“Би бол Монголд төрсөн Монгол реппер” хэмээн дуулж реп хөгжимд дурласан нэгэн үеийн хүүхэд залуучуудын том шүтээн болсон “Click click boom” бүлгэмийн артист, Real”лэйблийн продюсер, реппер Gee буюу Т.Мөнх-Эрдэнийг сэтгүүлийнхээ энэ удаагийн зочноор урьж ярилцлаа. Тэрээр 2005 онд РТДС-ийг сэтгүүлч, зурагчлаач мэргэжлээр төгссөн бөгөөд тухайн үеэс уран бүтээлээ эрчимтэй хийж эхэлсэн юм. 2016 онд “Spotify”-ийн 10 жилийн ойн тоглолтонд Ази тивийг төлөөлсөн цорын ганц рэппэр болон оролцож байв. Түүний сэтгүүлч мэргэжил сонгох болсон шалтгаан, уран бүтээлд хандах хандлага зэрэг олон зүйлсийн талаар бид дэлгэрэнгүй ярилцсан билээ. Ингээд уншигч таныг урьж байна. 

-Мэдээж артист хүний хувьд уран бүтээл нь маш чухал. Гэхдээ уран бүтээлээс амьдралаа хэр зааглаж чаддаг вэ? 
-Би заагладаггүй.
-Тэгэхээр ерөөсөө л уран бүтээл шигээ, уран бүтээл дотроо амьдардаг гэсэн үг үү? 
-Учир нь юу вэ гэвэл миний амьдрал дээр үзэж харсан бүхэн болоод хийж буй уран бүтээл хоёр маань нэг бүхэллэг чанартай юм л даа. Би өөрийн туулсан амьдрал, үзэж харсан зүйлүүдийг л дуулдаг. Түүнээс бус хэн нэгэн миний огт хараагүй юмыг надад зохиож өгч би түүнийг нь уран бүтээл болгож ашиглаагүй. Дуунуудыг маань одоо ч дахин сонсож болно. Яг л миний амьдрал дээрээс олж авсан бүхэн л тэнд бүрэн бүтнээрээ өгүүлэгдэж байгаа. Тийм ч болохоор уран бүтээл, аж төрөхүй хоёр маань нягт холбоотой учраас зааглах шаардлага байдаггүй.
-Хамгийн сүүлд буюу өнгөрсөн зун “Зогсохгүй” гэж тоглолтоо хийсэн, мэдээж “Боссын Босс” киноны сурталчилгаа болгож тоглолт хийлээ гэж шүүмжлэх хүмүүс байсан?
-Нэг киног хүмүүст рекламдахын тулд бүхэл бүтэн стадионд тоглолт зохион байгуулна гэж юу байхав дээ. (инээв) Ямар сонгуулийн сурталчилгаа биш дээ. Тийм зүйл огт байхгүй. Миний хувьд гэвэл бусад шиг жил болгон, эсвэл хоёр жил тутамд тоглолт хийдэггүй. Дөрөв юм уу, таван жилийн дотор нэг л тоглолт хийдэг. Мөн тоглолтоос ашиг олохоос илүүтэй яг юу хийж бүтээсэн бэ гэдгээ сонсогчдодоо хүргэх гол зорилготой. Анх хийсэн тоглолтоос хойш дараагийн тоглолт дээр өмнө гаргасан уран бүтээлүүдээс их цөөхөн дуулагддаг. Үүнийг хүмүүс анзаарсан байх гэж найдаж байна. Тодорхой нэг цаг хугацаанд тухайн уран бүтээлч юу хийж бүтээсэн бэ гэдгээ цогцоор нь хүмүүст хүргэх зорилготойгоор тоглолтоо хийдэг. 
-Яахав киноны маань дуу өөрөө “Зогсохгүй” нэртэйгээр хүмүүст хүрсэн. Тиймээс ч үүнтэй холбоотойгоор сонсогчид хүлээж авсан байхийг үгүйсгэхгүй шүү дээ...
-Тэгсэн байх. Үүн дээр мэдээж тодорхой менежмент бол хийгдэж л байгаа. Яг “Зогсохгүй” гэсэн концепцийг бид 2019 онд хэрэгжүүлсэн. Мэдээж бид уран бүтээл хийж байгаа бол харанхуйгаар хандаж болохгүй. Тиймээс ч кино хийвэл дуу нь “Зогсохгүй”, тоглолтын нэр нь “Зогсохгүй”, цомгийнх нь нэр ч бас “Зогсохгүй” гэсэн санааг анхнаасаа төлөвлөсөн байсан. Түүнээс киноны сурталчилгаанд зориулж тоглолт хийнэ гэдэг бол миний хувьд байж болшгүй зүйл. 
-Ер нь таны хувьд хамгийн олон үзэгчид цугласан нь аль тоглолт тань байсан бэ?
-Өнгөрсөн онд хийсэн “Зогсохгүй” тоглолт. Стадион дүүрэн хүмүүс цугласан. 

 БИ ӨӨРИЙН ТУУЛСАН АМЬДРАЛ, ҮЗЭЖ ХАРСАН ЗҮЙЛЭЭ Л ДУУЛДАГ

-Нууц биш бол яг хэдэн хүн байсан бол. Та ямар нэгэн статистик сонсоо байлгүй дээ? 
-Бид нар яг тоглолт дууссаны дараа зураг авахуулаад л, тийм хэмжээний хүн цуглалаа гээд л тоолж тооцож барьдаггүй л дээ. Яг тулвал бусдаас их даруухан хүмүүс шиг байгаа юм. За, тоглолт сайхан боллоо, гоё байлаа гээд л тараад явцгаасан. Гэхдээ барагцаалвал 20 гаруй мянган хүн цугласан гэсэн шүү. 
-Магадгүй реп сонсогчид бусад хөгжмийн чиглэлийн сонсогчдоос тэс өөр, ондоо төрлийн хүмүүс байдаг ч юм шиг. Яагаад ч юм тэгж л төсөөлөгдөөд байна. Попын, жаазын шүтэн бишрэгчдээс тэс өөр үү? 
-Одоо бол бүгд л хип хопыг сонсдог, ойлгодог болсон гэж хардаг ш дээ. Яг өнөөгийн байдлаар Монголын хөгжмийн зах зээл дээр хамгийн их хөдөлгөөнтэй байж чадаж байгаа, шуугиан дагуулсаар байгаа нь хип хоп хөгжим л гэж боддог. Угаасаа тийм байгаа. Долоо хоногт хэчнээн шинэ дуу гарч байна, ямар олон артистууд, репперүүд доороос түрж гарч ирж байна зэргээс үзэхэд хип хоп хамгийн том зах зээл нь болчихсон. Хүмүүс ямар нэг хэмжээгээр, аль нэг репперийн дууг сонсоод үзчихсэн л байгаа. 
-Та шүүмжлэлд хэр эмзэг ханддаг вэ? Одоо бол таныг хүмүүс нэг их шүүмжлэхээ больсон юм шиг санагддаг л даа... 
-Хүмүүс шүүмжилсээр л байгаа. Гэхдээ би хүн болгонд таалагдана гэж байхгүй. Тийм болохоор шүүмжлэлд эмзэглээд байдаггүй. Бурхан ч хүртэл хүн бүрт таалагдаж амжихгүй шүү дээ. 
-Олон жилийн өмнө поп хатагтай Б.Сарантуяа татвараа төлдөг гэж мэдэгдсэнээс хойш танаас өөр дуучин энэ талаар хариуцлагатай дүрээр гарч ирээгүй байна. Та “оны шилдэг татвар төлөгч” ч болж байсан. Энэ бүхэн нийгэмд сайхан үлгэр жишээ болж байна. Сайн аав байх, зөв гэр бүл зохиох гээд яг өнөөгийн нийгэмд тал талаасаа эмтэрчихсэн ойлголтуудыг  зөв талаас нь хүмүүст үлгэрлэдэг тань таалагддаг. 
-Баярлалаа. Гэхдээ сайн аав байна гэдэг маань нэг талаар нийгэмд “сайн аав” болж харагдах гээд байгаа үйлдэл биш. Яг үнэнийг хэлэхэд би багаасаа хагас амьдрал туулсан, ээжтэйгээ хамт өссөн хүн. Тийм ч учраас ирээдүйд хань ижил, үр хүүхэдтэй болвол “бүтэн амьдрал” бий болгоно гэж боддог байсан. Тэр зорилго, мөрөөдөлдөө хүрэх гэж хичээж л явна. Хүмүүсийн таньдаг нь л би болохоос бус олон олон сайхан аав нар байгаа. Тэдэнтэй адилхан үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө явж буй аав нараас би ямар ч ялгаагүй. 
-Өнөөдөр бидний амьдралд өмнө нь байгаагүй олон шинэ зүйлс орж ирсэн, бид ч дасан зохицоод явцгааж байна. байна. Тухайлбал, цахим ертөнц... Зах хязгааргүй мэдээллийн эрин зуун болж байна. Тэнд хүмүүс таниас их үлгэр дууриалал их авдаг юм шиг харагддаг. 

-Намайг анх хип хоп дуулж эхлэхэд бүгд зэмлэдэг, реп хөгжмийн талаар хүн болгон буруу ойлголттой байсан. Ээж маань хүртэл дургүйцдэг байлаа. Хип хоп дуулдаг гэхээр л зодоон цохион хийдэг, архи тамхи хэрэглэж, болох бүтэхгүй зүйлтэй орооцолддог нөхдүүд гэсэн ойлголт бүгдэд нь суучихсан байсан хэрэг л дээ. Тийм учраас л энэ зүйлийг хийгээд, сайн сайхан, зөв амьдарч болдог юм шүү гэдгийг бусдад харуулахыг зорьдог. 
-Анх хип хоп урлагт шимтэж эхлэх тэр үед ямар хамтлагийг илүү сонсож  үлгэр дууриалал авдаг байв. Эсвэл байхгүй юу?
-Байлгүй яахав. “Дайн ба энх” хамтлаг анх монголд хип хопыг бий болгосон, хөгжүүлсэн гэдгийг хүмүүс мэднэ. Одоо тэр хамтлагийн ах нартайгаа мэнд устай, ойр дотно байдаг. Мөн миний бие Мсит буюу Энхтайван агсны “Зогсолтгүй” гэдэг дууг 2011 онд албан ёсны зөвшөөрөлтэйгөөр шинэчилж дуулсан нь бий. Хөгжмийн найруулгыг нь жаахан өөрчилсөн, дахилтынх нь үгийг яг хэвээр нь үлдээж, бусад үгнүүдийг нь өөрөө шинээр зохиож бичсэн л дээ. 

-Гадаадын хамтлаг дуучдаас нэрлэвэл...
-Ёстой янз бүрийн дуунууд л сонсдог. Яг шүтэж сонсдог дуучин гэж байхгүй. Үнэндээ бидний амьдралын хэв маяг, барууны орнууд дахь хүмүүсийн амьдрах хэв маяг хоорондоо эрс ялгаатай. Бидэнд өөрсдийн үнэт зүйл гэж бий. Тэр ч утгаараа гадаадын дуучдын дуунд автах, хэт даган дуурайх бол надад учир дутагдалтай санагддаг. Одоо ч гэсэн залуус дүү нартаа хэлмээр санагддаг үг надад бий. Мэдээж гадаадын уран бүтээлчдийн гоё дууг сонсож болно, гэхдээ авахаа аваад хаяахаа хаях хэрэгтэй. 
-Та гэхдээ бусад репперүүдийг бодвол рок поп ч юм уу өөр урлагийн салбарынхантайгаа их ойрхон байдаг хүн шиг санагддаг л даа? 
-Ёстой мэдэхгүй. Муугийн ёс биш, монголын ёс болсон хойно “Сайн уу” гэвэл “Сайн” гээд л өнгөрдөг. Зарим найзалж нөхөрлөдөг хүмүүс бий л дээ. Гэхдээ би нэг бодлын хүмүүсээс “хол” ч хүн байж магадгүй. Зарим нь намайг урлагийн хүн биш, зарим нь мөн л гэдэг юм билээ. Надад бол заавал урлагийн хүн болох гэсэн хүсэл, тэмүүлэл юу ч байхгүй. Би өөрийгөө “ажилчин анги” гэж тодорхойлох дуртай. Би өөрийнхөө урд байгаа ажлыг хамгийн сайн хийх нь л чухал гэж үздэг. Бусадтай ойр байна уу, бусад нь надтай ойр байна уу, миний талаар юу гэж бодож байна гэдэг нь тухайн хүмүүсийн өөрсдийнх нь л асуудал. 

-“7 дугаар сарын 1”, “Алтан ус”, “Микроны босс”, “Зангараг” гээд л сүүлийн жилүүдэд кино урлаг руу нэлээд уруу татагдаж байгаа. Мэдээж уран бүтээлч хүнд тохиолдож болох асуудал. Анх кинонд тоглох саналыг хэрхэн хүлээж авч байсан бэ?
-Хамгийн анх кинонд тоглох саналыг баяртайгаар хүлээж авсан. За гоё шүү, кинонд тоглоно доо гэхийн сацуу маш амархан юм шиг санагдсан. Гэтэл зураг авалт эхлээд явсан чинь кинонд дүр бүтээнэ гэдэг миний хувьд бүтэшгүй зүйл санагдсан. Ёстой л нэг хүмүүсийн хэлдэгээр нуруугаа авахуулсан даа. Ямартаа ч эхэлсэн юм чинь гээд л ард нь гарч чадсан. Үүний 

Үнэндээ бидний амьдралын хэв маяг, барууны орнууд дахь хүмүүсийн амьдрах хэв маяг хоорондоо эрс ялгаатай. Бидэнд өөрсдийн үнэт зүйл гэж бий. Тэр ч утгаараа гадаадын дуучдын дуунд автах, хэт даган дуурайх бол надад учир дутагдалтай санагддаг

дараа “Алтан ус” гэж кинонд реппер Рокит Бэйе буюу Баяраа найзтайгаа хамт тоглосон. Зураг авалт дууссаны дараа “Би ахин кинонд тоглохгүй” гэж ам гарч байсан удаа ч надад бий. 
Хүн тэгээд аливаа зүйлийг хийгээд байхаар сурдаг шүү дээ. Түүн шиг сүүлдээ зүгширсэн юм байлгүй дээ. Ямар хэцүү юм бэ, хүмүүс яаж кинонд тоглодог юм бол гэж хүртэл боддог байснаасаа хойш “Микроны босс”, Үндэсний телевизийн “Нарны жим”, “Зангараг”, “Боссын босс” гээд хэд хэдэн кинонд тоглочихсон байна. Хийж үзээгүй, мэдэхгүй зүйл нь хүнд анхнаасаа хэцүү санагддаг шүү дээ. Түүнтэй адилхан анх ёстой хэцүү байсан бол одоо нэг их хүнд, хэцүү санагдахаа больчихсон байна. 
-“Микроны босс” киног үзэхэд “За, Gee яг өөрөө байна даа, хувь хүн нь яг л энэ болов уу” гэж бодогдоод байдаг юм... 
-Харин олон хүмүүс тэгж хэлж байсан. Одоо энэ “Микроны босс”, “Приусны босс”, “Боссын босс” гээд гурван цувралын зохиолч, найруулагч Мөнхбат бид хоёр багын сайн найзууд. Арван жилийн паралель ангийн хүүхдүүд л дээ. Тэгээд “Халзаа гэдэг залуугийн дүрийг чамд л зориулж, чамайг л бодож бичсэн, чи л бүтээх ёстой” гэж хэлсэн. Би өмнөх хоёр киноноос хойш ам гарчихсан хүн чинь татгалзсан л даа. Мөнхбат харин “Ямар ч байсан тоглоод үз! Үнэхээр болохгүй бол болъё” гэсэн. Тэгж л энэ кинонд дүр бүтээсэн дээ. Одоо бол харьцангуй гайгүй, өөрөө киноныхоо продюсераар ажилладаг ч болсон. Суралцсаар л явна. 
-Яг өөрийн үзэл санааг бүрэн дүүрэн цогцлоосон, дотроос чинь гарч буй дуу, киноны “ost” хоёрын хооронд ямар ялгаа байна вэ?
-Мэдээж хоорондоо ялгаатай. Киноны дуу бол тухайн сонсогч болоод үзэгчдийг танхим руу авч ирэх нэг том хөшүүрэг болж байх ёстой гэдэг шаардлагыг тус киноны маркетингийн баг болон найруулагчийн зүгээс тавьдаг. Яг энэ үед бодох хэрэгтэй болдог л доо. Ямартаа ч киногоо сурталчилна, дээрээс нь бас өөрийнхөө үзэл бодлыг хүмүүст хүргэх хэрэгтэй. Хариуцлага нь улам ихсэнэ гэсэн үг. Киноныхоо сэдэвтэй холбохын зэрэгцээ өөрийн зүгээс хүмүүст хүргэх “мэссэж”, үзэл бодлоо хавсруулж хийдэг. Харин өөрийнхөө хийх гэж буй дууг өөрийнхөөрөө л урлаж бүтээнэ. 
-Анх “Click click boom” буюу бүлгэмийн нөхөдтэйгөө хэрхэн танилцсан бэ, хамтлагийнхны хийсэн “Буруу газар зөв цагт” дууг реп сонсогчид тухайн үеийн реп хөгжмийн оргил уран бүтээл гэж үнэлдэг байсан. Үүнтэй санал нэг байдаг уу? 
-Би нэг их хөгжим хийдэггүй. Тэр “Буруу газар зөв цагт” дууны “beat”-ийг харин өөрөө зохиосон юм. Тэгээд бүлгэмийнхэнтэйгээ хамтарч дуугаа хийгээд клипээ цацсан. Тухайн үед бол чамин ганган машинтай, гоё өнгөлөг клиптэй дуунууд их гарч байсан. Манай клип ч нэг их явахгүй биз гэж бодож байсан л даа. Гэхдээ хүмүүс өөрсдөө ямар дуу сонсох нь тэдний сонголт, бид зөвхөн уран бүтээлээ туурвиж байгаа. Тэгтэл хүмүүс бүр маш их сонссон, сайхан хүлээж авсан. Харин тэр “оргил бүтээл” гэдгийн хувьд бол би хэлж мэдэхгүй, сонсогчид л үнэлгээгээ өгнө. Гол нь туурвисан уран бүтээлчдээс илүүтэй хэн нэгэн сонсогчийн дурсамжинд үлдсэн, одоо болтол сонсдог, тэр бүтээлийн тухай ярьдаг бол мэдээж сайхан л байна. Өнгөрсөн онд болсон “Зогсохгүй” тоглолтын эхэнд бүлгэмийнхээ гишүүдтэй хамт “Буруу газар зөв цагт” дуугаа дуулсан. Олон жилийн өмнө хийж байсан ч гэсэн одоо тэр дуугаа сонсоход  гоё байдаг.
Хамтлагийн хувьд нэг нэгнээ мэддэг боловч сайн таньдаггүй, өөр өөрсдийнхөөрөө энд тэнд уран бүтээлээ туурвиж явдаг байлаа. Тэгээд тал талд ингэж явснаас нийтээрээ нэгдэж бүтээл хийе гэсэн санал гараад хоорондоо нэгдэж “Click click boom” бүлгэм үүсэн байгуулагдсан даа. Одоо тэгээд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр найз нөхөд гэхээс илүү нэгэн гэр бүл болчихсон байна. 

-Одоогоор хамтлагийн ихэнх гишүүд тус тусын амьдралтай болж, зарим нь бие даасан уран бүтээлүүдээ хийгээд явж байна. “Click click boom” дахиж бүрэн бүрэлдэхүүнээрээ нэгдэж уран бүтээл гаргах уу? 
-Харин сонсогчид энэ тал дээр их хүлээлттэй байгаа нь анзаарагдсан. Бидэнд бодсон зүйл, хэрэгжүүлэхээр ярьсан юм байгаа. Цаг нь болохоор сонсогчдодоо хүргэх болно.   
-Танай бүлгэм хамгийн нэр хүндтэй, нийтэч байсаар ирсэн. Сонсогчдоос “Нэг ч муу гишүүн үгүй” гэх үнэлгээ байнга дагалддаг. Харин яг хамтлагаар уран бүтээл туурвиж байх тухайн цаг хугацаанд хип хопын талаар сөрөг ойлголтууд нийгэмд их байсан шүү дээ. Өдийг хүртэл хамтдаа байж чадсаны хамгийн том шалтгаан нь юу вэ? 
-Хамгийн гол зүйл нь гэвэл ерөөсөө л нөхөрлөл. Нэг нэгнээ ойлгодог, үзэл бодлыг нь хүндэтгэж ирсэн бүх шалтгааны гол цөм нь нөхөрлөл байсан. Тэр ч бүү хэл хоёрхон гишүүнтэй хамтлаг хүртэл хоорондоо маргаснаас болж үгүй болох тохиолдол байдаг. Гэтэл манай бүлгэм өдий хүртэл явж ирсэний хамгийн том шалтгаан нь ердөө л тэр. Бидний нөхөрлөлийн эрхэм сайхныг мэддэг учраас ч залуус хүндэтгэдэг, өдий болтол “Click click boom”-ийн сонсогчид байсаар ирсэн гэж боддог. Хүмүүс манай бүлгэмийн найзуудыг шивээстэй, реп хийдэг, нэг тийм гангстерууд гэж хардаг. Би бол бүх найзуудаа мэднэ, тэд зөв зорилоготой, зөв үзэл бодолтой, маш зөв хүмүүс. Магадгүй зөв хандлага ч бидний нөхөрлөлийг улам бат бэх болгодог болов уу. 
-Хамтлагийн гишүүн Десант UBS телевизтэй хамтран реп сонирхогчдын дунд хамгийн анх зохион байгуулсан “Backyard” тэмцээний шүүгч, артистаар ажилласан. Харин таныг тус телевизийн “Universe best songs” тэмцээнийг шүүсэн цагаас эхлэн өөрийнхөө үзэл бодлоос урваж, муулдаг байсан хүмүүстэйгээ хамт нэг ширээнд суулаа гэж зарим сонсогчид шүүмжилж байсан. Энэ талаар ярихгүй юу?
-Би түрүүн өөрийгөө ажилчин анги гэж тодорхойлсон доо. Тиймээс хөлсөө аваад ажлаа л хийсэн. Өөр зүйлгүй. 
-Өмнө нь “Universe best songs” тэмцээнийг шүүмжилдэг байсан юм биш үү? 
-Тийм. Гэхдээ  өөрийн шүүмжилдэг байсан зүйлийг дараа нь засах боломж надад гарч ирсэн. За, би уг тэмцээнд дургүй, тиймээс дургүй чигээрээ л дуусна гэсэн хэт туйлширамтгай үзэл бодолтой байж болохгүй. Энэ бол өөрийн гэсэн үзэл бодлоосоо урвасан, нэг ёсондоо жижнхэнэ жүжиг байхгүй юу. Чамд аливаа зүйлийн бурууг засах боломж гарч ирвэл түүн дээр ажилллах л хэрэгтэй.

ХОЁРДУГААР АНГИАСАА ШҮЛЭГ БИЧИЖ ЭХЭЛСЭН 

-Охиноо сургуульд нь хүргэж өгснөөр таны нэг өдөр эхэлдэг гэж сонссон.  Охиныхоо ирээдүйг хамт бүтээлцэж буй энэ зам аз жаргалаар дүүрэн байх нь мэдээж, тийм үү? 
-Тэгэлгүй яахав. Манай гэрээс гараж маань жаахан зайтай байдаг. Өглөө 6:30 гэж босоод гараж руу очиж машинаа авна, дараа нь гэртээ ирэнгүүт охиноо сэрээж, өглөөний цайг нь бэлдэж уулгачихаад хамтдаа сургуулийнх нь зүг явдаг. Ер нь охиноо өөрийн биеэр сургуульд нь хүргэж өгч, хичээл тарахад нь өөрөө очиж авахыг илүүд үздэг. Тэгэхгүй бол хааяа гадуур элдэв бусын юм болдог, зарим нэг мэдээ зэргийг хаяа харахаар айх юм байна шүү дээ. 
-Та зөвхөн өөртөө л найддаг, бусдад нэг их итгэдэггүй хүн юм уу?
-Хүнд найдаж, итгэдэг. Гэхдээ хэзээ хаана, хэнд, хэрхэн итгэх вэ гэдгээ бодно. Тэр хамгийн чухал асуудал.
-Таныг харахад нэг бол олон сайхан найз нөхөдтэй, нээлттэй хүн юм шиг. Нөгөө талаар өөрийн гэсэн үзэл бодлын том цайз бий болгочихсон,  түүн рүүгээ бусдыг нэг их халдаадаггүй чанд хатуу хүн шиг санагдлаа. Яг аль нь вэ? 
-Би өөрийнхөө хийж чадах зүйл дээр бусдын дэмжлэгийг авах дургүй. Өөрөө тэр зүйлийг хийж чаддаг бол бусдыг гуйж яах юм гэж боддог. Чаддаг юмаа залхуурахгүй, хойш суухгүй хийчих хэрэгтэй. Харин чадахгүй зүйл дээр “сайн хүн”-ийг олж ажиллуулах нь чухал байдаг. Ердөө л энэ. 
-Хуримаа нэлээд хожуу хийсэн. Шалтгаан нь юу вэ?
-Залуу гэр бүлд байдаг мөнгөний л асуудал. Бид хоёр танилцаж хамтын амьдрал эхлүүлснээсээ хойш зургаан жилийн дараа хуримаа хийсэн. “За одоо хуримаа хийе” гэж ярилцаад байраа барьцаанд тавьж байгаад л хуримаа хийсэн дээ. 
-Мэдээж нэгэн насны ханиа олно, хуримаа хийнэ гэдэг бол хүний амьдралын чухал сонголт шүү дээ. Таны хувьд энэ бүсгүйтэй л хамт амьдрая гэж зориглоход, шийдвэр гаргахад хүчтэй нөлөөлсөн зүйл юу вэ? 

-Энэ бодож сонгодог зүйл биш байхаа. За, энэ миний хань мөн байна гэх юм уу, эсвэл энэ хүнтэй хамт амьдарвал яах бол гэж нэг ч удаа ажил хэрэг шиг бодож байгаагүй. (инээв) Сэтгэл өөрөө шийдээд л явчихдаг юм билээ. Хайр сэтгэлийн асуудал дээр сүртэй бодох юм байдаггүй. Гол нь хүн хүндээ итгэх итгэл л чухал. 

-Өвөөгөө та өөрт тань хамгийн их нөлөө үзүүлсэн хүн гэж ярьсан. Өвөөгийнхөө талаар дурсаач. Хувь хүний түүх гэдэг бол хамгийн сонирхолтой, бас сайхан зүйл шүү дээ?
-Тийм. Миний өвөөг Цэрэндагвын Шагдар гэдэг, сэтгүүлч мэргэжилтэй хүн байсан. Манайх Өвөрхангай аймгийн Цэргийн ангид байсан. Тухайн үед би цэцэрлэгээсээ оргочихдог жаал байлаа. Гэртээ ирээд орон доогуур нуугддаг. Тэр үед айлууд бүгд орон доороо сонин дэвсэж юм хумаа хатааж, сэврээдэг байсан шүү дээ. Би сонин дээрх үсэгнүүдийг ахаасаа асууж шалгаасаар байгаад багаасаа уншаад сурчихсан. Нэг удаа ээжийг ажлаас орж ирэхэд нь сонин барьчихсан сууж байсан гэсэн. Ээж жаахан шоолох маягтай “Миний хүү юу уншиж байгаа юм” гэхэд нь “Ээж энэ масло их үнэд орсон байна шүү” гэж хариулсан гэсэн. Ээж айн за, их том юм ярьж байнаа гээд л сонинг нь аваад үзсэн чинь үнэн байдаг. Тэгээд дөрвөн настайгаа уншаад сурчихсан байсан болохоор ээж намайг өвөө рүү дагуулж очсон. Өвөө намайг “Шидэт хүүрийн үлгэр”-ээс авахуулаад олон ном уншуулдаг, уншсан номын утгыг заавал яриулдаг байсан даа. Сайн уншиж ойлгосон байвал “улаан ус” авч өгч урамшуулдаг байлаа. Багаас надад байсан хүсэл сонирхол, үг бичих авьяасыг өвөө маань хөгжүүлж, нээж өгсөн гэж боддог доо. Хүүхэд байхад өвөө миний баатар байсан. Өвөөгөө дууриагаад хоёрдугаар ангиасаа л шүлэг бичиж эхэлсэн. 
-Мэдээж анх Gee “Далдайна” дууныхаа үг шиг Толгойтын хашаанаас тоглоомонд орсон үеэс л хип хоп урлаг доторх янз бүрийн өрсөлдөөнтэй нүүр тулж ирсэн. Энэ бүхнийг даван туулж, өнөөдрийн өндөрлөгт хүрэх хүртлээ өөрийн үзэл бодлыг зөвхөн дуугаар л илэрхийлж, бас бүрэн дүүрэн хамгаалж чаддаг байсан уу? 
-Хүмүүсийн зүгээс надад үзэл бодлын хувьд их өөрчлөгдөж байна гэдэг шүүмжлэл заримдаа ирдэг. Би тэр хүмүүст баярладаг. Яагаад гэвэл би өөрчлөгдөж, шинэчлэгдэж чадаж байна. Насан туршид зөвхөн нэг үзэл бодолд хайрцаглагдаж явна гэж үгүй. Тэгвэл хөгжил нь гацсаны шинж. Гэхдээ сайн тал руугаа хувьсах хэрэгтэй. Би өөрийгөө сайн тал руугаа өөрчлөгдөн явж байгаа гэж боддог. Нөгөө талаар би өөрийнхөө үзэл бодлыг дуугаараа илэрхийлсээр, хамгаалсаар ирсэн. Цаашдаа ч хамгаалсаар л байх болно. Зарим нь үүнийг ойлгоно, зарим нь ойлгохгүй. Тэгээд ч би дэлгээд тавьчихсан ном биш учраас хүн болгон намайг ойлгож чадахгүй. Тийм боломж байхгүй. 
-Рок попынхон болоод хип хопчдыг хар тамхи их хэрэглэдэг гэх хавтгайрсан үзэл газар авч байна л даа. Бүр нийтэд ил болсон нь ч бий. Та  мансууруулах бодис хэрэглэж байсан уу? Ер нь энэ талаар ямар байр суурьтай байдаг вэ?
-Яахав зарим нэг хэрэглэсэн хүмүүс нь эхнээсээ хууль шүүхийн байгууллагуудаар шалгагдаад явж байх шиг байна. Бидний хувьд бол тийм зүйл байхгүй. Нөгөө “Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино” гэдэг л хүмүүсийн дунд яваад байгаа болов уу. Өөр нэг зүйл гэвэл хип хопчид л юм чинь хар тамхи хэрэглэдэг л байж таарна гэсэн хүмүүсийн гүжирдэж боддог сөрөг ойлголттой холбоотой. Миний мэддэг хип хоп найз нөхдийн дунд ийм асуудал гарч байгаагүй, бид уран бүтээл дээрээ ч энэ зүйлээс хол байх ёстойг үргэлж уриалсаар ч ирсэн. Зарим хүмүүс хэрэглэдэг болсон нь ил болчихоод байгаа ч гэсэн би тэдэнд яг юу тохиолдсоныг мэдэхгүй байж алдаан дээр нь бас “нүдмээргүй” байна. Хувь хүн бүр л өөрсөддөө дүгнэлт хийгээд, энэ зүйлээс хол байгаарай л гэж хэлье дээ. 
-Таныг ямар ч хэвлэл мэдээллийн хэрэгслээс илүү нөлөөтэй болсон гэх юм? Ялангуяа реклам сурталчилгааны саналд их даарагддаг болсон шиг?
-Реп хөгжим одоогоор хамгийн дуулиантай, сонсогчидтой зах зээл гэж би ярьсан даа. Тэр утгаараа зарим нь реклам, сурталчилгаанд ажиллуулахад олонд сайн хүрч чадна гэж хардаг байх л даа. 

БИ СОНГУУЛИЙН РЕКЛАМАНД ХЭЗЭЭ Ч ТОГЛОЖ БАЙГААГҮЙ
 

-Та фэйсбүүк дагагчийнхаа тоогоор монголдоо хэдэд ордог вэ. Бараг 600.000 руу дөхөж яваа байх шүү? 
-Одоогоор бол нэгт байгаа. 

-Сүүлийн үед рекламанд их тоглож байгаа. Мэдээж шинэ дуунууд цацагдаж байгаа ч гэсэн “Gee” урьдийнх шигээ байхаа больж бургер, пицца л рекламдаж суудаг болсон гэх шүүмж таныг дагаж харагдах. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ? 
-Би яг ийм асуулт асуугаасай гэж боддог, ихэнх сэтгүүлчид асуудаггүй юм. Энэ бас миний ажил. Хийх ёстой зүйлийн нэг нь л тэр. Би дуугаа дуулаад, уран бүтээлээ хийж л байгаа. Хажуугаар нь сурталчилгаанд тоглодог. Асуусны хувьд бол зөв л дөө, хүмүүс намайг “KFC”-г их рекламдаад байна гэдэг ч юм уу шүүмжлэл ирдэг. Гэхдээ бид өмнө нь тоглолт хийх болоход спонсор ч олддоггүй байлаа. Репперүүд танхай, хөгийн гэдэг хандлагатай, танайхан гэрээний нөхцлөө ч биелүүлдэггүй гэх зэрэг үргэлжийн сөрөг байр суурьтай байсан. Одоо тэгвэл сурталчилгаанд хүртэл урьж тоглуулж байна. Энэ маань цаашлаад дараа дараагийн артистууд, шинээр төрж буй уран бүтээлчдэд шинэ боломжийг нээж өгсөн зүйл гэж би хардаг. Сүүлийн үед шинээр мэндэлж буй уран сайхны киноны “ost”-ийг репперүүд ихээр дуулах боллоо. Хүмүүс хип хоп сонсдог болж, репперүүдийн талаарх үзэл бодол нь өөрчлөгдөж байна. Одоо надаас хойш гарч ирсэн уран бүтээлчидтэй аль нэг хувь хүн, байгууллага хамтран ажиллахаар болвол “Өө репперүүд мундаг, ажлаа яс хийдэг, гэрээгээ сайн мөрддөг, хийсэн ажил нь хүмүүст сайн хүрдэг” гэх эерэг хандлагатай болсон. Энэ чинь сайн зүйл биз  дээ.
Харин нөгөө талаас бол хүмүүс миний тоглосон рекламыг үзэж байна. Тэд үнэхээр хийсэн дууг маань сонсдог бол ийм шүүмжлэл магадгүй гарахгүй байх. Тэр хүмүүс зөвхөн “KFC”-гийн реклам л үзээд байгаа байхгүй юу. Би одоо долоон цомог гарчихсан, дараагийн цомгийн ажилдаа орчихоод сууж байна. Дуугаа дуулаад, клипээ хийж хүмүүст хүргэсээр л байгаа. Гэхдээ хүмүүс намайг юу гэж бодох, дүгнэх нь надад үнэхээр хамаагүй. Анхнаасаа би хэн нэгэнд таалагдах гэж уран бүтээл хийгээгүй, би өөрийнхөө хүслээр явсан, өөрийнхөөрөө л амьдарч байна. Хүмүүст таалагдахын тулд рекламны зураг авалтанд орохгүй, кинонд тоглохгүй гээд байвал ёстой жинхэнэ жүжиглэлт чинь тэр. Гэтэл би хийх ёстой ажлаа хийгээд, жинхэнэ өөрийнхөөрөө, яг урьдийнхаараа энд ярилцлага өгөөд л сууж байна. Намайг рекламанд тоглодог л гэдэг гэхдээ хэзээ ч сонгуулийн рекламанд тоглож байгаагүй гэдгээ л ам бардам хэлье.

БИ ӨМНӨ НЬ ХИЙЧИХСЭН УЧРААС ОДОО БОЛ ДИСС ХИЙХЭД ЗОРИУЛАХ ЦАГ ГЭЖ БАЙХГҮЙ

-Өнгөрсөн онд “Зогсохгүй” нэртэй долоо дахь цомгоо гаргасан. Цомог болгон өөр өөрийн цогц агууламж, давтагдашгүй шинж чанартай байх нь ойлгомжтой. Харин Gee уран бүтээлчийнхээ хувьд цомгоос цомгийн хооронд хэрхэн өөрчлөгдөж, хувьсаж чаддаг вэ? 
-Анхны цомог гаргах үед би ганцаараа байсан, дараа дараагийн цомгууд мэндлэх үед гэр бүлтэй болох гээд амьдралын тойрог дотор олон өөрчлөлт гарсан. Тэр өөрчлөлтүүд намайг уран бүтээлчийн маань хувьд ч сайн тал руу өөрчилсөн гэж боддог. Ер нь би шинэчлэгдэхгүй байвал л асуудалтай гэсэн үг. 

 

-Анх гаргаж байсан дуунуудад нийгэм болоод, урлаг соёл, тэр дундаа рок попынхныг их шүүмжилдэг байсан. Харин сүүлд гаргасан дуунууд өнгөрүүлсэн замаа эргэн дурссан, аялал зугаалга гээд амьдралын гэгээн тал руу өнгийж эхэлсэн шиг санагдана. Gee тэгвэл аав хүн болоод томоожиж байгаа гэж ойлгох уу? 
-Үзэж туулсын юмсын туршлага гэж байна. Магадгүй аав болсонтой ч холбоотой өөрчлөлтүүд зөндөө гарсан. Уран бүтээлийн хувьд цаг үетэй холбоотой шинэ зүйлүүд гарч ирсэн. Авахыг нь авч, гээхийг нь гээгээд л явж байна. Би нийгмийн болж бүтэхгүй байгааг бусдад таниулах, муу зуршлаас холдохыг уриалсан дуунууд хийж байсан. Одоо хийж байгаа амьдралын гэгээн тал руу өөрчлөгдөхийг уриалсан бүтээлүүд ч хоорондоо нэг их ялгаагүй болов уу гэж харж байна. Үзэл санаа, агуулгын хувьд. 
-Маш сайн өрсөлдөгч хувь уран бүтээлчийг бас хурцалж байдаг. Реппер Цэцэ та хоёрын дисс хэдэн жилийн өмнө хип хоп ертөнцөд нэлээн шуугиан тарьсан. Өнөөдрийн Монголын хип хоп та хоёрын үе шиг тийм шуугиантай байхаа больчихсон юм шиг уйтгартай санагддаг уу танд? 
-Диссгүйгээр хип хоп яагаад уйтгартай байна гэж. Яагаад хоёр хүн муудалцахаар хүмүүст сонирхолтой байдаг юм. Тийм зүйл огт үгүй. Хүмүүс нэг нэгнээ муулах нь тийм гойд гоё зүйл биш. Миний хувьд диссийг үзэл бодлоо харуулах гэж, нөгөө талаар өөрийгөө хамгаалж хийдэг байсан. Хип хоп гэдэг бол миний бүтээсэн зэвсэг байхгүй юу. Энэ зэвсэгээр хүмүүсийг сайн сайханд уриалах хэрэгтэй. Буруу зүйлийг нь хэлчихдэг байх нь зөв. Түүнээс хүн “буудахад” зориулагдаагүй. Энэ зэвсэг бол бусдыг өөрчилдөг, өөрийгөө илэрхийлдэг зүйл. Харин би одоо болтол асуултанд чинь дурдагдаад байгаа хүнийг өрсөлдөгч гэж хардаггүй. Энэ нь тухайн хүн миний өрсөлдөгч болж чадахааргүй муу хүн гэсэн үг биш. Би хэн нэгнийг мууллаа гээд амжилтанд хүрэхгүй. Зүгээр л чанартай уран бүтээл хийхийг хүсдэг. Тиймээс “чанар” бол миний өрсөлдөгч. 

Би BIG GEE Надад гадны соёл хамаагүй

-Одоо ч гэсэн шинээр төрж буй зарим нэг репперүүд таныг дисс хийх нь бий. Хамгийн сүүлд Pacrap гэж репперийн дисс хийснийг олж сонссон. Харин таны хувьд тэр болгонд хариу өгч сөргөлдөхөө больчихсон шиг харагддаг. Яагаад тэр вэ?
-Хүмүүст миний өмнө хийсэн диссийг сонс гэж хэлмээр байна. Би өмнө нь хийчихсэн байхгүй юу. Одоо буцаад тэр үе рүүгээ очиж яах юм. Хүмүүс дисс хийж л байг, би өмнө нь бүх юмаа хийчихсэн юм чинь одоо хүн болгонтой зууралдаад байж байх цаг надад байхгүй. 
-Шинээр төрж гарсан мөн та репперүүдийг ихээхэн дэмжиж ажилладаг. Wolfizm буюу Гэсэрийг “Real label” дээ уран бүтээлчээр авч байсан. Сүүлд Гэсэр тусдаа гарч бүтээл хийх үед хүмүүс олон янзын таамаг дэвшүүлж байсан. Одоо та хоёрын харилцаа хэвийн байдаг уу?
-Бид хоёрын харилцаа зүгээр, байнгын холбоотой байгаа. Баяр ёслолын үеэр “Ахдаа мэнд хүргэе” гээд утсаар ярьдаг. Хүмүүсийн бодсон шиг маргалдсан зүйл байхгүй. 
-Vandebo хамтлагтай хэрхэн хамтарч уран бүтээл хийсэн талаар ярихгүй юу. Одоо өсвөр насны хүүхдүүд тус хамтлагийг маш ихээр сонсдог. Тэгэхээр энэ тухай үзэл бодлоо хуваалцах нь сонин байх болов уу?
-Би ер нь таалагддаггүй, муу уран бүтээлчидтэй хамтардаггүй. Сайн уран бүтээлч гэж бодсон хүмүүстэйгээ л хамтарсан уран бүтээл хийгээд явчихдаг. “Зогсохгүй” дууг би Vandebo хамтлагийн залуустай хамтарч хийсэн, “Түгшүүр” гэдэг дууг тус хамтлагийн залуус надтай хамтарч хийсэн. 
-Өнөөдөр пянзны хэрэглээ буцаад сэргэж байна. Энэ онд гэхэд л нэлээд олон уран бүтээлч, хамтлаг дуучдын пянз хэвлэгдсэн. Танд пянз хэвлүүлэх бодол байна уу? 
-Пянз хэвлүүлнэ. Харин хэзээ, ямар дуунуудтай пянз гаргах вэ гэдэг нь цаг хугацааны л асуудал. Пянзыг яг сонирхсон, пянз тоглуулагчтай хүмүүс авах байх. Мөн цугуулдаг хүмүүс ч байдаг. Ямартаа ч пянз гаргана гэсэн бодолтой байгаа. 
-Мэдээж Казахстан улсын реппертэй хамтарч дуунууд хийж байсан. Өвөрмонголын дуучидтай ч юм уу цаашид илүү гүн хамтран ажиллах талаар юу боддог вэ? Тэгвэл илүү том зах зээл рүү хөл тавина. Мөн тэдгээр уран бүтээлчдийн дууг монголын хип хоп гэж тодорхойлох нь зөв үү?
-Үүн дээр бол ярих юмтай. Мэдээж тухайн реппер монгол хэлээр үглэж байгаа л бол энэ монгол хип хоп мөн. Энэ хүмүүстэй хамтарч хийсэн юм нэлээд байгаа. Өнгөрсөн онд Өвөрмонгол, Буриад, Халимаг зэрэг улсуудын артистуудтай хамтарсан “Хил хязгааргүй” гэдэг цомог бүтээж хүмүүст хүргэсэн. Үүнд бол ашиг олох ямарч бодол агуулагдаагүй. Бидэнд хариуцлага гэж юм байдаг. Эх хэл, үүх түүх, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна гэж хэлж болно. Тухайн хүмүүстэй хамтарснаар бид монгол туургатан, хилээр зааглагдсан ч “хэл соёл”, үнэт зүйлүүд нэгтэй юм шүү гэдэг утгыг л харуулах гэж зорьсон. 
-Дараагийн цомгийн ажилдаа орчихсон гэж байсан. Шинэ цомгийнхоо нууцаас хуваалцахгүй юу?
-Одоо залуусын дууг сонсож байхад хоёрхон сэдэвтэй л байна. Нэгдүгээрт, би мундаг, чи “миа” гэдэг, эсвэл би мөнгөтэй чи ядуу гэдэг юм л дуулдаг. Хоёр дахь нь бол хайрын сэдэв. Өөрийнхөө хийж чадах, мэдэх болгоныг “чанартай” сайн хийх юмсан гэж би боддог. Хийж байгаа ажлаа дэлгэрэнгүй яриад байх бас дургүй л дээ. Миний найм дахь цомог сэдэв маш сайтай гэж л хэлэе дээ. Сонсогчдын хүлээлтэнд зуун хувь хүрсэн цомог хийхээр зүтгэж, хөдөлмөрлөж байна.
-Таны нэлээд хэдэн цагийг хугасалчихлаа. Манай сэтгүүлийн урилгыг хүлээн авч цаг зав гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа. 

Ярилцсан | Б.Ганчимэг, Б.Алтанхуяг

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав