Цэдэнбалын Цогзолмаа гэж энэ эмэгтэй бол нийгмийн танил хүн. Нийгмийн танил болтол эмэгтэй хүн хэд дахин илүү зүтгэсэн байдаг бичигдээгүй үнэн бий. Ямар эрчүүд шиг нэг томоохон луйвар хийгээд, эсвэл нэртэй шөнийн клубт зодоон цохион болоод л гэрлийн хурдаар “од” болчих биш. Цогзолмаа бол бүх талаар хатуужсан хүн. Түүнээс нулимсаар түрий барьсан эрх танхи зан, найланхай башир маягийн хямдхан заль гардаггүй. Тийм ч болохоор нь эрчүүд нэг шөнийн дотор үгсэн хуйвалдаад дүүргийн Засаг даргаас нь огцруулж байсан. Энд тэнд дарга нарын ширээний чимэг болон өнхөрч явж биш эрсхэн өөрийнхөө замаар алхаж ирсэн энэ эмэгтэйд бусдаар хүндэтгүүлэх зөндөө шалтгаан бий. Уншигч та түүний ертөнцөөр аялаад үзэх үү.
-Эмэгтэйчүүд бид нэлээн үзэлцэж байж сонгуулийн хуулинд жаахан орон зай тусгуулж аваад явж байна. Гэхдээ л нэр дэвшсэн байдлыг харахаар бас л өөдгүй бодлого явчихжээ. Хатуу, ширүүн өрсөлдөөнтэй тойрогт хаяж өгсөн, намын жагсаалтад эрчүүдээс доогуур үзсэн байдал гарлаа. Бид олон жил эмэгтэйчүүдийн төрд эзлэх орон зайн тухай ярьсан, тэмцсэн. Бодлого болгож тавьсан. Энэ тэмцэлд та ч гэсэн оролцсон. Гэвч өнөөдөр бид ямар амжилт олсон юм бэ. Та жишээ нь, ямархуу сэтгэгдэлтэй байна?
-Мэдээж хууль батлагдана гэдэг нэг том алхам. Харин одоо хуулиа хэрэгжүүлэх нь хамгийн чухал байна. Үнэхээр хэрэгжүүлэх процесс дээр гажуудал гарч байгаа нь үнэн л дээ. Нэр дэвшээд , 20 хувь эмэгтэйчүүд маань гарна ч гэсэн үг биш. Эмэгтэйчүүд үнэхээр хүч тэнцвэргүй тулаанд орж байна. Гэхдээ бид гоншгонохгүй. Улс төр бол улс төр. Бид эрчүүдтэй адилхан боловсрол эзэмшсэн, тэдэнтэй адилхан төрийн ажлын туршлагатай, ард иргэдтэйгээ ажилласан, амьдрал ахуйг нь мэддэгээрээ илүү юу гэхээс тэднээс дутахгүй. Бид ард иргэдийнхээ амьдралыг, гэр бүлд нь учирч байгаа саад бэрхшээлийг илүү сайн ойлгож, илүү мэдэрдэг. Эрчүүд маань бас хөдөлмөрлөсөн. Зүтгэсэн. Гэр бүл, улс орныхоо хөгжлийг урагшлуулсан. Үүнийг бид үгүйсгэхгүй. Энэ бол эх орны маань хөгжлийн суурь үндэс мөн. Энэ бий болж байгаа капитал, хөгжлийн эх үндэс, гарааг тэд тавьсан бол одоо харин эмэгтэйчүүд маань оролцож, тэрийг зөв хуваарилуулмаар байна. Эдийн засгийн хуваарилалтыг өрх гэрт нь оруулж, хүүхдийн хүмүүжил рүү, хүмүүсийн эрүүл мэнд рүү хандуулмаар байна. Орон байргүй, болж бүтэхгүй байгаа, хадмынхаа хаяанд амьдарч байгаа тэр залуу гэр бүлд хүргэмээр байна. Тэр зүгт эмэгтэйчүүдийн дуу хоолой, оролцоо байхгүй байна. Үүний төлөө л зүтгэж байна даа. Хууль батална гэдэг хэлбэр төдий зүйл биш. Эмэгтэйчүүдээ бэлдээд магадлалтай эмэгтэйчүүддээ боломж олгох асуудал дээр илүү гүнзгий хандах шаардлагатай. Үнэхээр бас нэг талдаа ам хаах маягаар хандсан явдал бий. Улс төр гэдэг өөрөө өндөр шалгууртай, том босготой салбар. Тийм учраас үнэхээр төрд бэлтгэгдсэн , ядаж салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, ард түмэн нь мэддэг, ард түмэн хүндэлдэг тийм эмэгтэйчүүдэд яагаад улс төрийн намууд санал тавиад дэвшүүлж болохгүй гэж. Тэгэхэд зарим тохиолдолд үнэхээр хэнд ч танигдаагүй хүн оруулж байгаа нь нөгөө өрсөлдөгч эрэгтэйчүүдэд сайхан боломжийг тавьж өгч байна. Энэ бол шударга хариулт. Тийм учраас улс төрийн намууд дахиад хуулиндаа ахиц хийх байх. Эмэгтэйчүүд орж ирвэл хуулиа улам сайжруулахын төлөө явна. Эмэгтэйчүүдийн нүүр царай, имиджийг нийгэмдээ тодорхойлмоор байна. Энэ бол иргэдийн шударга захиалга. Тийм учраас намууд чадалтай, боловсролтой, бэлтгэгдсэн эмэгтэйчүүдийг дэмжих тал дээр бүр бодлогын түвшинд ажиллах цаг болсон байна. Төрийн тодорхой албан тушаалд эмэгтэйчүүдээ олноор нь томилж, манлайлалыг нь дээшлүүлэх замаар улс төрд эмэгтэйчүүдээ бэлтгэх нь зүйтэй гэж бодож байна.
-Улс төрийн амьдралд олон жил явсан нэг эмэгтэй хэлж байсан л даа. “Бид нараар маш олон жил эрчүүд даажигналаа. Өөрсдөө бүх хана хэрмээ босгочихоод та нар чадвал гагнасан гинжийг таслаач гээд зогсож байдаг. Бид нар таслах гээд урдаас нь гүйгээд яаж таслах юм бэ. Түүний хэлсэн үг бол гайхалтай үнэн үг. Тийм гинжийг таслахаар та явж байна. Тасалж чадах итгэл байна уу?
-Мэдээж ганцаараа бол энэ хэцүү шүү дээ. Нэр дэвшиж байгаа баг эмэгтэйчүүдийн маань хамтдаа явж байна. Намын хүч, улс төрийг систем гэж ойлгож байгаа хүмүүсийн болон сонгогчдын маань дэмжлэг одоо их чухал байна. Сонгогчид маань төрд эмэгтэйчүүдийн дуу хоолой хэрэгтэй байна гэдгийг сайн ойлгож байгаа. Одоо сурталчилгааны төгсгөл рүү эмэгтэйчүүд рүү маш олон дайралт ирнэ. Үүнийг үл харгалзан бидэнд энэ удаа боломж олгох юм бол энэ гинжийг таслана гэж итгэж байна. Сүхбаатар дүүрэг дээр 2-3 удаа нэр маань татагдаж, нэрээ татаж байсан учраас иргэдийн дунд хүлээлт үүссэнийг газар дээр нь очоод мэдэрч байна.
Тийм учраас ямар ч байсан намдаа дүүргийнхээ иргэдийн итгэлийг аваад ирнэ ээ гэсэн итгэлтэй байгаа.
-Сүхбаатар дүүрэг бол таны “нутаг”. Тэнд та дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан. Таныг тэд хэр санагалзаж вэ. Ингэхэд дүүрэг хөгжиж үү. Таны үед эхлүүлж байсан бодлогууд хэрэгжиж үү?
-Үндсэндээ төрийн ажил бол нэг талаасаа халаатай. Залгамж чанартай. Тэр чанараараа төрийн ажил хэрэг явалгүй яахав. Сүхбаатар дүүрэг Нийслэлийн маань нүүр царай, өнгө төрх болсон дүүрэг учраас анхаарлын төвд байдаг. Энэ утгаараа төрийн зүгээс болон дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүдийн зүгээс хийж хэрэгжүүлсэн зөндөө ажлууд байгаа. Хөрөнгө мөнгөний хуваарилалт мэдээж нэмэгдсэн байгаа. Би иргэдийнхээ дунд нь л ажиллаж байсан. Эмэгтэй хүн учраас харьцангуй хатуу шаардлагатай байсан байх. Хамгийн наад зах нь эмэгтэй хүн гэрээ цэвэрлэдэг шүү дээ. Тэгвэл дүүргээ цэвэрлэе, дүүргээ хоггүй байлгая гэж том зорилт тавин ажиллаж байсан. Энэ ч бас нүсэр ажил шүү дээ. Одоо яваад очиход хог бас нэлээн болсон байна. Уг нь машин авч өгөхөөс авахуулаад хогных нь мөнгийг цахилгааны мөнгөтэй хамт хураадаг менежмент хийж өгсөн гээд хотын зүгээс үнэхээр дүүргүүдийг хангалттай дэмжиж байгаа шүү дээ. Гэтэл хогондоо дараатай л харагдаж байна. Хүн чинь хийсэн ажлаа бас мартчихсан байдаг юм байна шүү дээ. Харин иргэд маань мартдаггүй юм байна. Уулзалтан дээр зарим иргэд гарч ирээд Цогзолмаа дарга Цахим засаглалыг хэрэгжүүлж, загвар дүүрэг болно гээд зарлаж байсан. Өнөөдөр энэ ажил улсын хэмжээний туршлага болоод бүх дүүргүүдэд хэрэгжээд явж байгаа гээд хэлж байна. Ийм үг сонсох бас сайхан байна. Үнэхээр надад тухайн үед ажил хийе гэсэн чин сэтгэл байсан. Тийм ч учраас би зүтгэж байсан. Нэг цэгийн үйлчилгээг манай Цогзолмаа дарга санаачлаад л эхлүүлээд явж байсан. Одоо нэг цэгийн үйлчилгээ бүх дүүргүүдэд ажиллаж байна гээд иргэд маань бас хэлж байна. Нэг цэгийн үйлчилгээг би яаж санаачилж байлаа гээд эргээд бодоход үнэхээр нүсэр ажил болж байжээ.Хороо болгоноор явж иргэдтэй тогтмол уулздаг байсан. Иргэдийн гомдол асар их байсан. Газрынхаа өргөдлийг өгөхөөр хэдэн сараар алга болчих юм. Иргэнийхээ үнэмлэхийг сунгуулах гээд өгөхөөр хэдэн хоногоор таг алга болчих юм. Хэн нь хаанаа байгаа нь олдохгүй. Та нар энийгээ цэгцэлж болдоггүй юмуу гэж иргэд бухимдаж байсан. Ийм олон хүндрэлээс урган гарсан ажил юм. Ер нь яагаад нэг тусгай өрөө бэлдээд, хүн суулгаж тэр газрын өргөдлийг нь авахуулж болдоггүй юм бэ, бас нэг хүн суулгаад тэр иргэний үнэмлэхнийх нь хүсэлтийг авч болдоггүй юм бэ гээд бодсон. Тэгээд л дүүргийнхээ хажууд байсан цайны газрыг бууз хуушуур төрийн байгууллага дээр үнэртмээргүй байна гэж хэлтэй амтай хөөж гаргаад тэндээ эхний загвар болгоод гурван үйлчилгээг суулгасан. Тэр маань өнөөдөр нэг цэгийн үйлчилгээний жишиг болчихсон бараг л улсын хэмжээний туршлага явж байна.
-Хүмүүс хийсэн ажлыг тань санаж байна, таны санаачилсан зүйлс тэдний амьдралд шингээд үлдсэн байна гэдэг сайхан зүйл л дээ?
-Дүүрэгтээ очиход манай Цоогий даргын тавьж өгсөн Хандгайтын зам шүү дээ. Та бол хийсэн юмтай хүн шүү гээд иргэд маань хэлж байна. Үнэ хээр тэр Хандгайтын урт замыг тухайн үед хөөцөлдөж байж шийдүүлж байсан. Бас 32-ын тойргийн газрыг чөлөөлүүлэхэд 288 айлыг хотоос үүрэг болгоод нүүлгэх ажлыг хийж байсан. Энэ бол үнэхээр амар биш ажил байлаа. Үнэндээ захиргааны аргаар л үзэж, төрийн үүрэг, маш чухал хийгдэх ёстой ажил гээд л танк шиг дайран зүтгэж байсан. Хүмүүсийн тогтсон идээшиж дассан орчныг бужигнуулж, хөндөнө, нүүлгэнэ гэдэг үнэхээр хүнд ажил шүү дээ. Сая би тоосгоны үйлдвэрийн орчмоор явсан чинь надад гомдчихсон гэр бүл тааралдаж байна. Та эмэгтэй хүн, хатуу ч шаардлагатай ажиллаж байсан. Таны ажлыг дэмжээд , бид арга буюу нүүж байсан. Гэтэл бид хохирсон. Одоо тэр үед тэрсэлдээд үлдсэн айлууд хашаагаа 60 саяар зарж байна. Тэгэхэд та хоёрхон сая төгрөг өгөөд газраа чөлөөлүүлж байсан шүү дээ гээд . Энэ юуг харуулж байна вэ. Үндсэндээ төрийн ажлыг тухайн үедээ иргэнээ хохироогоод ч гэсэн нийтийн төлөө хийж л байсан юм байна даа гэсэн бодол надад өөрийн эрхгүй төрсөн. Сүхбаатар дүүргийн өнгө царай гадна талаасаа харахад сайжирсан нь харагдаж байна. Яг иргэдтэй уулзахад харин нэг юм харамсалтай санагдсан нь юу вэ гэхлээр өргөдөл гомдлыг хугацаандаа барагдуулахгүй байна, иргэдийнхээ дунд орж ажиллахгүй байна. Ер нь та нар сонгогдоод л явдаг. Ингээд л сонгууль болохоор нэг их сайхан зантай, сайхан үгээ хэлсэн улсууд ирж байдаг. Өмнө нь та дүүрэгт ажиллаж байхдаа хороогоор яваад өөрөө уулзаад, айлаар ороод явдаг байсан. Энэ юм чинь бүр мартагдсан шүү. Та анхаараарай гэж хэлж байгаа олон иргэн байна. Хүнээсээ тасраад холдчихож болохгүй. Амьдралын дунд л явах хэрэгтэй гэж байгаа дүүргийнхээ иргэдийн саналтай би санал нийлж байна.
-Манай орныг муухай харагдуулж байгаа юм авилга гэж бүгд ярьж байна. Нэг зүйл сонгогчдын зүрхэнд ойрхон бууж байх шиг байна.Тэр юу вэ гэхээр эмэгтэй хүн хэзээ ч баруун зүүнээрээ за алив авилга өгөөдөх өө, би энийг чинь шийдье гэж хэлдэггүй гэнээ. Угаасаа өөрсдөө цагаан сүү тээж явдаг улсууд болохоор мөр нь цагаан аж. Эмэгтэй хүн улс төрд орж ирснээр төрд шургасан тэр авилгал гэдэг үзэгдэл багасна гэдэгтэй та санал нийлдэг үү?
-Би 100 хувь санал нийлж байна. Би чинь жендерийн тэгш байдлын үндэсний хороонд нэг хэсэг ажилласан шүү дээ. Туршлага судлаад Скандиновын орнууд, Швед, Норвеги гээд ардчиллын жишиг улсуудаар явсан л даа. Тэгэхэд хамгийн нэгдүгээр үзүүлэлт нь эмэгтэй улстөрчид авилгалд өртдөггүй. Хоёрдугаарт, эмэгтэй хүн үр хүүхэддээ хань ижилдээ үнэнч байдаг шигээ ямар ч төрийн ажил хариуцуулсан үнэнч байдаг гэх үнэлгээ тогтсон ойлголт байдаг юм байна. Тэр бүү хэл манайхан чинь эмэгтэй хүнийг нийгмийн салбараар л төсөөлдөг. Гэтэл тэр шударга ёс тогтчихсон, нөгөө жендерийн тэгш байдлын асуудлыг хангачихсан улс орнуудад Батлан хамгаалахын сайд нь хүртэл эмэгтэй хүн ажиллаж байна шүү дээ. Үндэсний аюулгүй байдлын бодлого боловсруулдаг салбарт хүртэл эмэгтэй хүнийг тавьчихсан байгаа нь эмэгтэй хүн ямар ч асуудал хариуцсан хоёргүй сэтгэлээр шударга ажилладаг гэдгийн баталгаа шүү дээ.
Өнөөдөр Монголын улс төрийн шийдвэрүүдийг гаргаж байгаа үйл явц зарим үед үнэхээр дэндүү хариуцлагагүй байна. Жишээлбэл, хамгийн сүүлд миний эгдүүг хүргэсэн асуудал юу вэ гэхээр Нийслэлийн эрх зүйн байдлын хуулийг дөрвөн жил баталж өгөөгүй. Бид хичнээн удаа хэлэлцүүлэг хийсэн. Иргэдээсээ саналыг нь авсан. Хотоо аймгийн статустай байлгамааргүй байна. Нэг дүүрэг маань аймгаас хэдэн арав дахин хүн амтай байна шүү дээ. Энэ нягтаршаад байгаа асуудлаа эдийн засгийн хөшүүрэгтэй болгоё гэсэн санал тавихад шийдээгүй. Тэгсэн мөртлөө нийслэлийн иргэдийн хурлын сонгуулийг улс төрийн хонжоо харж, намуудын зөвшилцөл гэдэг нэр дор хоёрхон өдрийн дотор баталчихдаг л юм байна. Эмэгтэйчүүд бол хэзээ ч ийм юм хийхгүй. Тэр элдэв лоббид эмэгтэй хүн орохгүй. Одоо бол надад юу харагдаад байна вэ гэхээр бид макро эдийн засгийнхаа асуудлыг нэлээн цэгцлээд дүр зургаа гаргаад, тооцоо судалгаатай болчихлоо. Төрд эмэгтэйчүүдийн дуу хоолой юун дээр хэрэгтэй байна вэ гэхээр үнэхээр бид хүнээ орхичихсон байна. Монгол улс хөгжье гэвэл хүнээ л хүн болгомоор байна. Эрүүл, боловсролтой байлгамаар байна. Орлоготой байлгамаар байна. Бид хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил гээд хэлбэрийн төдий ажлууд хийгээд л байна. Гэвч тэр маань өрх болгонд орохгүй байна шүү дээ. Мэдээ лэлтэй хүн нь л тэрийг барьж авч байна. Халамж гээд л яриад байна. Хорооны Засаг даргыг таньдаг хүн нь өнөөдөр халамжид хамрагдаж байна гэсэн гомдол хаа сайгүй л таардаг. Тэгэхээр энэ өөрчлөлтийг магадгүй эрчүүдээс илүү зоригтой хийх нь эмэгтэйчүүд. Жишээ нь,уулзалт бүхэнд “Та нар эхчүүдийгээ ялгаварлаад байна. Орчин цагт дөрвөн хүүхэд гаргая гэх залуу эхчүүд нэг их тааралдахгүй ээ. Нийгэм нь ч тийм байна. Та нар ядаж л хүүхдийн цэцэрлэг, яслийг нь барьж өгөхгүй байж олон хүүхэд гарга гэж юу яриад байгаа юм бэ” гэж зарим хүтүүс гомдоллож байна. Үнэхээр хүүхэд гаргасан л бол хүүхэд болгоныг дэмжих, хүүхэд төрүүлсэн эх болгоныг дэмжих, ялгаварлахгүйгээр төрийн бодлогыг хүртээх хэрэгтэй байна. Үүнийг төрд эмэгтэйчүүд байж л зоригтой хийнэ. МАН-ын мөрийн хөтөлбөрт энэ асуудал туссан байгаа. Гэр бүл, нийгмийн салбарт ойрхон байдаг хүний хувьд Монгол түмний амьдрал гэр бүлийн амьдрал дээр тогтож байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Өнөөдөр гэр бүлийн харилцаа алдагдсан байна. Хамтран амьдардаг ойлголт газар авсан байна. Найм есөн жил хамтраад амьдарчихсан, үр хүүхэд нь гарчихсан мөртлөө гэр бүлээ бүртгүүлэхгүй байгаа нь ямар учиртай юм бэ. Энэ асуудлыг гаргаж ирж тавихгүй л байгаа болохоос биш нийгмийг хамарчихсан яваад байна шүү дээ. Эмэгтэй л хүн илүү мэдрэх ийм нарийн зүйл зөндөө байна. Барууны орнуудад 18 нас хүрээгүй хүүхэдтэй гэр бүл салсан бол 18 нас хүртэл нь эцэг эх хоёр нь сургалтын төлбөр, хичээл сурлага бүх зүйлд 50:50 хувь хариуцлага хүлээдэг хуулийн зохицуулалттай байдаг.
-Манайд бол эцэг нь хүүхдээ шууд орхиод л зугтдаг. Юун тэтгэвэр. Юун эргэж харж хандах?
-Харин тийм. Барууныхан хүүхэддээ шаардлагатай мөнгийг дансанд нь сар болгон хоёулаа хийдэг. Ийм л хууль эрх зүйн зохицуулалттай. Ээжүүдийн үүрэг манайд дэндүү “том” ачаалалтай байна. Үг хэлж чаддаггүй, хүүхэддээ тэтгэвэр тэтгэмж төлөх ёстой гээд шүүхийн шийдвэрээр гарчихсан байж байсан ч гэсэн “Би чамаас салчихсан биз дээ” гэдэг хариултаар л бүх асуудал шийдэгдэж байна. Монгол эмэгтэйчүүд “Нээрээ би салчихсан шүү дээ, миний хувь заяа, миний зураг төөрөг л энэ. Би батлуулаагүй л байсан юм чинь тавилангаа өөрөө л үүрэе” гээд зүтгэцгээж байна. Ингээд л яваад байвал цаашлаад бид ямар ёс суртахуунтай нийгэм бий болгож байна гэсэн үг вэ. Тэр салчихсан гэр бүл, хүчирхийлэл дор байгаа гэр бүлд бойжиж байгаа үр хүүхдүүд хожим хэн болох юм бэ гэдгийг өнөөдөр энэ эдийн засгийнхаа хөгжил гэж ярьж байгаа цаг үеэс огт орхигдуулж болохгүй. Хамт л авч явахгүй бол архидалт, гэр бүл салалт, орон гэргүй хүүхдүүд байж л байна. Ийм амин чухал асуудлуудаа хаячихаад үсрэнгүй хөгжлийн тухай ярьж болох уу?. Ийм асуудлууд дээр л эмэгтэйчүүдийн хүчтэй дуу хоолой хэрэгтэй байна.
-Үнэхээр нандин сэдэв байна. Таныг гаднаас нь харахад ширүүн, дорвиун хүн юм шиг харагддаг. Гэхдээ хүчтэй эмэгтэйчүүдийг ийм ааштай гэж дүгнэх нь түгээмэл. Та ер нь ааштай юу. Мэдээж эрчүүдтэй өрсөлдөөнд ороод явж байхад амьдрал бас хүнийг хөнддөг шүү дээ. Уурлах үедээ уурлана, хашгирна. Янз бүрийн л юм байдаг?
-Хүн л юм болохоор ааш байна аа. Төрийн албанд зүтгэж тодорхой хэмжээний байр суурьтай болсон гэж боддог. Олон жил зүтгэлээ. Хэрэв энэ он жилүүдээ амжилт гэж үзвэл намайг авч явж ирсэн зүйл маань миний хатуу байр суурь. Би шалчиганаад, хэлсэн үгэндээ байж чадахгүй, хүнд туслая гэж хэлээд буцчихдаг тийм арчаагүй зан чанартай байсан бол өдийд хувь хүнээ ч олж амжаагүй л явж байх байсан. Энэ тэмцэл дотор аль эрт сөхөрчихсөн байх байлаа. Зөндөө л юм туулж байлаа шүү дээ.
-Таныг огцруулах гэж эрчүүд бөөн хуйвалдаан зохиосон биз дээ?
-Тэгсэн. Би гэртээ хонох завгүй хоёр жил үнэхээр субботник хийсэн гэж өөрийгөө боддог. Яагаад гэвэл би амралтын өдөр гэдгийг ор тас мартчихсан байсан. Орой 21 цаг өнгөрөөгөөд гэртээ ороход хүүхдүүд маань өнөөдөр яасан эрт ирсэн юм бэ гэж гайхдаг байлаа. Тэгж ажиллаж байсныхаа хариуг “Огцорсон” гэдэг тийм улс төрийн акцаар авахад сайхан байгаагүй ээ. Гэвч аливаа юм дандаа хоёр талтай байдаг. Тийм учраас надад ямар буруу байв гээд бодсон чинь яг өөрийн чинь асууж байгаа тэр дэндүү хатуу байр суурь байсан. Цаг үеэ олсон сургамж хүнд дахин цоо шинээр сэтгэж, бодох эрч хүч, ялангуяа энэ хэцүү цаг үед хүнээ таньж, харилцаж сурах, хүний арга эвийг олохоос эхлээд олон зүйлд тэр огцролт ялагдал гэхээсээ илүүтэй ялалт авчрах, үүд хаалгыг нээсэн гэж цагаанаар би сэтгэлдээ бодож ирсэн шүү.
-Цаг хугацаа их хурдан өнгөрөх юм аа?
-Тийм ээ. Хурдан юм.
-Би маш олон хүнтэй уулздаг. Таныг огцорч байхад Дашжамц гээд нэг хуурч, ерөөлч, магтаалч хүн дүүргийн хэдэн иргэдээ дагуулаад манай сонин дээр ирж байж билээ. Бүр нулимс нь цийлэгнээд та энэ үйл явдал руу анхаарлаа хандуулах ёстой. Та яагаад бид нарыг сонсож болохгүй гэж. Та дандаа улстөрч, дарга нартай уулзах ёстой юмуу гээд зогсож байсан. Тэр явдал санаанаас гардаггүй юм ?
-Хүн гэдэг ерөөсөө урмаар л явдаг амьтан. Хувийн амьдрал, хань ижил, гэр бүл, албан байгууллагынх нь орчин тайван сайхан, удирдлага нь ойлгодог, ажлаа хийх боломжийг нь олгодог, дээр нь жаахан л урам байх юм бол эмэгтэй хүн орчин тойрондоо гэрэл цацруулаад, замыг нь засаад л явдаг. Өөрөө амьдралдаа алдаж онож, аав ээжээсээ хагацан, өнчин дүү нараа авч явах, ажил төрөл дээрээ тэмцэх гээд хатуу зүйлийг үзчихсэн учраас би энэ үгийг хэлж байна л даа.
-Та эцэг эхээс олуулаа юу?
-Би айлын том. Ганцаараа эмэгтэй. Дороо таван дүүтэй. Ээж маань дөнгөж 49-нийхөө жил дээр бурхан болж аав маань ээжээс хойш бас нэг их удаагүй тэнгэрийн оронд одсон. Тэгээд таван дүүгийнхээ ачаар бас амьдралын хатуу хэцүүг туулсаан. Залуу насанд алдах онох үе байдаг. Тэгж явтал хорвоогийн нэг л сайхан өдөр ханьтайгаа учирсандаа насан туршдаа баярлаж, хайрлаж явдаг юм.
-Танай гэр бүлийн хүнийг их чадалтай, мундаг хүн гэж ярьдаг. Одоо хаана ажилладаг юм бэ?
-Миний ханийг Саранжав гэдэг. Одоо Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ компанид ажилладаг. Манай нөхөр өөрийнхөө мэргэжилд их үнэнч хүн. Цахилгааны инженер л дээ. Цагаан сараар эмэгтэй хүн чинь ажил ихтэй байдаг шүү дээ. Өөрийнхөө үүргийг гэр бүлийнхээ өмнө хүлээх ёстой. Хүүхдүүдийнхээ жил усыг, нөхрийнхөө заслыг хийлгэнэ гээд бөөн асуудал. Тийм үед нөхөр маань “Би айл болгонд зул асаачихсан хүн, надад битгий санаа зов” гэдэг.
-Хөгжилтэй хүн юм?
-Тиймээ. Дээр нь бас мэргэжилдээ туйлын үнэнч хүн. Миний хатуу зөөлөнг ганц даадаг хүн дээ. Энэ хатуу бэрх амьдралд хэдэн дүү нарыгаа чирээд явахад надад амар байгаагүй ээ. Эрэгтэй хүүхдүүд бол эрэгтэй л хүүхдүүд байдаг. Одоо таваас гурвыг нь айл болгочихоод байж байна. Эрчүүд аливаад хатуу ч тулсан юмандаа эмзэг шүү дээ. Нэг орой л утас дуугарна. “Аниа уучлаарай, би ингэлээ, тэглээ гээд л зовлон мундахгүй. Эрчүүдэд байдаг бүх л зүйл миний дүү нарт байдаг. Надаас өөр хэнийг гэх вэ дээ гээд л явна. Заримдаа ууртай, уцаартай үедээ та нар намайг өөр яалгамаар байгаа юм гээд загнана. Гэхдээ л араас нь явна. Жаахан хатуудуу сэтгэл, ааш маань хань болдог. Тэр болгонд уярч наалдаж, уйлж дуулсан бол би энэ хүртэл алхаж чадахгүй байсан байх.
-Мэдээж аав ээжийнхээ голомтод ганц охин нь болж заяасан хүн өсөх бага насандаа эрхэлж наадаж, халгиж цалгиж л явсан байж таарна. Аавын гэрийн хоймор шиг жаргалтай орчин гэж юу байхав. Гараад л амьдралын буулганд орчихоороо хатуу цохилтуудтай нүүр тулаад л явдаг шүү дээ. Нэг сэтгүүлээс уншиж байсан, та эмээ болсон байв уу?
-Том охин маань 1988 оных. Одоо 25 настай. Том хүү маань эгчээсээ нэг насаар дүү. Амьдрал гэдэг чинь асар хурдан жирэлзээд явчихдаг юм байна. Би том охиноо 21-тэй гаргаж байсан чинь манай охин 22-тойдоо бид хоёрыг анхны зээтэй болгосон. Зээ хүү маань сая 3 ой хүрлээ.
-Эмээ болох ямар байна. Эрчүүд өвөө болохоороо тэнгэрт тултал хөөрч баясдаг юм билээ?
-Хүүхдүүд маань эрт том болчихсон, оюутан, ажилтай, залуу, завгүй байхад гарчихсан учраас хүүхдүүдээ эрхлүүлэх заваар тун муу, их учир дутагдалтай байжээ. Нялх амьтан хичнээн их баяр баясгалан авчирдаг билээ. Эмэгтэй хүн бүр ч уясдаг юм байна. Одоо бол их ажилтай байсан ч ажил тарах үедээ “Та гурав манайх руу гарах гэж байна уу” гээд л утасдаад байдаг. Гэртээ ороод л тэр нэг “нөхөртэй” чинь учрах ямар их баяр баясгалан гэж санана. Амьдрал үнэхээр баян юм аа. Өвөө нь бол бүр нураад уначихна.
-Шинэ үеийн хүүхдүүд тэс өөр байгаа биз дээ?
-Тэс өөр, сэтгэлгээ, эрхэлж тоглох нь хүртэл бидний үетэй харьцуулашгүй. Саяхан нөхрийн маань төрсөн өдрөөр бэр маань амаржиж, ач охинтой болчихоод сууж байна. Энэ бол жинхэнэ баяр баясгалан. Шинэхэн ачтайгаа эрхлэх цаг гаргаж амжихгүй сонгууль гээд гүйж явна. Хоёр хүн эрхлүүлдэг болох гээд байна даа. Ер нь манай хүн бид хоёр хүүхдэд маш хайртай. Амралтын өдрүүдийг хоёр талын дүү нарынхаа бүгд нийлсэн 10-аад нөхдүүдтэй тоглож, наадаж өнгөрөөдөг айл шүү манайх.
-Дахиад л ажил ундарч дээ. Өглөө хэдэн цагт гэрээсээ гарч байна даа?
-Өглөө 6 цагт босоод 6.30 гэж гараад л явдаг болсон. Бурхан хүн яаж хичээснийг хардаг гэдэг. Иргэд маань намайг таньдаг гээд би тодорхой цагаар гэртээ суувал суух. Гэхдээ би үүнийг ерөөсөө хүсэхгүй байгаа. Дүүрэг маань 91 мянган сонгогчидтой болсон байна. Намайг дүүргийн Засаг даргаар ажиллаж байхад 60-аад мянган сонгогчидтой байсан.Тийм өнөр бүлээр Сүхбаатар дүүрэг маань нэмэгдсэн байна. Хүн ямар ч асуудалд чин сэтгэлээсээ, хүндэтгэлтэй хандахад хариу нь ирдэг гэж би боддог. Хичнээн Сүхбаатарчууд очоод гар барихад “Өө манай дарга явж байна” гээд намайг таниж байгаа ч гэсэн би сонгогчдоо хүндлэх ёстой гээд өглөө эрт Дамбадаржаа руу марш гэдэг маршруттай болсондоо.
-Дамбадаржаа бас их гоё газар шүү дээ. Би тэнд амьдардаг байсан юм?
-Тийм, хачин сайхан газар. Манай Дамбадаржаагийн иргэд харьцангуй амьжиргаатай. Ихэнх айлууд хашаандаа ногоо, чацаргана, жимс тарьчихсан байна. Хөдөлмөрч шинж харагддаг. 100 айл, 9, 10-р хороо, Дөлгөөн Нуурын ар болохлоор л бас нэг өөр. Хөл хөдөлгөөн ихтэй. Амьдралын олон өнгө төрх дүүрэн манай Сүхбаатарчууд баялаг шүү.
-Өнгөрсөн дөрвөн жил үнэхээр иргэдийн нүдэнд үзэгдэж, гарт баригдсан ажил хийсэн газар Хот л байлаа. Гэвч “Хот”-ыг сөрөг хүчин манайх авна, хот ер нь сүйрчихсэн байна гэж орой болгон гарч ирж ярьж байна л даа. Та хотыг мэддэг хүн. Улаанбаатарт мэдээж олон сайхан өөрчлөлт бий болж байна. Ер нь бид бас нар гоё юмаа ярихаа болчихсон улс шүү дээ. Энэ тухайд танд ямар бодол байна вэ?
-Өнгөрсөн дөрвөн жил хотынхоо удирдлагын түвшинд гар нийлж ажиллалаа. Үнэн юм үнэнээрээ сайхан. Г.Мөнхбаяр дарга орлогчдоо боломж олгож, ачаалал өгч, итгэл хүлээлгэж ажилласан. Нийгмийн салбарыг Цогзолмаатай л ярина. Өөр хэнтэй ч ярихгүй. Санхүүгийн асуудлыг Баатарзоригтой л ярина гээд орлогч нартаа эрхээ харамгүй шилжүүлээд эргээд хариуцлагыг нь хатуухан ярьдаг. Удирдлагын эрүүл зарчим, саруул дүр зураг байдаг гэдгийг өнгөрсөн дөрвөн жил харуулж чадлаа. Бид гар нийлж сайхан ажилласан. Би эмэгтэй хүнийхээ хувьд ганц эмэгтэй орлогч даргын хувьд дарга нараа хооронд нь бужигнуулаад л, хэл ам үүсгэсэн дүр зургийг хувийн зүгээс гаргахгүй юмсан гэж хатуу бодож ажилласан. Би бас хотын ажилтай арван хэдэн жил хутгалдаад явж байгаа хүн шүү дээ.
Бидний үед тавигдсан зам, гэрэлтүүлэг, үерийн хамгаалалт, гэр хорооллын төсөл гэж хэлэгдэх дурсагдах зүйлс үлдсэн гэдгийг ам бардам хэлнэ. Хийсэн ажлаараа ард түмэндээ үнэлэгдэж, үлдэнэ гэдэг бол энгэр дээрээ аваад зүүчихсэн ямар ч одонгоос илүү гэж би боддог. Салбар салбартаа манай орлогч дарга нар нээлттэй удирдлагын зарчим баримталж ажиллаж байсан учраас мэдэхгүй, чадахгүй, ойлгохгүй байхын зовлон байсангүй. Тийм учраас би нийгмийн салбарт харьцангуй өмнө хожид байгаагүй боломжуудыг судлаж, цогцоор нь асуудлыг шийдэж иржээ. Сургууль цэцэрлэг хэзээ урьд нь арваараа ашиглалтанд орж байсан юм бэ. Төрөх эмнэлгүүд байна. Өнөөдөр үнэхээр ээж төрлөө. Ор байхгүйгээсээ болоод төрсөн л бол гар гэдэг зарчимтай ш дээ. Ийм байж хүйн халдварын тухай яриад яах юм.
Өнөөдөр механик өсөлтөөс бий болсон энэ олон хүндрэлийг мэргэжлийн салбарынхны ажлын төлөө гэсэн тэр чин зориг л үнэхээр аварч байна. 13 мянган эх төрөхөд үйлчилж байсан орон тоо өнөөдөр 35 мянган эхийг төрүүлж байна. Энэ бол бас л ажлын томоохон үзүүлэлт бас ачаалал шүү.
-Амжилтанд хүрсэн эмэгтэй хүнийг байнга л нэг хар дагаж явдаг л даа. Хүйсийн байдлаараа түрий барьж амжилтанд хүрсэн болов уу яагаа бол гэдэг. Танд тийм хардлага сэрдлэг тохиолдож байсан уу?
-Сонин дээр бичүүлдэг л юм. Би юунд их бардам байж, хүний нүүр лүү эгц харж чаддаг вэ гэхээр аав ээжийн маань хүмүүжил, өссөн орчин намайг зөв төлөвшүүлснийх юм даа. Өсөхөөс аваад өдийг хүртэл ихэвчлэн эрчүүдийн дунд ажиллаж амьдарч, тэдний дунд эмэгтэй хүн ямар байх ёстой вэ гэдгийг их л залуугаасаа ойлгож дээ. Хүний нутагт сурна гэдэг эмэгтэй хүний хувьд бас л их ухаан тэвчээр шаарддаг. Эрхүүд сурахаар очиход ЗХУ-д хямрал эхэлчихсэн, Монгол оюутнуудын хувьд хүндхэн л байлаа. Бид сурах, амьдрах гэдэг олон дамжааг дүүргэж дээ.
-Таны зэвүүг хамгийн их хүргэдэг, тэвчиж чаддаггүй юм юу вэ?
-Огт миний тэвчиж чаддагүй чанар бол хоёр нүүртэй байх, долигонох.
-Амьдралын жаргал гэж яг юу вэ. Би энэ асуултыг хааяа нэг хүмүүст тавьдаг юм. Аз жаргал гэж үнэхээр тийм бодитой юм байна уу. Тэр нь юу юм бэ?
-Аз жаргалыг би харьцангуй ойлголт гэж боддог. Хэт гуних, гутрах, шаналах, инээх баясахыг тодорхой түвшинд бариад сурчихсан нэг муу зантай гэх үү дээ. Ер нь эзэн өөрөө хичээвэл аз жаргал өөрөө л ирдэг гэж ойлгодог.
-Улс төрд нөхөр гэж байдаг уу. Тэд нар чинь мөнхийн найз нөхөр гэж байхгүй л гэж яриад байдаг улсууд шүү дээ?
-Би улс төрд нөхрөөсөө илүү эрх ашиг ойртох гэдэг сөрөг зүйл ажиглагддаг. Улс орны эрх ашгаас давсан хувь хүний эрх ашиг гэж байж болохгүй ээ.
-Тэгээд хурал дээр эмэгтэй хүний шүүмжийг заал яаж хүлээж авдаг юм бэ дээ. Хүнд л байхаа даа?
-Хүлээж авахгүй байсан ч хэлэх цаг гэж бий. Эмэгтэй хүн дуугүй суугаад бүтэж үхдэггүй гэж хэлдэг ч зөв үедээ дуугарах ёстой гэсэн зарчим баримталдаг.
-За баярлалаа, танд амжилт хүсье. Манай хүүхнүүд таныг дэмжих байх гэж найдаж байна?
Баярлалаа. Би итгэлтэй байгаа.
-Би ч бас итгэж байна. Манай хүүхнүүд энэ удаа л нэг нэгийгээ дэмжээд үзээсэй. Бид чинь нийт сонгогчдын 50-иас илүү хувийг эзэлж байгаа хүчирхэг “арми” шүү дээ. Тийм болохоор би миний уншигчид түүнийг дэмжиж саналаа өгөсэй гэж чин сэтгэлээсэй хүсч, бас шударгаар уриалж байна.