Монгол улсын шилдэг 15 эрдэмтний нэгээр шалгарсан нийгмийн ухааны доктор, профессор Ц.Баатартогтох эрхэмтэй ярилцлаа.
-Одоогийн удирдлагын академийн сургалтын зорилго дээр мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхээс гадна ‘хандлагыг өөрчлөх’ гэсэн зорилго байсан юм. Төрийн албанд ажиллах хүмүүст зөв хандлага гэдэг хэр чухал зүйл юм бэ? Яагаад тэгж тусгаж өгсөн юм бол?
-(Инээв) Тийм нарийн юм асуух байсан юм уу. Их хэцүү асуулт байна шүү дээ. Attitude- ийг л хандлага гэж орчуулаад байдаг юм. Ганц Удирдлагын академи биш л дээ. Ерөөсөө хувь хүний болон гэр бүлийн амьдрал, сүүлийн үед хэрэглээний сэтгэл зүйн шинжлэх ухаанд ч ерөөсөө чиний тэр авьяас, мэдлэгээс илүү хандлага л бүхнийг тодорхойлдог гээд байна шүү дээ. Чи ямар амьдрах чиний хандлагаас л хамаардаг гэж. Daniel Goleman-ы ‘Emotional Intelligence’ гэдэг ном дээр сэтгэл хөдлөлөө хэн илүү удирдаж чадна, тэр хүн амжилтад хүрнэ гээд байгаа. Түүний нэг хэлбэр гэх юм уу, магадгүй түүнээс илүү чухал зүйл нь л хүний хандлага юм шиг байгаа юм. Чи бусдад яаж хандана, тэр л чамайг тодорхойлно. Тэгэхээр энэ чинь их хэцүү асуулт, магадгүй би философич мэргэжилтэй байгаагүй бол бараг хариулж чадахааргүй юм байна. Хандлага гэдэг их өргөн хүрээтэй, том ойлголт л доо. Хүний амьдралын бүх л зүйл түүнд хамаардаг. Ганцхан жишээ хэлэхэд л, манайхны хэрэглэдэггүй нэг зүйл юу байдаг гэхээр хүнийг хүндлэх. ‘Хүндлэл бол хөрөнгө оруулалт’ гэдэг юм. ‘Хүнийг хүндлэхгүй бол эргээд уучлал ч онгойлгож чадахааргүй хаалгыг хаачихдаг юм’ гэж байгаа байхгүй юу. Энийг сайн ойлгосон хэсэг нь хүний хандлагыг өөрчилнө гэж ярьж байгаа юм. Ер нь монгол улсад гэхэд бидний бүгдээрээ мэддэг жишээ бол авлига. Энэ бол асар өндөр байдаг, тийм ээ? Тэр байтугай, түүхэнд хамгийн богино хугацаанд хамгийн өндөр түвшинд хүргэж гайхамшиг байгуулсан улс шүү дээ. 90 оны үед авлига хамгийн доод хэмжээндээ байсан гэвэл арваадхан жилийн дотор дэлхийн дээд рекордыг эвдчихсэн. Энэ чинь юу юм бэ гэхээр, хандлагаас л болж байгаа шүү дээ. Би ёс суртахууны ямар хандлагатай вэ гэдгээс л хамаарч байгаа. Тийм учраас тэр хандлагыг өөрчлөх гэж их хичээж, чармайдаг. Гэхдээ энэ бол маш хэцүү асуудал. Тэгэхээр сургуулийн гол нь хандлагыг өөрчлөхийн тулд төрийн албаны үнэт зүйлийг бүтээх, тийм хүнийг л сургах. За, тэрнээс цаашаа ч мэдэхгүй ээ (инээв).
-Хандлагын талаар таны үзэл бодлыг сонсох гээд асуусан юм л даа.
-Хэрэв энэ талаар залуу хүүхдэд лекц уншвал ярих маш их зүйл байгаа. Сэтгэн бодох бодохуйн чанар чинь чиний амьдралыг тодорхойлно гэдэг. Бүгдийг нь багтаагаад хэлбэл энэ л байх. Хандлага гэдэг чинь би чамтай, чи надтай яаж ярьж байгаа хүртэл мөн шүү дээ. Хэрэв хэн нэгэнд муухай хандвал өөртөө л муу байхгүй юу даа. Гэтэл энийг хүмүүс ойлгодоггүй. Төрийн албанд ч бай, нийгэмд ч бай.
-Та бага байхдаа инженер болохыг хүсдэг байсан гэсэн үү?
-Хүсдэг биш ээ. Ерөнхийлөгч байсан Очирбат гуай нэг ярилцлага дээрээ “та ямар мэргэжилтэй болохыг хүсдэг байсан бэ” гэсэн асуултад “Тэр үеийн мань мэт чинь юун мэргэжил байх вэ дээ, хоолоо аятайхан олоод идчихдэг болох юм сан гэж л боддог байсан шүү дээ” гэж хариулж байсан. Минийх ч бас тийм, би хөдөөгийн сумын ажилчин, малчин айлын хүүхдийн хэцүү амьдралаас гарах юм сан л гэж боддог байсан. Тэгээд яагаад инженерийн мэргэжил гэхээр, уг нь би авчихсан юм. Уулын ажлын цахилгаанжуулалт гэдэг анги. Яагаад сонгосон гэхээр, нэгдүгээрт, нийгмийн ухааны мэргэжил бол угаасаа барьцгүй, түүхээр бол ямар үнэн зүйл хэлсэн ч худлаа ярьсан гээд шоронд хийчих боломжтой, хийж ч байсан. Биднийг есдүгээр ангид сурч байхад монголын түүхийн хичээлийн номыг хурааж авч шатааж байсан. Тэрийг бичсэн Хэрээд овогтой Жамсран, Гүнжийн Сүхбаатар хоёр хэлмэгдээд арай шоронгүй салсан. Цэндийн Дамдинсүрэн, Бямбын Ренчин нар бүгд шоронд орсон. Үзэл суртлын л асуудлаас болоод. Тийм учраас би математик, физик хоёроороо л шалгалт өгөөд ямар ч хамаагүй нэг дээд сургуульд ороод малчин, ажилчин биш болох юм сан гэж боддог байсан байхгүй юу. Энэ муухай юм биш, бидний үеийн л амьдрал. Би түүгээрээ шалгалтаа ч мундаг өгөөд, аль сургууль авах юм гэхээр нь “дотоодын сургууль авахгүй, аль нь ч хамаагүй гадаадыг нь л тавьчих” гээд, ийм зүйл л болсон юм.
-Түүхийн номыг хурааж авч шатааж байна гэхээр үзэл бодлын маш хаалттай үе гэсэн үг үү?
-Тэгвэл би чамд энийг хэлье. Намын дээдийн багш болохгүй гэж байгаад болов оо. Бас л амьдрахын эрхэнд. Улаанбаатарын энэ гэр хороололд амьдрах чинь бас хэцүү байхгүй юу. Тэрний оронд бараг хөдөө сум нь хамаагүй дээр. Тийм хүн чинь “чамайг багшаар орвол байр өгье” гэхээр нь л үсрээд орчихсон байхгүй юу. Намын дээдийн багш гэдэг чинь товчоор бол сүүдрээсээ ч бусгаж явдаг хүмүүс байсан. Бид тэгж л айж явдаг байсан. Гэхдээ өмнөх үеэ бодвол бас гайгүй. 1987 онд би энэ байшинд багшаар ирсэн. Түүнээс хоёрхон жилийн өмнө манай намын дээд сургуулийн философийн тэнхимийг бүрэлдэхүүнээр нь үгүй хийгээд, шинээр байгуулчихсан байсан юм. Бүх багш нарыг, тэнхимийн эрхлэгчтэй нь цөлчихсөн. Тийм учраас бид чинь буруу зөрүү юм ярихаас айдаг, өнөөдрийнх шиг ийм солиотой юм яриад байж байхгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, өнөөдөр шинжлэх ухаан гэж зүйл байдаг, хэн ч маргахгүй. Гэтэл социализмын үед чинь физик, математик, хими, биологийн шинжлэх ухаанд хүртэл үзэл суртал оруулчихсан, хичээлийн өмнө заавал монгол ардын хувьсгалт намын, эсвэл зөвлөлт холбоот улсын төддүгээр их хурлаар шинжлэх ухааны талаар ингэж заасан гэж бичдэг тийм үе байхгүй юу. Энэ сургуульд анх намайг ирэхэд энэ 204 тоот өрөөнд шинжлэх ухааны коммунизмын онолын тэнхим гэж байсан шүү дээ. Шинжлэх ухааны коммунизмын онол гэдэг салбар байсан. Тэрний эрхлэгч нь одоо МУИС-ийн түүхийн багш халзан Болдоо. Тийм л хэцүү үе.
-Та аль арван жилийг төгссөн юм бэ?
-Говь Алтай аймгийн гуулин хороо 1962 онд надтай цуг байгуулагдсан юм. Намайг сургуульд орох нас хүрэхэд нэг муу бага сургуультай болчихсон, тэнд орж наймдугаар ангиа төгсөөд, аравдугаар ангиа бол Алтай хотын нэгдүгээр арван жилийг төгссөн юм. Дараа нь орост Уралын улсын их сургуульд явсан. Философийн мэргэжлээр. Давахгүй гэсэн даваагаар гурав давдаг гэдэг шиг, би бүр гурав байтугай ес давсан байхгүй юу. Түрүүн хэлсэн, би нийгмийн ухааны тэр балиар мэргэжилтэй хэзээ ч болохгүй гэж боддог байсан. Онц сурдаг хүүхэд байсан хэрнээ, нийгмийн ухааны хичээл дээр нь юу ч хийдэггүй, багш надад муу тавьж чадахгүй гурав гэдэг дүн тавьчихдаг, бусадтайгаа нийлээд дундажлахаар дөрөв болдог байсан. Тэгээд би уг нь нөгөө уулын ажлын цахилгаанжуулалт гэдэг мэргэжил сонгочхоод хотод яваад ирсэн чинь яам дээр чамайг бүртгэхгүй гээд буцаагаад явуулчихсан. Манай нагац ах л намайг дагуулаад явж байгаа юм. Уурлаад л, чиний сургуулийг чинь өөр хүн авчихсан, одоо тэгээд багшийн дээд рүү л цөлөх биз гээд л. Намын төв хороонд очиж нэг хүнтэй уулз гээд, очоод уулзсан чинь миний хувь тавиланг шууд шийдчихэж байгаа юм. Намын төв хорооны нэр дээр философи, политик, нэг нь нөгөө гайхалтай шинжлэх ухааны коммунизмын онол, зөвлөлт холбоот улсын коммунист намын түүх гээд ийм дөрвөн мэргэжлээс сонгох болж байгаа юм. Миний хамгийн үзэн яддаг нөгөө муухай философид явуулж байгаа байхгүй юу. Тэгээд философид явсан. Одоо яах вэ дээ, нэг их хохироод байсан ч юм байхгүй.
-Философийн мэргэжлийг аваад орост сурахад ямар байсан бэ?
-Мэдээж тэр үедээ оюутан байх сайхан л байсан. Одоогийн өнцгөөс харвал хэцүү байсан ч, тэр үеийн монголын амьдралыг бодвол гайгүй. Бэрхшээл нь юу байсан бэ гэхээр, хөдөөний хүүхдийг аваачаад шууд орос багшийн философийн лекц рүү чихчхэж байгаа юм. Философи дотроо бүр хамгийн тэнэг философи. Тэгээд ядаж байхад өөрөө дургүй. Тэр л их хүнд байсан. Бид тавуулаа явсан юм. Бүгд хөдөөнийх. Манайхаас ганц гайгүй хотынх нь Ажнайн Бат-эрдэнэ, манай анги байхгүй юу. Уг нь ээж аав нь хотод байдаг хүүхэд, хөдөө өвөө эмээ дээрээ арваа төгссөн, тэгээд мань хашир орчихсон байгаа юм. Тэр маань л арай гайгүй, нөгөө бид дөрөв бол байхгүй ээ, байхгүй. Юу ч мэдэхгүй, инээдтэй явдал дүүрэн болсон.
-Тэр дунд хамгийн хөгтэй, санаанд чинь тод үлдсэн ямар дурсамж байдаг вэ?
-Зөндөө. Бид чинь аймгуудаас физик, математикаараа хамгийн сайн сурлагатай л хүүхдүүд нь явсан байхгүй юу. Дээд математик бүтэн жил үзээд хоёр шалгалт өгсөн. За тэрэнд л бүгдээрээ онц авна даа. Бусад дээр нь хамгийн муу дүнг авдаг. Гэхдээ яахав орос багш нар өрөвдөөд гайгүй дүн тавьдаг байсан байх, тэгж байгаад нэг төгсмөр болсон.
-Таван жил сурсан уу?
-Тэгсэн. Маш их хичээсэн, их ч зүдэрсэн. Нэг инээдтэй дурсамж ярих уу? Монгол 15 социалист орнуудаас бүх юмаараа хамгийн ядуу улс байсан юм. Коммунизмын эх орон чинь тухайн үеийн Зөвлөлт холбоот улс шүү дээ. Очоод л “за, ёстой гоё газар ирчихлээ, хэдүүлээ гарч масло, хиам олж идье” гээд гүйчхэв ээ. Тэгээд дэлгүүр орсон юу ч байдаггүй. Мах ч байдаггүй. Тэгээд бүр гайхаад байж байсан нэг маргарин гээд биччихсэн хачин тос байна. Энэ л масло нь юм шиг байна гэж бодоод авчираад идсэн, масло биш ээ. Тэгж маргарин талхан дээр тавьж идсэн онигоо байдаг юм. Гэхдээ бид хэд ч биш бүгд л тэгдэг байсан юм байна лээ. Ах курсийнхэн ирээд “та нар маргарин идсэн үү” л гэж байгаа юм чинь (инээв). Бас нэг удаа, энэ Бат-Эрдэний л хийсэн ажил. “Хэдүүлээ гоё том ресторанд нь орж үзье” гэж байна. Космос гээд том концертийн заалтай ресторан байдаг байхгүй юу. Баагий бол биднийг бодвол архи дарс уугаад үзчихсэн, авгай хүүхэнтэй ч орооцолдчихсон. Бид нар бол байхгүй, хөдөөний мал шиг л юмнууд байгаа юм чинь. Тэгээд л дагаад орсон чинь бид таваас өөр хэн ч байхгүй. Нэг тахианы шарсан мах авч идэв ээ. Тэгсэн нэг том савтай ус авчраад тавьчихлаа. “Энийг одоо яадаг юм бол” гээд л, мэдэх хүн байдаггүй. Тэгсэн Бат-эрдэнэ тэгж байна, “алив чи намайг хааж бай, би гялс амсаад үзээдэхье” л гэж байна. Тэгснээ, “жаахан шорвог ус л байна”. Тэгсэн тэр нь гараа угаадаг ус юм байна л даа (инээв). Тиймэрхүү онигоонууд бол дүүрэн.
-Эсрэгээрээ хэцүү үеийн үлдсэн дурсамж байдаг уу?
-Бидний үед ч гайгүй л дээ. Хамгийн хэцүү нь эрх чөлөөгүй л байсан. Гэрлүүгээ дуртай цагтаа явчхаж болохгүй, эх орон руугаа явахын тулд виз авна. Ер нь эрх чөлөөгүй байсан. Яахав, өлсөх мэтийн жишээ гарч л байсан байх. Мах байхгүй, масло байхгүй. Бүтэн жилд бидэнд нэг кг мах, хиам, маслоны талон өгдөг байсан. Жилийн хугацаанд ганц кг мах л иднэ гэсэн үг.
-Тэгэхээр чинь яаж болгоно гэсэн үг юм бэ?
-Тэгээд гуанз л..
-Тийм үед хамт байсан гэдэг утгаараа та хэд их амь нэгтэй байсан уу?
-Төгсөж ирээд 90 оноос хойш ч амь нэггүй болсон доо. Зам замаа хөөгөөд л.
-Та эхнэртэйгээ хэзээ, яаж танилцаж байв?
-Оюутан байхдаа танилцсан. Бид чинь нэг жилийн оюутнууд байхгүй юу. Очоод хоёрдугаар курсийн хавраас л найзалж эхэлсэн гэх юм уу даа. Тэр үед чинь одоо шиг найз охин, залуу гэсэн ойлголт байхгүй. Найзалсан л бол шууд автоматаар суусан гэсэн үг. Тэгээд л хадаатай (инээв). Манай авгай чинь орос хэл утга зохиолоор сурч байхгүй юу. Тэгээд л оюутан байхаасаа эхнэр нөхөр болчихсон.
-Төгсөж ирээд намын дээд сургуульд багшилж эхлэхэд ер нь орчин нөхцөлийн хувьд хэр байсан бэ?
-Тэр үеийнхээрээ бол хамгийн дээд, сайн орчинтой байсан. Цалин нь бусдаасаа илүү. Хангамж эд нар бол хамаагүй өөр байсан л даа. Өөрөөр хэлбэл тухайн үеийнхээ элит түвшинд л орчхож байгаа юм. Би намын дээдийн багш боллоо гэдэг чинь шууд тухайн үедээ сайд нарын хоёр гэгддэг хоёрдугаар эмнэлэгт үйлчлүүлдэг болчхож байгаа байхгүй юу.
-Намын дээд сургууль монголд дээд сургуулийн тогтолцоог бий болгосон гэсэн.
-Ууган дээд сургууль л гэдэг юм. Угаасаа дээд сургуулгүй, төрийн албан хаагч гэж огт байхгүй байхад л тэднийг бэлдэх гэж нээсэн шүү дээ. 1924 онд байгуулагдсанаас 100 жилийн ой болж байгаа гэдэг нь яг коммунист маягаар бэлдэж эхэлсэн нь юм л даа. Богдийн засгийн газар ч ялгаа байхгүй сургууль байгуулсан л байдаг шүү дээ. Ахиад л төрийн албан хаагч байхгүй. Тиймээс хамгийн түрүүнд л төрийн албан хаагчийн сургуулийг байгуулахаас өөр аргагүй.
-Таныг ажиллаад хоёр жил болж байхад татан буугдсан гэсэн. Тэр үед яагаад татан буугдсан юм бэ?
-90 онд манайх чинь коммунизмаас татгалзсан шүү дээ. Дэлхийн социалист системийн хувьд бол хэчнээн сая хүнийг амийг авч байж байгуулсан юм, мэдэхгүй. Зөвлөлт холбоот улс лав өлсгөлөнгөөр 20-оод сая хүн үхсэн гэдэг юм. Иргэний дайнд ч ялгаагүй. Гэтэл зүгээр л хүмүүс нь өөрсдөө татгалзаад л, тэр олон хүний амь нас, цусгүйгээр ардчилсан нийгэмд орчихсон шүү дээ. Тэгэхээр ямар ч хэрэггүй намыг дээд сургууль гэдэг юмыг татан буулгаад л Улс төрийн дээд сургууль гэж байгуулж нэг жил болоод ахиад татан буугдаад, Төр нийгэм судлалын академи болсон нь ахиад л хоёр жилийн дараа татан буугдсан. Тэгээд л удирдлагын хөгжлийн институттэй нэгтгээд төрийн захиргаа удирдлагын институт байгуулагдсан юм.
-Та дурсамж ном дээрээ Г.Миеэгомбо захирлыг их нуруутай хүн байсан гэж бичсэн байсан. Татан буугдсаны дараа Миеэгомбо захирлыг хэдэн хүмүүс нийлж гарын үсэг цуглуулаад огцруулж байсан гэдэг. Тухайн үед та гарын үсэг зурсандаа одоог хүртэл харамсдаг гэсэн. Залуу, учраа мэдэхгүй байсан үе байх.
-Тийм муухай юмаар яадаг юм. Залуугаасаа ч болсон юм уу, тэнэг байсан ч юм уу. Би саяхан ч бодож л байлаа, дандаа боддог юм. Би тэрний дараагаар төрийн ажилд орж явсан л даа. Тэр үед бид залуу байсан болохоор ч юм уу, улс орныхоо төлөө л төрийн албанд ажилладаг, улсаа сайхан болгох гэж ордог, хувийнхаа төлөө гэж боддоггүй байлаа. Гэтэл яг над шиг залуучууд тэр үед төр улсын албыг хулгай хийхийг зорилго болгоод анхнаасаа явж байсан байдаг юм. Би тэрийг мэдсэн. Нэг ийм л юм болсон юм л даа. Улс төрийн дээд сургууль байгуулагдаад, тухайн үед түр ерөнхийлөгч байсан Очирбат гуай ирсэн юм. Ирэх гэж байгаа сургаар манай нэг багш өрөөндөө сууж байхад орж ирлээ. “Миеэгомбо захирлыг огцруулах гэсэн юм, чи гарын үсгээ зураад өгөөч” гэхээр нь би Миеэгомбо захиралд сайн байсан мөртлөө салхины ая дагана гэдэг шиг за, цаадах нь буруу юм хийсэн болохоор л огцруулах гэж байгаа байх гэж бодоод зураад л хаясан. Тэгээд маргааш нь ч бил үү, ерөнхийлөгч ирэхэд нөгөөх чинь түүнийгээ ерөнхийлөгчид өгч байгаа байхгүй юу. Бас овоо хэдэн хүн зурчхаж ээ. Тэгсэн чинь “за хэн хэн зурсан, бос” л гэж байна. Би бослоо. Манай Одхүү бас зурчихсан байсан юм. Гэтэл Одхүү босдоггүй ээ. Би ч тоохгүй босчихлоо. Хамгийн гол нь юу болсон гэхээр, огцруулах болсон чинь явж явж Миеэгомбо захирал огцорсонгүй ээ. Дэд захирал байсан Норовсамбууг огцруулаад, оронд нь нөгөө өргөх бичиг өгсөн нөхдүүдийн нэг нь дэд захирал болчхож байгаа байхгүй юу. Нөгөө яг надаар зуруулах гэж орж ирсэн нөхөр сургалтын албаны дарга болчихсон. Тэгээд би тэндээс юу ойлгосон гэхээр, энэ хоёр чинь өөрсдөө л ийм юм болгох гэж хийсэн байна шүү дээ гэж. Наад бол одоо ч тийм бодол байхгүй. Тэгэхээр би их тэнэг хүн юм, ийм нийгэмд амьдрах чадваргүй. Тийм болохоор цаас мэрж л амьдарсан нь дээр юм. Тийм л зүйл болсон байхгүй юу. Тэр ардчиллын хөдөлгөөний уур амьсгал, давлагааг ашиглаж өөрсдөө ашиг олох гэж. Тэгээд нөгөө толгойлогч нөхөр дэд захирал болоод, Норовсамбууг хөөж хаяад. Норовсамбуу захирал ямар ч муу муухай юм хийгээгүй, Миеэгомбо захирал ч хийгээгүй. Тэгсэн дараа нь тэр хүний хүүхэд нь манайд ирэв ээ. Ирээд ажилд орно гэсэн юм. Уг нь авмаар байсан ч, “энэ чинь муу хүний хүүхэд шүү дээ” гэж бодоод би аваагүй шүү дээ. Аргалсаар байгаад аваагүй. Тэгэхээр ер нь сайн юм хийж чадахгүй бол муу юм хийхгүй байсан нь л дээр. Үр хүүхдэд гай болж байгаа биз дээ.
-Татан буугдсаны дараахан та оросод байж байгаад буцаж хүчээр шахуу ирсэн гэсэн.
-Дараа нь би 1996 дэд захирлаар орсон.
-Яагаад төрийн ажлаасаа болиод орос руу явсан юм бэ?
-Яахав дээ, философийн докторантад ороод ажлаасаа гарчихсан юм. МУИС-д өдрөөр сурч байсан юм уг нь. Тэрийгээ ч хийсэн юм байхгүй дэмий тэнээд л зугаацаад л ёстой нэг сайхан байсан даа. Тэгээд оросод очоод бас наймаа хийсэн. Орос, монгол, хятад гурвын хооронд жоохон наймаа. Төгссөн орос сургуульдаа очсон чинь манай гадаад декан байж байсан юм. Тэгсэн намайг манай энд аспирантурт орчих гээд, тэнд хэдэн сар болсон юм. Тэгсэн сүүлдээ манай засгийн газар мөнгөгүй болоод, буцаад ирчихсэн юм.
-Ер нь философийн мэргэжил эзэмшсэн нь таны амьдралд хэр нөлөөлсөн бэ? Таны хувь хүний үзэл бодлыг ч юм уу, өөрчилсөн үү?
-За тэрийг ярихаар хэтэрхий болохгүй юм ярих байх даа. Би ер нь бол байна шүү дээ, бараг л тавин нас хүртлээ философич мэргэжилтэй болсондоо харамсаж явсан хүн. Ядахдаа эдийн засагч байсан бол миний амьдрал арай дээр байх байсан байх гэж бодсон. Тэгсэн чинь 2011 оны үеэс, тавин нас хүрсэн үеэс эхлээд “бурхан гэж байдаг юм байлгүй дээ, буруу мэргэжилд намайг хийчихсэн юм байх гэсэн чинь хамгийн зөв байсан юм байна” гэдгийг ойлгосон байхгүй юу. Хачин байгаа биз. Бурхан гэж байдаг байж л намайг ийм зөв зүйлрүү оруулсан юм байна гэж боддог. Эдийн засагч болсон бол хэрэг байхгүй, би тэнд юу ч хийж чадахгүй. Физикч болсон бол бас монголд юу ч хийж чадахгүй. Маш том лабортори хэрэгтэй. Франц бельгийн хил дээр байдаг 25км урт лабортори байна шүү дээ. Тэр байхгүй бол би монголд ямар толгой байгаад ч юу ч хийж чадахгүй. Философи бол ямар ч лабортори шаардахгүй, толгойгоороо л ажилладаг байхгүй юу. Тэр нэг талаасаа надад их ашигтай болсон. Тэгээд тэр үеэс би жаахан юм бичих сонирхолтой болсон. Бурхан нас нэмж, чөтгөр чөлөө өгвөл гэж манай нэг малчин найз ярьдаг юм. Тэрүүн шиг одоо нэг юм хийх ухаан орж байна. Дээрээс нь хоёрдугаарт, би их хурлын гишүүн бараг болчих шахсан юм. Уг нь болчихсон, хаячхаад хүрээд ирсэн байхгүй юу. 1990 оны нөгөө анхны сонгууль болсон доо, тэр үед би гуулин хороондоо очихгүй юу. Тэр үед чинь инээдтэй, тэнэг ч гэх юм уу, хөгшчүүл ч гэнэн, залуучууд ч гэнэн байсан юм, бүгдээрээ (инээв). Дурсаж байхад сайхан л юм. Тэгээд би дуртайдаа ч биш, улс төрд явж байгаа найзууддаа л туслах гээд явж байгаа шүү дээ. Тэгсэн чинь би, Жамъян захирал, Аривмэд захирал, тракторчин улаан Бадарч ах гээд бид дөрөв нэр дэвшиж байгаа юм. Хамгийн инээдтэй нь тэр гурав гурвуулаа нэг нам байхгүй юу. Нэг байж гурван хүн дэвшүүлдэг нь яаж байгаа юм, инээдтэй байгаа биз дээ. Тэгсэн би ганцаараа 47 орчим хувь авчээ. Тухайн үеийн хууль нь эхний сонгуулиар 50-аас дээш хувийн санал авахгүй бол хоёр дахь шатны сонгууль болдог байсан юм. Тэгээд хоёр дахь шатны сонгууль болох болчхов оо. Би ганцаараа 47 хувийг авчихсан хүн чинь гарна биз дээ. Тэгж гарчхаад би хаячхаад хүрээд ирсэн. Манай найзууд “чи тэр үед их хурлын гишүүн болчихсон бол бага хурлын гишүүн гарцаагүй болох байсан, тэгсэн бол тэр дунд ямар нэг юмны дарга болчихсон, амьдрал чинь маш сайхан болох байсан” гэж их хэлдэг юм. Гэхдээ юунд баярладаг гэхээр, би их хурлын гишүүн болоогүйд л бурхан гэж ёстой байдаг юм байна л гэж боддог. Би яагаад хаяад явснаа өөрөө мэддэггүй байхгүй юу. Гэнэт л өглөө боссоноо, “за унаа дууд, би явлаа” гээд л аймаг руу давхиад, онгоцонд суугаад хүрээд ирсэн.
-Тэгээд гарчихсан байсан бол яах байсан бол оо.
-Би хулгайч болчихсон байх л байсан байхгүй юу. Бөөн хөрөнгө цохичихсон, эсвэл үхчихсэн л байгаа. Тэгэхээр би тэрнээс илүү сонирхолтой амьдрал өөртөө олчихсон учраас бурханд итгэдэггүй байсан хүн чинь бараг итгэдэг болж байна. Тавин жил намайг зовоосон байна шүү дээ. Гэтэл эцэст нь зөв байсан байна. Дээрээс нь тухайн үед төрийн өмчийг хувааж байх үед том том байшингуудыг чинь зүгээр авчихдаг байсан шүү дээ. Надад уг нь зүгээр өгч байсан, би аваагүй юм. Бас хаячихсан. Энэ хавийн аймаар үнэтэй газруудыг бөөнөөр нь хаяж байсан шүү дээ. Хүмүүст ярихаар итгэхгүй. Үүндээ одоо баярладаг шүү.
-Гэхдээ үүнд таны философиор сурсан нь нөлөөлсөн юм болов уу?
-Нөлөөлсөн. Яагаад би эргээд философид дуртай болсон бэ гэхээр, философи бидний амьдралд ямар хэрэгтэйг бид ерөөсөө ойлгодоггүй байсан байна лээ. Бидэнд ойлгуулж чадаагүй. Барууны хүмүүсийн юмыг уншсаар байгаад нэг зүйлийг ойлгосон байхгүй юу. Бидэнд мэдээж шинжлэх ухааны мэдлэг маш чухал л даа, үүнийг зүгээр л эмнэлэг дээр харчихна. Энэ шинжлэх ухааны мэдлэгийг яг хүнд зөв хэрэглүүлдэг зүйл нь философи юм байна лээ л дээ. Шинжлэх ухааныг философиос тусдаа л гэж бодоод байсан. Гэтэл шинжлэх ухааны ямар ч мэдлэг философигүйгээр байхгүй. Бид дандаа шинжлэх ухааны мэдлэгээр амьдардаггүй юм билээ. Би хоёр хүүхдэдээ тэрийг л хэлдэг. Хэн сайн философитой нь л сайн амьдардаг. Философи гэхээр л балай юм байдаг гэж ойлгодог. Тэгж ойлгодог нь манай философи зааж байгаа нөхдүүдийн буруу байхгүй юу. Ер нь Гегелийг философич гэж үзэж болохгүй охин минь. Кантыг ч ялгаагүй. Гэтэл манайд философийг Гегель, Кант гээд л яваад байдаг.
-Та философийг хамгийн чухал гэсэн санааг ярилаа. Философи байхын гол зорилго нь юу юм бэ?
-Философи гэхээрээ ч тийм тусдаа зүйл биш л дээ. Ялгахад маш хэцүү. Тэр байтугай шинжлэх ухаан, шашин, эзотеризм, философи ч гэдэг юм уу ялгахад хэцүү. Философи л гэж нэртэй л болохоос шинжлэх ухаан шүү дээ. “Физикийн шинжлэх ухаан чинь зүгээр л философи шүү дээ” гэж Стифен Хокинг хэлсэн байдаг. Зүгээр л философи юунд хэрэгтэй гэхээр, бид хувийнхаа, гэр бүлийн, ажлын амьдралыг, сумын, аймгийн амьдралыг ямар ч шинжлэх ухааны мэдлэгээр шийдэх боломжгүй шүү дээ. Нийгмийн шинжлэх ухааны жаахан мэдлэг байгаа, бусад нь дандаа л философи. Шинжлэх ухааны олж чаддаггүй мэдлэгийг л олдог салбар байхгүй юу. Тэрнээс тийм солиотой юм байхгүй. Манайхан ном орчуулахаар хамгийн тэнэг философийг орчуулдаг. Одоо нөгөө Эдолф волфийн “About philosophy” гээд номыг манай Ган-Өлзий барьж аваад орчуулчихсан байна лээ. Тэр үнэхээр тэнэг ном. Дэлхийн философичдын хамгийн адгийн тэнэгийн бичсэн номыг аваад орчуулчхаж байгаа байхгүй юу. Философи гэж бараг галзуу солиотой юм байдаг юм шиг л биччихсэн. Ер нь би ингээд сууж байгаа нь үнэн үү, худлаа юу гэдэг асуулт тавьчихсан. Хүн ханиад тусчихсан байна гэхэд мэдэж байна гэдэг шинжлэх ухааны мэдлэг байхгүй юу. Гэтэл зарим өвчин мэдэгддэггүй шүү дээ. Тийм нөхцөлд эмч таамаг тавьдаг, тэр таамаг чинь л философийн мэдлэгбайхгүй юу даа. Тийм л энгийн зүйл. Менежмент дээр шийдвэр гаргалт гэж байдаг юм. Шийдвэр гаргахад хүн мэдээлэл дээр суурилж гаргадаг. Аль замаар явахаа шийдэхийн тулд мэдээлэлтэй байх хэрэгтэй. Иймэрхүү төрлийн шинжлэх ухаанаар нотлогдохгүй мэдлэг мэдээллийг ашиглаж юм хийхийг л философи гэж байгаа юм.
-Тэгвэл таны итгэж үнэмшдэг зүйл юу юм бэ? Танд зарчим бий юу? Шинжлэх ухааны нотолгоотой бус зүйлийг судалдаг гэхээр нэг талыг барихад хэцүү гэж ойлголоо.
-Философи чинь ер нь шашинтай ч холбогдсон, шинжлэх ухаантай ч холбогдчихсон байдаг юм. Хүний амьдралд чухал зарчим гэхээр хэлэхэд хэцүү байдаг юм аа. Би ерөөсөө л юмыг тоодоггүй юм. Багшилж байхдаа би төрийн албаны ёс зүй заадаг байсан юм. Хэсэг тэнэж явж байгаад ирсэн чинь тэр хичээлийг өөр багш авчихсан, намайг судалгааны арга зүйг заавал заа гэхгүй юу. Тэгээд булаацалдаач үгүй “за” гээд л 50 хувийн багш боллоо. Гэтэл тал багшийн ачаалалд ч хүрдэггүй ээ, хүмүүс сонгодоггүй. Тэгсэн нэг мэдсэн нөгөө төрийн албаны ёс зүй чинь заавал үзэх хичээл байхаа болиод миний судалгааны арга зүй заавал үзэх хичээл болчихдог юм. Тэгээд би ганцаараа даахгүй, таван багш нэмж аваад. Жил болгон 250 цаг ч хүрдэггүй байсан хүн чинь 2500 цаг заадаг болоод, гэх мэтээр. Би ерөөсөө ямар нэг зүйлийн төлөө араас нь хөөж, хүчлэх гэдэггүй. Ер нь аливаа юмыг битгий их хөөж, зууралдаж бай гэж. Би тийм л зарчимтай байхгүй юу. Гэхдээ би энийг мэдээд тийм болсон юм биш ерөөсөө төрөлхийн тийм юм байна лээ л дээ. Хүн “энийг чинь би авна” гэвэл өөрөө авмаар байсан ч “за лай лай, чи ав” гээд ингээд л одоог хүртэл яваад байдаг.
-Та ер нь аливааг хэтрүүлж боддог уу?
-Overthinker гэж ярьдаг юм. Би хүүхэд байхаас л тийм байсан юм билээ. Яагаад тийм болчихсон юм бол гэж заримдаа боддог юм. Би зун эмээ өвөөгийнхөө хонийг хариулж өгдөг байсан юм. Өглөө зургаан цагт босоод л мордоод л давхичихна шүү дээ. Өдөржин хонио туугаад ганцаараа явна, хэнтэй ч уулзахгүй. Тэгээд явахаар юм бодсоор байгаад ийм болчихдог юм болов уу гэж бодсон (инээв).
-Хүний өгөгдөл бас нөлөөлдөг байх. Та одоог хүртэл тэгж хэт их боддог уу?
-Өө, одоо бүр хээгээ алдсан (инээв). Эхнэртээ загнуулдаг болсон. Алдартай overthinker болсон шүү дээ. Бид дандаа л нэг талаас тайлбарладаг, гэхдээ хүн бол үнэхээр нэг талын биш байхгүй юу. Байгалиас өгөгдсөн зүйл байна, нийгмээс өгөгдсөн зүйлүүд ч байна. Би яагаад төрийн удирдлага уруу ороогүй юм бол гэж бодохоор, надад уг нь адилхан л боломж байгаа шүү дээ. Би байгалийн өгөгдлөөсөө болоод л ороогүй юм уу даа гэж боддог доо.
-Та юмыг хэтрүүлж боддог хүн гэлээ шүү дээ. Гэхдээ асуудал гарах болгонд хэтрүүлж бодоод байвал бас утгагүй болчих гээд байна. Танд хэтрүүлж бодох дуртай сэдэв байдаг уу?
-Overthinking гэдэг чинь бас л сайн, муу хоёр талтай. Гэхдээ давуу тал нь их. Манай найз “наадуултай чинь юм ярихад хэцүү, бодож үзээгүй юм юу ч байдаггүй” гэдэг юм. Заримдаа хэрэггүй юмыг бас бодоод стрессдэх гээд байдаг юм. Юмыг хийхдээ нүдэнд нь харагдсан хамгийн энгийн аргыг аваад л хийчихдэг. Гэтэл тэрийг бодоод л байхаар цаана нь хамаагүй ашигтай аргыг хаячихсан байдаг байхгүй юу. За одоо хоёулаа энэ сэдвийг больё (инээв).
-Таны дэд захирлын албанд ажилласан цаг үеийн талаар ярья. Бас л шилжилтийн сонин үед байсан байх.
-Би захирлын албыг бол 2012-2016 онд л хийсэн юм. Тэрнээс өмнө дэд захирлын үе бол маш хэцүү үе. Бөөн инээдэм, бидний хийж байсан ажлыг та нар сонсвол татаж унамаар зүйлүүд зөндөө бий. За Академид хийсэн юм гэвэл, нэг их сүртэй юм хийгээгүй дээ.
-Та ингээд шууд хэлчих байсан юм уу (инээв). Таныг захирал байх хугацаанд гарсан өөрчлөлт, шинэчлэлүүд юу байв?
-Би захирал болохгүй гэж байсан юм. Цэдэв намайг “чи Академийн захирал болчхооч” гэхгүй юу. Тэгэхээр нь “үгүй, би захирал хиймээргүй байна, ерөөсөө надад цаг л хэрэгтэй байна” гэсэн юм. Тэгсэн чинь “чи захирал болчих оо, захирал чинь хийх ажилгүй уйдаад л байж байдаг, чи бид хоёр орж хань болдог, мэдэж байгаа биз дээ” гэхгүй юу. Тэгэхээр нь нээрээ тийм ч юм уу гэж бодоод л материалаа оруулаад өгсөн. Захирлыг тухайн үед томилж чадахгүй хоёр гурван сар болчихсон байсан юм. Тэгсэн нөгөөдөр нь л захирал болчихсон. Захирал болоод миний бодож байсан зүйл юу вэ гэхээр, энэ Академи угаасаа харьцангуй олон жил тогтноод жигдэрчихсэн, захирал юу хийх юм. Үнэхээр л тэгж бодсон. Шинээр би юу хийх юм. Боловсролын байгууллагыг тэгж байн байн шинэчлээд байж болдог зүйл биш шүү дээ. Тэгээд би тухайн үедээ “ерөөсөө байгууллагын соёлоо л гоё болгоод, их сайхан тайван, хэрүүл уруулгүй орчинтой л болгоё” гэсэн юм. Дээрээс нь миний мэддэг зүйл бол “сайн мөнгөгүй, сайн сургууль гэж байдаггүй юм” гэж боловсролын онол дээр байдаг. Тэгэхээр би сургуульдаа мөнгө олох ёстой гэж бодсон. Мөнгийг бол олж чадсан. Би өөрөө багш байсан болохоор бидний цалин бол үнэхээр өрөвдөлтэй санагддаг байсан. Манай багш нар ер нь миний үед цалин хамгийн сайн нэмсэн гэдэг юм.
-Бараг хоёр гурав дахин нэмсэн гэдэг юм билээ.
-Мэдэхгүй, тоо нь байж л байгаа. Гэхдээ одоо бол би хангалттай нэмж чадаагүй гэж боддог юм. Надад мөнгө байсан уу, байсан. Өмнө манай сургуульд илүү хадгаламж гэдэг юм байх нь байтугай хавар илүү цаг, амралтын цалин тавихад мөнгө хүрэхгүй, өөр газраас мөнгө олж багш нартаа өгдөг байсан юм. 2016 онд бид ажлаа хүлээлгэж өгөх үед цалин, мөнгө өгөх бол юу ч биш болоод, дээрээс нь данс нээгээд, тэнд 2,5 тэрбум төгрөгийн хадгаламжтай байсан. Мэргэжлийн хяналтын газар шалгуулсан тайланд байж л байдаг юм. гурван тэрбум орчим төсөвтэй, орлого олох ёстой үед тав аравны хэд ч билээ орлого олчихсон байсан. Гэхдээ би одоо багш нарын цалинг дутуу нэмчихсэн гэж харамсдаг. Бусдаар бол байгууллагынхаа соёлыг сайхан болгоё гэсэн хэцүү юм билээ, чадаагүй. Сургуульдаа судалгааны ажлыг өөд нь татах гэж бас үзсэн, олигтой бас болоогүй. Шинжлэх ухааны ухааны судалгаа хийдэг болох гээд одоог хүртэл болохгүй байгаа. За тэгээд бусад сэдэв ярихаар эмзэг, хэцүү байдаг юм дөө.
-Юу нь эмзэг байдаг юм бол?
-Газраа буцааж авах талаар их хөөцөлдсөн. Энэ байрыг хүртэл алдчихсан байсан. Хүмүүс авсаар байгаад дуусгаад хаячихсан байхгүй юу. Энэ газрын төлөө маш их байлдсан, заримыг нь буцаан авч чадаагүй. Тийм л зүйл болсон доо. Өөр ч юу байхав. Академийг гоё болгосон гэж ярьдаг захирал байвал би худлаа гэж хэлнэ. Ер нь захирал бол шунал багатайхан шиг, үрэн таран хийдэггүй л байх хэрэгтэй юм билээ.
-Сургалтын хувьд таныг багшилж байсан үе болон буцаж ирээд захирлын албанд томилогдох үед хэр өөрчлөгдсөн байсан бэ?
-Намын дээд байсан үеэс бол маш өөр л дөө. Ер нь социализмын нийгэм чинь өнөөдөртэй харьцуулагдах боломжгүй үе байхүй юу. Харьцуулалтын дүрмийг зөрчинө гэсэн үг. Алимыг алимтай л харьцуулна, жүржтэй харьцуулахгүй шүү дээ. Түүнээс хойш үед бол сургалтанд хэт ялгаатай, муу гэж бол хэлж чадахгүй. Манай сургалт бол үнэхээр сайжраад л яваад байсан байдаг юм. Сургалтад ганц дутагддаг зүйл юу вэ гэхээр, судалгаа. Үүнийг монгол даяар хийж чадахгүй байгаа. Бусад талаараа бол хэтэрхий өөрчлөгдсөн зүйл байхгүй. Манайд төдийгүй бусад их дээд сургуульд ч ялгаагүй, гэхдээ манайд төрийн оролцоо гэдэг зүйл хэт их байдаг. Үүнтэй холбоотой боловсролын яамнаас ч тэр, засгийн газраас ч тэр манай сургалтад хэт оролцдог явдал бол сул тал гэсэн үг. Ер нь барууны өндөр хөгжсөн орнуудын зарчим бол боловсролыг шашин, төр хоёр оролцохгүй байх.
-Одоог хүртэл хэт оролцдог уу? 2012 оноос шинэ тогтоол батлуулаад төрөөс тусдаа гарч бие даасан гэж байсан.
-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг удирдлагын академи гэж байсан юм. Тэрийг би ч биш, 2012 оны сонгуулиар ардчилсан нам хөтөлбөртөө агентлагуудын цоог төөлнө гэж хөтөлбөртөө оруулчихсан, түүний дагуу манайхыг шууд агентлаг биш болгоод татан буулгачихсан юм. Ер нь аливаа бизнесийн байгууллагын хүсдэг зүйл нь төр оролцохгүй байх. Ялангуяа боловсрол тийм байх ёстой. Тэр утгаараа манайд маш том дэвшил болсон. Өөрөөр хэлбэл манайх цэвэр боловсрол, шинжлэх ухааны байгууллага болж хөгжих боломжийг нээж өгсөн байхгүй юу. Түрүүн хэлсэн, их мөнгөгүй сайн сургалт гэж хэзээ ч байдаггүй. Тэгэхээр үүний дараа бид өөрийгөө санхүүжүүлэх зарчимд шилжсэн юм. Боловсролын хуулийн дагуу өөрсдөө олсон орлогоо өөрсдөдөө зарцуулдаг. Өмнө нь бол олсон орлогыг сангийн яам хураагаад авчихдаг байсан. Тэгэхээр санхүүгийн хувьд эрх чөлөөтэй, биеэ даана гэдэг чинь хувь хүн, айл ч байсан хамгийн чухал зүйл биз дээ.
-Үе үеийн захирлуудаас онцолж дурсахыг хүсдэг хүн бий юу? Чухал шийдвэрийг хийж гаргаж хэрэгжүүлж чадсан гэж боддог хүн бий юу?
-Манай захирлууд бүгд л хийсэн. Миний хамгийн их хүндэлдэг гэвэл Миеэгомо захирал байх. Ер нь энэ сургуульд муу хэлчихээр захирал байгаагүй. Түдэв гуайг бол хүндлэхгүй байхын аргагүй. Академич Чулуунбатар байна. Бүх хүн мэднэ. Захирлын хувьд төдийгүй хүн чанарын хувьд бүр онцгой сайн хүн байхгүй юу.
-Хэрэв та одоогийн нөхцөлд захирал хэвээр байсан бол юуг өөрчлөх байсан бэ?
-Би ер нь шинэчлэлт, өөрчлөлт хийх дуртай биш. Ганц хүсдэг зүйл нь гэвэл, ер нь монголын дээд боловсролд хийж чадахгүй байгаа нэг зүйл байгаа. Судалгааны их сургууль болгох.
-Яагаад болгож чаддаггүй юм бол?
-Манайд эрх зүйн орчин нь бүрдээгүй байхгүй юу.