“Ярилцъя” булангийн энэ удаагийн зочноор парламент дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Ч.САЙХАНБИЛЭГ уригдлаа.
-Манай улс төрийн хоёр том тулгуур хүчин хоёр дахь удаагаа хамтарч төр барих шийдэлд хүрлээ. Гэвч “Эднээс юу ч хүлээгээд нэмэргүй” гэх үгийг ам болгон унагаж байна ?
-Та асуултдаа хоёр дахь удаагаа гэх баримтыг илүү онцолж хэллээ. Мэдээж эхний удаа юу болсон бэ гэдгийг эхэлж дурьдах ёстой байх. Жаахан тийм бүдүүлэг жишээ татан хэлэхэд эхний удаа хайр сэтгэлгүй хүмүүсийг хүчээр нийлүүлэхээр гэр бүл юу болдог билээ, яг тийм л юм болсон гэж хэлж болохоор юм болсон л доо. Яагаад гэхээр сонгуулийн үр дүнгээр ерөөсөө хуулийн дагуу хамтарч засаг байгуулахаас өөр аргагүй болчихсон. Өөрөөр хэлбэл хүчээр нэг гэр лүү чихээд оруулчихсан л гэсэн үг шүү дээ. Хоёр дахь удаагийнх бол арай өөр нөхцөл байдлаар тайлбарлах зүйл. Ахиад нөгөө жишээн дээрээ хэлэхэд хоёр хүнээр яривал аль аль талаасаа хайр сэтгэл гаргаж байж гэрээ барьж байна гэсэн үг. 18 жилийн улс төрийн үйл явцаа эргэж харлаа. Аль аль талдаа цэгнэлээ. Сургамж авлаа. Хаа хаанаа хэрсүүжсэн. Хэрэв ерээд онд иймэрхүү үр дүн гарчихсан бол шууд Засгийн газраа байгуулаад л явчихна. Гэтэл өнөөгийн улс орны маань нөхцөл байдал ямар байгаа билээ. Бид юунд хүрэв. Одоо цаашдаа яах ёстой юм гэдгийг аль аль талаасаа нухацтай тунгаасны үр дүнд ийм шийдэлд хүрч байна шүү дээ. Хамаагүй бид сөрөг хүчний хэв маягаа хадгалаад, бүгдийг сөрж зогсчихоод байж болно. Гэхдээ үүний үр дүнд хэн хожих юм бэ. Монголын ард түмэн бол хэзээ ч хожсонгүй. Бид ахиад дөрвөн жил үр дүнгүй, эцэс төгсгөлгүй хэрүүл тэмцлээр улс орноо сульдаах гэж үү. Сөрөг хүчинд бол дандаа ард түмэнд хайрлагдах, таалагдах бололцоо олддог л доо. Энэ бололцоогоо хадгалаад байгаад байх уу үгүй юу. Нөгөө талаас Ардчилсан намын хувьд та бүхний өмнө хаалга, цонх хамаг юмаа нээж дэлгэж тавьж байгаад өчнөөн удаан тал бүрээс нь л ярьлаа шүү дээ. Тэгээд Ардчилсан намын эрх ашгийг дээр нь тавих уу, ард түмний эрх ашгийг дээр нь тавих уу гэдэг асуултад өөрсдийн хариуг гаргалаа гэж ойлгож болно. Эргээд нөгөө талдаа ахиад нэг дөрвөн жилийг Монгол Улс ингэж алдаж байхаар юм хийгээд үзье, ард түмэндээ ашигт малтмалын орлого баялгийг нь авчирч өгье гэсэн тэр үзэл санаа дийлээд, аль аль талаасаа шийдэлд хүрсэн. Тийм учраас эхний тэр хүчээр орсон нэгдлээс хамаагүй илүү хүчтэй нэгдэл байх болов уу гэж бодож байгаа. Бас энэ нэгдэл удаан явахын нөгөө нэг үндэс нь манай Ардчилсан нам дотор байгаа УИХ-ын гишүүд маань учраа ололцож чадсан. Яагаад гэхээр зэрэг Ардчилсан нам чинь ганцаараа л элдэв бүлэг фракциа ил зарлаад л, сонин хэвлэлийнхэн ч хаана хаанаа хэн нь багтдагийг зарлаад л явдаг. Шулуухан хэлэхэд 28 тэрслүү бодолтой хүмүүс байснаас хоёр гурван том хэсэгт хуваагдаад явж байсан нь эргээд нэг байр суурь олоход хамаагүй амархан байдаг. Тэр үндсэн дээрээ фракцийн юм уу, эсвэл үзэл бодлын энэ янз бүрийн олон ургальч хэлбэрүүдийг зөв зангидаж чадах юм бол өөрөө их эрүүл зүйл. Энэ утгаараа ч гэсэн өнөөдөр эв зүйгээ ололцоод гэр орноо бид барьж чадлаа. Монгол Улсыг хөрш орнуудтай нь харьцуулаад үзэх юм бол дунд нь бид нэг таван ханатай гэрээ бариад авлаа шүү дээ. Өнгөрсөн зуны хоёр гурван сар энэ хана нь таарч байна уу, тооно унь нь эвлэх нь үү гэж ноцолдсоор байгаад нэлээн гайгүй гэр бариад авсан. Хүн гэрээ барьчихаад юу боддог билээ. Ажилтай байх, орлоготой байх, орлогоо амьдралдаа хүргэх тухай л боддог биз дээ. Энэ юм руугаа л явна даа.
-Хэрэв ард түмнийг хууль тогтоогч гэж үзвэл тэд албан ёсны гэж үзэж болохуйц нэг л тойрог зурж өгсөн шүү дээ. Тэр тойрог дотор нь ажиллах боломж өнгөрсөн дөрвөн жил олгогдсон. Тэгж чадаагүй. Гэтэл одоо та нөхөд тэдний гараар зурагдаагүй өөр тойрог дотор тоглож байна гэвэл та юу гэх бол?
-Ард түмэн хууль тогтоогч гэж та маш гоё хэллээ. Тэгэхээр одоо ард түмэн өөрөө юу хүсч байгаа юм бэ. Тэрийг нь одоо маш сайн мэдрэх хэрэгтэй.Сая бас хоёр гурван сарын турш улстөрчид нь хоорондоо зөв юм хийлээ, буруу юм хийлээ гэж зөндөө маргалаа шүү дээ. Би яг сая анхдугаар чуулган түр завсарлангуут тойрог дээрээ хэд хоног нэлээн ажиллалаа. Баянзүрх дүүргийн 24 хорооныхоо талаар нь явчихлаа. Маш олон иргэд, хүмүүстэй уулзалт хийлээ. Ерөнхийдөө зөв юм хийжээ гэсэн тэр итгэл үнэмшил маань улам зузаарлаа. Ер нь бол яг одоогийн бидний байгаа энэ нөхцөл байдал дунд, долдугаар сарын 1-ний үйл явдлын дараа, тэр тусмаа ард түмэн ийм их юм хүсэн хүлээж байгаа энэ цаг үед үнэхээр хамтрах нь зөв байжээ гэсэн тэр итгэл үнэмшлийг улам бүр буулаа. Би сая хэдэн мянган хүнтэй уулзаж явлаа.
-Налайхаар бол арай очиж амжаагүй байгаа юм аа даа ?
-Налайхаар очиж арай амжаагүй байна.
-Өчигдөр очиж уулзаж үзэхэд Налайхынхан их ууртай байсан. Таныг загнаж байна лээ. Тэр нөхөр алга болчихлоо гэж?
-Баянзүрхийнхэн бол аягүй баяртай байна. Хуучин гишүүд нь сонгогдоод л дөрвөн жил алга болдог байсан. Одоо УИХ-ын сонгууль болоод хоёр гуравхан сар болж байхад буцаад хүрээд ирлээ. Сонгогчидтойгоо уулзаж байна. Асуудлаа ярьж байна. Бидэнтэй хамт байх юм байна гэж хэлж байна. Би Налайх руу орон нутгийн сонгууль гээд чуулган хэд хоног завсарлах байх, тэр үеэр тэртээ тэргүй очно. Манай тойрог чинь Монгол Улсын хамгийн том тойрог шүү дээ. Зөвхөн сонгогчдынх нь тоо 165 мянга байдаг. Өрхийнх нь тоо 60 мянга.
-Өнгөрсөн сонгуулийн үр дүн МАХН-д үнэмлэхүй ялалт авчирсан. Гэхдээ энэ үнэмлэхүй ялалтынхаа дараа тэд ачаагаа ганцаараа үүрэхээс татгалзчихлаа. Энэ шийдвэрийг хариуцлагаас зугтаж байгаа явдал гэж тайлбарлах хүмүүс олон байна?
-Ер нь хариуцлага бол нэг л байна гэдгийг би онцлон хэлмээр байна. Тэрийг хэн үүрэх вэ гэдэг нь л өөр асуудал. Хариуцлага бол 2012 онд аль аль намд нь л хүрч ирнэ. Яагаад гэвэл ачааг бол хамтарч үүрч байна.
-Хариуцлага алдвал “Алтангадас” ганцаараа биш Ардчилсан нам хүлээнэ гэсэн үг үү?
-Ер нь бол бид улс төрийн нэг дүрмээ зөвшөөрмөөр байгаа юм. Тэр нь “Алтангадас” гэх нь үү, хэн нь гэх нь үү хамаагүй. Нам бол тухайн дөрвөн жилд ямар үзэл баримтлал баримталж ажиллах вэ гэдгээ олонхоороо хуралдаж байгаад шийддэг. Тэгээд тэр бодлогыг, тэр хариуцлагыг тухайн удирдаж яваа хэсэг нь авч яваад л дөрвөн жилийн дараа ажлаа дүгнүүлдэг шүү дээ. Ялагдсан хэсэг нь буюу тухайн үед олонхи бүрдүүлж чадаагүй хүмүүс нь дандаа хонзогноод ч юм уу, эсвэл тэрүүгээр явж байна энэ тэр гэх юм бол олонхоороо цуглаж, олонхи цөөнх болж асуудлаа ярихын утга учир нь бас ерөөсөө байхгүй болчихож байгаа юм. Монголоос өндөр хөгжилтэй ардчилал хөгжсөн орнуудын ялгаа нь яг дөрвөн жилд одоо юу гэдэг юм Бушийн засгийн газрын гэдэг ч юм уу, тэр хүмүүс нь л Бүгд Найрамдах намынхаа өнгийг тодорхойлоод л, засаг захиргааныхаа өнгийг тодорхойлоод ингээд явдаг шүү дээ. “Алтангадас” гэж таны онцлоод байгаа бүлэглэлийн нэг авах юм нь тэд сая гарч ирлээ гэхэд жишээлбэл хуучин шигээ бусад бүх бүлэг фракцуудаа түлхээд гаргачихсангүй шүү дээ. Одоо манайд нөгөө улаан нь ч байна, цагаан нь ч байна гэдэг шиг Ардчилсан намын доторх бүх бүлэглэлүүдийн төлөөлөл нь парламентдаа ч байна, Засгийн газартаа ч байна. Энэ нь өөрөө менежментийн хамгийн зөв шийдэл болсон болов уу. Юун зөвхөн Ардчилсан нам дотроо бие биенээ шахах өрсөлдөгч МАХН-тайгаа нийлээд гэрээ бариад явж байгаа тохиолдолд энэ хэлбэрийг хамгийн эрүүл, хамгийн зөв тохироо гэж л хармаар байгаа юм.
-Дандаа л сөрөг асуултууд тавигдаж байгаад битгий эмзэглээрэй. Учир нь сөрөх, хардах, хянах үүрэг нь жинхэнэ утгаараа хэвлэл мэдээллийнхний өмнө ирсэн гэж ойлгож байгаа. Бид л сөрөг хүчин болж ажиллахаас өөр арга алга?
-Зүгээр зүгээр. Таны техникийн л асуудал. Таны хэлж байгаа зарчим ч зөв. Гэхдээ өнгөрсөн 18 жилийнхээ түүхийг эргээд харахаар үнэхээр бас зарим тохиолдолд зүгээр л сөрөхийн тулд сөрөөд явчихсан алдаанууд зөндөө байдаг байхгүй юу. Өнгөрсөн дөрвөн жилээ хар л даа. Хичнээн ихийг хийж амжуулах хугацааг алдав. Өдөр болгон бид нэг сая доллар алдаад л явж байгаа. Тооцоод үз л дээ. Тэр мөнгөөр бид юу хийж болох байв. Ер нь бол дашрамд нь нэг зүйлийг хэлэхэд яг одоохондоо юу моодонд орчихсон байна вэ гэхээр тийм нэг шүүмжилсэн, юмыг дандаа сөрөг өнцгөөс нь харсан, нураасан ийм үйлдлүүдийг хүмүүс илүү сонирхдог цаг үе ирчихсэн юм болов уу гэж бодогддог. Ажил ярих гэж байгаа нь, эсвэл эвлүүлье, нийлүүлье, бүтээе гэж ярьж байгаа хэсгийнхний дуу хоолойг хүмүүс сонсохоо больчихсон. Энэ бол манай нийгмийн түр зуурын л онцлог байх. Яваандаа ажил хийдэг хүмүүсээ сонсдог болно. Юм хийе, бүтээе гэж байгаа хүмүүсээ дэмждэг, ойлгодог, хүндэлдэг болно. Бид нарт яг одоо бол сөрөх шүүмжлэх тэр агаар хангалттай бүрхсэн байгаа. Парламент дотроо ч гарна, гадаа гудамжинд ч байх учраас. Тэрний хомсдолд бол жишээ нь хэзээ ч орохгүй гэж бодоод байгаа юм л даа.
-Манай засаглагчдийн амнаас “Улсаа үсрэнгүй хөгжлүүлэх түүхэн бололцоо одоо л гарч ирлээ” гэх нэг үг их унаж байгаа. Өнгөрсөн дөрвөн жил тэгэхээр ямар үе нь байсан юм бэ?
-Өнгөрсөн дөрвөн жилийг дандаа хараар харахыг би хүсдэггүй. Бүх юм л болж бүтээгүй юм шиг, тийм үү. Яагаад гэхээр 2004-2008 оны энэ завсрын үе байгаагүй бол одоо өнөөдрийн улс төрийн хувьд гараад явж байгаа шийдвэрүүд хэзээ ч гарч чадахгүй байсан. Өөрөөр хэлбэл улстөрчид маань буюу шийдвэр гаргагчид хэрсүүжлийнхээ нэг том үеийг туулаад гарчихлаа шүү дээ. 2004 оны энэ туршлага байгаа учраас бид нарт үнэхээр одоо энэ дөрвөн жилд юм хийчих болов уу гэсэн энэ том хүлээлт, итгэл найдвар байгаад байгаа юм.
-Засаглалын дээд төвшинд ажиллах хурдаараа ялгарсан хэд хэдэн кадрууд гарч ирлээ. С.Баяр, С.Баярцогт, та…гэх мэт. Нийгэм дагаад хурдлах аяст хөтлөгдөж байна. Өөрөөр хэлбэл бид яг та нар шиг яардаг болсон гэсэн үг. Одоо монголд ганцхан хүлээлт байна. Уул уурхайн салбартай холбоотой хүлээлт. Гэсэн ч шийдэл нь алга?
-Би төрийн алба хашиж байгаа хүмүүсээс зүгээр л нэг өдөр хоног өнгөрөөх гээд, зүгээр л нэг цалин авах гээд сууж байгаа ийм хүмүүсийг харахаар үнэхээр өөрийн эрхгүй холдоод байдаг. Дотор эвгүй оргидог. Хүн бол гол нь ажиллах хэрэгтэй. Алдаж болно. Гэсэн ч ажиллах л хэрэгтэй. Монголчууд бид сэтгэлгээндээ ч гэсэн өөрчлөлт оруулмаар байна. Гадны хүмүүстэй уулзаад тэдний өмнө ичиж нэрэлхэх юмгүйгээр 18 жил яаж зовж зүдэрснээ, ямар хүнд хэцүү байгаагаа тоочоод унадаг. Тэр зүйлээ л эхлээд яриад унадаг. Энэ зан нь монголын нүүрэнд аль хэдийнэ шошгыг нь наагаад өгчихлөө. Энэ нөхдүүд алгаа дандаа тосдог. Эдэнд нэг ийм л хэмжээний юм шидчихэд болдог гээд 300 сая долларын хэрээний юм л сарвайсан гаран дээр нь тавьчихад болоод байдаг юм аа гээд ингээд бидний хэм хэмжээг хүртэл тодорхойлоод өгчихлөө. Гэтэл бид урдаас нь “Бид бол тэгш эрхтэй хамтрах партнёр чинь шүү, түнш чинь шүү. Бидэнд ийм ийм бололцоо байна” гэж дуугарах ёстой үе ирчихээд байна. Манайд уул уурхай, эрдэс баялаг, аялал жуулчлал,мэдээллийн технолог гээд гадныхантай яг нэг төвшинд яриад байх салбарууд бий болчихлоо шүү дээ. Уламжлалтаасаа гадна. Яг үүн дээр партнёр гээд ярих юм бол нөгөө 300 сая доллар чинь Гурван тэрбум, 30 тэрбум гээд яваад өгөх бололцоо нь гараад ирж байна. Бид ядуугаараа түрий барьж байна. Бахархаж байна. Эсвэл би ажилгүй гэдгээрээ бахархах гээд байна. Бид дээрээ ч, доороо ч сэтгэхүйндээ өөрчлөлт хиймээр байна. Одоо бид эхний ээлжинд улс төрийн шалтгаанаар зогсчихсон байгаа том том төслүүдийг гацаанаас гаргана. Үүний төлөө бүх намууд, эдийн засагчид, уул уурхайн салбарынхан, иргэний хөдөлгөөнүүд, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, хууль тогтоогчид, иргэд сонгогчдын төлөлөгчид бүгд ороод хамтраад эхний ээлжинд үндэсний хэмжээний нэг том зөвшилцлийн уулзалт хийчихмээр байгаа юм. Ингэж байгаад бодлого чиглэлээ гаргаад авах хэрэгтэй байна. Үүний дараа асуудал маш амархан эргэлтэд орно.
-Уулзалтууд бол янз бүрийн түвшинд их явагдсан шүү дээ. Гэвч эцэст нь итгэл алдрах байдал л газар авсан?
-Ахиад сануулахад тэр уулзалт ямар гэр дотор боллоо. Гэрээ ч барихгүй гадаа гудамжинд л бид хэрэлдээд байсан шүү дээ. Одоо шийдвэр гаргагчдын төвшин чинь өөрөө нэг цул болчихлоо. Хоёрдугаарт, нийгмийн том хүлээлт энэ шийдвэр гаргагчдыг хурдан ажиллахгүй бол болохгүй гэсэн энэ шахаанд оруулчихсан. Одоо бол нөгөө Чингисийн үеийн их хуралдай шиг нэг том цуглаад, энэ асуудлаа тойрч яриад гарахад гарах үр дүн нь шал өөр болноо. 2012 онд ард түмэндээ энэ уул уурхайн баялгаас олох орлогыг ард түмэндээ аваачиж өгч чадаагүй улстөрчид МАХН нь ч бай, АН нь ч бай тойргууд дээрээ юу хэлж очих юм бэ.
-Саяхан нэг улс төрийн намын дарга хэлсэн. Монголд улс төрийн хамгийн нэгдүгээр асуудал парламентын болон орон нутгийн сонгуулийн зохицуулалтыг шинэчлэх явдал гэж. Таны хувьд яг одоо манай улс төрийн нэгдүгээр асуудал юу вэ?
-Наадах чинь хамгийн чухал асуудлуудын нэг нь. Манайд орон нутгийн буюу дунд доод шатны удирдлагыг түшиж амьдардаг бүхэл бүтэн нийгмийн давхарга гарчихаад байна шүү дээ. Тийшээ нь ерөөсөө салхи ордоггүй. Тэр бүх хүмүүс нь дотроо юмаа шийдээд явчихдаг. Энэ рүү салхи оруулахгүй бол болохгүй ээ. Энийг хамгийн түрүүн шийдэх гарц нь их хурал, орон нутгийн сонгууль нэг өдөр, нэг системээр явагддаг байх явдал. 2012 оноос энэ системээр явагдана гэдгийг бол хуульчлаад гаргачихсан байгаа. Үүний дараа харьцангуй энэ байдал нь өөрчлөгдөх болов уу гэж найдаж байгаа. Сонгууль тойрсон асуудлуудаа бид нэгмөсөн цэгцэлмээр байгаа юм. Сонгуулийн жилийн төлбөр нь монголчуудад аягүй хүнд тусч байгаа байхгүй юу. Энэ жилийн хөрөнгө оруулалт дөнгөж 36,1 хувьтай явж байна шүү дээ.
-Одоо орон нутгийн сонгууль явагдаж байна. Дээд төвшиндөө эвссэн танай хоёр намын хамтарсан бүлэглэлийг хүмүүс томсгож өргөжүүлсэн нэг том нам гэж үзэж эхэлж байна. Ийм тохиолдолд танай хоёр намыг орон нутгийн сонгуульд хоорондоо өрсөлдөнө гэж харахад хэцүү?
-Би танд ярьлаа. Энэ дунд, доод төвшний бугшсан тогтолцоо руу салхи оруулах цаг болсон гэж. Засаг даргыг 18 жил хийсэн хүн байна. Хаан юм уу, юу юм. Ийм болчихсон юмнуудаа л засъя гэж ярьж байна. Үүний төлөө л бид сонгуульд орно. Энэ хоёр нам дээрээ хамтарчихсан юм чинь гурав дахь хүчинд энэ удаа орон нутгийн сонгуульд боломж олдоно гэж ярьж байгааг би их гэнэн улс төр гэж хэлнэ. Манайд өнөөдөр гуравдагч хүчин засаглахад бэлэн биш байгаа. Үүнийг хаа хаанаа л хэлэх ёстой. Гурав дахь хүчин гарч ирэхийн тулд өөрөө төлөвшлийн маш том үе шатыг туулах шаардлагатай. Өнөөдөр гурав дахь хүчин гэж хэнийг хэлэх юм. ИХН гээд л явж байсан. Удирдлага нь хоёр хуваагдаад нэг хэсэг нь Ардчилсан нам руу ороод л ирлээ ш дээ. 76 тойрог дээр нэрээ дэвшүүлээд өрсөлддөг тийм гурав дахь хүчин гэж байна уу. Байхгүй шүү дээ. Зүгээр нэг нэг тойрог дээр юм уу, нэг хороон дээр хүмүүсээс санал авахын тулд гурав дахь хүчний орон зайг ярьж байгаа нь том улс төр бол биш л дээ.
-МАХН орон нутгийн сонгуульдаа баахан компанийн захирлуудыг дэвшүүлсэн байна лээ. Харин АН олонд танигдсан хүмүүсээ оруулж байгаа. Энэ шийдвэр намын халуун тогооноос, хар хайрцагнаас гарч байгаа бодлого уу, эсвэл нэгдүгээр эгнээнийхэнд түрэгдсэн амбицаараа хөдөлж байгаа шийдвэрүүд үү?
-АН-ын хувьд бол орон нутгийн хурлын сонгууль маш чухал гэдгийг ойлгоод л шийдэж байгаа явдал. Яагаад гэвэл бид бүх анхаарлаа толгой руугаа хандуулж ирсэн согогоо засахаар шийдсэн. Гэтэл толгой гарч ирсэн ч дор нь хөдлөх хөл нь байхгүй явж ирсэн. Ийм тохиолдолд толгой хичнээн гоё юм сэдээд, гоё бодлого гаргаад хэрэгжилт нь зөрөөд, нэг хэмнэл дээр явж өгөхгүй байхаар бодлого нь хэрэгжихгүй зогсчихдог л доо. Олон түмэнд танигдсан гишүүдээ нэр дэвшүүлж байгаа нь саналаа л авах зорилготой. Хүмүүс жишээ нь таны асуултыг хараад мөнгө сонгох уу, эсвэл энэ нийгмийн хүлээлт болсон, улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хүчтэй түлхэц болж чадахуйц манлайлагч нарыг сонгох уу гэдгээ нэг их эргэлзэхгүйгээр шийдчих болов уу гэж бодож байна. Ирц л сайн байгаасай. Хүмүүс иргэний үүргээ ухамсарлаад бүгдээрээ ирж саналаа өгөөсэй л гэж хүсч байна.
-Танай намын хуучин дарга Ц.Элбэгдорж АН-ыг хамтарсан Засгийн газарт орох шийдвэрийг эрс буруушаасан. Байр сууриа ч нэлээн хатуу хэлж байгаа. Та хоёр багагүй ойр явж ирсэн улстөрчид байх. Харин өнөөдөр хоёр өөр шугаман дээр зогсч байна. Гэхдээ та нэр хүнддээ хасах оноотойгоор?
-Өнөөдөр юу моодонд ороод байгаа талаар би түрүүн танд хэлж байсан. Их л тийм хурц, ширүүн шүүмжлээд, тэр ч болохгүй байна, энэ ч болохгүй байна гэдэг хүнийг илүү сонсдог болчихсон тухайд. Ийм юм хийх гэж байна. Түүний тулд ийм бэрхшээл байна. Тэрийг тэгж шийдэх гэж байна гэж хөгжлийн асуудал хөндөж байгаа хүмүүсийг нэг их сонирхохоо байчихаж. Сэтгүүлчид дээр хүртэл ажиглагддаг л даа. Хаана болж бүтэхгүй юм ярьж байна. Тэнд л манай сэтгүүлчид овоорч байдаг. Ажил төрөл ярьж яваа хүмүүсээ нэг их тоохгүй маягтай. (инээв) Гэхдээ энэ нь өөрөө нийгмийн тусгал л даа. Буруутгах юм алга. Тэгээд яахав ийм зүйлээс болж хасах оноо авах, хэн нэгэн дээр нь нэмэх оноо очих миний хувьд сонин биш. Би бол энэ 27 гишүүнтэй бүгдтэй нь хэвийн харилцаатай. Элбэгээ даргатай ч мөн адил. Яахав ажил төрлөөс болж муудах, сайдах юм гарах алийг тэр гэхэв. Манай Элбэгээ даргад авах чанарууд ч олон бий. Шүүмжилмээр дутагдлууд ч зөндөө бий.
-Жишээ нь?
-Бид хоёр чинь Элбэгээ даргын тухай ярих гэж уулзаагүй биз дээ. Үнэндээ манай Элбэгээ дарга хүн сонсохдоо маш муу. 10 жилийн өмнө байсан одооны байгаа Элбэгээ дарга хоёр хоорондоо их ялгаатай хүмүүс болсон. Алдаа оноог нь хөндөөд хэлж өгөх гэсэн хүмүүсийн үгийг хүлээж авахаа больсон. Тэгээд үүнээсээ болж алдаа гаргадаг болсон. Ердөө л энэ. Гэхдээ энэ асуулт надад таалагдахгүй байна. Хэрэггүй болов уу. Учир нь бид нэг нэгэндээ сонин хэвлэлгүйгээр алдаа оноогоо яриад яваад болоод ирсэн. Цаашдаа ч болох байх гэж бодож байна.
-Албан тушаалын төлөө нүдээ ухаад өгөхөд бэлэн хэдэн нөхөд гэх үг хаа сайгүй нисч байна. Та тэдний нэг мөн үү?
-Үгүй, одоо би мэдэхгүй байна. Бүлгийн даргын сэтэр авчихсан болохоор тэр ангилалд нь орох л юм байлгүй дээ. Гэхдээ надад прогматик зорилтууд байгаа. Үнэнийг хэлэхэд надад зүгээр л нэг энд тэндээс урилга заллага аваад, арга хэмжээнд уригдаад, энд тэнд очиж ухаантай үг хэлээд явах үнэхээр таалагддаггүй юм. Яг юуг барьж авч, ямар үр дүн гаргах вэ гэдэг л өөрөө надад их сонин санагддаг.