Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, улсын начин Өлзийсайханы Батзул таалал төгсжээ. Талийгаач ирэх сарын 1-нд болох Эрдэнэт хотын наадамд оролцохоор бүртгүүлэх замдаа авто тээврийн осолд өртжээ.
Тэрбээр 2016 онд Орхон аймгийн баяр наадамдаа үзүүрлэж аймгийн харцага цол, 2020 онд аймгийнхаа баяр наадамд түрүүлснээр аймгийн арслан, дараа жил нь дахин түрүүлж "хурц" чимэг нэмсэн бол 2022 оны Үндэсний их баяр наадмаар тав давж Монгол Улсын начин цол хүртэж байв.
Талийгаач Үндэсний бөхөөр амжилттай барилдахаас гадна бөхийн төрлүүдээр тив дэлхийд амжилт үзүүлж байв. Тодруулбал чөлөөт бөхийн 97 кг-д ААШТ-ээс хошой мөнгөн (2019, 2022) медаль хүртэж, ДАШТ-д таван удаа оролцохдоо 2018 онд шагналт VIII байр, 2021 онд шагналт V байр эзэлсэн, чөлөөт бөхийн Олон Улсын Хэмжээний Мастер (ОУХМ) цолтой байлаа.
Түүний ар гэр , төрөл төрөгсөд, анд найз нөхөд, бөхийн спортын хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье.