Туульсийн шинэ аялал эхэллээ. Толкины "Бөгжний эзэн" цувралын тэргүүн дэвтэр "Бөгжний барилдлага" монгол уншигчдад хүрчээ. Тус бүтээлийг "Монсудар" хэвлэлийн газар албан ёсны эрхтэйгээр эрхлэн гаргаж буй юм.
Британийн зохиолч, хэл зүйч Жон Рональд Руэл Толкин 1892 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Өмнөд Африкийн төв хэсэгт байх Блумфонтейн хотноо төржээ. Толкины уран бүтээлийн замнал 1937 онд Хоббит хэмээх бүтээлийг нийтлүүлснээр эхэлжээ. Хоббит зохиол гарсан даруйдаа уншигчдыг байлдан дагуулж, зохиолчийн баялаг уран сэтгэмж олон шүүмжлэгчдээс эерэг үнэлгээ авсан юм. Толкин хүүхэд ахуй наснаасаа л эртний болон дундад зууны үеийн үлгэр домгуудыг ихэд сонирхож, Дундад газар хэмээн нэрийдсэн үлгэр домгийн ертөнцийг өөрийн төсөөлөлдөө бүтээж эхэлсэн ажээ. Тэрхүү ертөнц нь тун ч нарийн зураглал бүхий байгаль газар зүй, түүхтэй агаад , хүмүүсээс гадна хоббитууд, элфүүд, одойчууд, гоблинууд гэх зэрэг өвөрмөц оршин суугчид, тэр бүү хэл өөрийн гэсэн тусгай хэлтэй.
Хоббит зохиол асар их амжилт олсон учир Жорж Аллен & Анвин хэвлэлийн газраас үргэлжлэлийг нь бичихийг Толкинд санал болгожээ. Зохиолч уг саналыг хүлээж авснаар 1954 онд Бөгжний эзэн хэмээх удаах номыг арван долоон жилийн хугацааг зарцуулан бичиж дуусгасан юм. Бөгжний барилдлага бол Ж.Р.Р.Толкины Бөгжний эзэн хэмээх XX зууны уран сэтгэмжийн яруу тод, алдар суут сод бүтээлийн эхний хэсэг билээ.
Эл ботид Шаир нутгийн нам жим буйдхан тосгоноо суух Фродо Баггинст хөгшин ах Билбо нь өөрийн бөгжөө найдан өвлүүлснээр маш их хариуцлагын эзэн болж байгаагаар үйл явдал эхэлдэг. Улмаар Фродо гэр орноо орхиж, аюулыг сөрөн Дундад газрыг хөндлөн гулд туулж Үйлийн гавд очин бөгжийг устгаж харанхуйн эзний бузар санааг эцэс болгох үүрэг хүлээнэ. Хоббит зохиолын нэгэн адил энэ зохиолд ч бас гол баатар өөрт ахадсан гэмээр даалгавартай учрах ч үйл явдал өрнөх тусам эр зориг, овсгоо самбаа болон анд нөхдийнхөө тусламжтайгаар улам бүр өсөж хөгжинө.
Зохиолч Ричард Хьюз эл бүтээлийн тухай “Уран сэтгэмжийн цар хүрээ хийгээд хуудаснаас хуудас дамжин уншигчийн сэтгэлийг ховсдох, нүдэнд харагдтал өгүүлэх ур чадвараар энэ номын өндөрлөгт дөхөж очих зохиол үгүй еэ” хэмээн дурсаж байв. Мөн зохиолчийн үзэг нэгт анд К.С.Люис “Ийм олон талтай атлаа бүгд өөр өөрсдийнхөөрөө тун үнэн бодит, зохиолчийн хувийн сэтгэл зүйгээс бүрэн ангид, маш бодит, жинхэнэ хүн төрөлхтөнд тулгардаг асуудлуудыг хөндсөн хэр нь ямар ч зүйрлэл ашиглаагүй төсөөллийн ертөнц хэзээ ч байгаагүй. Түүнээс гадна хошин, эелдэг, баатарлаг, аймшигт, бузар муу гээд бараг төгсөшгүй хөврөх олон үзэгдэл, дүрүүдийг тун чадварлаг дүрсэлсэн бүтээл” хэмээжээ. “Энэ бол мөнхийн бүтээл. Мөнхөд, үүрд гялалзана” гэх Наоми Мичисоны үг бас бий.
Бөгжний эзэн хэмээх энэхүү гурамсан бүтээл анх гарсан цагаасаа дэлхий даяар 150 сая гаруй хувь хэвлэгдэж, XX зууны хамгийн алдартай уран зохиолын бүтээлүүдийн нэгд тооцогдох болсон юм.Тиймээс ч Ж.Р.Толкиныг орчин үеийн зөгнөлт уран зохиолын төрлийн эцэг гэж хэмээн зүй ёсоор тооцдог бөгөөд түүний бүтээлүүдийг эртний болон дундад зууны үеийн агуу туульсын зохиолуудтай жишин үзэхэд ч буруудахгүй билээ.
Энэ ном нь Христофер Толкины өөрийн гараар урласан газрын зураг, Алан Лигийн усан будгаар амилуулсан өнгөт зургуудыг хавсаргаснаараа онцлог юм.