Interview сэтгүүлийн эрхэмсэг уншигчдадаа намрыг үдэж, өвлийг угтан буй яг энэ гоё үед шинэхэн дугаараа өргөн барьж байгаадаа баяртай байна. Сэтгүүл зүйн олон гайхамшигтай төрлүүд дотроос ярилцлагын төрөл бол хамгийн эхэнд жагсах даацтай том төрөл төдийгүй уншигчдыг богино хугацаанд тэр хүний ертөнцөөр аялуулдаг, мөн маш хурдан уншигддаг, мэдээллийн арвин багтаамжтай, үнэ цэнтэй төрөл юм. Бид энэ төрөл дээр мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэж байгаадаа баяртай байдаг.

Манай редакцын хувьд үнэн зөв, бодитой, мэргэжлийн түвшинд бэлтгэсэн агуулгыг уншигчдадаа хүргэхийг нэг номерт тавин ажилладаг. Тийм ч учраас та бүхэн манай сэтгүүлээс дутуу дулимаг зүйлийг олж уншихгүй гэдэгт итгэж болно. Ингээд та бүхэн шинэ дугаараас онцлох найман нийтлэлийг хүргэж байна. 

ХИШГЭЭГИЙН НЯМБААТАР | ТҮҮНТЭЙ ЯРИЛЦАХААР ТЭР ЧИГЭЭРЭЭ ЭРЧИМЛЭГ АГААРТ ОРЧИХДОГ

Манай дугаарын ковер зочин энэ цагийн улстөрчид дотроос өвөрмөц зан араншин, хурд, эрч хүчээрээ онцгой ялгардаг, шүүмжлэл магтаалаар зэрэг зэрэг хучуулж явдаг хамгийн дуулиантай улстөрч болох Хотын дарга Хишгээгийн Нямбаатар. 

Түүнтэй Нийслэлийн Засаг даргын албанд томилогдсон нэг жилийн хугацаанд хийж амжуулсан ажлуудынх нь талаар ярилцсан юм. Ажил хийж байгаа хүн ажил л ярина. Харин одоо бид өөрсдөө ажил хэрэг сонирхдог болмоор байна. Бүр ухамсартайгаар, хариуцлагатайгаар шүү...

У.СҮРЭНЖАВ: ЭЭЖ НАДАД ХЭЛСЭН. “СҮРЭЭН ТӨР ЧАМАЙГ ШАГНАЛАА. ОДОО БУРУУ ЯВАХ ЭРХ БАЙХГҮЙ ШҮҮ” ГЭЖ...

2023 оны ДАШТ-ий хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл, “Ханжоу-2023” Азийн наадмын мөнгө, Европын аваргын алт, Дэлхийн чансаа олгох цуврал тэмцээнээс хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл, Олон улсын Гранпри тэмцээний алт, “Парис -2024” паралимпаас алтан медаль хүртсэн монголын анхны эмэгтэй тамирчин, таеквондогийн ОУХМ, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Уламбаярын Сүрэнжавтай уншигчдаа уулзуулж байна. 

Тамирчин хүний нэгэн том зорилго, хүсэл мөрөөдөл нь олимпийн тэнгэрт эх орныхоо далбааг хамгийн өндөрт мандуулах байдаг. Харин У.Сүрэнжав үүндээ хүрсэн. Шинэхэн Хөдөлмөрийн баатар маань яг одоо юунд зорьж, тэмүүлж, өөрийн гаргасан бахдам, гялалзсан амжилт, өөр нь ирсэн нэр төр, хариуцлагын ямархан оршихуйн дунд суугаа бол. 

Ц.БАТТУЛГА: “НАМАЙГ ЯАГААД ИЙМ ТӨРҮҮЛСЭН ЮМ БЭ” ГЭЖ АХИАД БИ ЭЭЖДЭЭ НЭГ Ч УДАА ХЭЛЭЭГҮЙ

Парисын паралимпод Монголын баг тамирчид түүхэнд байгаагүй гялалзсан амжилт үзүүлж, ард түмнээ баясган цэнгүүллээ. Тэдгээр агуу тамирчид монголын 111 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд итгэл найдвар, урам зориг авчирлаа. 

Миний энэ удаагийн зочин тус Парисын олимпоос Хөнгөн атлетикийн төрөлд мөнгөн медаль хүртэж, Монголын хөнгөн атлетикийн түүхэнд цоо шинэ хуудсыг нээсэн, Монгол Улсын гавьяат тамирчин Цэгмидийн Баттулга.

Б.БААСАНХҮҮ: БИ ТИК ТОК БҮЖИГ ХИЙХ ДУРТАЙ

Хүн төрөлхтний эв нэгдлийн их баяр олимпын наадмаас манай тамирчид ээлжит медалиа хүртэж ард түмнээ баярлуулан цэнгүүлсэн билээ. 

Бид энэ удаа жудо бөхийн 48 кг-ийн жинд олимпын наадмын мөнгөн медаль хүртэж, Монгол Улсын гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаагаад удаагүй байгаа Б.Баасанхүүг сэтгүүлийнхээ хойморт зочлохыг урьсан юм.

ИРЭЭДҮЙН МӨНГӨ

Өнөө цагт бид зах дээрээс хүнсээ авахдаа, хотод сурч байгаа хүүхэд рүүгээ мөнгө явуулахдаа, цахилгааны төлбөрөө төлөхдөө бэлэн мөнгө ашиглахгүйгээр ердөө л гар утсаараа гүйлгээ хийдэг. Энэ бол цахимаар санхүүгийн гүйлгээ хийх явдал бидний амьдралд аль хэдийн өдөр тутмын хэрэглээ болсны илэрхийлэл юм.

Хэдийгээр энэ бүхэн хэдхэн жилийн өмнө зүүд мөрөөдөл мэт санагдах байсан ч, одоо бол хаа сайгүй бодит хэрэглээ болтлоо амьдралын хэв маяг хурдтай хөгжиж байна. Гэвч энэ бол уламжлалт цаасан мөнгийг цахим технологийн тусламжтайгаар удирдаж байгаа нэг л хэлбэр төдий зүйл юм. Тэгвэл “Дижитал валют” гэж яг юу вэ? Энэ нь бидний өдөр тутмын амьдралд цаашид хэрхэн нөлөөлөх вэ? Үүнийг бид бүгдэд ямар ач холбогдолтой болохыг хамтдаа сонирхоцгооё.

Ө.ОЮУН-ЭРДЭНЭ: ХОТЫНХОО ТӨВ ТАЛБАЙ ДЭЭР БҮГДЭЭРЭЭ ШАВЖ ЮМАА ЗАРЧИХААД ХОГООР БУЛААД ЯВЧИХДАГ

Жавар тачигнасан өвлийн сунайсан урт өдрүүдэд уншигч тантай өөрийн түүхийг бичээд явж байгаа ТҮК-ын ажилтан энгийн нэгэн эмэгтэйг уулзуулж байна. 

Тэрбээр 11 жил их хотынхоо зам талбайг цэвэрлэж байгаа юм. Өдөр бүр үүрийн таван жингээр босон бидний алхдаг гудамж талбайг чин сэтгэлээсээ цэвэрлэдэг олон мянган “Тохижилт үйлчилгээний ажилтан”-уудын төлөөлөл болсон Ө.Оюун-Эрдэнэ бол энгийн хэрнээ өвөрмөц, гайхамшигтай ертөнцтэй хүн гэдгийг тус ярилцлагаас уншаарай.

БОРООТОЙ ӨДРИЙН МАЭСТРО УЙТМЕН

Номд шимтэж, Их сургуулийн танхимд эрдэмтэн багш нарын үгийг анхаарч сонссон өдрүүдийн нэгэнд “Маэстро Уйтмен” гэх этгээд гарчиг бүхий содон мэдрэмж төрүүлсэн нэгэн шүлэг, тэгээд баруун доод буланд О.Содномпил хэмээн нэрээ таталсан алганы талын хэмжээтэй цаасыг нэгэн номын завсраас санаандгүй олсон юм.

Уншигч та бүхэн энэ хөргөөс янжуурын утаа, чихэргүй, сүүгүй хар кофе, замбараагүй олон номууд... Ширээний ард суугаа, бичээчийн ч үл мэдэх шинэхэн зочинтой танилцах болно. 

БЕРНАР АРНО: ДАРААГИЙН БҮХ ҮЕ ӨМНӨХ ҮЕИЙНХЭЭ МӨРӨН ДЭЭР ТУЛЖ ӨНӨӨДӨРТӨӨ ХҮРДЭГ

Зуны олимпын XXXIII наадмын түүхэнд нэрээ тодоос тод бичүүлсэн алдартай хүний нэг нь яах аргагүй францын тэрбумтан Бернар Арно байв. Түүний үйл ажиллагаатай салшгүй холбоотой үнэт эдлэлийн Чаумет ордны бүтээсэн алт мөнгө хүрэл медаль, домогт Луи Виттоны хайрцаг, гоёмсог чамин хээ бүхий тавиур, францын тамирчдыг дэгжин гоё харагдуулсан алдарт Берлутын бүтээгдэхүүн Парисын олимпын нүүр царай болж бизнесийн салбартаа шинэ хуудас нээсэн юм. LVMH групп Парисын олимпыг 150 сая еврогоор ивээн тэтгэсэн гэсэн мэдээлэл бий.


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав