Монголын дуу хөгжмийн ертөнцөд нэгэн шинэ өнгө болон гарч ирсэн, инди фолк уран бүтээлч Магнолиан буюу Б.Дөлгөөний “Interview” сэтгүүлийн 002 дугаарт нийтлэгдсэн ярилцлагыг хүргэж байна.

Нэг тийм цээжин дотор халуу оргиулан нисэж ирэх дурсамжийн цагаан шувууд л “Famous Men” цомгийг нь сонсох бүрт мэдрэгддэг.

Дуучин Н.Цэлмүүнтэй хамтран дуулсан “The Bride and The Bachelor” -ын клип, зохиомжийг найруулагч С.Бямба бүтээснээр олон ч кино сонирхогчдын анхаарлын төвд орж байсан билээ. Тэгвэл анх 2018 онд цацагдаж байсан тус дуу нь уржнан жилийн “People’s Choice” шагналт “Outer Banks” цувралын хоёрдугаар улирлын тав дахь ангид сонгогджээ. Өдгөө дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй Netflix өөрсдийн бүтээлд Б.Дөлгөөний дууг сонгож, уран бүтээлчид 3.000 ам,доллар төлжээ. 

“Outer Banks” цуврал нь Netflix дээр нийт 160 сая цаг тоглогдсон бөгөөд гуравдугаар улирлын үзэлт нь хоёр долоо хоногийн турш Netflix-ийн топ арвыг тэргүүлж байсан юм.

-“Мангнолиан” гэхээр хүмүүс амьд хөгжмийн хамтлаг гэж ойлгодог. Би ч тэгж ойлгодог хүмүүсийн нэг явсан. Гэтэл энэ нь таны өөртөө зориулж өгсөн уран бүтээлийн нэр гэдгийг хожим мэдсэн л дээ. Гэхдээ тоглолтын үеэр бол хамтлаг болох тохиолдол байдаг уу?

-Анх ганцаараа уран бүтээлээ туурвидаг байсан. Тухайн үед Мөнх-Оргил, Номинзул гээд продюсеруудтай хамтарч ажилладаг байлаа. Ерөнхийдөө бид гурав нийлээд “Магнолиан”-ыг бүтээсэн гэхэд болно. Студид дуугаа бичүүлэх үедээ хөгжимчид хөлсөлдөг байсан. Харин хоёр жилийн өмнөөс хамтлагаа байгуулж, одоо уран бүтээлээ туурвиад явж байна.

-Хамтлагаараа тоглох, ганцаараа дуулахын алийг нь сонсогчид илүүтэйгээр хүлээж авдаг вэ?

-Ганцаараа тайзан дээр гарахад дууных нь мөн чанар ямар ч элдэв чимэггүйгээр сонсогчдод хүрч, ойлгогддог болов уу. Миний дуунуудыг яг байгаагаар нь хүлээн авч мэдрэхэд илүү хүртээмжтэй санагддаг. Гэхдээ хамтлагаар тоглоход тайз, хөгжим, дуу гээд бүх л зүйл бүтэн болчихдог. Хүмүүс бол хамтлагаар тоглоход илүү дуртай хүлээж авдаг.

-Магнолиан гэдэг нэрний утга учир юу вэ? Монголиа гэдэгтэй төстэй ч юм шиг санагддаг шүү?

-Тухайн үед Магнолиа гээд цэцэг харсан юм. Цагаан цайвардуу өнгөтэй цэцэг байсан. Хальт харвал нэр нь үнэхээр л Монголиа гэж байгаатай адил санагдсан. Тэгээд сүүлд уран бүтээлийн нэр өгөх үедээ хэд хэд хувирсан ч анхны мэдрэмжээ санаад “Магнолиан” гэх нэрийг сонгосон доо.

-Дуу хөгжим гэдэг зүйлээр юуг илэрхийлж хүмүүст хүргэх нь хамгийн чухал гэж боддог вэ. Эсвэл өөртөө л зориулж, өөртөө л өгч чадах мэдрэмжийг авахын тулд дуу хийдэг үү?

-Надад хүмүүст сургаал хайрласан, эсвэл гүн гүнзгий утга агуулагатай үгсээр дүүрэн дуу хөгжим нэг их таалагддаггүй, би ч тийм сүрхий дуу хийх гэж оролддоггүй. Багаасаа л дуунд дуртай байсан болохоор 12 настайгаасаа гитар тоглож сурсан. Цаашлаад 16 хүрэх үедээ өөрөө ая зохиож эхлээд сүүлдээ өөрийн гэсэн дуутай болохыг хүссэн байх. Тэр үеэс л хойш дуу хөгжимтэй салшгүй холбоотой явсан, цаашдаа ч уран бүтээлч, сонсогч хэвээрээ байна гэдгээ мэддэг. Жирийн амьдралаас авч чадахгүй байгаа мэдрэмжийг хүмүүс дуу сонсож байж олж авдаг. Нөгөөтээгүүр би дуугаа дуулж байхдаа авдаг мэдрэмжээ бусад хүмүүстэй хуваалцахыг хүссэн. Энэ л хүсэл надаар дуу хийлгүүлж, өөрийгөө бүтээх боломжийг олгосон доо.

-Та дуучнаас гадна өөрөө сонсогчийн хувьд ямар хөгжмийг, ямар уран бүтээлийг эрж хайдаг вэ?

-Тийм шүү. Өөрөө дуучин ч гэсэн тухайн хүн сонсогч байх ёстой гэж боддог. Зохиолч хүн ном уншдаг, уран зохиолд хайртай учраас зохиол бичдэг шүү дээ. Түүнтэй адилхан би дуунд хайртай, дуу сонсдог учраас л өөрөө хөгжим бүтээдэг, дуулдаг хүн болсон. Надад ямар ч элдэв чимэггүйгээр бүтээсэн “үнэн” хөгжим л эрүүл санагддаг. Гэхдээ энд төрөл зүйл, жанрын талаар яриагүй. Тухайн хөгжмийн урсгал бүр л онцгой байдаг болохоор би хөгжмийг ангилах дургүй. Хүмүүс өөрт нь амар хялбар байлгах гэж аливаа зүйлийг ангилдаг байх. Харин би тэгж ялгаж салгалгүйгээр заримдаа чихэрлэг дуунууд ч сонсдог.

 

-Боб Дилан, Хэнк Уильямс зэрэг хуучны фолк артистуудыг бид мэднэ. Харин та өөрийн уран бүтээлийг фолктой хамаатуулан тодорхойлсон байсан. Фолкийн нэг элемент буюу “storytelling” нь болсон явдлыг өгүүлдэг шүү дээ. Энэ тухай яриач?

-Яахав Хэнк Уильямс, Леонар Коэн зэрэг хуучны фолкууд надад мэдээж таалагддаг. Гэхдээ би цэвэр бус яг орчин үеийн фолк гэж хэлж болмоор дуунуудыг илүү таашаан сонсож байгаа. Гол нь хуучны фолк артистууд гитараа бариад тайзан дээр ганцаараа гардаг байсан. Дуунууд ямар нэг болсон үйл явдлыг өгүүлж байдаг. Тиймээс л би өөрийгөө энэ төрөлтэй хамаатуулж тодорхойлвол хүмүүст илүү ойлгогдох болов уу гэж бодсон. Би ч бас яг адилхан дуугаа өгүүлэмжтэй, үйл явдалтай хийхийг боддог. Тэр бодлоо ч биелүүлж байгаа. Гэхдээ ямар нэг төрөл гэлгүйгээр тэр хөгжим маань өөрөө “цэвэр” болоод зөвхөн Дөлгөөний дотроос л гарах дуунууд байх ёстой. Тэгвэл л би өөртөө үнэнч үлдэж чадна.

-Энэ жилийн хувьд “Asem house”-д тоглолтоо хийсэн. Монгол гэрт амьд хөгжмийн тоглолт хийсэн тохиол бараг анх удаа болж байгаа болов уу. Энэ утгаараа олон ч хүмүүсийн сонирхлыг татсан. Яагаад ийм сонголт хийх болсон бэ?

-Гэрт тоглолтоо хийсэн нь 100 хувь миний шийдвэр байгаагүй. Би энэ тоглолтоо “Ulaanbaatar Passport”-ынхантай хамтарч хийсэн юм. Тэд надад тоглолтоо “Asem house”-д хийх санал тавьсан. Эхэндээ би эргэлзсэн. Учир нь би тоглолтоо 19-ийн тэр хавьд жинхэнэ үйлдвэрт хийе гэж бодож байсан. Гэтэл байршил төвөгтэй, хүмүүс олж очиход хэцүү, дээр нь акустик дуугаралтын хувьд ч бас асуудалтай санагдсан. Тэгээд гэрт хийхээр болсон юм. Би тоглолт болгоноороо зүгээр л нэг дуулаад өнгөрөх биш сонсогчдод арай өөр мэдрэмжийг хүртээх, онцгой шинэ мэдрэмж төрүүлэхийг хүсдэг. Тиймдээ ч гэрт хийсэн нь бас нэг өвөрмөц бэлэг байж чадсан. Үзэгчид маш тааламжтайгаар хүлээж авсанд баяртай байгаа. Харин анхны тохиолдлын хувьд бол мэдэхгүй байна. Хүмүүс анхдагч байхад дуртай байдаг л байх, надад энэ нь онц зүйл санагддаггүй. Хамгийн гол нь би хийж буй зүйл дээ сэтгэл гаргах, түүнийгээ маш сайн хийх ёстой гэдгээ л мэддэг.

-Тайзан дээр дуулах эсвэл шинэ уран бүтээл хийж суух хоёрын аль үед нь хамгийн их “кайф”-ыг мэдэрдэг вэ?

-Уран бүтээлээ хийж суух нь илүү гоё мэдрэмжийг өгдөг. Хөгжим зохиож, үг бичиж, дуугаа дахин дахин сонсч суухдаа би “кайф”-ийг ханатал амсдаг.

-Яг тайзан дээр дуулж байх явцад тархинд тань дараагийн дуулах дууныхаа талаар бодох процесс явагддаг уу?

-Үгүй, дараагийн дуулах дууныхаа талаар бодож байгаагүй юм байна. Харин дуугаа сайн бэлдээгүй байх тохиолдол гарах юм бол дуулах явцдаа за “алдчихвий”, “үг нь юу билээ”, “өнгө алдчихвий” гэх зэрэг олон л бодол төрдөг. Гэхдээ өөрсдийн дуугаа дуулах даа тэгдэггүй. Зүгээр л тайзан дээрээс үзэгчид рүүгээ харж инээмсэглээд, дараа нь юу ч бодолгүй шууд л дуулдаг.  

-Магнолиан “Өвөлжөө” гэх дуугаа л монголоор дуулж нийтэд хүргэсэн байдаг. Гэтэл энэ дууны англи хувилбар ч байгаа. Тиймээс англиар эхэлж зохиогоод дараа нь монгол хувилбарт шилжүүлсэн шиг санагддаг. Ер нь яагаад дуунуудынхаа үгийг англиар бичдэг юм бэ?

-Би багаасаа англиар ярьж өссөн болохоор энэ хэлээр дууныхаа үгийг бичих нь хялбар байдаг. Уншдаг ном, үздэг кино, сонсдог хөгжмүүд бүгд л англиар байсан дууны үгийг бичих гэж суухад дотор минь англи үсгүүд л нисэлдээд байдаг. Өөрийн эх хэлээр сайхан дууны үг зохиох хүсэл байдаг ч гэлээ одоохондоо арай болоогүй болов уу гэж боддог. Зохиосон аялгуунд маань хүртэл англиар бичсэн шүлэг л илүү наалдацтай болж өгөөд байх шиг санагддаг. Өөр нэг давуу тал бас байдаг л даа.

-Юу юм бол?

-Lykke Li л гэхэд швед хүн хэрнээ бүх дуугаа англиар дуулдаг. Хэрвээ тэр хүн шведээр дуулдаг байсан бол ийм олон сонсогчтой болохгүй ч байх магадлал өндөр. Тиймээс англиар үгээ бичиж дуулах нь олон улсад бүтээлээ хүргэхэд дөхөм байдаг.

-“Famous Men” цомог анх гаргах үедээ өөртөө хэр итгэлтэй байсан бэ? Энэ цомгийн онцлогийн талаар яриач?

-Мэдээж цомгийнхоо дуунуудыг гоё, чанартай уран бүтээлүүд болсон гэдэг итгэлтэй байсан. Тийм итгэл байгаагүй бол энэ цомог мэндлэхгүй шүү дээ. Гэхдээ хамгийн гол нь тухайн уран бүтээлчийн амьдралын замнал, карьерийн эхлэл зэргийг би цогцоор нь авч үзэх дуртай. Өөрөө ч бас дуртай олон хамтлаг дуучдынхаа тухай судалж мэдсэн. Тиймээс “Famous Men” бол “Магнолиан гэж ийм хамтлаг байдаг юм шүү, хөгжим, өнгө аяс нь энэ, цаашид энэ цомогоос авах мэдрэмжийг илүү өдөөж өгөх уран бүтээлүүд хийнэ” гэсэн танилцуулга маягийнх гэж хэлж болно. Хэдий дуунууд нь гоё болсон ч гэлээ тус цомог бол уран бүтээлийн маань оршил хэсэг нь юм.

-Аливаа урлагийн бүтээл, цомог, ном зохиол өөрийн гэсэн бүхэллэг чанартай байдаг. Харин тус цомогт орших чанар нь юу вэ? Жишээ нь найз охин Энхжинтэй хамтарсан “Someday” дуу бол өнгө аясын хувьд тус цомогт багтах дуу биш гэж та ярьж байсан шүү дээ...

-Ихэвчлэн бага байх үеэс л дуунуудыг цомгоор нь сонсч өссөн. Жишээ нь нэг гоё дуу байхад тухайн дуу багтсан цомгийг нь олж, бүхлээр нь сонссоны дараагаар уран бүтээлчийнх нь санааг илүү ойлгодог. Цомог гэдэг ямарч хамаагүй, хоорондын утга авцалдаагүй олон дуунуудын цуглуулга биш. Өөрийн гэсэн амьтай, уран бүтээлчийнхээ бяцхан ертөнцийг дотроо тээсэн байх нь чухал.

-Найз охинтойгоо анх уран бүтээлийн шугамаар танилцсан уу, өөрийн гэсэн хамтрагчидтай уран бүтээлээ туурвидаг байх, тийм үү?

-Анх Энхжинтэй хөгжимтэй огт хамаагүй байдлаар танилцсан. Учир нь нэг баримтат кинон дээр хамтран ажиллаж байх явцдаа бие биенээ мэддэг болсон. Дараа нь “Someday” дууг зохиочихсон байх даа өөрөө дуулбал зохихгүй, эмэгтэй хүнээр л дуулуулна гээд шийдчихсэн байсан. Гэтэл нэг удаа Энхжингийн төрсөн өдрөөр найз нар нь гитар бэлэглэсэн юм. Би тэр гитараар тоглож байгаад “Someday” дууг дуулаад үз дээ гэж Энхжинд хэлтэл тэр дуунд хоолой нь яг тохирсон шиг санагдсан. Түүнээс хойш зарим дуун дээрээ хамтран дуулах болсон доо.

-Кино гэснээс энэ онд баримтат киноны тань зураг авалт дуусна гэж сонссон юм байна?

-Анжи гэдэг Америк эмэгтэй хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөний тухай баримтат кино хийхээр Монголд ирсэн юм. Энэ эмэгтэй өөрөө найруулагч нь л даа. Харин миний хувьд уг кинон дээр продюссер, зураглаачаар ажиллахаас гадна хөгжмийн зохиолыг нь бичихээр болсон. Энхжин мөн продюссер хийж байсан юм. Баримтат кино болохоор  маш их хугацаа орсон. 2015 оноос эхэлж зураг авалтуудаа хийсэн ч одоо л дөнгөж монтаж хийгдээд явж байгаа. Киноны хувьд бол нүүдэлчдийн суурьшмал амьдрал руу шилжих хөдөлгөөн болоод, хот газар ирснээр тухайн хүний зан төлөвшилд хүртэл хэрхэн өөрчлөлт орж буй талаар өгүүлэх юм.

 

-Зарим дуунуудад тань ятга, морин хуур зэрэг хөгжмийн зэмсэг ашиглагдсан байдаг. Ихэнх нь орчин үед өөрсдийн бүтээлд үндэсний хөгжмийг хүчээр шахуу нийцүүлж дууныхаа аятай холбож өгөх явдал их байгаа нь ажиглагддаг. Харин таны хувьд?

-“The Bride and the Bachelor”-ийн ая нь өөрөө магтаал шиг өнгө аястай. Дээр нь Цэлмүүний хоолой орж ирэхээс гадна нэмэлт хоолойнуудтай хослоод госпел аялгуутай болдог. Харин төгсгөл дээр нь морин хуурын аялгуу оруулахаар яг л магтаал шиг болоод ирсэн. Энэ нь ч надад таалагдаж байсан, бараг л азаар шахуу морин хуурын аялгуутай хослуулаад бүтээчихсэн юм. Түүнээс биш анхнаасаа үндэсний хөгжим оруулна гэж огт хүчлээгүй, төлөвлөгөө байгаагүй. Студид бичих үед “Жонон” хамтлагийн морин хуурч Д.Мөнхсайхан тоглосон. Ер нь хийж байх явцад дуу маань өөрийн гэсэн өнгө төрхийг өнгө авсан. Угаас аливаа сайн бүтээлүүдэд тодорхой дүрэм тавьж, төлөвлөгөөний дагуу хатуу шаардлага дор бүтээвэл хий хоосон, хүчилсэн өнгө аястай болчихдог. Урлагт эрх чөлөө туйлийн эрхэм байх хэрэгтэй.

-2016 онд БНСУ-ын хамгийн том инди фестиваль болон АНУ-ын Техас мужийн Остин хотод болох “SXSW” фестивальд  мөн оролцсон шүү дээ. Тэр тухайгаа яриач?

-“SXSW” бол бидний зочилсон гадаадын хоёр дахь фестиваль. Ер нь бол дэлхийн томоохон хөгжмийн компаниуд цугладаг наадам. Хөгжмийн бүр сэтгүүл, радио, лэйбл бүгд л тэнд очиж, шинэ залуу хамтлагуудыг эрж хайдаг. Үнэнийг хэлэхэд хамгийн анх надад Монгол минь ямар жижигхэн юм бэ гэх бодол төрсөн. Бид энүүхэн доторх жижигхэн шилэн хоргондоо эргэлдээд л байдаг. Харин тэнд бол том далайд гүйгээд орчих шиг л мэдрэмж төрсөн. Бүгд л өөрсдийгөө бусдаас онцгой, чадварлаг гэдгээ харуулахын тулд бүх хүчээ дайчилдаг болохоор их өрсөлдөөнтэй болдог юм билээ. Тиймээс өөрсдөө л сайн хичээж чадвал бидэнд том боломж байгааг мэдэж авсан.

-“SXSW” фестивальд интерактив хэлэлцүүлэгээс бүрддэг болохоор их онцлог байдаг гэж сонссон юм байна, тийм үү?

-Тийм шүү.  “Rogue One” киног найруулсан Гарет Эдуардс илтгэл тавьсан. Түүний өмнө жил АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама илтгэл тавьж байсан удаатай юм билээ. Дэлхийн томоохон хөгжмийн наадамд эх орноо төлөөлж оролцсон доо баяртай байдаг. Үүнээс өмнө Солонгосын “Зандари” фестивальд мөн оролцсон, аль алинаас нь их зүйл сурсан даа.

-Ер нь монгол дуучид, хөгжимчид дэлхийд гарахын тулд хамгийн түрүүнд юуг анхаарах ёстой гэж боддог вэ? Туршлагаасаа хуваалцаач?

-Хамгийн гол нь англи хэлтэй байх хэрэгтэй. “Хэлтэй бол хөлтөй” гэдэг, энэ хамгийн чухал. Мөн дээр нь өөрийн хийж байгаа зүйлийг чин үнэн сэтгэлээсээ хийх, дэлхий намайг сонсоно гэсэн хүсэл мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Гол нь өөрийн уран бүтээл, хөгжим сайн байх хэрэгтэй шүү. Уран бүтээл чинь муу бол хэдий сайн англи хэлтэй байгаа, өчнөөн маркетинг хийгээд чамайг хэн ч тоохгүй. Хүнд зориулж бус өөртөө зориулж л хөгжим бүтээх нь чухал.

-Дуу тань оньсого шиг нууцлаг өнгө аястай байсан нь зүгээр үү, эсвэл хүнд шууд ойлгогдохоор, ямарч нууцгүй байсан нь дээр гэж боддог уу?

-Дуу энгийн мөртлөө симбол байвал гоё санагддаг. Дуу хийж байхад цаанаасаа тодорхой нэг зүйлийг заавал нэхдэг. Тиймээс оньсого шиг зүйлээр бүтээгдэж байгаа байх. Гэвч тэр нь үнэн болохоор энгийн байж чаддаг, сонсогчдод илүү ихээр хүрч чаддаг. Ер нь заавал ангилж үзэх шаардлагагүй санагддаг.

-Канадад урлагийн түүхийн чиглэлээр суралцсан гэж сонссон. Дуулахаас гадна урлагийн өөр ямар төрлөөр бүтээл туурвидаг вэ?

-Кинонд дуртай. Мэргэжлийн түвшинд биш ч гэсэн зураг авч чадна. Цаашдаа энэ чиглэл рүү өөрийгөө түлхүү хөгжүүлье гэж боддог. Өмнө нь бол би зохиолч болно гэж боддог байсан. Тэгж явсаар байгаад л сүүлд өөрийгөө олж, хөгжимтэй холбогдсон.


 

-Канадад сурч хугацаанд таны дотор оршиж байсан Дөлгөөн гэх хүн өнөөдөр хэр өөрчлөгдсөн бэ?

-Би тэр үед өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж чаддаг хүүхэд байгаагүй. Маш ичимхий, бүрэг хүүхэд байсан. “Famous Men” цомгийг гаргаснаар, хөгжим зохиож эхэлснээрээ өөртөө илүү их итгэлтэй байж чаддаг болсон. Тэгэхээр өөрчлөгдсөн гэсэн үг. Гэхдээ бүхлээрээ өөрчлөгдөөгүй, миний доторх Дөлгөөн өөрийн үзэл бодол доо үнэнч хэвээрээ байгаа.

-Дуу хөгжим таны аж төрөхүйг бүхэлд нь эзлэн оршдог уу эсвэл хобби гэж хардаг уу?

- Мэдээж би хөгжимд хайртай. Гэхдээ өөр олон зүйл сонирхдог болохоор хөгжим бүхэлдээ миний амьдрал, орон зайг дотроо оршоодог гэж хэлж чадахгүй.

-Дараагийн цомгийн ажилдаа орсон уу. Хэзээ шинэ цомогоо гаргах вэ?

-Шинэ цомгийн ажилдаа орсон. Одоогийн байдлаар 70 хувьтай явж байгаа. Нийтдээ 10-аад дуу багтах болов уу гэж бодож байна. Сая хийсэн тоглолт дээрээ дөрвөн дууг нь дуулсан. Харин үлдсэн зургаа нь хийгдээд л, янз бүрийн шатан дээр явж байгаа. Зарим дуу нь бараг болчихсон боловч, зарим дуу нь дээр нь жаахан гацчихаад л байна. Гэхдээ надад сүртэй онгод цадиг гэх зүйлс үгүй болохоор өөрөө л сайн төвлөрч суух хэрэгтэй гэж бодоод л явна.  “Famous Men” гоё тайван мэдрэмж төрүүлэхүйц, дулаахан өнгөтэй цомог. Харин шинэ цомог маань хүйтэндүү, дарк өнгө аястай цомог гарна. Сонсогчдод цоо шинэ зүйл хүргэхээр зорьж байна, удахгүй шинэхэн цомогоор уулзана гэдэгтэй итгэлтэй байна.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав