Нэрнээсээ авахуулаад нэг тийм хачин жигтэй, содон үйл явдал, дүрүүдийн гадна болон дотоод дахь сэтгэлзүйн зөрчлийг нарийн урласан нэгэн шинэхэн тууж уншигчдад хүрсэн нь СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн багш, зохиолч С.Баатарцогтын “Нохойн жиг” тууж юм. Тэрбээр уг бүтээлээрээ оны шилдэг уран бүтээлд олгодог “Алтан өд” шагналыг хүртсэн билээ. Ингээд түүнтэй хамт уншигч таныг үлдээе.

-“Нохойн жиг” туужийн санаа сэдэл хэзээнээс дотор чинь үүдэн бүрэлдэж эхэлсэн бэ?

-Бага наснаас л дотор минь тээгдэж явсан дурсамжийн хэсгүүд хожмоо эл туужийг бичих шалтгаан болсон. Манайх олон нохойтой айл байсан даа. Нохойгоо алдчихаар их харамсдаг жаал байлаа. Ер нь бага нас минь минь хот манадаг асар, басар нэртэй хоёр нохойтой салшгүй холбоотой. Хүн, амьтан хоёрын хоорондох тэр нэг салшгүй, нарийн холбоог өгүүлсэн зохиол бичихсэн гэх хүслээс уг бүтээл үүссэн байж магадгүй.

Харин зохиолын хувьд нэлээдгүй цаг хугацааг туулсан. Би их сургуулиа 2017 онд төгссөн. Жилийн дараа “Болор судар” хэвлэлийн газраас туужийн уралдаан зарласан. Тэгээд л зориглож эхлүүлээд талд нь хүртэл биччихсэн байлаа. Нөгөөтэйгүүр уралдааныхаа хугацаанд амжаагүй, амжуулах ч гэж яараагүй л дээ. Сэтгэл хөдлөлөөр шууд уран бүтээлдээ хандаж болохгүй болов уу гэж санасан. Тэгээд эхнээс дахин сайтар төлөвлөж, бичсэнээ эргэж харах шийдвэрийг гаргасан. Тэгэхээр бараг зургаан жилийн өмнөөс л бичиж эхэлсэн юм уу даа.

-Чамгүй урт хугацаа шүү дээ. Ер нь зохиол бичих арга барил, дадал зуршил бий юу?

-Яахав бичиж байгаад ахуй, ажлын шаардлагаас болоод долоо хоног эсвээс хэдэн сараар ч хамаагүй орхичихдог л доо. Түүний дараа заавал эхнээс нь уншиж байж үргэлжлүүлэн бичдэг. Зарим дүрийг хэрхэн босгосон, цаана нь ямар үзэл санааг давхар өгүүлж байгаа вэ гэдгээ нарийн сайн харж, дахин мэдэрч байж бичдэг дээ. Гол нь хаана алдаа гаргав, яагаад би тухайн үед юун дээр гацчихаад үргэлжлүүлж чадалгүй орхичихсон билээ гэдгээ мөн тунгаан бодно. Энэ их чухал санагддаг.

-Туужийн нэрний хувьд “жиг” гэдэг маань олон салаа утгатай шүү дээ. Жиг жуг хийх, хачин жигтэй гэх мэтээр ярилцдаг. Харин нохойн жиг гэхээр яг юуг илэрхийлсэн бэ?

-Туужид хэд хэдэн нохойны дүр гардаг. Харин тэдгээр амьтадтай холбоотой хүмүүсийн дүрийн хоорондын зөрчил, учрал, учир шалтгааны үндсийг тодруулах, зарим хэлбэрээр уншигчаас далдалж өгнө. Тиймээс учир битүүлэг, хачин жигтэй гэдэг утгаар нь тэгж нэрлэсэн. Мөн магадгүй нохойны дүр үйл явдлыг цааш хөтлөх, нохойн дүрээс шалтгаалж зохиолын баатруудын хоорондын тэмцэл эхлэх зэрэг учир шалтгаан бий учраас жиг жуг гэх хэлцийн утга ч мөн давхар агуулагдаж байгаа.

-Нохойны дүр бол туслах дүр шүү дээ. Гэтэл туслах дүр нь өөрөө үйл явдлын учир шалтгааны үндсийг тээж явна гэдэг сонирхолтой санагдаж байна...

-Зохиолын эхлэл хэсэг дээр эзгүй талын дунд байрлах нэг шорон дүрслэгддэг. Тухайн шоронгийн хүмүүс тэр эзгүй талын дайд дунд нохой дагуулсан хүн явж байхыг бүгд хоромхон зуур хардаг. Нөгөө нохой дагуулсан хүн нь агшин зуур харагдаад үзэгдэхгүй болчхож байгаа юм. Хүмүүс зэрэглээнд хууртаад өнгөрчихөв үү, үнэхээр нохой дагуулсан хүн явсан уу гэдэг нь зохиол дээр ч бүрэн гүйцэд тайлагдахгүй. Энэ тайлагдашгүй нууц зохиолын төгсгөл хүртэл уншигчийн хөтөлж явах юм. Ямартаа ч тухайн үед талд яваа нохой дагуулсан хүнийг хоригдлууд харсны дараа зохиолын гол дүр гэнэтийн ид шид тохиолдов уу гэлтэй суллагдана. Үүнд ч мөн ямар учир шалтгаан, холбоотой өгүүлэмжүүд байгааг ярих нь илүүц биз. Ном минь нэгэнт хэвлэгдээд гарчихсан болохоор уншигчид тэндээс өөр өөрсдийнхөө мэдрэмжээр хүртсэн нь зөв байх.

-Шинэ номд тань “Нохойн жиг” туужаас гадна хэд хэдэн өгүүллэгүүд багтсан байсан. Тухайн өгүүллэгүүд номын бүхэллэг шинж чанарыг хадгалж байгаа юу, ямар агуулгаар сонгож туужийн хамт хэвлүүлэх болсон бэ?

-Номд орсон тууж дан ганц үргэлжилсэн хүүрнэл бус тодорхой хэсгүүдээс бүрдэж байгаа. Тэрхүү хэсэг тус бүр оноосон нэртэй. Уг нэрийн хувьд гэвэл номын агуулгыг зангидах гэсэн оролдлого юм л даа. Туужийг бүрдүүлж буй эдгээр хэсгүүдэд монгол ахуй, зан заншил, манай нутгийнхны аж төрөхүйн өвөрмөц байж болохуйц онцлогууд шингэсэн. Тэдгээр нь “Нурам”, “Хомоол түүгчид”, “Мартагдсан он жилүүдээс урсан ирэх аялгуу” зэрэг өөр хоорондоо адилгүй өгүүллэгүүдэд их бага хэмжээгээр шингэсэн байгаа. Түүгээрээ уншигчдад ямар нэгэн цогц, санаа сэдлийг төрүүлэх болов уу гэсэн эрэлхийлэл, санаа зорилгын үүднээс өгүүллэгүүдийг сонгож оруулсан.

Үүнээс гадна тийм ч цогц санааны үүднээс бүрэлдээгүй олон өөр өнгийн дуу хоолой, өөрийгөө олон янзаар туршсан бичлэгийн арга барил ч уншигчийн дотор тэмтрэгдэх боломжтой.

 

-Анхны ном болох “Салхины үүсэл” бүтээл тань бол дан жүжгийн зохиолууд байсан. Жүжгийн зохиолчоос хүүрнэл зохиол руу орох болсон нь ямар нэгэн шалтгаантай юу, жүжиг бичихээс өмнө л өгүүллэг бичиж эхэлсэн үү?

-Жүжгийн номоо анх 2016 онд хэвлүүлсэн. Тухайн үед СУИС-ын Жүжиг, кино зохиолын ангид сурдаг байсан. Ур чадварын хичээл дээр оюутнуудаар жүжиг бичүүлнэ. Тиймээс ч жүжгийн зохиол бичих нь бидний хувьд бараг л зүй ёсны ажил байсан гэж хэлж болно. Төгсөх үедээ манай ангийнхан өөрсдийн туурвисан жүжгүүдээр эмхэтгэл гаргасан. Тэрхүү уламжлал бас хойшид тус ангийг дүүргэсэн оюутнуудын дунд уламжлал болж тогтсон нь сайхан хэрэг.

Харин монголын уран зохиолд жүжгийн зохиолоор анхны номоо туурвисан хүмүүс цөөхөн байдаг болов уу гэж санадаг. Ихэвчлэн яруу найраг, хүүрнэл зохиол байх нь бий. Жүжиг бол харилцан яриа. Үүн дээр гол мөн чанар нь тогтдог учраас хүмүүс хоорондоо хэрхэн харилцдаг, бид ярихдаа эх хэлээ хэрхэн ашиглаж байгаа зэрэгт дүгнэлт хийхэд суралцдаг. Хүн бол нийгмийн амьтан. Хоорондоо харилцан ярьж, ойлголцож, хамтран амьдардаг. Бид өдөр тутам хоорондоо ярьж, эх хэлээрээ харилцаж байгаа шүү дээ. Тиймээс жүжиг нэг талдаа анхлан бичиж байгаа хүмүүст том боломж, уран зохиолд хөл тавьж буй бүтээлчдэд зөв алхам болж өгөх нь бий.

Тиймээс би өөрийн бичиж чадах, надад тохирох болоод зөв боломжоосоо эхэлсэн нь жүжгийн зохиол бичих үйл хэрэг байсан болов уу л гэж санадаг.

-Хоёр дахь уран бүтээл болох “Цасан хуй” туужийнхаа тухай ярьвал...

-Аливаа уран бүтээлчийн бүтээл гэдэг өөрийн өсөж төрсөн нутаг, ямар цаг үе, цаг хугацааг туучиж өнөөгийн оршиж буй амьдралын цэг дээр ирсэн зэргээс шалтгаалдаг байх. Энэ туужийн санаа сэдэл ерөөсөө л өвлийн улирал, цастай холбоотой. Миний төрсөн нутаг болох Архангай аймгийн Жаргалант суманд маш их цас унадаг. Өвлийн улирал цасгүйгээр хэн нэгэнд төсөөлөгдөшгүйн адил манай нутаг миний дотор их цасаар л төсөөлөгддөг. Тиймийн учир цасны тухай нэг сайхан зохиол туурвина гэж олон жил бодож явсан. Энэ бол зөвхөн зохиолд өгөгдөж буй сэдвийн нэг хэсэг нь л дээ. Туужид гарах цаг хугацаа, байгалийн өнгийг тодорхойлж байгаа юм. Харин цааш хөгжихдөө гол дүрийн залуугийн хайр сэтгэл, асрамжийн газрын хүүхдүүд, тэдгээрийн өвлийг хэрхэн даван туулж байгаа болоод нийгмийн зарим нэг түүхэн цаг үе, нутгийн уул усны домог зэрэг болон салаалж хөгжсөн. Зохиолд өгүүлэгдэх асрамжийн газрын хүүхдүүдийн талаар бичихэд сэдэл болсон нэг зүйл бий.

-Тэр нь юу вэ?

-Зохиолч хүн байнгын эрэл хайгуул хийж байх хэрэгтэй гэж боддог. Би нэг удаа Сэлэнгэ аймагт ажлаар явж байхдаа нэгэн зуслангийн газар хүүхдүүд долоо хоног ирж амарчихаад буцаад явдаг. Тэр үед дараагийн ээлж нь ирдэг тийм газарт очиж байсан. Гэтэл хүүхдүүд нь багш нарынхаа үгэнд сайн ордог, зуслангийн дүрмийг мөрддөг санагдсан. Тухайн үед нэг хүүхэд өөрийг нь эргэхээр ирсэн аав, ээжийнхээ зүг гүйж явснаа хашааны үүдэнд тулаад гадагш гаралгүй зогсчихсон. Аав, ээж нь “Гараад ир, миний охин” гээд дуудахад “Багш, хашаанаас гарч болохгүй шүү хүүхдүүдээ гэж захисан” гэж хэлж байгаа юм. Хэчнээн аав, ээжийгээ санасан байлаа ч тэр жаахан охин хашаанаас гараагүй. Багш нь хүүхэд төөрөх, эндэхээс урьдчилан сэргийлж тэгж сануулснаас бус загнаж, уцаарлаагүй. Тэгтэл багш нь “Гараад, аав ээжтэйгээ уулзаарай” гэнгүүт хашаанаас гарч байгаа юм. Жижигхээн энэ дүрмийг ч хүүхдүүд үнэнчээр дагадаг, мөрддөг болох нь анзаарагдсан. Надад маш их сэтгэгдэл төрүүлсэн л дээ. Үүнээс үүдээд асрамжийн газрын хүүхдүүдийн дотоод сэтгэл зүй, үнэнч байдал, тухайн үеийн дотоод мэдрэмжийг нь илэрхийлэн гаргасан бүтээл туурвиж болох юм байна гэж бодогдсон.

-Хүүрнэл зохиолыг заавал төлөвлөдөг үү, цаанаас тань нэг л өдөр түрэн гарч ирэх санаануудыг шуудхан суугаад л буулгачихдаг уу?

-Жүжиг, киног маш сайн төлөвлөдөг. Харин хүүрнэл зохиолыг төлөвлөхөөсөө гадна тухайн бичиж байх үеийнхээ эрчмээр цааш явуулахыг хүсдэг. Зарим өгүүллэгүүдээ нэг өдрийн дотор биччихсэн байх жишээтэй. Гэтэл заримыг нь эргэн харж, дахин нягталж зууралдсаар сар болох нь ч байна. Тэгэхээр төлөвлөх, бодож явсаар нэгэнтээ суугаад бичихийн аль аль нь надад бий.

-Тэгвэл хоёулаа жишээ болгож “Хомоол түүгчид” өгүүллэгийн талаар яръя л даа...

-Энэ өгүүллэг дээр ярьсан зүйлийн нэг дэх ангилалд багтана. Манай нутагт хүн бүхэнд тусладаг, нутгийнхан бараг тэр хүнээс л бүгдийг мэддэг, мөнөөх эр л бүх хүнийг хооронд нь холбож өгдөг ах байсан юм. Тэгтэл нэг л намар өнөөх ахыг мөнх бусыг үзүүлсэн гэх мэдээ дуулсан. Улирлын өнгөнөөс ч нэг тийм гуниг мэдрэгдсэн үед шүү дээ. Тухайн үед үхэлтэй нь үл эвлэрч чадах хачин сэрэл мэдрэмж төрж байх ахуйдаа л тэр дор нь биччихсэн. Тийм л түүхтэй өгүүллэг.

-Ингэхээр таны өгүүллэг, зохиолын дүр болгон дурсамжтай холбогдоод байна. Их, бага хэмжээгээр гэхээс биш ер нь бодит дүрүүд гэж ойлгож болох уу?

-Бүгд бодит дүр биш л дээ. Зарим нэг хүний үйлдэл, зан араншин, хэлсэн үгээс нь санаа сэдэл авч ургуулсан дүрүүд харин олон.

 

-Шүлэг бичдэг байсан уу?

-Яруу найргийг уншдаг. Сайхан шүлэг унших дуртай. Харин бичихийн хувьд бол үгүй гэж бас хэлэхгүй. Үе үе өөртөө л зориулж тэрлэх нь бий. Хүмүүст ер нь үзүүлж, уншиж байгаагүй л дээ.

Арван жилийн сурагч байхдаа бол шүлэг л бичдэг хүүхэд байсан. Нээрэн шүлэг гэсэн чинь надад тухайн үедээ их урам болсон нэг хөөрхөн түүхийг саналаа.

-Ямар түүх вэ?

-Нэг жил аймгийн “Хүрэл тулга” наадамд бичсэн шүлэг маань сургуулиас шалгараагүй юм л даа. Тэр үед манай ангийн нэг хүүхэд шалгарч, аймаг руу явсан. Тэгсэн чинь манай монгол хэл, уран зохиолын багш над руу “Чи бичсэн хоёр шүлгээ явуул. Энэ хүүхэд олигтой шүлэггүй ирчихжээ” гэж ярьдаг юм байна. Би тэр үед “Nokia” утастай байсныг ч хэлэх үү, хэдхэн мөр бичээд л үсгийн хэмжээ нь дуусчихна. Шүлэг маань нэлээд урт байсан санагдана. Тэгээд ямартаа хоёр өдөр тасдаж, шивж байж багш руугаа хоёр шүлэг явуулсан. Тэгээд л холбогдож, ярилгүй хичээлээ хийгээд байж байлаа. Угтаа сүлжээ ч байнгын биш.

Гэтэл нэг өдөр аймаг руу “Хүрэл тулга”-д явсан хүмүүс иржээ, манай сумын хүүхэд түрүүлсэн байна гээд л хүмүүс ярьж гарав шүү. Тэгсэн харин өөрөө очиж оролцоогүй атал явуулсан мөнөөх хоёр шүлэг маань түрүүлчихсэн байсан. Ийм л нэг түүх бий.

-Уран зохиолын олон төрөл зүйлүүдээс хүүрнэл зохиолын ялгарах гол онцлог юундаа байдаг вэ?

-Нэгдүгээрт хүүрнэл зохиол бичих явцад тухайн уран бүтээлч тэвчээртэй сууж сурна. Гол зүйлдээ анхаарлаа төвлөрүүлдэг болно. Эдгээр бол илүүтэй хүмүүжлийн тал дээр яригдах байх. Үүнээс гадна юмыг зөв бодож тунгаах чанар нь онцлог байдаг болов уу. Дан ганц хүүрнэлээс илүү уран зохиолын бүх төрөлд энэ чанар бий биз. Гол нь аливаа өгүүлэмж, дүрийг талаар дутуу бодож болохгүй. Тэгвэл л уран зохиолын амин сүнс гэдэг зүйл нь алдагдана.

Яруу найргийн хувьд агшны мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлэх бол хүүрнэл дээр тухайн өгүүлэгдэж буй цаг хугацаа, тэдгээрийн тойрон хүрээлэх ахуй, тэнд тэмцэж, ялж, ялагдаж, учирч, хагацаж, зовж, жаргаж буй дүрүүдийг илүү бодитой, үнэмшилтэй, өөрсдийн үзэл санаатай болгохын тулд  уран бүтээлч нь дүрийн өмнөөс амьдарч эхэлнэ. Тиймээс л бидний өмнөх үеийн ах эгч нар амьдралын туршлагатай байж бичнэ гэж ярьдаг нь тийм ч улиг болсон хоосон цэцэрхэл бас биш болов уу. Үүнийг бодох л хэрэгтэй байх.

Их зохиолч Г.Маркес “Зохиол бичнэ гэдэг дарханы ажил” гэж хэлсэн байдаг. Түүн шиг аль ч талаас нь сайтар тунгааж, няхуур ажиллахгүй бол ганцхан жижиг алдаа гарахад л зохиолын утга санаа, үнэ цэнийг алдуулна.

-Тэгвэл жүжиг, хүүрнэл зохиол хоёрын хоорондын ялгааны тухай ярихгүй юу?

-Жүжгийг алхам тутамд төлөвлөдөг. Миний хувьд шүү дээ. Бусад нь хэрхэн бичиж, туурвидаг болохыг сайн мэдэхгүй. Ямартаа ч миний заалгасан, сурсан, мэдсэнээр бол үзэгдэл үзэгдлээр нь сайтар төвөлснөөс үүдээд ямархуу жүжиг болох нь өөрт ч мэдрэгддэг. Магад зарим хүмүүс зөвхөн диалоги дээр төвлөрдөг талаас нь хараад харилцан ярианы үг хэллэгт түлхүү ач холбогдол өгдөг байж магадгүй. Гэтэл жүжиг ялгаагүй л хүүрнэл зохиолтой адил хүмүүсийн аж төрөхүйгээс холдохгүй шүү дээ. Тэнд дүр, цаг хугацаа, орон зай байгаа. Тэгэхээр бичихийн хувьд харьцангүй том ялгаа байхгүй шиг санагддаг. Гол нь жүжгийн бичих зарчим нь сайн төлөвлөгөө юм. Харин хүүрнэлийн хувьд төлөвснөөсөө үргэлж хэтийддэг. Анх бодож олсон санаа сэдэл өөрт зүгт эргэх, цааш улам гүнзгийрэх зэргээр хөгждөг болохоор арай өөр байх.

Зохиолч бүр ондоо арга барилтай байдаг шүү дээ. Зарим зохиолч талын тухай тавин хуудас бичихэд зарим нь тавыг л бичих жишээтэй. Бүр гуравхан ч үг бичиж болно. “Тал. Миний энэлэн” гэх ч юм уу.

 

-Хүүрнэл зохиолд дүр босгох хамгийн чухал гэдэг. Энэ талаар яривал...

-Тийм. Дүр бүтээх нь хамгийн чухал гэдэгтэй гарцаагүй санал нийлнэ. Дүрслэл, үйл явдал нь дүрээ сайн тодорхойлчихсон байхад аяндаа хэвшээд зохиолын дотоод руу ороод ирдэг. Дүрээс шалтгаанаас зохиолын утга санаа, өгүүлэмжийн зиндаа харагдана.

-“Алтан Өд” шагналыг авсныхаа дараа хамгийн түрүүнд хэнд баярлалаа гэж хэлмээр санагдсан бэ?

-Багш Пүрэвхүүгийн Батхуяг. Даанч багшийгаа алдаад хоёр дахь жилтэйгээ золгож байна. Мөн хамгийн түрүүнд энэ баяраа хуваалцмаар, баярлалаа гэж хэлмээр хүмүүсдээ хэлсэн. Тэр нь аав, ээж хоёр минь. Ачийг нь бүрэн дүүрэн хариулж чадахгүй ч бичиг цаастай зууралддаг хүүгийнх нь хувьд үүгээрээ л бага ч болов баярлуулсан болов уу гэж санана. Энэ шагнал өөрөө хувьд хүнд бус уран бүтээлд нь олгодог гэдгээрээ ч үнэ цэнтэй санагддаг. Ерөөс Баатарцогт гэдэг хүн бус “Нохойн жиг” тууж л уг шагналын эзэн нь шүү дээ.

-Хамгийн түрүүнд бас багшдаа баярлалаа гэж хэлмээр санагдсан гэлээ шүү дээ. Багш П.Батхуяг гэдэг хүнээс юу сурсан, ямар дурсамжууд танд үлдсэн бэ?

-Сая хэлсэн. Багшийгаа үдээд хоёр дахь өвөлтэй золгож байна. Үнэнтэй эвлэрэх хэцүү. Гэхдээ хүн цаашаа амьдардаг. Багш минь дахин шинэ бүтээл туурвихгүй ч тэр хүний бичсэн өгүүллэг, тууж, шүүмж нийтлэлүүд гээд олон арвин туурвил нь бидэнд үлджээ. Оюун санаагаар бидний дотор үргэлж амьд байна. Хамгийн гол нь тэр хүний үйл хэргийг шавь нар нь, бид бүхэн цааш хэрхэн үргэлжлүүлэх вэ гэдэг л тун чухал.

Энэ хүний бидэнд нөлөөлсөн, илэрхийлэх, ойлгуулахыг хичээн зорьсныг өөрсдийн зохиол бүтээлээрээ дамжуулж уншигчдад хүргэх юм сан гэж хүсдэг. Сурахын хувьд багшаасаа уран бүтээлч байх чанар, хэрхэн сайн багш байх зэрэг бүхнийг л сурсан даа.

“Нохойн жиг” номыг өгүүллэгүүдийн хувьд ч тэр амьд сэрүүндээ багш минь өөрөө ч зөвлөгөө өгч байсан. “За яахав болж байна. Гэхдээ уг өгүүллэгийн цаад санаа, илэрхийлэх утга чинь дутуу байна. Эмгэний дүр байлаа гэхэд ямар ч өөрчлөлт алга. Дүр болгож амилуулах ёстой” зэргээр зөвлөгөө өгч байсан.

Багшаас анх их, сүрдэж айдаг байлаа. Бичсэн шүүж, нийтлэлийг уншихад юу билээ гээд л сэртэсхийдэг. Гэтэл ойртох тусам их дөлгөөн, уяхан, хэнийг ч хүлээн зөвшөөрдөг, хэнтэй ч ихэрхэлгүй найз нөхөд, ах дүү болчихдог тийм ховорхон хүн байсан даа. Ийм хүн ховор л гэж боддог. Өөрийг нь зориод ирсэн хүний зохиол бүтээлийг заавал уншиж өгдөг. Бидний ангийнхан болоод шавь нар нь жаахан шүүмжлэх эхэлсэн л дээ.

-Багшийгаа юу?

-Ийм юм л даа. Та багшаа хэрэгтэй, хэрэггүй ийм хүмүүстэй зууралдаад дэмий юм биш үү, таны хөдөлмөрийг шулаад байна ухааны зүйл хэлж байгаа юм. Гэтэл багш “Хүмүүсийг ерөөсөө ялгаж болохгүй. Хийх хүсэл тэмүүллийг нь унтрааж болохгүй. Харин тэд хаа хүрэх хэм хэмжээгээ мэдээд болих бол өөр хэрэг. Түүнийг нь мэдүүлэхгүйгээр шуудхан аливааг хийх хүслийг нь унтрааж болохгүй гэж хэлж байсан. Нээрэн багшийн маань нэг зан надад суусан.

-Ямар зан. Ёс суртахууны хувьд уу?

-Аливаа юмыг “За, болно доо, бүтнэ дээ” гэдэг зан чанар нь. Энэ магадгүй тэр хүний юмсад хандах уужим чанар, дотоод сэтгэлийн хандлагатай холбоотой байсан биз. Би ямар ч асуудал үүссэн тайван байхыг хичээдэг. Багш минь энэ хүүхдэд юу хэлэх байсан бол, яаж ойлгуулах байсан бэ гэж өөрөөсөө асууж, бидэнд биеэрээ үлгэрлэн үлдээсэн зарчим, хандлагыг нь тээж явах сан гэж боддог. Нөгөөтэйгүүр хэнээс айлгүй хэлэх гэснээ хэлчихдэг, зоригтой дуугарч ч чаддаг хүн байлаа.

-Та төгссөн сургуульдаа эргээд өөрөө багшилж байна шүү дээ. СУИС-ийн Театрын урлагийн сургуулиас олсон олз юу вэ, юугаараа энэ тэнхим өөрөө онцлогтой юм бэ?

-Театр урлагийн сургуульд юу ч мэдэхгүй хүүхэд л орж ирсэн. Яахав уран зохиол дуртай, “Утга зохиолын анги” гэх нэрийг нь хараад л элсэж орсон. Толгой өндийх сөхөөгүй ном л уншаад байх юм даа л гэж бодсон. Гэтэл кино, жүжгийн зохиолын анги гээд дотроо салаалчихаж байгаа юм. Театрын урлагийн сургуулийн тайзан дээр байнга л жүжиг тоглогдоно. Тэнд оюутнууд жүжиг бичнэ. Тэд жүжиглэнэ. Үргэлж л уран бүтээлийн үйл явдал өрнөнө. Дотор нь байгаа хүнд яалт ч үгүй уран бүтээл туурвих, хийх хүсэл төрнө. Ингээд л миний нүд нээгдэж байгаа юм л даа. Үүгээрээ их онцлогтой гэж боддог.

Багшийн хувьд бол манай сургууль уран бүтээлч байх тал руу нь хандаж ажилладаг. Тэр л жишгээр оюутнуудаа зөв зохистой чиглүүлэх юм сан гэж боддог.

 

-Кино зохиол бичиж байна уу, туурвисан хүүрнэл зохиолуудаасаа кино болгочих юм сан гэж боддог бүтээл бий юу?

-Миний зорьж байгаа зүйл тэр. Хүүрнэл зохиолуудаа дэлгэцийн бүтээл болгоно гэж боддог.

-Тэгвэл шууд анхнаасаа кино зохиол бичиж болохгүй юм уу?

-Энэ тал дээр ялгаа их бий. Кино болохын хувьд бичсэн хүүрнэлүүд маань цааш задрана. Кино илүүтэй дүрсний урлаг болохоор өгүүлэх гэсэн санаагаа хүүрнэлээр эхлээд тодорхой гаргах нь чухал санагддаг. Давхар өгүүлэмжийг хүүрнэлээс илүү олно. Түүнээс кино зохиол болгочихвол зарим далд санаа нь харагдахгүй өнгөрөх боломжтой.

-Аль нэг газар, хувь хүнээс бүтээлээс тань сонгож кино хийх тухай санал ирсэн үү?

-“Нохойн жиг” туужид багтсан “Хомоол түүгчид” өгүүллэгийг кино болгох санал хэд хэдэн газраас тавьсан. Тус өгүүллэгийн гол дүрийн талаарх эерэг сэтгэгдлийг олон ч хүмүүс илгээсэн дээ. Тэр талаар бодож л байна.

-Шинэ бүтээлийн догдол дотор тань хэрхэн биеждэг вэ?

-Анхны бүтээлээ бол их л догдлонгуй хүлээж авсан. Хэвлэлийн газрын гадаа очоод хүлээгээд сууж ч байсан. Дараа нь өөрөө хэвлэлийн газарт редакторын ажил хийж, ном хэрхэн бүтдэг, хэвлэгддэг талаар бага боловч мэдлэг, туршлага хуримтлуулсан байсан болохоор сүүлийн бүтээлээ тийм ч их догдлолтойгоор хүлээж аваагүй. Гарах ёстой номоо гаргаж, гарах ёстой ном минь гарч байна даа л гэж бодсон.

Ер нь ном хэвлэгдэж гарах өөр асуудал. Гол нь хэвлэх ном дотроо ямар өгүүллэг багтаах, ямар бүтээлээ оруулах зэрэг чухал. Шинэ номд маань ороогүй үлдсэн дөрөв, таван өгүүллэг бий. Би өөрөө хасчихсан юм. Дутуу, гуцуу юм хүнд уншуулна гэдэг байж боломгүй зүйл байх. Ямар номоо зузаан болгох гэж байгаа биш, өөрийнхөө хувьд бүтээлээ дүгнэж, алдаа оноог нь бас харж чаддаг байх нь өөртөө үнэнч байгаагийн шинж л дээ.

-“Алтан Өд”- шалгарсан гэх мэдээлэл гарсны дараа хүмүүс “Хэвлэгдээгүй номд өглөө. Бараг уншсан юм уу, яагаад ийм ном авчихав. Худалдаанд алга” гэх зэргээр шүүмжилж байсан. Үүнд хариулт өгөхгүй юу?

-Мэдээж хэвлэгдсэн байсан. Бүтээл авах хугацаа өнгөрсөн оны 12 сарын 25 хүртэл гэж тогтоосон байсан шүү дээ. Миний ном яг тэр өдөр Р.Чойномын нэрэмжит “Өд” сан болоод Жиком пресс хэвлэх үйлдвэрээс хэвлэгдэж гарсан. Амжаад гарчихсан юм чинь гээд л тэр өдөр хугацаанд нь багтааж шалгаруулалтад өгсөн. Тэгж шүүмжилсэн хүмүүс өөрсдөө уншиж байж оны шилдэг ном эсэхийг нь шалгаруулах байсан юм болов уу, би сайн ойлгоогүй. /инээв/ Уг нь Монголын зохиолчдын эвлэлийн хүүрнэл зохиолын удирдах зөвлөлөөс томилогдсон хүмүүс уншиж, шүүж байж шалгаруулах журам нь бий биз дээ. Зарим хүмүүсийн “Залуу хүн байж шагналын төлөө уйлайрлаа гэж байгаа нь жаахан мугуйд л санагдсан”. Хэвлэгдээгүй, шүүгчид уншаагүй номдоо “Алтан Өд” өгөх нь эрүүл ухаанаар бодоход утгагүй асуудал байлгүй дээ. Тэр хүмүүсийн хувьд утгатай, байж болох асуудал юм болов уу. Сайн мэдэхгүй юм даа. Ямартаа ч ном гарчихсан байсан. Би гол нь энэ ондоо багтааж номоо хэвлүүлэх санаатай байсан болохоос шагналд зориулж долоо, найман жил бичээгүй, наадамд зориулж хэвлээгүй л байхгүй юу. Ах зах уран бүтээлчид хувь хүн рүү дайрч байгаа нь их сонин санагдсан. Надад бол маш том хариуцлга ирлээ л гэж бодож байгаа.

-Өнгөрсөн онд багтааж гаргах ямар шалтгаан байсан бэ?

-Энэ онд жүжгийн түүвэр дээрээ ажиллах бодолтой байгаа. Тиймээс нэг зүйлээ бүрэн гүйцэд дуусгаж, өөрийгөө чөлөөлснийхөө дараа дараагийн ажил руугаа ороё гэж бодсон.

-Уран зохиол өөрөө ямар мөн чанар, агуулгатай юм бэ?

-Хүний оршин байсан цаг үе, тухайн нийгмийг уран зохиол үнэнээр нь, түүхийн тэмдэглэлүүдээс илүү нарийн харуулдаг. Түүгээрээ ч оюун санааны уран дархчуулаар нь тухайн улс үндэстний хөгжил, хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмрийг нь тодорхойлдог тохиолдлууд ч байгаа болов уу.

-Ном унших, бичихийн хамгийн сайхан зүйл нь юу вэ?

-Үүнээс гадна олон хүний дүрээр амьдарч, сэтгэж, бодож үзнэ. Тэдгээр дүрүүдийг өөрөө урлана. Шатрын хөлөг дээр тавина тэдгээрээр тоглож болно.

-Монголын хүүрнэл зохиолчдоос хамгийн дуртай зохиолч хэн бэ?

-Далхаагийн Норов, Пүрэвжавын Баярсайхан хоёрыг нэн түрүүнд нэрлэнэ. Ер нь 90-ээд оны шинэчлэлээс өмнөх үеийн, тэр шинэчлэлийн суурийг тавьсан зохиолчдын бүтээлүүдэд дуртай. Хойшид гарсан Д.Галсансүхийн шүлгүүд, Л.Өлзийтөгсийн өгүүллэгүүд гээд ер нь л олон хүнийг нэрлэнэ дээ.

Жишээ нь Д.Норов гуайн бүтээлүүдийн давхар бэлгэдэл, зөн совин, босгосон дүрүүд нь хүртэл бусад туурвилчдынхаас тэс өөр. Дээр нь зохиолчийн монгол хэл тун баялаг, яруу сайхан санагддаг. Мөн аль ч сэдэв, аль ч төрлөөр туурвин бүтээж чадаж байгаа Г.Аюурзаны бүтээл бүрийг уншдаг. Тэр хүн бидэнд боловсрол, мөн зохиол бүтээлээрээ өөр ертөнцийг цуурайг сонсгож чадсан.

-ХХ зууны үед дэлхийн томоохон туурвилчидтай харгах хэмжээний роман, зохиол бүтээл монголд алга гэдэг. Энэ тухай залуу уран бүтээлчийн хувьд ямар бодолтой байдаг вэ?

-Мэдээж дэлхийн сонгодогуудын дайны томоохон бүтээлүүд цаашид хүмүүс бичнэ гэдэгт итгэлтэй байгаа. Дүйцэхээр сайн бүтээлүүдийг бид ч өөрсдөө ойшоохгүй байгаа бил үү, хэн мэдэхэв. Олон сайхан романууд байгаа. Зарим нь хэт нуршсан, зарим нь дутуудсан ч байх нь бий л биз. Түүнийг би дүгнэх, энэ талаар ярих хүн нь бас биш шүү дээ. Гол нь энэ талаар ярихад ч тэр арай эртдэх байх. Тухайн цаг үеэ сайтар тодорхойлсон, судалгааны хэмжээнд хүртэл яригдаж явах ёстой романуудын талбар эзгүй байгаа нь цаг үеийнхээ цензур, нийгмийн амьдралтайгаа ч холбоотой байсан байж мэднэ.

-Зохиолч хүнийхээ хувьд үг, эх хэлэндээ хэрхэн ханддаг юм бол оо...

-Бид эх хэлнийхээ манаач байх ёстой. Цаашид хөгжүүлж, бусдад өвлүүлэн үлдээх, эх хэлнийхээ сайн сайхныг түгээх нь зүйтэй. Монгол бол маш эртний хэл. Эрт цагаас өвлөн хамгаалж, тухайн хэлээрээ ярилцаж буй ийм үндэстэн цөөхөн. Тиймээс англи хэлийг сурах ёстой ч гэлээ эх хэлээ мөн сайтар эзэмших нь чухал гэж боддог. Жишээ нь залуус маань “өшөө их амжилт хүсье” гэдэг. Гэтэл өш хонзонгийн язгууртай үг байна шүү дээ. Тиймээс үгээр гоё гангалахаас илүүтэй зөв ярьж, бичих нь бас нэн чухал гэж санадаг. Үүгээрээ ч эх хэлдээ хандахыг хичээдэг.

-Уран зохиолгүйгээр, бичихгүйгээр амьдрахгүй, амьдралаа төсөөлөхгүй гэх зэргээр ярих хүмүүс бий. Ихэвчлэн бидний насныхан тэгдэг байх. Харин таны хувьд...

-Уран зохиол уу, амьдрал уу гэвэл би амьдралаа сонгоно. Гэхдээ аль алийг нь хослуулаад л явна шүү дээ. Ер нь амьдрахгүйгээр хэрхэн яаж бичих, уран зохиол туурвих билээ, тийм биз дээ. Бичих үедээ л шатчих, тэр цаг мөчдөө өөрийн дотоод ганцаардалдаа оршчих. Бусад үед зүгээр л ажлаа хийгээд ханьтайгаа, хоёр хөөрхөн охинтойгоо сайхан амьдаръя, надад хүртээсэн амьдралын гэрэл гэгээнээс чадахынхаа хэрээр хүртэж, бусдад мөн өөрийн чадах хэрээрээ хүртээе л гэж боддог доо.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав