Сонгодог бүтээлүүд ихэвчлэн дүрээ нууцалж, зарим нь үйл явдлын эхний зангилаас хүртэл тухайн баатарт юу тохиолдож буйг уншигчдад төдийлөн нээж өгөхгүйгээр барахгүй үйл явдал хэрхэн үргэлжлэх, ямар зөрчил үүсэх, өгүүлэмж нь хааш хөтөлж уншигч ямар хананд тулаад зогсохыг, илэрхийлж буй зүйл нь оюун санаандаа хүн төрөлхтний түүхийн аль хэсгийг элэглэн шоолж байдгийг бид мэддэггүй. Харин Воннегутын “Тавдугаар бойны газарбуюу Балчир хүүхдүүдийн Загалмайтны аян дайн: Үхэлтэй бүжсэн үүрэгт бүжиг” хэмээх урт нэртэй роман энэ бүгдийн яг эсрэг чиглэсэн бичлэгийн онцлогтой. 

Энэ бол дайны эсрэг зохиол. Мөн дахин нүүрлэх дайныг зөгнөсөн зарим хэсэг нь тун чиг егөөтэй бөгөөд романы асар их амжилтад нөлөөлсөн юм. Гэхдээ хэлэх гэсэн санаа нь биш л дээ. А.Н.Толстойн “Дайн ба энх” хэмээх нүсэр бүтээлд өгүүлдэг шиг дайн бол айдас, харин энх тайван гэдэг хайрлууштай эрхэм нандин үнэ цэн болохыг ойлгуулах гээгүй бөгөөд харин ч хүн төрөлхтний мөнхийн, үүрд үргэлжлэх мөн чанарыг л таниулахыг зорьж, дайн бол үргэлж байсан, цаашид ч байх зүй тогтол гэдгийг чин шударгаар хэлдэг. Воннегут тус романаа шууд л хэрхэн, яаж бичсэн, өөрт нь хэчнээн хэцүү байсныг, өгүүлэх түүхийнхээ гүн рүү орохын тулд хэнийг зорьж очсон, романд нь юу юу гарах талаар, мөн хэзээ бичиж дуусгах, тэнд гарах ихэнх үйл явдал үнэн түүх агаад дүрүүдийнх нь бүгдийн нэрийг өөрчилсөн боловч эдгээр нь номоос гадна амьдрал дээр бодитоор оршиж байсан хүмүүс болохыг уншигчдад тунхаглаж орхисон зохиомол бус хүүрнэлээр эхлүүлнэ. Тэгээд ч роман ямар өгүүлбэрээр эхэлж, ямар өгүүлбэрээр төгсөхийг хүртэл нуусангүй. Тэгэхээр уншигч та төгсгөлийн өгүүлбэрийг романыг унших явцдаа өөрийн дотор хадгална гэсэн үг. Гурван өөр гарчиг оноож номоо нэрлэсэн шиг зохиол жинхнээсээ эхлээгүй болов уу гэж эргэлзмээр боловч энэ нь зохиолын нэг хэсэг мөн болохоос гадна бие даасан оршил ч байж мэдэх. Гэхдээ л бид уг бяцхан түүх дотроос романы гол дүр Билли Пилигримтэй танилцдаг. Тэгтэл роман “Аан гээч та минь, Билли Пилигрим цаг хугацаа гээчийг огт мэдрэхээ больжээ” хэмээн өрөөний хаа нэгтээгээс, магад номон дотроос буун дуу тасхийх шиг гэнэтхэн эхэлчихнэ. Гол дүр нь цаг хугацаанд төөрсөн, романы туршид ямар нэгэн муу зүйл огтоос үйлддэггүй Билли Пилигрим гэгч эр. Өмнө уншсан бүх номуудын баатрууд дундаас хамгийн инээдтэй, басхүү хайрлууштай дүр. 

Харин үргэлжлэх үйл явдлын дунд нэлээд төвөгтэй бичлэгийн хэлбэрээс болж яг л төөрдөг хонгил дундуур явах шиг сэтгэгдэл өөрийн эрхгүй төрнө. Мөн зохиолч дуу хоолойгоо романы үйл явдал дундуур тун чөлөөтэйгөөр илэрхийлж, тэр бүү хэл өөрийн биеэр  уг романы үйл явдалд оролцохыг цэргийн мяндагтан адил өөртөө тушаал болгон буулгасан байдаг. 

Дайны нүдийг харах баг

Биллиг харах төдийд л элэг хөшмөөр алиалагчийн баг зүүсэн гээд төсөөлчих. Хөөрхийлөлтэй ч юм шиг, ямар нэгэн гавьяатай үйлс бүтээдэггүй атлаа уншигч өөрийн эрхгүй хайрлаж орхимоор энэ хөгийн эр чухам тийм баг зүүсний ачаар л дайныг чанх урдаас нь эгцлэн харж, нүдэн дотор нь өрнөх аймшигт дэлбэрэлт, энэлж ч чадалгүй нурман хөшөө болж хувирах солиотой дүр зургийг бидэнд нээн үзүүлжээ. 

Энэ нь хүний нуусан юмыг олж авсныхаа төлөө Дрезденд буудуулдаг танил нөхрийнхөө талаар өгүүлснээс эхлээд үргэлжилнэ. Германыг довтлох салаанд сайн дураар явж, дайны уршиг хорыг биеэрээ туулсан зохиолч өөрөө роман дотор чөлөөтэй орж гарах үедээ үргэлж “Ийм л юм болжээ” гэх үгсийг нэгэн үйл явдлыг хураангуйлсан цогцолборын төгсгөл, дараагийн өгүүлэх түүхийн эхлэл бүрд хэлдэг. Романы туршид тэр үүнийг давтах нь бас л егөөтэй. Дайн бол хүн төрөлхтний төсөөлөлдөө зурагласан тэр там мөн гэдгийг Воннегут баталдаг. Гэхдээ уншигчид тийм гэдгийг нь хэдийнэ мэдэж байсан. Дайн өөр байх ямар ч боломжгүйг бүгд мэднэ. Тиймээс л хамгийн тохиромжтой атлаа энгийн үгсийг тэр бодож олсон нь “Ийм л юм болжээ”. Эдгээр үгсийн романд эзлэх байрь суурийг аваад үзвэл ихэнхдээ үхэл, ямар нэгэн гамшигт ослын тайлбар болгон хэлсэн байдаг. Басхүү эдгээр үгс оршихуйг тодорхойлох ба экзистенциалзмыг төлөөлж байх шиг санагддаг. Яалт ч үгүй алиалагчийн баг зүүсэн нь ингээд тодорхой болж байна. 

Нөгөөтээгүүр Воннегут хүний бурангуй чанар, мөнхөд үргэлжлэх үйл хөдлөлийн бараан үр дагаврыг дайнаас, цааш ухаж үзвэл Биллигээр дамжуулан өөрөөсөө хайсан шиг санагдана. Учир нь тэр Герман гаралтай цагаачдын гэр бүлд төрсөн. Дэлхийн II дугаар дайнд тэр Германчуудыг довтлох салаанд сайн дураараа элсэж, нэг ёсондоо өөрийн цусан удам, өвөг дээдсийнхээ өөдөөс буу мөрлөн алхсан хэрэг. Тийм л хувь тавилангийн өөрт нь оноосон буцах аргагүй тушаал түүнд амиа золих даалгавраас ялгаагүй санагдах нь лавтай. Чухам эндээс л тэр үхэлтэй бүжих үүргийг сонгоогүй атал бултах эцэсгүй хариуцлага ноогдчихсон байсан хэрэг шүү дээ. Тиймээс уран зөгнөлийн бараан дистопи уран бүтээлчийнх нь хувиас аваад үзсэн ч ихэнх зохиолд нь жин дарахаас гарцаагүй. Гэхдээ “Тавдугаар бойны газар” өгүүлэх сэдэв, олон талт бичлэгийн арга барилаараа ч тэр, түүний өөр нэгэн алдарт бүтээл болох улалзсан их гал ертөнцийн хөрсийг хуйхалж, цас мөс орчлонг хучдаг “Муурын хэвтэш”-ийг бодвол зарим талаараа утопи ч гэмээр төгсгөлтэй. 

Орчин цагийн домог болсон зохиолчдын нэг Салман Рушди эл романы инээдтэй чанарыг Жон Хеллерийн “Баривчилгаа-22” романтай дүйцүүлэн жишсэн байдаг. Воннегутын өгүүлэн буй зохиол болоод Хеллерийн хошин чанартай дайны бүтээлийг тэр хамтатган “үхлийн ертөнцийн хөрөг” гэж тодорхойлжээ. Миний бодлоор Хеллер, Воннегутын романы баатруудад нийтлэг нэг чанар байгаа нь тэдний хэн хэн нь тулаанаас зугтахыг эрмэлздэг, дайтах ямар ч дүрэлзсэн хүсэлгүй эрс байдгаараа ижил. 

Ямартаа ч зохиолчийн дурсамжид үлдсэн дайны урхаг, удам нэгтнүүдийхээ өөдөөс буу шагайсан амьдралын үнэн нь түүнд Билли хэмээх хошин эрийн багийг өмсөөд дайны нүд рүү харах зоригийг олгосон нь уг ном юм. 

Дайны бясалгал

Бурхан минь надад дайн хүн төрөлхтний мөнхийн зан чанаруудын алийг нь үргэлж дээрдүүлж, юуг мөхөөдөг болохыг Воннегутын дуун алдсан шиг эрүүл саруул ухаанаар ойлгож чадах хүч хайрла

Зохиолч дайны тухай асар их бодсон. Энэ нь бүр бясалгалтай зүйрлэж болох хэмжээнд хүрсэн агаад өөрөө тус романыг хэвлэгдэж гарснаас далан таван жилийн өмнө сэдвийнхээ гүн дотор бодитоор оршин байсныг бид мэднэ. Түүний хувьд дэлхийн хоёрдугаар дайн бол Мусульманчуудад эрхшээгдсэн Ариун хот Иерусалимыг буцаан авахыг зорьж Европын Христийн шашинтнуудын эхлүүлсэн Загалмайтны аян дайн мөн болохыг сануулдаг. Загалмайтны аян дайн буруу номтон, тэрс үзэлтнүүдийн эсрэг чиглэсэн байлаа ч цаана нь улс төр, эдийн засаг болоод өөр олон хүчин зүйлс нөлөөлсөн боолчлолын системийн томоохон давалгаа хуйларч байсныг бид түүхээс мэднэ. Воннегут романаараа үүнийг илчилдэг, дахин давтан сануулдаг. Тиймдээ ч тэр Загалмайтны аян дайны талаар төдийлөн их нуршдаггүй агаад зохиомол бус эхлэлдээ хөвгүүддээ “дайснаа дарсан ч баярлаж үл болно” гэж захидаг болсноо дурдсан нь бий. 

Үнэндээ түүний романдаа дүрсэлсэн дүрүүд, магадгүй тэдгээр нь бодитой гэдгийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөх аваас дайнд хамт оролцсон найзууд, Германы армийн залуус ч мөн адил уг номд балчир жаалууд мэтээр дүрслэгдсэн билээ. Эндээс тус зохиолын дэд гарчгийн утга тодорч байгаа юм. 

Ер нь яагаад жаахан хүүхдүүдийн өрөөний ханыг тод өнгөөр будаж, тэнд дуртай үлгэрийн баатруудыг нь дүрсэлдэг хэрэг вэ?

“Аваргуудын өглөөний унд”-ын гол дүр Килгор Траут амьдралын сүүлчийн мөчийн тухай үргэлж боддог. Магадгүй уншигчдад тийм сэтгэгдлийг төрүүлэх далд бэлгэдлийг Воннегут дүрийнхээ өгүүлэмжид нууцалсан байж мэднэ. Гэхдээ амьдралынх нь цэг эртнээс тавигдчихсанд үнэмшиж асан хөгшин эр галзуурлын ирмэг дээр яваа Дуэйн Хүүвертэй таараагүй сэн бол ч гэж надад бодогдох үе байдаг л юм. Ном бүр нь нэг мөр бүтэлгүйтсэн шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолч эрийн дүрийг Воннегут хэд хэдэн романдаа гаргаж ирсэн нь бий. Харин уг дүрээр тэр уншигчдыг хуурч, үндсэн чанартаа бол өөрийгөө ёжилж байсан хэрэг гэж санана. Тэгвэл өгүүлэн буй номд зохиолчийн өөрийн дүр байх авч Биллиг эмнэлэгт морфинд мансууран хэвтэх үед Крэйний “Эр зоригийн час улаан тэмдэг”-ийг уншиж суудаг Дарбигийн дүр гардаг нь өөр нэгэн Траут (эл дүр уг романд ч мөн тод дүрслэгдсэн нь бий) шиг сэдэл төрүүлдэг. Үнэндээ бол тэр мөнөөх Дрезденд буудуулдаг эр. Тэр дайныг гайхалтай тайван, гайхмаар айдастай хүлээн авдаг. Яг л биеийнх нь нэг хэсэг Дэлхийн хоёрдугаар дайны үед оршиж, нөгөө хэсэг нь энх тайван цагийн орчилд гэртээ ном эргүүлэн суугаа мэт... Воннегут яг энэ нөхцөл байдалд Дарбигийн дүрийг Виригийн дүртэй сөргөлдүүлж тавьсан байх бөгөөд дайны гурван талын нөхцөл байдлыг тун гарамгай тодорхойлсон юм. 

Нэгдүгээрт, дайн Вири шиг хүн бүрийг гал дундуур хөл нүцгэн туучуулж, дараа нь хайр гамгүй зодож, хавиргыг нь хугачихаар улайран дайрна. Зорилго тодорхойгүй боловч зайлшгүй ийм байх ёстой. 

Хоёрдугаарт, дайн бол сахал үсгүй балчир жаалууд галын зурваст байгааг Дарби шиг үнэн сэтгэлээсээ гайхан, тэднийг буюу дайснаа ч хайрлан энэрэх үзэл нь сэргэж “Бурхан минь! Хүүхдүүдийн загалмайтны аян дайн гэдэг л энэ байх! гэж уулга алдуулна. Тэгэхээр зорилгогүйгээр нэгнээ хядахаар улайран дайрч буй түрэмгий цэргийн улангассан нүдний харцнаас ч бид уг чанар нь алуурчин биш болохыг таньж болно гэсэн үг. Воннегут өөрөө итгэлгүй байсан ч үнэхээр л энэ харгис дайны гал дундуур хоосон буу мөрлөсөн цэрэг алхаж явсан ч юм бил үү. Тиймээс л Эдгар Дарби шиг дүр дайныг хэрхэн болиулахталаар заадаггүй, үзэн ядах адгуу тачаалыг нь өдөөхгүй, ямар ч сайн сайхны тухай сургааль номлолгүйгээр зөв зүйтэй, зохист агуулгыг тольдох бололцоог уншигчдад олгодог. 

Гуравдугаарт, Билли голын мөсөн дээр Вирид өшигчүүлж байгаа дүр зургийг эс тооцвол, ерөөс энэ ч биш, Дрездений аймшигт бөмбөгдөлт ч огт хэрэгсээгүй агаад чухам номын хувьд гэвэл дүрүүдийн хооронд туйлын зөрчил, сөргөлдөөн үгүй. Учир нь дайны хар утаанд хордож, туйлдсан тэдгээр өрөвдмөөр хүмүүс ердөө л бурхны саваагүйтэж чулуудсан эвдэрхий тоглоомуудтай адил шүү дээ. Учир нь ямар ч дайн хүмүүнлэг үзлийг үгүйсгэж, зорилго нь харгис, бурангуйд л чиглэгддэг боловч найруулагч Харрисоны зөвлөсний адил үүнийг таслан зогсоох боломжгүй. Хамгийн энгийнээр тайлбарлавал хүмүүс хоорондоо харилцаж байгаа үед энэ бурангуй үзэгдэл зүй тогтлын дагуу мөнхөд үргэлжилнэ. 

Тральфамадорчууд ба модернист хүсэл эрмэлзэл

Билли төрөх, үхэхээс гадна амьдралын бүхий л цаг үеэ хардаг. Тэр цэрэгт явж, баяжиж, хөнгөн хэлбэрийн сэтгэл гутралд орж, хүнтэй сууж, охинтой, хүүтэй ч болно. Баян чинээлэг эрийн хүү Вьетнамд тулалдаж, охин нь хараа зүйчтэй гэрлэдэг. Харин эхнэрийнх нь үхэл хувь заяаны хамгийн даажинтай тоглоом байлаа. Гэхдээ түүний бус эхнэрийнх нь л хувьд шүү. Гэтэл хамгийн чухал нь Воннегут шинжлэх ухааны уран зөгнөлийг дайны сэдэвтэй сүлж ер бусын сэтгэл татам холимог бий болгоно. Учир нь гол дүр маань цаг хугацаанд гацаж орхидог. Тэр хаана ч оршиж, дөрөв дэх хэмжигдэхүүнээр чөлөөтэй зорчдог. Заримдаа Биллигийн дүр, түүний амьдрал нь дурсамж, уран зөгнөл хоёрын дунд оршино. 

Охиных нь хуримын өдөр Биллиг Тральфамадорчууд хулгайлдаг. Тэр дэлхийд буцаж ирсний дараа энэ тухайгаа захидал бичиж “Илиумийн мэдээ” сонинд илгээдэг. Сониныхон нийтэлж орхисон эхний захианд, 

“... Хүн үхсэн ч өнгөрсөнд амьдарсаар байх тул араас нь гашуудан уйлах үнэндээ утгагүй. Өнгөрсөн, одоо, ирээдүйн бүх цаг мөч өнө мөнхөд оршсоор ирсэн, цаашдаа ч оршсоор байх болно” хэмээжээ. 

Тэгвэл энэ цэг дээрээс хэдүүлээ Биллитэй адил шилжилт хийгээд үзье л дээ. Тэр өөрийн хүчээр шилждэггүй боловч харин бид номын дурын хуудсыг сөхөж чадна. 

Билли Илиумын сэтгэцийн эмнэлэгт хэвтэж байхдаа архины эмчилгээ хийлгэхээр ирсэн явган цэргийн ахмад Элиот Розуотэр гэгчтэй танилцана. Тэр эрхэм түүний хажуугийн оронд хэвтсэн байж таарсан юм. Ингээд Билли түүний ачаар шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолууд, түүн дотроос энэ төрлийн гарамгай мастер Килгор Траутын бүтээлүүдтэй танилцдаг. “Аваргуудын өглөөний унд” номын дүр болох Траут эргэлзээгүй мөн бололтой. Тэр хэчнээн бүтэлгүйтсэн зохиолч байлаа ч эмч нар галзуурсан хэмээх онош тавьсан Биллид лав түүнээс сайн зохиолч байсангүй. 

“Аваргуудын өглөөний унд”-ын Траут, Хүүвер хоёулаа ангалын ирмэг дээгүүр алхаж явсан бол Воннегутын ээлжит романы баатрууд болох Элиот, Билли нар мөн л сэтгэл санааны гүн хямралд нэрвэгдэгсэд. Элиот нэгэнтээ Биллид хандан уран зөгнөлөөс өөр нэг л романы тухай ярьж, түүнд нь “хүний амьдралын талаар мэдэх ёстой бүхэн тэнд бий” хэмээсэн нь Федор Достоевскийн “Кармазовын хөвүүд” байдаг. Элиот үргэлжлүүлэн “Даанч надад бас нэг юм дутагдаад л байх юм” гэнэ. За энэ хүргээд уншигчид минь, хэдүүлээ сайтар тунгааж үзье л дээ. 

“Тавдугаар бойны газар” бол хүн төрөлхтөн цаг ямагт, цөмөөрөө хүнлэг байх боломжгүй гэдгийг дайны сэдэв дор хөндсөн учраас дүрүүдийн дотоод дахь баялаг зан чанарыг тоочин илэрхийлдэггүй шүү дээ. Тиймээс Достоевскийн дүрүүдтэй харьцуулах аргагүй. Гэхдээ “Гэм зэм” романы Раскольниковоор жишээ татаад үзэхэд эцсийн эцэст Воннегутын Элиот, Билли нар түүнтэй адил өөрсдийгөө болон оршин буй ертөнцөө оюун санаандаа дахин бүтээхээр оролдож эхэлсэн нь лавтай харагдана. Тэр нь уран зөгнөл. Достоевскийд дутагдаад байсан зүйл энэ болж таарлаа. Учир нь эдгээр дүрүүдэд уран зөгнөл эм болно уу гэхээс хуучны сонгодог зохиолууд тусалж дөнгөхгүй. За, хэдүүлээ энд зогсоод ярьж байсан сэдвийнхээ эхлэл рүү эргээд очицгооё. 

Дээрх бүхэн бичигдсэн номын тавдугаар бүлэгт дүрүүдийн уран зөгнөлт зохиолд шимтсэн хэсгээс сунан романд анх удаа Тральфамадорчуудын талаарх тоймтой дүрслэлүүд бий болдог. Уншигчид энэ хүртэл тэднийг сансрын амьтад, Биллигийн бичсэн захиан дахь солиорлоор төсөөлж байсан биз. Ямартаа ч энэ нөхцөл байдалд Биллигийн дайн дажны тухай бодол өөрчлөгдөж, Тральфамадорчууд ертөнц хэрхэн мөхөхийг мэдэхээр барахгүй, өөрсдөө түүнийг үйлдэнэ гэдгээ, сэргийлэх боломжгүйг ч тайлбарладаг. Билли “дэлхийгээ дайн дажингүй байлгана гэж саналтгүй юм аа даа” хэмээн санааширна. Дайны тухай өгүүлсэн хамгийн гол санаа энд тодорч байна. 

Ихэнх уран зөгнөлд харь гараг дээр цаг хугацаа нэг хоног, нэгээхэн хором болоход дэлхийн олон зуун өдөр хоног, жил сарууд урсан оддог бол Воннегутын бүтээсэн Тральфамадорчуудын цаг хугацаа эсрэгээрээ. Тэнд Билли олон жилийг өнгөрүүлсэн ч дэлхий дээр ердөө ганцхан агшин л урсдаг. Үүнээс гадна тус гарагийнхан цаг хугацааны хувьд мөнхийн нэг цэг дээр оршино. Тиймээс өдөр хоногууд цуварч өнгөрөхгүй, номыг тэд ганц ганцаар эсвээс хуудас хуудсаар бус нэг дор уншина. Цуваа гэж үгүй. Тэгэхээр зохиолчийн дүрүүдэд сонгож өгсөн амьдралын дүр зураг нь бүгдийг нэг дор харж, биширч болох тийм ертөнц. Эхлэл, дунд, төгсгөл хийгээд хүний амьдралын бүхий л мөхөл, сэргэлт, үр дагавар, шалтгаанууд энд үгүй. Бүгдийг “ганц” дээр хураасан цаг хугацааны энэхүү модернист хүсэл эрмэлзэл нь романы бүтцийг нарийн сайн тодорхойлж чадна. Учир нь цаг хугацаа Тральфамадорчуудын гараг дээр шугаман урсгалаар хөвөрдөггүй агаад орон зайн дундах биет зүйл байдаг. Тийм биет дотор Биллиг шиг өнгөрсөн, ирээдүйд чөлөөтэй зорчиж болох шүү дээ. Зарим судлаачид Воннегутын уг санааг дорно дахинд үүссэн гүн ухаанаас өгсүүлээд цэнхэр бөмбөрцөгийг хэрэн явсаар Бенжамины диалектик хүртэл хамарсан үзэл санааг модернизмын аргаар илэрхийлсэн онцгой туурвилзүй гэж дүгнэдэг. 

Иллиум хотын Билли, Германы эсрэг буу мөрлөсөн Билли, дайсандаа олзлогдсон, сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн, үхэх, төрөхөө хэд хэдэн удаа үзсэн, харь гарагийнханд хулгайлагдсан Билли гээд орон зайн төгс уран сайхны найруулгыг хэний ч анхаарал татахааргүй нэгэн эрийн дүрээр Воннегут ийнхүү урласан юм.

Утопи жиргээ

Зарим уншигчид Воннегутын уг номыг “Уран зохиол уншиж байгаадаа эргэлзэж байна. Уйтгартай мэдрэмж төрүүлсэн замбараагүй түүх” гэдэг. Хачирхалтай нь ихэнх шүүмжлэгчид бичвэрийнхээ төгсгөлд зохиолчийн хошин мэдрэмж биед нь нэвтэрснийг гайхан өгүүлж, Воннегутыг заавал уншихыг санал болгосон байдаг. “Тавдугаар бойны газар” ч мөн шүүмжлэлд өртөлгүй үлдсэн шидээвэр биш. Тэгээд ч Воннегут дайны харгислалын эсрэг Диснейн бүтээлүүд шиг харгис хүүхэлдэй бус харин тэдний бүхий л бүтээлийг галдаж буй мэт уран сайхны чанартай үзүүлбэрийг дэглэсэн билээ. Ихэнх сонгодог зохиолчдын адил дүрийнхээ дотоод руу аажим аажмаар нэвтэрч, түүний гүн рүү уншигчийг хөтлөлгүйгээр хэрхэн өгүүлэмжийн үзэл санаагаа тодорхой илэрхийлж болохыг тус роман хүн төрөлхтөнд нээн харуулснаараа онцлогтой. Үгүй аваас бид Тральфамадорчууд шиг өөрсдийн алдаа дутагдлаа ил цагаанаар хүлээн зөвшөөрөх биш дээ.

Түүний ихэнх зохиолууд диспони шинжтэй байдаг талаар эхэнд дурдсан. Харин эл роман тун чиг гэгээлэг төгсгөлтэй. Тральфамадорчууд Христийг бус үхсэн хүний цогцсыг ашиглах бүрэн бололцоотой хэмээн үздэг Дарвиныг хамгийн ихээр сонирхдог шиг юмсын хийсвэр өнгөн талыг бус харин боломжит хувилбарыг эргэцүүлж үлдэх хамгийн бодитой үр дагавар болов уу. 

Билли Пилигрим олзонд байхад дайсны цэргүүд нэгэн өглөө тэднийг цуглуулаад бөмөгдүүлсэн хотыг малтаж эхэлдэг. Газар доороос шатсан цогцоснууд олдож, тэднийг дээш гаргахаар болсноор “цогцос олзворлох” хэдэн зуун уурхай бий болно. Олзны цэргүүдийн зарим нь цогцосноос болж бөөлжсөөр амь тавих агаад  Дарби нуувчнаас хуучин нэг муу данх олсноосоо болж цэргийн шүүхээр цаазын ял хүртдэг. 

Үхэлтэй бүжих үүрэгт ажил өндөрлөн дайн дууссаны дараа Билли сүүдэртэй гудамд гарахад шувууд жиргэлдэж, түүнээс “Жив жив жив?” хэмээн юу ч юм бэ асуух авай. Дайны дараа шувууд жиргэж байна. Шатсан цогцос, нурам дор дарагдсан хот, тэндээс олз эрэхгүй, маргаашийн тухай бодолгүй олзлогдогсод зөвхөн цогцос эрж, олж, харж өдрийг өнгөрөөсөн.

Энэ бүх харгис, харанхуй төгсгөлийн дараа ч шувууд жиргэж байна. Магадгүй шувууд Биллигээс юу ч асуугаагүй. Тэд итгэл найдварыг бэлгэдэж, энэ зохиол бол туйлын хүмүүнлэг бүтээл юм шүү гэдгийг уншигчдад сануулан жиргэсэн биз ээ. 


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав