Амралтаа чи хаачих вэ? Урин хавар нэгэнтээ айлчилж зуны амралт дөхөх болоход сурагчдын бие биеэсээ хамгийн их асуудаг асуулт энэ байлаа. Одоо ч магад хэвээрээ биз. Хүүхдүүд лекц, дугуйланд явж, зарим нь гэр бүлээрээ аялалд гарч, хэсэг нь хичээл номдоо үргэлжлүүлэн шамдаж, үлдсэн нь аав, ээжийнхээ ахуйд туслах байдлаар зуны амралт өнгөрнө. Тэр бүхэн хүүхдүүдэд амьдралын салшгүй дурсамж, ямар нэгэн утга учрыг бэлэглэж байдаг. Харин "Оюут" сургуулийн 5-ын "А" ангийн сурагч Нанжидын Гэгээ зуны амралт эхлэх бүр гэр бүлийнхээ хамт аялалд гардаг тухайгаа зурагт ном болгон бичжээ. Уг зурагт ном нь “Гэгээгийн зуны амралт” нэртэй агаад хүүхдийн номын зураач Э.Гантулга нэгэн гэр бүлийн хөгжөөнтэй, баялаг зуны амралтыг Гэгээ охины зохиосноор зурагт буулган уншигчдад хүргэсэн байна.
Ийнхүү “Гэгээгийн зуны амралт” номын нээлт Интерномын дэлгүүрийн хоёр давхарт нээлтээ хийж, номд дуртай бяцхан уншигчид хүрэлцэн ирэв. Н.Гэгээ ном хэрхэн бүтсэн, аялалын туршид юу тохиолдсон зэрэг өөрийн дурсамжтай, хөгжөөнтэй түүхүүдээс үеийн найз нөхөд болон бяцхан дүү нартайгаа хуваалцаж, яриа өрнүүлэв.
Номд Улаанбаатар хотоос Увс аймгийн Улаангом хүртэлх замын туршид хэрхэн, юу тохиолдсон талаар өгүүлэхээс гадна багачуудад хүргэх зохиолчийн тусгай зөвлөгөөнүүд бий. Тэдгээрийн дотроос “Хол замд явахдаа жолоо барьж яваа хүний анхаарлыг сарниулж болохгүй. Бас өвөө уурлах аюултай!!!” хэмээсэн нь яг л зохиогч охиноос гарч болох гэгээхэн сэтгэл, анхааруулга байх жишээтэй. Түүнээс гадна замд тааралдах томоохон уул, ус, газар нутгийн орхигдуулалгүй тоочиж, бороо, цас холилдох байгалийн үзэгдлийг өөрийн сэтгэл хөдлөлтэй давхар илтгэн бичсэн нь анхаарал татна.