Уншигч та бүхнийг яруу найрагч М.Дэвээжаргалтай уулзуулж байна. Тэр харагддаг шиг ээ үг дуу цөөн хүн биш юм. Түүний ертөнцийг үзэх үзэл, уй гуниг, айж зугтаж явсан түгшүүр бүрээ хадгалсан дотоод ертөнцийг нь бага ч атугай ил гаргахыг зорьсон бидний ярилцлага түүний бага насны өдрүүдээс эхэлсэн юм.
-Та хэзээнээс эхэлж шүлэг бичиж эхэлсэн бэ?
-Миний санаж байгаагаар дөрөвдүгээр ангиасаа л болов уу. Анх эмээтэйгээ хамт шүлэг бичдэг байлаа.Мөн манай соёлын төвийн эрхлэгч шүлэг бичдэг хүн байсан. Би тэр эрхэмд 24 хуудас бүхий дэвтэр дүүртэл нь бичсэн шүлгүүдээ өгч байлаа. Миний бичсэн, шүлэг болж чадах уу гэж асуусан. Тэр дэвтэр хэл чимээгүй алга болсон. Би ч хэсэг өөр замаар явсан л даа. Одоо тэр дэвтрийг олж уншмаар санагддаг. Хүүхэд байхдаа юу бичиж байсан бол гэж их боддог.
-Таны шүлгүүдэд өндөр уулсын тухай их гардаг. Төрсөн нутгаа бодож бичдэг үү?
-Тийм ээ, манай ховд аймаг чинь сүрлэг уулс ихтэй газар. Одоо хотод амьдраад зургаан жил боллоо. Давчидсан, түгшсэн, түгшүүртэй үедээ нутаг усаа их бодно. Тайвшрал тайтгарлыг төрсөн нутгаасаа л олж авдаг юм уу даа. Нутгаа бодохоор омголон, дэврүүн хүн болчихдог. Миний өссөн газар ус ихтэй. Би МУИС-ийн Утга зохиолын ажилтны ангийг төгссөн. Анхны номоо гаргачихаад Д.Галбаатар багшдаа өглөө. Тэр үед багш надад “Холбоо гурван нуурын охин уу” гэж хэлж байсан нь санаанаас минь огт ерөөсөө гардаггүй. Их гоё тодорхойлолт.
Манай нутгийн уул, усны домог үлгэр шиг л юм байдаг. Тиймдээ ч ид шидийн байдал нь сэтгэл их догдлуулдаг. Хүн ер нь хайж явдаг зүйлээ л бичдэг юм байна лээ.
-Та сэтгүүлч үү, яруу найрагч уу?
-Би сэтгүүл зүйн салбарт дуртай, хайртай. Хоёрдугаар курст сурч байх үеэсээ л “Үндэсний шуудан” сонинд хагас цагийн ажил хийдэг байсан. Одоо ч сэтгүүлчээр ажиллаж байна. Харин яруу найрагч гэж дуудуулах арай болоогүй байх.
-М.Дэвээжаргал гэдэг охины ертөнц юугаар цалгиж явав даа...
-Уран зохиол. Анхнаасаа л ийм байсан. Одоо ч ийм байна. Утга зохиолын салбарт л бүх насаа зориулна гэж боддог байсан. Хэн ч намайг барьж хориогүй. Бусдыг бодвол биеэ даасан хүүхэд байлаа. Яруу найраг дотроо амьдрал, ид шид гээд бүх зүйлийг л агуулдаг. Уран зохиол миний дотор байна уу, би уран зохиолын дотор байна уу гэдгээ чагнаж, олж мэдсэн цагаас хойш эргэлзээ байхгүй болсон. Утга зохиол судлаач мэргэжлийг би эзэмшинэ, цаашаа явна гэж шийдсэн. Аливаа зүйлийг хар ухаанаар хийгээд явахаас илүү мэдлэг хуримтлуулах хэрэгтэй. Нээрэн одоо бодсон чинь нэг мөрөөдөл байсан юм байна.
-Ямар?
-Манайх монгол гэрт амьдардаг байсан. Тэгэхээр би чинь хүн болгоны нүдэн дээр амьдардаг болж таарч байна. Тэр үед миний мөрөөддөг байсан зүйл юу вэ гэхээр өөрийн гэсэн өрөөтэй болох. Тэр өрөөндөө ганцаараа дуугаа сонсоод, шүлгээ бичээд байж байх. Магадгүй одоо ч бодсоор яваа. Тэр мөрөөдлөө биелүүлэхийн тулд ажиллаж байна.
Бас шүлэг яруу найргийн нөхдөөсөө хоцрохгүй байх. Юмс яаж өөрчлөгдөж байгааг олж харах юм сан гэх хүсэл бас байдаг. Түүнээс биш сумандаа очоод амар амгалан, жаргалтай амьдарч болно. Багаасаа л өөрийн орон зайгаа хайж явсан, одоо ч энэ хотод хайсаар явна.
-Анх хотод орж ирээд үеийнхнээсээ дутуу мэдрэмж авч байсан уу?
-Тийм мэдрэмжийг байнга авдаг. \Инээв\ Оюутан болж ирсэн цагаасаа л хоцрогдмол мэдрэмж авч байсан. “Хүний амьдралд их юм хэрэггүй шүү дээ” гэж ярьдаг даа. Гэхдээ энэ хотод их зүйл хэрэгтэй болдог. Орон байраас эхлээд л хэрэгцээний эд зүйлсийн асуудалтай тулгарна. Би яг хаана орших нь мэдэгдэхгүй. Нутагтаа байсан бол байдал арай өөр. Тэнд миний гэр, орших газар маань байгаа. Гэхдээ энэ хот миний нэг хэсэг болж байна. Би ч энэ газраас явж чадахгүй.
Өсөж дэвжих, мэдлэг хуримтлуулах талаар их боддог. Жишээ нь би солонгос кино үзэх дуртай. Солонгос дууны шүлэг их гоё санагддаг. Тиймээс солонгос хэлийг суръя гээд хичээж явна. Ингээд бодохоор нэг талдаа энэ хот хүнд маш олон зүйлийг өгдөг. Үүнийхээ хариуг ч бас авах юм шиг л санагддаг. Надаас юу авах бол гэж бодоход тэр нь миний хийж чадах, хүрч чадах цэг байгаа юм.
-Аливаа нэг хүнд үг гэхээсээ илүү мэдрэмж хадгалагдаж үлддэг. Ямар мэдрэмж гэдгийг нь хэлж мэдэхгүй тийм мэдрэмж авч байв уу?
-Асуулт чинь сонин мэдрэмж өглөө. \Инээв\ Тийм мэдрэмж бол авч байсан.Надад ямар ч гэм хор хүргээгүй, хоорондоо үг ч сольж үзээгүй нэг хүнээс тийм мэдрэмж авч байлаа. Миний ертөнц тэр хүний ертөнц хоорондоо авцалдахгүй юм шиг... Заавал авцалдах албагүй шүү дээ. Тэгсэн хэрнэ нь надаас ямар нэгэн зүйл булааж аваад холын хол зугтаад явчих хүн шиг санагдсан. Их сонин мэдрэмж шүү. Өөрийгөө залгигч шиг сэтгэлтэй юм бэ гэж бодож байсан. Цаанаасаа л тэр хүнээс хол оршмоор санагдаж билээ.
-Оюутан насны дурсамжтай газруудын нэг бол оюутны байр. Тэр газраас л амьдрал эхэлдэг гэж ярьцгаадаг шүү дээ. Та оюутны байранд амьдардаг байсан уу, эсвэл түүгээр дайрч өнгөрөөгүй юу?
-Би оюутны байранд нэг, хоёрдугаар курстээ амьдарсан. Сумын дотуур байрнаас бол хавь илүү тохижилттой газар. Хамгийн чухал нь ямар хүмүүстэй хамт амьдрах шүү дээ. Эхний жилдээ үнэхээр мундаг хүүхдүүдтэй таарсан. Яг л ээж шиг хичээлээ тараад ирэхэд хоол хийчихсэн байна. “Өнөөдөр ямар хоол хийх үү” гээд л хоорондоо ярилцана. Бүх юм аа хуваалцана. Хүнд өгч, хүнээс авахыг л сурсан даа.
Харин хоёрдугаар курст байдал арай өөрөөр эргэсэн, илүү эрх чөлөө хүссэн жил болсон доо. Өөрийнхөө тав тухыг олох гэж өрөөлийн тав тухыг алдагдуулна. Хамт амьдарч байгаа хүүхдүүдтэйгээ зохицохгүй байгаа ч юм шиг мэдрэмж авдаг байлаа. Оюутны байр надад дор, дороо оршиж сур гэдгийг ойлгуулсан. Би орон дээрээ жижигхэн явган ширээтэй хичээлээ хийж, ном уншдаг байлаа. Нэг л мэдсэн орноосоо буух ч дургүй болсон байсан. Хүмүүстэй зөрөх нь хүртэл ядаргаатай санагдана. Яг л “матрушикан” дотор амьдарч байгаа юм шиг л...
-Бүх зүйл нь гэхдээ муухай мэдрэмж төрүүлдэггүй байсан байлгүй дээ...
-Тэгэлгүй яах вэ. Манай өрөө том цагаан ширээтэй. Тэр ширээн дээр би номуудаа өрөөд зогсож байлаа. Тэгтэл өрөөний охин маань “За энэ Дэвээгийн ертөнц үү, өнөөдөр энд хичээлээ хийж болох уу” гэж асууна. Би ойлгуулах гэж хичээгээгүй байхад намайг ойлгож, хүндэлдэг нь их хөөрхөн.
-Хаачихаа мэдэхгүй зовлонтой үе хүн бүрт тохиолддог. Зугтъя гэвч зугтаж чадахгүй...
-Тийм үе байсан. Багадаа хүнээс их зугтдаг хүүхэд байлаа. Манай гэрт хүн ирэхэд гараад явчихна. Ирсэн хүн явтал гэрийнхээ хаяаг дагаж сууна. “Сүүдэр дагаад хонь шиг алга боллоо” гэж манай ээж хэлдэг байсан. Би л байхгүй бол бүх юм болчих юм шиг мэдрэмж авахаараа зугтчихдаг. Том болсон ч гэсэн үүнийгээ хаяж чадаагүй. Эвгүй мэдрэмж авах юм бол хаяад л зугтчихдаг. Хүнээс авсан эвгүй мэдрэмжээс илүү оршихуйгаа тунхаглах хэцүү. Надад юм, юм байх хэрэгтэй. Юугаар ч дутаагүй хэр нь, энд ирсэн чинь юм юмаар дутсан хүн шиг санагдсан.
-Хамгийн хүнд үе хэзээ тохиолдсон бэ?
-Хамгийн шаналантай үе 2022 онд тохиолдсон.
-Саяхан л юм байна шүү дээ?
-Тийм ээ, тухайн үед одоо байгаа газраасаа арай өөр газарт ажилладаг байлаа. Тэгээд найзынхаасаа нүүгээд өөр нэг хүний сэтгэлийн зовлонг анагаахаар явсан юм. Тэгсэн чинь өөрөө өөртөө сэтгэлийн зовлон хураасан. Уг нь тэр хүнд хань болж түших ёстой цагтаа түшнэ гэсэн сэтгэлээр тус шийдвэр гаргасан юм. Учир нь миний хувьд чухал орон зай эзэлдэг хүн байсан. Амьдралд сэлүүргүй завьтай гарсан тэр хүнд тусалъя гэсэн зорилготой очсон. Хажуугаар нь өмнөх ажил маань цалингаа өгөхгүй тав зургаан сар боллоо. Байрны түрээсийн мөнгөө өгөх ёстой байдаг. Хагас сая төгрөгийн өрөнд орчихсон. Тэгтэл удалгүй хамт амьдарч байсан хүн маань нүүхээр болсон. Тэгээд би хаачих билээ? Өмнө бол найзындаа амьдарч байсан. Тэнд өөр хүн амьдардаг болсон. Хоёр тийшээ салаад явлаа. Хаачихаа мэдэхгүй байхад нь хажууд нь очсон би эргээд өөрөө хаачихаа мэдэхээ байсан даа. Ингээд л өөр нэг найзынх руугаа хамаг юм аа чирээд явлаа. Тэндээ бол сар амьдарсан. Яг шинэ жилийн үе таарсан. Миний очсон найз нөхөр, хүүхэдтэй. “Эгчийндээ очиж оноо гаргана” гээд... Одоо дахиад хаачих уу гэдэг асуулттайгаа эргээд учирлаа. Айлд очиж оноо гаргах гэж байгаа хүмүүст чирэгдэл учруулахыг үнэхээр хүсээгүй. Хаашаа явах нь тодорхой хүн шиг Хүнсний нэгийн буудал” дээр буугаад үлдлээ. Одоо хаачих уу? Жавар ид тачигнасан өвлийн хүйтнээр гадаа хонох ямар ч боломжгүй. Тэгээд орц хонгилоор хонох уу гэж бодсон. Хүн болж төрснийх үзэх ёстой юм аа үзэж л яваа юм байлгүй дээ гэж өөрийгөө аргадаж билээ. Энэ том хотод хоног төөрүүлчих газар олдох байлгүй дээ гэж бодоод алхлаа.
-Тэгээд та хаашаа алхаж явсан юм бэ, яг тэгж алхаж явахад дотор тань хамгийн түрүүнд юу бодогдсон бэ?
-Хүн чинь өөрийн эрхгүй л “Би хичээсэн шүү дээ” гэж боддог юм байна лээ. Тэр хүмүүст итгэсэн учраас цалингүй маш удаан ажилласан. Тэгээд алхаж байсан чинь оюутны ангийн найз маань залгаад “Манайд хүрээд ир” гэлээ. Очлоо. Манай найзын гэрийнхэн олуулаа. Найз маань хоол хийж байв. Би төмс арилгаж байгаад уйллаа. Нулимс цаанаасаа л асгараад байсан. Цамцныхаа дотор талаар нулимсаа арчаад л... Тэр үед найз минь “Зүгээр ээ” гээд намайг тэвэрч билээ.
Дараа нь хулууны зутан авчирч өгсөн. Тэр хулууны зутан яг амьдрал шиг санагдаж байсан. Нэг халбагадахад, хоёр халбагадахад энэ шөлөн дотор “би” гэдэг хүн живчихсэн юм шиг. Хүн хүнийхээ нулимсныг аягалж аваад халбагадаж уудаг юм билээ. Хүнд итгэсэн тэр итгэл эргээд надад зовлон болсон. Гэхдээ би хүнд итгэх итгэлээ алдаагүй. Бүх зүйлийн ёроолд нь байгаа юм шиг гуньж гутарч явахад тусалсан хүмүүс байгаа. Тэр хүмүүст үргэлж баярлаж явдаг.
-Хүн бүрийн дотор хэлж боломгүй уянгалаг мэдрэмж байдаг. Тэр мэдрэмжээ цаасан дээр буулгаж чаддаг хүнийг яруу найрагч гэж хэлдэг. Таны хувьд биширч хүндэлж явдаг яруу найрагч байдаг байх...
-Би бол үгийн шидэд итгэдэг хүн. Монгол хэл бол үнэхээр яруу тансаг. Дотроо биширч явдаг. Өчүүхэн амьтан энэ агуу хэлний зах зухаас нь балгаад цангаагаа тайлаад явж байна. Монгол хэлийг гаргууд ашигласан яруу найрагчдыг нэрлэмээр байна. Билгүүн номч Бямбын Ренчин байна. Чамин үг гэж ямар үгийг хэлээд байгаа юм. Чамирхал гэж юуг хэлээд байгаа юм. “Хөгжим мэт баясгалант Монгол хэл минь” гэж тэр бичжээ. Энэ чамирхал уу? Биш шүү дээ. Монгол хэлний мөн чанар, сүнслэг байдлыг мэдрүүлэхэд үг маш чухал. Яаж бичсэн юм бэ гэж уулга алдтал бичдэг яруу найрагч Г.Лхагвадулам байна. Мэдрэмжээ цаасан дээр буулгасан нь үнэхээр гайхалтай. Манай яруу найрагчдын шүлэг өөр өөрийн дуу хоолойтой. Юу ч дуугардаггүй хүн байна. Я.Баяраа ахын маань шүлэг эрдүү, зоригтой өөрийн гэсэн дуутай. Би гайхалтай мундаг яруу найрагчдыг нэрлэж болно.
-Яруу найрагчдын шүлгийн утга тухайн оршин буй нийгэмтэйгээ салшгүй холбоотой байдаг гэдгийг бүрэн харуулсан яруу найрагч бол Р.Чойном. Дайн дажин, хавчин гадуурхсан цаг үе ард үлдсэн. Харьцангуй тайван нийгэмд бид амьдарч байгаа. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Тухайн нийгэм нь хүнд маш их нөлөөлдөг. Зохиож биш мэдэрч бичдэг байх хэрэгтэй. Болор цомын эхний шатанд уншсан шүлгээр жишээ авъя. Одоогийн нийгэмд монгол хэлийг үл ойшоодог болсон. Намайг эмзэглүүлсэн тэр мэдрэмж шүлэг болсон. Би зохиох гэж үзэг барьдаггүй. Монгол хэлээ биширсэн жаахан охин хүн болгоны үздэг “Болор цом”-ын тайзан дээр өөрийнхөө дотоод хашхирааныг сонсгоё гэж бодсон. Яруу найраг нийгмийн болохгүй байгаа зүйлсийн дуу хоолой байж болно.
-“Болор цом”-ын эзэн С.Начингийн шүлгээс таны шүлгийг илүү сайн гэж хүмүүс ярьж байна лээ...
-Би өөрийгөө илүү гэж хэлэхгүй. Шаардлага ч байхгүй. Цагийн юм цагтаа ирнэ. Би юуны төлөө мэргэжлийн судлаачаар төгслөө. Хүн болгоны шүлгийг задалж уншиж, ойлгохыг хичээдэг. Энэ хүмүүсийн бүтээл яаж хүний сэтгэлд хаданд тогтсон ус шиг тогтож үлдэж байна вэ гэдгийг ухаж ойлгохыг хичээдэг.
-“Тэнгэрт хөөрөх цаасан шувуу” гэдэг нэртэй хүүхдийн зурагт ном гаргасан. Ном гаргах болсон шалтгаан юунаас үүдэлтэй вэ?
-2022 онд Монсудар хэвлэлийн газрын дэргэдэх хүүхдийн номын “Жангар” редакц эрхлэн гаргасан. Би зохиолчоор нь орсон. Хүүхдийн зохиол бичих их хэцүү санагдсан. Уран бүтээлч хүнд хүүхэд шиг гэгээхэн зан чанар байх ёстой. Тэр номыг бичиж байхдаа өөрийгөө хад чулуу шиг хүн болсноо анзаарсан. Өөрийгөө олж авсан цаг үе минь байлаа. Тухайн үед баярлаж хөөрмөөр, бүх ертөнц ямар гэгээлэг юм бэ гэж санагдаж байсан. “Тэнгэрт хөөрсөн цаасан шувуу” бол бүтэлгүйтлийн тухай ном. Гэхдээ том хүний ертөнцөөс бага зэрэг шигтгэхийг зорьсон. Хүн сэтгэлдээ байгаа хүнд хэцүү, тээртэй бүхнээ цаасан шувуу шиг суллаж, сул орхиод явуулах хэрэгтэй.
-Дахин шинэ ном гаргах бодол байгаа юу?
-Байгаа. Намраас яруу найргийн ном гаргахаар төлөвлөсөн. Бичсэн шүлэг болгоноороо ном гаргана гэхээр жоохон айдаг. 2019 онд гаргасан “Загасны сормуус” гэдэг ном, одоо эмхэтгэж байгаа шүлгийн түүврийг харьцуулаад харахаар шал өөр хоёр “би” харагдаж байгаа юм. Зарим зүйл нь гээгдсэн, зарим нь илүүдсэн, дутсан байдаг. Илүү ихийн мэддэг болсон өөр нэг М.Дэвээжаргал шиг л санагдаж байгаа. Нөхцөл байдал, цаг хугацаа нь таарвал үргэлжилсэн үг, яруу найргийн хоёр ном гаргамаар байна. Тэр цагийг л хүлээж сууна.
-Та сэтгүүлчээр ажилладаг. Сэтгүүлч хүн заавал нийгэмд болоод хүнд хэрэгтэй зүйл хийх үүрэгтэй хүмүүс. Таны хувьд ямар зорилго тавьж ажилдаг вэ?
Надад ч ийм хүсэл зорилго байсан. Оюутан байхдаа харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сурдаг байраар очсон юм. Нийтлэл бичих зорилготой бол очоогүй. Хамаатныхаа хүүхэд дээр очихоор явсан. Байр луу оронгуут шал нь суларчихсан, хөвхөлзөж хөдлөөд л... Үүд нь хир дааг болсон их муухай орчин байсан. Тэндээс гараад явж байхад нэг л хөндүүр санагдаад болдоггүй. Энэ тухай “Биднийг битгий азгүй хүмүүс болгооч” гээд нийтлэл бичиж, оюутны “Алтан үзэг” наадамд явуулсан. Бичиж байхдаа маш олон зүйлийг бодсон. Миний бичсэн зүйл нөлөөлж чадах болов уу, би өөрчилж чадах хүн мөн үү гээд л... Энэ хорвоод хүн болж төрсөн хүн бүр сайн сайхан амьдрах эрхтэй. Хэн нэгнийг орхигдуулмааргүй, хамт явмаар байсан. Тэр хөндүүр арилж өгөхгүй хэдэн өдөр дотор минь байсан даа.
-Наадамд илгээсэн бүтээл тань юу болсон бэ?
-Бичсэн бүтээл маань гуравдугаар байрт орсон. 2021 онд “Үндэсний шуудан” сонин дээр нийтэлж гаргасан. 2022 онд шинэ сургалтын байртай болсон байна билээ. Тэрийг хараад би маш их догдолсон. Тэр сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөөд “фэйсбүүк”-тээ “Сайхан тохижуулжээ, баяр хүргэе” гэж бичсэн. “Хараагүйчүүдийн холбооны пэйж” хуудаснаас “Баярлаа” гээд коммент бичсэн. Тэр “баярлаа” гэдэг ганц үг “Чи сэтгүүлч хүн болж чадна” гэж хэлж байгаа юм шиг надад туссан. Сэтгүүлч хүн сэтгэл зүрхээ урдаа барьж явах хэрэгтэй. Хахир хатуугаар сэтгүүл зүй хийнэ гэвэл юу болох вэ? Сэтгүүлч хүн өөрт байгаа хүчээ хүний сайн сайхны төлөө зориулах хэрэгтэй. Хамгийн гол нь сайн ярьдаг биш маш сайн бичдэг сэтгүүлч болмоор байна.
-Хайр бол хүн төрөлхтний хамгийн үнэт зүйл байдаг. Энэ мөнхийн сэдэв таны хувьд...
-Хайр чинь маш гоё зүйл ш дээ. \Инээв\ Энэ аягатай ус ямар ч хөдөлгөөнгүй байна. Одоо нэг ёотон хийлээ. Энэ ус цалгилаа, амт нь өөрчлөгдлөө. Миний хувьд хайр яг ийм зүйл. Маш их догдол, ид шид, хүлээлт тэвчээрийг агуулж байдаг.
-Танд байгаа хамгийн үнэт зүйл юу вэ?
-Амьд байгаа минь миний хувьд хамгийн үнэт зүйл. Миний хайртай хүмүүс надтай хамт байгаа нь, намайг хүрээлж байгаа нь миний үнэт зүйл. Нэг талдаа би өөртөө хайртай болохоор амьд байгаа юм биш. Хүмүүс надад хайртай болохоор амьд байна. Би энд байна.