Монголд анх удаа хүүхдэд зориулсан фестивал зохион байгуулах гэж байна. Ирэх сарын 5-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох уг үйл ажиллагааг санаачлагч, зохион байгуулагч С.Сувд-Эрдэнэтэй ярилцлаа.
-Энэ фестивалийг ямар зорилгоор зохион байгуулж байгаа вэ?
-Хүүхдэд зориулсан фестиваль. Яагаад хийх болсон бэ гэвэл хүүхдэд зориулсан фестиваль монголд байхгүй учраас тэр юм. Ихэнх тохиолдолд томчуудад зориулсан архи, тамхитай үйл ажиллагаа л болдог. Хүүхдүүд өөрсдөд нь зориулаагүй орчноос дуртай зүйлээ үзээд байна. Тэгэхээр хүүхдүүд зориулсан уг фестивалийн бас нэг зорилго бол “нийгэмшил” юм. Нэг дор маш олон айлын, өөр хүмүүжилтэй, өөр орчноос ирсэн хүүхдүүд цугласан нь өөрөө нийгэмших соёл болно. Олон нийтийн үйл ажиллагаа дээр биеэ хэрхэн зөв авч явах уу гэдэгт суралцаж эхэлнэ. Нөгөөтээгүүр манай монгол хүүхдүүдийн сэтгэл хөдлөл маш бага буюу “саарал” болчихсон. Сэтгэл хөдлөлийг интернэтээс авах боломжгүй, зүгээр өөрийгөө гоё байна гэдгийг л мэдэрдэг. Үнэндээ бол адерналин ялгарахгүй байна. Бид нар багадаа ямар байсан билээ. Шинэ жилээр салют буудахыг харах, төрсөн өдрийн лаа үлээх гэх мэт зүйлсээс таашаал авч адерналинаа ялгаруулдаг байлаа. Одоо бол хүүхдийн баяр маш нижгэр болоод байгаа мөртлөө ямар ч мэдрэмж, хүүхдүүдэд өгөх үр өгөөжгүй болчихсон. Болох ёстой зүйл болдгоороо болж байгаа юм шиг хүүхдүүд нь хүлээн авч, эцэг эхчүүд нь хийж өгдөг. Зөвхөн хүүхдэд зориулсан фестиваль дээрээс өөртөө хэрэгтэй байгаа тэр сэтгэл хөдлөлөө авна. Дуртай дуучид нь дуулж бүжиглэхийг харах, арван хоёр цагийг хүлээлгүй салют буудуулахаас л сэтгэл хөдлөл бий болно. Түүнээс гадна ээж, аавтайгаа бүтэн өдрийг өнгөрүүлнэ. Уг үйл ажиллагаа маань ирэх сард болох агаад төлөвлөгөөт цагаар бол өдрийн 13:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл үргэлжилнэ. Яагаад оройны 20:00 цаг хүртэл болж байгаа вэ гэвэл бүрэнхий болсны дараа салют буудаж, хөөрч баярлах, догдлох мэдрэмжийг хүүхдэд өгмөөр байгаа юм л даа.
-Тус үйл ажиллагаанд юу, юу багтсан бэ?
-Хүүхдүүдийн дунд инфлюнсер гэдэг олны танил зочид, циркийн үзүүлбэр багтсан. Зохиомжит болон драмын жүжиг гэдэг ойлголт хүүхдүүдийн дунд алга болчихсон. Жүжиг гэдэг зүйлийг тайзан дээрээс үзэх нь өөрөө ямар гоё мэдрэмж юм бэ гэдгийг ойлгоно. Зурагтаар үзэх, өөрөө биеэрээ очиж мэдрэх хоёрын хооронд асар том зай бий. Манай үйл ажиллагаа хүүхдэд хэрэгтэй бүх зүйл багтсанаараа онцлогтой. Бүх зүйл тус, тусдаа болдог учраас хүүхэд яг зорьж очдоггүй. Генетикийн тест, эрдсийн шинжилгээний төв гэх мэт маш олон хүүхэд хөгжүүлэх газрууд ирнэ. Сургалт дамжаанууд ч байгаа.
-Тоглож наадахаас өөр хамгийн чухал нь ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ?
-Одоо манай нийгэм харьцангуй чөлөөтэй болсон шүү дээ. Гэтэл хүүхдүүд, эцэг эхчүүд гарын арван хуруунд багтах хэмжээний л мэргэжлийн нэр мэднэ. Үүний цаана хэдэн зуун мэргэжил байгаа. Хүүхэд өөрийгөө юунд дуртай, юу хийж чаддагаа мэдэхгүй таарсан мэргэжлээ сонгоно гэдэг маш харамсалтай. Мөн хамгийн хортой зүйл шүү дээ. хүүхдийн боловсролд анхаарсан сургалт, төвүүдийн мэдээлэл хангалттай байгаа. Мөн бид хүүхдээ сургуульд явуулаад л нийгэмшчихнэ гэвэл худлаа шүү гэж хэлмээр байна. Нийгэмшлийн ганцхан хэлбэр нь хүүхдийг хангалттай хэмжээнд нийгэмшүүлж чадахгүй. Манай хүүхдүүд утасны цаанаас л өөрийгөө илэрхийлдэг болсон. Хуучин цагт бид тоглоомын талбай дээр танихгүй хүүхдүүдэд өөрийгөө танилцуулаад тоглодог байсан. Бид нар багадаа зуслан яваад орой нь тойрог болж, таних танихгүй хамаагүй гар гараасаа хөтлөөд “Тавтай нойрсоорой”-г дуулдаг байсан шүү дээ. Тэр үед ямар аз жаргалтай байдаг билээ. Одоо хүртэл тэр дулаахан мэдрэмж байсаар байгаа. Ийм мэдрэмжийг өөрийн насны хүрээлэл дундаа авч болдог. Одоо хүүхдийн баяр маш замбараагүй болж байна. Мэдээж гоё газрууд ч байгаа, муухай газар ч бий. Уг үйл ажиллагаанд анги хамт олноороо ирээд сайхан дурсамжийг бүтээгээд яваасай гэж хүсдэг.
-Та юу хийдэг хүн бэ?
-Би “Гооча” энтертайментийн захирал, багаасаа гадаад оронд амьдарч, сурч байгаад эх орондоо ирээд найман жил болж байна. Гадаадад байхдаа эвент менежер мэргэжлээр төгсөж Малайз улсад мэргэжлээрээ ажилласан. Мөн “Dinner in the Sky”рестроны үйл ажиллагааны менежер хийдэг байлаа. Монголд олон төрлийн эвентүүд хөгжсөн ч хүүхдэд зориулсан арга хэмжээнүүд стандарт байхгүй, задгай болж байна. Өөрөө хүүхэдтэй болоод үүнийг илүү их анзаарсан. Хүүхэд байхад авсан дурсамжаар хүний мөрөөдөл тэлж, төсөөлөх чадвар өсдөг. Монголд байх хугацаандаа гэр бүлдээ илүү их анхаарал тавьж, жирэмсний төв байгуулан ажиллаж байсан. Тэнд жирэмсэн эх, ээжүүд маань иог хийнэ, жирэмсний барианд орно, сэтгэл зүйн зөвлөгөө авна, эко хумс будах гээд бүх үйлчилгээг авдаг байсан. Энэ төв маань таван жил ажилласан. Үүний дараагаар “Бүсгүйн булан” гээд эмэгтэйчүүдэд зориулсан жижиг солонгос дэлгүүр нээсэн. Одоо хоёр хүүхэд маань том болсон учраас мэргэжлээрээ ажиллах болсон юм байна аа гэж бодоод ажилдаа эргээд орлоо. Өөрийн сурч мэдсэн зүйлээ монголдоо хэрэгжүүлэхийн өмнө маш сайн бодож байгаад хамгийн чухал зүйл бол хүүхэд юм байна гэдгийг анзаарлаа. Манай залуу эцэг эхчүүдэд чөлөөт цагаа өнгөрөөх гоё газрууд байна. Гэтэл энэ болгоны ард хүүхдүүд гэртээ үлддэг. Бусад цагт бид нар ажилтай байдаг. Өөр дэрээсээ харахад ийм байсан болохоор энэ чиглэл рүү орж байна.
-Энэ эвент насны ангилал байгаа юу?
-Манай эвентэд бүх насны хүүхдүүд оролцоно. Хөдөө орон нутгаас ирсэн хүүхдүүд ч оролцох гэж байгаа. Чөлөөт цагаа зөв өнгөрөөх сонирхолтой оюутнууд ч ирж болно. Аль ч насны хүүхдүүд бөөндөө уулзаад очих газар байдаггүй. Ресторан орохоор согтууруулах бүтээгдэхүүн зардаг, цайны газар тухтай суух боломж байдаггүй. Тэд нар маань ирээд нэг өдрийг ногоон зүлгэн дээр эрүүл орчинд өнгөрөөх боломжтой. Хөзрөө авчраад тоглосон ч болно. Дээр нь маш олон үзүүлбэрүүд, олны танил хүмүүс, тоглоом наадам, сургалтын газрууд байгаагаараа давуу талтай.
-Стандарт буюу хүүхдийн орчин ямар байх ёстой тухай дэлгэрэнгүй яривал?
-Монголд стандарт гэж ярихад хэцүү, би өөрөө тодорхойлоход бүр ч хэцүү шүү дээ. Хувь хүн, ээж хүний хувьд л хэлэхээр байна. Миний том хүүхэд долоо, бага нь хоёр настай. Парк дээр очихоор хоёр настай хүүхдэд маань тоглох тоглоом, хамрагдах үйл ажиллагаа байдаггүй. Харин манай фестиваль дээр хоёр настай хүүхэд очсон ч үзэж, тоглох тоглоом ихтэй. Арван настай хүүхэд очсон ч үзэж харах зүйл мөн л олон бий. Жишээлбэл генетикийн тест, өсвөр насны арьс оношилгоо бол охид хөвгүүдэд маш чухал байдаг. Хүүхдийн хэрэгцээг хангах гэж хэр хэмжээндээ л оролдсон. Жишээ нь генетикийн тест бол арван хурууны хээгээр чамд ямар мэргэжил тохирох уу, чи ямар зан чанартай хүн, давуу болон сул талаа мэдэх боломжтой. Бага, дунд гээд бүх насны хүүхдэд зориулсан, архи тамхигүй орчныг л стандарт гэж хэлнэ. Мөн авто машингүй гэдгээрээ давуу талтай. Төв цэнгэлдэх орох хаалгатай учраас машин нэвтрэхгүй. Бага насны хүүхдийг ороход такс нь, дээр нь эцэг эхийн дугаарыг давхар бичиж өгнө. Дотроо хүүхэд төөрлөө гэхэд өөр аав, ээжүүд маань дугаарыг нь хараад туслах боломжтой. Тиймээс хүүхэд төөрөх, алга болох эрсдэл маш бага.
-Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй гэдэг тун эмзэг. Ганцаараа ямар нэгэн үйл ажиллагаанд очих зориггүй хүүхэд ч байдаг. Та тэдэнд хандаж юу гэж хэлэх вэ?
-Явж очоод оролцмоор байвч зориг нь хүрдэггүй хүүхдийн сэтгэл маш их өөрчлөлтийг хүсэж байдаг. “Би өөр болмоор байна” гэдэг бодол сэтгэлд нь хадаатай явдаг. Тэнд арван, таван мянган хүүхэд байгаа учраас хэн ч чамайг анзаарахгүй. Хүүхдийн сэтгэл зүйч бас бий. Ороод өөртөө тулгараад байгаа асуудал бэрхшээлээ даван туулаасай гэж хүсэж байна. Цэцэрлэгт хүрээлэнд очоод ганцаараа суух аваас хэцүү шүү дээ. Чи харилцах хүнгүй учраас ганцаардана. Тиймээс өөрийгөө ганцаардлаас гаргах боломжийг чамд гаргаж өгнө. Хүүхэд, хүүхдүүд дундаа ганцаарддаггүй. Бие биеэсээ аз жаргалыг өөрийн эрхгүй мэдэрч байдаг. Тиймээс зоригтой байгаарай, өөрийгөө аз жаргалтай болгохын төлөө алхам хийгээрэй.
-Сүүлийн үед хүүхдүүд аливаа үйл ажилгаан дээр зүй бус авир гаргах нь ихсэж байна. Нийгмийн сүлжээгээр хүртэл цацагдсан. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Энэ л миний яриад байгаа юм байхгүй юу. Тэдгээр асуудлын гол үндэс нь өөрөө орчин юм. Хүүхдэд зориулсан арга хэмжээн дээр хүүхэд, хүүхэд шиг л аашилдаг. Том хүнд зориулсан үйл ажиллагаанд тэр хүүхдүүд очвол том хүн шиг л зан авир гаргана. Том хүн болж жүжиглэж байгаа юм. Хүүхэд өөрт нь зориулсан орчинд л өөрийгөө олж, зүрх сэтгэлээ мэдэрдэг. Ийм орчинд хэзээ ч нэгнийгээ дээрэлхэх асуудал гарахгүй. Хүүхдийн нүд нээгдэж эхэлнэ. Мэдээж харуул хамгаалалт, зохион байгуулагч нар бол байна. Сэтгэл зүй талаас нь хэлэх юм бол хүүхэд хүүхдээрээ л байна. Инээх, баярлах, догдлох, нөхөрлөх, хэлэх нь хүртэл шүү. Хэнд ч ах, эгч шиг байхыг хүсэх мэдрэмж төрөхгүй. Арван долоотой хүүхэд ч алиалагч хараад инээнэ. Үүн шиг л хүүхэд гэдэг мэдрэмжийг нь сэргээж өгнө. Монгол Улс маань үргэлж л том хүнд зориулсан үйл ажиллгаа зохиодог болохоор хүүхэд түүнд оролцохын тулд том хүн шиг болж, өөрөө ч мэдэлгүй жүжиглэж эхэлдэг.
-Мэргэжлийн байгууллагыг үйл ажиллагаандаа урьсны зорилго нь юу вэ?
-Үүнийг би өөр дээрээсээ харсан юм. Би бол хоёр хүүхдийн ээж хүн. Хүүхэдтэйгээ унтахаас нь өмнө их ярилцдаг болохоороо хүүгээ сайн мэддэг ээж гэж өөрийгөө боддог байлаа. Гэтэл үнэн хэрэг дээрээ үгүй байсан. Хүүхдийнхээ зурсан зураг дээр нь хүртэл анализ хийж, сэтгэл зүйчид ханддаг. Мэргэжлийн байгууллага дээр очиход би өөрөө хүүхдээ танихгүй байдаг. Миний мэдэхгүй зүйлс их байсан. Нийгмийн байдлаас болоод хүүхэддээ сайн анхаарал тавьж чадахгүй яваа эцэг эхчүүд маш олон бий.
-Энэ нэг удаагийн үйл ажиллагааны үр дүнг хэрхэн харж байна вэ?
-Хүүхэд өөрийн хүссэн мэдрэмж, мэдээллээ аваад явж чадна гэдгийг бол баталгаатай хэлнэ. Үе тэнгийнхэнтэйгээ бүтээсэн тэр дурсамж, мэдрэмж гэдэг хүнийг хэдэн настай болсон ч тусгал нь болоод дагаж явдаг. Энэ эвент тэр дурсамжийг нь бүтээж өгч, мэдрэмжийг нь хөглөнө.
Ярилцсан | А.Даваадулам