“Гэрэн” хүүхдийн номын редакц, зурагт номын мухлагийн үүсгэн байгуулагч, хүүхдийн номын зураач Эрдэнэбаярын Мишээлтэй ярилцлаа. Тэрбээр “Хүний ертөнц галтай болсон нь” хүүхдийн зурагт номын зураг, “Софийн ертөнц” бүтээлийн хавтасны зургийг урласан юм. Саяхан “Гэрэн” редакц “Бадди юу хийж яваа бол?” нэртэй шинэхэн зурагт номоо гаргаж, уншигчдад хүргэсэн билээ.
-Та номын мухлагаа анх хэрхэн нээсэн бэ?
-Зурагт номын мухлагаа анх нондин жилийн 6 сарын 1 буюу хүүхдийн баярын өдрөөр цөөн тооны номтой нээж байсан. Би уг нь архитектор мэргэжилтэй ч график дизайнд илүү сонирхолтой. Тийнхүү явсаар байгаад дизайнер мэргэжлээр “Монсудар” хэвлэлийн газарт ажилд ороод анх хүүхдийн номтой “албан ёсоор” танилцсан. Түүнээс өмнө иллюстрэшн төрлийн зүйлсэд л дурладаг байсан юм. Харин хүүхдийн ном нас насны ангилалаараа өргөн агуулгыг цөөхөн хуудсанд багтаадаг болохыг олж хараад сонирхлынхоо дагуу хүүхдийн номын ертөнц рүү шумбаж орсон доо.
Нэг удаа номын баяраар зориод хүүхдийн зурагт номуудыг голчлон цуглуулж явахдаа үнэхээр гоё номуудыг бүгдийг нь нэг дороос үзэж танилцаад, авах боломж бага байгааг анзаарсан. Тэр үед манай гэр бүлийн хүн философи номын дэлгүүр ажиллуулдаг байсан болохоор яагаад нэг буланг нь хүүхдийн номуудаар дүүргэж болохгүй билээ гэсэн бодлоор анх өөрийн авсан номуудаа цуглуулж дэлгүүртээ тавьж байсан. Зурагт номыг хүүхдийн хажууд байгаа ээж, аав эсвэл дотны хэн нэгэн нь уншиж өгдөг. Зурагт түүхээр дамжуулан хүүхэдтэй хамтдаа аялж байгаа яг тэр мөчид хүүхдийн мэдэрсэн дулаан мэдрэмжүүд хожим хойно сэтгэлийн нандин дурсамжууд болж үлддэг юм байна гээд “Хүүхэд насыг дулаан мөчөөр дүүргэе” гэсэн уриатайгаар эхлүүлж байсан. Өдгөө хагас жил болсноос гадна бараг 150 гаруй төрлийн ном байршуулчихсан явна.
-Яагаад хүүхдийн номын зураачаар дагнан бүтээл туурвихаар шийдсэн бэ?
-Би их сургуульд байхдаа нэг кафед дизайнераар ажилладаг байсан юм. Тэр үед интернэтээс зураг хайхаар дандаа иллюстрэшн төрлийн зургууд байдаг байсан. Би бусад хүмүүсийн тэдгээр зургуудыг (одоо ярихад жоохон муухай л даа) авч байгаад хайчлаад коллаж маягийн юм хийх сонирхолтой болчихсон байлаа. Хүүхэдгүй ч гэсэн өөртөө зориулж хүүхдийн ном авдаг байв. Зурганд дуртай болохоор тийм гоё зурагт номтой болох хүсэлтэй байсан гэх юм уу даа. Тэгж явсаар “Монсудар” хэвлэлийн газарт ажиллаж байх үед хүүхдийн номын “Жангар” редакциас “Монгол үлгэрүүд” гээд цуврал гаргаж байхтай таарсан. Залуу зураачид үлгэрийг өөрсдийнхөө арга барилаар үнэхээр бүтээлч зурж байсан. Түүнийг хархаад тун их таалагдаж, хийхийг хүсдэг зүйл минь тодорч эхлэх шиг санагдсан. Түүнээс гадна нөлөөлсөн нэг зүйл бол миний үндсэн ажлаасаа гадуур хөтөлдөг ‘Charlie and his fellas’ гээд жижигхэн суваг байдаг л даа. Завгүй үедээ түүн дээрээ зураг зурж тайвширдаг. Үүнийг “Жангар” редакцын зураач Б.Төрмөнх ах харчхаад хүүхдийн ном зурвал болох юм биш үү гэж хэлж байсан нь бас их урам өгсөн гэж бодогддог. Тэгээд л “Хүний ертөнц галтай болсон нь” хэмээх монгол ардын үлгэрийг зурах даалгавраа авч билээ. Анхны зурсан ном минь болохоор их хайртай даа, тэр номдоо. Үүнээс гадна энэ зун Азийн сангаас хэрэгжүүлсэн хүүхдийн зурагт ном бүтээх хөтөлбөрт хамрагдаад, олон улсад ид хийж бүтээж байгаа мундаг зохиолч, уран бүтээлчдийн ажиллах арга, процесс, хүндрэл, бэрхшээлийн талаар олон зүйл олж мэдэж, хамтарч ажиллаж үзсэн нь үнэхээр том хөшүүрэг болсон. Түүнээсээ хойш ер нь л зурагт номын ертөнцөд өөрийгөө зориулах чин хүсэлдээ автаад зурагт номын клуб хүртэл нээсэн. Хоёр долоо хоног тутамд нэг удаа тогтмол уулзалт хийдэг.
-Хүүхдийн номын зураг зурах нь хүрч байгаа хүмүүсийнхээ хувьд ямар ач холбогдолтой гэж хардаг вэ?
- Хүүхэд насыг томчууд бид өөрсдөөсөө хэт холдуулж ойлгоод байх шиг санагддаг. Бидний магадгүй огт өөрчилж чаддаггүй араншин, үйлдлүүдийн суурь хүүхэд насанд маань тавигдсаар ирсэн. Хорвоо ертөнцийн зах зухтай анх удаа танилцаж, ойлгож авч буй тэрхүү бяцхан хүнд юм бүхэн хачирхалтай, басхүү ойлгомжгүй санагдах нь лавтай. Энэ их нууцлагдмал харанхуйд гэрэл асааж чиг гаргаж өгөхөд зурагт номууд тусалдаг гэж би боддог. Хорвоогийн олон өнгийг мэдэрч, ойлгож болох нэг арга. Ойлгомжгүйг тайлж өгөх, асуулт асуух зүрх зоригтой болоход бүтээлчээр хөтлөх орон зай бол зурагт ном. Бас хэн нэгний оронд өөрийгөө тавьж үзэх эхлэл тэндээс л үүснэ байх. Энэ мэтчилэн зурагт номын чадал их. Тоочоод байвал олон л зүйл байна.
-Багадаа ер нь ямархуу хүүхэд байсан бэ?
-Хүүхэд байхад нагац эгч маань намайг нэлээдгүй гар бие оролцож өсгөсөн. Ээжийн бие тааруу байсан болохоор өөр аргагүй байсан л даа. Эгч минь надад уншихыг зааж өгсөн юм. Гадуур явж байхдаа дэлгүүрийн хаягуудыг үсэглэж унших дуртай, байнга л юм асууж явдаг охин байснаа санадаг. Азаар манай эгч төвөгшөөлгүй надад зааж цээжлүүлдэг байсан. Бас бага байхад ээжийн авч өгч байсан орос, англи номуудыг санаж байна. Нэг нь “Моя первая книга” гээд одоогийнхоор бол миний анхны ном гэдэг шиг ном байсан. Өдөр тутмын амьдралд таардаг зүйлсийг усан будаг, өнгийн харандаагаар их л тодорхой зураад дор нь нэрийг нь биччихсэн, зузаан шар ном байв. Тэр номд их дуртай байснаа санадаг. Нөгөөх нь англи орос хэл дээрх хэлц үгийг зургаар харуулсан толь бичиг маягийн ном. Зургууд нь их хөөрхөн, одоо ч тод санаанд үлдэж. Энэ хоёр ном аль аль нь их том хэмжээтэй, гоё зузаан цаастай байж билээ. Одоо хааяа зарим нэг эд зүйл, амьтан, цэцгийн нэршлийг харахаар тэр номоос тогтоож байсан үгс санаанд түрүүлж буух гээд байдаг шүү.
-Зурсан хамгийн дурсамжтай эсвэл дуртай зураг байгаа юу?
-Хөтөлдөг суваг минь миний хамгийн хайртай булан. Завгүй үедээ зав гаргаж зурдаг, ямар ч зорилгогүйгээр өөртөө зориулж зурдаг болохоор. Сүүлийн үед зурсан зургуудаас гэвэл “Софийн ертөнц” гээд номын хавтас. Зурагтаа өөрөө анзааралгүйгээр гүн орж, өөрийгөө алдаж зурах үед гараас гарсан зүйлсдээ л их дуртай байна уу даа. Тиймэрхүү үеүдээ хажуунаас нь анзаарч сурах гэж их хичээдэг ч санаснаар болохгүй юм.
-“Гэрэн” номын мухлагийнхаа талаар танилцуулаач?
-Манайд одоогоор 150 гаруй хүүхдийн номууд байршсан байгаа. Нас насны ангилалтай, голчлон 0-6 насны хүүхдүүдэд зориулсан номууд байдаг. Хүүхдэдээ өдөрт 15 минутын чанартай цагийг зарцуулаад ном уншиж өгөх уриалгыг Азийн сангийн хамт олон гаргаад, “Үлгэрийн цаг” нэр дор номын сан, номын дэлгүүрүүдэд үлгэр уншаад явж байгаа. Энэ кампанит ажил өрнөсөн нь ээж аавуудад бас их нөлөөлөөд байна уу гэж харагддаг. Мэдээж олон хүчин зүйл байгаа л даа. Манай үнэнч үйлчлүүлэгчдийн дийлэнх нь залуу ээж аавууд, тэр дундаа 0-3 насны хүүхэдтэй хүмүүс байдаг. Дэлгүүр маань ном худалдаалахаас гадна хаанаас яаж эхлэх, ямар ном уншиж өгөх дээр ээж аавуудад санал зөвлөмж бас өгдөг. Мөн ээж аав, багш, асран хамгаалагчдад зориулсан номын булантай. Одоогоор жижигхэн мухлаг боловч, хүн хайсан номоо олоод аваад гарах хэрэгцээг хангаад явж л байна. Бас хагасайн бүр “Үлгэрийн цаг”, зурагт номын клубын уулзалт гээд хоёр арга хэмжээ ээлжлэн хийгдэж байгаа. Хүмүүс жижиг гэлгүйгээр зориод ирж байгаа сэтгэл нь маш их урам өгдөг дөө.
-Цаашид хийж бүтээхээр төлөвлөсөн эсвээс хүсэн тэмүүлж буй зорилго тань юу вэ?
-“Гэрэн” мухлаг маань монгол хэлтэн уншигч хүүхдүүд, ээж аавуудад чанартай зурагт номыг хүргэх зорилготой ажилладаг. Монголд хэвлэгдэн гарсан сайн зурагт номуудыг дэлгүүртээ байршуулахаас гадна “Гэрэн” редакцхараа дамжуулан дэлхий нийтээр уншиж буй зурагт номуудыг орчуулан хүргэх, монгол зохиолч уран бүтээлчдийн номыг эрхлэн гаргах гэх зэргээр монгол хүүхдэд сайн номыг хүргэх гол зорилго, чиг шугамаа алдахгүй явна гэж бодож байгаа. Харин өөр нэг алсын зорилго ч гэх юм уу, бодогдож явдаг зүйл бол монгол уран бүтээлчдийн ном, бүтээлийг гадагш гаргах, олон улсад монгол агуулга, соёлыг сурталчлах хүсэл тээсээр яваа. Дэлхийн өнцөг булан бүрт буй жижигхэн хүмүүс, тэдний асран хамгаалагчид нь, мөн зурагт ном сонирхогчид номын сангаасаа байн байн сугалж авч уншдаг тэр л номуудын нэг монгол ахуй, соёлыг харуулсан ном байгаасай гэдэг мөрөөдөл өвөртлөөд л явна даа.
- Сүүлд гаргасан номынхоо талаар ярьж өгөөч?
- Манайх өмнө нь Оливер Жефферс гээд дэлхийн алдартай зурагт ном бүтээгчийн “Here We Are: Notes for Living on Planet Earth” гээд хамгийн алдартай номыг нь орчуулан гаргасан. Дэлхий дээр дөнгөж шинээр мэндэлчхээд буй хүүдээ зориулсан сэтгэлийн үгсээ ном болгон хувиргасан юм билээ.
Харин редакцаас маань гарсан хоёр дахь ном монгол зураачийн бүтээл байгаа. “Сарны үлгэр”, “Маанай маанай”, “The Girl in my Mirror”, Эрик Кестнерийн “Нисдэг анги”, Марион Ашардийн “Цөөхүүл ч гэсэн бидний инданчууд” гэх зэрэг номын зураачаар болон “Алиса гайхамшгийн оронд” гэх мэт олон олон номын хавтасны зураачаар ажилласан Б.Энх-Оюун гээд өөрийн гэсэн өвөрмөц ертөнцтэй нэгэн монгол залуу уран бүтээлч бий. Бид хоёр өмнө дурдсан Азийн сангийн хүүхдийн ном бүтээх хөтөлбөрт хамт хамрагдсан юм. “Гэрэн” редакц Оюунаагийнхаа номын эрхлэн гаргагчаар ажиллаад, хэдхэн өдрийн өмнө өлгийдөж авчхаад л сууж байна. Энэ номд бяцхан охин өөрийн хайртай нохойгоо алдаад, түүнийгээ юу хийж явааг төсөөлж байгаа тухай гардаг. Ээнэгшин дассан амьтнаасаа хагацах нь ямар хэцүү байдгийг мэддэг хүн бүрт хань болно хэмээн итгэж энэхүү номоо зориулсан. Номоо уншиж өгчхөөд хүүхдээ ч бас оролцуулаад, Бадди юу хийж явааг асууж төсөөллийг нь яриулж болно. Бас Оюунаагийн маань зурсан дулаахан өнгө будаг, зохиомж руу шууд л яваад орчихно байх аа. Тэр бүр байдаггүй том хэмжээтэй ном болохоор хүүхдүүдэд ч, томчуудад ч сонирхолтой байх шиг байсан.
-Та бусад эцэг эхчүүдэд хэрхэн зөвлөх вэ?
-Хүүхдэдээ өдөр бүр ганц ч болтугай ном уншиж өгч байгаарай. Зурагт ном тэдний хорвоо ертөнцтэй танилцах гүүр байдаг юм шүү. Бас зурагт ном уншаад сэтгэл санаа нь сэргэсэн тухай олон томчууд ярьж байхыг би сонссон. Зурагт ном хүүхэд та хоёрын хэн хэнийх нь зүрхэнд хүрч чадах тийм л ер бусын дулаахан зүйл шүү гэдгийг хэлмээр байна.