Өнөөдөр бол олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Тиймээс уншигчдадаа энэ өдөрт зориулах найман номыг онцлон танилцуулж байна. 

Маргарет Этвүүд "ШИВЭГЧНИЙ ҮЛГЭР" (роман)

Уг бүтээл бол Канадын нэрт зохиолч Этвүүдийн бүтээсэн хамгийн шилдэг дистопи роман. Романд гарч буй ертөнцөд хүмүүсийн дийлэнх нь байгаль орчны бохирдол, цацрагаас болоод үргүйдсэн байдаг. Бие махбодын хувьд жирэмслэх чадвараа хараахан алдаагүй цөөн залуу бүсгүй үлджээ. Гилеедэд иргэний эрх маш ихээр зөрчигддөг бөгөөд ялангуяа эмэгтэйчүүд үүнд нь илүүтэй өртөнө. Гилеедийн эмэгтэйчүүд өмч хөрөнгө эзэмших эрхгүй, уншиж бичих ч хориотой. Жирэмслэх чадвараа хараахан алдаагүй мөнөөх цөөн бүсгүйг улс төрийн дээд ангийн гишүүдэд хүүхэд төрүүлж өгдөг “шивэгчин” хэмээгч болгон хүмүүжүүлнэ. Шивэгчид энэ үүргээ биелүүлэхээс татгалзвал хүнд цээрлэл хүлээнэ. Ерөөс хувь хүний эрх, нийгмээс үзүүлдэг хүчирхийллийн хамгийн бусармаг арга хэрэгслүүд гээд хүн төрөлхтөнд олон удаа тулгарч байсан бэрхшээлийг уран сайхны аргаар уудлан гаргасан нь бий. 

Хан Ган "ЦАГААН ХООЛТОН" (роман)

Англи хэлт уран зохиолын дээд шагнал “Мэн Бүүкэр”-ийн шагналыг хүртсэн анхны солонгос зохиол. Харин эл номын зохиолч Хан Ган ази тивээс анх удаа Нобелийн шагналыг хүртсэн эмэгтэй суутан болов. Гол дүрийн Ёнхэ хэмээх эмэгтэй махан төрлийн бүхий л хоолноос татгалзаж цагаан хоол идэх болсноор үйл явдал эхэлнэ. Энэ нь түүний орой бүр давтан зүүдлэх, үйл явдлын өгүүлэмж нь тун чиг хар бараан хийсвэрлэлүүдтэй холбоотой. Тэдгээр зүүд нь гол дүрийн сэтгэхүйн олон талыг илэрхийлэх агаад ерөөс зүрх сэтгэл бус хувь хүний сэтгэлзүйд гарах өөрчлөлтүүд дээр суурилдаг. Хан Ган бол өөрийн сэтгэхүй дэх дурсамж, улс үндэстний өв соёл, нийгмийн байдал, түүхийн үнэн, хүн ёсны олон сэдвүүдийг сэтгэхүйн зураглалаар дамжуулан буулгаж асар нарийн, онцгой зохиомжоор дэглэн үзүүлдэг зохиолч мөн. 

Б.Батцэцэг "МОНГОЛ ХҮН ЦУВРАЛ: Б.ГАНГААМАА" (зурагт ном)

Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакцаас монголын түүхэнд нэр нь тод томруунаар бичигдсэн гайхалтай хүмүүсийн тухай намтарчилсан зурагт номыг цувралаар гаргаж байгаа билээ. “Монгол  хүн” цувралын гурав дахь бүтээл болох Б. Гангаамаа номыг уг жагсаалтад нэрлэж байна. Монгол Улсын Уулын спортын Гавьяат тамирчин, ОУХМ, Дэлхийн долоон ноён оргилд гарсан анхны Монгол хүн SEVEN SUMMITEER, Дэлхийн зулай Эверест болон K2 оргилд гарсан анхны Монгол эмэгтэй болох Бадамгаравын Гангаамаагийн амьдралын түүх, өдийг хүртэлх амжилтын замыг сонирхолтой зураг чимэглэлээр баяжуулсан юм. Оргилд нь шувуу ч хүрээгүй мөнх цаст оргилууд яагаад хүмүүсийн сэтгэлийг татдаг юм бол. Цас, бороо, салхи шуурга, хад асга, тэсгим хүйтний өөдөөс алхам алхмаар урагшилсаар алсад цэнхэртэх уулсын оргилд хүрч, хүний гайхам тэсвэр тэвчээр, эр зоригийг тунхаглагч эрхэм уулчны намтар түүхээс сэдэвлэн бүтээсэн энэхүү ном бяцхан гүнж нарын хувьд тун сайн сонголт болно.

Чимаманда Нгози Адичи "БИД БҮГДЭЭРЭЭ ФЕМИНИСТ БАЙХ ХЭРЭГТЭЙ" (эсээ)

Нигер улсын зохиолч Адичигийн богино эсээнүүдээс бүрдсэн тус ном өдгөөгөөс 11 жилийн өмнө анх худалдаанд гарсан юм. Өнөөгийн зуунд феминизмийг эл бүтээл хамгийн сайнаар тодорхойлж чадна хэмээн судлаач, уншигчид дуу нэгтэйгээр үнэлдэг. Учир нь номд орчин үеийн нийгэмд феминизм гэж яг юуг хэлээд байгаа талаар тун энгийн атлаа, сонирхолтой, хошин байдлаар тайлбарласан байдаг. Мөн уг үзлээр дамжуулан дэлхийг илүү саруулхан газар болгохын тулд зорьж буй санаагаа ч ил хүүрнэсэн нь бий. Үүн дотроос хамгийн чухал нь Адичи өнөөгийн эрх тэгш нийгмийн тогтолцоог хадгалж, цаашид энэ хэвээрээ үлдэхийн тулд охид болоод хөвгүүдийг хэрхэн өсгөн хүмүүжүүлж, тэдэнд хамгийн чухлыг яахин ойлгуулах талаар өгүүлсэн нь бий. 

Виржиниа Вүүлф "ӨӨРИЙН ГЭСЭН ӨРӨӨ" (эсээ, тууж)

Зохиолчийн 1928 оны аравдугаар сард Кэмбрижийн их сургуулийн, зөвхөн эмэгтэйчүүд суралцдаг Гиртон, Ньюнхэм хэмээх хоёр сургуульд уншсан “Эмэгтэйчүүд ба утга зохиол” хэмээх цуврал лекцээс эл бүтээл урган гарчээ. Вүүльф лекц уншсанаасаа хойших хэдэн сард эссэгээ улам бүр баяжуулж, бие даасан ном болгож хэвлүүлсэн байна. Үүний үр дүнд ердөө эсээ төдийгөөр хязгаарлалгүй тууж хэмээн үзэж, уншиж ч болмоор бүтээл бий болжээ. Гэхдээ жирийн нэг тууж эсвэл романд өмнөх болон тухайн үеийн нийгэмд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурийг энэ зохиолд гардаг шиг тод томруун илчилж, шүүмжилж чадаагүйг дэлхий нийтээр мэддэг. Тиймдээ ч уг бүтээл ихэнх номын жагсаалтаас, ялангуяа эмэгтэйчүүдтэй холбоотой ярианаас огт гээгдэж байсангүй. 

Элена Фаррентэ "ГАНЦААРДЛЫН ӨДРҮҮД" (бэсрэг роман)

Италийн эл алдартай зохиолчийн бүтээлүүд ялангуяа хойд Америкт ихээхэн үнэлэгддэг. Түүний бүтээлээс монгол хэлнээ анхлан хөрвүүлэгдсэн нь "Ганцаардлын өдрүүд" хэмээх уг бүтээл юм. Тэрээр уг романдаа гэр бүл салалтын дараах сэтгэлзүйн нөхцөл байдлыг дүрийнхээ бие болоод ухамсраар дамжуулан илэрхийлсэн нь олон олон уншигчдын зүрх сэтгэлийн хөндүүрлүүлсэн юм. Нэг л өдөр дуусгавар болсон хамтын амьдралын дараах хар бараан зүүднүүд... Угтаа хүний амьдралд олонтаа тохиолддог ч тэр бүрийн ард эмэгтэй хүн хэрхэж хоцордог вэ?  Дөч ч хүрээгүй, залуу халуун Олга эхлээд итгэж чадахгүй, нөхрөө эргээд ирнэ хэмээн сэтгэж, өөрийгөө тайтгаруулахыг хичээнэ. Гэвч нөхөр Марио өөр эмэгтэйгээс болж гэр бүлээ орхижээ...

Иан МакЮан "ЦАГААТГАЛ" (роман)

Үг өөрийн гэсэн амьтай, шидтэй. Гэхдээ энэ нь ер бусын сайхан эсвээс туйлын муу үр дагавартай байж болно. МакЮаны хамгийн алдартай уг романд ганц худал үг хэчнээн их хор хөнөөл учруулж болохыг харуулдаг. 1939 оны зун, тэр жилийнхээ хамгийн халуун өдөр Сесилиа хувцсаа тайлж, байшингийнхаа урд талын булаг руу үсрэх үед түүнийг дүү нь болон багийн найз Робби нь харж байлаа. Гэвч эгчийнх нь бага насны дурсамж өөрт нь худал хэлж, хуурамч төсөөлөл, дурсамжийг бий болгодог ба үр дүнд бүх зүйлс сүйрнэ. 

О'Хэнри "ИД ШИДТЭНҮҮДИЙН БЭЛЭГ" (өгүүллэгийн түүвэр)

Чеховтой эн зэрэгцүүлж болох өгүүллэгийн их мастер О'Хэнригийн бүтээсэн эмэгтэйчүүд гэнэн, цайлган, бүтэлгүйтэгсэд, дурлал, ганцаардлаас болж амиа тэвчигсэд, ихэнх нь хайрын төлөө өөрийнхөө үнэ цэнтэй бүхнийг зориулагсад байдаг. Өгүүллэгийн түүврээ нэрлэсэн бүтээлийг нь Г.Аюурзана "Гэгээнтнүүдийн бэлэг" хэмээн хөрвүүлсэн нь түүний "Дэлхийн сонгомол өгүүллэг" түүвэрт бий. Тэндээс хамгийн гэгээн, ухаалаг шидтэнүүдийн хайрын түүхийг унших боломжтой. 


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
О.Нинж
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
О.Нинж
А.Даваадулам
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав