан хүртэл зөвхөн герман төдийгүй дэлхийн оюун санааны суу билигт хамаарна. Түүнийг эх орон нь, иргэд нь мэддэг байна гэдэг өөрөө хэчнээн олзуурхам, хүндэтгэл оршоосон үйл болохыг Гётегийн гэр музейд зочилж байж танив. Тэр цаг үе, түүхэн зуунаас гараад орчин үеийн технологи, өндөр шилэн барилгуудтай шинэ үеийн дэлхийг харахад ямар байх бол... Гэхдээ үгүй. Байшингийн хаалгыг дотроос нь нээгээд гарвал зохиолчийн алхаж явсан чулуун замтай гудам угтана. Тэгээд л дахин Гётегийн үеийн зуунд хөл тавина. 

2024.05.28
Швейцар улс, Базель хот

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав