Эртнээс нааш монголчууд бид эрийн гурван наадмаа хийж дэлгэр сайхан наадсаар ирсэн ард түмэн билээ. Энэхүү цэнгэл наадмын нэг бол яах аргагүй хурдан морины уралдаан юм. Хурдан морины уяа сойлгыг тааруулахад уяач хүнээс ур ухаан, авьяас чадвар нэгэн зэрэг шаарддаг билээ. Тэгвэл өнөө цаг үеийн шилдэг уяач Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат, Монгол Улсын манлай уяач Г.Батчулуунтай уулзаж ярилцлаа.

-Хурдан морины уралдаан таван сарны нэгнээс уралдах нь ээ. Та морьдоо хааш нь уяж байна вэ?

-Тиймээ таван сарын нэгнээс хуулиараа хурдан морины уралдаанууд нээгдээд гарах юм шиг байна. Мөн Төв аймагт “морин тойруулга” баригдаж байгаа юм. Тэр таван сар гарангуут болох юм байна. Наадмын товууд гарсан харагдсан. Миний хувьд уралдана гэж морь уясан юм алга. Хаврын уралдаан болохоо больчихсон учраас зуныхаа уяанд улс бүсийнхээ наадамд морьдоо уяад л байж байна даа. 

-Өнгөрсөн өвөл их хатуу жил боллоо. Энэ өвөл морьдондоо ямар ажил хийв? 

-Өнгөрсөн өвөл их хатуу жил боллоо. Ойрын хэдэн жил миний үзээгүй хүйтэн болсон. Хүйтрэхээрээ их удаан хугацаатай, жавар нь их тогтонги, цас нийт орон нутгаар их хэмжээгээр оров доо. Би энэ өвөл баруун, зүүн аймгуудаар явсан. Цас маш их хэмжээгээр орсон байна. Энэ жил малчдад их хүнд өвөл боллоо. Морины ажлын хувьд эдэлдэг эдэлгээгээ морьдондоо хийгээд л, гурван сарын 20-д гээд ер нь морины эдэлгээ зогсчихдог юм шүү дээ. Дөрвөн сарын 20-д хүртэл морьдынхоо эдэлгээг зогсоочихдог. Миний хувьд морьдын эдэлгээ зогсчихсон байгаа.

-Яагаад тэр вэ? 

-Яагаад ингээд зогсчихдог юм гэвэл гурван сарын 20-доос дөрвөн сарын 20 хүртэл морь эмгэг олдог цаг нь. Энэ үед адуу эмгэг авах магадлал их байдаг. Учир нь халуун хүйтэн хоёр хосолж орж ирж байдаг. Өдөр нь нэмэх, шөнө нь хасах болчихдог. Дөрвөн сарын 20-доос хойш дандаа өдөр ч нэмэх, шөнө ч нэмэх болчихдог. Нэмэх хасах хоёр хослоод ороод ирэхээр адууны эмгэг олох магадлал их өндөр байдаг. Халуун хүйтэн хоёр харшиж байна гэсэн үг. Хүн ч ялгаа байхгүй, халуун газар хөлстэй байж байгаад хүйтэн жавар хургасан газар орох юм бол шууд хатгаа авдаг шүү дээ. Тэгэхээр дөрвөн сараас хойш хийн цаг маань арилна. Тэрнээс хойш угаасаа ч ногоо идээд эхэлнэ. Гурван сарын 20-ноос дөрвөн сарын хорин хүртэл хасах нэмэх орж ирдэг халуун хүйтний харшил байж байдаг. Хоёрдугаарт, элгэн цаг гэдэг нь эхэлдэг. Үндэс хөөдөг. Учир нь адуу мал ч ялгаа байхгүй, хүн ч ялгаа байхгүй элэг шим тэжээлээр дутагддаг үе. Энэ үед уяж буй адууныхаа элгийг дэмжих тэжээл, витаминаа хийх хамгийн тохиромжтой. Үүний дараа ногоонд цатгаад л зуны морины уяа эхэлнэ дээ. 

-Хаврын цагт халуун газар хөлстэй байж байгаад хүйтэн жавар хургасан газар орвол хатгаа авдаг гэлээ. Намар ч бас сэрүүн улирал, энэ үед мөн эмгэг олох уу? 

-Намар цагт мөн ялгаа байхгүй. Намар өдөр нь дулаахан тав, арван таван хэмтэй байж байгаад шөнө болохоор хасах тав, -10 градус болоод ингээд хасах нэмэх хоёр орж ирж байгаа үед бол адуу эмгэг олох магадлал маш их. Үүнийг манай өвөг дээдсүүд намрын хайлган цаг, намрын хийн цаг гэж онцгой нарийн авч анхаарч үздэг байсан. 

-Тантай уулзсаных хаврын морин уралдааны тухай асууя. Энэ уралдааныг хориглоод таван жил боллоо. Уг шийдвэр -уяачдад хэрхэн нөлөөлсөн бол? 

-Хаврын уралдааныг хориглоод таван жил боллоо. Энэ хооронд хаврын морин уралдаан болно,болохгүй гээд л яриад байлаа. Морь тэжээнэ гэдэг маань уяачид бидэнд өндөр шаардлагатай болчихлоо . Өвс маань ямар үнэтэй байгаа билээ. Манайхан өвсийг бол яг тэр намрын үед өндөр хэмжээнд үнийг нь нэмчихдэг. Газар дээрээ намар бол таван мянга байдаг юм шиг байгаа юм. Намрын дөнгөж орж ирж байгаа өвс бол 10 мянга хавьцаа орж ирж байна. Өдийд хавар бол өвс 28 мянга хүрлээ шүү дээ. Баруун аймаг руугаа очихоор 30-35 мянга гээд явчихна. Тэгэхээр морийг тэжээнэ гэдэг маань өвс тэжээлийн үнэ цэнээсээ эхлээд асар их хөдөлмөр орж байна. Үүнээс гадна цаг хугацаа гэдэг маань өвс тэжээлээс илүү үнэтэй эд . Тэгээд энэ өвлийн эхэн сард морьдоо тэжээлд оруулаад л тав, зургаан сар тэжээчихэж байна. Нэг адуунд орох зардал маань өндөр гарчихаж байгаа юм. Тооцоод үзэх юм бол дор хаяж хоёр сая төгрөгийн зардал орж байгаа, хэчнээн адуу тэжээлд орж байгаа билээ. Энэ өвс тэжээлийн зардал цаг хугацааны хууль гэж байна. Хаврын уралдаан болохгүйгээс болоод цаг хугацааны хохиролоос эхлээд өчнөөн юмнууд үүсэж байна. 

-Хавар морь уралдахад хамгийн тохиромжтой үе нь хэзээ байдаг вэ? 

-Хаврын уралдаан болох тохиромжтой үе бол хаврын тэргүүн сарын шинийн 15 шүү дээ. Хэдэн жилийн өмнө “Дүнжингаравын уралдаан” гэж хаврын тэргүүн сарын шинийн 15-нд болдог байсан. Энэ уралдаан маань морь уралдахад хамгийн тохиромжтой цаг хугацаа нь байдаг байлаа. Монголчууд бидний ”Цагаан сар” маань нэг сарын дотор хэлбэлзэж байдаг. Энэ уралдаан чинь гурван сарын аравдын дотор уралдчихдаг. Цас мөс хайлаагүй, нэмэх градус орж ирээгүй, адуу эмгэг олох ямар ч нөхцөлгүй үе. Энэ бол хурдан морь уралдахад оновчтой цаг хугацаа. Дүнжингаравын уралдаан болоход тоос шороо босохгүй. Хоёрдугаарт, уламжлалт мал аж ахуй гэж их ярьж байгаа энэ цаг үед хавар уралдах нь хамгийн оновчтой. Хаврын тэр уралдааныг үзэх гэж ирж байгаа хүмүүс өвлийн бүх гоёлоо өмсөж ирнэ. Үнэхээр сайхан. Тухайн уралдааныг уяачдын холбооны тэргүүн байхдаа М.Энхболд дарга маш сайхан зохион байгуулж байсан. Тэр үед бүгд сайхан үндэснийхээ хувцсыг өмсөөд ирчихсэн, гадна дотны гийчид их сонирхдог, байгаль дэлхий ч гоё, уралдаан ч маш сайхан болдог байсан. Угтаа бол дээр үеэсээ л хаврын эхэн сард уралдаж байсан юм билээ л дээ. Бид нарын багад бол уралддаг л байсан шүү дээ. Шинийн гурван, шинийн таван, арвадаар гээд л Хэрлэн Баян-Улаан отрын нутагт гараад л уралддаг байлаа. Энэ уралдаан маань хязгаарлагдаад таван сарын нэгэн хүртэл хойшлуулагдчихсан. Үүнийг “өвлийн уралдаан” гэж нэрлээд байгаа нь буруу. Хаврын эхэн сард урь унасан үед л уралддаг уралдаан шүү дээ. За, яахав хууль тогтоомжоо дагаад таван сард уралдъя, дулаан цагт хүүхдээ даарах, бээрэхгүй үед уралдъя гэхээр адуундаа сөрөг нөлөө гараад байгаа юм. Ийм үед уралдахын тулд дор хаяж сарын ажил хийнэ, энэ үед уралдахад морины хувьд хий цохих үе. Хамгийн эрсдэлтэй цаг үе нь.

-Таван сараас хойш уралдахаар мориндоо ямар хор хөнөөлтэй гэдгийг хүмүүс мэдэхгүй байна л даа. Уралдах мориндоо ямар эрсдэлтэй байдаг юм бэ?

-Энэ үеэр нь уралдана гэдэг адуундаа эмгэг олох магадлал нь маш өндөр,энэ нь хий цохих, эмгэг олох нь бол тухайн үедээ илэрдэггүй. Хамгийн аюултай нь энэ далд хэлбэрт байдаг байхгүй юу. Жилбэн гэж яриад байна. Хаврын хий нь жилбэн буюу усан жилбэн. Намрынх нь болохоор усан жилбэн, зуных нь болохоор наран жилбэн, өвлийх нь болохоор жин цохих,тэр нь өвөл дааруулснаас болдог. Зооноос нь дааруулах, хүйтэн газар хайруулах, энэ бүхнээс болж жин цохиж байдаг. Сүүн жилбэн гэдэг нь сүүндээ хордох гээд байдаг. Жилбэн гэдэг чинь өнөөдөр авчихаад маргааш нь илэрдэг эмгэг биш юм. Долоо хоногийн дараа илрэхгүй, заавал жилийн дараа юм уу, хоёр гурван жилийн дараа илэрдэг. Тухайлбал өнөөдрийх шиг салхитай өдөр хөлс аваад шөнө нь биеийх нь дулааныг хадгалж өгөхгүй бол морь маань даарна. Ингээд л тухайн морь эмгэг авна. Тухайн эмгэг нь зундаа ч илрэхгүй, жилийн дараа илэрдэг. Хавар авсан жилбэн нь намар илэрдэг. Жилбэн гэдэг маань булчин махны завсар хий шар ус бий болохыг хэлж байгаа юм. Энэ нь хожуу илэрдэг гэдгээрээ хүнд. Хүмүүс надаас их асуудаг хойшоо доголоод байна гэж. Хойшоо доголоод байна зоонд нь юм орчихлоо гээд байдаг. Энэ зоонд юм орох биш жилбэн байхгүй юу. Энэ нь удаандаа гэдэс цавиар нарийсах зэрэг удаан шаналгаатай өвдөлт байдаг. Хүндрэх юм бол үхэх аюултай. 

-Үүнээс гадна хурдан морины хүүхдийн асуудал хурцаар тавигдах боллоо. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ? 

-Хөдөө багаасаа өссөн хүүхэд гэдэг байгаа орчиндоо зохицох чадвар их өндөр байдаг. Нэг ийм үгийг Хэнтий аймгийн цэцэрлэгийн багш хүн хэлсэн байдаг. Эрүүл монгол хүүхэд эмээл дээр өсдөг юм гэж. Хамгийн хөнгөн хүүхэд нь 21кг, хамгийн хүнд хүүхэд нь 32 кг байсан юм. Хамгийн хөнгөн эмээл дөрвөн кг жинтэй. Адуу гэдэг амьтан чинь өөрийнхөө 10 хувьтай тэнцэх ачааг үүрээд уралдаж чаддаг. Үүний жишээг монголчууд эрт үеэсээ олоод л тогтоочихсон байгаа юм. Хурдан морь унасан хүүхдүүд ихэвчлэн онц сурдаг. Морь унаад явах, машинд суугаад явах огт өөр байдаг. Хүүхэд тэр морьтой харьцаж сурдаг. Морь үргэх нь гэдгийг чихийг нь хараад мэддэг. Чих нь хулмайхад л морио хажиглах нь гэж мэдэрдэг. Морио яаж байна гэдгийг мэддэг. Унасан морь нь үргээд цочих юм бол өвдгөө эмээл дээрээ хавчих уу , мөн зүгээр сайхан тайвнаар өөрөө биеэ суллаад суудлаа засаад хазгай суух уу, цэх суух уу, амыг нь залах уу гэдгийг мэддэг. Морины ам чинь гарын аясаар явж байдаг. Морь унасан хүүхэд гэдэг бие даах өндөр чадвартай болдог. Морь унахад биеийнх нь бүх булчин ажиллаж байдаг. Хөл гарын булчин зэрэг хөгжиж байдаг, дөрөөн дээрээ босох зэрэг маш олон чухал хөдөлгөөнүүд явагдаж байдаг. Хүний бүх биеийн булчингууд ажиллаж байдаг. Хүүхдийн эрхийг хамгаалалгүй яахав. Гэхдээ ингэж хүчээр монгол хүүхдэд морь унахыг нь хорьж хамгаалмааргүй байна.

-Таны бодлоор хүүхдийн эрхийг яаж хамгаалбал зөв санагддаг вэ? 

-Энэ миний хувь хүний л бодол шүү. Мориноос ойчоод бэртэл гэмтэл авхуулахгүй тэр талаас нь хүүхдийн эрхийг хамгаалах шаардлагатай байна. Тухайлбал баталгаатай зам дээр уралдах гэдэг ч юм уу . Баталгаагүй зам дээр бас уралдаад байна шүү дээ. Унаад уралдаж байгаа мориных нь ааш хүүхэд унах хэмжээнд байна уу, үгүй юу. Тухайлбал, агсан уухиа морийг унуулж болохгүй гэдэг ч юм уу. Осол гэмтэл гарахааргүй баталгаатай замд уралдуулдаг байх. Энэ талаас нь шахаж шаардах хэрэгтэй. Түүнээс зөвхөн морь унаж болохгүй , хаврын уралдаан хийхгүй гэж хүчээр хорьж болохгүй. Ингэхээр чинь морь унадаг хүүхдүүд ховордоод байна. Хөдөө малын захад өссөн хүүхэд, малаас хөндий өссөн хүүхэд хоёр огт өөр шүү. Морь унаад эрүүл агаарт байх, эрүүл чийрэг хүн болох ч маш чухал. Унаач хүүхдүүд оюун санааны хувьд ч гэсэн сэтгэн бодох чадвар их өөр байдаг. Хотод байгаа хүүхдүүд чинь үнэндээ утастай л нөхөрлөж байна. Монгол хүүхэд тэртээ тэргүй өвөл морио унаад малд явж л байгаа шүү дээ. Хуучны уяачид чинь морь унадаг хүүхдүүдээ их л нандигнаж хайрладаг байсан. Миний багш М.Данзанням “Морь унаж байгаа хүүхдийг пэлдэн мэт хайрла” гэж захидаг байлаа. 

-Одооны хөдөөний залуучуудыг морио унаж малаа маллахаа больсон байна. Текник их хэрэглэж байна гэсэн шүүмжлэл бас байдаг. Та үүн дээр ямар бодолтой байна вэ? 

-Одооны хөдөөний залуучуудыг би ажиглаж байхад энэ шүүмжлэл нэг талаар үнэн. Би 1970-1980-аад оны үед хөдөө өслөө. Тухайн үед гүзээтэй бүдүүн залуучууд байдаггүй байлаа. Одооны хөдөөний залуучууд бүгдээрээ “бүдүүн“ байна. Энэ яагаад вэ гэвэл байнга машин унаж байна. Морь унахаа байсан байна. Адуучин тэмцээнүүд их болж байна. Үүн дээр ганцхан жишээ ярья. Уурга шүүрэх тэмцээн байна. Үүнд оролцож байгаа залуус ихэнх нь биеэ дийлэхгүй байна. Энэ бол ерөөсөө жилийн дөрвөн улирал морио унадаггүйтэй холбоотой. Уламжлалт соёл гэдэг бол адуун дээр тогтдог. Үүнийгээ залуучуудыг ухамсарлаасай гэж боддог. 

-Үүний дараагийн асуудал бол сүүлийн үеийн наадмууд дээр их анзаарагдах болсон зүйл цэвэр цусны адуу, монгол адуу гэж уяачид хоёр хэсэг болж маргадаг боллоо. Энэ хэрүүл талцлаас болоод үзэгчид наадмаа хуучин шигээ үзэж чадахаа байлаа гэж ярьцгааж байна. Хурдан удмын адууныхаа цусыг сайжруулах нь зөв үү? 

-Аливаа юм чинь хөгжиж байдаг. Үүний нэгэн жишээ бол үндэсний бөх байна шүү дээ. Бэлтгэл сургуулилтын түвшин аварга, арслан гэлтгүй бүгд адилхан болсон. Сумын заан ч улсын аваргыг хаях хэмжээнд очсон. Хурдан адуу ч гэсэн үүнтэй ижил түвшинд хөгжих ёстой. Уралдах адуугаа сайжруулсан нь зөв. Хурдан адуугаараа уралдъя л гэж байгаа юм чинь адуу нь хурдан л байх ёстой. Сайжруулсан адуугаа сэрвээний өндрөөр хэмжиж уралдаж байна. Хөдөөний уяачид дотор үржил хийгээгүй хүмүүс олон байгаа. Үржил хийсэн хүмүүс нь цөөн тооны хүмүүс байгаа. Тэрийгээ борлуулаад амжиргаагаа залгуулаад байдаг. Яг үнэндээ одоо л адууныхаа цусыг холдуулаад байгаа юм биш шүү дээ. Аль дээр үеэсээ энэ явц ахуй амьдралд маань байсан. Хэнтий аймгийн Өвгөн ноён М.Пүрэвжав “Галшар” адууг бий болгосон. Дараа нь Жаргалантын морин завод гээд оросын цэргийн шугамаар цэвэр цусны Дон, Орловын морин тойруулгаас цэвэр цусны таван азарга авчирч байсан. Тэр азаргануудад “Галшар”-аас хоёр гурван гүү тавьж төл авч байлаа шүү дээ. Бас зэрлэг тахийн хоёр гүү ч авчирч тавьж байсан. Энэ чинь худлаа биш түүхэн үнэн явдал байхгүй юу даа. Тухайн үед улсын наадамд 50 хувийн цустай адуугаараа морин тойруулгынхан улсын наадамд уралдаж л байсан. Морин тойруулгын анхны уяач нь С.Самдан гэж хүн байсан. Дараагийх нь Д.Гарамжав гуай байлаа. Тухайн үед монгол адуутай уралдаад л, хойно урдаа ороод явж л байсан. Энэ сайжруулсан цустай адуугаар уралдах үгүйг малчид, хувь хүн өөрсдөө л зохицуулчихна. Төр ч оролцох юм биш. Төр оролцоод байгаа учраас өөрийн чинь хэлснээр наадам болгон дээр монгол адуу мөн биш гэсэн маргаан дагуулж байна. Угаасаа байгалийн зүй тогтолт уламжлалт аргаа хэзээ ч монголчууд хаяхгүй. Монгол адууны суурь дэвсгэр гэдэг хэзээ ч арилахгүй. Монгол адууг тэртээ тэргүй монгол малчид байлгана. Монгол нутгийн хөрсөн дээр туур нь хатсан л бол монгол адуу. Ямар цус орох нь бол хамаагүй болчихож байгаа юм. Одоо бол ялгаж уралдаж байна. Жинхэнэ цэвэр монгол адуу гээд нэг нийгэмлэг ч явж байна. Үүний гол санаа нь зө. Монгол адуугаа хаяж болохгүй. Дэлхийд дархлагдсан адуу. Харин нөгөөг үгүйсгэж бол болохгүй. Нөгөө талаа үгүйсгээд л цэвэр цусны адуу адуу хэрэггүй гээд л хэрэлдэж уралцаад явах хэрэггүй. Ийм муйхар байж болохгүй. Энэ улсын наадам чинь тойргийн уралдаанаас огт өөр юм байхгүй юу. Мөнгө төгрөг ордоггүй. Үүн дээрээ нэгдэж л морь уясан уяаагүй, хөдөөнийх, хотынх ч бай хурдан морио харж самсаа нь шархирч байдаг ийм л өв соёл. Миний бодлоор бол 25 хувьтай адуугаараа л уралдах зөв гэж боддог. Одоо хэмжиж уралдаж байгаа хэмжээнээс нь сэрвээг нь доош нь татчихмаар санагддаг. Түүнийг нь хоёр см буулгахад л болно. Сэрвээний хэмжээ нэг юм уу хоёр см доошлоход 50 хувьтай адуу орж ирж уралдахгүй шүү дээ. Одоо бол яг зааган дээр хийчихээд байгаа байхгүй. Зааган дээр аваачихаар л хэрүүл болоод байгаа юм. 

-Бас нэг зүйл нь адуугаа сайжруулах нэрээр олон цэвэр цусны адуу оруулж ирж зарж байна. Цэвэр цусны адуу болгон хурдан байх боломжтой юу? 

-Тиймээ энэ бол үнэн . Зарим хүмүүс хэтэрхий мөнгөний хойноос цэвэр цусны адууг оруулж ирж байна. Цэвэр цусны адуу чинь дандаа сайн байхгүй. Цэвэр адуу болгон хурдан байхгүй. Сайн муу гэж байгаа. Манайханд нэг ийм дутагдал байна. Хэтэрхий бизнес тал руугаа ороод 50,100 сая гээд. Үнэтэй авсан адуугаа өвөл тэжээж таргалуулж байгаад л дулаан байранд байлгачихаад л энэ чинь “гоё хурдан” адуу гэдэг. Үнэндээ тийм биш. Тэрэн дотор чинь сайныг нь олж үржүүлэг хийхгүй бол болохгүй. Энэ бол угаасаа заагаад сургаад байх юм биш. Угаасаа байгалийнхаа хуулиар, амьдралынхаа зарчмаар зохицуулагдаад явчихна. Уяач хүн үүн дээр маш ул суурьтай хандах ёстой. Сайн адуутай байж л улсын наадамд морь мордуулна гэж бодох хэрэгтэй. 

-Сайн адууг яаж бий болгох вэ? 

-Материал сайнтай байх нь чухал, адууг сайжруулна гэдэг маш урт хугацаа орно. Эхэлж саваа бий болгох ёстой. Тэгж байж адуугаа сайжруулна. Сав бий болгоогүй бол сайн адуу гарахгүй. Ямар ч хурдан адуу худалдаж аваад нэмэргүй. Хурдан адууны сав нь гэдэг нь гүү шүү дээ. Би гэхэд л маш олон жилийн хугацаанд хичээж өөрийн адуугаа гаргаж авч байна. Үүнд эцэг хамаагүй сайн азарганаас сайн төл гарах магадлал маш бага шүү дээ. Удам сайтай сайн гүүнээс сайн төл гарах нь 70-80 хувь байдаг. Муу сав гарвал сайн төл гарахгүй. Сайн гүүний шинж гэвэл таван цул л сайн байх хэрэгтэй. Сав, хайрцаг сайн байх хэрэгтэй. Хамгийн гол юм нь сав, хайрцаг,аарцаг сав л сайн байх ёстой. Том жижиг байх нь хамаагүй. Онцгойлоод хэлэх юм бол тэр тойруулгын гүүнүүд л сайхан гүүнүүд байсан даа. Сүхбаатар, Галшарын гүүнүүд байсан.

-Хурдан адууг бий болгож сайн удмын адууг худалдаж авах мэдээж хэрэгтэй. Гэтэл зарим хүмүүс морь уях нь “баячуудын зугаа” гэж үзэж байна. Та үүнийг юу гэж боддог вэ? 

-Уяач хүний хувьд морь уяна гэдэг бол багийн тоглолт байдаг юм. Нэг хүн дангаараа хийдэг юм биш байхгүй юу. Одоо үеийнхээр биш бидний хүүхэд байсан үеэр уяач хүний хөдөлмөрийг бодъё л доо. Гэрийн эзэн морио уяна, хүүхэд нь морио уяна, эхнэр нь хоол цайгаа хийнэ. Хүүхэдгүй бол морь уяхгүй. Морь уядаг хүүхдийн ах нь байдаг бол тэр уяачын туслах болно. Гэр бүлээрээ наадамд явна. Баячуулын тоглоом гээд байдаг нь буруу. Хөрөнгө оруулагч байхгүй бол хөдөөний уяачид бид хөгжихгүй шүү дээ. Мөнгө нь хаана байна, хэдэн хүний морь уях чинь тогооч, туслах уяачид гээд олон хүн орж ирнэ. Эдгээр хүмүүсийг цалинжуулна. Хүний юмыг зүгээр хийнэ гэж байхгүй шүү дээ. Санхүүжүүлж байж л боломж бололцоог нь бий болгож байна. Үүнийг моринд дуртай бизнесмэнүүд бий болгож байна. Эд нарыг баячуулын зугаа гэж нэрлэх нь буруу. Тэд илүүдээ гарсан хөрөнгөө өв соёлдоо зориулаагүй шүү дээ. Бас л адилхан амьдрах гэж яваа. Эд нар байж л үндэсний спорт хөгжиж байна. Адуугаа малчид өндөр үнээр зарж чадаж байна. Нэг даага 20,50,100 саяар зарагдаж байна. Энэ чинь нэг малчин айлын амжиргааг тодорхой хэмжээгээр дээшлүүлнэ. Социализмын үед хувь хөрөнгөтэй хүнийг үздэггүй байсан, тэр бодлоосоо одоо болтол салаагүй байна. Хувь хөрөнгөтэй хүнийг үзэн яддаг. Гэтэл тэр хүн чинь тийм хөрөнгөтэй болтол хөдөлмөрлөсөн л байгаа. 

-Та улсын наадамд хэдэн жил морь мордуулж байна. Морь гараанаас гарах, барианаас гарах хоёрын алинд нь илүү таны сэтгэл хөдлөдөг вэ? 

-1992 оноос хойш морь мордуулж байна. Үүний завсар сүүлийн гурван жил өвөрмонгол яваад улсад морь мордуулаагүй. Өнгөрсөн жил хөдөө нутгаас хөх уяач улсад морь түрүүлгэхэд сэтгэл хөдөлж, анхны айраг түрүү улсын наадмаас хүртэж байсан залуу үе дурсагдаад сэтгэл их хөдөлсөн . Би ч мөн Дундговь аймгаас ирж уралдаж байлаа шүү дээ, хөдөөний залуу. Хамгийн сайхан наадам бол төрийн наадамд морь түрүүлгэж байсан үе маань юм даа. Хүн бүхэн инээмсэглээд л, морь түрүүлгэнэ гэдэг бол уяач хүний дээдийн жаргал юм даа. Улсын наадмын өглөө морьдоо мордуулах мөн ч сайхан. Дээгүүр доогуур ирэх нь яахав, хүүхэд морь эсэн мэнд ирэх нь л сайхан. Залуу байхад тэгж бодож мэддэггүй, ер нь мордуулсан болгоноо түрүүлгэнэ л гэж боддог байж. Одоо бол мордуулсан морь маань ирэхгүй бол яачихав гээд санаа зовдог болсон. Ирэхээр нь санаа амардаг ийм л юм руугаа орж байна шүү дээ. Дээр үеийн өвгөчүүл чинь наадам нарийхан гэдэг байлаа. Нарийхан гэдэг маань тэр өдрийн аз хийморь, уяачийн өм бүх юм нийлж байж айргийн тавд давхиулдаг . Түүнээс өнөөдөр түрүүлгэнээ гээд л түрүүлгэчихдэг юм биш. Сэтгэл зүй их харж байдаг. Ер нь хүүхэд морь мэнд ирвэл болдог зүйл шүү дээ. Хурдан морь гараанаас эргэх ч сэтгэл үймэрүүлнэ шүү. Одоо бол морьд эргэхэд дэргэд нь байхаар зүрх үхдэг болчихдог юм байна. 

-Та залуу уяачдад их зөвлөгөө өгдөг. Залуучууд юун дээр их зөвлөгөө авч байна? 

-Залуу уяачдад завтай үедээ зөвлөгөө байнга л өгдөг юм. Эмэгтэй уяачид их асууна. Эмэгтэй уяачид миний зөвлөгөөг бичиж авдаг. Морио ачиж ирээд ч надаар хатгуулж л байдаг юм. Төрөл бүрийн зөвлөгөө л авдаг. Жилбэн, хий цохиулах, дотор халуунтай үед их асуудаг. Ихэвчлэн гэдэс нь нарийсдаг. Буруу уяанаас болоод давхилтай байж байгаад давхилгүй болчихдог. Хурдтай байж байгаад хурд нь саардаг. Гэдэс нарийсах чинь эдэлгээ буруу уяанаас болдог, дотор халуунтай бол хоолондоо дургүй болдог. Хоол идэхээ байгаад ирэхээр унталт нь зөрөөд ирдэг. Үдшээр нэг, үүрээр нэг унтах ёстой. Унталтууд нь зөрөөд ирэхээр нойргүй хоолгүй юм чинь хүнээр бол уурлаад аваад давхидаг. Дотор халууныг нь авах үндсэн аргууд байгаа. Доголохын хувьд бол хатгаж эмчилнэ. Хөлс нь түгжинэ, хурдгүй болчихлоо гэнэ. Хурдгүй болох чинь суурь үндсэн дөрвөн суурь бяр байгаа. Жилийн үндсэн суурь гэж байгаа намар таргалсан байх ёстой. Махны бяр гэж байгаа, ясандаа тэнцсэн махтай байх ёстой. Хоолны бяр гэж байгаа хоолгүй болохоороо бас хурдгүй болчихно. Бяруудыг нь тэнцүүлж байж явуулах ёстой. Хар махныхаа бяран дээр алдаад байгаа юм. Хар мах нь уначихаараа л тэсрэлтгүй, хурдгүй болчихож байгаа юм. Хурд саармагжих, дотор халуун зэргийг голдуу асуудаг даа. Хөлс түгжих чинь шалтгаан нь олон янз шүү дээ . Тариа витамин нь ихдээд бөөрөнд ачаалал өгвөл хөлс түгжигдэнэ. Уушиг сэвтэй хаиад хүрвэл хөлс түгжигдэнэ. Цусны өтгөрөлт, зүрхний хэм алдагдаад ирвэл мөн хөлс түгжигдэнэ. Тарган зүдэргээ буюу өөхөн цус харвуулбал хөлс түгжигдэнэ. Хэвлийн амьсгал буюу гэдэс бохирдох үед хөлс түгжигдэнэ. Ер нь бол буруу уяатай үед хөлс түгжигдэнэ. Энэ шалтгаануудыг мэдчихвэл заслаа хийчихнэ. Өвөрмонголчууд бол адуу сайтай, үржил сайн хийчихсэн. Зөвлөгөө авна, морь хатгуулна. Залуу уяачид уяаны, эдэлгээний тал дээр бүгд л жигд болчихлоо. Гол юм тэр суурь бяр гэдэг юман дээр алдаа хийгээд байна. Адууныхаа чөмөг бярыг авхуулахгүй,т эжээлийн бяр гэж буруу бяр авхуулаад алдаанууд хийгээд байна.

Чөмөг бяр гэдгийг нарны энерги шингэсэн нялх ногоон дундаас авч байдаг. Тэжээлийн бяр гэдэг нь хөгшин ургамал буюу улаан буудай овъёос зэрэг уургийн алдагдалд орчихсон хөгшин ургамалаар тэжээгээд байдаг. Энэ нь адууны гадна мах өөх суулгаж болно.Тосон чөмөг нь байж байж л тэсрэлт хурд нь байх ёстой. Тэжээхээрээ буруу тэжээгээд байна. Хэт таргалуулаад байна. Зүгээр хэвийн тэжээж байж хар махны бяр гэдгийг хийнэ. Энэ хоёр дээр алдаа гаргаад байна. Иймэрхүү алдаанууд дээр нь залуучууддаа зөвлөгөө өгдөг.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
А.Доржханд

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав