|5W1H” номын тухай|

Уран бүтээлч хүнд аливаа уран бүтээлийг туурвих өөрийн гэсэн арга барил, магадгүй агуулга хэлбэрийн талаарх нүсэр бодол, уг бодлын гүн дэх нарийн аргачлал, зарчим хүртэл байдаг болов уу.

Уншигчдын гарт хүрээд удаагүй байгаа “5W1H” роман яг л тийм нарийн төлөвлөгөө, зарчмуудын гуйвшгүй хатуу баримтлал, дэг журмаас бүрэлдсэн мэт санагдана. Энэ бол зохиолч Ө.Үлэмжтөгсийн хоёр дахь бие даасан роман бөгөөд уран бүтээлийн дөрөв дэх ном юм. 

Зохиолч уг романаа сэтгүүл зүйн сэдэвт бүтээл хэмээн тодорхойлжээ. Эрэн сурвалжлах албаны сэтгүүлч залуугийн ажил мэргэжлийн онцлог, үнэнийг нотлох гэсэн тэмүүллээс үүдэлтэйгээр цааш хөврөх үйл явдлын эргүүлэг дотор хөл тавьсан ямар ч уншигч дээрх тодорхойлолтоос эсрэг дүгнэлт гаргахад тун чиг ярвигтай. Харин романы нэрний тухайд бол уншиж дуусаад л ойлгох биз. Таван долоо хоног, гэхдээ нэг цаг. Энэ бол романы бүтэц, үйл явдлыг хэрхэн зохиомжилсонд илүүтэй хамаарах нэр мөн. 

Тус роман “Говь” концепц төслийн хүрээнд хэвлүүлэх гурамсан романы эхний дэвтэр бөгөөд “AUM” паблишинг хэвлэлийн газраас эрхлэн гаргажээ. 

АЛГА ТАШИХААС ӨМНӨ

Зохиолч Ө.Үлэмжтөгсийн анхын роман болох “Абсурд зүүдний хот” роман нь постмодерн бүтээл. Хэн ч абсурд зүүдний хотод хөл тавьж, эмх цэгцгүй ертөнцийн ижил давтагдах булан тохой бүрээр тэнүүчилж, бух галт тэрэг уухилсан түмэн сохрын өртөө дундуур тухайлсан зорилгогүй тэнүүчилж болно. Францын модернистуудын үр хөврөл, хаос сэтгэгчдийн үр нөлөө түүний бүтээлд нэвт шингэсэн боловч боловч хамгийн чухал нь чөлөөт бичлэг, сэтгэлгээний онцлог тод анзаарагддаг. Сэтгэхүй чөлөөтэй байх тусмаа, аль болох абсурд шинжийг бүрэлдүүлэхэд чухал үүрэгтэй. Түүн дотроос утга хайх, эмх цэгцийг бий болгоход өгүүлэгчийн зүүдний үйл явц нь романы туурвилзүйн тулгуур багана болно. Хэдийгээр ямар ч утга учиргүй боловч зүүдэндээ тэнүүчлэгчийн бядан явсан замууд эцэст нь гарцаагүй өөр хоорондоо огтлолцож таардаг шүү дээ. Тиймдээ ч утга зохиолч судлаач П.Батхуяг “Үлэмжтөгсийн анхны энэ роман бол хоёр гараараа алга таших чимээ юм. Гэхдээ анхны роман гэхэд их хүчтэй алга ташилт” хэмээсэн нь бий. Ямар нэгэн тод чимээ тэндээс эхлэлтэй. 

Харин дараагийнх нь бүтээл болох “Иргэншлээс оргох тасалбар” ном нь абсурд жүжиг, урбан өгүүллэгийн түүврээс бүтжээ. 2014 онд уншигчдын хүртээл болсон тус номд “Шинэ тавилга”, “Цоожтой гүүр”, “Шинэ тавилга”, “Нуугдаж тоглоё” зэрэг хэд хэдэн онцгой туурвилууд бий. Харин “урбан” гэх тодорхойлолт хэр зэрэг оносныг сайн мэдэхгүй. Ямартаа ч эдгээр өгүүллэгүүдийн төгсгөл ямар нэгэн уран зөгнөл, эсвээс төсөөллийн орон зайн шилжилтүүд, хийсвэрлэлийн чимххэн хольцтой ч бодит ахуйн бэлгэдлүүдээр дам холбогдсон байдаг. Жишээ нь у “Нуугдаж тоглоё” өгүүллэгт найзуудтайгаа нуугдаж тоглосноор сүүлдээ амьдралаас, бусдыг иддэг зарим агуулга, зарчимуудаас хүртэл насан туршид нуугдаж, үхэлтэй тэмцэлдэх болдог шүү дээ. Санааг тун чамбайруулан хөгжүүлж, гүйцэтгэлийн урыг эцэст нь тулгасан. Зөрчил, үйл явдлын өрнөл туйлдаа хүрч эцэстээ хамгийн чухал санаан дээр агуулга илүүтэй тодорно. Харин утга зохиолч судлаач Х.Чойдогжамц “Хэлбэрээс илүү хэлэндээ анхааръя” хэмээн шүүмжилж байсантай санал нэгддэг. 

Дараагийн бүтээл нь “Хийсвэр үг”. Эл ном бүхэлдээ уран бүтээлийн антолог шинжтэй. Гранж шүлгүүд, триллер өгүүллэгүүд, контемпорари жүжиг, кино зохиолоос бүрдсэн ном. 

“Мина хаана байна”, “Иохан Баптист”, “Эх сурвалж” өгүүллэгүүд утга найруулгын хувьд өмнөх номын өгүүллэгүүдээс ахисан түвшинд бичигдсэн боловч сэдэл, санааны тал дээр давтагдмал чанартай. Харин “Амьгүй биет” компемпорари драм нь ямар ч хориг саадгүй сэтгэлгээний хэв загвар, бичлэгийн хандлагыг нь бүрнээ төлөөлнө. Хэлбэр нь ямар ч байдлаар үзэгчдэд харагдаж болох боловч зохиолын утга санаа нь хөндөж боломгүй баттай байр сууринд оршиж байгаараа давуу талтай байв. Мөн дээр дурдагдсан “Эх сурвалж” өгүүллэг нь магадгүй өдгөө уншигчдын гар дээр ирээд буй “5W1H” романы сэдэл санааг анх уран бүтээлчид төрүүлсэн болов уу. 

ҮРГЭЛЖИЛСЭН СЭДЭВ

“5W1H” романы үйл явдал говьд өрнөнө. Үүнээс харахад зохиолч говь нутгийн цөлжилт, хариуцлагүй уул уурхай, тэндхийн хүмүүсийн аж төрөхүй, нийгмийн амьдралд тулгамдсан асуудлын талаар олон удаагийн давтамжтай судалж, уран бүтээлээр дамжуулан нийгэмд дуу хоолойгоо хүргэхийн зорьсон нь анзаарагдана. “Хийсвэр үг” номд “Говь” нэртэй кино зохиол хүртэл бий. 

Нэгэнт барьж авсан сэдвээ дөмөгтэйхэн шиг судалж, бусдад ямар агуулга, хэлбэрээр хүргэх вэ гэдэг нэн тэргүүний асуудал. Тэгвэл уран бүтээлч Ө.Үлэмжтөгс сэтгүүл зүйн сэдэвт роман болгон уншигчдад хүргэхээр зориглосон нь “5W1H” роман юм. 

Гол нь эл бүтээлийг цэвэр уран зохиолын төрөл зүйлд хамаатуулан авч үзэх нь эргэлзээтэй. Роман бүхэлдээ сонгосон сэдвийн хүрээн дэх олон талын судалгаа, бичвэрийн сүлэлдээнээс гадуур орших сэтгүүл зүйн онолын баримтуудаар дүүрэн.

Цахимаар өдөр бүр гарч байдаг эрх мэдэлтнүүдтэй холбоотой нууц асуултууд, тэдний хэрхэн, яаж бүгдийг далд байдлаар зохицуулдаг болохыг илчлэх гэхдээ мөнгөөр бүгдийг шийддэг хуурмач багтай эздийн бүтээсэн тойрогт гацсан өрөвдөлтэй дүрийн үнэнийг хайр найргүй илчилнэ. 

Чухам бичлэгийн хэлбэр, сэдвийн хүрээн дэх хуримтлуулсан мэдлэгийн хур ихтэйгээс үүдээс уран сайхны чанар нь нэлээдгүй алдагдсан байх нь бий. Тиймээс уран сайхны роман гэхээс илүүтэй баримтат зохиол тал руугаа хэлбийсэн нь үнэн. Харин гурамсан романы нэгдүгээр дэвтэр хэмээн үзвэл эл зохиол цааш хэрхэн өөрчлөгдөж, туурвилзүйн хүрээнд яахин шинэчлэгдэхийг хүлээх л үлдэж байна. 

ЗОХИОМЖИЙН ОНЦЛОГ 

“Үргэлж ҮНЭН ялдаг юм биш. Ялсан нь л ҮНЭН болдог...” хэмээх үгийг романы эхэнд эшлэл болгон зүүжээ. 

Үнэхээр зохиолын төгсгөлд ялсан нь үнэн болоод дуусна. Харин гол дүрийн сэтгүүлч залуу ялсан үнэнг биш, үнэнийг ялуулахын төлөө дахин эрсхэн өндийж, ахин нэг зөрчлийн цэгийг эхлүүлснээр уг гурамсан романы эхний дэвтэр төгсөж байна. 

Үйл явдлын хувьд зургаан жилийг хамарсан авч, тэрхүү зургаан жилээс таван долоо хоногт болсныг нь онцлон хүүрнэнэ. Харин эдгээрийг гол дүрийн хүүрнэгч ердөө нэг цагийн дотор захидал болгон бичиж, өөрийн итгэлт нөхөр болох нэгэн сэтгүүлчид цахим шуудангаар илгээж байна. 

Романы дүрүүд болоод хууль зөрчсөн компани, үйл явдал өрнөсөн газар орны нэрс ч огт дурдагдсангүй. Лайвчин тэмцэгч хүүхэн, солиотой зайрантан, бажгар арав шиг цагдаагийн дарга гээд л хөвөрчихнө. Үүнд харин нэг сонирхолтой өнцөг бий. Тэр нь сэтгүүл зүйн эрэн сурвалжлах бүтээл талаас, нөгөө нь уншигч тухайн нэрүүдийг бичилгүй хоосон орхисон зайд өөрсдийн дураар нэр, ус бичиж, зохиож болно. Нөгөөтээгүүр романы гол дүрийн залуутай хамт үйл явдалд оролцож унших боломжийг зохиолч олгосон нь тус зохиолын зохиомжийн бас нэгэн давуу тал билээ. 

Үүнийг зөвхөн хэлбэрийн талаас нь дүгнэх бас боломжгүй гэдгийг ахин анхааруулъя. Сэтгүүлч хүн мөрдөгч, магадгүй хуулийг хэрэгжүүлэгч биш. Харин үнэн зөвийг илчилж, хуулийг шударгаар хэрэгжихэд нөлөөлөх боломжтой. Тиймээс ч зохиолын сэдэв, агуулга тухайн ёс зүйн зарчимд хүлээтэй тул нэрсийг ил зарлалгүй орхисон хэмээн дүгнэж ч бас болох юм. 

Асуудалд бодитой хандах чадвар зөв асуултаас эхлэлтэй. Хэзээ, хэрхэн, яагаад гэх асуултуудыг тавьснаар сэтгүүлч хэргийн үнэн мөнийг хайх үйл явдлын үргэлжлэл эхэлнэ. Заримдаа хэт тоочсон өгүүлэмжүүдээр дүүрэн боловч асуултад ончтой гаргалгаа хийсний үр дүнд цааш үйл явдлын эцсийн тайлалд аль замаар хүрэх боломжтой вэ гэх нөхцлийг зохиолын турш дээрх асуултууд нь бүрдүүлж өгөх юм. 

ДУТУУДСАН ДҮР


Роман бол нийгмийн тодорхой нэг үеэс эхлээд бие хүний бүхэл бүтэн амьдрал, тэдгээрийг гурван цагийн хүрээнд ямар ч арга хэлбэрээр дэлгэрэнгүй өгүүлж болдог. Тэр ч утгаараа уран бүтээлчийн хувьд бүхэл бүтэн цогц, нүсэр байгууламжийн шинжтэй. 

“5W1H” романы таван долоо хоногийн үйл явдалд хэт тоочсон, үйл явдлын өрнөлийг зохиолчийн сэтгүүл зүйн төрөл зүйлийн талаарх үзэл баримтлалаас үүдэлтэйгээр хэтэрхий хашсан тохиолдлууд ихээхэн анзаарагдана. Тиймдээ ч зарим дүрүүдийн хөгжүүлэлт багагүй суларчээ. Жишээ нь дэлгүүрийн эмэгтэй, засаг даргын орлогчийн дүрүүд хамгийн гол зөрчил дээр ирээд цааш огтхон ч хөдлөхгүй. Уг нь тэдгээр дүрүүдийн хөгжүүлэлт бүрэн гүйцэд болж байж л зөрчил туйлдаа бүрэн гүйцэтгэлтэй хүрэх бололцоотой. 

Үүнээс гадна зохиолын үйл явдлын хөгжүүлэлт нь хэт тоочимж шинжтэй байснаас үүдэлтэйгээр дүрүүд хэсэг хугацааны хойно дахин уулзаж, үйл явдлын бодит үнэний зааг дээр харгалдаж байгаа нь “зуурмаг” төдийхөн болчихож байгаа юм. 

Аливаа дүр өөрийн гэсэн дотоод ертөнц, гуйвшгүй зан чанартай, аль нэг тал руугаа хэлбийсэн байлаа ч гагц мөн чанарын хүлээснээс ангид тэмүүлэл, зорилготой байх хэрэгтэй. Тэдний зан чанарын эрс ялгаа зөвхөн үйлдлээр бус үгээр ч давхар илэрхийлэгдэх ёстой шүү дээ. Тийм чанар л уг романд дутагдаж байсныг цохон тэмдэглүүштэй. 

ТАВАН ДОЛОО ХОНОГ

Ялсан нь л үнэн болдог. Таван долоо хоног үнэнийг эрэн явсан сэтгүүлч залуу луйварчний нэртэй хоцорч, гэмт хэрэг үйлдсэн, түүнийгээ нуун дарагдуулсан, бусдыг эрх мэдлээр далайлгасан нь үнэний дүрээр оршин тогтнолоо бататгана. Энд л хамгийн чухал асуудал хөндөгдөж байгаа юм. Хэн нэгний, магадгүй бид бүгдийг мэддэг, тийм зүйл бий гэж харддаг, зарим нь итгэдэг дүр зураг, үйл явдал. Харин хэн нэгэн энэ тухай бичээгүйд, эл санааг зориглон барьж аваад зүрхлэн гаргаж тавиагүйд л гол утга оршино. Тиймээс “5W1H” романд алга ташиж болно. 

Харин одоо дүрийн хөгжүүлэлтийн дутууг нөхсөн, романы туурвилзүйн эрс шинэчлэлтэй, тоочсон баримтын давалгаанаас салсан дараагийн дэвтрийг хүлээх л үлдлээ. 


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав