“Time” сэтгүүлээс саяхан зарласан “2024 оны эмэгтэйчүүд” нэрсийн жагсаалтыг бүрдүүлж буй 12 эмэгтэйн нэг нь жүжигчин, дуучин, зохиолч Таражи П.Хенсон юм.

Тэрбээр 1970 онд АНУ-ын Колумб муж улсад төрсөн, кино урлагт 1992 оноос нэр нь дуулдаж эхэлсэн бөгөөд 2000-аад оноос тодорч, 2015 онд “Fox” сувгийн олон ангит “Эзэнт гүрэн” киноны гол дүрээр “Алтан бөмбөрцөг” шагналын эзэн болсон эмэгтэй юм. Түүний амьдрал, уран бүтээлийн замналын талаар уншигчдадаа танилцуулахаар сонголоо.

П.Хенсон 2001 онд “Baby Boy” кинонд туслах дүр бүтээснээр илүүтэй олны танил болжээ. 2008 онд «Бенжамин Баттоны хачирхалтай түүх»-ийн туслах дүрээр мөн Оскарт нэр дэвшиж байв. Түүнд амжилт, алдар хүнд авчирсан гол дүр нь бол “Fox”-ын, 2015 оноос хойш таван жил тасралтгүй үзэгчдэд хүргэсэн “Эзэнт гүрэн” цувралын гол дүр Куки Лайон юм. Энэ дүрээрээ Хенсон 2016 онд АНУ-д олгодог олон улсын телевизийн бүтээлийн дээд шагнал “Эмми”-ийг хүртжээ. 

Мөн тэрбээр “lifetime” сувгийн 2002-2004 онд үзэгчдэд хүргэсэн цагдаагийн байгууллагын ажилтнуудын тухай өгүүлэх “Эмэгтэйчүүдийн бригад”, “CBS” сувгийн 2011-2013 онд гаргасан “Үзэгдэх талбайд” цувралуудад тоглосон юм. “lifetime”-ийн “Хулгайлагдсан хүү Тиффани Рубиний түүх” киноны гол дүрээрээ мөн л “Эмми”-д нэр дэвшиж байжээ. 

Өргөн дэлгэцийн бүтээлийн тухайд тэрбээр “Алдаа бүхэн минийх” (2009), “Эр хүн шиг сэтгэ” (2012), “Сайн үйлс гэж ярих хэрэггүй” (2014), “Нууц хүмүүс” (2016) зэрэг кинонуудад амжилттай тоглосон байна. 

Түүнд “Алтан бөмбөрцөг” атгуулсан киноных нь тухай товч өгүүлье. Энэхүү “Эрдэнэс” кино нь “Оскар”-ын зургаан номинацид нэр дэвшиж байсан Ли Дэниелс болон мөн жүжигчин, кино зохиолч, найруулагч Дэни Стронг нарын бүтээл аж. Үйл явдал нь хип хоп стилийн амьдралын хэв маягтай нэгэн гэр бүлийн хосын эргэн тойронд өрнөдөг. Хөгжмийн продюсероор нь гэхэд нэрт рэпер, хөгжмийн найруулагч, дуу зохиогч, хөгжмийн бүтээлийн дээд шагнал “Грэмми”-ийн дөрвөн удаагийн шагналт Тимбалэнд ажилласнаараа онцлог. Жүжигчдийн багийг зөвхөн африк гаралтай уран бүтээлчдээр бүрдүүлсэн нь ч өвөрмөц. 

Уг цуврал телевизээр гарч эхэлсэн өдрөөсөө үзэгчдийн сэтгэлийг татаж улмаар бүхий л хугацааны турш 10 орчим сая үзэгчийг (II улирлын төгсгөлд 17,2 сая үзэгч үзсэн байв) цэнхэр дэлгэцийнх нь өмнө “уяж” байсан ажээ. Тэдний 71 хувь нь африк гаралтай үзэгчид болох нь судалгаанаас харагдсан байна.

Мөн цувралын эхний улирлын хэсгийн хөгжмийн цомгийн борлуулалт нь тухайн үед Мадоннагийн ээлжит цомгийнхыг ч давсан байдаг нь Billboard-оос харагддаг аж. Эдгээр амжилтыг удалгүй 2016 оны нэгдүгээр сард киноны гол Куки Лайоны дүрийг бүтээж байсан жүжигчин П.Хенсон нь Холливудын киноны дээд шагнал “Алтан бөмбөрцөг” хүртсэнээр улам бататгажээ. 

Шүүмжлэгчид Таражи П.Хенсоныг дүр болгоноо дахин давтагдахааргүй бүтээдэг, киноноос кинонд хурц, тод илэрхийлэл бүхий үл мартагдах онцгой дүрээр шүтэн бишрэгчдээ баярлуулж байдаг хэмээн үнэлдэг. Инээдмийн, уянгын драм, телевизийн цуврал, уран сайхны киноны алинд ч тэрбээр дүрийг маш хөнгөхөн, зовлонгүй бүтээдгээрээ алдартай. Тоглох ур чадвар сайтайн зэрэгцээ 165 см өндөр, 60 кг орчим жинтэй буюу бие, физиологийн зохистой байдал нь ч дүрээ сайтар бүтээхэд нөлөөлдөг гэж судлаачид үздэг байна. 

П.Хенсон нь эцэг, эхийн цорын ганц охин. Бага байхаас нь түүнд жүжигчин болох тухай ямар ч бодол байдаггүй байсан болохоор дунд сургуулиа төгсөөд Хөдөө аж ахуйн дээдэд элсэж, радиотехникийн мэргэжил эзэмшихээр шамдаж байв. Цаг хугацаа өнгөрөх тусам түүнд театрын урлаг сонирхолтой санагдах болсон ч энэ чиглэлд суралцахад нь хүрэлцэх мөнгө байсангүй. Тийм болохоор бүсгүй Говардын их сургуульд элсэхийн тулд өглөөнөөс орой хүртэл байгууллагын даргын “нарийн бичиг”-ээр, үдэш нь ресторанд зөөгчөөр ажилладаг байв. Давхар ажиллах хэцүү байсан ч зохих түвшний боловсрол эзэмших мөрөөдөлдөө хүрэхийн төлөө бүх хүндрэлийг даван туулсаар байжээ. Үр дүнд нь Таражи хүссэн сургуульдаа суралцан төгсөж, театрын урлагийн мэргэжилтэн болж, улмаар кино урлагт өнөөг хүртэл онцгой, содон дүрүүдийг бүтээсээр явна. 

Тэрбээр жүжиглэхийн сацуу сайн дуулдаг давуу талтай тул ялангуяа телевизийн олон ангит цувралуудад уригдах нь элбэг. Нэгэнт Холливудын од болсон тэрээр 2008 онд найруулагч Дэвид Финчерийн “Бенжамин Баттоны хачирхалтай түүх” киноны туслах дүрд тоглоход шүүмжлэгчид дүрийг уран тод, дотоод сэтгэл, зан төлөвийг нь гүн гүнзгий мэдрэхээр илэрхийлж чаджээ хэмээн бичиж байлаа. Тиймдээ ч тэр жилдээ “Оскар”-т “Шилдэг эмэгтэй туслах дүр” номинацид нэр дэвшин өрсөлдсөн түүхтэй. Үүнээс хойш түүнийг олон найруулагч уран бүтээлдээ, тэр дундаа мюзиклд тоглуулахаар урьжээ. 

П.Хенсон хэвлэлийнхнээс хувийн амьдралаа нуудаггүй. Тэрбээр нэртэй жүжигчин, хөгжимчин Уильям Ламар Жонсонтой амьдарч байсан бөгөөд 1994 онд тэдний хүү Марсель төржээ. Харамсалтай нь хайртай залуу, хүүгийнх нь эцэг 2003 онд бусдын гарт амь насаа алдсан юм. Энэ явдлаас хойш жүжигчин маань хэн нэгэнтэй дотносолгүй байж байгаад 2018 онд америк хөлбөмбөгчин Келвин Хейдентэй гэрлэжээ.

Таражи өдгөө кинонд тоглосоор л байна. 2019 онд түүний тоглосон “Эрчүүд юу хүсдэг вэ”, “Хамгийн сайн дайснууд” гэсэн хоёр бүтээл дэлгэцнээ гарсан. Мөн “Тука ба Берти” хэмээх телевизийн шинэ цувралд ч тоглож эхэлжээ. 

Тэрбээр орчин цагийн мэдээллийн хэрэгслүүдийн нэг «Инстаграм»-ыг байнга ашиглаж, сонирхолтой, тэр дундаа биеийн галбираа тодотгосон усны хувцастай гэрэл зургууд оруулах мэтээр үзэгч, шүтэн бишрэгчидтэйгээ байнга холбоо, харилцаатай байдаг. Мөн өөрийн нэрийн гоо сайхны бүтээгдэхүүн үйдвэрлэлийн “MACTaraji collection”-оороо хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээсэн брэнд бүтээгч гэдгийг шүтэн бишрэгчид нь мэдэх биз ээ. 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден урлагийн салбарт танигдсан төдийгүй нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн бие хүн Таражи Пенда Хенсоныг 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нд тус улсын түүхэн, хар арьст иргэд суралцаж ирсэн, эдүгээ ч суралцдаг коллеж, их, дээд сургуулиудын асуудал эрхэлсэн зөвлөхөөрөө томилсон юм. АНУ-д өдгөө ийм дээд боловсролын байгууллага 107 байдаг ажээ.

Нийтлэлч | Р.Оюунжаргал

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав