Шагайн харваа нь монголчуудын эртнээс нааш уламжлагдан ирсэн тоглоом наадгайн нэгэн төрөл юм. Шагайгаар монголчууд бөгцөг харвах, алаг мэлхий өрөх, дөрвөн бэрх, цагаан тэмээ цохих зэргээр тоглож ирсэн билээ. Тэгвэл энэ дотроос шагайн харваа нь түүхийн нугачаанд тодрон төрийн наадмын нэгэн төрөл болтлоо хөгжсөн байна. Шагайн харваа нь XIII зуунд өргөөндөө хаад ноёдын зугаацдаг наадгай байсан ба хожим нь ард түмний дунд дэлгэрэн хөгжиж , эрчүүдийн цэц мэргэнээ сорьдог нэгэн наадам болон өргөжсөн. Энэхүү үндэсний наадгай нь өвөрмөц нарийн ёс жаягтайгаас гадна ахас дээдсээ хүндэтгэн эрэмбэ дараагаа мэдэх зэрэг хүмүүжлийн өндөр ач холбогдолтой ажээ. Мөн 2014 оны 11 сарын 27-нд “ЮНЭСКО”-гийн “ Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөлийн жагсаалт”-д бүртгэгдсэн юм. Энэ удаа бид шагайн харвааны улсын мэргэн, Хэнтий аймгийн Батноров сумын харваач Ж.Бүрнээтэй ярилцлаа.

-Таныг их багаасаа шагай харвасан гэдэг. Та хэзээнээс эхэлж шагай харвах болов доо? 

-Би хүүхэд байхаасаа буюу 1959 оноос нагац ах Н.Лувсангаа дагаж шагай харваж эхэлсэн юм. Бидний багад чинь тог цахилгаан ховор байлаа. Би дөрвөн лаатай харанхуй орчинд л шагай анх харваж сурсан хүн дээ. Тухайн үед чинь оройн 22 цаг гээд л гэрэл унтардаг байлаа. Тийм болохоор лааны гэрэлд л харвадаг байсан. Тэр үед цаг хатуу байж. Шагай харвах хориотой шахуу. Шагайн харваа болоход хүүхдийг оруулахгүй, хөөнө. Харин манай сургуулийн захирал Сүрэн намайг шагай харвахад хүүхэд гэж хөөлгүй шагайн харвааны тэмцээн болоход оруулдаг байв. Ингэж бага сургуульд байхдаа сумандаа шагай харваж эхэлсэн. Манай аймаг эрт дээр үеэсээ сайн харваачид ихтэй. Тавхай Наваандорж гэж хүн их сайн харваач байсан. Би тэр сайхан буурлуудын буянд л шагайнд дурласан. Сайхан нөлөө бүхий хүмүүс байсан л даа. Харин сумандаа найман жилээ төгсчихөөд Бэрхийн уурхайд арван жилийн сургуульд ирсэн юм. Тэр үед л жаахан шагай харвахгүй тасарсан тал бий.

-Юунаас болж шагай харвахгүй тасрах болов? 

-Тасарсан шалтгаан нь тухайн үеийн удирдах хүмүүс, цагдаа сэргийлэхийн ажилтнууд хүүхэд гэж хөөгөөд оруулдаггүй, шагай харвуулдаггүй байсан. Хуучин нам төрийн үед үндэсний энэ тоглоомыг чинь “ажил заваа барсан дэмий юм” гэж ярьдаг байлаа л даа. Би ийм үзэл суртлаас болж шагай харвахгүй хэсэг тасарсан. Харин 1965 онд Улаанбаатар хотод оюутан болж ирсэн цагаасаа хойш тасрахгүй 60 гаруй жил шагай харвалаа даа. Шагайн амьд түүх болж үлдэж байна. Надаас настай хүн бараг байхгүй болж дээ. Шагай харвааны гурван үе элээсэн шахуу хүн л дээ. Энэ сайхан том соёлын өвийг тээж яваадаа ах нь их баяртай байдаг. 

-Шагай харвааны гурван үеийн түүхийг элээж буй таниас энэ асуултыг асуух нь зөв байх. Энэхүү шагай харвааны үүсэл гарлын талаар та дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу? 

-Монголчууд малыг гаршуулж гэршүүлсэн цагаасаа буюу хонийг гэрийн болгож идшиндээ төхөөрч хэрэглэдэг болсон цагаас л шагайн харваагаар наадаж ирсэн гэдэг. Тухайлбал шагай харвааны хашлага гэж байдаг. Үүнийг анх хонины далны ясан дээр хийж байсан гэдэг юм. Далны яс чинь хажуудаа хашлагатай, хамартай юм байдаг. Далны ясныхаа тавгийг тайрчихдаг. Тэр тавгийг тайрчихаар өрөөсөн талдаа бариултай болно. Тэгэхээр далны ясны нэг хамрыг зүүн гараараа бариад, баруун талд нь шагайгаа бариад ,баруун гараараа няслахад болдог байж. Хашлага гэдэг бол далны яснаас үүсэлтэй. Сүүлд зааны ясаар шагайгаа дууриалгаж хийсэн. Мөн бугын эврээр, зааны соёогоор хийсэн хасаа байдаг байсан. Хашлага сум,харвадаг хасаа, шагай гэдэг чинь бүгд тусдаа байдаг юм л даа. Шагай харваж тоглохдоо нэг багт 15 ширхэг шагай байна. Харвахдаа хоёр баг 15 шагайгаа нийлүүлээд 30 болгож тоглодог. 

-Шагай харвахын ач тус нь юу байдаг юм бэ? 

-Их сайхан соёл, хүмүүжлийг олгодог наадгай. Ёс суртахуун суулгадаг. Хүнийг төлөвшүүлдэг эд. Энэ нөлөөнд нь их олзуурхаж явдаг. Харвахад их тэвчээртэй болно. Хүнтэй сайхан харилцаж сурна. Айж эмээж сурна. Ер нь шагай чинь олон талын ач холбогдолтой наадаан. Эртний хаадын үед дайны бус цагт цэргүүдийнхээ сум тавих эрхий хурууны эрчийг хариулахгүй байлгах, нарийн мэдрэмж, тэсвэр хатуужил олгох, эр зориг, цэгцтэй ур чадварыг бий болгох үүднээс шагайн харваагаар наадуулдаг байсан гэдэг. 

-Түүхийн нугачаанд хавчигдаж явсан шагайн харваа таны бодлоор өнөөдөр хэр хөгжсөн байна. Таны залуу үед харваж байсан үеэс хэр өөрчлөгдсөн бэ? 

-Өө, тэгэлгүй яахав. Биднийг залуу байхад одоо шиг бүх юм нээлттэй сайхан байсангүй шүү дээ. Урьд бид тойромд очно гээд тэмээ морьтойгоо очиж харвадаг байлаа. Тойром гэдэг маань одооны аварга шалгаруулах тэмцээнийг хэлж байгаа юм шүү дээ. Тэр өдөр нь ганцхан бүтэн сайнд л болдог бусад өдөр нь болдоггүй байв. Харин одоо бол огт өөр болсон. Тэр үеэ бодвол шагай харваа ч зүйрлэхийн эцэсгүй сайхан болж дээ. Бидний үед тойром дээр 30-40 баг буюу нийт 70-80 хүн л оролцож шагай харвадаг байлаа. Одоо бол 100 гаруй баг 1000 хүн харвадаг болсон байна. Олноороо сайхан харвадаг, сайхан өрсөлддөг болсон. Одоо бол говь нутгийнхан тэргүүлэн харваж байна. Мөн шагайн хашлагыг сумын үйлдвэр хийдэг болж. Нарийн сайхан мод их элбэгшсэн байна. Шагай харваа спорт болтлоо хөгжиж, улсын баяр наадмын хөтөлбөрт орсонд үнэхээр баяртай явдаг.

-Хэзээнээс эхэлж спорт төрөл болох болов? 

-Шагай харвааг 1987 онд спорт болгосон юм. Үүнийг спортын төрөл болгоход хүчин зүтгэсэн хүмүүс бол сэтгүүлч А. Баярмагнай, Ш. Отгонбаяр тэргүүтэй хүмүүс санаачилсан. Тухайн үед Биеийн тамир спорт хорооны гүйцэтгэх төв зөвлөл гэж байсан юм. Тэр зөвлөлийн хурлаар шагайн харвааны талаар асуудал дэвшүүлж “Энэ бол спортын төрөл мөн” гэсэн шийдвэр гаргуулан, спорт болгож, цол олгуулж эхэлсэн юм. Улсын баяр наадмын хөтөлбөрт орж шагай харваж эхэлсэн нь 1990 он. Түүнээс хойш жаахан тасалдаад саявтар буюу 2010-аад оноос эхлээд наадмын хөтөлбөрт орсон. 

-Та хэдэн онд улсын мэргэн болж байв. Тухайн үеийн наадамд хэр амжилтай оролцож байв? 

-Анх 1993 онд шагайн харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн гэж болсон юм. Тэрэнд бид багаараа дөрөвдүгээр байранд орсон юм.Багаараа дөрөвдүгээр байранд орохоос гадна, хүн нэг бүрийн цуваа гэж байдаг юм. Хүн ганц ганцаараа харвадаг, оноогоороо уралддаг төрөл. Тэрэнд би оролцож харваад түрүүлж, улсын мэргэн цол хүртсэн. Би улсын хоёр дахь мэргэн юм. Үүнээс хойш би уралдаан тэмцээнд орсонгүй дээ. Шагай чинь ер нь хамт олон бүрдүүлдэг сайхан тоглоом Нэг гэрийн хүмүүс шиг бие биедээ дасаж, жаргал зовлонгоо хуваалцаж явлаа. Хамт олныхоо хүчинд түмнийхээ дунд хүндтэй явлаа. Хамт олноо дурсахад сайхан байна. Эргээд залуу болдогсон бол тухайн үеийн баг бүрэлдэхүүнээрээ байсан бол гэх бодол хааяа төрдөг юм.

-Таны залгамж халааг таны үр ач нараас тань өвлөж байна уу? 

-Залгамж үе жаахан тааруухан байна. Нэг хүү маань хөдөө малтай байдаг. Бас харвах зав ч үгүй юм даа. 

-Шагайн харваа нь үндэсний бусад наадгай дотроос юугаараа онцлог вэ? 

-Шагайг бол тэгж харва, ингэж харва гэж хэлэхэд хэцүү. Өөрөө л оролдож байж сурдаг эд шүү дээ. Тэвчээр их суулгана, шагайг чинь олон цагаар тоглоно. Их сууж босно. Тэр бүхэн чинь хүний биед зөв сайхан хөдөлгөөний дасгал болно. Ах захаа хүндэлдэг болгоно. Ер нь үндэстэн бүхний онцлог нь тоглоом наадгайдаа нэвт шингэсэн байдаг л даа. Морь, бөх, сур, шагай харваа гээд бүгд дээр нь ажиглагдаж байдаг. Спортын утгаараа шагайн харваа хүний хүлээцтэй болгож төлөвшүүлдэг. Нэг үгээр хэлбэл нуруутай, сайхан төлөвшилтэй болгодог.

-Та одоо хааяа харвана биз дээ? 

-Тэгэлгүй яахав. Хааяа хүүхдүүд та ирээд харваач гэдэг юм. Очиж харвана. Сайхан байдаг. Би өдий ная гарсан хүн гэхэд миний хараа их сайн, машинаа бариад малдаа явдаг. Энэ бүхэн шагай харвасны ач тус гэж боддог. Тийм учраас л миний хараа сайн байгаа юм. -Залуу үеийн харваачдад юу гэж хэлмээр байдаг вэ? -Баг их чухал. Баг битгий солиосой гэж боддог. Нэг багтайгаа сайн хамт олон болж, гэр бүл шиг бүрэлдэж төлөвшиж яваасай. Сайн харваж байгаа мэргэчүүл нэг нэгэндээ сайхан зааж сургаж байгаасай л гэж хүсдэг дээ.


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
А.Доржханд

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав