Кино эхлэхэд танхим чив чимээгүй. Тас хар дэлгэц дээр “Там эзгүй, бүх чөтгөрүүд энд байна” гэх Уильяам Шекспирийн үгс өрөгджээ. Гэнэт кадр солигдон байцаалтын өрөө гарахад байцаалт өгч буй хүн нь хэрэг үйлдэгдсэн өдрийг хэлэхэд бичгийн машины цаасан дээр 1984 оны .... гэсэн тоонууд гарна. Яг тэрхэн агшинд толгойд минь Жорж Оруэллийн сонгодог романы “1984” гэх нэр бодогдов. 

Энэ бол найруулагч П.Дэлгэрбаярын “95 Зүүдний хүн” киноны учир битүүлэг эхлэлд төрсөн бодол. Хүн үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг. Нэг хором, өдөр, сар эсвээс жил. Ийм өөрчлөлтүүдийн хувирлаас бидний амьдрал бүтдэг болохыг францын экзистенциалистууд өмнөх зууны сүүлээр тодорхойлчихсон билээ. Яг ийм амьдралын хувирал, хүний зан чанарын өөрчлөлттэй кино адилхан байдаг бөгөөл түүн доторх дүрүүд ч тэр  өөрчлөгдөх зүй тогтоцтой. Тэгээд ч үргэлж хувьсах уг амьдралыг өөрөөр харах, түүний тухай олон талаас нь бодож, утгын гүнд төөрөлдөж байх нь сэтгэн бодох эрх чөлөөний гол мөн чанар биз ээ.   

 

ЗҮҮДНИЙ ХҮН ЗҮҮДНИЙ ХҮН БИШ

Зүүдний хүн угтаа зүүдний хүн биш юм. Харин түүний зүүдэнд өрнөж буй үйл явдал, тэрхүү үйл явдлын эзэн нь зүүдний хүн. Тэгэхээр киноны гол дүр ахин нэг салаалж байна уу гэх эргэлзээ төрнө. Дүр дотор дүрийг урлах, тэрхүү доторх дүрээс өөр үйл явдал, салбарласан олон дүрүүдийг бүтээж, үзэгчдийг эргэлзээнд урих хөдөлгөөн нь зүүд, өнгөрсний дурсамжаар илрэхдээ гурван цагийн бүтцийг дэлгэцэнд урлажээ. Одоо цагийн талбар буюу аллага үйлдэгдэж байгаа өнөөгийн Улаанбаатар, нөгөө нь өнгөрсөнд буюу 1984 онд болсон түүх, тайлал нь ирээдүйд өөрчлөгдөх зүйлс ба Төмөрийн амьдрал эргээд хэвдээ орж буй учир шалтгаан. Ийм гурван цагийн хэлхээн дунд зүүдэлж, зүүдэндээ “аллага” үйлдээд буй мөрдөгч Төмөр ирээдүйд болох “их хядлагыг” өөрийн гараар бий болгосны хойно дахин шинэ эхлэлийн тойрог үүснэ.

Харин зүүдний хүнийг зүүдлэгч буюу нэгдүгээр бие гэж хэлж болох гол дүрийг чухам үзэгчийн санаанд оромгүй тэр үед ба дэндүү эрт задалж орхино. Төмөр хоёр дахь аллагын үеэр нөхөддөө баригдах үед “Би энэ хүмүүсийг алж байна гэж зүүдэлсэн. Тэгээд сэрсэн. Миний дотор чөтгөр шүглэсэн байх” гэж хэлдэг. Гол нь дүрийн дотор муу зүйл шүглэх эсэх хамаагүй л дээ. Үзэгчид бараг хэдийн ойлгочхоод буй хэлэхгүй ч байж болох үгс. Мөн нөхөддөө баригдах нь дүрээ эрт задалсан явдал ч бус ба хамгийн чухал нь “Би энэ хүмүүсийг алж байна гэж зүүдэлсэн” гэх өгүүлбэрт л байгаа юм. Чухам энэ нь зөвдсөн үү, буруудсан уу? гэдэг асуултын хариуг дараа яръя.

ЭРЭЛХИЙЛЭЛ БА ИЖИЛ САНАА

Киноны зохиолын хөгжүүлэлт нь шинэ эргэлт, бодомж, туйл, тайлалуудаас бүрдсэн болохоос бус санааны хувьд цоо шинэлэг зүйл биш л дээ. Магадгүй хэн нэгэн зүүдэндээ бусдыг гэмтээдэг, өөр цаг үед очдог, ирээдүйгээр зорчдог, өнгөрснийг өөрчилж, бодит байдлыг хэвд нь оруулдаг янз бүрийн төрөл жанрын олон л кино энэ дэлхийд бий. Хамгийн ойрын жишээ татахад л “The Pale Blue Eye” гэхэд л мөрдөгч нь өөрийнхөө хийсэн гэмт хэргийг мөрддөг шүү дээ. Түүнийг нь эцэст нь детектив зохиолын гарамгай эцэг Эдгар По илрүүлж байгаагаар киноны төгсгөлд өгүүлдэг. Үүнтэй адил мөрдөгч Төмөр өөрийн хийсэн гэмт хэргийг мөрддөг. Ерөөс эдгээр санаануудыг зохиолч, найруулагч бүр л өөрийн үзэл бодол, гүн ухаанаар баяжуулж, хийц найруулга гээд янз бүрээр, өөр өөрийнхөөрөө л гаргаж үзүүлдэг.

Гол нь найруулагч П.Дэлгэрбаярын бүтээсэн мөрдөгч өөрийн гэмт хэргийг мөрдөж байсны эцэст гэмт хэрэг үйлдэж байгаагаа ухаармагц учрыг нь тайлах эрэлд гарч байгаа нь зохиолын сонирхолтой хөгжүүлэлт, уран бүтээлчийн шинэ эрэлхийлэл юм. Дүр дахин хувирч ахин шинээр бий болж буй үг л дээ. Ерөөс аллага хийчихсэн, түүнийгээ мэдсэн хүн нэг ёсондоо сэтгэлзүйн хувьд ч тэр үхнэ. Энэ үхэл харин төгсгөл биш гэх санаа нь дүрийн хөгжүүлэлт дээр ийнхүү илэрч байна.

АСУУЛТЫН ТЭМДЭГТЭЙ САНДАЛ

Үзэгчид анзаарсан байх. Төмөр айдаст автсан, тэрхүү айдсаас үүдсэн олон асуулттай нэгэнт нүүр тулгарсан. Хүн айхаараа элдвийг үйлддэг, элдэв зүйлсэд итгэдэг. Тиймээс ч сэтгэлзүйн хувьд хамгийн бодитой илрэл нь энэ байж мэднэ. Ингээд Тэнгисийн өрөөнд ороход асуултын тэмдэг хэлбэрээр өрсөн цэнхэр сандалнууд гардаг. Энэхүү өрөөнд Төмөр айдаст автсан, оюун бодлоор нь дүүрэн асуултын тэмдэг нисэлдэж байх үед орж байгаа шүү дээ. Дүрийн сэтгэлзүйг эд юмсаар дэлгэн үзүүлэх уран гоё шийдлүүдийн нэг энэ байв. Цаашлаад харин  хэдийн үзэгчдэд өгчхөөд байгаа санаагаа, асуудлын гол учрыг Буддын шашны хойд насны төрөл хүртэл нурших Тэнгисийн тайлбар хөврөнө. Гэвч яг л үзэгчид залхах аядах энэ мөчид үйл явдал, Төмөрийн айдаст хэрэгтэй байсан шалтгаан бусдын өмнө ил болох нь тэр. Зохиол дахин нэг тайлалд хүрлээ.

Зүүдний хүн бол Төмөрийн урд насны дүр гэж Тэнгис хэлэхэд ч асуултын тэмдэг хэвээрээ. Учир нь тэр одооноос дараагийн үйлдлээ бодно. Урд насных нь дүр, зүүдний хүн болох Пүрэв юуны учир тэдгээр хүмүүсийг алав. Бүгд 1984 оны учир битүүлэг хэрэгтэй холбоотой.

 

НИЙЛБЭР ХОЁР

“Зүүдний хүн” киноны хамгийн чухал санааны нэг тэрхүү өнө холын, урд настай холбогдох түүхтэй хэсэгт өгүүлэгдэж буй ч магад. Армийн хээрийн сургуулийн онцгой бүсэд гал гарсан тул тусгай батальоны захирагч Сүндэв дэслэгч Пүрэвийн хамт цэргүүдийг тийш илгээнэ. Хэрэг болсон газарт ирэх замдаа Пүрэв нэлээд балгаж согтсон тул цэргүүддээ учрыг нь ол гэж тушаагаад гадна дашмагтай архиа балгасаар үлддэг.

Ерөөс энэхүү цэргүүдийг үйл явдал, одоо цагийн үйл явдалтай хэсэг бусгаар орооцолдох үед диалог болоод киноны ерөнхий шугамын турш урд, хойноо орох эсвээс ямар нэгэн учир битүүлэг, ойлгомжгүй алдаа гаргаагүй нь хамгийн том амжилт байж мэднэ. Түүнээс бус энд шугаман бусаар өрнөөд байгаа үзэгдлүүдийг алдаа гэж харах нь буруу. Мэдээж тус газарт цэргүүдээ буудсан Пүрэв цаазын ял сонсдог. Гэтэл мөрдөгч Төмөрийн олж мэдсэнээр үнэндээ цэргүүд нь шуналдаа хөтлөгдөж даргыгаа хийгээгүй хэрэгт буруутгасан байдаг шүү дээ. Энэ л бидний яриад буй, өнөөгийн нийгэмд ч тэр хэрэгтнийг цаазал, дүүжил гэх дуу хоолойн эсрэг уран бүтээлчдийн бас нэгэн тунхаг биз. Буруугүйг гүтгээд буудчихсан учраас л Пүрэв одоо цагт Төмөрийн дотор сэрж өөрийг нь буруутан болгосон цэргүүдээс өшөөгөө авч аллага үйлдсэн нь энэ. Учир явдал дахин тайлалдаа хүрлээ.

Нөгөө нь өнгөрсөн цагийн тогтолцооны алдаа, бусдын буруутай үйлдлийн нөлөө ирээдүйд гарах муу үйлийн эхлэл, шалтгаан ч болж болно. Үүнийг нэг гүйцэтгэл дээрх хоёр санаа гээд байгаа юм. Симус Хинигийн нэг алдартай шүлэг бий. “Нэгийг бодоход хоёр дахь санаа, Зэрэгцээд төрвөл энэ гайхамшиг мөн үү?”

 

АРИЛГАХ ЁСТОЙ ТӨӨРӨГДӨЛ

Монголын кино урлагийн 87 жилийн түүх хүний амьдралтай адил алдаа, оноогоор дүүрэн. Түүн дотор үндэстний үнэт зүйлээ гишгэсэн, балласан, өргөсөн, гайхуулсан, урлагийн үнэ цэнийн хувьд буурсан, уруудсан, дэвшин дээшилсэн, үзэл бодлын гүнд үнэнч үлдсэн, таягдсан хаясан гээд олон бүтээл бий. Гагц зохиол хийгээд дүрслэлээр өгүүлэх санааны тухай илүүтэй ярих цаг иржээ. Яг юуг өгүүлэх, юуг дүрслэх нь чухал болохыгоо ойлгосон, кино урлагийн хувьд дэвшин дээшилсэн жил болохыг энэ жилийн “Улаанбаатар кино наадам”-ийн зарим бүтээлүүдээс бид харсан, найруулагчдынх нь үзэл бодолтой танилцсан.

Тэгвэл нийтлэлч Д.Энхболдбаатар “Кино зохиол бол уран зохиол буюу А.Миеэгомбо” хэмээх шүүмждээ “Киноны зохиол бол уран зохиолын нэг төрөл юм. Тэгэхээр уран зохиолын зүй тогтлоор бүтээгдэх учиртай гэсэн үг. Гэвч зохиол бичих ажиллагааг киноны үйлдвэрлэлийн нэг дамжлага болгосны улмаас уран зохиолынх нь мөн чанарыг алдагдуулахад хүргэж байна. Кино гэх цогц бүтээлийн суурь болдог зохиол нь “зураг авалтын төлөвлөгөө маягтайгаар бичигдээд ирэхээр үйлдвэрлэлийн чанар бүхэлдээ уначихаж байгааг уран бүтээлчид эдүгээ нэгэнт анзаарч харах болсон байна” хэмээсэн байдаг.

Мэдээж томоохон стиудын хамтрал болоод арилжааны бүтээлүүдийн хувьд өөр байж мэднэ. Гэхдээ уран зохиолын нэг төрөл нь кино зохиол мөн гэдэг яагаад ч үгүйсгэж болохгүй зүйл. Тийм ч учраас “95 Зүүдний хүн” кинонд Чойнхорын зан чанарын хүүхэмсэг талыг илтгэх гэхдээ үйлчлэгч эмэгтэйг дотуур хувцастай гаргаж буй хэсэг, Төмөр, Сарнай хоёрын бүдэг өрөөн доторх буйдан дээрх хослол, үхсэн малын сэг, Дүйнхорын гэр, LIVE гээд хасчихаж болом хэд хэдэн дүрслэл, зохиолын хэлээс ондоогоор бичигдсэн сценүүд байгаа юм. Жишээ нь мөрдөгч Сарнайгийн дүр. Түүнд Төмөрт хайртай учир тавьж явуулах шалтгаан бий. Түүнээс дахин шалтаг хайх үг өгүүлбэр хэрэггүй. Тиймээс ахмад зүгээр л харцаараа цоргиод дараагийн даалгаврыг нь өгөхөд болох байлаа. Энэ маягийн зарим сцен, илүүдсэн сюжетүүд үзэгчдэд нэгэнт өгөгдчихсөн санааг ахин дахин давтахдаа дүрүүддээ ч төөрөгдөл үүсгэх магадлал өндөр байдаг.

Мэдээж кино бүр өөрийн “хэлтэй”, үзэгч болгон өөрийн мэдрэмжтэй гэдэг нь хэзээд хэнд ч ойлгомжтой.  

 

ҮНДСЭН ДЭЛГЭЦ БҮХЭЛДЭЭ

“95 Зүүдний хүн” киноны үндсэн ая санамсаргүй байдал, түгшүүр, асуудал үүсэх цэг, эргэлтүүд дээр л эгшиглэж байна. Үүнээс киноны туршид даган үргэлжлэхгүй. Ерөөс нэг тийм тасалдмал хэмнэлтэй гэсэн үг. Тэрхүү хөгжим өөрөө яг л дотоод сэтгэлийн айдсаас гадна түүнтэй хамт бодолд ассан түгшүүрийг илтгэж байгаа адил сонсогдоно. Тиймдээ хөгжим үнэхээр ийм хурдан эргэлт, санаанд оромгүй үйл явдлын өрнөлтэй бүтээлд тун аятайхан нийцэж өгчээ. Киноны дараагийн нэг ололт нь өнгө тавилт. Чөдөрийн ажилладаг сүм, түүн доторх өнгө тавилтын цэлдэн хөх, шаргал, хүрэн улаан өнгөнүүдийн уусалт нь цаанаасаа үүсэж ирэх муу ёрыг зурагласан шинжтэй цонхоор тусах зурвас гэрлүүд хүртэл Польшийн найруулагч Бартосз Ковалскигийн “Тамын нүх” киног санагдуулаад байлаа. Яг тэр кино шиг бус атал тус бүтээлийн өнгийг үзэгчийн сэтгэлд харуулж чадсан нь бас нэгэн ололт мөн.

Харин жүжигчдийн хувьд Төмөрийн дүрд тоглосон Э.Батнямбуугийн олон янзын хувирлыг олж харах боломжтой. Тэр Дүйнхорын хөл рүү дриллээр зоох агшинд нүүр лүү нь цус садарч ахуйд өс хонзоглолын зэвүүцлээ баг болгон өмссөн байсан бол Чөдөрийн сүм мөн л өөр нэгэн дүрийг урласан нь таамаглах аргагүй нууцлаг сэдлийн баг. Харин Чойнхорын хувьд гарт нь 1984 онд өөрийг нь ялд унагасан Пүрэв хутга баригдах агаад үүгээр шашны зан үйлд мууг даран сөнөөдөг байсны адил бурууг үйлдсэн хүмүүсээс өөрийн нэртэй хутгаар өшөөгөө авч байгаад киноны давхар утга илрэнэ. Энэ үед жүжигчний хувьд хайр сэтгэлийн төлөөсөө төлүүлж буй агаад тэр удаан тарчлаах сэдэлтэй нь хөдөлгөөний үйлдлээр үзэгдэнэ. Жүжигчин дүр бүрдээ ингэж хувирчээ.

ХЭН ЯГ ГЭМТ ХЭРЭГТЭН БЭ?

Өнгөрснийг өөрчилж болдог уу? Мөрдөгч Төмөр зүүдний хүнийхээ өнгөрсөнд хүрч бүх зүйлийг өөрчлөхийг оролдож байна. Өөрчилж чадсан. Гэвч эцэстээ аливааг сайжруулах тусам улам буруугаар эргэдэг болохыг эцэст нь Төмөр одоо цагт буцан ирснийхээ дараа архивын газарт очиж ойлгоно. Жолооч, Зоригоо, Пүрэв гэх гурван хүний амь эрсэдсэн хэрэг арван долоо хүний амиар өөрчлөгджээ. Гол дүр хоёр удаа үхээд ч өнгөрснийг сайн тал руу нь эргүүлж чадсангүй, улам дордуулчихаж байна. Эртдэж задалсан дүр, үйл явдлын эцсийн өрнөл, тайлалд бүтсэн гол санаа энэ.

Ерөөс зохиолын гол санаа, үйл явдлын цөм, дүрийн эцсийн оролдлогыг зохиолын төгсгөл хүртлээ нууж чадсан ийм бүтээл манай кино урлагт олон биш. Гэмт хэрэг, нууцлаг төрлийн жанрт найруулагч үнэнч байж тулаант кинонуудад гардаг зодооны урлагтай ч бүтээлээ хольж хутгасангүй. Дайны дараахан баруунд ихээхэн дэлгэрсэн “фильм нуар”-аас ялгаатай нь тус кино өөрөө реалист чанартай байв. Учир нь “Хэн яг гэмт хэрэгтэн бэ?”. Бие нь өнгөрсөн үеэс ирж аллага үйлдсэн Төмөр үү, өөрийг нь ялд унагасан буруутнуудыг цээрлүүлсэн Пүрэв үү, шунахай хүсэлдээ автаж даргыгаа ялд унагасан цэргүүд үү, үнэхээр эцэстээ бүгд захирагчдаа буудуулсан тэд гэж үү? Төмөрийн өнгөрснийг засах гэсэн үйлдлээс болж 17 хүнийг буудан хороосон захирагч Сүндэв үү? Тэгэхээр буруутанг бид үйл явдал болоод өнгөрсөн гурван цагийн хаанаас нь хайх вэ? Зүүднээс цааш гараагүй бол төгсгөлөөс нааш хэрхэн дуусах байв. Асуулт, дахиад асуулт...

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав