Хүн бүхэн мэдлэг, мэдээлэл, боловсролыг цахим орчноос авах боломжтой болсон энэ цаг үед цаасан хэвлэл, номын соёлыг бүрэн гээсэнгүй. Хүн төрөлхтний оюун сэтгэлгээний охь болсон сонгодог уран зохиолуудыг хэвлэмэл хэлбэрээр нь унших явдал харин ч эсрэгээрээ газар авч байна. Сүүлийн хэдхэн жилийн дотор залуусын дунд ном унших соёл түгэн дэлгэрч шинэ, шинэ хэвлэлийн газрууд шил дараалан мэндлэх болжээ. Мөн цахим орчин уншсан номынхоо тухай тэмдэглэл хөтөлдөг, аливаа нэг номын талаар мэтгэлцээн өрнүүлдэг “групп”, “пэйж хуудас”-ууд олноор нээгдэв. Тэдгээр дотор өрнөж буй үйл явдлыг ажиглахуйд номыг цахим хэлбэрээр бус хэвлэмэл байдлаар уншихыг илүүд үзэж буй нь илт.
Ийнхүү 35 дахь удаагийн “Үндэсний номын баяр” дээрээс авч унших боломжтой шинээр хэвлэгдэж гарсан 33 номыг уншигчдадаа танилцуулж байна.
CHIMEE PUBLISHING
ЭДОГАВА РАМПО “ХҮН САНДАЛ”
Эдогава Рампогийн “Хүн сандал” өгүүллэгийн түүврийг орчуулагч Д.Дашмөнх монгол хэлнээ дуун хөрвүүлсэн билээ. Тэгвэл тус ном шинэ өнгө төрхийг олж уншигчдад дахин хүрч байна. Тус бүтээлийг “Chimee” хэвлэлийн газраас эрхлэн гаргажээ.
Детектив зохиолчийн талаарх детектив зохиолыг Рампо л хамгийн гарамгай бичиж чадна. “Шулам”, “Сэтгэлзүйн сорил”, “Доктор Мэрагийн гэмт хэрэг” өгүүллэгүүдээс нь л үүнийг мэдэж болно. Санаанд оромгүйгээр аллага үйлдэж жинхэнэ садомазохист тоглоомыг амьдралд хэрэгжүүлсэн баатруудыг детектив буюу адал явдалт зохиол бичдэг эрхмүүд өөрсдийн гайхалтай уран сэтгэмжийг ашиглан барьдаг бөгөөд аллага үйлдсэн этгээдүүд ч адал явдалт зохиолын хорхойтнууд байдаг. Ямартай ч Рампо бидэнд хамгийн гайхмаар ертөнцийг бэлэглэж, санаанд оромгүй сэтгэлзүйн өөрчлөлтүүд, өөрсдийн оюун ухаанд орших бүхий л элементүүдийг хордуулж, өөрийгөө сүйтгэгчдийн дур хүслийн хэмжээ хязгааргүйн талаар олон асуултыг тавьж түүндээ өөрөө хариулчихаад буй. Одоо уншигч та л хариулах үлдлээ.
PHILOSOPHY
ФРИДРИХ НИЦШЕ “ЗАРАТУСТРА ТИЙНХҮҮ ЯРЬЖ БАЙВ”
Энэ бол Германы философич Фридрих Ницшегийн бүтээл, туурвилын оргил цэг бөгөөд “Европын өндөр цаст уулсаар алхаж, хотын шуугьсан амьдралаас холдож чанадыг бясалгаж явахдаа төрсөн санаа, сэдлүүдээ буулгасан зохиол гэж” BBC телевизийн “Орчин цагийн суутнууд” нэвтрүүлэгт дурджээ. Үлэмж хүн (Ubermensch), Эзэн тэнгэр үхсэн (God is Dead), Ноёны ба барлагийн ёс зүй (Master & Slave Morality) гэх санаанууд анх энэ номд биеллээ олсон билээ.
О.Чимэг агсны орчуулгыг унших үед танд Ницше өөрөө Монгол хэлээр ярьж, бичсэн мэт санагдах агаад Англи болон бусад хэл дээрх Ницшегийн зохиолыг энэхүү Монгол орчуулгатай тулгаж харах болгондоо уулга алдан, “Яаж ингэж уран буулгасан байна?” гэж бодно гэдэгт итгэлтэй байна. Тиймээс түүний орчуулгын өвөрмөц хэв маяг, үгийн арвин санд гар хүрэлгүйгээр таны оюунд барилаа.
ФРИДРИХ НИЦШЕ“ЭМГЭНЭЛТ ЖҮЖГИЙН ҮҮСЭЛ БУЮУ ЭЛЛИН ЁС БА ГУТРАНГУЙ ҮЗЭЛ”
Ницше энэхүү анхны бүтээлдээ Апполонч чанарын гол төлөөлөгчийн дүр болгож Сократыг сонгон хайр, найргүй шүүмжлэх ба хүний амьдрал хийгээд, урлагийн хөгжлийн динамикт аполлонч, дионисч хэмээх хоёр чанарын тэнцвэр яагаад чухал болох, мөн Апполонч чанарт идэгдэж дууссан урлагийг Рихард Вагнер хэрхэн сэт татаж өөрийн хөгжмийн зохиолуудаар Дионисч чанарыг урлагт буцаан авчирсан тухай өгүүлнэ.
Энэхүү номд Философийн ухааны доктор О.Чимэг агсны Ницшегийн үзэл санааг тайлбарласан “Амьдралын Философи” хэмээх судалгааны нийтлэл багтсан болно.
ФРИДРИХ НИЦШЕ “ХРИСТЭД ТЭРСЛЭГЧ: ХРИСТОС ШАШНЫГ ХАРААН ЗҮХЭХҮЙ”
“Энэ ном цөөн хүнийх. Эдгээр цөөн хүний хэн ч одоогоор төрөөгүй ч байж магадгүй.” гэх өгүүлбэрээр эхлэх энэ бүтээлээ Ницше Христийн шашинд хүн төрөлхтний өмнөөс уншиж буй ялын тогтоол гэж нэрлэжээ. Христийн шашны суурь үзэл санаа, ёс зүйн хэм хэмжээг Буддын шашны ёс зүйн хэм хэмжээтэй сөргүүлж үзэх агаад хүний жам ёсны хөгжилд эдгээр шашнууд хэрхэн нөлөөлж ирснийг яруу тодоор буулгасан байна.
Энэхүү номын эхний 50 нүүрт багтсан “Амьдралын Философи” өгүүлэл бол Философийн ухааны доктор О.Чимэг агсны Ницшегийн үзэл санааг тайлбарласан судалгааны нийтлэл бөгөөд энэ хэсгээс та Ницшегийн үзэл санааны талаарх олон төөрөгдлөө арилгана гэдэгт итгэлтэй байна.
ИККЮ СОЖҮН “ХАЙРЫН ЗАХИА”
600 гаруй жилийн өмнөх “Галзуу үүл”-ийн гайхамшигт ЗЭН шүлгүүдийг та гартаа барьж байна.
Зорих газаргүй бол би хэзээ ч төөрөхгүй". "Надад сайн хүн болох гэж хичээх тусам буруу мэт санагдах юм" гэх үгсийн эзэн Иккю Сожүн /1394-1481/ бол Японы Зэн Буддизмын лам, яруу найрагч, зураач, уран бичигтэн хүн юм.
Иккю Сожүн нь Японы сонгодог урлаг болон утга зохиолд Зэнгийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх үйлст өндөр хувь нэмэр оруулсан хэмээн түүхчид үздэг байна. Тэрээр бага наснаасаа хятад ханз болон уран бичлэгт суралцаж, шүлгүүдээ ихэвчлэн хятад хэл дээр туурвидаг байсан ба нийт 1000 гаруй шүлгийг хятад хэлээр бичжээ.
ТАГТАА ПАБЛИШИНГ
СТИВЕН КИНГ “БИЧИХҮЙН ТУХАЙ”
Бүх цаг үеийн шилдэг борлуулалттай зохиолчдын нэг гэгддэг Стивен Кингийн “Бичихүйн тухай” хэвлэгдэхэд “Entertainment Weekly” сэтгүүл “Хаантан (Кинг) түм бум наслаг” хэмээн нийтэлж байв. Нэг талаар туурвилчийн намтар дурсамж, нөгөөтээгүүр мэргэжлийн гарын авлага гэж болохуйц эл бүтээл зохиолч хүн бүрд байвал зохих “багажийн хайрцаг”-ийг бэлэн зэхэж, дэлгэн харуулжээ.
Кинг зохиолч болохоор шулуудсан хүүхэд насныхаа ой дуртгалаас эхлээд залуу бичээчийн хувиар туулсан хүндхэн сорилт бэрхшээлүүд, золгүйгээр осолдож амь наана там цаана байхдаа зохиол бүтээлийнхээ хүчээр хөл дээрээ боссон амьдралын туршлагаа зөвлөмж болгон бичсэн нь чухамхүү энэ ном билээ. Цэгцтэй бичиглэл, энгүүн нөхөрсөг уур амьсгал, урам зоригоор дүүрэн эл ном залуу уран бүтээлчид, зохиолчид, сайн бүтээлд шимтэгч хэн бүхэнд оюуны цэнгэл эдлүүлж, урлан бүтээхүйн онгод хайрлах буй заа.
ПЕТЕР ХАНДКЕ “ЗҮҮДНЭЭС ЧИНАГШ УЙ”
“Тагтаа” хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг уран зохиолын бэсрэг бүтээлийн цуврал хорьдугаар зууны сүүлийн хагаст төрөн гарсан хамгийн нөлөө бүхий герман хэлт зохиолчдын нэг, Нобелийн шагналт Петер Хандкегийн гол бүтээлүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог “Зүүднээс ч чинагш уй” нэрт намтарчилсан туужийг уншигчдадаа хүргэж байна.
1972 онд бичсэн “Зүүднээс ч чинагш уй” нэрт намтарчилсан тууждаа Хандке амиа егүүтгэж өөд болсон ээжийнхээ талаар мэддэг бүхнээ амьдарч асан он цагийнх нь үүх түүх, тэр дундаа нацистын дэглэм, дэлхийн хоёрдугаар дайн, дайны дараах үеийн австричуудын ахуй амьдрал, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан нэн сонирхолтой бичжээ. Хүнд бэрх, ядуу тарчиг ахуйд төрж өсөөд, хангалуун жаргалтай амьдралыг мөрөөсөн тэмүүлсэн ч хувь тавилангийн хатуухан буулгад талхиулсаар хорвоогоос буцсан ижийнхээ тухай хайр, бахдал, харамсал, гомдол, цухал, ухаарлаар сүлж бичсэн хүүгийн дуртгал халуун дулаан, танил дотно мэдрэмжийг уншигч танд төрүүлэх биз ээ. Уг номыг Норвегийн нэрт зохиолч Карл Уве Кнаусгорд “Энэ цаг үед герман хэлээр бичигдсэн үнэ цэнтэй, шидээвэр бүтээлүүдийн нэг” хэмээн үнэлсэн байдаг.
МОНСУДАР
Ж.Р.Р.ТОЛКИН “БӨГЖНИЙ ЭЗЭН: БӨГЖНИЙ БАРИЛДЛАГА”
Туульсийн шинэ аялал эхэллээ. Толкины "Бөгжний эзэн" цувралын тэргүүн дэвтэр "Бөгжний барилдлага" монгол уншигчдад хүрчээ. Тус бүтээлийг "Монсудар" хэвлэлийн газар албан ёсны эрхтэйгээр эрхлэн гаргаж буй юм.
Британийн зохиолч, хэл зүйч Жон Рональд Руэл Толкин 1892 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Өмнөд Африкийн төв хэсэгт байх Блумфонтейн хотноо төржээ. Толкины уран бүтээлийн замнал 1937 онд Хоббит хэмээх бүтээлийг нийтлүүлснээр эхэлжээ. Хоббит зохиол гарсан даруйдаа уншигчдыг байлдан дагуулж, зохиолчийн баялаг уран сэтгэмж олон шүүмжлэгчдээс эерэг үнэлгээ авсан юм. Толкин хүүхэд ахуй наснаасаа л эртний болон дундад зууны үеийн үлгэр домгуудыг ихэд сонирхож, Дундад газар хэмээн нэрийдсэн үлгэр домгийн ертөнцийг өөрийн төсөөлөлдөө бүтээж эхэлсэн ажээ. Тэрхүү ертөнц нь тун ч нарийн зураглал бүхий байгаль газар зүй, түүхтэй агаад , хүмүүсээс гадна хоббитууд, элфүүд, одойчууд, гоблинууд гэх зэрэг өвөрмөц оршин суугчид, тэр бүү хэл өөрийн гэсэн тусгай хэлтэй.
ГАБРИЭЛЬ ГАРСИА МАРКЕС “НАЙМДУГААР САРД УУЛЗЪЯ”
"Монсудар" хэвлэлийн газраас Г.Г.Маркесын "Наймдугаар сард уулзъя" номыг хэвлэжээ. Тус номыг орчуулагч Б.Нямдорж орчуулсан байна.
Зохиолын дүр болох Ана Магдалена бүсгүй жил бүрийн наймдугаар сард гатлага онгоцоор ээжийгээ оршуулсан арал руу очдог түүхээс адал явдал эхэлнэ. Эмэгтэй хүний догдлол, өөрийгөө буруутгах зэмлэл, эхнэрээ ийм л хүн хэмээн аль хэдийнэ сэтгэлдээ бүтээчихсэн нөхөртөө өөрийн нууцаа мэдүүлэхгүй гэсэн айдас гээд магадгүй заримдаа ойлгомжгүй, дараа нь биднийг бодолд автуулж, эргэлзүүлэх түүхэнд л хүмүүний амьдрал, хүний сэтгэлийн хэзээ ч бүрэн тайлагдашгүй нууцууд оршдог биз ээ.
ХАРУКИ МҮРАКАМИ "НЭГДҮГЭЭР БИЕИЙН ГАНЦ ТОО"
Хүмүүн бид баяр, гуниг ээлжилсэн амьдрал хэмээх их далайг туулдаг. Тэр л хүмүүний амьдралын шаргал хуудас болсон эгэл өдрүүдийн дурсамж, хайр дурлал, хагацал гуниг, дур тачаал, хошигнол, хорсол, тэсвэр тэвчээр, ганцаардал, худал хуурмаг, үнэнч сэтгэл, төсөөлөл мөрөөдөл гээд амьдралын олон өнгө, мэдрэмжийг мэдрүүлэх “Нэгдүгээр биеийн ганц тоо” хэмээх өгүүллэгийн түүврийг уншигч танд өргөн барьж байна. Харилцан адилгүй цаг хугацаанд амьдралынх нь нэгээхэн хэсэгт тохиосон (үгүй ч байж болох) үйл явдлыг өгүүлэгч хүүрнэхдээ нууцлаг өвөрмөц дүрүүд болон дуу хөгжим, спорт зэрэгтэй уялдуулан дүрсэлсэн нь уншигчдад нарийн нандин мэдрэмж төрүүлэх биз ээ.
Нэгдүгээр биеийн өгүүлэмжээр хүүрнэх өгүүллэгүүдээс зөвхөн "Якулт хараацай багийн тухай шүлгийн түүвэр”-т л зохиолч өөрийн нэрийг дурдсан байдаг. Тиймээс энэ нь зохиолчийн жинхэнэ намтар дурсамж уу, уран зохиол уу гэдэгт хэн нэгэн нь эргэлзэж ч магад. Зарим уншигч эдгээр өгүүллэг нь ганц өгүүлэгчтэй гэж таамагласан бол зарим нь жазз хөгжим, бейсболд дуртай ахимаг настай эрэгтэй өгүүлэгч бол зохиолч өөрөө гэж үзсэн нь бий. Зохиолчийн өгүүллэгийн түүвэр уншигч танд мөн л асуулт үлдээж, нэгийг бодож, хоёрыг эргэцүүлэхэд хүргэх биз ээ. Танд өгүүллэг аль өнцгөөс хүрч, ямар бодолд автуулахыг таашгүй.
ХАН ГАН “ЦАГААН ХООЛТОН”
Өмнөд Солонгосын зохиолч Хан Ганы "Бүсгүй" /1997/ богино өгүүллэгээс сэдэвлэсэн "Цагаан хоолтон" зохиол нь орчин үеийн Сөүл хотод өрнөж, гэрийн эзэгтэй Ёнхэгийн түүхийг өгүүлнэ. Хүний амьтанд хандах харгис хэрцгий байдлын тухай цуст, хар дарсан зүүд зүүдэлсний дараа мах идэхээ больсон нь түүнийамьдралыг орвонгоор нь эргүүлдэг. Тус зохиолын хувьд “Цагаан хоолтон”, “Монгол толбо”, “Асаж буй модод” хэмээх гурван бүлгээс бүрдэнэ. Нэг роман боловч тус тусдаа бие даасан хэлбэрээр бичигдсэн өвөрмөц онцлогтой бүтээл бөгөөд Ёнэ хэмээх гол дүрийн бүсгүйгээр гурван бүлэг холбогдоно.
Утга зохиолч судлаач У.Бямбаням “Гадагш цацлах дотоод дуун” эсээндээ “Хан Каны хувийн амьдрал ч энэ зохиолын доторх эмэгтэй дүрүүдтэй ойр төстэй. Хүүхэд ахуй цагаасаа элдэв аллага таллага, хүчирхийллийн ард үргэлж яагаад гэсэн асуулт тавьдаг, эмзэг мэдрэмтгий хүүхэд байжээ” хэмээн тус бүтээлийн талаар бичсэн нь бий.
ТОШИКАЗҮ КАВАГҮЧИ “ДУРСАМЖ МАРТАГДАХААС ӨМНӨ”
Монсудар хэвлэлийн газар Японы зохиолч Тошиказү Кавагүчигийн цувралаас “Кофе хөрөхөөс өмнө”, “Кафед өгүүлэх түүхүүд” хэмээх эхний хоёр номыг уншигчтанаа хүргэсэн бол цувралын гурав дахь ном “Дурсамж мартагдахаас өмнө” бүтээлээр уншигчидтайгаа ахин уулзаж байна.
Тус хэвлэлийн газар эл зохиолчийг яагаад, хэрхэн сонгон авч бүтээлүүдийг нь монгол хэлт уншигчдад хүргэсэн нь нэн сонирхолтой. Кавагүчигийн бүтээлүүд дэх дүрүүд өөрийн, байгалиас заяасн зөн совинд илүүтэй ач холбогдол өгдөг. Бичлэгийн өнгө аяс нь тоочимж шинжтэй боловч зөвхөн зохиолчийнх гэж хэлж болохоор онцлогтой. Заримдаа бодит ахуй дахь хийсвэр, уран сэтгэмжүүдийг нь харахад яг л шидэт реализм амтагдах шиг болно.
Д.ГАЛСАНСҮХ
Д.ГАЛСАНСҮХ “БИТНИК ШҮЛГҮҮД”
“Болор цом”-ын эзэн, яруу найрагч Д.Галсансүхийн шинэхэн шүлгийн түүвэр “Битник” шүлгүүд нэртэйгээр уншигчдад хүрч байна. Номын шийдэл нь тун онцгой. Магадгүй зарим хүн тэмдэглэл, эсвээс зургийн дэвтэр болов уу хэмээн санаад хажуугаар нь зөрж магад. Тэгвэл уншигч та түр тогтоод хараарай. Энэ бол цоо шинэ битник шүлгүүд.
Д.Галсансүхийн шүлгүүд хүмүүсийн дотор цаг ямагт байдаг ч тэр бүр ил гаргаад байдаггүй мэдрэмжүүдийг уншигчдад дэлгэн харуулдаг. Нөгөөтээгүүр эх хэл болоод мөр, бадаглал зүйн хувьд эрс шинэчлэл авчирсан юм. Дээр нь симфони, рок хоёрыг хольчихсон мэт дүрслэлүүдээр баялаг байлаа. Үүнээс гадна яруу найраг бол дөрвөн бадагт хайрцаглаж, эхний мөрийн ижил үсгүүдээр холбосон цагаан уянга биш. Учир нь яруу найраг бол үзэл санаа. Д.Галсансүхийн шүлгүүд хэзээд өөрийн гэсэн үзэл санаатай байсан. Харин уран бүтээлч хүн уг үзэл санаанаас урвахгүйгээр өөртөө үнэнч үлдэнэ гэдэг хэцүү. Гэвч түүний яруу найраг үнэн хэвээрээ, тэр өөрөө ч үзэл санаандаа үнэнч хэвээрээ байгаа нь л уншигчдад хангалттай.
НЭПКО ПАБЛИШИНГ
Д.УРИАНХАЙ “ФИЛОСОФИЙН СУУЛГАЦУУД”
Оны онцлох бүтээлд олгодог шагналын нэг болох “Мэргэн цом”-ыг Д.Урианхайн “Философийн суулгацууд” номд хүртээсэн билээ. Тэгвэл тус номын хоёр дахь хэвлэлийг Нэпко паблишинг эрхлэн гаргажээ.
Д.Урианхайн бүтээл болгонд философи ямар нэг хэмжээгээр заавал шингэсэн байдаг. Гэхдээ бүрэн дүүрэн агуулгаар нь өөртөө нээхэд зарим нэг хүмүүст халгамаар хурц, хуучны монгол хэллэг ихтэйгээс гадна эх орны ирээдүйн талаарх зөгнөлт шинжтэй бодрол болоод амьдралын мөн чанар, цаашид урагшлахад хэрхэн зөвийг олох зэрэгт анхаарал хандуулсан 441 ширхэг бодрол бүхий бичил бичвэр уг бүтээлд багтжээ.
Эл номын гол санааг ойлгохын тулд гурван чухал ухагдахуун хэрэгтэй. Нэгдүгээр ганцаардлын эрх чөлөөт байдлын тухай болоод энэ нь ямагт хувь хүний хандлага, төлөвшил, бусадтай нийгэмших харилцаа руу чиглэнэ. Хоёрдугаарт эх орон хийгээд соёлт ертөнцийн түүхийн талаарх үзэл санааны мөн л эрх чөлөөг олгоход чиглэгдсэн буруу үзэл, тэдгээрийг засан залруулах үзэл. Эцэст нь энэ бүхэн нэг л зүйлийн тухай бидэнд үргэлж сануулах нь эв нэгдэл, хамтач хандлага билээ.
ЕВГЕНИЙ ТРИФОНОВ “МОНГОЛЫН НУУЦЛАГДСАН ТҮҮХ”
Трифонов нь Москва дахь Түүх, архивын дээд сургууль төгссөн архивч нэгэн. Энд дэлгэн үзүүлж буй Трифоновын Монголын түүхийн талаарх өгүүллийн түүвэрт Чингисийн үеийн байлдан дагуулал, Чингис хааны тухай өдий болтол түгсэн ойлголтын засвар, Эзэнт гүрний мөхлийн учир шалтгаанаас эхлээд Зүүн гарын хаант улс, Монголын нийтлэг түүхэнд халимаг, ойрд, буриадчуудын гүйцэтгэсэн үүрэг гээд олон асуудлыг хөнджээ.
Зохиогч ХХ зууны Монголын түүхэнд нэлээд анхаарал хандуулсан байна. Зөвлөлтийн хараат (Энд Трифонов анх удаа “Зөвлөлтийн колони орон” гэсэн нэршил хэрэглэжээ) Монгол орны талаар Ардын хэмээх импортын хувьсгал, 1937 оны цуст хядлага, Халх голын тулалдааны цаад учир, СССР-ийн тавиул Чойбалсан, Цэдэнбал нарын тухай, энэ хоёр удирдагчийн ялгаа зэргийг баримтад тулгуурлан бичсэн байна. Энэ бүхнээ “Шоовдор колони” бүлэгт нэгтгэн дүгнэж, Зөвлөлт Монголын 70 жилийн харилцааны үнэн төрх, мөн чанарыг тодорхойлсон аж. Монгол чоно чиглэлээ эрс өөрчилж, бие даасан чөлөөт ардчилсан орон болж, хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зовж буй тухай ч бас бий.
НИККОЛО МАКИАВЕЛЛИ “ОРДНЫХОН”
Уншигч таны өмнө одоогоос 492 жилийн өмнө бичигдсэн бүтээл нээгдэж байна.
“Хаантан бүтээл” нь хэвлэгдэн гарсан мөчөөс өдийг хүртэл сайн, муу хэл амыг тасрахгүй дагуулсаар байгаа ном. Энэ номыг уншсан хүн бүр өөрийнхөөрөө утгачилдаг. Зарим нь “улстөрчдийг ад зэтгэр мэт байхад уриалсан” гэж ундууцна, гэтэл нэг хэсэг нь “дарангуйлагчийн аюулыг хүмүүст далдуур сэрэмжлүүлэх” далд зорилготой хэмээн өмөөрнө, тэр бүү хэл “Улс төрийг ёс суртахууны асуудлаас тусгаарлан шинжлэх ухаанчаар судалж харуулсан бүтээл” гэж өөгшүүлэх ч эрдэмтэд цөөнгүй бий. Тийм болохоор уншигч та ч бас өөрийнхөөрөө утгачлан уншиж таарах биз.
AUM PUBLISHING
Ө.ҮЛЭМЖТӨГС “5W 1H”
Уран бүтээлч хүнд аливаа уран бүтээлийг туурвих өөрийн гэсэн арга барил, магадгүй агуулга хэлбэрийн талаарх нүсэр бодол, уг бодлын гүн дэх нарийн аргачлал, зарчим хүртэл байдаг болов уу.
Уншигчдын гарт хүрээд удаагүй байгаа “5W1H” роман яг л тийм нарийн төлөвлөгөө, зарчмуудын гуйвшгүй хатуу баримтлал, дэг журмаас бүрэлдсэн мэт санагдана. Энэ бол зохиолч Ө.Үлэмжтөгсийн хоёр дахь бие даасан роман бөгөөд уран бүтээлийн дөрөв дэх ном юм.
Зохиолч уг романаа сэтгүүл зүйн сэдэвт бүтээл хэмээн тодорхойлжээ. Эрэн сурвалжлах албаны сэтгүүлч залуугийн ажил мэргэжлийн онцлог, үнэнийг нотлох гэсэн тэмүүллээс үүдэлтэйгээр цааш хөврөх үйл явдлын эргүүлэг дотор хөл тавьсан ямар ч уншигч дээрх тодорхойлолтоос эсрэг дүгнэлт гаргахад тун чиг ярвигтай. Харин романы нэрний тухайд бол уншиж дуусаад л ойлгох биз. Таван долоо хоног, гэхдээ нэг цаг. Энэ бол романы бүтэц, үйл явдлыг хэрхэн зохиомжилсонд илүүтэй хамаарах нэр мөн. Тус роман “Говь” концепц төслийн хүрээнд хэвлүүлэх гурамсан романы эхний дэвтэр бөгөөд “AUM” паблишинг хэвлэлийн газраас эрхлэн гаргажээ.
Б.АЛТАНХУЯГ “АРВАН ӨВЛИЙН ХОЙНО”
Арван өвлийн өмнө оюутны ширээнээс анх ижилдсэн уран бүтээлч дүү минь арван өвлийн хойно найргийн ертөнцийнхөө цасны хэл, өвлийн халуун амьсгалтай уянгаар надтай хүүрнэв. Алдаа оноог аль алинаасаа харж, уран сайхны шидэд шунан тэмүүлэхдээ хамгийн сайн ном, хамгийн сайн зохиолыг биедээ барьж гүйдэг их сургуулийн хөвүүдийн цаг саяхан.
Шилмэл шүлгийнх нь шинэ түүврээс тэнгэрээс унах цасан ийм их үг хэлдгийг, өөртөө мөн хэлүүлж болдгийг үгсийн халуунд хайлан харлаа. Товчхондоо цасны хэлээр цагийг гаталсан эгшиг дуун шинэ номоор нэвт түгнэ. Цасны хэлнээс сэтгэлийнхээ хэлийг хэмнэтгэн барьж бусдыг энэрэн хайрласныг, цасны хэлнээс бусдын сэтгэлийг өршөөн харж, өөрөөсөө илүү итгэж уужирсныг нь мэдэрлээ. Ерөөс түүний шүлгийн дуу цагийн дуунаас ангижирч эр цээлжээ.
Утга зохиол судлаач Х.Чойдогжамц
RiTM PUBLISHING
Б.ЦЭВЭГМАА “ОДОТ ТАЛДАА БУЦАХ САН”
“Одот талдаа буцах сан” Б.Цэвэгмаа гуайн хүүхэд ахуй цаг, орь залуу нас нь Японы эзэрхийллийн үед Хянганы их уулсын баруун хаяа Хөлөн Буйрын их талд өнгөрч, тэр хязгаар нутагт Япон багшийн байгуулсан охидын сургуульд орж япон хэл сурсан, Манжуурын цэргийн аравдугаар тойргийн Төмөр замын эмнэлгийн сувилагчийн курст суралцаж япон багш нараар сувилахуйн ухааныг заалгаж эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байсан тухай, мөн хошууны бага сургуулиудад томилогдон хөдөөгийн хүүхдүүдийг соёлжуулж бичиг үсэгтэй болгохоор зүтгэж явсан, үл гүйцэгдэх гэнэхэн мөрөөдөлдөө хөтлөгдөн тэмүүлж, сэтгэл зүрхээрээ шатаж явсан Монголоо нэгтгэх Өвөрмонголын залуучуудын хөдөлгөөн монголчуудын хүсэл зоригоос дээгүүрх дийлдэшгүй хүчинд автагдан хэрхэн замхарсан хэрэг явдлууд болон газар усан дээрх бага балчир ганц охиноо хөтлөн хятадыг орхин гарч БНМАУ-д ирж монголоо гэсэн хүсэл мөрөөдлөө биелүүлсэн тухайгаа он дарааллаар зураглаж бичсэн зохиогчийн амьдралын гунигтай боловч бадрангуй замналыг өгүүлсэн “Одот талдаа буцах сан” дурдатгал ном дахин хэвлэгдэн гарах гэж байна.
Үзэл бодол, итгэл үнэмшлээсээ хэзээ ч буцаж няцаж яваагүй, ямар ч бэрхшээлийн өмнө сөгдөж үзээгүй Хатан зоригт ээжийн язгуур монгол сэтгэлгээгээр туурвигдсан, эрх чөлөөт тусгаар орны үнэ цэнэ ямар чухал болохыг хойч үеийнхэндээ захимжилсан энэхүү ном нь намтар, дурсамж төрөлд багтах боловч уран зохиол мэт уншигдах нь япон хэл дээр анхлан бичсэн профессор Койбүчи Шиничи, монгол хэлнээ орчуулагч Дамдинбаяр нарын чадвар чансааг бэлхнээ илэрхийлнэ.
ЖАНГАР
Бид гадаадын сод хүмүүсийн бүтээл туурвил, тэдний гавьяаг шимтэн дуулах номуудыг уншиж, амьдралдаа жишээлэн авч, намтар, эрдэм боловсрол, амьдралын туршлагаас нь суралцахыг эрмэлздэг. Тэгвэл монголчууд бид ч өөрсдийн гэсэн сод хүмүүстэй. Тэдний нөр их хөдөлмөр, соён гэгээрлийн ажил, авьяас билгийг ирээдүйн хүүхэд залуустаа үнэн зөвөөр нь танин мэдүүлэхэд энэхүү цувралын үнэ цэн оршиж буй билээ.
Монгол Улсын түүхэнд өөрийн нэрийг тодоор сийлж үлдээсэн сод хүмүүсийн намтар, тэдний үйл хэргийг зохиомжлон хүүрнэж, зургаар илэрхийлсэн "Монгол хүн" цуврал “О.Намнандорж” зурагт номоор үргэлжилж байна. Тус цувралыг Монсудар хэвлэлийн газрын Жангар редакцаас эрхлэн гаргадаг билээ.
Энэ хүн бол эх орондоо шинжлэх ухааныг хөгжүүлэхэд хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг юм. Хатуу хөтүү цагийн шалгуурт шантарч, буцалгүй эх орон, газар шороо, түүх соёл, амьтан ургамлаа хайрлан хамгаалж үр хойчдоо арвин их өвийг үлдээсэн нэгэн эрдэмтний амьдралын замыг харуулсан энэхүү номыг хүүхэд багачууд та бүхэндээ өргөн барьж байна.
“ТАМГА” НЭГДЭЛ
Хүүрнэл зохиолын төрлөөр шидэт реализмын хэв маягаар бичигдсэн роман юм. Энэхүү роман нь эхнэр хүүхдээ орхин их эрдэм сурахаар харийн нутгийг зорьсон нэг эр олон жилийн дараа нутаг буцахын тулд сүнсээ нохойн биед юүлж нутаг гүйнэ. Түүнийг нутагтаа ирэхэд эхнэр нь нас барж, хүүг нь дээрэмчид авч одсон байна. Ингээд эхнэрийнхээ сүнсийг даяанч лам дээр дагуулж аваачин хэрээний биед юүлүүлснээр нохой, хэрээ хоёр хүүгээ эрж олохоор холын замд гарснаар үйл явдал цааш үргэлжилнэ.
Уран бүтээл өөрөө ямар нэгэн далдын нууцтай байдаг. Харин түүн доторх зөрчил, дүрүүдийн зөв совин уншигчийг, цаашлаад хүмүүний зүрх сэтгэлийг юунд хөтлөн аваачдагыг үл мэднэ. Ямартаа ч уг роман бол сүүлийн жилүүдэд монголын уран зохиолд илчдэгдээгүй хэв загвар, агуулгын цар хүрээг бүтээсэн роман мөн. “Тэнгэрт нуусан уулс” бүтээлийг МЗЭ-ийн шагналт зохиолч С.Баттулга бичжээ. Тэрээр өмнө нь “Чулуужсан бичиг”, “Улаан урлан” зэрэг өгүүллэгийн түүвэр “Ур модны зүүд” туужийн номоо уншигчдын хүртээл болгосон юм.
ГҮН УТГА
САБАХАТТИН АЛИ “ЭРДҮҮ ХИЙЛ”
Сабахаттин Алигийн уран бүтээлдээ барьдаг байсан гол зарчим нь "Урлаг бол нийгэмд зориулагдсан" хэмээх үзэл бөгөөд энэхүү санаа нь өгүүллэгүүддээ түлхүү илэрдэг. Анатолий нутгийн хөдөө тосгодын эгэл борог амьдралын тухай сэдвүүд, өр өвтгөм дүрүүд, хэт бодит, хүчирхэг, нэн гашуун илэрхийлэмжүүд, эмгэнэлт шинж чанартай сүлэлдүүлсэн байгалийн дүрслэлүүд бол түүний уран бүтээлийн гайхамшигт онцлог бөлгөө.
“Арьсан хүрэмтэй Мадонна” тэргүүт том хэмжээний туурвилууд нь монгол уншигчдад хэдийнээ танил болсон ч өгүүллэгүүд нь хараахан танил болж амжаагүй байсан билээ. Тэгвэл түүний өгүүллэгүүд монгол хэлнээ орчуулагдан гарчээ. Тус бүтээлийг яруу найрагч, зохиолч Х.Нямхишиг дуун хөрвүүлсэн байна.
Г.ХАШБААТАР “ОЙН МОНОЛОГ”
“Далайг би мэдэхгүй. Одоохондоо ой надад далай. Гэвч тэнд цахлай, залхаг, дун, замаг, хясаа, загасны эхүүн амьдрал үгүй. Харин, нулимс мэт холтсыг нь гар мэт мөчир түшиж, харуусал мэт хөвдийг, хөл мэт манан гишгэдэг” хэмээн яруу найрагч Г.Хашбаатар “Ойн монолог” түүврийнхээ өмнөтгөлд бичжээ.
Энэ бол ойн тухай, түүн доторх амьдралын тухай, үгүй ээ, ойн мөн чанарыг мэдэрч, өөртөө хэрхэн оршоосон түүнийгээ яруу найргийн хэлээр илэрхийлсэн хүний дотоод сэтгэлийн дуулал юм. Яруу найрагч Г.Хашбаатар нь “Хас Дорно” бүлгэм болон “Гүн утга” уран бүтээлийн нэгдлийн гишүүн бөгөөд “Эртний улирлын түүх”, “Яруу феномен” зэрэг шүлгийн түүврээ уншигчдад хүргэжээ. Мөн “Хас - Дорно” хамтын антолог хэвлүүлжээ. Харин энэ удаад “Ойн монолог” цогц төслийн хүрээнд гаргасан шинэхэн түүврээ уншигч та бүхэнд барьж байна.
GEREN PUBLISHING
ОЛИВЕР ЖЕФФЕРС “БИ ЭНД АМЬДАРДАГ”
"Бид Энд Амьдардаг" зурагт номыг зохиогч Оливер Жефферс чин сэтгэлээ зориулан бичсэн билээ. Тиймээс энэ бүтээлийг уншиж буйд чинь бид тун их баяртай байна.Эх дэлхийд дөнгөж ирээд буй нэгэнд энэ гараг гайхширал төрүүлэм санагдаж мэдэх юм. Толгойд чинь дүүрэн асуулт эргэлдэж байвал эх дэлхий маань юунаас бүтдэг, бид бүгд энд хэрхэн аж төрдөг тухай энэхүү зурагт номоос олж мэдээрэй.
Э.МИШЭЭЛ “ҮР МИНЬ ЧАМАЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА”
Энэхүү номд дөнгөж төрсөн хүүхдийн өмнө энэ хорвоогийн юм бүхэн шинээр нээгдэхээ хүлээж байдаг тухай өгүүлнэ. Шинэ хүнээ өлгийдөн авчхаад буй ээж, аавуудад ч уншиж дууссаны дараа сайхан мэдрэмж төрүүлэх ном. Дөнгөж төрсөн нярай хүүхдийн хараа тогтоогүй байдаг учир, тод ялгарал ихтэй өнгө бүхий карт, зураг, даавуун ном харуулж харааг нь тогтоох нь элбэг.
Энэ ном нь хар дэвсгэр дээрх тод ялгарал бүхий өнгөт зурагтай. Хүүхэд өсөж том болохын хэрээр улам хөгжиж буй үгсийн санд нь уул, гол, од, гэр, хот, ном, хүмүүс, амьтан гэх мэт өдөр тутам хэрэглэгддэг нэр үгсийг танилцуулах зорилгоор шигтгэсэн. Амьгүй зүйлсээс амьтай зүйлс хүртэлх энгийн нэршлүүдийг таниулж өгөх зорилготой. Мөн нярайн номууд хурц өнцөггүй байх ёстой байдаг тул дугуй булантай.
ITGELMARAL PUBLISHING
Японы зохиолч Хасэ Сэйшюүгийн “Хүү, нохой хоёр” ном нь Тамон нохой, түүнтэй учрах хүмүүсийн хувь заяа болон хүн, нохой хоёрын итгэлцэл, нөхөрлөлийн түүх юм. “Хүү, нохой хоёр” ном нь 2020 онд Японы утга зохиолын нэр хүндтэй шагналын нэг болох Наокигийн нэрэмжит шагналыг хүртсэн
2011 онд Японы зүүн хойд эргийг хөмөрсөн аймшигт цүнами, газар хөдлөлтийн гамшгаас хойш зургаан сарын дараа нэгэн залуу дэлгүүрийн гаднаас герман хоньч нохойны эрлийз тэнэмэл нохойг олно. Нохойн нэр Тамон. Тамон, залуу эрийн хүнд өвдсөн ээжийн сэтгэлийг баясган, гэр бүлд нь аз жаргал мэдрүүлнэ. Гэтэл нэг өдөр тэр залуу золгүйгээр осолдож, Тамоныг нэгэн хулгайч цааш дагуулан явна... Тамон сүүлчийн эзэнтэйгээ уулзах хүртлээ Японы зүүн хойд эргээс өмнөд нутаг руу холын замыг таван жил туулах бөгөөд замдаа ийнхүү хэд хэдэн хүнтэй таарч, хань, хамтрагч нь болно. Тамон тэдэнтэй таарсан нь хувь заяа ч юм шиг, бултах аргагүй тавилангийн замд бурхнаас илгээсэн элч ч юм шиг.
УТГА ЗОХИОЛ СУДЛАЛ ШИНЖЛЭЛ РЕДАКЦ
Б.АЛТАНХУЯГ “ЭРТНИЙ МИССИПИЙН ДУУН” (ЦӨН #3)
Утга зохиолыг унших, өөрийнхөөрөө ойлгож тайлах нь энэ цагийн том соёл болсон. “Утга зохиол судлал, шинжлэл” цуврал уншигч олонд зориулж бага буюу “Цөн” цувралыг хүргэж байна. Уг цувралын гол онцлог нь нэг зохиолын шинжлэл гэж товчоор хэлж болох юм. Ерөнхийгөөс тусгай руу нарийвчлан орж үзвэл утга зохиол судлалд нэг зохиолын шинжлэл гэж буй. Нэг зохиолыг олон талаас нь харж, дүр бүрийг нарийн судалж, эргэлзээтэй асуудлуудад тайлал хийж, оносон дүгнэлтийг олгосон нь тус номын бас нэгэн онцлог.
Утга зохиол судлал шинжлэл редакцын Ерөнхий редактор О.Содномпил
Ш.БАТТӨР “МОНГОЛЫН ЯРУУ НАЙРГИЙН ШИНЭ ХАНДЛАГА” (ЦӨН #4)
“Цөн” цувралын дараагийн номоор МУИС-ийн багш, Хэл бичгийн ухааны доктор, дэд профессор Ш.Баттөрийн “Монголын яруу найргийн шинэ хандлага” номыг онцлон хүргэжээ.
Уг номд орчин үеийн гурван чухал яруу найрагчийн уран бүтээлийн тухай бие даасан гурван судалгааны өгүүлэл буй. Мөн кирилл болон үндэсний бичгээр хэвлэж уншигчдад хүргэжээ. Сайн шүлгийг уншихад, бичихэд бус ойлгох нь заримдаа илүү гэдэг. Мэдээж хүн бүр өөр өөрийнхөөрөө мэдэрч болно. Гэхдээ урсгал усан уран зохиолын ертөнцөд аажимдаа тунгалагшина гэж үгүй. Тиймээс л бидэнд ийм шүүмж, задлан шинжлэгчид хэрэгтэй.
NOJO PUBLISHING
Д.НАЦАГДОРЖ “ХЭЛХЭЭГҮЙ СУВД”
Монголын орчин үеийн уран зохиолын төлөөлөгч, сод их туурвилч Д.Нацагдоржийн бүрэн дуусгаж амжаагүй “Хэлхээгүй сувд” тууж өдгөө ч уран зохиолын шидээвэр бүтээлийн нэгэнд зүй ёсоор тооцогддог. Туужийн төлөвлөгөө нь бусад гар бичмэлийн хамт олдсон ч төлөвлөгөөнөөс харахад эл зохиолыг тууж бус роман болгох дайдад ажиллаж байсан нь анзаарагддаг тухай зарим судлаачид өгүүлдэг.
Тэр бол гарцаагүй сод, цаг үеэс эрт алхсан жинхэнэ сэхээтэн байсан билээ. Түүний уран бүтээлийн өв чамгүй олдсон агаад өдгөө ч мэр сэр гарч ирэх, дарагдсан зохиолууд байхыг үгүйсгэхгүй. Ямартаа ч монголын уран зохиолд ихийг үлдээж, энэ биеийн хувилал эрт болсон нэгэн сод хөвүүний бүтээлийг Ножо хэвлэлийн газраас эрхлэн гаргажээ.
П.ПҮРЭВСҮРЭН “ИХ ТЭЭЛИЙН ДАВАА”
“Их Тээлийн даваа”, “Үдийн наран өндөр”, “Цагаан шөнө” тэргүүт тууж, “Өшөө”, “Хар могой”, “Арван жилийн дараа” зэрэг олон сайхан өгүүллэгээрээ уншигчдын сэтгэлд үлдсэн зохиолч бол Пүрэвжавын Пүрэвсүрэн. Түүний бүтээл яг л эх нутгийн, магадгүй талын хүний араншин, мөн чанар, ёс зүй бүгд шингэсэн байдаг. Тэр өөрөө ч маш өндөр ёс зүйтэй, гоо зүйн нарийн мэдрэмжтэй байсан болов уу гэдэг нь бүтээлээс нь нэвт харагдана.
“Их Тээлийн даваа” тууж бол дүрийн сэтгэл зүйг нарийн урласан бүтээл. Тус бүтээл хуучны зарим хэвлэлтээр бий ч гадаадын уран зохиолд түлхүү шимтэх болсон залууст тэр бүр олдоод байхгүй. Яг энэ зааг дээр монголын уран зохиолын хоймор тийш суудалтай эрийн хамгийн чухал бүтээлийг уншигчдад хүргэж байгаа нь нэн олзуурхууштай.
ЖОН СТЕЙНБЕК “СУВД”
Тууж хэмжээгээр хэдий бяцхан ч хүний мөн чанар, эд баялаг хийгээд оршихуйн үнэний тухай гүн ухааны уран тод тайлбар хийсэн нь гайхамшигтай. Судлаач Мендельсон “Стейнбекийн зүүний үзэл санаахамгийн тод илэрдэг, уран сайхны хувьд хамгийн шилдэг бүтээл нь энэхүү тууж юм. Энэ бол өнгө мөнгөний бүтээдэг бузрын муу муухайг харж, мэдэрснээс улбаатай эмзэглэл, шаналлын хүчтэй тэсрэлт юм” хэмээжээ.
Туужаар хэд хэдэн уран сайхны кино, бас хүүхдийн кино ч хийжээ. Уншигчид эл бяцхан түүхэд дуртай байдгийн шалтгаан бол хүн бүрийн сэтгэлд оршдог үнэн хийгээд шударга ёсыг эрхэмлэсэн чанад далдын мэдрэмжийг нь хүчтэй цочроож өгдөгт буй.
БОЛОР СУДАР
ОСКАР УАЙЛД “ХУДАЛ”
Оскар Уайлд шиг онцгой, урлагийн мөн чанарт гадна доторгүй нэвтэрсэн зохиолч их ховор. Тэр өөрийгөө эрин үеийнхээ урлаг соёлын сүлд нь явлаа хэмээн омог бардмаар бичиж байв. Манайд түүний “Дориан Грейн хөрөг” хэмээх алдарт роман нь болон “Кэнтервиллийн хий үзэгдэл” тууж, хэд хэдэн өгүүллэг нь орчуулагдсан нь бий.
Тэгвэл энэ удаад Болор судар хэвлэлийн газрын “Агуу санаа цуврал”-аар “Худал” хэмээх бүтээл хэвлэгдсэн агаад тус номд “Нухацтай байдлын ач холбогдол”, “Худлын доройтол”, “Дориан Грейн хөрөг” номуудаас нь түүвэрлэн оруулжээ. Цэвэр үнэн гэж ховор, харин энгийн үнэн гэж угаас үгүй. Үүнээс өөрөөр бол орчин үеийн амьдрал уйтгартай, орчин үеийн уран зохиол бүр оршин тогтнох ч боломжгүй юм.
АРТУР КОНАН ДОЙЛ “АЛЛАГА”
Энэхүү номд Артур Конан Дойлын “Шерлок Холмсын бүрэн түүх” номоос түүвэрлэн оруулжээ. Үнэхээр аллага, мөрдлөгийн талаар түүнээс өөр хэн мэдэх, хэн сайн бичих билээ. Болор судар хэвлэлийн газрын “Агуу санаа” цуврал бол сод туурвилчдын бүтээлийн сорчилсон түүвэр бөгөөд агуулгын хувьд танд онцгой санааг чухалчлан хүргэх зорилготой юм.
Өдгөө хэн нэгэн нүсэр том роман бариад өдөржин суухыг хүсэхгүй. Аж ахуйн дарамт ч тийм боломжийг олгохгүй. Тиймээс сонгодог бүтээлийн хамгийн гол санаануудыг түүвэрлэсэн тус цуврал таны хамгийн зөв сонголт байх боломжтой.