Баатар яах вэ, бацаанууд нь цаана чинь баллаж өгсөн байна. Ийм нэгэн яриа хотыг бүрхжээ. Дэлгүүр хоршоо,такси, талбай хаа сайгүй амтай болгон шуугиж байна. Эрх баригчдийн зүгээс нийгмийн амыг барих бодлого явуулж эхэлсэн ч арга нь жаахан танил, бас баахан явуургүй байгаа учраас намрын өвсөнд шүдэнз зураад шидчихсэн юм шиг олны дургүйцэл зэвүүцлийн гал дүрэлзэн асч байна. 10 хол даваад явчихсан тэрбум тэрбумын хулгайг эдүгээ эгэл жирийн, байдаг л нэг үзэгдэл юм шиг хүлээж авахуулах сонин арга лав улайн цайн явж байна. Нэг үгээр нийгмийн чихийг дөжрөөх гэсэн санаа юм. Тодруулбал, Хадгаламжийн банкны үүцийг МАХН-ын залуучууд бүлэглээд ухаад явчихсан хулгайн асуудлыг Хадгаламж зээлийн хоршоодын үймээнтэй хольж хутган саармагжуулж, алийг нь ч юу ч биш болгон хувиргаж нийгмийн санаа сэтгэлийг гөлийлгөх арга явж байна гэсэн үг. Ийм зүйлд манай эрх баригчид яриангүй гаршсан улс л даа. Нэрэнд нь цөвтэй нэг дуулиан гараад, олон түмэн анхаараад эхлэнгүүт “хүүе энэ яах вэ тэнд шүлхий, бас тэнд боом гарчихлаа, бид дарахаар явлаа” гэж хашгирдаг нь гэм биш зан нь. Нэг ууланд л түймэр гараад байх угаасаа хэцүү шүү дээ. Хүн болгон хараад, гасалж ганиад болдоггүй. Тэрийг саармагжуулах арга бол өшөө хэд хэдэн ууланд түймэр тавьж, хэд хэдэн газраас утаа олгойдуулах явдал яах аргагүй мөн. Байдал нэг иймэрхүү л байна даа. Одоо тэгээд яахав, энд тэндгүй гамшиг, ганцхан манай хэдэн хүүхэд хулгай зэлгий хийчихсэн юм биш өдий төдий болох бүтэхгүй юм байна, тэр Доржийн хүү ч өчигдөр архи уугаад агсан тавиад л байсан гэх маягийн юм л яриад унана даа тэд маань.
Гэтэл босч ирсэн асуудал нь жинхэнэдээ юу юм бэ. Нэг их сүрхий хувьчлал явуулаад л шуугиад байсан. Гадна дотны хүн мөнгөө төлөөд авлаа л болсон. Гэтэл худалдаж авсан байшиндаа ороод иртэл хамаг авдар савыг нь ухаад шуудайлаад явчихсан, ул мөрөө орхиод таг магийг нь дэлгээд хаячихсан байх нь тэр. Энэ юу болов гэтэл өнөө л эрх баригчдийн гудамжинд жагсааж хааяа нэг хэрэг болохоороо шүгэл үлээлгэдэг жаалууд үйлдчихсэн байдаг байгаа. Ёстой барцад гэж энэ байх. Дөнгөж төрсөн хүүхдийн өлгийн дээр хүртэл улаан сарнайгаа хатгаж өгөх гэж дайрдаг яруу алдарт МАХН-ын нялхас яагаад ингэж буруу гараар будаа тээчихэв.
Эд чинь нөгөө МАХН-ын дэргэдэх МАСЗХ гэдэг цэцэрлэгийн ахлах ангийнхан дотроос шилэгдэж тоогдон албан тушаалд дэвшсэн хэсгийнхэн шүү дээ. Яагаав нөгөө Сүрэнхороос өгсүүлээд нэрс нь цаашаа хөвөрнө . Бүхэл бүтэн төрийн яамны дээрээсээ гурав дахь зэрэглэлийн албан тушаалд итгэл хүлээлгээд залчихсан чинь яамныхаа хамаг мөнгөөр мөрийтэй тоглочихоод оргон зайлчихсан. Одоо ч сураггүй. Нэг атаман нь гэгээн цагаан өдөр нөгөөгөө ажил дээр нь очоод хутгалаад хөнөөчихсөн. Цагийн найртайд буруу зөв гарын холион бантан болсон их мөнгөний урсгал дунд эвсэг л тоглож явсан залуусын нэг нь шороон дор орж, нөгөө нь шорон оронд тарчилж хэвтнэ. Олныг хиртхийлгэсэн ийм аймшигт хэргийн дараа ч МАХН нялхасдаа анхаарал хаясангүй. Тухайн үед одоо алуурчин талуурчин болчихоод шаналж хэвтээ Түмэнгэрэлийн мэдлийн “Гэр хороолол, барилгажилт” хадгаламж зээлийн хоршоо гэхэд 23 тэрбумын хадгаламжтай байсан гэдэг. МАСЗХ-ныхон эл хоршоонд их хэмжээний мөнгө байршуулж байсан гэх мэдээлэл ч батлагддаг. Уг хоршооны хадгаламжийн фондных нь ил гарч ирсэн энэ хэмжээ эдүгээн галын цэг болоод буй Хадгаламж банкныхаас үл дутахаар байгаа нь анзаарагдаж байгаа байх. Ямаршуухан хэмжээний бохир мөнгөний эргэлт хувь хувьсгалын санхүүгийн сүлжээгээр холилдон хөрвөж, ах нар нь ичиж айхаа мэдэхгүй идэж ууж, хөөрхий хүүхдүүдээр тоглож суусныг эндээс төвөггүй уншиж болно. Сүүлийн үед МАХН-ын нарийн бичгийн дарга Ё.Отгонбаяр нарын ганц нэг хүн “…байдал үнэхээр бишдээд ирлээ. Одоо энэ намын дэргэдэх элдэв олон нийтийн байгууллагуудыг татан буулгачихвал яасан юм” гэж дуугарч үзэх болсон гэнээ. Балчиг намагт идэгдэж сүйрэн ганхаж буй МАХН хэмээх аварга том нам сүүлчийн эмгэнэлт хөгжмөө захиалан, нэр төрөө нэг мөсөн баастчихаад “Ганц худаг”-ыг гадуур дотуургүй дүүргээд байгаа залгамж үеээсээ ангижирч амьтны нүд амыг орой дээр нь гаргахыг хүсч байгаа хэрэг үү. Сонин л шийдэл юм. Гэхдээ ингэтэл бас өдий биз дээ.
Хадгаламж банкнаас алга болсон мөнгөний тоо 14,2 тэрбум төгрөг. Түүний 9,2 нь Монгол банкны харилцахаар ороод алга болчихсон. Алга болчихсон гэх ч чин үнэндээ гадагшаа гарах ямар ч боломжгүй болох тухай нь шинжээчид хэлээд байгаа. Шинэ цагийн цуутай хулгайч Чимэдцэрэн гэгчийн яг өөрөө идсэн уусан гэх мөнгө нь нэг турбум 55 сая төгрөг. Мань эр нэг тэрбум 55 саяыг өөрийн мэдлийн дансаараа гаргачихсан нь факт. Харин тэр нөхөр өөрөө цагдаад мушки тоглоод алга болгочихсон гэхээс өөрийг хэлэхгүй хэвтээд байна гэнэ. Мөн дэмийр ч байгаа юм шүү. Юун Баатарын намдаа даалгавараар олж өгөөд адаг сүүлд нь золигт хаягдан зовлон эдэлж суугаа100 сая. Бацаанууд нь жаалж өгсөн байгаа биз . Яг үнэндээ хувьчлагдсан банкнаас алдагдсан 14,2 тэрбум төгрөгийн тодорхой хэсэг МАХН руу, МАСЗХ –руу орсон гэх. Энэ бол яаж ч мэлзэж, бусад улс төрийн хүчнүүдээ асуудлыг дэвэргэж улс төрийн ашиг хонжоо хайж байна гэж хий хашгираад тийм амархан үгүйсгэгдэшгүй ил тод улбаа юм. Эцэг нь нууц хүүхдээсээ хичнээн бултаад нөгөөх нь гадар доторгүй өвчиж төрчихөөд, нүдний нь өмнүүр гүйгээд байдагтай зүйрлэмээр тийм аймаар нүүр халуу оргиулсан улбаа юм.
Ерөнхийдөө эдүгээ намын ахмад үеийнхэн хамаг амьдралаа зориулж ирсэн намаа хэрхэн яаж балран унаж буйг гашуудалтайгаар харж суугаа бол, дунд үеийнхэн нь яаж шоронгүй зугтах вэ гэж толгойгоо гашилгаж хэвтэж байх шиг . Залуу үеийнхний нь тухайд ч нэгэнт ойлгомжтой болсон үзэгдэнэ. Өө нөгөө хулгайч жаалуудын нэг шив дээ гэх арилшгүй ярлик тэдний духанд ах нарынх нь балгаар үүрд хадагджээ. Мэдээж МАСЗХ гэх энэ байгууллагад ил гарч ирж хүний гар хөл болоод байдаггүй, эрүүл саруул тархитай, эрдэмтэй мэдлэгтэй залуус олон байгаа. Тэд нь одоо аргаа бараад удирдах зөвлөлөө сайн дураараа огцорчихооч дээ гэж гуйн сууна. Нөгөөдүүл нь ч хариугаа өгөв. Та нар мэддэг юм уу, хуц гэсэн тэр хариу харин энэ намыг эдүгээ моорогт оруулчих шахаад байж байгаа гашуун эмгэнэлийн хамар цоргим хурц үнэр танар нь юм аа.