Тэрбээр Сангийн яамны Төсвийн бодлогын газар, Макро эдийн засгийн газарт мэргэжилтэн, газрын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, АНУ-ын Вашингтон ДС хотод Дэлхийн банкны Гүйцэтгэх захирлын зөвлөх, Удирдлагын академийн Бодлого, улс төр судлалын тэнхимд багшаар ажиллаж байсан туршлагатай.
Монгол Улсын эдийн засгийн бодлого төлөвлөлт, төсвийн бодлого төлөвлөлт, урт хугацааны хөгжлийн бодлогын чиглэлээр олон тооны баримт бичгийг боловсруулахад гар бие оролцож ирсэн нэгэн. Ингээд макро эдийн засгаар мэргэшсэн Н.Энхбаяртай уншигч таныг уулзуулъя.
-АЛДААГАА БУУРУУЛАХ ҮҮДНЭЭС ЗӨВ ТӨЛӨВЛӨХ ШААРДЛАГАТАЙ-
-Өнөөдөр цаг гарган ярилцаж байгаад тань баярлалаа. Та маш олон жил эдийн засгийн салбарт хувь нэмрээ оруулжээ. Таныг танихгүй хүн цөөн байх. Гэхдээ таны ажил мэргэжлээ эхэлсэн цаг үеийн байдал, дурсамжаас яриагаа эхлэх үү?
-Би 1992 онд ХААИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1992 он гэдэг бол цаг хугацааны хувьд их сонин үе. Манай улс 1991 онд үндсэн хууль батлахаас өмнө Бүгд Найрамдах Монгол Ард Улс байсан шүү дээ, яг тэр шилжилтийн үе юм л даа. Би төгссөнийхаа дараахан Сангийн яамд ажилд орж байлаа. Тэр үед төрийн алба гэдэг их цомхон, яамдууд нийлээд мянга гаруй, цөөхөн хүнтэй байлаа. Түүнээс хойш одоог хүртэл 30 гаруй жил төрийн албанд ажилласан. Сангийн яамд 14 жил ажиллахдаа эхлээд салбарын бодлого буюу одоогийн санхүүгийн бодлогын газарт, үргэлжлүүлээд макро эдийн засгийн газарт ажилласан. Түүний дараагаар засгийн газарт ерөнхий сайдын зөвлөхөөр таван жилийн хугацаанд ажилласан.
Харин 2011 оны гурван сард Вашингтонд Дэлхийн банкний гүйцэтгэх захирлын зөвлөх гэдэг албанд томилогдсон. Дэлхийн банкны 196 гишүүн орнууд 25 захиралд хуваагддаг юм. Манай улс болохоор Австрали, Шинэ зеланд, Өмнөд Солонгос улс болон бусад Ази номхон далайн орнууд гэх мэт 14 улс нийлсэн бүлэгт байсан. Тэр 14 улсыг төлөөлсөн захирлын зөвлөхөөр ажилласан гэсэн үг. Бас л их сонирхолтой цаг үе байлаа. Буцаж Монголдоо ирээд 2015 онд Засгийн газрийн санхүүгийн эдийн засгийн бодлогын хороонд ажиллаж байгаад 2016 оноос нь 2019 он хүртэл ахиад Ерөнхий сайдын зөвлөхөөр ажилласан. За ингээд 2020-2021 оны хооронд Удирдлагын Академид бодлого судлалын тэхимд багшилж байгаад 2021 оноос хойш Стратеги судалгааны хүрээлэнд ажиллаж байна. Ажилласан түүх минь голдуу улсын төсөв, эдийн засаг, санхүүгийн чиглэлээр байжээ. Үндсэндээ хөгжлийн бодлого гэсэн үг л дээ.
-Та дэлхийн банкинд ажиллаж байсан үеэ “их сонирхолтой үе” гэлээ. Яагаад тэр вэ?
-1991 оны нэгдүгээр сард Монгол Улсын одоогийн Их хурал байгаагүй, харин Бага хурал гэж 50 гаруй цөөхөн гишүүнтэйгээр хуралддаг байсан. Тэр үед хурлаас гаргасан маш чухал нэг шийдвэр бий.
Манайх дөнгөж зах зээлийн эдийн засагт шилжиж байсан учир олон улсын харилцаа тун багатай. Зөвхөн Их Британи, Америк, Япон гурван улстой дипломат харилцаатай, бусад орнуудтой харилцаа тогтоох шийдвэрийг гаргаж чадахгүй байлаа. Тухайн үед улсын Бага хурлаас анхны хууль гаргасан нь одоогийн Дэлхийн банк, түүний дотор Олон улсын санхүүгийн корпорацид гишүүнээр элсэх байсан. Тэр шийдвэр нь эдийн засагт шилжих үед маш их нэмэр болсон.
-Яагаад тэр вэ?
-Яагаад гэхээр дөнгөж зах зээлийн эдийн засагт шилжчихсэн манай улсын хувьд олон улсын зах зээлд хөрөнгө босгоно гэдэг ойлголт огт байгаагүй. Яг 90-ээд оны цахилгаан станц унтарч тоггүй, бензингүй болдог картын барааны үед хамгийн анх урт хугацааны бага хүүтэй зээл олгосон байгууллага бол Дэлхийн банк байхгүй юу. Цахилгаан станцын шинэчлэл, Багануурын уурхайд анхны хүнд даацын тоног төхөөрөмжийг авах боломжыг олгосон тийм чухал байгууллага байгаа юм. Одоо 33 жилийн турш Монгол Улс олон улсын байгууллагын гишүүнээр явж байна. Энэ хугацаанд Дэлхийн банкнаас авсан зээл, тусламж асар их. Зээлүүд нь дандаа урт хугацаатай, маш бага хүүтэй бөгөөд тодорхой төслүүдийг санхүүжүүлдэг. Дээрээс нь эхний таван жилдээ үндсэн хүүгээ төлдөггүй учир маш тааламжтай нөхцөлтэй зээл байгаа юм. Тиймээс эдгээр зээлүүд Монгол Улсын хөнгөн болон хүнд аж үйлдвэр, дэд бүтцийг хөгжүүлэхэд маш их нэмэр болсон. Түүний үр дүнд манай эрчим хүчний системүүд, ялангуяа Шивээ хүрэн, Багануурын уурхай арай гэж хөл дээрээ боссон. Түүнээс биш 80, 90-ээд онд манайх бүүр хуучны машин, хоцрогдсон хутгагч төхөөрөмжүүдтэй, маш хүнд нөхцөлд байсан.
Олон улсын байгууллагад очоод ажиллахаар бусад улсад ямар төслүүд амжилттай, амжилтгүй болсон, яагаад үр ашиггүй төсөл болж байна гээд сайн жишээнүүдийг сонсож авдаг. Жишээ нь Камбож улс 2011 оны үед Дэлхийн банкнаас зээл аваад нийтийн тээвэр хөгжүүлэлтийн төсөл хэрэгжүүлэх гэсэн чинь тухайн үеийн засаглалд нь авилгалын асуудал бий болж, төсөл хэрэгжих газруудыг бүгдийг нь хувьчилчихсан байсан. Тэгэхээр нөгөө төслөө хэрэгжүүлэх гэхээр газар чөлөөлж болохгүй асуудал гарч байгаа юм. Муу засаглалын жишээ байхгүй юм. Ийм учраас бид цаашдаа олон улсын байгууллагатай хамтран ажиллахдаа төслөө хэрхэн бэлдэх, сайн засаглал ямар ач холбогдолтой вэ гэдгийг тэр олон төслүүдийн жишээнээс сурч болж байгаа юм. Намайг ажиллаж байх хугацаанд одоогийн Шангрила зочид буудлын санхүүжилтийг олгож байсан. “Сүү ХХК” компанид мөн технологийн шинэчлэлт хийгдсэн, Оюу Толгойн гүний уурхайн бэлтгэл ажлын хөрөнгийг Дэлхийн банкнаас гаргасан. Иймд Монголын эдийн засагт хувь нэмэр оруулсан олон төслүүд тухайн үед яригдаад, үр ашигтай болсон.
-Та саяхан Их хурлын ажлын хэсэгт томилогдсон гэсэн. Энэ талаар хүмүүс их сонирхож байгаа.
-Тэр бол төсвийн тогтвортой байдлын зөвлөл байгаа юм. 2010 онд манай улс дэлхийн эдийн засгийн хямралын нөлөөтэй хямралд орж байсан. Монгол Улсын түүхий эд экспортлох ажил 2003 онд эхэлсэн байхгүй юу. Түүнээс өмнө манай экспортолж байсан зүйлс ердөө Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмал, газрийн тос, алт, төмрийн хүдэр зэрэг л байсан. Тухайн үед дэлхийн зах зээлд нүүрсний үнэ маш хямд байсан учир хятад улс монголоос нүүрс огт авдаггүй байсан юм. Анх 2003 онд Өмнөговийн Шивээ хүрэнгийн боомтоор анх нүүрсээ гаргаж эхэлсэн. Тэгэхээр манай улс сүүлийн 20 жил түүхий эд экспортолж байгаа учир түүхий эдээс хамааралтай эдийн засагтай болчихсон. Үүнээс үүдээд 2010 онд эдийн засгийн хэлбэлзэлээс сэргийлэхийн тулд Олон улсын валютын сангаас төсвийн тогтвортой байдлын хуулийг баталж өгсөн. Тэр хууль дотор тогтвортой байдлыг хангах нэг механизм болох Чили улсын жишгээр Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг байгуулсан. 2010 онд зөвлөл байгуулагдсанаас хойш гишүүд орон тооны бус зөвлөх байдлаар ажилласан. Тэгэхээр тодорхой сайн үр дүнд хүрч чадахгүй байлаа.
2012-2016 оны хооронд түүхий эдийн үнэ унахад манай улс их хүнд байдалд орсон шүү дээ. Одоог хүртэл түүхий эдийн үнэ маш их савлагаатай байдаг. Гэтэл Монгол Улсын экспортын 94 хувь нь зөвхөн уул уурхайн түүхий эд. Төсвийн орлогын 30 хувийг арав гаруйхан уул уурхайн компаниуд дангаараа бүрдүүлж байна. Тэгэхээр цаашдаа эдийн засгийн хямралд орохгүйн тулд төсвийн тогтвортой байдлыг хангах зайлшгүй шаардлагатай. Уг зорилгоор төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг шинээр орон тооны болгож, түүний долоон гишүүний нэгээр томилогдсон.
-Тэгэхээр та ямар чиглэлийг барьж ажиллахаар төлөвлөж байгаа вэ?
-Эдийн засаг дээр байгууллагуудын чиг үүрэг цаг хугацааны хувьд жаахан өөр байдаг. Жишээ нь статистикийн байгууллага гэхэд болж өнгөрсөн үйл явдлуудыг бүртгэж байгаа. Хичнээн тонн нүүрс гарсан, аж үйлдвэрлэл хэдэн хувь өссөн гэх мэт дандаа өнгөрсөн цагийн тоо бүртгэл. Гэтэл бидэнд урагшаа харах хэрэг байдаг. 2024 оны намар гэхэд эдийн засаг хэрхэн өсөх, ямар түүхий эд экспортлох вэ гэдэг ч юм уу. Уг ирээдүйн төсөөллийг хийдэг хэдхэн байгууллага байна. Сангийн яам, Эдийн Засгийн хөгжлийн яам болон Монгол банк. Үүнийг хийхэд мэдээж их төвөгтэй, олон төрлийн эдийн засгийн загваруудыг ашигладаг. Инфляцийн нэг загвар, төлбөрийн тэнцлийн, эдийн засгийн өсөлтийн том загвар гэх мэт.
-Үүнийг хийхэд яагаад төвөгтэй байна вэ?
-Учир нь Вьетнам ч юм уу, Гүрж, Узбекстан зэрэг улсуудын хувьд бол эдийн засгийн хувьд харьцангуй төрөлжчихсөн учраас маргаашийн тухай төсөөлөл хийхэд алдаа багатай, оновчлол сайтай хийж болдог. Гэтэл манай экспортод уул уурхайн салбарын эзэлхүүн маш өндөр учраас таамаглал хийхэд тун хэцүү. Ялангуяа нүүрсний үнэ ихээр өөрчлөгддөг, 2019 онд 36 сая байсан бол буцаад 27 сая руу уначихаад өнгөрсөн онд 69 сая болж байна шүү дээ. Ийм хэлбэлзэлтэй учраас бид дараа жил хэдэн сая тонн нүүрс гаргах вэ гэдгийг хүртэл төсөөлөхөд хэцүү болчихож байгаа юм. Тэр төсөөлөл хэт гутранги эсвэл хэт өндөр байвал алдаа гарчихна. Жишээ нь энэ оны төсөл дээр бид 60 сая тонн нүүрс экспортлоно гээд төсөөлчихсөн байтал хятад улсын засгийн газар нүүрсний импортын татвараа сэргээчихсэн. Сүүлийн хоёр жил татваргүй байсан учир нүүрсний экспорт өсчихсөн байхгүй юу. Тэгэхээр бидний бодсон нөгөө 60 сая тонн нүүрс чинь гарах магадлал маш бага болоод, буцаад 30-40 сая тонн дээр бууж магадгүй. Тэгчихвэл 20 сая тонн нүүрсний экспортоос орж ирэх татварын орлого болон бусад аж ахуйн нэгжийн албан татварын орлогууд худлаа болчихоор төсвийн орлогоос магадгүй 500 тэрбумаас нэг их наяд төгрөг дутна. Дутсан ч бид төсвийн зарлагаасаа бараг л хасаж чадахгүй учир тэр нэг их наяд төгрөг чинь эргээд төсвийн алдагдалд нэмэгдээд алдаа гараад байгаа юм. Тэгэхээр энэ алдааг бууруулах үүднээс зөв төлөвлөх шаардлагатай.
-ИХ ХУРАЛ ЗӨВХӨН ТОГТООЛ ШИЙДВЭР ГАРГАХ БУС ХЭРЭГЖИЛТЭД НЬ ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ-
-Герман улсын нэг мэдээнд манай улсыг аж үйлдвэрээ хөгжүүлэхгүй дандаа хятадаас импортын бараа авдаг гэж шүүмжилсэн байсан. Манайд ер нь аж үйлдвэржүүлэх бодлого хэрэгждэг үү?
-“Тогтвортой хөгжлийн зорилт-2030”, саяхан баталсан “Алсын хараа-2050” бодлогууд дээр бүгдэнд нь эдийн засгаа төрөлжүүлье гээд биччихсэн байгаа. 2008 оны Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод тулгуурласан цогц бодлого ч бас адилхан. Гэтэл эдийн засгийг төрөлжүүлэх нь өөрөө маш хэцүү. Манай улсын аж үйлдвэрийн салбарт дотоодын хэрэглээ үндсэндээ байхгүй. Бараг хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн ч дотоодын зах зээл бага. Гол хэрэглээ бараг л Улаанбаатар хотын 1.500.000 хүн л байна шүү дээ.
-Өнгөрсөн жилүүдэд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлье гээд олон сангаас хөнгөлөлттэй зээл олгосон шүү дээ.
-Тийм. Тэндээс жижиг дунд үйлдвэрлэлүүд уг нь гарч ирээд бүтээгдэхүүнээ солонгос, япон зэрэг улсууд руу экспортолж үзсэн юм. Эргээд үр дүнг нь судлаад үзэхэд тэдгээр үйлдвэрүүд хоёроос гурван жил ажиллаад л хаалгаа барьсан. Яагаад гэхээр анх тоног төхөөрөмжөө авах хөрөнгийг нь шийдчихсэн хэдий ч тогтвортой явуулахын тулд байнгын эргэлтийн хөрөнгө хэрэгтэй. Дээрээс нь экспортыг нэмэгдүүлэхэд саад болж байгаа нэг зүйл нь “дэд бүтэц”. Бизнесийн орчны судалгаагаар манай улс нэлээн доор жагсаж байгаа. Яагаад гэхээр төмөр замын тээвэрлэлтийн хугацаа урт, олон дамждаг учир өртөг өндөр. Үүнээс болоод манай манай экспортын бүтээгдэхүүнүүд өрсөлдөх чадваргүй болсноор цаашдаа гарахаа больчихдог. Гэтэл зүүн өмнөд азийн Вьетнам, Лоас, Камбож зэрэг улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд далайн тээврээр хамаагүй хямд яваад оччихож байгаа юм. Бид энд нэг гоё ширээ хийчихлээ гэхэд Вьетнамд бараг 50% хямдаар яг адилханг хийчихнэ гэсэн үг. Тэгэхээр манайд аж үйлдвэр хөгжихөд зах зээл, хэрэглэгч олох хэцүү. Хил залгаж байгаа, гол худалдаа хийх улсууд маань хоёулаа дотоод зах зээлээ өөрсдөө хангачихдаг. Тэгэхээр аж үйлдвэрийг хөгжүүлэх нь манай улсын хувьд маш урт хугацааны төвөгтэй зорилго юм. Үүний суурь нь нэгдүгээрт цахилгаан эрчим хүч, хоёрдугаарт дэд бүтэц, гуравдугаарт банк санхүүгийн салбар бага хүүтэй тогтвортой зээл гаргаж, татварын дарамтгүй байх хэрэгтэйд оршино. Энэ гурван асуудлыг шийдэж чадвал жижиг дунд үйлдвэрүүд маань хөлөө олоод, тогтвортой ажиллах бололцоо бүрдэнэ ээ.
-Тэгвэл бид одоогийн байдалд эдийн засгаа тогтвортой өсгөж ард иргэдийн амьдралын нөхцөл байдлыг дээшлүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ. Тулгамдаж буй гол асуудал юу байна вэ?
-2003 оноос өмнө уул уурхай байгаагүй учир эдийн засгийн өсөлтийн гол хүчин нь хөдөө аж ахуй, үйлчилгээний салбар байсан. Одоо бол уул уурхай өсвөл дагаад өсдөг, өсөхгүй бол өсдөггүй болчихсон. Мал аж ахуйн салбар буурчихсан, аж ахуйн салбар ч мөн төдийлөн өсөлтгүй. Ийм бүтэцтэй нөхцөлд уул уурхайн салбараас орж ирж байгаа үр ашгийг хэрхэн зөв төсөвлөлт хийх вэ гэдэг нэн чухал. Түүнээс биш уул уурхайгаас татвар аваад иргэдэд цалин, тэтгэвэр, халамж олгоод байвал хэзээ ч урагшлахгүй. Өнөөдөр иргэдэд 100.000 төгрөгийн халамж өгч байсан бол маргааш ахиад өгөх мөнгө байхгүй. Ийм халамж өгдөг тогтолцоо эдийн засгийг улам савлагаатай болгоно, цаашдаа хэрэггүй. Манай улсад ажилгүй хүмүүс зуун мянгаараа байна. Тэдгээр хүмүүсийг эхлээд ажлын байртай болгох хэрэгтэй. Ажлын байртай болгохын тулд гарцаа байхгүй ур чадвартай ажилтан байх хэрэгтэй болно. Тэгэхээр хүмүүст ажил мэргэжил олгох тогтолцоог нь төр засгийн зүгээс маш сайн бий болгох хэрэгтэй.
Саяхан бид нийслэл хотын хэмжээнд ажилгүйдлийг гэмт хэрэгтэй холбож үзсэн юм. Тэгэхэд маш сонирхолтой тоо баримт гарсан. Цагдаагийн газрын гэмт хэргийн бүртгэлд гэмт хэрэг үйлдэгдээд байгаа бүх шалтгаанууд ажилгүйдэлтэй холбоотой байсан. Ажилгүйдлийн шалтгаан нь боловсрол байна. Хамгийн эхний суурь асуудал бол боловсрол, ур чадвар хоёр. Нийслэлд байгаа, ажилгүй 70.000 хүмүүсийг хэзээ ажлын байртай болгох вэ гэвэл, тухайн хүн ажилтай болох эсэх нь өөрийнх нь л асуудал гээд хаялгүй, системтэйгээр сургаж мэргэжил эзэмшүүлээд, ажлын байраар хангаад явах бодлого хэрэгжүүлж байж бид нийгмийн бүх асуудлыг үе шаттайгаар зөв шийдэж чадна. Тэгэлгүй гэмт хэрэг их байна гээд хуулиа чангатгаад, баахан цагдаа хүмүүсийг торгоод, хорилоо гээд ямар ч үр дүн гарахгүй. Ахиад гэмт хэрэг гарах шалтгаан нь тэнд байсаар л байгаа байхгүй юу.
-Тэгэхээр улсын хөгжилд өрхийн эдийн засаг хүртэл чухал нөлөөтэй гэсэн үг байх нь.
-Тийм. Дээрээс нь манайд хүн амын 60 хувь нь нийслэлдээ төвлөрчихсөн, их буруу бүтэцтэй. Гэтэл тэр хэмжээний хүнийг хангах ажлын байр нийслэлд байхгүй байх жишээтэй. Энэ бүтэц ер нь бол 2009 оны үед болсон зуднаас үүсчихсэн. Хэрэв хөдөө орон нутагт байгаа иргэд аажмаар шилжиж ирсэн бол магадгүй сургууль, ажлын байрыг нь бэлдэж болох байсан байх. Гэтэл тэр шилжилт хөдөлгөөн маш хурдан хугацаанд болчихсон учраас нийслэл хотын сургууль, эмнэлэгийн ачаалал, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал, замын түгжрэл гээд бүх асуудал хуримтлагдчихсан. Нэгэнт ийм зангирчихсан асуудлыг буцаад хэвийн болгоход хэцүү. Тэгэхээр маш цэгцтэй бодлогоор ажилгүй, орлогогүй иргэдийг тогтвортой ажилтай болгох нь ойрын арван жилийн зөв шийдвэр болно.
-Ерөнхий сайдын санаачлан хэрэгжүүлж буй “Алсын хараа-2050” бодлогын талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Өнгөрсөн 30 жилд бид ийм урт хугацааны бодлогыг их хурлаас гурван удаа баталлаа. Эдгээр гурван бодлогыг яг зэрэгцүүлээд үзвэл чиглэж байгаа зорилтын хувьд нэг их зөрөөд байгаа зүйл үгүй. Гагцхүү эдгээр бодлогоо богино, дунд хугацаанд хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг арга зам нь чухал. Жишээ нь “экспортоо өсгөе” гэдэг зорилт бүгдэд нь байгаа. Гэтэл яаж? Боловсруулаагүй нүүрсээ худалдаад л байх уу? Тэгвэл эдийн засаг савласаар л байх болно. Мөн боловсруулах аж үйлдвэр барьдаг. Зэсээ хайлуулъя гээд сонсоход их гоё. Гэтэл тэр зэсийг хайлуулахын тулд асар их эрчим хүч, өндөр хүчин чадалтай ахиад нэг цахилгаан станц хэрэгтэй. Бид ОХУ-аас зуун хувь нефт авахаа больё гээд Сайншандад газрын тосны үйлдвэр барьж байна. Гэтэл энэ үйлдвэр дуусах хүртэл ахиад олон асуудал бий. Дууслаа гэхэд түүнийгээ хаашаа, хэрхэн тээвэрлэх зэрэг арга замыг бас л зөв олох хэрэгтэй. Аливаа тавьсан зорилтыг Засгийн газар хэрхэн хэрэгжүүлэх, хэрэгжүүлж чадаж байгаа эсэх нь чухал байхгүй юу. Жишээ нь бид хөгжлийн банк байгуулаад маш олон үйлдвэр, төслийг санхүүжүүлнэ гэдэг зорилт тавьсан шүү дээ. Гэтэл эцэстээ баахан буруу зөрүү зарсан, нөгөө мөнгө нь алга болчихсон л байж байна. Тэгэхээр гоё зорилт тавьж болно, түүнийг хэрэгжүүлэх арга зам болон шийдвэр гаргаж буй засаглал нь зөв байх хэрэгтэй байгаа юм.
Мөн олон төслүүдээс манай улсад хэрэгжиж болох чухал төслийг зөв сонгох хэрэгтэй. Гэтэл бид тэгж чадахгүй байна. Хөгжлийн банкнаас сонгосон төслүүд дунд огт хэрэггүй хачин юм хүртэл байна шүү дээ. Жишээ нь: “Жимсний мод тарья” гэдэг төсөлд зээл олгочихсон байна. Гэтэл тарьж байгаа нь лам хүн. Тэгэхээр зорилт нь бус хэрэгжүүлэх шатандаа алдаа гарчихлаа гэсэн үг. Саяхан бүсчилсэн хөгжлийн тухай тогтоол гаргалаа. Үүнд хүртэл ач холбогдолын дарааллыг зөв олох хэрэгтэй. 365 суманд соёлын төв барих уу, эсвэл төмөр замаа сайжруулах уу. Төмөр зам чинь одоо 60, 70-аад оны технологитой, ганцхан эгнээ замтай хэцүү байна шүү дээ. Манай зорчигчийн галт тэрэг л гэхэд дундаж хурд нь 45км/ц байна. Гэтэл дэлхийн бусад орнуудын галт тэрэг хэд билээ. Тэгэхээр ийм алдаануудаас бид зайлсхийх ёстой.
-Ард түмний амьдралын боломж бололцоо улам хумигдаад байх шиг. Боловсрол маш чухал гэдэгтэй мэдээж маргахгүй. Гэвч боловсролын асуудлаас өөр нөлөөлж буй хүчин зүйл байгаа шиг санагдаад байх юм. Жишээ нь аав минь инженер, ээж минь эмч хэрнээ гадаадад ажил хийхээр явсан. Уг нь өндөр боловсролтой хүмүүс, манай өрхийн амьдралын түвшин таван жилийн өмнө боломжын байсан бол одоо дундаж гэдэг дээр арай ядан тогтож байна л даа.
-Харин тийм. Улсын төсөвт бидний олж байгаа орлого тодорхой хэмжээгээр хязгаартай. Тэр орлого тогтвортой байлгаж чадах уу гэдэг чухал асуудал. Мэдээж тогтвортой байвал цалингаа жигд өгнө. Гэтэл улсын төсөв байсхийгээд л унаад байдаг. Хямралд ордоггүй байх, ахин дахин унадаггүй байх нь улс орны нэгдүгээр чухал бодлого юм. Хоёрдугаарт, энэ олсон орлогоороо аль салбарт, хэдэн хүн цалинжуулах нь маш чухал. Гэтэл сүүлийн жилүүдэд төрийн албанд 110 мянга гаруй хүн ажиллаж байсан бол одоо 250 мянга гаруй хүн ажиллаж байна. Бүгдийг нь улсын төсвөөс цалинжуулж байгаа шүү дээ. Өнгөрсөн хавар бид нэг судалгаа хийж үзэхэд сүүлийн жилүүдэд дундаж цалин өсөөд явж байгаа хэрнээ ам.долларт шилжүүлээд үзэхэд бидний цалин 2015 оны үеэс буурчихсан. Төгрөгөөрөө бол бидний цалин өсөөд байгаа юм шиг боловч худалдан авах чадвараараа өсөөгүй. Одоо авч байгаа цалин болон таван жилийн өмнө авч байсан цалин бараг хэвээрээ байхгүй юу. Цалин хоёр сая төгрөг болчихсон мөртлөө ам.долларт шилжүүлэхээр таван жилийн өмнөх цалин 500$, өнөөдөр ч ялгаагүй 500$. Тэгэхээр чинь энэ нь амжиргаанд нэмэр болохгүй байна шүү дээ. Мөнгөний ханш гэдэг зүйл илүү чухал байгаа юм. Тиймээс ахиад л макро эдийн засгийн тогтвортой байдал яригдана. Хүнд олгож байгаа цалин очоод илүү их бараа бүтээгдэхүүн худалдаж авах чадвартай, ханш сайн байх ёстой. Түүний тулд Төв банк, Засгийн газар ажиллаж байгаа юм.
Дээрээс нь манайх шиг жижиг эдийн засагтай улсын хувьд төрд хэдэн хүн ажиллах нь маш чухал. Нэмэгдсэн төрийн албанд ажиллаж буй 100 мянган хүмүүсээс багш, эмч нар тал нь гэж бодоод үзвэл үлдсэн 50 мянган хүн нь юу хийгээд байгаа юм бэ? Тэр хүмүүсийг хэмнэхэд төрийн ажил буурахгүй байхгүй юу. Тэгэхээр маш үрэлгэн ажиллаж байна гэсэн үг. Орон тоог нэмэх бус хувь хүний хийж байгаа ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх ёстой. Жишээ нь: “аг уурын байгууллага орон нутаг бүрт сүлжээтэй. Нэг салбарт л гэхэд 3-4 хүн цаг уур бүртгээд сууж байна. Гэтэл орчин үед технологи хөгжөөд тэр хүний хийж байгаа ажлыг автомат станц бүртгэдэг болчихсон. Олон улсууд гараар бүртгэдэг ажлыг халчихсан байхад манайд одоог хүртэл хэвээрээ байна. Технологийн хувьд шийдэж болох зүйлийг бид өөрчилж дэвшил хийхгүйгээр нөгөө л нэг үрэлгэн бүтэцээ цалинжуулсаар байгаа байхгүй юу. Ийм байдлаар маш олон салбарт бүтээмжгүй ажиллаж байгаа. Манай судлаачдын шүүмжлээд байдаг Төрийн өмчит үйлдвэрийн газрууд ч бас адилхан. Заавал хийх албагүй ажил дээр төрийн өмчит үйлдвэрийн газар бий болгоод төр өөрөө мөнгийг нь гаргаж цалин олгодог. Гэтэл бид тэр газрыг халаад чиг үүргийг нь хувийн хэвшилд өгөх бүрэн бололцоотой.
-Энэ жилийн Их хурлын сонгуульд анх удаа 126 гишүүн сонгогдох гэж байна. Үүнд таны зүгээс ямар бодолтой байгаа вэ. Эдийн засагт яаж нөлөөлөх бол?
-Их хурлын бүтцийн хувьд байнгын хороодуудад хуваагдаж байгаа. Аливаа шийдвэр гарахдаа эхлээд байнгын хороогоор хэлэлцдэг. Жишээлбэл, саяхан баялагийн сан байгуулах тухай асуудал гээд тогтоолын тухай төсөл орлоо. Тэр тогтоолыг дэмжихийн тулд Их хурлын дэгийн тухай хуулиараа байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар дэмжинэ. Одоогийн байнгын хороодууд 17-20 гишүүнтэй. Төслийг батлахын тулд ирц 51 хувиас дээш байх ёстой гэхээр магадгүй 11, 12 гишүүн байхад ирц бүрдэх нь байна. 12 гишүүн суугаад, хэлэлцээ хийгээд түүний 50 хувь буюу зургаан гишүүн санал өгөхөд тэр төсөл дэмжигдэнэ гэсэн үг. Тэгэхээр ирц маш чухал болж таарна. 76 гишүүн гээд байгаа ч анхан шатны шийдвэрийг гаргаж байгаа нь долоон хүн болж таарч байгаа биз. Үндсэндээ манай одоогийн бүтцээр маш цөөхөн хүний бодлогоор шийдвэр гараад байгаа юм. Тэгэхээр илүү чамбай шийдвэр гаргахын тулд 126 болгон нэмэгдүүлж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр давуу тал нь дор хаяж 10 гаруй гишүүний саналаар тогтоолийн төсөл дэмжигддэг болно.
Түүнээс гадна 126 гишүүнд холимог тогтолцоог санал болгож байгаа. Нэгт, тойргоос сонгогдоно. Хоёрт, намын жагсаалтаас. Тэр жагсаалт гэдэг дээр намууд маш чухал үүрэгтэй. Парламентийн суудалд улс оронд хэрэг болохуйц, бодлогын шийдвэр гаргахад нэмэр болох хүн хэрэгтэй болохоос биш бидний ярьдаг популист хүн хэрэггүй. Буруу шийдвэрийн жишээ бол цахилгаан станц байна шүү дээ. Арван жилийн турш “барьсугай” гээд тогтоол гаргаад байхад л хэрэгждэггүй. Гэтэл тэр төсөл хэрэгжихгүй унаад байхад л түүний төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй. Хуулиараа бол Их хурал зөвхөн тогтоол шийдвэр гаргах бус хэрэгжилтэд нь хяналт тавих үүрэгтэй. Тэгэхээр тэр үүргийг манай Их хурал цаашдаа маш нямбай гүйцэтгэх ёстой. Хэрэв цахилгаан станц барих тогтоолыг хэрэгжүүлж чадаагүй салбарын сайд юм уу, Засгийн газар байвал их хуралд дуудаж авчраад асуух, хэрэв хувь хүний эсвэл бизнесийн ашиг сонирхлоор зогсоосон байвал арга хэмжээ авдаг байх ёстой. Энэ цахилгаан станцын асуудалд удаа дараа ийм зүйл боллоо шүү дээ. Уг нь өдийд бид эрчим хүчний дутагдалтай бус ядаж хэрэгцээгээ хангахуйц цахилгаан станцтай болчихсон байх ёстой байхгүй юу. Гэтэл өнгөрсөн өвлийг бид хэзээ тог тасарчих бол гэсэн зовнилтой үдлээ. Ийм аюултай, эмзэг байдалд хүргэсэн хүмүүс хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй.
Гэрэл зургийг | Unread Media, Б.Анарбаяр