НАСА-гийн “Паркер” нэртэй сансрын хайгуулын хөлөг нь анх удаа нарны гаднах давхаргад нэвтэрч, маш өндөр хэмийн халууныг тэсвэрлэж байна.
Энэ хугацаанд холбоо барих боломжгүй бөгөөд эрдэмтэд энэ сарын 27-нд дохио хүлээн авч, хөлгийн ажиллагаа амжилттай болсон эсэхийг мэдэх юм. Амжилттай болбол нарны бүтцийг илүү сайн таньж мэдэхэд тусална гэж үзэж байгаа билээ. НАСА-гийн эрдэмтэн Никола Фокс "Олон зууны турш хүмүүс нарыг судалсан ч илүү сайн ойлгохын тулд ойроос очиж үзэх ёстой" гэжээ.
Уг хөлгийг 2018 онд хөөргөж, нарны тойрог зам руу илгээсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд нартай ойртсоор байгаа ч энэ удаагийн ажиллагаагаар хамгийн ойр очих төлөвтэй байгаа юм.
Хөлөг хамгийн ойрдоо нарнаас 6.2 сая км-ийн зайд очно. Бидэнд тийм ч ойр мэт санагдахгүй байж болох ч эрдэмтний тайлбарласнаар нар нь дэлхийгээс 147 сая км-ийн зайд байдаг учир 6.2 сая гэдэг маш ойр зай ажээ.
Хөлөг 1400 градусын хэмийн халуун буюу цахилгааны системийг нь гэмтээж болох цацрагийн нөлөөг тэсвэрлэх шаардлагатай юм. Хөлгийг 11.5 см зузаан нүүрстөрөгчийн нэгдэлтэй гадаргуугаар бүрсэн бөгөөд маш хурдан нэвтэрч, хурдан гарч ирнэ.
Өөрөөр хэлбэл Лондонгоос Нью-Йорк хүртэлх зайд 30 секунд хүрэхгүй хугацаанд нисэхтэй дүйхүйц хурдаар явах гэнэ.