“Ярилцъя” та бүхэнтэй ахин мэндчилж байна. Миний өнөөдрийн зочин шинэ цагийн хамгийн алдартай зураачдын нэг Ч.ХҮРЭЛБААТАР. Түүний хэвлэлд өгсөн тоотой хэдэн ярилцлагыг сэтгүүлч миний бие хийж явжээ. Хоорондоо олон жилийн завсарлагатай тэдгээр ярилцлагадаа би хайртай. Зочин нь ховор, дотоод ертөнц нь содон, хувь хүн нь бүр амтлаг болохоор тийм байдаг байх. Ингээд түүний ертөнцөөр хамтдаа аялахыг урьж байна.
-Тантай уулзахаар ирж явахдаа бодож явлаа. Хэдэн жилийн өмнө бид ярилцаж байхад та нэг булангийн тухай ярьж байж билээ?
-Санаж байна.
-Улаанбаатар миний бага насны үеийн бүх шинжээ алдсан. Гэхдээ нэг булан үлдсэн. Нэг тийм чимээгүй гоё булан. Би тэр буланг зурах юмсан гэж боддог гэж. Тэр булан одоо байгаа юу, та зурсан уу. Өнөө өглөө цас ороод гоё байна. Тэр булан бүр л гоё байгаа даа?
-Байхгүй болчихсоон.
-Өө, хэзээ?
-Ноднин. Дээр нь байшин барьчихсан.
-Таны очих дуртай газар байсан болохоор их гунигласан байх даа?
-Нэг ч их харамсаагүй. Улаанбаатарын булан байтугай улс маань алга болчих гээд байгаа юм шиг санагдаад байдаг болчихсон болохоор нэг их харамсаагүй. Одоо ч их олон юманд харамсахаа больж байна шүү дээ.
-Байшин барилга баригдаж байг л дээ. Хот хөгжиж, томорч байх ёстой бус уу. Танаас амьдарч байгаа цаг үедээ уурлаад байгаа юм шиг нэг тийм гутрал хааяа үнэртээд байдаг юм. Яагаад вэ?
-Мэдэхгүй. Энэ хүний хувийн амьдралтай л холбоотой байх л даа. Түүнээс биш өөр онцгой сүртэй шалтгаан юу байв гэж.
-Зураачийн тань тавилантай холбоотой юм биш үү?
-Бас тэгж ч хэлж болох л юм. Нэг талаар.
-Тийм байх. Та улстөрждөг хүн бол биш. Танай зураачдын зарим нь улс төрөөр бас чамгүй хөөцөлдөж яваа харагддаг?
-Би одоо зураг зурж сурах гэж үхтлээ зүтгээд сурахгүй байгаа хүн чинь шал өөр мэдэхгүй юмаар хөөцөлдвөл бүр галзуураад явчихна биз дээ. Тэгэхээр тэр улс төр мөрөөр хөөцөлдөх нь миний ажил биш юм.
-Та манай улсын хамгийн алдартай зураачдын нэг атал өөрийгөө зураг зурж сурах гэж үйлээ үзэж явна гэж хэлж байгаа нь ямар учиртай юм бэ. Би ойлгохгүй нь?
-Үгүй, тэгээд яахав дээ. Зурах тусам чадал хүч дорой байгаа нь мэдэгдээд байгаа юм чинь. Тэгэхээр чинь одоо хэцүү яа даа.
-Репиний академи гомдмоор үг биш үү, энэ?
-Үгүй үгүй, тэр академитай холбоотой биш л дээ. Академиас яахав хүн сурах юмаа сураад гардаг. Би ч гэхдээ нэг их сайн оюутан байгаагүй ш дээ.
-Бүгд л нэг их сайн оюутан байдаггүй шүү дээ?
-Хичээл их тасалдаг хэцүү оюутны нэг байсан л даа.
-Та юу хийгээд таслаад явдаг байсан юм бэ. Та чинь архи уудаггүй, наймаа хийдэггүй?
-Наймаа хийж үзээгүй. Одоо сонин уншиж байхад манай энэ том том улс төрийн зүтгэлтнүүд чинь дандаа л наймаа хийснээ дурссан байдаг юм билээ. Би болохоор наймаа хийж үзээгүй. Наймаа хийнэ гэдэг муу юм биш л дээ. Муу талаар нь ярьж байгаа юм биш. Надад байхгүй л юм байхгүй юу. Юмаа зарчихдаг, борлуулчихдаг, юмны арга эвийг олдог овсгоо самбаатай хүмүүс байна шүү дээ. Надад тийм чадвар цаанаасаа заяагаагүй.
-Та тэгээд Орост өнгөрөөсөн он жилүүддээ юу хийсэн юм бэ?
-Ном уншсан. Музей үзсэн.
-Орос орныг хөндлөн гулд явж үзсэн үү?
-Орос орныг ч нэг их үзээгүй. Тэр үеийн Ленинградад сурч байсан оюутнууд чи тэгэхэд байсан юм уу гээд гайхаад байдаг юм.
-Дурлаж, зугаацсан уу?
-Үгүй.
-Тэр үеийн оюутнууд их тийм романтик үеэ Орост өнгөрөөсөн байдаг шүү дээ?
-Харин тийм, би ер нь яачихсан ч байсан юм. Нутаг орноо санаж сүйд болж байгаагүй. Тэгсэн мөртлөө л нэг тиймэрхүү л амьдралаар амьдарсан. Гэхдээ би одоо тэр үедээ харамсдаггүй.
-Ганцаардаж байсан уу?
-Үгүй дээ.
-Ганцаардал, уйтгар гуниг ер нь таны нутаг юм биш үү. Уран бүтээлээс тань харахад?
-Ер нь бодоход би өөрөө хүн нь нэг тийм хашгичсан хүн биш шиг байгаа юм. Би нэг их хашгираад, инээж хөхрөөд явж байвал худлаа л байна гэсэн үг. Нэг л юм нь болохоо байчихаж дээ л гэж ойлгох хэрэгтэй. (инээв)
-Өөртэйгөө зөрчилдөөд байдаг юм уу?
-Мэдэхгүй, би юутай зөрчилдөж байгаагаа ч мэдэхгүй. Чи түрүүн надаас улс төр гээд л хөндөөд өнгөрч байна лээ. Би бас эрхбиш бичиг үсэг тайлагдсан хүн юм болохоор хааяа сонин хэвлэл уншина л даа.
-Та чинь ямар ч сонин мэддэггүй шүү дээ. Ийм сонин байдаг юм уу, ийм улстөрч бас байдаг юм уу л гэж асууж байдаг хүн шүү дээ
-”Өдрийн сонин”-г манай ээж захиалдаг. Тэрийг нь аваад уншчихна. Танай сонинг уншина. Гэхдээ танай дээр очихоороо л уншдаг юм. Гэхдээ би хүмүүст хэлдэг юм шүү.”Үндэсний шуудан”-г л захиалаарай гэж.
-Яагаад?
-Яагаад ч юм дотно санагддаг л байхгүй юү.
-Баярлалаа. Хоёулаа нөгөө түрүүчийн яриа руугаа оръё?
-Ганаа нэг тийм сайхан хүмүүс байдаг шүү дээ. Зүгээр харахад л сайхан. Бүр юу ч боддоггүй байх даа гэмээр. Сайхан дөлгөөхөн, тайван, тавиухан, зовлонтой юм юу ч байхгүй урсаад л. Тийм улсад атаархана гэж яана. Нэг тийм юунаас ч хамааралгүй амьдарч явдаг хүмүүст. Гэхдээ тэр нь бүх юмны оройд гарчихаад хамааралгүй болчихсон улсад би атаархаж байгаа юм биш. Зүгээр нэг сайхан амьдарч байгаа улс байна ш дээ. Юунд ч тачааддаггүй, тэлчилж зовдоггүй. Хөдөө нутагтаа, насаараа нэг дэрстэй буланд амьдраад амьдралыг барж байгаа. Орчлонгийн сайхан болгоныг мэдэрчихсэн, нэг тийм дүүрэн жаргалтай сайхан хөгшид байна шүү дээ. Тэдний гоёыг ээ. Атаархаж үхмээр гоё. Миний таньдаг гүүрний манаач нэг өвгөн байдаг юм. Би хааяа загасанд явахдаа очиж хонон өнжиж ярьдаг. Мань хүн гүүрээр нь машин гарахаар 500 төгрөг авдаг. Гэхдээ өөртөө биш шүү дээ. Бас тэрнээсээ цалинждаг гээд байгаа юм аа. (инээв) Тэр муу гүүрнийхээ хажууд л насыг барж байгаа хүн. Яриа хөөрөө өргөжөөд явчихаар бас тийм ч тохьтой томоотой хүн биш юм шиг. Тэгсэн хэрнээ хэний ч өөдөөс хараад юмаа хэлчихдэг өөрийн гэсэн бардамнал тээчихсэн. Сэтгэл хангалуун, аз жаргалтай, нэг тийм дүүрэн шинж дандаа илэрч байдаг. Би тэр хөгшин дээр очих их дуртай.
-Та миний сайн мэддэг нэг хүнтэй яг ижилхэн атаархалтай юм байна. Сонин аж амьдрал, сонин хүмүүст атаархах юм. Баян хүмүүс ч уг нь бас атаархмаар шүү дээ?
-Би баян хүнд атаархдаггүй, бас уурладаггүй. Юунд нь атаархах юм бэ.
-Баян улс үнэхээр атаархмаар юм аа. Өвдсөн ч яваад л эмчлүүлчихнэ. Хүссэн болгоноо худалдаад авчихна. Эрх мэдлийг ч худалдаад л авчихна. Атаархмаар биз дээ?
-Тэрэнд чинь хүн атаархаж болохгүй л дээ.
-Бүсгүйг ч худалдаад авчихна. Арай хайр дурлалыг худалдаад авчихдаг байх ч гэж бодохгүй байна л даа. Гэхдээ аягүй олон юмыг худалдаад авчихаж чадаж байгаа нь тэдний хувьд аз жаргал байдаг ч юм бил үү?
-Тийм байх л даа. Би нэг их баян улсад хорсдог хүн биш. Тэднийг ерөөсөө буруушаадаггүй. Одоо нэг тийм үзэгдэл бас яваад байна. Эднүүс яагаад баяжчихав, муусайн хулгайчуудыг устгая гээд л. Барьсан босгосон юмыг нь нулимаад л. Тэд чинь бас үйлээ үзэж, нохой гахай чирч явж боссон улс байгаа шүү дээ. Миний таньдаг, мэддэг улс дунд тэгж бүр тэгээс эхэлсэн, олон жил тэрийгээ хөгжүүлж явж баялаг бүтээсэн нь олон бий. Тэр хүнд үед тэднийг тэгээд явж байхад би гэртээ зургаа зураад л сууж байсан. Өөрөө тэгж яваагүй байж буруутгаад яах юм бэ. Хөлтэй болгон Москва, Бээжингийн хооронд хөлхөж, хөдөлж байсан. Тэгэхэд би нэг ч удаа яваагүй.
-Та сортойтой, овсгоотой явж мөнгө олж чадаагүйдээ уурладаг юм биш биз дээ?
-Яалаа гэж.
-Заримдаа Та улс төрд аягүй уурлачихсан явж байдаг. Таны найз нөхөд дотор улстөрчид зөндөө бий. Талийгаач С.Зоригоос авахуулаад бүгдтэй нь л найз биз дээ. Одоо С.Зоригийн найзууд засаг барьж байна. Зарим талаар сэтгэл ханаж байна уу?
-Үгүй, үгүй. Надад хэн засаг барих нь нэг их сонин биш.
-Эд нар жаахан юм хийчих шинж байна уу. Би зүгээр таныг нийгмийн нэг эд эсийн тань хувьд асууж байгаа юм?
-Үгүй.
-Яагаад, Э.Бат-Үүл дарга гэхэд уулан дээр байгаа айл болгонд дулаан авааччих гээд байх шиг байна ш дээ?
-Тийм үү. Уг нь Э.Бат-Үүл Улаанбаатарт хайртай л байх ёстой хүний нэг дээ. Гэхдээ хэн билээ энэ ерөнхий сайд чинь. Н.Алтанхуяг бил үү, тэрний ажлаас жишээ нь, Э.Бат-Үүлийн ажил чинь өөр биз дээ. Э.Бат-Үүл энэ Улаанбаатарыг суга татаад ирвэл сайн л биз дээ. Өөрийнх нь л нэр гарна. Гэхдээ Э.Бат-Үүл ч нэрээ гаргах гэж нэг их зүтгэхгүй байх л даа. Төрсөн хотынхоо төлөө зүтгэх гэж байгаа хэрэг.
-Гэсэн ч нэг их итгэл найдвар төрөхгүй байна уу?
-Одоо энэ байж байгаа царайг нь харахаар төрөхгүй л байна шүү дээ. Би бол зураг зурахаас өөрийг хийгээгүй хүн. Зураг л зурсан. Улс төр мөрд нь оролцоогүй. Зураач яруу найрагч энэ тэр болж үзээгүй. Шүлэг мүлэг уншиж гүйгээд л, зураач ч байх гэж үзээд явдаг, од ч болох гэж үзээд явдаг, депутат ч болох гээд үзчихдэг олон мэргэжил, мэдлэгтэй янз янзын хүмүүс байна шүү дээ. Би тэгээгүй. Зөвхөн зураг л зурж яваа. Тийм болохоор би нүүр бардам хэлнэ. Зургийн өмнө нүүр бардам амьдарсан. Зөвхөн нэг л юманд үнэнч яваа хүн гэж өөрийгөө хэлнэ. Энэ эрлээ улам хэцүү болох бүр мөлхөөд л, хуруу хумсаа хэмлээд л нэг тийм харанхуй газар дор орчихсон шиг явж байгаа л хүн. Би нэг их авьяастай биш юм шиг байгаа юм. Байгалаасаа. Тэгээд л юм хийх гэж зовоод байхгүй юу даа. Яг өөрийнхөө тэр хэмжүүрээр л би бусад юманд ханддаг.
-Энэ арай худлаа байх аа. Хэрэв тийм бол энэ аягүй том зовлон шүү дээ?
-Чи миний яриаг битгий тасал л даа. Би өөрийн энэ хэмжүүрээ алдахыг хүсдэггүй. Тийм болохоор л заримдаа бухимддаг. Одоо энэ хоёр нам жишээ нь, хэдэн жилийн өмнө яав аа. Өвөр түрийдээ ороод бүр сүйд болоо биз дээ. Тэгсэн чинь одоо дайсан болчихлоо. Ийм хурднаар дайсан болж, ийм хурднаар нөхөрлөж болдог юм уу. Улс эх орныг авч явдаг тэр хүч нам байна уу, юу байна эцсийн зорилгынхоо өмнө л үнэнч байх ёстой. Чигч, шударга, нугаршгүй. Гэтэл үндсэн зорилгынхоо өмнө ингэж салж нийлж, үзэн ядалцаж, урваж байхаар юу болох юм. Нэг болохоор нэг хүнтэй очоод наалдчихдаг, тэснээ хаяж гүйгээд илүү ашигтай хүнтэй очоод наалдчихдаг. Ийм юмнуудыг харж байгаа над мэтийн харанхуй ард түмэн чинь учраа олохоо байж байна шүү дээ. Яасан амархан урвалд ордог улс вэ. Эргээд хэзээ ч нэг танхимд байгаагүй юм шиг ааш аяг гарган бие биесээ үзэн ядалцаж байгаа нь миний хувьд ой гутам явдал. Бидний төлөө л хамаг мөнгөө үрээд сонгуульд орж, өрсөлдөж гарч ирсэн улс гэдэг биз дээ. Эд маань ингэж урваж шарваад, дайсагналцаад унахаар хэцүү юм даа. Хөлд нь нөгөө муу ард түмэн үрэгдэж байна гэдэгт л миний бухимдал байгаа юм.
-Хоёр сарын өмнө та нэг уулзахад ярьж байсан. Жагдалын Лхагва гуайтай нэг зүйлээс болж маргаж байсандаа харамсч байна гэж
-Би нэг их ойр байгаагүй л дээ.
-Гэхдээ маргана, мэтгэлцэнэ гэдэг хоорондоо мэдрэлцдэг хүмүүсийн л харилцаа шүү дээ?
-Би залуу, тэнэг л байсан байхгүй юу. Ер нь залуу нас чинь жаахан тийм тэнэгдүү тал руугаа шүү дээ. Тэр бол айхтар хүн байж л дээ. Нуух юу байхав. Би П.Очирбат гуайг өмөөрч, Ж.Лхагва гуай Л.Түдэв гуайг өмөөрч маргахгүй юу. Тэр хоёр ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан. Дараа нь би энэ П.Очирбат ерөнхийлөгчийг “Алт” хөтөлбөрийг гаргахад аягүй их харамссан. Саналаа өгсөн сонгогчийн хувьд би харамсах эрхтэй л дээ. Тэр хөтөлбөр бол одоогийн энэ их газар нутаг сэндийлэлтийн их шав байсан. Одоо бүр хярамцаг болж хувирлаа л даа. Би чинь ардчиллыг их дэмжигч хүн л дээ. Одоо ч гэсэн. Яагаад гэвэл би уран бүтээлч хүн учраас. Намайг 20 настай байхад л хувьсалт намд элсүүлэх гэж оролддог л байсан. Дөнгөж сургууль төгсөөд ирсэн хүүхдийг орлогч гишүүнээр элсэх өргөдөл бичээд ир гээд л. Би халгаахгүй. Ер нь би жаахан тийм коммунист чиглэлийн бодлого, сурталд дургүй хүн байсан. Харин Э.Бат-Үүл сая зөв юм хийлээ. Лениний хөшөөг аваад хаячихлаа.
-Хөшөө байж л байна биз дээ. Тэр нэг их сүртэй асуудал биш шүү дээ. Өөрсдөө цагтаа тэр хөшөөний өмнө малгайгаа аваад бөхийж байсан л улс шүү дээ?
-Долдугаар сарын 1-ний үймээнээр би нэг найзтайгаа хамт нүдээ хорстол тэнд бас зогссон. Тэр залуучуудад зөндөө хэлээд сонсоогүй. Үгүй, та нар наад нэг байшингаа битгий шатаагаач ээ. Энэ хөшөөг л аваад хаячих гэж хэлээд дийлээгүй.
-Юу хийж та бас тэнд явж байдаг байнаа. Хөгжилтэй юм. Тэнэсэн суманд оногдчихвол яана?
-За, гайгүй биз. Тэгээд нулимсаа гоожтол, хоолойгоо сөөтөл хашгираад бараагүй. Залуучууд юун тэр хөшөөг тоох манатай. (инээв) Тэгээд сая тэр хөшөөг авч хаяхад нь би дотроо их таатай байлаа. Би Ленинийг нэг их аймаар үзэн ядагч биш л дээ. Гэхдээ байж болохгүй юм гэж байдаг байхгүй юу. Би харж л байсан л даа. Э.Бат-Үүл, С.Зориг эд нар эрх чөлөөний талбайд болсон цуглаан дээр өнөөдөр дэлхийн хөдөлмөрчдийн их удирдагч Лениний нас барсан өдөр гээд малгайгаа авч хүндэтгэл үзүүлж байсан. Би харж байсан. Маргааш нь С.Зориг дээр очоод үхтлээ уурлаж байсан. Чи шинжлэх ухааны коммунизмын онолын хичээл заадаг хүн. Чи энэ бүх гай зовлонгийн эхлэлийг тавьсан Ленин мэтийн хүмүүсийн учруулсан үйл лайг сайнаас сайн мэднэ. Тийм атал яахаараа малгайгаа авч хүндэтгэл илэрхийлдэг юм гээд л. Тэгэхэд манай Зориг тэгэх хэрэгтэй байсан юм аа гэж хариулсан л даа. Тэгээд л би энэ улс төр гэдэг чинь ихээхэн заваан юм байдаг юм байна даа гэж ойлгосон.
-1996 онд тэднийг засгийн эрх авсны дараа Та найзууд дээрээ очиж нэг их уурлаж зэмлэсэн гэдэг. Тэр юунаас болсон юм бэ?
-1998 он л доо. Товчхон хэлэхэд галзуурцгаасан юм. Ихээхэн галзуурсан шүү. Юун нөгөө хуучин коммунистууд. Тэднээс илүү ярвайсан, бие биедээ нялганасан долигносон улс болчихсон байсан. Би бүр ёртой юм шиг тэгж уурлахдаа та нар дараагийн сонгуульд ялагдана даа гэж хэлж байсан. Тэгээд ялагдсан ш дээ.
-Ялагдана даа гэж хэлээд байх даа яах вэ дээ. Та нээрээ хөгжилтэй шүү?
-Тэгээд л хэлчихсэн. Үгүй, ингэхэд бид хоёр чинь яагаад энэ заваан сэдэв рүү орчихов оо.
-Уран бүтээлч хүний зүрх сэтгэлээс гадуур ч сэдэв бас биш шүү дээ. Эргээд Жагдалын Лхагва гуай руу оръё. За, яахав ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс болж та хоёр маргажээ. Харин тэгж маргаж байсандаа яагаад хожим хойно гэнэт харамссан юм бэ?
-Яахав дээ, П.Очирбат гуай анхны Ерөнхийлөгчийн хувьд ард түмэн нь хүндэтгэл илэрхийлж барьж өгсөн байшинг зарчихаар нь миний сэтгэл үнэхээр гутсан. Энэ улс орон ямар хүнд хэцүү үедээ барьж өглөө дөө.
-Зах зээлийн үзлээр бол эзэн нь юмаа зарна уу яана тэр хүний эрх биз дээ. Ёстой нөгөө лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү гэдэг шиг?
-Тийм биш ээ, Ганаа. Ёс зүйн хэм хэмжээ гэдэг юм энэ улсад үнэхээр алдагдчихаад байгаа байхгүй юу. П.Очирбат гуай арай өлсөөгүй баймаар. Лангуун дээрээ давснаас өөр юмгүй, өөрсдөө өлөн зэлмэн шахуу амьдарч байхдаа тэр хүнд бариад өгсөн байшин шүү дээ. Би түүний оронд байсан бол яаж ч ядарч байсан ядахдаа ичээд зарж чадахгүй байсан. Хүнд яаж ч болохгүй хэцүү үе тохиодог л доо. Ард түмний минь сэтгэл шингэсэн юм энэ тэр гэж бодох манатай хүнд байдалд орж хэцүүдсэн л юм байлгүй дээ, тэр хүн. Энэ мэдээллээс болж миний дотор их хачин болсон. Тэгээд л Лхагва гуайтай тэр хүнээс болж маргаж байсандаа гэнэт харамссан.
-Таныг зарим нь тасархай авьяаслаг зураач гэдэг. Зарим хүн байгалийн дууч ч гэдэг. Байгаль таны уран бүтээлийн амин сүнс, агуу их хүсэл шунал, цорын ганц хайртай сэдэв тань мөн үү. Миний бодлоор Та энэ улстөрчдөд байгалиас л болж уурладаг юм шиг ээ?
-Тийм л байх.
-Үнэхээр тийм байх аа?
-Чи бодоод үз л дээ. Би Орхон гол дээр жил болгон очдог. Сайхан очоод гол уснаас гуйж байгаад ганц хоёр загас барьчихна. Тэрэндээ их баярлана. Тэгээд зүгээр л голын урсгал харж, тэр гайхалтай чимээг нь сонсч сууна. Үнэхээр энэ хормууд бол миний хувьд агуу их жаргал минь байхгүй юу. Нэг их олон загас бариад л галзуураад явахгүй мөртлөө жилдээ нэг хоёр очоод тэгээд сууж байх сайхан байдаг. Тэгээд би нэг яваад очлоо. Орхон гол ямар ч үертэй байсан, бүр улаанаараа эргэж байсан ч дандаа загастай байдаг, миний үргэлж очдог нэг булан байдаг юм л даа. Тэр рүүгээ л очдог. Очдогоороо очлоо. Орхон гол улаанаараа эргэчихжээ. Гэхдээ үерийн улаан биш.
-Нэг тийм хилэнтэй юү?
-Хилэнтэй биш. Нэг тийм нэг дүлий улаан. Нөгөө газраа очоод дэгээ шидлээ. Юу ч байдаггүй. Тэгсэн нэг морьтой хүү давхиад ирлээ. Ах аа, наана чинь одоо загас байхгүй ээ гэж байна. Чи яаж мэдэж байгаа юм гэтэл. Наадмаар манай голын бүх загас голынхоо хоёр эрэг дээр гараад үхчихсэн шүү дээ. Том, жижиг бүгд үхсэн. Тийм үү, юу болсон юм бэ гэтэл уурхайнхан шороо авчраад асгачихсан юм аа гэчихээд давхиад явчихсан. Долдугаар сарын 18 л байсан юм. Яг тэр жилийн наадмаар тийм явдал болсон гэсэн. Тэгээд л би ахиж Орхон гол дээр очоогүй. Үнэхээр бүх юм байхгүй болж байгаа байхгүй юу. Би тэрэнд л бухимдаад байгаа юм. Хамт загасанд миний явдаг тоотой хэдэн л найз байдаг. Бид голын эрэг дээр хэзээ ч хог хаяж явдаггүй. Бүгдийг нь түүгээд уутанд хийж машиндаа ачаад хотод авчирч хаядаг. Бүх явалтынхаа туршид бид тэгдэг. Миний үхтлээ айдаг юм түймэр тавьчихвий гэдэг айдас. Муухай тамхичин мөртлөө энэ айдас миний тархинд гүн суучихсан байдаг. Өөрийн маань хайрлаж, энхрийлж явдаг байгаль дэлхий маань нүдэн дээр сүйдээд байхаар бухимддаг. Тэгсэн мөртлөө бас учиргүй гүйж очоод ногоон намд элсчихгүй. Хөөрхий хувьдаа бухимдаад л ард түмнийхээ аж амьдралыг өөд нь татах гээд амиа золиослoж яваа энэ хэдэн улстөрчдийг ойлгохгүй муулаад байдаг хүн юм уу даа.
-Та өнгөрсөн цаг үедээ их хайртай хүн шиг санагддаг. Тэр нийгмийн намуун тайван шинж, дагшин тунгалаг байгаль, эвдрээгүй орчин, эвдрээгүй хүмүүс гээд...хайрлан санагалзах зүйлээр дүүрэн байж ч болох юм л даа?
-Хүн болгон өнгөрсөн үедээ хайртай.
Хүн болгон залуу насандаа хайртай. Тэнэг мангар явсан ч гэсэн тэрэндээ хайртай. Алдаагаар дүүрэн байсан ч өнгөрсөн үедээ хайртай. Би ер нь дүгнэлт хийх дургүй. Өөрийнхөө амьдралд ч дүгнэлт хийх дургүй. Өөрийнхөө зөв гэж бодсоноор амьдарч яваад л дуусна. Би өнгөрсөн үеэ хайрлана гэдэг нь социализмыг хайрлаж байна гэсэн үг биш л дээ.
-Тийм байж. Гэхдээ тэр нийгмийн нэг тийм амар тайвныг, танил дотно дүрүүдийг зураачийн хувьд дотроо хайж явдаг юм болов уу гэж хардаг. Хэдэн жилийн өмнө бид хоёрыг нэг ярилцаж байхад та лапаатак Зундуй гэдэг хүнийг зурна гэж ярьж байсан?
-Тийм. Тэгээд зурсан ш дээ.
-Үзэж болох уу?
-Нэг хүн худалдаад авчихсан.
-Та ер нь яагаад заавал тэр хүнийг зурна гэж байгаад зурсан юм бэ?
-Үгүй яахав, миний хүүхэд нас шүү дээ. Тийм улс, тийм дүрүүдийн дунд л миний бага нас өнгөрсөн. Одоо манай дөчин мянгатын хойд талд чинь нэг тийм сонин газар байлаа ш дээ. Мундаг мундаг архичингууд цуглардаг. Гэхдээ тэр нь цөөхөөн. Улаанбаатарт миний мэдэхийн арваадхан л архичин байсан юм. Тэд чинь бүр яадгаа алдчихсан архичингууд шүү дээ. Гудамжны. Гэр оронгүй, одоо юу ч болж явсан юм. Хамгийн муухай нийгмийн хог шаарнууд гэж сонин дээр бичигддэг. Тийм л архичингууд. Гэхдээ бүгдээрээ оросоор ярина. Бүгдээрээ гоё шүлэг уншина. Гуниглаад гоё гоё орос дуу аялна. Тийм л улс байсан юм. Одооны энэ муухай архичидтай тийм улсыг яаж зүйрлэх юм бэ.
-Тань шиг хүүхэд насаа санагалзсан, тийм дүрүүдэд хайртай хүн лапаатак Зундуйн хөргийг худалдаж авч л дээ?
-Тийм байх. Одоо нэг хятад тогооч зурчихсан байж байна. Бас л тэр үед байсан шүү дээ. Хөөрхөн жижигхэн хятад мухлагууд. Нэгээс нь нэг рүү нь ороод л яваад байдаг. Сайхан амттай боовтой, сайхан хоолтой. Тийм хөөрхөн мухлагууд байдаг байсныг тэр үеийн улс бүгд мэднэ. Хааяа нэг дотроо санагалзахаар нэг тийм жижигхээн зурвас үе байсан л даа.
-Та одоо би байгаль зурахгүй гэж хааяа хэлдэг болчихсон байна лээ. Гэсэн ч зурсаар л байгаа. Нэг хүн Таны тухай хэлсэн байсан. Ч.Хүрэлбаатар бол авьяастай, зураачийн хувьд том зураач. Гэхдээ сэтгэлгээний зураач биш гэж. Сэтгэлгээний зураач гэж яг хэн бэ?
-Мэдэхгүй. Тэр хүнээсээ асуухгүй юу. Ганаа, байгалийн зураг зурах чинь нэг талаар маш хэцүү ажил байхгүй юу. Нэгдүгээрт, их хэцүү. Байгалийг янз янзаар зурж болно л доо. Миний энэ хийж байгаа байгалийн зургууд нэлээн өндөр техник шаарддаг юм. Мэргэжлийн чадвар гэх юм уу даа. Хоёрдугаарт, би их амардаг юм.
-Зурсныхаа дараа юу, зурж байхдаа юу?
-Зурсны дараа нэг их сайхан ч юм байхгүй л дээ. Тэр хүний хэлж байгаа нэг талдаа үнэн ч байх. Гэхдээ тэр хүн зураач хүн юм уу.
-Үгүй?
-Тэгвэл ерөөсөө тэр хүний дүгнэлт надад огт хамаагүй юм байна. Би нэг их элдэв хүмүүсийн хэлсэн үгэнд эмзэглээд байдаггүй. Эмзэглэж байсан үе бий. Энэ маань нэг ингээд хэлчихлээ гээд. Эмзэглээд, гутарч байсан үе надад бий. Гэхдээ тэр хүмүүс маань одоо бүгд бурхны оронд оччихсон. Миний хүндэлж явдаг гайхалтай хүмүүс байлаа шүү дээ. Тэд минь үгүй болчихоор нөгөө намайг хэн хэлэх юм, нохойг хэн саах юм гэдэг шиг болчихгүй юу даа. Тэд ч бас надтай адилхан зураг зурах гэж зүтгэж байсан. Одоо ч гэсэн бас зураач нар бий л дээ. Үгийг нь сонсох зураач нар байлгүй яахав. Гэхдээ цөөхөн.
-Уран бүтээлч хүмүүс хоорондоо нөхөрлөх гэж байдаг юм уу. Хэцүү биз дээ?
-Байлгүй яахав. Одоо надтай цуг үзэсгэлэнгээ гаргаж байгаа Дэнзэн байна. Бид хоёр 1981 онд танилцсан. 31 жил нөхөрлөж явна. Муудалцаж үзсэнгүй. Янз янзын ааш гаргаж үзсэнгүй. Асар авьяаслаг уран бүтээлч. Би авьяасыг үнэхээр хүндэлж явдаг. Ямар ч авьяасыг. Авьяас чинь ганцхан зураг зурах, дуу дуулахад байдаг юм биш шүү дээ. Авьяас гэдэг чинь хүнд бурхнаас өгдөг зүйл юм болохоор тийм бурхнаас өгөгдөлтэй, агуу их авьяастай улсыг хэн ч байсан би хүндэлж явдаг. Миний байгаль зурдгийн тухайд бол би байгаль ч зурдаг, хөрөг ч зурдаг. Гэхдээ байгаль нь арай давамгай байсан байх. Миний энэ урт удаан зам бага багаар урагшилсаар, өөрчлөгдсөөр байгаад ямар нэг зүйлд хүрнэ гэж би чамд олон жилийн өмнө хэлж байсан даа. Хүрэх гээд л яваад байдаг. Гэхдээ заавал нэг юм саад болоод байгаа юм аа. Би тэрийг нь өөрөө хийгээд байгаа юм. Өөрөө өөртөө дайсан болоод яваад байгаа байхгүй юу. Ер нь урлаг чинь хартай эмэгтэй хүн шиг их тийм хэцүү юм шүү дээ.
-Яагаад хартай эрэгтэй хүн шиг биш гэж?
-Хартай эрэгтэй хүнийг би ямар мэдэх биш. Хартай эмэгтэй хүн чинь их хэцүү гэж л ярьдаг ш дээ. Надтай нэг их таарч байсангүй. Урлаг өөрөө маш их хартай байхгүй юу даа. Жаахан тийм нэг хөдөлгөөн хийхийг андахгүй. Жаахан урвалтыг өршөөхгүй. Өчүүхэн төдий урвалтыг ч өршөөдөггүй байхгүй юу. Би олон тийм жишээг мэднэ. Тэгэхээр ийм тавиланд баригдчихсан хүн чинь ингээд л тэнэг царайлаад байж байхаас өөр аргагүй. Урвалтууд бол хаа сайгүй байна л даа. Одоо жишээ нь энэ Балхжав хэдэн жилийн турш монголчуудын тархийг солонгос киногоор угаалаа. Энэ бол Монголын ард түмний оюун санаанд дайсан болж байгаа хэрэг биз дээ. Өөрөө болохоор дуу зохиогоод концерт тоглоод яваад байх юм. Тэгсэн мөртлөө улс орон даяар цацаж байдаг мэдээллийн машинаар дамжуулж, улс орны уураг тархийг тэгж хордуулж байдаг. Чи энэ талаар юу гэж боддог вэ.
-Би юу ч гэж боддоггүй. Зүгээр энэ тэнэг асуултаар дамжиж хүссэн хариултаа авчихлаа даа л гэж бодож байна?
-Тийм үү. (инээв) Би аягүй дургүй хүрээд байдаг байхгүй юу.
-Би эртээд Тантай хамт нэг найзын тань урлангаар орсон. Тэнд хэд хэдэн гоё нүцгэн натурын зураг үзсэн. Танд яагаад тийм ажлууд байдаггүй юм бэ?
-Зурмаар л байна. Би чинь зургаан жил өглөө өдөргүй зурсан ш дээ. Шалдан, янз бүрийн насны, янз бүрийн биетэй орос эмэгтэйчүүдийг мөн ч их зурсан. Бүр залхтлаа зурсан. Гэхдээ том утгаараа залхана гэж байхгүй л дээ. Буруу л ярьж байх шиг байна. Одоо ч гэсэн найз нартайгаа ярьдаг л юм. Нэг сайхан натур зурах юмсан гээд. Тэж байгаад зурна л даа.
-Натуртаа сэтгэлээ өгч, татагдаж, дурлаж байж сайн бүтээл болох уу?
-Реалист, сонгодог уран зургийн зураачийн чадал, техник, авьяасыг шалгах шалгуур нь тэр байсан юм. Одоо хүртэл тийм. Тэгэхээр тэрийг зурж чаддаггүй хүн бол өөрийгөө мэргэжлийн, өндөр түвшний зураач гэж бодох хэрэггүй.
-Натур эмэгтэйтэй харилцаж байхад сэтгэл хөдлөлөө дарах давхар техник хэрэг болдог уу?
-Би чиний асуултыг ойлгож байна. Нүцгэн эмэгтэй зурах тухай ойлголт дээр жирийн хүмүүст нэг тийм эротик юм л бодогдоод байдаг шиг байгаа юм. Юун тэр. Тийм юм толгойд орж ирэхгүй алга болдог.
-Натуртайгаа гэрлэсэн зураачид байдаг л юм билээ?
-Тэр ч яахав дээ. Холиод л явчихгүй юу. Эсвэл хүмүүсийн сэтгэлийн асуудал болоод явчихаж байгаа байх л даа.
-Та зураачийн хувьд өөрийнхөө аль үед илүү хайртай вэ?
-Ирээдүй үедээ хайртай. Бий болгох юмаа л хайрлаж, тэрэндээ л өөрийгөө авч очих юмсан гэж бодож явдаг.
-Өөрийнхөө зурганд дурлах гэж байдаг уу?
-Байдаг байх аа. Гэхдээ би нэг их зурсан зургаа ширтээд, бишрээд санаа алдаад суугаад байдаггүй. Зураач нар миний зурсан зураг бол миний хүүхдүүд гэж хэлсэн л байдаг юм билээ. Би дэндүү муухай хатуу ханддаг, зургандаа. Гэхдээ тэр хатуу сэтгэл минь дуусчихвий гэж айгаад байдаг юм. Тэгвэл тэгээд л би баларлаа.
-Та өнгөрсөн жил Ховд, Сүхбаатар аймаг руу явж зурсан. Тэндээс шинэ юм олж үзсэн үү?
-Чи хаанаас олоод үзчихсэн юм.
-Би чинь сэтгүүлч хүн шүү дээ?
-Гайхамшгуудыг үзсээн.
-Тэрийгээ бүгдийг нь гаргасан уу?
-Чадлынхаа хэрээр зурсан. Сүхбаатар аймгийн Шилийн богдын нэг тийм өвлийн өглөөг зурсан байгаа. Ерөнхий сайд асан С.Батболдод цуглуулга нь байгаа. Ховдод нэг тийм гайхалтай уул зурсан. Энэ хоёр зургийг л чиний хэлдгээр дурлана гэдэг шиг дотроо гайгүй бүтээлүүд болсон гэж бодсон.
-Хувь уран бүтээлчийн тань хувьд тухайн үед сэтгэлдээ болж байсан зүйлсийг шингээсэн зургууд гэж байх уу. Энэ бол миний тийм үеийн зургууд гэж хэлэхээр?
-Байлгүй яахав дээ.
-Тэгвэл өнөөдрийн энэ үзэсгэлэнгийн зургууд таны ямар үеийнх вэ?
-За, ёстой хэлж мэдэхгүй байна. Нэлээн хэцүү л үе байгаа байх.
-Та тэр бүр зурж байгаагүй зургууд ч зурсан байна. Жишээлбэл, “Алтан шөнө”, “Битүүний шөнө” гээд сонин, хүчирхэг зургууд байна?
-Би шөнийг зурдаг ш дээ. Гэхдээ яг иймэрхүү маягаар зурж байгаагүй. Арай өөрөөр хийж байсан. Шөнө заавал ч харанхуй байх ёсгүй ч юм шиг бодогддог юм. Яахав ингээд бага багаар явж л байна. Өөрийнхөө бодож явдаг юм руугаа. Гэнэт нэг өглөө хашгирч босч ирээд за, одоо сэтгэлгээний зураг зураад алаад өгье дөө гэж болдоггүй байхгүй юу даа. Миний асар их хүндэлж явдаг, найз зураач байсан юм. Ёндонгийн Өлзийхутаг гэж. Тэр бол агуу их зураач байсан. Тэр маань нэг удаа хэлж билээ. Гадаадад хоёулаа нэг өрөөнд зураг зураад байж байсан юм. Ерөөсөө санаанаас гардаггүй юм. Хүрлээ, нүд юм харахаа болиод, гар жаахан салгалаад ирэхээр энэ гурвалжин дөрвөлжингүүдийг чинь зураад өгье өө байз гэж. Тэр бол бурханаас заяасан гайхамшигтай их авьяастай зураач байсан байхгүй юу. Одоо тийм их авьяастай хүн байхгүй л дээ. Би энэ үгийг хэний ч өмнө хэлж чадна. Тэгээд яахав, хоцрогдсон, сэтгэлгээний зураг зурж чаддаггүй гэж хэлэгдсээр өнгөрсөн л дөө. Үнэхээр багтаж шингээхийн аргагүй их авьяастай хүн байсан.
-Та яагаад Дэнзэнтэй хамтарч үзэсгэлэн гаргаж байгаа юм бэ. Шалтгаан нь?
-Бас их авьяастай зураач. Би хэлсэндээ. Авьяастай хүнд хайртай гэж. Хэчнээн миний найз ч гэсэн асар их авъяастай уран бүтээлч байхгүй юу. Бид үзэсгэлэнд тавих зургуудаа огт үзээгүй. Дэнзэн юу хийж байгааг мэдэх юм алга. Аймаар юмнууд хийж ирээд намайг хөлдөө чирээд баллах юм уу бүү мэд. (инээв) Гэхдээ би найзтайгаа хамтарч үзэсгэлэн гаргаж байгаадаа их баяртай байгаа. Бид хоёр 1993 онд хамтарч нэг үзэсгэлэн гаргаж байсан. Гэхдээ гадаадад. Энэ хоёр дахь нь.