“Үнэнийг хайсан, хайрыг хайсан, өөрийгөө хайсан эрэл хайгуулууд маань магад шүлэг бичдэг болгосон. Энэ эрэл хайгуулын мөнхийн чиглэл эрх чөлөө, чөлөөлөлт юм шиг санагдах болов. Уудам тэнгэрт хаашаа ч яаралгүй, хэлбэргүй нүүх үүлс шиг бүхий л зүйл хүлээснээсээ чөлөөлөгдөх болтуйгай”.

Яруу найрагч Б.Орхонтуяа номынхоо тухай, магад өөрийнхөө тухай ийн бичжээ. Түүний анхны шүлгийн түүвэр “Үүл” нэртэйгээр уншигчдад хүрэв. Шүлгүүд нь зөвхөн түүнд л байж болох гэгээн атлаа, хөнгөн гуниг, уран бүтээлчийн дотоод уужим амьсгал, улирал дундаас сонгож авсан зөвхөн түүний улирлын чимээг уншигчдад учирлана.

Номын өмнөтгөлд тус бүтээлийн редактор, зохиолч, яруу найрагч М.Уянсүх “Түүний шүлгүүд хөвсгөр хөнгөн ч юм шиг. Барсгар хүнд ч юм шиг. Тэнгэр цэлмэх шиг. Уулс барайх шиг. Имэрч бодох шиг. Ажин зогсох шиг. Ганц улаан навч мөчрөөсөө тасрах шиг. Нүүдлийн шувууд алсаас яаран ирэх шиг. Жингүй хоосонд хөвөн алдрах шиг” хэмээн шүлгүүдээс нь өөрт төрсөн мэдрэмжийг байгаль болоод зөвхөн тус номоос олж болох дотоод мэдрэхүйн зураглалаар дүрслэн өгүүлжээ. 

Ингээд уншигчдадаа “Үүл” номоос гурван шүлгийг онцлон хүргэж байна. 

***
Сарны гэрэлд
Өвлийг угтаж
Өвс бөхийнө 

          2023.09.26
***

Амтанд чинь дурлаад би 
Хэр удаан хол нисэх бол?
Хайсаар явах энэ урт эрэл
Хаана хүрээд зогсдог бол?

Зогсоол дээр нь урт амьсгал аваад
Зогтусахад л тайвшрал ирэх үү?
Хайсаар, хайсаар л дуусах энэ аялалд
Хайр л тэр зогсоол мөн гэж итгэх үү?

          2023.03.04

***

Өө, бид чинь 
яасан их цагийг
Шал дэмийгээр
өнгөрүүлнэ вэ?

Гэвч үзэн ядахгүй 
Гэмшиж буруутгахгүй
Бас шүүхгүй юм шүү

Өөрөөсөө эхлээд 
Өөр хэнд ч бай, ерөөсөө
Хатуурхахгүй юм шүү

Хайр!...
Тийм ээ, хайр...
Хайр л хэрэгтэй

Өө бид чинь 
Яасан өрөвдөм
Өчүүхэн юм бэ? 

          2024.07.17


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав