Брэдэд тоглосон Т.Сэргэлэн дүрийнхээ эрс шийдэмгий зан чанарыг хошин наргиа, ёжилсон хурц үг хэллэгээр ч илэрхийлэхдээ огцом хөдөлгөөн, хөгжилтэй болоод хорон санаандаа нухацтай автсан эрийн дүрийн аль алинд нь алхам бүртээ сайтар хувирч байсан билээ. Заримдаа тайзны нэг өнцгөөс нөгөөд хүрч, үзэгчдийн дундуур чанга чанга ярин алхаж байхдаа Опалыг хороох төлөвлөгөөндөө автаж гүйцсэн залуугийн цоргисон харцаар үзэгчдийг нэвт сүлбэж байв. Зочинтойгоо би анх ингэж уулзсан. Жүжигчин Т.Сэргэлэн тухайн үед Орфей театрын ээлжит уран бүтээл “Опал” жүжигт Брэд Виннэрийн, дүрийг бүтээж байлаа. 

Харин миний өмнө сууж буй энэ хүн бол Брэд бус алдарт Лев Толстойн зохиолоос сэдэвлэн найруулсан “Анна Каренина” жүжгийн Алексей Вронский. Ингээд уншигч таныг “Тэнгэрийн хүү”, “Опал”, “Хайрын виз”, “Анна Каренина”, “Би эндээс явахгүй” зэрэг олон жүжгүүдэд театрын тайзнаа гялалзсан жүжигчин Т.Сэргэлэнтэй уулзуулж байна. Энэ бол түүний хэвлэлд өгч буй анхны дэлгэрэнгүй ярилцлага билээ.

-БИ АЛЕКСЕЙ КАРЕНИНГ ӨРӨВДДӨГ. ӨМНӨӨС НЬ ЗҮРХ ӨВДДӨГ-

-Та Толстойн уншигч мөн үү? 

-Би Толстойн уншигч мөн. 

-Ямар бүтээлүүдийг нь түлхүү уншсан бэ?

-Толстойн номуудаас ер нь нэлээд уншсан даа. Харин сүүлд тоглож буй жүжигтэйгээ холбоотойгоор “Анна Каренина” хэмээх сонгодог романыг нь хэд хэд уншсан. Ном уншдаг хүнд хэлэхэд мэдээж хэцүү л дээ. Гэхдээ миний хувьд бол эмэгтэй хүнд уншуулмааргүй зохиол гэж хэлнэ.

-Мэдээж тоглож буй дүрийнхээ судалгааг хийх үүднээс, дүрээ илүү сайн мэдрэхийн тулд эх зохиолтой танилцаж, түүнтэй холбогдох шүүмжүүдээс гадна орчуулагч Н.Пүрэвдагва гуайн бичсэн жүжгийн эх зохиолтой танилцах зэрэг унших ажил их байсан болов уу? 

-Бүтэн романыг жүжгийг зохиол болгож тавина гэдэг хүний оюуны бядыг тултал шалгадаг ажил. Үүний цаана нөр их хөдөлмөр бий. Сонгодог зохиол нь манай драмын театрт жүжгийн зохиол болгож буулгахдаа маш өндөр хэмжээний буюу эх зохиол дээр байгаа нарийвчлалтай зүйлсийг, утга агуулга, дүрүүдийн хоорондох зөрчил, тусгалуудыг маш сайн буулгасан. Зохиолын гэр бүл дотор байгаа асуудлууд нь орхигдохгүйгээр, аж үйлдвэрийн үе, аж ахуйч хүний ахуйгаа авч явах гэсэн онцлог, тухайн цаг үеийн хүмүүсийн нийгмийн нөхцөл байдал, хээнцэрлэл, зэрэг дэвийн асуудлууд хэрхэн хөндөгдөж байна вэ гэдгийг тун сайн тусгасан. Хамгийн гүнзгий тусгасан нь миний бодлоор Аннагийн хайр дурлалд үнэхээр шударга хандаж байгаа нь болоод хайр дурлал, хүний үнэн сэтгэлээр тоглож байгаа тэр зөрчлүүд, Воронскийн дайчин чанар нэгэн гэр бүлийн ариун нандин холбоосын өмнө очоод сөхөрч унаж байгаа зэрэг нь жүжгийн зохиол дээр маш сайн буусан. “Хожмын тавилан гэж байдаг бол Хоёулаа эргээд уулзана шүү” гэж байгаа юм. Энэ бол тухайн хүний хайр сэтгэлдээ зориулан хэлж чадах хамгийн сайхан үгсийн нэг. 

-Нэг хариулт их сонирхолтой байлаа. Уг зохиолыг эмэгтэй хүнд уншуулмааргүй санагдсан гэсэн шүү дээ. Мэдээж эрэгтэй хүн, эмэгтэй хүн хоёр өөр биологийн онцлогтой хүмүүс. Уран бүтээл, урлагийн туурвилуудыг өөр, өөр мэдрэмжээр хүртдэг байж болох юм. Танд яагаад тэгж бодогдох болов? 

-Эмэгтэй хүний зүрх сэтгэл ариун байх ёстой. Мөн маш нандин, үнэнч байх хэрэгтэй гэж би боддог. Үнэнч байна гэдэг нь тухайн эмэгтэй хүн өөрийнхөө итгэсэн, хайрласан зүйлдээ үнэнч байх тухай юм. Тэгэхээр гэр бүл гэдэг үнэнч байх ёстой зүйл мөн. Гэтэл түүнийг хайр сэтгэл давчихаж байна шүү дээ. Хайр сэтгэл гэр бүл гэх агуулгыг даваад гараад ирчихээр цаана нь үхэл л хүлээж байдаг. Өөр юу ч байхгүй. Тэнд дүр маань нүүр бардам очиж байна. Тиймээс энэ зохиолыг бүрэн уншсан эмэгтэй хүний зүрх сэтгэл үүнийг даахгүй. Мэдээж хаттай, дайчин, хүчирхэг эмэгтэйчүүд бий. Гэхдээ хүний сэтгэл өөрөө их эмзэг байхгүй юу. Үнэхээр хайр дурлалтай учирсан эмэгтэй хүн сэтгэл зүй болоод амьдрах итгэлийн хувьд хэзээ ч дааж, хүлээж авч чадахгүй гэж бодож байна. Бодогдоод салахгүй, хэзээд мардагдахгүй. Сэтгэлийн тэнхээ нь хүрэхгүй, хоолой зангирахтай ижил.

-Хувь хүнээсээ шалтгаалах юм биш үү? 

-Үгүй. Олон сайхан зохиолууд бий л дээ. Харин би “Анна Каренина”-г уншчихаад гэртээ хадгалахгүй гэж бодсон. 

-Үгийн гайхамшгаар урласан гантигуудын нэг шүү дээ. Харин ч номын санд зайлшгүй байх ёстой бүтээлүүдийн нэг гэж үздэг... 

-Өөр эмэгтэй хүн унших вий гэхээс эмээсэн. Ямар их эмгэнэлтэй, эмзэг, шударга юм бэ гэж бодох тусам эмэгтэй хүний гар эл зохиолд хүрэх вий гэж айсан. 

-Гэр бүлийн үнэнч байдлаа давсан хайр сэтгэл гэхээр магадгүй хувь хүн юмыг байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадаж байгаа юм биш үү. Юмыг байгаагаар нь хүлээж авах нь өөрөө хайрлахын нэр биз дээ? 

-Бас л үгүй гэж бодож байна. Хайр сэтгэл гэдэг хүн амьд явах хугацаандаа олоод мэдэрч чадвал тухайн хүнд хорвоо ертөнцийг бүхэлд нь мэдрэх боломжийг олгодог. Бусдыг нэвт харах мэлмий нээгддэг. Бусдад итгэх, бусдыг хүндлэх, хайрлах хүчтэй болдог. Аливааг энэрэх, уучлахаас гадна сөхрөх, өөрийгөө бүрэн тушаах, юмсыг имрэхэд хүртэл юу ч тэнд үлдэхгүй болтол бүгдийг хайрладаг. Тухайн хүн өөртөө байгаа бүх юмаа зориулж байгаа учраас хайр гэдэг бол хорвоод хүнд олдож буй ганцхан юм. Бид бүх зүйлийг хэдэн ч талаас нь яаж ч тайлбарлаж болно. Тэр бүхэн хайр сэтгэлийг яагаад ч давахгүй. Гэтэл заримдаа хайр өөрөө давж байна. Хайрыг давж байгаа нөхцөлд хүнд өршөөл ирнэ. Өршөөл ирэх үед хүнийг барьж хүлээд байлгүйгээр энэ бол шудрага үнэн хайр байна шүү гээд тавиад явуулчих хэрэгтэй. Хайрыг таниагүй, олоогүй нөхцөлд хүн гэдэг амьтан өөрийн үзэл санаа, итгэл үнэмшилдээ захирагдана. Өөрийн гэсэн зүйлсийг утга учиртай болгох гэж тэмцдэг. Харин хайрыг олчихсон нөхцөлд үзэл санаа, утга учир гэх мэтийн бүх зүйлс нь утгаа алдаж байгаа юм.

-Та орой болгон Алексей Вронский болон хувирч байна. Миний өмнө яриа өгөөд сууж буй Сэргэлэн тайзан дээр байхгүй. Тэгэхээр уг дүрээс онцгойлон өөртөө авч оршоосон нь юу байна, мөн эл дүрээс юуг нь таягдан хаях ёстой гэж бодож байна вэ? 

-Вронский хүний эхнэртэй уулзах гээд өөр айлын халуун дулаан орон зай руу шуудхан яваад орчихож байгаа юм. Уг нөхцөлд найруулагч Н.Наранбаатар нэг гоё шийдлийг боловсруулсан. Тэр нь хүн эцсийн мөчид, ямар ч нөхцөлд гэр бүлийнхээ төлөө л зориглож үйлдэл гаргадаг. Учир нь Анна нөхөр дээрээ хүрч очоод, гарыг нь атгаж байгаад “Өршөөгөөрэй, би чамдаа хайртай. Вронский чи хүрээд ир, энэ хүний нүд рүү хар! Чи уучлал гуйх ёстой!” гэж хэлдэг. Энэ нөхцөлд яг Шекспирийн “Гамлет” дээрх “Гологдсон хайр сэтгэлийн шаналал” гэдэг шиг хайр сэтгэл өөрөө гологдох эгшин үүсэж байгаа юм. Гэтэл итгэж явсан хайр сэтгэл нь, хэвлийдээ үрийг нь тээсэн мөнөөх эмэгтэй эцсийн мөчид гэр бүлээ гэж байгааг үзээд Вронскийн зүрх сэтгэл өмөрдөг. Яг тэр хүртэл миний дүр тун баатарлаг үйл хөдлөлтэй явсан, тэр хүртэл итгэл үнэмшилтэй байж бүгдийг хамт туулсан. Түүнээс цааш давж гишгэх, цааш явах зорилго ч байсан. Гэтэл гэр бүлийн ханан хэрэм дээр тулж очтол хүн нөхрөө бодож, өөрийг нь уучлал гуйхыг шаардахад тэр эр хүний зориг, хайр, хүсэл гээд бүх зүйл унтарна. Тэр хэсэг надад гэр бүл гэдэг халдашгүй дархан, энэ хүн хайр сэтгэлийнхээ төлөө юу ч хийж чадсангүй гэх гомдол, тунирхал, сэтгэлийн хэцүү мэдрэмжийг авчирдаг. 

Вронскийн хувьд гэвэл найруулагч “Язгууртан хүн биеэ хэрхэн авч явах вэ, яаж чи бусдад нөлөөлж, яахин бусдын зүрх сэтгэлийг илэрхийлэн гаргах вэ” гэдэг асуултыг дүрийн өмнөөс тавьж байгаа юм. Манайхан хэлдэг шүү дээ “Биеэ зас, дараа нь гэрээ зас, тэгээд төрөө зас” гэж. Тэгэхээр биеэ зассан хүн бол тодорхой хэмжээний үнэлэмжтэй байх гээд байна шүү дээ. Энэ бүгдийг би нягт хадгалах ёстой юм шүү гэдгийг ойлгож авсан. 

Хаях ёстой зүйлийн хувьд гэвэл хэнбугай ямар ч мундаг, ямар ч хайр дурлалтай учирсан байлаа гэхэд хүний гэр бүл рүү л ойртож болохгүй. Энэ бол хүний хадгалж явах ёстой үнэт чанар. Монгол хүнд эцэг өвгөдөөс нь тогтоогоод өгчихсөн жам ёсны ойлголт, хэм хэмжээ бий. Тэрийг бид давж болохгүй гэж боддог учраас хийдэггүй. Болно гээд тийм үйлдэл гаргачихвал алдсанаа ухаарахад маш их цаг хугацаа орно, төлөөс төлнө, золиос гаргана, олон хүний нулимс барна. Хүний нулимсаар жаргал хийгээд яах билээ, тийм биз дээ. Тэгэхээр Вронскийгоос авч хаях зүйл нь миний хувьд энэ. Мэдээж дүрийн хувьд бол хаях зүйл байхгүй, би бүх талаас нь хамж шимж, өөртөө авч байж дүрээ сайн гаргана шүү дээ. 

-Бүх л цагийн сонгодог романуудын оргил бүтээлийн нэгд зүй ёсоор тооцогддог “Анна Каренина”-г театрын тайзнаа амилуулахдаа юм бүхэн ирдэг, цаг наашлах үеэр улсынхаа театрт тавьж буйн ач холбогдол нь юу вэ? 

-Ерөөс нийгэм, тэрхүү нийгмийг бүтээж буй хүмүүс хоорондын харилцаан дунд нэг зүйл бий. Айл болгон нууцтай. Гэр бүлийнх нь дотор болж буй асуудлыг хэн нэгэнд хэзээ ч хамаагүй дэлгээд ярьдаггүй. “Манай эхнэр түүнд хайртай болчихсон, тэр залуу нь тэнд байдаг” гэж яриад байдаггүй. Эмэгтэй хүн “Манай нөхөр тэр хүүхэнд дурлачихсан ” гэдэггүй байхгүй юу. Хэн, хэн нь гэр бүлийн үнэт чанараа хадгалахыг боддог. Тэгэхээр Улсын Драмын театр арав гаруй сарын дараа яагаад дахин “Анна Каренина”-г тоглож, хавар цагийн нээлтээ хийв гэхлээр хүн хоорондын нийгмийн харилцаан дунд гээгдээд буй гэр бүлийн асуудлуудыг сөхөж тавиад байгаа юм. Тэгвэл хэн нэгэн эмэгтэй нөхөртэйгөө, залуу нь найз охинтойгоо үзчих л дээ. Тэд гарч явахдаа нэг ийм асуудлууд бидэнд бий шүү гэдэг тухайд өөрийн эрхгүй, үггүйгээр бодлоороо харилцаад өнгөрнө. Бодлоороо харилцах, дотроо бодох нь туйлын чухал. Хүн гэр доторх асуудлаа цэгцэлснээр цаашлаад нийгэм, төр, эх орон гээд үргэлжлэх зүй тогтоц бий. Ерөөсөө бүх асуудал гэр дотор бий. Гэр дотор итгэл үнэмшил, эв нэгдэл, хайр сэтгэл бүгд байгаа. Тиймээс гэр дотроо асуудалгүй байхад, гэрээсээ гараад явсан ч бүх юмс асуудалгүй сайхан байна. Тэгэхээр гол цэг дээрээс нь өөрчлөлт хийх ухагдахууныг бүтээж байгаа нь хамгийн чухал ач холбогдол нь болов уу. 

-“Анна Каренина”-г монголд анх удаа тоглосон, тэр л хэвээр тайзан дээр дахин тоглож байгаа. Уран бүтээлч, найруулагчдын багт өөрчлөлт ороогүй. Харин дүрүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон. Мэдээж найруулагч дүртэйгээ ажиллана. Гэвч та энэ дүрд хувирч байгаа учраас илүү нягт, ойр ажиллаж байгаа. Энэ удаагийн Алексей Вронскийн дүр юугаараа онцлогтой вэ? 

-Энэ удаагийн Вронский бол Аннатай илүү дотно. Учир нь миний өмнөх тайзны бүтээлүүдээс хавь илүү дотно дүр. Илүү ойрхон харьцсан, мэдрэмжээ хуваалцсан тоглолтуудыг шаардаж байгаа. Миний хувьд зүрх сэтгэл, бодол санаа, мэдрэмжид бол чадвал бүгдийг нь тултал гаргаад үзүүлчих юмсан гэж бүх зүйлээ шавхаж буй жүжиг. Бусад нь тэгээгүй гэж хэлэхгүй. Мэдээж би монголын олон сайхан эмэгтэй жүжигчидтэй тайз болон дэлгэцэд хамтран тоглож байсан. Хамгийн гол нь дүрийн хувьд бусад бүх дүрээс илүү дотно тоглолтууд шаардахаас гадна Аннагийн дүрд тоглож буй О.Хонгорзул бид хоёр нас ойролцоо, тиймдээ ч сайн ойлголцож чадаад байгаа байх. Магадгүй үзэгчид “За энэ хоёрын хооронд нэг л зүйл байна даа, аягүй бол хоорондоо дурласан даа” гэж бодох хэмжээнийтийм ойр дотно тоглолтуудтай “Анна Каренина”-г үзэх болов уу. Түүгээрээ ч Вронскийн дүр онцлогтой. 

-Хамтралын хувьд би танаас нэг зүйл асууя гэж бодож байлаа. Уг жүжиг дээр АЖ Б.Жаргалсайхантай хамтран тоглоход ямар сэтгэгдэл төрж байна вэ?

-“Эр хүн эр хүндээ хайртай” гэж ярьдаг шүү дээ. Эр хүн эр хүнээ, эмэгтэй хүн эмэгтэй хүнээ ойлгодог. Бүр нарийн мэдрэмжтэй эрэгтэй хүн эмэгтэй хүнийг ойлгодог гээд цаашлах байх. Уг жүжигт Б.Жаргалсайхан ах над руу буу бариад алхдаг нэг үзэгдэл бий. Гэхдээ Бууныхаа амыг өөр лүүгээ харуулчихаад гар нь чичигнэн алхаж байгаа хэсэг. Тэр үед би Алексей Каренинг өрөвддөг. Өмнөөс нь зүрх өвддөг. Тэгтэл Б.Жаргалсайхан ах дүрээ урлаж, сэтгэл урагдам тоглолтыг надад үзүүлж байгаа юм. Каренинийн дүр дээр нэг ийм үг бий. “Хардах гэдэг бол доромжлол”. Гэтэл тийм өндөр ёс суртахуунтай хүний тэвчээрийн устыг би тасалчихжээ.Тэдгээрийг Б.Жаргалсайхан ах деталиудаар бүтээж, харуулж байгааг үзэхэд нүд хальтирмаар тоглолтууд олон. Вронский, Аннатай тэврэлдээд зогсож байхад Каренин эцсийн тамир нь тасарчихсан, сандалдаа мөлхөж хүрэнгүүт суучихаад босож чадахгүй, босчихоод сууж чадахгүй байгаа хэсэг бий. Энэ бол асар өндөр туршлагатай жүжигчнээс л гарах тоглолт. Жүжигчин гэдэг мэргэжил үнэ цэнтэй. Тэр үнэ цэнийг асар өндөр туршлагатай, нарийн жижиг деталь бүрийг маш нарийн урлан үзүүлж буй эдгээр жүжигчдээс л би алхам тутамдаа мэдэрч, суралцаж байдаг. 

Жишээ нь, “1984” гэдэг жүжиг саяхан тоглогдсон. Гол дүрд нь тоглосон С.Болд-Эрдэнэ ах байна. Тэр хүн бол бидний үеийнхнийг өөрийн тоглолтуудаараа “Хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд” хүргэсэн. Тэр дуу хоолойны өнгө аяс, зүрх сэтгэлийн үйл хөдлөл, тайзан дээр өөрийгөө илэрхийлэх мэдрэмжүүд нь асар өндөр. “1984” жүжгийн Смит тайзан дээр доголоод алхаж буйг харахаар ямар ч үзэгч зүгээр сууж чадахгүй байхгүй юу. Би жаахан хэтрүүлж ярьж байж магад, гэхдээ надад л төрсөн мэдрэмж тэр. Учир нь Смитийн тэгж явааг хараад үнэхээр ямар ч хатуу сэтгэлтэй хүн зүгээр сууж чадахгүй. Түүн шиг Алексей Каренинийн гэр бүл, хамаг бүхнээ алдчихаад, мөлхөөд сандал руу хүрч буй хэсгийг үзээд ямар ч хүн зүгээр сууж чадахгүй. Би ингэж боддог. Тоглолт бүрээс нь би тайзан дээр тоглох явцдаа суралцаж байгаа. 

Энэ бол өнөө цагт бидэнд олдож буй үнэлээд баршгүй олз. Жүжигчин гэхээр тэгж доор явдаг юм биш ээ. Учир нь мундагууд байна, гэхдээ хэн дуртай нь тайзан дээр гарч ирээд хийж чадахгүй ээ, боломжгүй. Боломжийг олж харах нүд байхгүй. Нүд байсан ч бусдад илэрхийлэх мэдрэмж байхгүй. Мэдрэмж байсан ч эргээд хүнд үзүүлэх боломж нь олдохгүй. Тийм нөхцөлд байгаа жүжигчид олон шүү дээ. Тэгэхээр энэ улсуудаар бахархахгүй байх аргагүй.

-ЖҮЖИГЧИН ХҮН ХӨШИГНИЙ АРД БАЙДАГ-

-Энд тэнд олон театр байгуулагдаж байгаа нь сайн. Өрсөлдөөн үүсэж байна. Монголын түүхэнд байгаагүй олон хувийн театрууд бий боллоо. Гэхдээ жүжгийг яг зориулалтаар нь барьсан театрын тайзнаа тавих нь иүү ач холбогдолтой санагдаад байдаг. Энэ тухайд... 

-Энэ тухай чинь би маш тод, тодорхой бодсон юм. Театр хөгжих ёстой, хэлбэр загвараа олно, олон театрууд байж өрсөлдөөн үүснэ, өрсөлдөөнөөс сайн бүтээл бий болно. Тэгэнгүүт энд 90 жилийн түүхтэй нэг театр байна. Тус 90 жилийнхээ түүхэнд хэчнээн сонгодог бүтээл хийсэн бэ, хэн хэн гэдэг уран бүтээлчид байна вэ гээд л үргэлжилнэ шүү дээ. Тэгвэл хамгийн гол асуудал нь тайз гэдэг ганц зүйл дээр тулна. Энэ тайз өөрөө Улсын Драмын Эрдмийн театрын тайз гэдэг нэртэй. Яахав, мэргэжлийн томьёоныхоо хувьд хуучин үеэсээ мөнгөгүй, ядуу тайз гэдэг тийм хандлага угаас байдаг. Мэргэжлийнхээ нэр томьёонд ч тийм. Гэтэл энэ тайзан дээр тавигдсан жүжиг нь мэргэжлийн уран бүтээлчдийн бүтээл учраас хүний зүрх сэтгэлд хүрэх ёстой нарийн зүйлс, утга учир нь үзэгчдэд заавал хүрч байдаг. Илүү нарийвчлалтай хийсэн судалгаан дээр мэргэжлийн баг ажиллахаар маш сайн бүтээл болж чадаж байгаа юм. Учир нь тайз өөрөө тэр юмаа өгдөг. Шалтгаан нь үзэгчдийн зүрх сэтгэлийг нарийвчлан судлах шиг дүрүүдтэйгээ, ялангуяа сонгодог дүрүүдтэй маш нарийн судалгаатай ажилладаг мэргэжлийн баг хамт олон тайзтайгаа хамт энд байна. Энэ тайз нүүхгүй. Ер нь ахиулаад жаахан тэнэгдүү юм ярьчих уу? 

-Үзэл санаа нь зөв бол хамаагүй шүү дээ, хоёулаа яг одоо ярих нь л чухал... 

-Хаана ч, ямар ч газар тайз бий. Хөгжим, гэрэл, жүжигчид гээд бүгд бий. Гэхдээ энэ газрын тайзан дээр гараад хөгжим, гэрэлтэй нь харьцаад, уран бүтээлчдийнх нь гараар ороод гарсан юм тэс өөр байдаг. Тэр нь хүнд театрт ороод ирэхээр нэг л өөр мэдрэмж төрдөгтэй ижил. Театрт ороход сонгодог жүжиг үзэх гэж байна шүү дээ гээд цаанаасаа нэг тийм догдлом мэдрэмж төрүүлдэг, орчин нь тэр мэдрэмжийг бий болгодог. Жишээ нь, би энд хувцсаа солиход мэргэжлийн хүн миний хувцсыг сольдог. Мэргэжлийн хүн хувцас солино гээд бодоод үзээрэй! Миний гутлыг хэрхэн, яаж өмсгөх үү, хаана нь товчлох уу, хаана байрлуулах уу, хэзээ, хаанаас авчрах уу гэдгийг тэр хүн шийдэж байгаа. Хэзээ энэ хүнд балга ус уулгах уу, хэзээ хөлсийг нь сэвэхгүй цамцыг нь сольж өмсүүлэх вэ гэдгийг хүртэл тооцож байгаа. Энэ чинь бүгд мэргэжлийн ажиллагаа. Өдөр бүр, өөр өөр хүн миний хувцсыг өмсгөөд байвал ямар байх вэ? Бодоод үзэхэд бас л эвгүй мэдрэмж биз дээ. Тэгэхээр жижигхэн зүйл мэт боловч тэр бүр дээр мэргэжлийн ажиллагаа явж байдаг нь театрыг теар болгож, энэ газрыг амьтай байлгаж, үзэгчдэд өөр мэдрэмжийг өгдөг юм. 

-Байгууллагын үйл ажиллагаанаас гадна зөвхөн тайзны тухайд бас ярьж байгаа шүү дээ... 

-Тийм. Давхар ярьж байгаа. Өнгөрсөн жил би “Шөнө дундын бүжиг” жүжгийг Улаанбаатар зочид буудлын их танхимд 360 граудс тайзан дээр тавихад тэнд тоглосон юм. Бас л өөр мэдрэмж, өөр ажиллагаа. Гэхдээ жүжигчин хүн хөшигний ард л байдаг. Тэгж байж л үзэгчид тухайн жүжигчнийг тайзан дээр харах, үзэх нь гоё. Түүнээс өдөр болгон хүн бүрийн нүдэн дээр ил байгаад, өдөр бүр фэсбүүкээ нээхэд гарч ирээд л, нэг газар дуулаад, нөгөө газар хөтлөгч хийгээд л байвал хөшигний араас гарч ирэх шаадрлагагүй. Анхнаасаа л хүмүүс дунд ил байхгүй юу. Тэгэхээр мэргэжлийн газар, мэргэжлийн хүмүүс гэдэг нь миний бодлоор үүндээ л байдаг болов уу гэж санадаг. Гэхдээ энэ бодол маань бусдад таалагдахгүй байж болно. 

-Танд цахим хаяг байдаггүй гэсэн үг үү? 

-Бий. Цөөхөн хэдэн найзтай. Ерөөсөө идэвхтэй ашигладаггүй. Бараг нээгээд орхисонтой л ижил. -Жүжигчин болох цэг дээр зогсож байхдаа дотроо юу бодож байсан бэ? -Би үргэлж хүмүүсээс хамааралтай байсан. Яаж аавдаа сайн хүү байхав, ээждээ яаж тус болох вэ, дүүдээ хэрхэн үлгэр дуурайл үзүүлэх билээ гээд л үргэлж бусдаас хамааралтай. Тэгээд би амьдралдаа анх удаа өөрөө шийдвэр гаргая л гэж бодсон. Тэгээд жүжигчин болъё гэж шийдсэн. 

-Харин тэр шийдвэрийг яагаад гаргасан нь бас асуухгүй өнгөрч болохгүй зүйл байх...

-Мэдээж, тэгэлгүй яахав. Хүн болж төрөхөд хүний хамгийн үнэ цэнтэй зүйл бол бусдын төлөө зүтгэх. Шашин номдоо ч тэгж үздэг, номлодог. Тэгэхээр бусдын төлөө хийж, зүтгэж болох хамгийн ариун зүйл бол жүжигчин болох гэж бодсон. 

-Та өөрийнхөө карьер, өөрийнхөө амьдрал, алдар нэрийн төлөө л жүжиглэж байгаа юм биш үү? 

-Бусдын төлөө гэдэг дээр миний бодсон агуулга ийм юм л даа. Одоо ингээд зураач, барималчин, хөгжимчин гээд л их урлагийн уран бүтээлчид байна. Тэд өөрсдийнхөө дотоод ертөнцийг урлаг дээр, өөр зүйл дээр илэрхийлж байна. Урлагийг хийж байгаа нь бидэндтэй бас адилхан. Гэхдээ жүжигчин хүн өөрийнхөө бие дээр бусдын бүтээснийг амилуулж бусад хүмүүсийн төлөө зүтгэх нь хүн болж төрсөн миний биед олдсон боломж гэж харсан. Би тэгж л чадах болов уу. Түүнээс бус дээр дурдсан хүмүүс шиг бичиж, зурж, бүтээхэд чадал минь хүрэхгүй байна шүү дээ. Үүгээрээ ялгаатай. 

Мэдээж жүжигчний мэргэжил адгийнаас авахуулаад хувилгаан хүртэл янз бүр байдаг. Тэгэхэд хүнд хувь олдоод энэ сонгодог дүрүүдийн баатрууд дээр ажиллахад тухайн жүжигчин нэг удаа амьдрахдаа маш олон зүйлийг сурч, олон амьдралаар амьдарна. Нөгөөтээгүүр бид өдөр тутмын харилцаандаа мэнд мэдэх, аар саархан зүйл ярилцах төдий байдаг. Тэгвэл хүний сэтгэл хөдлөлийн жинхэнэ харилцаанд энэ мэргэжлээр дамжуулан маш олон удаа орох боломжтой. Бодит амьдрал дээр хоёр хүний эцсийн сонголт дээр тулдаг жинхэнэ харилцаа гэж бий. Хүн эцсийн мөчид ямар ч асуудал үүссэн хүнээрээ байдаг гэдэг шүү дээ. Түүн шиг тайзан дээр эцсийн мөчид нүүр нүүрээрээ тулдаг, яг төлөвлөсөн юмаа хийхийн төлөөх тэмцэл тэнд өрнөдөг. Н.Сувд багшийн “дайчид аа” гэж хэлдэгтэй адил тайзны ажил бол хэзээ ч шантарч, ухарч, няцаж, мохож, зэвэрч болохгүй дайчдын ажил. Мэдээж хувь хүн өөрөө “болохгүй байна, чадахгүй байна” гэж бодож болно. Тэгээд чадахын тулд, болгохын төлөө хичээнэ. Энэ бүхнээс үүдээд жүжигчний дотор асар өндөр, гүнзгийрүүлсэн сургалтын хичээл шиг тийм гүнзгий хөгжил явагдаж байдаг.

-Жүжигчин болох шийдвэр гаргах үед тань өөр сонголт, өөр мэргэжил эзэмших боломж байсан уу? 

-Байгаагүй. Яахав багаасаа л аав, ээжийнхээ ажилд хүүхэд байхаасаа л тусалж өссөн. Манай аав, ээж хоёр хүнсний болоод тоног төхөөрөмжийн чиглэлд энэ улсад маш олон жил татвар төлж ажиллаж байгаа аж ахуйч, хөдөлмөрч хүмүүс. Би хөдөлмөрч гэр бүлээс гаралтай. Цаас, шохой гээд аливаа юмны нэмүү өртөг зэрэг бүх зүйлийн төлөө санаа зовж, тэдгээрийн үнэ цэнийг үнэлдэг амьдрал дунд бий өссөн. Гэвч хүн өсөж том болоод аав, ээж хоёртоо хэн бэ гэдгээ нотлох шаардлага гарч ирсэн. Тэгж бодохдоо хүн бас ямар нэгэн бадрангуй зүйлийг бодох хэрэгтэй шүү дээ. Тэгээд миний бодсон бадрангуй, дайчин төсөөлөл, бодсон бодол минь жүжигчин гэх мэргэжил байсан. Гол нь намайг сайн багш тосож аваад сайн сайханд хүрсэн. Хамгийн гол нь театрт орсон. Хамгийн итгэж болох хүмүүс энд байдаг. Театр бол итгэлцэл тун өндөр газар. Худлаа ярьж, хэн нэгнийг хуурч болохгүй. Ийм л байна. 

-Багш нь хэн байсан бэ? 

-Монгол Улсын Гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар. 

-Таны яриаг сонсоод байхад хүний ёс зүйн талаар их хөндөж байна л даа. Таны багш этик гэдэг зүйлээс гадна танд юу өвлүүлж үлдээсэн бэ? 

-Хүнийг, аливаа юмыг битгий аргалаарай гэж сургасан. Болохгүй байж болох ч хичээгээд хийгээрэй. Болох цаг ирнэ. Болох цаг иртэл нь тэвчээд зүтгээд байгаарай, яасан ч аргацаасан юм хийх ёсгүй шүү гэж захисан. Бид чинь идэр залуу насандаа аливаа юмыг аргалчих гээд байдаг шүү дээ. Болчих байх гэж найддаг. Яг тэр үе дээрээ бид оюутан болж очдог. “Оюун ухаантан” гэдэг рүүгээ очиж байна шүү дээ. Тэгээд хуучин зангаараа аргалчих гээд байдаг. Тэр үед багш маань битгий аргал, аргалахгүй хийж байгаа зүйл чинь тэнэг харагдаж, буруу санагдаж, бидний зөв байдлын үнэн төрхөнд хүрэхгүй байж болно. Гэтэл хичээгээд явах юм бол нэг л өдөр орой дээр байгаа хүний тааллыг, тэрхүү тааллын нүүр талыг олно. “Тэр үе хүртэл тэссэн байхад өөрийн гэсэн чиглэлтэй болно, миний амнаас гарчихна аа” гэдэг байсан. 

-Та одоо багшийнхаа амнаас гарсан уу? 

-Гараагүй. Гарч чадахгүй байх. Ер нь багшийн амнаас гарна гэж байхгүй дээ.

-НАЙРУУЛАГЧДЫН СЭТГЭЛ НЬ ХАНАХ БИШ, ЖҮЖИГЧНЭЭС ҮРГЭЛЖ ИЛҮҮ ИХИЙГ ШААРДСААР Л БАЙНА-

-Та хамгийн анх ямар дүрээр тайзан дээр гарч ирэв? 

-Би “Тэнгэрийн хүү” жүжигт Арваадайн дүрийг бүтээсэн. Би одоо тэр дүрийнхээ хувцсанд хэн нэгнийг хүргэдэггүй. Өмнө нь С.Ариунбямба, А.Алтантөр зэрэг мундагуудын бүтээсэн дүр. Хэдийгээр би тэндий тоглосон хэмжээнд хүртэл урлаж чадахгүй ч гол нь аргацаагаагүй, хичээж ажилласан. 

-Мэдээж үүнээс хойш тайз болоод дэлгэцийн олон уран бүтээлд тоглосон. Таны хамгийн хүнд тайз ямар тайз байсан бэ? 

-Яг одоо тоглож буй тайз. А.Вронскийн дүр. Сонгодог жүжгийн дүр хэцүү гээд л манайхан ярьдаг байсан. Ер нь хүн тэр хэцүүг өөрт нь тулахаас нааш угаас ойлгодоггүй л дээ. Нүүр тулж байж ойлгоно. Сонгодог жүжгийн тайзан дээр хүн алхаа гишгээ, дуу хоолой зэрэг бүх юмыг эхнээс нь сурна. Тэр үед хүн итгэлээ алддаг. Түүн рүү чиглэсэн ам бүхэн “Жангар” тууль дээр гардаг наян алд жад шиг байна. Ийм үедээ хамгийн их итгэж болох хүн бол багш байдаг. Багш чинь чамайг бүтэхгүй, явахгүй юм байна гээд орхих өдөр ч ирнэ. 

-Танд тийм өдөр ирсэн үү?

-Ирсэн. 

-Тэр өдрийг эргэж дурсахад хүнд байдаг уу? 

-Тэр өдөр цээж дараад амьсгаа ч авах тэнхэлгүй болсон. Хариад унтах гэхээр нойр хүрдэггүй. Маргааш нь ирээд ажлаа хийх ямар ч хүч, урам байхгүй. Надад зөвхөн даалгавар л байсан. Би хийх ёстой. Хүн болгон голно, хүн болгон голно, хүн болгон голно. Тийм мөчид өөрөө биш өөрт чинь заяагдсан байгалийн зөнгөөрөө давж гарах юм билээ. 

-Төрмөл авьяас, өөрт заяасан мэдрэмжээр гэсэн үг үү? 

-Яахав. Тухайн нөхцөлд хүн юу ч бодож чадахгүй. Хэн ч, юу ч хэлсэн ойлгохгүй. Угаасаа бусад нь “Наадах чинь ойлгохгүй, юм хэлээд хэрэггүй” гээд хаячихдаг. Бүгд л тэгнэ. 

-Тэгээд хэрхэн яаж, туучин гарав. Та туулаад гараад ирчихсэн болохоор одоо энэ том тайзан дээр Вронский болчихоод алхаж явна шүү дээ... 

-Тэр чинь их сонин. Ингэдэг юм билээ. Хүний хэлсэн, шүүмжилсэн үгсийг дотроо хадгална. Дараа нь өөрийгөө хөгжүүлэх тусам, за энэ нь болчихсон, би алдааг засчихсан шүү гээд мөнөөх үгсийг нэг нэгээр нь урж иддэг байхгүй юу. Тэр гайгүй болсон, алдаагаа засаад эвтэй болсон нь эхлээд өөрт мэдрэгдэнэ. Дараа нь өрөөлд мэдрэгдэнэ. Ингээд тоглолтоос тоглолтын хооронд л өөрийгөө сайжруулсаар байгаад сүүлд нь идэх үггүй үлдэж байгаа юм л даа. 

-Та өөрийгөө хөгжүүлж байж даван туулжээ. Гэтэл багш тань хүртэл хаячихсан. Харин та энэ өндийж боссон процессоо байгалийн зөнтэй бас холбож ярьсан шүү дээ. Зарим хүмүүс бүр гутарна. Өөр мэргэжил хөөгөөд явчихна шүү дээ... 

-Хүн “Голдоо нүхтэй, гонзгой мах” гэдэг шиг хүний үгийг голоороо нэвт оруулаад л гаргаад байдаг шиг байгаа юм. Угаасаа тэгдэг. Гэтэл тэр чинь битүүрээд хүний үг нэвт гарахаа больчихно. Сүүлдээ сонсогдохоо ч болино, дэмийрнэ, балайрна. Тэр үед хүн амьд үлдэхийн тулд унтаж, идэхээ умартаад нэг л зүйл дээр төвлөрч чаддаг. Ахуйдаа сатаардаг бүх зүйлээс ангижраад зөвхөн жүжигчний хувьд алдсан, шүүмжлүүлсэн тэр бүхэн дээр фокуслаж байгаа юм. Энэ нь мөнөөх шүүмжлэлийг давж гарах, бусдад өөрийгөө илэрхийлэх, харуулах биш. Зүгээр л энийг яаж ийгээд ойлгох ёстой, тэрхүү ойлголт нь надад мэдрэгдэх ёстой гэдэг дээр л төвлөрч чадаж байгаа юм. Олон юманд сатааралгүй нэг зүйлдээ төвлөрч чадвал гүйцэтгэж эхэлдэг. Үгүй аваас шугамны хоёр талд хөлөө солбиж гишгээд нэг шугамаар явж чаддаггүй байхгүй юу. Тэгэхээр гол зүйлдээ төвлөрөх чухал. Би төвлөрч чадсан. Ингэж л даван туулсан. Тэгээд бас нэг зүйл байна. 

-Тэр нь юу юм бол? 

-Үзэгчид хэзээ ч тухайн дүрийг, жүжигчнийг орхидоггүй. Ямар ч муу тоглолт үзүүлсэн байлаа ч төгсгөлд нь алга ташдаг. Ганцхан хүний алга ташилт нь л хангалттай.

-Танд нэг л үзэгчийн хоёр алганы дуу л хангалттай юу?

 -Тийм. Шашны номд бол лам алгаа “пад” гэж нэг ташаад л сан тавьж байна. Хүний ухамсарт “тон” гээд нэг зүйл орж байна шүү дээ. Түүн шиг надаас нэг ч гэсэн юм олж харсан хүн “пад, пад” гээд алга таших надад сан тавьж байгаа шиг тийм оюуны цэнгэл өгдөг. 

-“Опал” жүжгээс таныг харахад маш их хөдөлгөөнтэй, дорхноо гуньж гутарсан ч маш хурдан хугацаанд эргээд сэргэж байгаа дүрийн хувирлыг тун гарамгай үзүүлсэн санагддаг. Ганцхан дүрийн зан араншингийн олон талыг тэгж бий болгох тал дээр өөртэйгөө нэлээд цаг гаргаж ажилладаг болов уу? 

-Тэр бол багшаас маань л эхтэй байх. Жүжигчин хүний үл ойлгогдох, үл танигдах, үл уншигдах, таагдашгүй, баригдашгүй чанарыг багш минь бэлэглэсэн. Яаж багштайгаа харьцах ёстой юм бол гэдэг асуултыг өөртөө тавьдаг байлаа. Тэгж асуухад хүргэдэг олон талын хувиралтай хүн байсан. Тэр олон талыг нь анх бүр цочирдож харсан. Тэндээс л дүр дээр ажиллахдаа хүний сэтгэлийн илэрхийллийг хүнд ойлгогдохоор харуулчих юмсан гэж хичээдэг. Жишээ нь Чаплины үггүй байтлаа яаж нэг идэе дээ гээд сууж байгаа нь дүрсээр харуулчихаар маш сайн ойлгогддог. Яг түүнийг тайзан дээр, үйл явдлын диалоги дунд хавчуулаад хийх гэхээр дотроо тоглоод өнгөрчих нь их. Тиймээс аль болохоор гаднаа, царайны хувирлаар илэрхийлж гаргавал “Энэ дүр ингэж байна даа” гэж хүнд уншигдах нь илүү байх. Багш л бидэнтэй тэгж ажилласан. Түүгээр нь явдаг. Найруулагчдын сэтгэл нь ханах биш, жүжигчнээс үргэлж илүү ихийг шаардсаар л байна. 

-“Опал”-ын тайз, Драмын театрын тайзнаас хэр өөр байсан бэ? 

-Яг “Опал” гэдэг жүжгийн талаар яривал маш үнэ цэнтэй, сайн жүжиг. Гол асуудал гэвэл театр өөрийн гэсэн тайзтай л байх хэрэгтэй. Тэгэхгүй дамжингийн хоригдол шиг яваад байвал тэр нь үнэ цэнгүй болно, хүнд хүрэхгүй. 

-Тайзнаас тайз, дүрээс дүрийн хооронд хувь Сэргэлэн гэдэг хүний бодит амьдрал дээрх мөн чанарыг хэрхэн хадгалж явдаг вэ? 

-Хувь Сэргэлэн гэдэг хүн өөрийн гэсэн уншсан номтой, өөрийн гэсэн итгэл үнэмшил, сүсэг бишрэлтэй. Тэр үнэт зүйлсээ өндөрт байлгаж чадвал дүрээс дүрийн хооронд ч юм уу, хийж байгаа зүйлдээ авталгүй, гажаад явчихгүй. Үнэт зүйлийг маань давсан өндөр гүн ухаантай дүр ноогдвол хувь Сэргэлэнд маш хүнд. Асар том зөрчил үүснэ. Тэгэхээр аль болох үнэт зүйлсээ дээш нь, дээр байлгахыг хичээдэг. Мэдээж дүрээс дүрийн хооронд шилжихэд тийм амар юм биш л дээ. Бусдын, судлаачдын яриад байдаг шиг хялбар бус, маш хэцүү. Жүжигчин хүн өөрийгөө нөөгөөд байгаа юм бас биш. Би бол байгаа бүхнээ л гаргахыг хичээдэг. Гэлээ ч аягүй хэцүү. 

-Нөгөөтээгүүр урлаг өөрөө тийм харгис мөн чанартай шүү дээ... 

-Тэгэлгүй яахав. Чадвал чад, чадахгүй бол тэгээд боль л гэж байгаа юм чинь. “Анна Каренина”-д тоглохоос арваадхан хоногийн өмнө би “Тэнгэрийн хүү” жүжгийн Арваадайн дүрийнхээ бэлтгэлийг хийж байсан юм. 100 давсан килограмм жинтэй, нүсэр эр, дүрийнхээ хувьд зуугуул нохой шиг, ярдаг гар байх гээд үзэж тарж байтал хэдхэн хоногийн дараа Вронскийн дүрээр солигдчихож байгаа юм. Тэгээд арван хоногийн дотор арван килограмм хаясан. Шууд хоол унд идэхээ болиод дуу хоолой гарахгүй, тамирдаад эхлэхээр Ч.Найдандорж гуай ч юм уу, найруулагч голоод л эхлэнэ шүү дээ. “Чи чинь ямар сул дуугардаг юм бэ” гэх мэтээр... Тиймээс тэр бүхэнд л жүжигчин хүн бэлэн, бэлтгэлтэй байх хэрэгтэй. 

-Мэдээж жүжиг зохиолынхоо дагуу өрнөнө. Гэхдээ үгээс гадна түүнийгээ хөдөлгөөнөөр илэрхийлж чадахгүй, гацах тохиолдол тайзан дээр гардаг уу? 

-Жүжигчин хүн найруулагчийн үгийг ойлгохгүй байгаа тохиолдолд тэгнэ. Түүнээс бусдаар жүжигчдийн нэг гайхалтай зүйл нь өмнөөс нь мэргэжлийн хүн хараад сууж байдаг. Байнга бэлэн хоол иддэг. “Ингэмээр, тэгмээр байна” гээд өөдөөс цаг ямагт хэлж, зөвлөнө. Түүнийг нь хийж чадахгүй гацаж байгаагаа ойлгохгүй, мэдрэхгүй байх л хэцүү. 

-Театрын тайзан дээр жүжиглэх, кинонд тоглох хоёрын ялгаа юу вэ? 

-Нэг алдартай найруулагчийн үг байдаг. “Кино бол жүжигчний диваажин, театр бол жүжигчний там”. Ялгаа нь энэ л үг. Учир нь дэлгэцэнд бусдын зүрх сэтгэлд хоногшиж үлдэх дүрийг уран бүтээлч хүн өөрөө л сийлдэг, өөрөө л бүтээдэг. Гэтэл тайз бол өөр. 

-Та хотынх уу? 

-Тийм. Хотын унаган хүүхэд. Хороолол, төмөр зам, 13 дугаар хороолол гээд гурван газар өссөн л дөө. 

-Манай хотын хамгийн сайхан нь юу вэ? 

-Улаанбаатарын уу? 

-Тийм. Та бол энд төрж өссөн унаган хүүхэд. Энэ хотын хамгийн сайхныг та тодорхойлж, үнэнээр хэлж чадна. Муулахын хувьд хэн шүүмжилчихнэ шүү дээ. Ялангуяа, өнөө үед...

-Улаанбаатар хотын хамгийн сайхан нь гэвэл энэ хотод түүхийн маш олон биет өвүүд байдаг. Төрт улсын нарийн нандин шүтээнүүд хадгалагдаж байдаг. Өндөр Гэгээний баримлууд, “Ганжуур”, “Данжуур” судруудаас эхлээд гайхамшигтай олон өв энэ хотод бий. Мөн дөрвөн уул байна. Тэрхүү Дөрвөн уулын онгод сахиус бий. Мөн Хааны өвлийн ордон, Чойжин ламын сүм музей зэрэг маш нандин өвүүдийг хамгаалсан газрууд байгаа. Би эдгээр газруудаар улиралдаа нэг удаа заавал тойрдог, тэдгээрээс орж авшиг хүртдэг. Богд хааны 250 ирвэсийн арьсаар хийсэн өргөөний босгоноос очоод адис авчихаж байна. Чойжин ламын музейд ороод жинхэнэ ориг, шижрээрээ байгаа шүтээнүүдийн дундуур, тусгаар тогтнол дундуураа яваад үзчихэж байна. 

Сая шинээр баригдсан Чингис хааны музейд бүх юм “А” хувилбараараа байна. Энэ хэчнээн сайхан. Дээр нь үе үеийн сэхээтнүүд, мундагуудтай цуг би их хотноо амьдарч байгаа. “Мөрний урсгал тасраагүй” гэдэг цаг цагийн сэхээтнүүд, гэгээнтнүүд бидний дунд байгаа. Яг нэгэндээ айхтар муу хор уршиг тариад байгаа юм байхгүй. Бид их эвтэй байгаа шүү дээ. Харьцангуй нэгнээ хүндэлдэг, хүний эрх чөлөөг эрхэмлэдэг болсон. Гадагшаа явах нь явна, ирэх нь ирнэ, тэр бүхэн нэг их хамаагүй. Хүний амьдралд байдаг л зүйл. Бид маш нандин газарт байгаа. 

-Та бурхны шашинтай юу? 

-Би шарын шашинтай. “Хаан хүртэл номын дагуу гэж үг байдаг”. -Шашны итгэл үнэмшлээ дээш нь байлгахыг хүсдэг гэж ярьсан. Гэхдээ итгэл үнэмшилтэй чинь харгалдах дүрд тоглож байсан уу? -Байсан. Эзэн Чингис хаан руу хараал хэлдэг дүр бүтээж л байсан. Гэтэл Эзэн хаан бол монгол хүний итгэл үнэмшилд шашнаас дээгүүр. Тийм дүр бүтээж байлаа. 

-Тэгэхлээр таны шүтлэг, үнэт зүйлийн зөрчилдөөнд харшлах уу? 

-Үгүй. Энэ чинь өөрөө тайз. Амьд хүнээс үнэхээр ид шид, илбэ хүсэж байгаа бол түүнийг хамгийн өндөр түвшинд гүйцэлдүүлж байгаа газар бол тайз юм. Шинжлэх ухааны бурхан бол урлаг, урлагийн бурхан нь театр. Би тэгж л боддог. 

-Хамгийн сайн ойлголцож чаддаг найруулагч хэн бэ? 

-Найруулагчтай ойлголцоно гэж байх уу. Яахав, хүн өөрийгөө яаж тодорхойлохыг мэдэхгүй. Ойлголцдог жүжигчид байгаа л байх. Миний хувьд найруулагчтай ойлголцоно гэж байхгүй. Харин найруулагчаа ойлгож чадвал аз. Би гэхдээ амьдралдаа нэг л хүнд ямар ч үед худлаа ярихгүй гэж амласан. Тэр нь найруулагч Н.Наранбаатар. Би сэтгэлд нь хүрэх жүжигчин байх хэцүү л дээ, гэхдээ л урмыг нь хугалчихгүй юмсан гэж цаг ямагт л хичээж явдаг. Цаашдаа ч тэгнэ. 

-Таны ойр дотны хамаатнууд дунд өөр жүжигчин бий юу? 

-Манай удам судар, хамаатан садан дунд жүжигчин бүү хэл, урлагийн талын хүн, таашаадаг хүн ч байхгүй. Дандаа хууль, эдийн засаг, аж ахуйн чиглэлийн мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс байдаг. Урлагаас тун хол шүү. Намайг жүжигчин гэхээр “Манай энэ одоо яаж жүжиглэдэг юм бол доо” л гэсэн сэтгэгдэлтэй хүмүүс байх нь элбэг. 

-Таны тоглосон жүжгийг үзэж байгаагүй гэж үү? 

-Ховор. Аав харин гурав, ээж хоёр удаа үзсэн. 

-Аав тань ямар сэтгэгдэл илэрхийлсэн бэ? 

-(хэсэг азнаж бодов) Сайн байна, мундаг байна гэж хэлсэн. Яахав, аав хүн бүрийн л хүүдээ хэлдэг үг байх. 

-Гэхдээ ааваасаа сонсоно гэдэг өөр биз дээ? 

-Тийм л дээ. Аав ер нь намайг миний хүү гэж дууддаггүй л дээ. Гэтэл намайг анх шалтгалт өгөөд СУИС - д тэнцэхэд “Миний хүү, сайн байна” гэж хэлж байсан. Би тэрийг ерөөсөө мартдаггүй. Амьдралдаа анх удаа намайг миний хүү гэж дуудсан нь тэр байсан. Тухайн үед ааваас сонсох сайхан үгийн хувьд би бүрэн ханачихсан байхгүй юу.

-Алексей Вронскийн дүр танд юу өгсөн бэ? 

-Ямар ч байсан надад нэг сахал өгсөн дөө. /инээв/ Хамгийн гол нь хүний гэр бүлд хамаагүй халдаж болохгүй гэдгийг тун сайн ойлгосон. Энэ нь надад өгсөн чухал зүйл. 

-Би энэ дүрд тоглохгүй гэдэг ч юм уу, найруулагчийн оноосон дүрээс татгалзах тохиолдол гарч байсан уу? 

-Гарна. Тайзан дээр жүжиглэх гэх юм уу, театрын уран бүтээлээс намайг олж харсан нэгэн дэлгэцийн уран бүтээлд ийм дүрд тоглуулж болох, ашиглачихаж болох нь гэдэг байдлаар хандсан нөхцөлд би шууд татгалздаг. Найруулагчид намайг урж, тасдаж, буцаагаад оёж, зүйж байж намайг, миний дүрийг хамтран бүтээж, тайзан дээр урлаж байхад өөр нэгэн түүнийг зүгээр ашиглах нь буруу гэж боддог. Тиймээс зарим найруулагчдаас татгалзах явдал гарна. Мэдээж хамт тоглоход хэцүү уран бүтээлч байдаг шүү дээ. Гэхдээ бид нэг дор, нэг газарт байгаа. Дотроо зөрчилдөөд, дотроо уучлаад болоо. Нэг нэгнийгээ хүндэлдэг, хамгаалдаг, хайрладаг байх хэрэгтэй гэж боддог. Тэгэхлээр ярих юм байна, ярихгүй зүйл гэж ч бий. Түүнээс бол энэ жүжигчинтэй л таарахгүй юмсан гэж чин сэтгэлээсээ хүсдэг хүн байдаг шүү дээ. Надад бол байдаг. 

-Жүжигчин хүнийг “жүжигчин” гэх нэрийг бахархалтайгаар зүүхэд хүргэдэг, жүжигчин гэж хүмүүс нэрлэхэд хүргэдэг тэр мөн чанар нь юу юм бэ? 

-Чамд хамгийн ихээр итгэдэг хүмүүс чинь “жүжигчин” гэж хэлэх л байх. Намайг жүжигчин болоосой гэж чин сэтгэлээсэй хүсэж, итгэдэг хүн “Чи жүжигчин” гэж хэлэх нь, ай даа, бас л... Мөн чиг гоё мэдрэмж шүү дээ. 

-Гадаа цас бударсан хүйтэн салхитай байна. Харин таныг яг одоо үзэгчдийн халуун дулаан уур амьсгалаар дүүрэн театрын тайз хүлээж байна. Тайзан дээрээ тавтай морил... 

-Баярлалаа. Чамтай ярилцаж суухдаа ингэж бодлоо. Хүмүүс нэг ч гэсэн удаа чи бид хоёр шиг чин сэтгэлээсээ театрын тухай ярилцаасай. Театрт ганц удаа жүжиг үзэхэд л хэзээд үл мартагдах дурсамж байдаг шиг ийм яриа ч бас ярилцсан хүмүүсийн дурсамжид үлддэг байх. Дахин баярлалаа.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав