Хүн бүр амьдралын туршид өөрсдийн түүхийг бүтээж, дуу хоолойгоо бусдад хүргэж, зарим нь сэтгэлийнхээ угт нам гүмийг хүсэж явах нь бий. Харин тэдгээрийг уудлан нээж, бусдад танилцуулах, сэтгэлийн гүн дэх орон зайгаар нь аялах нэгэн хэлбэр бол ярилцлага мөн. Interview сэтгүүлч мөн зочдынхоо уран бүтээл, хийж бүтээсэн зормол гантиг шиг түүхээс гадна сэтгэлийн тэр л уудам орон зайгаар нь чөлөөтэй зорчиж, уншигчдад зочноо олон талаас нь нээн харуулахыг зорьдог. Үүнээс гадна сэтгүүл зүйн төрөлд ховордох болсон хөрөг, нийтлэл, аян замын тэмдэглэл, сурвалжилга зэргээр тодорхой бичвэрүүдийг бүтээхээр ажиллаж байгаа билээ. Ингээд өвлийн шинэхэн дугаараас онцлох зургаан нийтлэлийг танилцуулж байна. 

САНЖИЙН БАЯР: ОРГИЛУУН ДАРС ШИГ ХӨӨСӨРЧ БАЙГАА НЬ ЗАРИМДАА ХАРАГДДАГ. ХӨӨСӨРДӨГ НАСАНДАА ХӨӨСРӨГ Л ДЭЭ

 

Энэ удаагийн шинэхэн дугаарын зочин бол Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд, МАН-ын дарга, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд асан Санжаагийн Баяр. Ямагт хуучилж суумаар тийм гоё дүр, туулсан зам нь олон янзын өнгөөр хулдагдсан сонирхолтой зочин олон байдгийн нэг нь тэр. Түүний ярилцлага ч мөн энэ удаад тун амттай, өөрийн гэсэн хэмнэлтэй болсноос гадна үзэл санаа нь ямагт нэг талд туйлшраагүй, асуудлын гол, зөв өнцөгт чиглэгдсэн байдаг нь уншигчдад илүү тод томруун харагдах болов уу. Түүний ярилцлагаас онцолбол, "Одоо залуус биднээс ялгаагүй дээ. Оргилуун дарс шиг хөөсөрч байгаа нь заримдаа харагддаг. Хөөсөрдөг насандаа хөөсрөг л дээ. Гэхдээ л бидний буруу зөв зуурч цутгасан хундаамыг засч, хог шороог нь цэвэрлээд орчин цагийн цамхаг босгох гэж яваа улс шүү дээ. Зөв босгож чадсан эсэхийг нь дараа үе шүүнэ, шүүмжилнэ. Буруу босгосныг нь эвдэж нураана, дахин босгоно. Зөв явааг нь залгуулна. Амьдрал ийнхүү цааш үргэлжилнэ" хэмээсэн юм.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ БИД ГАНЦААРДАХ УЧИРГҮЙ

 

Бүгд Найрамдах Солонгос улсын Сөүл хотноо болсон "Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ - 2023" чуулга уулзалтын тоймыг сэтгүүлийн шинэ дугаартаа онцлон хүргэсэн билээ. Тус уулзалт нь Сөүл хотын "Плаза" зочид буудлын "Гранд Болл рүүм" танхимд болсон юм. Тус чуулга уулзалтын гол сэдэв нь "Эрчим хүчний аюулгүй байдал". 

Мөн уулзалтын хүрээнд "Эрчим хүчний аюулгүй байдлын зураглал", "Геополитик, эрчим хүчний тогтвортой байдал", "Цэвэр эрчим хүчний шийдлүүдээр дамжуулан Ази, Номхон далай дахь эрчим хүчний аюулгүй байдлыг дэмжих", "Цэвэр эрчим хүч, хамтын ажиллагаа" зэрэг сэдвийн дор хэлэлцүүлгүүд өрнөсөн юм. Тус уулзалтад Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбааттар, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нар оролцсон билээ.

ШИНЭ ХАМБА АРСЛАНТ ШИРЭЭНЭЭ ЗАЛАРЛАА 

 

Энэ сарын өнгөрөгч 18 буюу туулай жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 5-ны билигт сайн өдөр тэргүүн хамба Д.Чойжамц албанаас бууж, оронд нь лхаарамба Д.Жавзандоржийг арслант ширээнээ хүндэтгэн залж, ёслол үйлдэн, хүндэтгэлийн мандал өргөсөн чухал үйл явдал тохиов. 

Монголчууд шашин номыг эртнээс дээдэлж ирсэн ард түмэн. Заримдаа энэ том сэдвээс ид шид нэхдэг тал бий. Үүнээс бусдаар харанхуй, бүдүүлгээр шашныг шүтдэггүй иргэд олон гэж санадаг. Өдгөө суудлаас буусан хамба Д.Чойжамц Монголын бурханы шашныг удирдан залуурдаж явах хугацаандаа X Богдыг тодруулсан том гавьяатай. Ерөөс түүний бүхий л бодлого Монголын бурханы шашныг ямар нэгэн орны улс төрийн нөлөөлөлд уусгалгүй хадгалан үлдэж, хамгаалахад чиглэж иржээ. Үүгээрээ ч түүнийг суудлаас буухад сүсэгтэн олон халуун дулаан итгэл үнэмшлээрээ үдэн мордуулсан юм.

КАМЕРЫН АРЫН САНДАЛ

 

Өвлийн сарын шинэхэн дугаарын онцлох зочдын нэг нь кино найруулагч, жүжигчин П.Дэлгэрбаяр. Тэрээр саяхан сэтгэл зүй, сэтгэхүйн триллер төрлийн "95 Зүүдний хүн" киногоо үзэгчдэд хүргэж чамгүй өндөр үнэлгээ хүртсэн билээ. 

Урлаг заримдаа ямагт бүтээгчээс ангид байдаг. Гэхдээ суутнуудын зан араншин, аж төрөхүй, дотоод сэтгэлзүйн олон талт байдлыг судалж, танин мэдэлгүйгээр дан ганц бүтээлийн талаар мэтгэлцээн өрнүүлснээр судлал шинжлэлийн түүх хөгжиж ирсэн гэвэл худал. Тэгээд ч аливаа уран бүтээлчийн сэтгэл рүү ганц ч удаа болов өнгийгөөд үзэх нь огтоос буруу алхам болохгүй. Ингээд "Тушаал", "Хайрлаж болох уу?", "Дурлалын гэмт хэрэг", "Илд цэцэг", "95% ОАК" зэрэг үзэгчдийн мэдэх олон арван бүтээлийн найруулагч П.Дэлгэрбаяртай хийсэн ярилцлагын таалан уншаарай. 

БИЕТ БУС СОЁЛЫН ҮНЭТ ӨВ УРАН ХАТГАМАЛЫН ЕРТӨНЦӨӨР

Бид үндэсний өв соёлоо хайрлан хамгаалах тухай сүүлийн үед эрчимтэй ярьж, энэхүү зүйлээр дамжуулан улс үндэстнийхээ дархлааг сэргээх, хамгаалах, хөгжүүлэх тухай бодлогуудыг хэрэгжүүлж байна. Үндэсний дархлаа руу чиглэсэн бодлогууд чанга дуугаар "эх орон, эх орон" гэж хашхичин, хөрш зэргэлдээ улс орнууд руугаа утга учиргүй дайрч давших бүдүүлэг зан авир дээр тогтдоггүй билээ. Илүү ухаалаг, нарийн нандин нүүдлээр явдагддаг зөөлөн хүчний бодлого дээр явдаг ойлголт билээ.

Тиймээс бид үндэснийхээ дархлааг хамгаалах, өндийлгөн босгох их ажилд өөрийн гэсэн өнө эртний өв соёлуудаа товойлгон гаргаж ирэх, хөгжүүлэх, таниулан сурталчлах ажлуудаар хувь нэмрээ оруулахыг хичээж байна. Энэ удаа та бүхэндээ Монголын соёлын нэгэн биет бус өв болох нандин урлагийн нэг хатгамалын урлалын тухай танилцуулахаар сонгосон юм.

О.ТӨГӨЛДӨР: ГУДАМЖ, ТАЛБАЙ ӨӨРИЙГӨӨ ИЛЭРХИЙЛЭХ ТАЛБАР БОЛДОГ

 

Энэ удаагийн дугаарынхаа “Art” буланд залуу уран бүтээлч О.Төгөлдөрийг урьж ярилцлаа. Тэрбээр “Notype crew” -ийн үүсгэн байгуулагч бөгөөд нийтээр “гудамжны урлаг” хэмээн нэрлэж заншсан буюу граффити чиглэлээр уран бүтээлээ туурвидаг юм.

Мэдээж граффити нь хотын өнгө, соёлд ямар нэг хэмжээгээр нөлөөлж, нүсэр ханан дээрх бүтээлүүд үзэл санаа, агуулгын хувьд ч бусдад өөр, өөр мэдрэмж, дотоод санааг үлдээж байдаг онцлог. Гадна талаас нь харвал байшин барилгын хана, гудамж талбайн урлаг мэт боловч мөн чанартаа бусад урлагийн адил, уран зургийн нэгэн төрөл болон салбарлан хөгжиж ирсэн. Ингээд ярилцлагадаа урьж байна.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав